2015-5-25
ХАТИНГИШРАЛ

Хатингар хүн гэж ярьдаг.Хэтэрхий турсан бараг л яс арьс болчихсон эцэнхий морийг ч бас хатингар гэдэг. Өвчин эмгэгээс ч юмуу хоол хүнсний дутагдлаас шалтгаалан хатингар биетэй болох тохиолдол ч бий. Хатингар хүн, малын аль нь ч гэсэн эрүүл биетэйн шинж биш юм. Тэгвэл нэг хүн юмуу нэг адуу биш бүхэл бүтэн дэлхий маань хатингирч байна гэвэл үнэмшихүйеэ амаргүй санагдаж мэднэ. Гэвч бөмбөрцөг дэлхий маань хорьдугаар зуунд айхтар их хатингиршлын өвчтэй болчихоод байна.
Насны эрхээр хатингар болж мах булчин нь шуугдаж байгаа хүнийг бие махбодийн усгүйжих үйл явцад эргэлтгүй орсон хэмээн эмч нар оношлох дуртай. Усгүйжих, хуурайших, хатах нь үнэн хэрэг дээрээ хөгшрөхийн цондон юм.Хүний бие махбодын ная хүртэл хувь нь ус гэлцдэг. Тэгвэл усгүйжих, хатангирших нь үнэндээ бие мах бодын гол ноён нуруу, гол жин дарагч шуугдаж байна гэсэн үг юм. Шингэн зүйл болохоороо их ч амархан багасч бараг л уурших мэт алдагддагаас нас дээр гарахын өдөр хоног нь залуу цагийн сар жилтэй тэнцэхүйц утга чанартай болдог нь илэрхий. Харин мах цусанд төрсөн хүн амьтан биш, хад чулуунаас голдуу бүрдсэн дэлхий байгаль яахаараа хантангиршдаг билээ. Хэтэрхий хүнчлэн бясалгаж байна уу гэлтэй дүгнэлтийн эргэн тойронд ярих хэлэлцэх, ухаарах мэдэх юм тун их байдаг ажаам.
Мах ясанд төрсөн хүн ч, хад чулуунд төрсөн дэлхий ч ялгалгүй аль аль нь хатангиршихын аюулаас ангид биш болохыг хорьдугаар зуун олон зүйлээр нотлон өгөөд одлоо. Хорьдугаар зууны эхээр эрүүл саруул галгиж, цалгиж явсан хүмүүс ч, хорвоо дэлхий ч адилхан сульдаж туйлдаж хүмүүсийн дийлэнх олонхи нь шинэ зууны барааг харж чадсангүй. Харин газар дэлхий уужим бөгөөд том юм болохоор энд тэндгүй шарх сорви олсон ч гэсэн ахиад нэгэн зууныг элээчихтэйгээ үлдлээ. Хоёр зууны хооронд аж төрж хорвоог эзэгнэсэн тэр хүмүүс хоёр тэрбум байснаа гурав дахин олширч зургаан тэрбум болоод цөм л амтай, ходоодтойн улмаас ус уух хувьтай төрж дэлхийн ус хэрэглэгчдийн нийт хэрэглээнд багтаж түүнийг зургаа дахин нэмэгдүүлсэн байна. Балчир нялхдаа ээжийнхээ хөхийг үлгэж хөл дээрээ тогтмогц хүмүүс “дэлхий ээж минь та мөнх настай” гээд л бөмбөрцөг дэлхийнхээ шим шүүсийг сорж эхэлдэг билээ. Юуны урьд дэлхий ээжийн гадаргуугийн болоод гүний усыг сорж өл залгуулна. Хүн гэгчийн хоёр алд биетэй харьцуулахад дэлхий маань тэвэрч барахгүй том юм болохоор хэдэн тэрбум хөвгүүдийг ч хэдэн зуундаа ундлах бэнчинтэй ажээ. Гэвч мөнхийн ундарга хаана ч байдаггүйн улмаас дэлхийн минь өгөөмөр дэлэн ивлэх нь улам бүр багасч байна. Тэрхүү өгөөмөр эх мөдхөн ширгэх юм бол тавилан балар орчлон яах вэ? Эхийнхээ дэлэнг ивлэхгүй болохоор эврээрээ нудчин тэнэгэрдэг ишигний араншин хүнд байдаг билүү?
“Хорвоо дэлхий уужим, ховоодож барахгүй устай” гэж ярьдаг. Тэр уул нь үнэн! Хорвоод ус элбэг заяажээ. Гачлантай нь хорвоогийн бүх усан баялагийн 99.3 хувь нь шорвог юм. Дөнгөж 0.7 хувь нь цэнгэг ус болохоор шорвог ус ходоодонд нь үл тогтдог хүн гээч амьтан хөөрхийеэ. Бас давстай усанд дасдаггүй өвс ургамал ой хөвч хөөрхий еэ! Тариа ногооны тухайд ч хэлэх үг байхгүй. Давстай усанд ургана гэж үгүй. Ингээд л бодохоор цэнгэг ус гэгч ховор эрдэнэ, дэлхийн хүн амьтан, өвс ургамлын томоохон гачигдал (дефицит) нь болж байдаг буюу! Тэр гачигдал ямарваа засгийн газар, ямарваа нийгмийн хэвшил мэтийг огтхон ч тоож хэлэлцдэггүй дархан эрхтэй хэрэглээний хявцал юм. Дэлхийн хэмжээнд 0.7-хон хувийн цэнгэг устай хявцуу энэ нөөцийг нэмэгдүүлэх бололцоо нэн бага харин хорогдуулах бололцоо хязгааргүй их юм гэдгийг өнгөрсөн зуны сүүлийн хагас нэн ойлгомжтой болголоо. Цэнгэг усны нөөцийг хорогдуулагч гол этгээд бол хүн өөрөө юм гэдгийг ч хөдөлбөргүй нотлов. Хэргийн зарим баримт гэрчийг дурдая.
Шар мөрөн гэж манай өмнөд хөршид нутгийнх нь дундуур 4845 километр урт гольдрол даган урсдаг 771 мянган хавтгай дөрвөлжин километр ай савыг дүүргэн цэлэлзсээр Шар тэнгист цутгадаг их гол буйг нийтээр мэднэ. Тэрхүү рашаан мэт судасны ачаар хятадын тариачид мянганаас мянганд амьдрал ахуйгаа залгуулсаар ирсэн боловч хорьдугаар зуунд усан цахилгаан станц барьж, усжуулах зорилготой олон суваг шуудуу салбарлуулан татаж элдэвлэсээр байтал мөнөөхөн голын ус нь тал тал тийшээ цацагдсаар дээр үед жил тутам 30-40 тэрбум шоо метр усыг цутгаландаа тээж авчирдаг нь саарсаар хорьхон жилийн дотор 7 тэрбум шоо метр хүртлээ саарч, хамгийн өргөн газраа зуу хүрэхгүй метр болон нарийнтжээ. Даацтайхан усан онгоц явдаг байсан нь боломжгүйдэж усан цахилгаан станцын хүч нь саарч, тариа ногооны талбарт ус хүрэлцээгүйдэж, асар урт гүүрүүд нь элсэн дээгүүр сэрийлцэх болжээ. Манай улсын газар нутгийн тал хувь орчмыг бүрхэх хэмжээтэй байсан их усан судас яагаад нарийссан нь хэнээр ч хэлүүлэлтгүй хүмүүс л усыг нь завхуулжээ.
Тэрэн шиг манай хойд хөршийнх томоороо дэлхийд дөрөвт ордог Арал тэнгис гэдэг нууртай байлаа. Нуур гэх аргагүй том учир монголчууд тэнгис хэмээн нэрлэсэн тэр их усан санд 24 төрлийн загас сүлжилдэн бужигнаж том том усан онгоц тээвэр хийдэг байлаа. Тэгтэл хорьдугаар зууны хоёрдугаар хагаст Арал тэнгис талбайнх нь 55 хувь хуурайшиж, эзлэхүүнийх нь 80 хувь ууршиж, ердөө л дөрөвхөн төрлийн загас ёроолд нь тунах усанд амь голтой үлджээ. Хуурайшсан талбайгаас нь хумхийн тоос үргэлж манаран амьсгалын замын өвчний голомт болон хувирчээ. Түмэн жил тэр хонхорт ус цуглуулж өгсөөр ирсэн хоёр судас Амударья, Сырдарья мөрнийг замд нь завхуулан хөвөнгийн тариалан усалдаг болсны гай энэ бөгөөд байгаль гэхээсээ хүн гол буруутан нь яриагүй мөн юм.
Хойд, өмнөд хоёр хөршийн маань цэнгэг усны торх ийнхүү дундарч буйг зөвхөн хоёр баримтаар өгүүлэхэд цаана нь нэг бус хуудсанд бичээд багтахгүй төрөл бүрийн ”ус алдалт” Орос, Хятадад үй олноороо гарсаар байгааг эс өгүүлэвч ойлгомжтой бизээ.
Цэнгэг усны алдагдал өөр тив, өөр улс гүрэнд ч зогсоо зайгүй үргэлжилсээр байгаа нь нуултгүй зүйл. Тухайлбал, Африк тивд 25 мянган хавтгай дөрвөлжин километр эзлэхүүнтэй цэнгэг усны том сөн болсон Чад нуур байх бөгөөд мөн л хорьдугаар зууны сүүлийн хагаст ихэнх тал хувь нь ширгэж ердөө л 1350 хавтгай дөрвөлжин километр хэмжээний устай болоод байгаа ажээ. Африкийн дөрвөн орон Нигер, Нигерия, Чад, Камерун улс тал талаас нь хэмжээгүй ихээр шимсээр байтал нь иймд хүрснээр барахгүй нуур улам багассаар хавь ойрын уур амьсгал улам хуурайссаар ажээ.
Дэлхий ээжийн дэлэнг ийнхүү хоосон арьс болтол нь гувшдаг хэмжээ хязгаар, ариг гам гэдгийг мартсан үйл ажиллагааны балгаар, хуурай газрын таван тив болгонд ундны цэвэр усны нөөц урьд үзэгдээгүй ихээр дундарсан хорьдугаар зууныг хүн төрөлхтөн их л дуулиантайгаар үдсэн боловч түүний “ус алдагдах” цоорхойг нөхөж амжсангүй хорин нэгдүгээр зуунтай тэврэлдэн золгоод анхны жилийг үдэж байна.
Монгол бол гол мөрдөө, нуур далайгаа тэгтлээ их завхуулж, ширгээх нүгэл тарилгүй шахам журам дэгтэйгээр аж төрдөг эртний уламжлалтай ард түмний нутаг. Монгол нутгаас Сэлэнгэ мөрөн, Онон гол, Булган гол, Шишгэдийн гол Алтай, Хангай, Хэнтийн их уулсын усан хишгийг тээж гадаад их далайд хүргэдэг хэдий боловч тэдгээрийн алинд нь ч хориг далан барьж, хармын сэтгэлээр хандаж байсангүй. Харин хорин нэгдүгээр зуунд л тэрхүү нүгэл нүүрлэж усан цахилгаан станцыг хоймортоо “залах” санаархал буй болж цэнгэг усныхаа ганц бадар хундага болсон Хөвсгөл далайнхаа хөвөө хярхаг нутгаар олз ашгийн хүрз хангинуулан сүүмэгтэсийн (фосфор) хорт тоос манаргахаар донтох болллоо. Зөвхөн өнөөдрөөр өл залгуулах сэтгэлгээтэй хүмүүс, ялангуяа албан тушаал, өндөр суудлын донтонгууд юу ч хийхээс буцахгүй бөгөөд өөрсдөө арчаагүйдэж өр тавиад зогсохгүй ирээдүй хойчийн монгол угсаатны үр залгамжлагчдаас ичих нүүргүй “зээл” “урьдчилгаа” авч “төрөөгүй хүүхдэд төмөр өлгий” бэлтгэхийг жигшдэг өвгөдийн ёсыг урвуулан “төрөөгүй хүүхдэд өрийн тулам” бэлтгэхээр санаархаж, элдвээр түүнээ дөвийлгөн, хэрэгжүүлж эхлэх ёр нэгэнт оржээ.
Төв Азийн зулай дээр их усны хагалбар нутгийг эзэгнэн суугаагаа ухаарах, мөн төв азийн салхины хагалбарт оршиж буйгаа гадарлах тусам он цаг улирахын хэрээр уур амьсгал хуурайших хандлагад орно гэдгийг өвөг дээдэс маань элдэв тоног төхөөрөмж, багаж хэрэгсэлгүйгээр байгалийн зөн совингоороо мэдэрч усыг чандмань эрдэнэ хэмээн дээдэлж, гол мөрөн, нуур усыг хэнээр ч хэлүүлэлтгүй, ямар ч хууль зүйлийн бичиг шагайлгүйгээр өөрсдөө үеэс үе дамжин хамгаалан дээдэлсээр ирсэн өндөр дээд тэр уламжлал даяаршсан хүйтэн хүрэн шуурганд замхрах ёсгүй билээ.
Монгол улс хэдийгээр хүн ам цөөнтэй боловч ус хэрэглэгч олонтой орон. Хоёр сая гаруйхан хүн амын ундны усны хэрэглээ гэж бага шиг тоо гарч болох боловч тэдний өмчинд буй гучаад сая толгой мал бол ундны ус хэрэглэгчийн тоог чамгүй нэмэгдүүлж өгнө. Гар болоод өрөмдмөл худагны ачаар мал сүргийнхээ “ундны усны” хэрэгцээг ихэвчлэн хангаж байна. Тэр нь гүний уснаас авч буй хэрэглээ гэлтэй. Харин усалгаатай тариалан, төмс, хүнсний ногоо, жимс цэцэрлэг, тэжээлийн аж ахуй ялангуяа ус их хэрэглэдэг үйлдвэрүүдийн тухайд иргэний байтугай төрийн цэгцтэй нарийн бодлого, түүндээ тохирсон үйл ажиллагаа Монгол улсад алга байна. “Өнгөрсөн борооны хойноос цув нөмөрч” олны доог тохуу болохгүйн тулд “усны тухай цогцолбор хууль” боловсруулах хэрэгтэй болжээ. Урьдын бүх хууль “даяаршлын шуурганаас” өмнө гарсан гэдгийг харгалзах учиртай.
Одоо дэлхий дахинаар усны гачигдлын аюулаас сэрэмжлэх бодлогоор зогсохгүй бодит үйл ажиллагаа өрнөж байна. Одоогийн дэлхийд 6 тэрбум хүн аж төрж байгаагийн нэг тэрбум таван зуун сая нь ундны цэвэр ус уух хувь дутаж том хотуудын болон үйлдвэрийн бохирдолтой юмуу эсвэл элдэв хольцтой усаар амаа норгож байна. Дэлхийн улс гүрнүүдийг зэр зэвсэг, мөнгө хөрөнгө биш харин цэвэр усны асуудал эвдэрэлцүүлэхэд хүргэх цаг айсуй. “Цөмийн бөмбөг” биш “цэвэр ус” бүхнийг түгшээж аюул болж мэдэхээр эгзэгтэй болоод байна. “Агаар худалдагчийн” шинэ дүр төрөх нь юу ч биш. Харин “ус худалдах” шинэ арга хэрэглүүр дэлхийн бодлогод бүүр “зэвсэг” бас “засаглалын” хэлбэрт шилжих хандлага буй болж байна. Америкад мөнгөний банктай өрсөлдөгчөөр “усны банк” байгуулагдав. Мөнгө зээлдэх банк биш “ус авах банк” (тэгэхдээ манайхан банк гэдгийг жижигхэн шилэн сав гэж бодовзой) дэлхийн хөрөнгийн бирж, дэлхийн зах зээл дээр ноёрхох цаг айсуй. Арван есдүгээр зуунд металлын төлөө хүмүүс алалдаж байсан бол хорьдугаар зуунд нефтийн төлөө үхэлдэж байлаа. Одоогийн шинэ зуунд усны төлөө нүдэлдэх болно гэж эрдэмтэд бичицгээж байна. Усны улмаас Нил юмуу Меконг зэрэг олон улсын нутаг дамнасан гол мөрдийн хавь орчимд дайн гарчих эсвэл Чад нуур шиг хэд хэдэн улс орон эргийнх нь дагуу оршдог бүс нутагт тэр ч байтугай Монгол Алтайгаас эх авсан Хар Ирчис мөрнөөс болж ч улс хоорондын дайн гарч мэднэ. (Энэ тухай “Дал” сонин урьд нь дурдаж байсан)
“Нил мөрний усаар хэн тоглонов тэр манайтай дайн зарлаж байгаа хэрэг!” гэж дээр үед Мисэр улсын Ерөнхийлөгч Анвар Садатын хэлсэн нэг үг буй билээ. Тэрэн шиг үг хэлэх нөхцөл байдал өнөөдөр дэлхийн хэд хэдэн бүс нутагт буй болчихоод байна. Нөгөөтэйгүүр дэлхийн уур амьсгал дулаарч бас хүмүүсийн балгаар “Тэнгэр задарч” цаг агаар зангаа ихэд огцом хувиргаж байгааг ч анзаарахгүй суух нь мулгуу хэрэг. Усны тухай цуврал нийтлэлийг “Дал” сонин таван жилийн турш үргэлжлүүлж байгаа боловч Монгол толгой сэгсрэх нь мэдэгдэхгүй шахам байгаагаас үүдэн бодвоос,
“Ус бол интернетээс ч илүү чухал!” гэдэг уриа бидний чихний сонсгол хүрэхгүй байгаа бололтой.
Ус хэрэглээний олон услын шүүх байгуулагдах цаг айсуй. Тэр шүүхийн яллагдагчаар монгол хүн эхлээд суумааргүй байна. Ус хамгаалах дэлхийн хяналт, шалган байцаах алба ч бас шаардагдаж байна.
Ус цэвэршүүлэх, ялангуяа далайн усыг давсгүйжүүлэх тэрчлэн давслаг шорвог усанд таримал ургамлыг дасгах, агаар мандалд ус нэрэх гэхчилэн асуудлаар эрдэмтэд тархиа гашилгаж байна. Тэр бүхэн хорвоог хатингарших “өвчнөөс” илааршуулахын тулд юмаа.

Лодонгийн Түдэв. 2002 он. 

Бичсэн: EDUCATION | цаг: 08:41 | Танин мэдэхүй
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1427145 удаа нээгдэв.
idiomatic-dormant