2016-2-15
ШИНЭ ЦАГИЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО ҮҮСЭЖ ТӨЛӨВШСӨН НЬ
 ШИНЭ ЦАГИЙН БОЛОВСРОЛЫН ТОГТОЛЦОО ҮҮСЭЖ ТӨЛӨВШСӨН НЬ

(1921-1940 ОН)

 

     1921 онд Монголд нийгмийн өргөн олон давхаргыг бүхэлд нь хамарсан ардын ардчилсан хувьсгал өрнөж, үр дүнд хүрсэнээр хөгжлийн цоо шинэ зам дээр гарч ирлээ. Хувьсгалын үр дүнд шинэ засгийн газар байгуулагдаж, нийгэм-эдийн засаг, улс төр-оюун санааны цоо шинэ зорилтууд дэвшүүлэн тавьсаны дотор шинэ цагийн боловсролын байгууллага байгуулж, хүн амын өргөн давхаргаас сонгон суралцуулах зорилт хамгийн эхний зорилтуудын нэг болсон байна.

     Тухайлбал, Ардын хувьсгал ялсаны дараахан Засгийн газрын хурлаар яригдсан нэг асуудал нь сургуулийн танхим нээж, түүнд хүүхдийг багаас нь сургах тухай хэлэлцэн тогтоол гаргасан нь Монгол улсад шинж цагийн боловсролын тогтолцоо бий болгох талаар хийгдсэн хамгийн анхны баримт бичиг болжээ. Энэ тогтоолд:

 

“Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он, долоон сарын арван нэгний өдөр

 

Засгийн газар олон яамны сайдууд, Засгийн газрын зөвлөх, эрхэлсэн түшмэл нар хуралдаж зөвлөлдөн ТОГТООСОН НЬ:

Хоёрдугаар зүйл. Олон хөвгүүд, охидын сургуулийн танхим байгуулахыг хэлэлцээд энэхүү сургуулийн танхим нээж олон хөвгүүд, охидыг нас багад, элдэв зүйлийн бичиг заан сургаж, оюуныг судлуулан олон түмний хэрэгт туслуулахыг хичээх нь үнэхээрийн сайн хэрэг тул эл танхим байгуулан хуралдуулж сургах хэргийг Засгийн газраас эрхэлж, нарийн чанга дүрэм хэмжээ тогтоож, улсын хуралд үзүүлэн тогтоолгохоор хэлэлцэв” гэж заасан байна.

/БНМАУ-ын ТТА. Сайд нарын зөвлөлийн Фонд. 1921 оны тогтоол/

 

     1921 оны VIII сараас Засгийн газраас сургуулийн асуудлыг удаа дараа хэлэлцэн, 26 зүйлтэй сургуулийн дүрмийг баталсан ба сургуулийн хэргийг Дотоод яамны мэдэлд хавсарган захируулж, НТХ-ны түшмэл Дугаржавыг хэлтсийн даргаар томилон ажиллуулав. Сургуулийн хэргийг ардын засгийн дотоод яаманд захируулах тухай засгийн газрын тогтоолд:

1921.8.31. Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он, долоон сарын хорин наймны өдөр

 

Засгийн газар олон Яамны сайдууд, Засгийн газрын зөвлөх, эрхэлсэн түшмэл нар хуралдаж зөвлөлдөн тогтоосон арван дөрөвдүгээр хурлын бичиг. Тавдугаар зүйл. Сургуулийн хэргийг аль яаманд захируулахаар тогтоож, эрхлэх яам эдүгээгээс тусгай хэлтэс байгуулж сургуулийн хэргийг үүсгэн явуулах зэргийг түргэлэн шийтгэх ба харьяат хэлтсийн эрхэлсэн түшмэлд Намын Төв Хорооны түшмэл бээс Дугаржавыг томилон гаргаснаас гадна сургуульд чухал хэрэглэгдэх судар ном, шашдир түүх зэргийг бодолхийлэн зохиож үйлдэхэд эрдэмтэн түшмэлд Жамсраановыг томилж, мөн сургуулийн хэргийг хамтатган эрхлүүлэхээр тогтоов. /МУҮТА, Сайд нарын зөвлөлийн Фонд, 1921 оны тогтоол/ хэмээн заасан байдаг.

 

Анхны бага сургуулийг 1921 оны 11 дүгээр сарын 2-нд Цахилгаан мэдээний хорооны байранд 100 орчим хүүхэдтэйгээр нээжээ. Бага, дунд сургуулийн дүрэм баталсан засгийн газрын тогтоолд:

 

 

 

1921.8.25. Олноо өргөгдсөний арван нэгдүгээр он, долоон сарын арван хорин хоёрны өдөр

 

Засгийн газар олон яамны сайдууд, Засгийн газрын зөвлөх, эрхэлсэн түшмэл нар хуралдаж зөвлөлдөн тогтоосон арван гуравдугаар хурлын бичиг.

 

Нэгдүгээр зүйл. Олон бага бяцхан насны хөвгүүд, охидын бага сургуулийн дүрмийг дахин хянан хэлэлцээд эл дүрэм хэмжээ маш зүйтэй болсон учир батлан тогтоож басхүү залгаж зохиосон бага сургууль төгссөн хөвгүүд, охидыг дунд зэргийн сургуульд дэвшүүлэн оруулах дүрэм хэмжээг хамтаар баталж сургуулийн хэргийг аль яаманд захируулахыг дараагийн хуралд тогтоож зохих олон газар зарлан тушааж дагаж явуулахаар тогтоов /МУҮТА, Сайд нарын зөвлөлийн Фонд, 1921 оны тогтоол/ хэмээсэн байна.

 

“Бага сургуулийн дүрэм” ёсоор монгол хэл, тоо бодлого, дэлхийн байдал, түүх зэрэг 8 хичээлийг хуваарийн дагуу заах ёстой байсан боловч багш нар дутагдалтай хийгээд олон түмэн сургуулийн хэргийг ухамсарлан ойлгоогүй байсан зэрэг шалтгааны улмаас монгол хэл, тоо бодлогын хичээлийг ихэвчлэн үзэж, Онход С.Жамъянгийн зохиосон “Монгол үсгийн аймаг, анх сурах хөвгүүдийн оюуны амыг нээх тодорхой толь хэмээгдэх оршвой”, “Монгол үсгийн ёсыг өчүүхэн төдий товчлон гаргасан байдал” номууд болон “Цаасан шувуу”, “Оюун түлхүүр” зэргийг хэрэглэж байжээ.

Энд нэгэн түүхэн баримтад:

 

Нийслэл хүрээний Эрдэнэ Шанзудбын яамны бичиг

 

Монгол Ардын Засгийн Газрын дотоод яамнаа өргөв. Хуудсаар өргөн мэдүүлэх учир эдүгээ дотоод яамнаас олон хөвгүүд, охидыг бичиг эрдэмд сурган хүмүүжүүлэх зэрэг учир харьяат танхимыг байгуулан хөвгүүд, охидыг хуралдуулан бичиг эрдмийг үүсгэн заахын тул сайн өдөр цагийг сонгон үзүүлж мэдүүлэн ирүүл гэж тушаасныг дагаж харьяат зурхайч нарт тушааж цаг өдрийг сонгон үзүүлбээс энэ есөн сарын хорин еснийг тасраад арван сарын шинийн хоёрны мягмар гарагийн шороон луу энэ өдрийн луу буюу бичин цагт нээн шийтгэвээс сайн гэсэн явдлыг Монгол Ардын Засгийн Газрын дотоод яамнаа өргөн мэдүүлсүгэй, үүний тул хуудас өргөв. Олноо өргөгдсөний арваннэгдүгээр он есөн сарын хорин нэгэн /МУҮТА, ФЧТ, 11 х/н 3/

 

гэсэн түүхэн сурвалж бичгээс үзэхэд анхны бага сургуулийг зурхайчдын хэлсэн өдөр, цагийн дагуу анхлан нээсэн сонин тохиолдол ажиглагддаг. 1923 оны намар оюутны сургууль төгссөн Цэцэн хан аймгийн илдэн Вангийн хошууны Жүрмэд багшаар томилогдон ирж, сургуулийн байдлыг улам сайжруулахын тулд захирал, багш нар хамтран хэлэлцэж, сургуулийн данс, бүртгэл, тооцоог эмхэтгэн, сургуульдаа ирээгүй хүүхдийн заримыг хасаж, шинэ хүүхдийг элсүүлэн бүгд 75 сурагчийг гурван анги болгон хичээллүүлжээ.

            Мөн 1924 онд батлагдсан БНМАУ-ын анхдугаар үндсэн хуульд Ардын гэгээрлийн талаар:

 

“Арав. Жинхэнэ олон ардын аливаа эрдэм соёлд гэгээрүүлэх замыг нээгдүүлэн, тус улсаас элдэв ухааны эрдэмд бүрнээ үнэ төлбөргүйгээр боловсруулах явдлыг гүйцэтгэвэл зохино” гэж заажээ. /БНМАУ-ын анхдугаар үндсэн хууль.
1924 оны хэвлэл 10-11-р тал/.

 

Түүнчлэн насанд хүрэгчид, цэргийн албан хаагчдыг бичиг үсэгт сургах ажлыг холбогдох яам газруудаас эрхлэн явуулж байв. Цэргийн яамны харилцан нэвтрэлцэх газарт ажиллах телефон ба цахилгаан мэдээний албан хаагчдыг бэлтгэх сургууль байгуулах тухай АЗГ-ын тогтоол 1921 оны 12 дугаар сарын 20-нд гарсан нь тусгай мэргэжлийн боловсон хүчнийг бэлтгэх ажлын эхлэл байв.

1921 оны эцсээр гамин, цагаантны үед эвдэрсэн хэвлэлийн газрыг засварлан ажиллуулж, шаардлагатай ном сурах бичгийг монгол хэлээр хэвлэж байв. Энэ үеэс МАН-ын Төв Хороо, АЗГ-ын төв хэвлэл «Уриа» сонин ба Монголын цахилгаан мэдээний агентлагийн «Монта мэдээлэл» сэтгүүл гарах болов. 

Монголын шинжлэх ухааны анхны байгууллага болох Номын хүрээлэн байгуулах тухай Засгийн газрын тогтоол 1921 оны 11 дүгээр сарын 9-нд гарчээ. Гүн Жамъян, гүн Дашням, түшмэл Бат-Очир, эрдэмтэн Ж.Цэвээн нар хүрээлэнгийн 15 зүйлтэй дүрмийг боловсруулжээ. 1921 оны 11 дүгээр сарын 22-нд Судар бичгийн хүрээлэнгийн анхдугаар хуралдаан болж, даргад С.Жамъян, нарийн бичгийн даргад зайсан Бат-Очирыг томилж,

 

...Монгол хэлийг эрхэм болгон европын хэлнээс олон улсын түүх, түвд хэлнээс цанидын ухааны номуудыг орчуулах, Хүрээ, Маймаа зэрэг газраас монгол, манж бичиг сурвалжлан олох, заримаас монголын түүхэнд холбогдохыг нь орчуулах... үүрэг хүлээлгэв /Энхтүвшин.Х, 1999, 37 дахь тал/.

 

Хүрээлэнд анхлан хэл уран зохиолын тасгийг нээж, эрдэмт гавж Зава Дамдин, Зөвлөлтийн судлаач В.И.Лисовский нарыг урин ажиллуулж  /Краткий очерк истории Академии наук МНР, 1981/, судалгааны бааз суурийг буй болгох явдлыг ойрын зорилт болгон дэвшүүлэн ажиллаж эхэлжээ. Боловсрол, шинжлэх ухааныг хөгжүүлэх хэрэгт зарцуулах бүхий л хөрөнгийг улсын сангаас гаргаж байв. АЗГ-аас 1921 оны дундаас эцэс хүртэл авч хэрэгжүүлсэн эдгээр бүх алхмууд нь дараагийн он жилүүдэд нийгмийн бүх салбарт ардчилсан өөрчлөлтүүдийг хэрэгжүүлэх эх үндэс болов.

Үндэсний соёл боловсролыг хөгжүүлж, хүн амын боловсролын түвшинг дээшлүүлэх, соёл урлаг, гэгээрлийн байгууллагыг үүсгэх, орчин үеийн шинжлэх ухааныг хөгжүүлэх нь Ардын засгийн газрын бас нэг зорилго байв. 1922-1923 онд орон нутагт бага сургууль, Нийслэл Хүрээнд анхны дунд сургууль, багшийн курс нээгдэв. 1923 оны 4 дүгээр сарын 23-ны НТХ-ны Тэргүүлэгчдийн хурлаас сургуулийн хэргийг хөгжүүлэх бодлого төлөвлөх үүргийг Э.Батхаанд даалгажээ. Тэрбээр 1921 оноос хойшхи бага сургуулиудын байдлыг тоймлон өгүүлсэн баримт бичгийг боловсруулан, сургууль соёлын хэрэгт нийт улсын төсвийн 5-6 хувийг зарцуулах саналыг НТХ-нд тавьж байв. БНМАУ-ын анхдугаар үндсэн хуульд ардын гэгээрлийн талаар:

Арав. Жинхэнэ олон ардын аливаа эрдэм соёлд гэгээрүүлэх замыг нээгдүүлэн, тус улсаас элдэв ухааны эрдэмд бүрнээ үнэ төлбөргүйгээр боловсруулах явдлыг гүйцэтгэвэл зохино гэж заасан байна /БНМАУ-ын үндсэн хууль, 1924/.  

 

Ардын Засгийн газрын 1923 оны 53 дугаар тогтоолоор дотоод яамны сургуулийн хэлтсийг судар бичгийн хүрээлэнтэй нэгтгэн тусгай яам болгохоор шийдвэрлэжээ. Үүний дагуу Ардын Засгийн газрын 1924 оны 31 дүгээр тогтоолоор Ардыг Гэгээрүүлэх Яамыг байгуулах шийдвэр гаргаж, улмаар 1924 оны 2 дугаар сарын 27-ны өдөр (Цагаан сарын шинийн нэгэнд) тус яамны тамгыг хүлээн авч, яамыг нэгж, хэрэг шийдэж явуулсан тухай Ардын Засгийн газар, яамд, аймгийн яамдад мэдэгдсэн байна. Улмаар Ардыг гэгээрүүлэх яамныг нээж сайдаар нь Онход овогт Сангажавын Жамьянг томилжээ.

Мөн нягтлан бодох, хоршоо, хууль цаазын зэрэг тусгай сургуулиудыг байгуулав. Насанд хүрэгчдийн бичиг үсэг үл мэдэх явдлыг арилгах, тэдэнд мэдлэг ухааны анхны мэдэгдэхүүнийг олгох зорилгоор 6 аймаг, Их шавь, Дарьганга, Хөвсгөлийн Урианхай зэрэг бүхий л Монгол нутагт гэрийн ба түр бүлгэмийн хэлбэрээр үндэсний монгол бичгээ зааж байв. Энэ үед хүн амын бичиг үсгийн мэдлэг, боловсролын төвшинг дээшлүүлэхэд онцгой анхаарал тавьжээ. 1924 онд хуралдсан МАХН-ын III их хурал:

 

 “ард түмний их төлөв нь бичиг үсэг мэдэхгүй тул үүнээс урагш насанд хүрсэн аливаа хүмүүсийг бичгийн эрдэмд боловсруулахыг хичээлгэвээс улс төрийн давших замд их тустай” /МАН-ын гуравдугаар их хурал, 1966, 154 дэхь тал/.

 

хэмээн цохон тэмдэглэж байв. Насанд хүрсэн хүмүүсийг бичиг үсэгт сургах ажлыг гэрийн сургалт, бүлгэм, түр сургууль зэрэг хэлбэрээр зохион байгуулсан байна. Бичиг мэдэх хүнээр баг, сумын залууст бичиг үсэг заан сургах гэрийн сургалтын уламжлалт аргыг өргөн хэрэглэв. Нам, эвлэл, эмэгтэйчүүдийн байгууллагын гишүүд, цэргийн ангиудын албан хаагчдыг бичиг үсэгт сургах бүлгэм өргөнөөр байгуулж ажиллуулсан юм. 1926 оноос бага сургуулийг түшиглүүлэн насанд хүрэгчдийг бичиг үсэгт сургах түр сургууль байгуулан хичээллүүлэх болжээ. Бичиг үсгийн сургууль, бүлгэм, дугуйлан нь долоо хоногт 2-3 удаа хичээллэж, монгол бичгийг 4 сарын хугацаанд сургах бөгөөд суралцагсдыг зөвхөн уншиж бичдэг төдийгүй захидал бичих, тэмдэглэл хөтлөх, тооны дөрвөн үйлдлийг бодох чадвар эзэмшүүлдэг байв. 1934 онд хуралдсан МАХН-ын IX их хурал бичигтэн хүн бүр “бичиг үсэг үл мэдэх хүмүүсийг сургагтун”     /МАХН-ын IX их хурлын илтгэл, тогтоол. 50 дахь тал/ гэсэн уриа дэвшүүлжээ. Бичиг үсгийн багш нарыг бэлтгэх ажлыг өргөтгөх, ажилчин, албан хаагчдаа бичиг үсэгт сургах талаарх байгууллагын удирдлагын үүрэг хариуцлагыг дээшлүүлэх, цагаан толгой, бусад гарын авлагыг боловсруулж хэвлэх зэрэг арга хэмжээ авсны дүнд хүн амын бичиг үсгийн мэдлэгийн төвшинг дээшлүүлэх ажилд ахиц гарч эхэлжээ.

Гэвч ерөнхий боловсролын сургуулийн сургалт хүмүүжлийн ажилд ихээхэн бэрхшээл тохиолдож байжээ. Багш нарын мэдлэг, заах арга зүйн түвшин дутагдалтайн улмаас сургалтын хөтөлбөрийг бүрэн баримталдаггүй явдал нэлээд гарч байв. Ардууд үр хүүхдээ сургуульд оруулахгүй байх, сургуулиас оргуулж, гэртээ аваачих зэрэг бэрхшээл их гарч байв. Сургуулийн ач холбогдлыг тайлбарлан таниулах ажлыг эрчимтэй зохиож байсны үр дүнд, ард олны дунд ерөнхий боловсролын сургуулийн нэр хүнд дээшилж байсан учир сургуулийн элсэлтийг албан журмаар явуулж байсныг 1937 оноос зогсоожээ.

Улс орны өмнө тулгарсан хэрэгцээ, шаардлагуудыг хангах зорилгоор гадаад улсын цэрэг, иргэний сургуульд монгол залуусыг явуулан сургах болсон байна. 1922 онд Дорно дахины их сургуульд (КУТВ) 15 хүн, Буриадын цэргийн сургуульд (1924) 7 хүнийг тус тус илгээсэн ба 1924 оноос орчуулагч бэлтгэх зорилгоор Ленинградын дорно дахины олон улсын хэл бичгийн их сургуульд 18 хүн томилон одуулжээ. Ардыг гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхаан ЗХУ, Герман, Франц, Итали зэрэг оронд очиж, боловсролын ажилтай танилцсаны дараагаар 1925 онд монгол залуучууд Орос, Герман, Францад очиж хүн төрөлхтний соёлын өв сангаас суралцах болжээ. Сургуулийн хэрэгт 1923 онд 86355 лан 29 пун, 1924 онд 192240 лан 66 пун мөнгийг тус тус зарцуулсны дүнд 1924 онд улсын төсөвт бага сургуулийн тоо 13-т хүрчээ /БНМАУ-ын анхдугаар их хурал, 1984, 123-124 дэхь тал/.

       Олноо өргөгдсөн Монгол Улсын үеэс Нийслэл Хүрээнд ажиллаж эхэлсэн орос сургууль өргөжин тэлж, 1926 онд монголд 11 орос сургуульд 738 сурагч хичээллэж байсны дотор Улаанбаатар хотод бага дунд сургууль ажиллаж, 300 гаруй хүүхэд суралцаж байжээ. Тэдгээрийн ихэнх нь орос, буриад хүүхэд байв. Ийнхүү харьяат улсын дотор гадаадын боловсон улсын сургуулийг нээн явуулж буй нь олон ардыг гэгээрч боловсроход асар их ач холбогдолтой байгаа тул хашааны газрын түрээс, үл хөдлөх хөрөнгөний татвараас орос сургуулийг чөлөөлж байжээ. Энэ олон сургууль, түүний багш нарыг тооцоолон бодоход монголын боловсролыг хөгжүүлэх хэрэгт оросын сургагч-багш нар ямар их хүчээр оролцож ирсэн нь ойлгомжтой.

Мэргэжлийн ажилчид, боловсон хүчин бэлтгэх явдал манай оронд бүр эртнээс эхэлсэн бөгөөд 1924 оноос ерөнхий боловсролын сургуулийн зэрэгцээ нийслэл хотод хүүхэд багачуудыг дав даруй шаардлагатай мэргэжилд бэлтгэх мужаан, оёдол, арьс нэхий боловсруулах буюу механик, жолооч засварчны зэрэг мэргэжлийн сургууль дамжаа бий болж түүнд даруй 100 гаруй хүүхэд хамрагдаж байсан нь жинхэнэ утгаараа техник мэргэжлийн сургалт байлаа. 1921 оны 10 дугаар сард Д.Сүхбаатар санаачлан “их даргын” сургууль нэртэйгээр Цэргийн сургууль байгуулсан нь шинэ Монголын анхны тусгай мэргэжлийн сургууль боллоо. 1921 оны 12 дугаар сарын 11-ны өдрийн Засгийн Газрын 28 дугаар хурлын бичигт Монголын телефон, цахилгаан мэдээний албан хаагчдыг бэлтгэх сургуулийг эх орондоо байгуулах нь зүйтэй гэж үзэж хэрэглэх зүйлүүдийг Зөвлөлт засгийн газарт тавихаар шийдэж, 1922 оны цэргийн яамны дэргэд харилцаа холбооны сургууль байгуулав. Мэргэжилтэн бэлтгэх ажилд орос улс тусалж, 1921 онд Дорно дахины хөдөлмөрчдийн коммунист их сургууль (Кутв)-д манай 15 залууг хүлээн авч суралцуулжээ. 1924 онд Ардыг гэгээрүүлэх яамны сайдаар Эрдэнэбатхаан томилогджээ.

Ардыг Гэгээрүүлэх Яамны сайдаар О.Жамьян томилогдоход Эрдэнэбатхаан эрхэлсэн түшмэлээр нь томилогдож байсан байна. 1924-1929 онд Эрдэнэбатхаан сайдын үед манай гэгээрлийн салбарт хийгдсэн ажлууд гэвэл: 1924 онд манай 17 сургуульд 652 хүүхэд суралцаж байв. 1925 онд орон нутгийн ардын гэгээрүүлэх ажлыг хэрхэн явуулах тухай зааврыг Ардын Гэгээрлийн Яам 1 дүгээр сарын 25-нд батлан гаргажээ. Мөн Монголын пионерийн байгууллагыг 1925 оны 5 дугаар сарын 25-нд байгуулав. 1925 оны 8 дугаар сарын 20-нд хуралдсан бүх багш нарын II их хурлаас нийт бага сургуулийн анхдугаар хөтөлбөрийг баталжээ. Монгол бичиг, тоо бодлого, түмэн бодис, улс төрийн байдал, зураг зурах, биеийн тамир сайжруулах, аж ахуй, монгол улсын орон нутгийн байдал гэж 8 хичээлийн хөтөлбөр зохиох комиссыг төрөл тус бүрт 2-4 хүний бүрэлдэхүүнтэй байгуулсаны дотор сайд Эрдэнэбатхаан ч өөрөө оржээ. 1926 онд МАХН-ын V, улсын III их хурлаас Ардын гэгээрлийн ажлыг хөгжүүлэх 10 жилийн (1926-1936 он) төлөвлөгөө боловсруулан гаргав. “БНМАУ-ын дунд сургуулийн дүрэм хэмжээ”-г шинэчлэн батлан гаргав.

Мөн онд манайхаас Герман улсад 30 гаруй, Франц улсад 4 хүүхэд сургахаар хүргэж өгөх үедээ Эрдэнэбатхаан Италид очиж Горькийтой уулзсан байна. Энэ сурагчдаас Ардын багш Г.Батсүх, гавьяат багш Ч.Бавуу, урлагийн гавьяат зүтгэлтэн зураач Л.Намхайцэрэн, геологич, доктор Ж.Дүгэрсүрэн нарын зэрэг алдартай хүмүүс төрсөн билээ. ЗХУ-д суралцуулахаар 30-аад хүүхэд явуулсан аж. Эрдэнэбатхаан хүүхдүүдийг тэдгээр оронд хүргэж өгөөд “элбэг дэлбэг байгаад шохоорхож, юм сурахгүй харьж болохгүй, эх орноо ийм элбэг дэлбэг болгох хэрэгтэй” гэж сургаж байсныг хожим нь тэр үеийн хүүхдүүд дурсаж ярьдаг.

1927 онд манай 32 сургуульд 1398 хүүхэд суралцаж байв. 1928 онд манай улсын ерөнхий боловсролын сургуулийн нэгдсэн төлөвлөгөөг зохиож хэрэглэв. Манай сургуульд анхны дээд боловсролтой багш нар ажиллаж эхлэв. Энэ нь хожим нь академич болсон Б.Ринчен, түүний гэргий С.Раднаа нар байв. 1929 онд “Багш нарын сэтгүүл” гэдэг сэтгүүл гарч эхлэв. 36 сургуульд 1709 хүүхэд суралцаж байв. Эрдэнэбатхаан энэ хугацаанд монгол хэл, “Дэлхийн орнуудын түүх, “Дэлхийн орнуудын газар зүй”, “Ази тивийн орнууд” зэрэг хялбаршуулсан ном зохиолыг багш сурагчдад зориулан бичиж гаргасан байна.

     Багшийн сургуулийг 1924 онд багш нараас гадна нягтлан бодогч, хууль цаазын мэргэжилтэн бэлтгэх нэг жилийн хугацаатай оюутны сургууль болгон өргөтгөв. 1924 онд гаалийн нягтлан бодохын, хэрэглэгчдийн харилцан туслалцах хорооны төв сургуулийг, Сонгинод мал эмнэлгийн сургууль, Улаанбаатар хотод Сувилагчийн курсийг байгуулсан бөгөөд тэдгээр нь хожим тухайн мэргэжлийн техникумд болж өргөжсөн юм. 1924 онд Намын түр сургуулийг байгуулав. Энэ бүхэнд сургагч мэргэжилтнүүд ЗОУ-аас уригдан ирж ажиллаж байв. Ийнхүү Монгол улсад орчин цагийн боловсролын тогтолцоо үндсээ тавьж цаашид өргөжин ирлээ.

     Энд БНМАУ-ын Ардыг Гэгээрүүлэх Яамны 25 жилийн ойд зориулсан илтгэлд орсон зарим нэг тоо баримтыг дурдья:

1923 онд Дотоод явдлын яамны дэргэдэх ардын гэгээрлийн департамент 12 бага сургуулийг 600 сурагчтайгаар, Улаанбаатарт дунд сургууль нэгийг тус тус байгуулжээ. Үүнээс гадна орон нутгийн зардлаар хошуудад хэд хэдэн сургууль нээгдсэн байв.

     Бага, дунд сургуулиудад хүүхдүүдэд монгол бичиг, тоо, зааж байсан ба мөн дэлхийн байдал түүхийг заах төлөвлөгөөтэй байжээ. Хошууны сургуульд зөвхөн бичиг заадаг байжээ. Сургуулиудын зорилго чигийг МАХН-ын III их хурал өөрийнхөө шийдвэрт зааж өгсөн бөгөөд 1924 оны 11 дүгээр сард хуралдсан Улсын I их хурал, Ардыг Гэгээрүүлэх Яамны илтгэлийг сонсоод ардын эрх чөлөөнд маш их ач холбогдлыг өгч, сургууль, гэгээрлийн салбаруудад хувьсгалт улс төрийн байдлыг хамарсан зүйлийг заавал заах хэрэгтэй гэдгийг тогтоолд зааж дурдсан байв. Түүнчлэн ардын боловсролыг хөгжүүлэхэд их анхаарал гаргахын чухлыг дурджээ.

     Сургуулиудад ардын хүүхдүүдийг улсын хөрөнгөөр сургах болж сургуулийг шашнаас тусгаарлажээ. Ингээд 1925 онд намар БНМАУ-д 75 сургууль байсан бөгөөд эдгээрт эрэгтэй хүүхэд 1406, эмэгтэй хүүхэд 144, нийт 1550 хүүхэд суралцаж байжээ. Мөн дунд сургуульд 46 хүүхэд сурч байсан бөгөөд үүнээс 14 нь эмэгтэй байв. 1925    оны 11 дүгээр сард хуралдсан Улсын II их хуралд Ардыг Гэгээрүүлэх Яамны илтгэлийг дахин сонсч тогтоол гаргасан... Нөхөр Чойбалсангийн саналаар Улсын II их хурлаас Ардын гэгээрлийн хэрэгцээнд зориулан богдын хөрөнгийн гуравны нэг хувийг Ардыг Гэгээрүүлэх Яаманд шилжүүлжээ.

       1926    оноос эхлэн 9 бага сургуулийн дэргэд насанд хүрсэн хүн амын дотор явуулах соёл
гэгээрлийн ажил дэлгэрч эхлэв.
1926 онд дахин 1 бага сургуулийг байгуулсан бөгөөд бага дунд сургуулийн сурагчдын тоо өсч багш нарын мэргэжлийг дээшлүүлэх семинарыг 40 хүнтэйгээр эхэлж хийв.

     1926 оны 1 дүгээр сард хуралдсан улсын III их хурлаас Ардыг Гэгээрүүлэх Яамны талаар гаргасан тогтоолдоо ард түмэнд мэдэц боловсролыг өгч сургуулийн хичээлийг тогтмол нямбай хийж, ард түмнийг гэгээрүүлэх хүчийг бэлтгэх нь чухал ба зөвхөн Монгол бичиг заалгүй бусад шинжлэх ухааныг заах нь зөв гэжээ. Мөн энэ онд Ардыг Гэгээрүүлэх Яамнаас тусгай заавар гаргасан бөгөөд энэ ёсоор 70-аас доош бодтой ардын хүүхдүүд улсын зардлаар 70-аас дээш бол өөрийн зардлаар сурч байхыг дурьджээ.

     1927-1928 оны хичээлийн жилд тус улсад улсын зардлаар 15 бага сургууль, 997 сурагчтай 40 багштайгаар, хошуудад 74 сургууль 1904 сурагчтай тус тус ажиллаж, дунд сургуульд 130 сурагч сурч байв. Ийм сургуулийн тоо олшрохын хирээр ардын багш нарын мэргэжлийг дээшлүүлэх богино хугацааны курс семинар жил бүр өргөсөж ирсэн байна.

     1928-1929 онд хошуудын нийт 124 сургуульд 170 багш ажиллаж байв.

     Багш нарын мэргэжил дээшлүүлэх богино хугацааны курсүүд нь 1928 оны дундаас эхлэн Багш нарыг бэлтгэх сургууль болж өөрчлөгдсөн, үүнд 100 хүн суралцах болов.

     1929-1930 онд 5 аймгийн төвд дунд сургууль байгуулагдсан ба эдгээрийг "Хамтралын залуучуудын сургууль" гэж нэрлэж байжээ.

     1928 онд улсын төсөвтэй бага сургууль 45 байсан бол 1929-1930 онд 111 болж, үүнд 5950 сурагч суралцах болов. 1931 онд 13 аймагт дунд сургууль нээгдсэн байна. Энэ нь гэхдээ зөвхөн тооны араас хөөцөлдсөн хэрэг байлаа. Иймээс материаллаг бааз ба бэлэн байгаа багшлах хүчний бололцоонд тохируулан 1933 онд Ардыг Гэгээрүүлэх Яамнаас сургуулийн ба сургуулийн биш газрыг хорогдуулсан юм. Жишээ нь: дунд сургууль 5, сурагч 600, бага сургууль 59, сурагчид 3125 болжээ.

Ардыг Гэгээрүүлэх Яам нь 1933-1934 онд монгол хэл, тоо - дэлхийн байдал бусад хичээлийн талаар сурах бичиг, цагаан толгой, программ зэргийг хэвлэж эхэлжээ. Түүнчлэн дунд сургууйн зарим сурах бичиг хэвлэгдэж программ батлагдаж байжээ” гэж дурьдсан байна. /6.2.906-Х.13/

            Үүний зэрэгцээ дээрх илтгэлд боловсролын салбарын мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх болон техникумийн талаар ч тодорхой тоо баримт дурьдсан байна:

 

“Тус улсад бага дунд сургууль олширч хөгжихийн зэрэгцээ дунд мэргэжлийн хүмүүсийг бэлтгэх тусгай мэргэжлийн сургуулийн тоо олширч хөгжиж иржээ.

1923 онд "Багш нарын курс"-ыг богино хугацаатай нээсэн явдал нь дунд мэргэжлийн сургууль байгуулах анхны алхам байлаа. Манай улсад эдийн засаг, соёлын хөгжлийн өсч байгаа хэрэгцээ нь ардын аж ахуй, соёл, гэгээрлийн бүх салаа мөчрүүдэд хангалттай бэлтгэгдсэн дунд ба дээд боловсролтой мэргэжилтнийг шаардаж байлаа. Энэ зорилгоор дунд мэргэлжийн мэргэжилтэн бэлтгэх 2-3 жилийн хугацаатай техникумууд байгуулагдсан юм.

1925 онд техникумууд 2, бүгд 45 сурагчтай байсан. Энэ нь Багшийн ба Худалдаа, санхүүгийн техникум, 1936 онд 4 болж нийт 104 сурагчтай байсан ба 1938 онд 6 болж 873 сурагч сурч байв.

1939-1940 онд Техникумд 7, сурагчид 1216 болсон байв. Гэтэл одоо 1949 онд 12 техникум 2635 сурагчидтай ажиллаж байгаа нь техникум 171 хувь, сурагч нь 216 хувь өсчээ” /6.2.906-Х.13/ гэж дурьдсанаас харагдана..

           

1925 онд орон нутгийн засаг захиргааны зардлаар олон сургууль байгуулагдсан байна. Үүнд: Хан Хэнтий уулын аймагт 28, Богдхан уулын аймагт 18, Цэцэрлэг Мандалын аймагт 16, Дэлгэрхаан уулын аймагт 3, Хан Тайшир уулын аймагт 16 нийт 81 сургууль орон нутагт байгуулагдаж, 1502 хүүхэд суралцаж байв /Амар.А. 142-146 дахь тал/. Гэвч 1930-аад оны эхээр материаллаг бааз, багшлах боловсон хүчний бололцоог харгалзалгүйгээр сургууль олныг байгуулж, 1932 онд бага сургууль 105, дунд  сургууль 14-тэй болсон бөгөөд эдгээр сургуулийн зарим цаашид бүрэн хүчин чадлаар ажиллах боломжгүй болсон тул 1933 он гэхэд бага сургууль 59, дунд сургууль 5 болон цөөрчээ.

     1924 онд Ленинградад, 1925 онд Эрхүүгийн дээд сургуулийн дэргэд монгол оюутны бэлтгэл ангийг нээсэн байна. Энэ бүгд нь манай тусгай дунд мэргэжилтэн бэлтгэх их чухал алхам болсон юм. Мэргэжилтэй боловсон хүчнийг гадаадад явуулж сургах ажил өргөжин, 1924 онд Ленинград, Дээд үдийн багшийн сургуульд 8 хүн, 1925 онд Ленинград, Эрхүү, Дээд Үдэд 72 хүн, мөн бусад улс хотуудын сургуульд явуулсан 178 хүний нэр анкет бүртгэл Улсын төв архивт байна. 1927 онд Эрхүүгийн дээд болон тусгай мэргэжлийн сургуулиудад 40 орчим, 1929 онд ЗХУ-ын дээд, дунд сургуулиудад 272 залуус суралцаж байжээ. Ийнхүү ирж, очин сурч сургаж байсан явдал Монгол, Оросын боловсролын хамтын ажиллагааны нэгэн хэлбэр болсон юм.

     Багш болон бусад мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэхэд анхаарал тавих шаардлагатай байгааг 1924 оны 8 дугаар сард хуралдсан МАХН-ын III их хурал дээр Гэгээрүүлэх Яамны эрхэлсэн түшмэл Эрдэнэбатхаан тавьсан илтгэлдээ дурьдсан нь:

 

“...Оюутны сургуулийг анхан дөрвөн сарын хугацаатайгаар байгуулж... арван дөрвөн онд нэгэн жилийн хугацаанаа байгуулж ... сургаж буй боловч тогтоосон хугацаанд заан сургах зүйлүүдийг хараахан сурч завдалцахгүйн дээр басхүү ойр зэргэлдээ орос ба хятад, дэлхийн олон улсад чухал хэрэглэгдэх Англи улсын хэл бичгийн зэргийг урьдал болгон сургахыг нэн чухал болсон тул одоо оюутны сургуульд гадаад хэл бичгийн анги хэмээн хоёр анги сургууль болгож багшийн ангийн хугацааг энэ удаа хоёр жил гадаад хэл бичгийн ангийн хугацааг дөрвөн жил болгож, мөн хугацаа дууссаны хойно хоёр жилийн хугацаагаар гадаадад одуулж хэлийг боловсруулах... эл сургуулийн бүх зарцуулсан зүйлийг улсын сангаас тавин олгож, эрдэм соёлыг улмаар хөгжүүлэхийг төлөвлөж буй болно” гэжээ.

 

       1925 онд оюутны (багшийн) сургуульд Буриадаас багш урьж багшлуулж байлаа. Багшлах боловсон хүчин дутагдалтай байгааг харгалзан, ЗХУ манайд тусалж, 1928 онд Улаан-Үд хотод монгол рабрак, Эрхүү хотод монгол оюутан сургах хоёр жилийн курсийг байгуулан ажиллуулсан байна. Энэ нь манай улсын дунд сургуулийн багш бэлтгэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн. Ер нь ардын хувьсгал ялсны дараах үед манай улсын гэгээрэл боловсролын хөгжилд ЗХУ-ын туршлага, тусламж их үүрэг гүйцэтгэсэн юм. Манай оронд анх 1910-аад оны эхээр ирж сургууль байгуулах, өөрсдөө багшлах ажил хийж байсан Цэвээн Жамсранов, Эрдэнэбатхаан, Бадамын Дугаржав, Базарын Ишдорж нар 1920, 30-аад оны манай гэгээрүүлэх яамны сайд, зөвлөхөөр ажиллацгааж их зүйл хийжээ. Манай сургуулиудын дүрэм, сургалтын төлөвлөгөө сурах бичиг, заах аргын зөвлөмж материал зэрэг сургалтын бараг бүхий л хэрэглэгдэхүүн, удирдамж баримт бичгүүд нь Орос улсын жишээгээр боловсруулагджээ. Багш нар нь ч орос багш нарыг дагалдан суралцаж багш болж байсан билээ. Дээд боловсролтой мэргэжилтэн бэлтгэх ажил 1922 онд Орост оюутан явуулж сургаснаар эхэлсэн бөгөөд тэндэхийн мэргэжлийн сургуульд манайхаас очиж байсан бол 1940 онд 739 хүн очиж суралцжээ. Эдгээрийн дотроос манай нам төрийн зүтгэлтэн анхны дээд боловсролтой мэргэжилтнүүд төрж гарсан юм. Энэ бүгдээс үзвэл оросын ард түмний туршлага манай гэгээрэл боловсрол хөгжиж, хөл гараа олох явдалд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн нь тодорхой байна. Тухайлбал: Дорно дахины хэлний Ленинградын дээд сургуулийн рабфакт 15 монгол оюутан хүлээн авч сургах тухай ЗСБНХУ-ын гадаад хэргийн ардын комиссараас БНМАУ-аас ЗСБНХУ-д суугаа бүрэн эрхт төлөөлөгчид мэдэгдсэн нот бичигт:

 

Ленинградын дорно дахины хэлний А.С.Енукидзегийн нэрэмжит дээд сургуулийн ажилчны факультетад 15 монгол оюутан авч суралцуулах үүргийг ЗСБНХУ-ын Төвийн Гүйцэтгэх хорооны эрдмийн ажил, сургалт, уран зохиолын хэвлэл хариуцсан хороо тус дээд сургуулийн захиргаанд өгснийг таны 1926 оны есдүгээр сарын 16-ны өдррийн №196 тоотод хариу болгож ЗСБНХУ-ын Гадаад Хэргийн Ардын Комиссарын газар мэдэгдэж байна 

 

хэмээн дурьдсан байдаг.

Ардын хувьсгал ялсны дараа Намын Төв Хорооны дарга байсан Дамбадаржаа өрнөдийн зарим орнуудаар явж, дэвшилтэт техник, технологи Монголд нэвтрүүлэх, мөн эдгээр техник дээр ажиллах боловсон хүчин бэлтгэх талаар гэрээ хэлэлцээр хийж ирсэн түүхтэй. Энэхүү гэрээ хэлэлцээрийн үндсэн дээр Нийслэлийн анхны үлгэр жишээ дунд сургуулиас шалгарсан 35 сурагч Герман, Франц улсыг зорьсон билээ. Хүүхдүүдэд өрнөдийн боловсрол эзэмшүүлэхээр Ардын гэгээрүүлэх яамны сайд Эрдэнэбатхаан дагалдан явж, А.Амар сайд, Хатанбаатар ван, Дамбадаржаа, судар бичгийн хүрээлэнгийн дарга Ж.Цэвээн нар үдэн гаргаж эрдэм сургаал, ерөөлийн үг хэлж байжээ. Эдгээр хүүхдүүдтэй хамт үлгэр жишээ дунд сургуулийн 3 багш явжээ. Базарын Ишдорж нь тоо бодлого, монголын түүх, үсгийн дүрэм, зургийн хичээл заадаг байсан бөгөөд Герман, Францад сурах хүүхдүүдийн захирлаар томилогдон ажиллаж байсан. Буддарь багш мөн сургуулийн багш, 1926-1927 онуудад үлгэр жишээ дунд сургуулийн орлогч захирлаар ажиллаж байжээ. Далай багш Герман орох замд нь латин үсгийн цагаан толгойн үсэг зааж өгсөн ажээ

Энэ үед манай боловсролын шинэ тогтолцоонд тохирсон үндэсний сурах бичиг хэвлэгдэн гарсан байна. Тухайн үед Зөвлөлт орос улсаас уригдан ирсэн Ишдорж хэмээх багш энэ сурах бичгийг зохиожээ. 1922 онд Зөвлөлтөөс уригдан ирж дунд сургуулийн захирлаар ажиллаж байсан энэ багш 1926 оны сүүлчээр Германд суралцаж байсан сурагчдын захирлаар томилогдон явж, тэнд 1930 он хүртэл 4 жил шахам ажиллаж (Германаас сурагчдыг татахад) буцаж ирээд Ардыг гэгээрүүлэх яаманд мэргэжилтэн, хэвлэлийн тасгийн дарга, “Соёлын тэмцэл” сэтгүүлийн эрхлэгч зэрэг ажил хийж байгаад 1936 онд нутаг буцсан байна. Энэ багш өндөр боловсролтой, сурган хүмүүжүүлэх ухааны олон талын мэргэжилтэй, орос, монгол, герман хэлэнд агуу, хичээл заах аргын их туршлагатай багш байв.

Багш нарын мэдлэг мэргэжлийг ахиулсан ном, сурах бичиг олныг зохион гаргасан бөгөөд мөн гадаад хэлнээс ч орчуулж хэвлүүлсэн юм. Манай улсын ардын боловсрол, сургууль соёлын хөгжилд их хөдөлмөр хүчээ шингээсэн том сурган хүмүүжүүлэгч билээ. Түүний 1924 онд орчуулж найруулж бичсэн нэр нь үл мэдэгдэх ном нь: Монгол Улсын эдүгээ буй орон нутаг ба түүнийг хэзээ ямар улс эзлэн суусан тухай, Монгол улс буурч, олон анги хэсэг тасарсан бас хоорондоо эв найрамдлыг алдсан тухай, Монголын төр мөхсөн ба эзэрхэг эр чадлаа умартсан тухай, Монгол, Хятад хоёрын эв эвдэрч, харилцан дайсан болсон тухай хэмээх таван зүйл, он цагийн хэлхээ бүхий 68 хуудастай энэ бяцхан номондоо монголын нутагт оршин тогтож байсан эртний улсуудаас эхлээд монголчууд 1911 онд тусгаар тогтнолоо олж авсан боловч орос, хятад хоёр улс хоорондоо сүлбэлдэн нууцаар хэлэлцэж монгол угсаатны нэгдэхийг тасалдуулсаныг өгүүлэн “тийнхүү манай бага буурай улс хоёр их эзэрхэг, хүчирхэг улсын хоорондын дэмий тэнэж хөөрхийгөөр мэхлэгдэн хохирсон ажгуу” хэмээн төгсгөсөн байдаг. Яруу тод, уран хэллэг бүхий энэхүү бяцхан ном нь монгол угсаатны 2000 гаруй жилийн түүхийг агуулж, багш нарын мэдлэг мэргэжилд хичнээн их нэмэр болж байсан нь эргэлзээгүй.

Гэгээрлийн яамнаас 1936 онд баталсан зааврын дагуу сайн дурын сургуулиудыг жил бүрийн 5 дугаар сарын 1-нээс 10 дугаар сарын 1 хүртэл ажиллуулж, тэдгээрт 8-15  насны хүүхдийг хамран сургах болжээ.

Сайн дурын сургууль нь хүүхдийг уншиж бичдэг болгох зорилготой байсан юм. Энэ бүхний үр дүнд 1941 оны байдлаар сургуулийн насны хүүхдийн 20 гаруй хувийг ерөнхий боловсролын сургуульд хамран суралцуулах болжээ. Бага, бүрэн бус дунд, бүрэн дунд сургуулиас бүрдсэн ерөнхий боловсролын сургуулийн тогтолцоо бий болов. Сургуулийн хэргийг өрнүүлэх явдалд тус болох зорилгоор хөдөлмөрч малчид өөрсдийн хөрөнгөөр сайн дурын зун цагийн сургуулиудыг 1934 оноос эхлэн байгуулжээ. Энэ сайн дурын сургууль нь жил бүрийн тавдугаар сарын дундаас эхлэн есдүгээр сарын дунд үе хүртэл хичээллэдэг байжээ. Сайн дурын сургуулийн сургалтын төлөвлөгөөг Ардыг гэгээрүүлэх яам боловсруулан баталж мөрдүүлдэг байсан бөгөөд 1934-1937 онд нэг ангид 102 өдрийн хичээл хийдэг байжээ. Бичиг үсэг үл мэдэх буюу бага мэдэх нам, эвлэлийн гишүүдийг үндэсний бичиг үсэгт сургах ажлыг 1935 оны дотор багтаан гүйцэтгэн бүх нийтээр бичигтэн болох зорилтыг хэрэгжүүлэх талаар томоохон алхам хийх зорилт дэвшүүлжээ.

1925-1927 онуудад орон нутагт боловсрол соёлыг хөгжүүлж удирдах ажлыг хариуцуулсан аймгийн яамдад Ардын гэгээрүүлэх хэлтсийг байгуулж, Ардыг гэгээрүүлэх ажлыг хөгжүүлэх 10 жилийн төлөвлөгөө боловсруулсан байна. Дээрх бодлогын хүрээнд хамтрал коммуны болон сайн дурын, тусгай мэргэжлийн боловсрол олгох сургуулиуд олноор байгуулагдаж үйл ажиллагаа явуулж эхлэв. 1938 онд анхны 10 жилийн дунд сургуулийг байгуулж ажиллуулсан байна. Мөн бүх нийтийг хамран сургах бодлогын эхлэлийг тавж, боловсролыг 4+3+3 гэсэн шаталсан бүтцэд шилжүүлэх шийдвэр гаргаж хэрэгжүүлж эхэлжээ.

МАХН-ын IX их хурал, улсын YIII их хурлаас үндэсний соёл, боловсролыг бэхжүүлэн хөгжүүлэхэд ардын сургууль гол үүрэг гүйцэтгэнэ хэмээн заагаад сургуулийн хичээл, хүмүүжлийн ажлыг сайжруулан сургуулиудыг олшруулж, бэхжүүлэх, насанд хүрэгчдийг бичиг үсэгт сургах ажлыг хурдавчлан явуулах зорилтыг дэвшүүлсэн бөгөөд энэхүү зорилтыг хангах зорилгоор Монголын багш нарын анхдугаар их хурлыг зарлан хуралдуулжээ. Монголын багш нарын анхдугаар их хурал 1935 оны 6 дугаар сарын 7-12-нд хуралдаж сургуулиудад хувьсгалт хүмүүжлийн ажлыг хэрхэн ямар аргаар зохион явуулах, сургалтын ажлыг сайжруулан багш нарын заах аргыг дээшлүүлэх, сургуулиудыг аж ахуйн хувьд бэхжүүлэх тухай илтгэлүүдийг хэлэлцэж сургууль багш нарын өмнө тулгарч байгаа зорилтууд, ялангуяа ардын сургуулийн талаар тавьсан намын бодлого, тухайлбал, хичээл, хүмүүжлийн ажлыг сайжруулах, сургуулиудыг программ, хичээлийн хэрэглэгдэхүүнээр хангах, сургуулиудын тоог олшруулан, аж ахуйн хувьд бэхжүүлэх, багш нарыг бэлтгэх, давтан бэлтгэх, сайн багш нартай болох, сургууль ардын холбоог бэхжүүлэн сургуулийн нэр хүндийг өргөх, насанд хүрэгчдийг бичиг үсэгт сургах ажлыг хурдавчлан явуулах зэрэг гол гол асуудалд анхаарч, эдгээр зорилтыг өөрсдийн үйл ажиллагааны удирдамж болгон мөрдөж ажиллахыг нийт багш нарт уриалан тогтоол гаргасан байна. Энэ их хуралд бага, дунд, тусгай мэргэжлийн сургуулиудаас 128 багш, захирал оролцсон байна.

1937 онд багш нарын мэргэжил дээшлүүлэх курс байгуулагдаж, дунд сургуулийн багш нарыг бэлтгэж эхэлснээр 1939 он гэхэд бүх шатны сургуулийн нийт багш нарын тоо 463 болсон байна. 1938 онд анхны 10 жилийн сургууль байгуулагджээ. Энэ нь одоогийн 10 жилийн 1 дүгээр дунд сургууль юм. 1939 он гэхэд 118 сургуульд 12226 хүүхэд суралцаж байсан бөгөөд, 118 сургуулиас ерөнхий боловсролын сургууль 111, үүнээс бага сургууль 99, 8 жилийн сургууль 11, 10 жилийн сургууль 1 болж, боловсролын шатлал 4-0 (1926), 4+3 (1933), 4+4+3 (1938) болон өөрчлөгджээ. 1925 онд Гэгээрлийн яамны заах арга зүйн товчоо байгуулагдаж, 1933 онд энэхүү заах арга зүйн товчоог Эрдэм шинжилгээ заах аргын зөвлөл болгон өргөтгөсөн байна.

1937 оны 6 дугаар сард багш нарын II их хурал хуралдав. Их хурлын материалуудаас харахад ардыг гэгээрүүлэх ба үндэсний соёл боловсролыг хөгжүүлэхэд олсон амжилт, тухайлбал, сургуулиудад хичээлийн программыг ханган биелүүлж, сурагчдын хүмүүжлийн ажил сайжирч, сургуулийн аж ахуй бэхжиж байгаа, сургуулиуд тогтоосон хугацаандаа хичээлээ эхэлдэг болсон, хөдөлмөрчдийн дунд бичиг үсэгт суралцах ажил өрнөж байгаа зэргийг тэмдэглээд сургуулийн хичээл, сургалт, хүмүүжлийн ажлын чанарыг сайжруулах, үүний тул багш нарын чанар, заах аргын чадвар, мэдлэгийг дээшлүүлэх, сурах бичгийн гачигдлыг арилган хичээлийн программ, сургуулийн ба сурагчдын дүрэм зэргийг шинэчлэн гаргах, сургуулийн захирал, багш нарын үүрэг, хариуцлагыг өндөржүүлэх, Ардыг гэгээрүүлэх яам, аймаг, хотын хэлтсээс сургуулиудыг шалгах, туслах, удирдах ажлыг өргөтгөхийн чухлыг заажээ.

1921-1940 он бол манай орны боловсролын салбар улс ардын аж ахуйн биеэ даасан салбар болон хөгжсөн үе бөгөөд энэ үеийн гол ололтуудын нэг юм. Орон нутаг сум бүрт бага сургууль байгуулагдаж сургуулийн нэр хүнд өсөж, сургуулиуд орон нутгийн орон нутгийн гол байгууллагын нэг болж соёлжуулан гэгээрүүлэх төв болсон байна. Хүүхдийн цэцэрлэг, бага сургууль, бүрэн бус дунд сургууль, тусгай мэргэжлийн дунд сургуулиуд байгуулагдаж, дээд сургууль байгуулах бэлтгэл хийгдэж байв. Ингэсөнээр орчин үеийн шаталсан сургалттай тогтолцооны үндэс тавигдав. Нийт ард түмнийг бичиг үсэгт сургах талаар их арга хэмжээ авсны үр дүнд 1940 онд улсын нийт хүн амын 17 хувь нь бичиг үсэг мэддэг болсон байна.

Сургууль цэцэрлэгүүдийг аж ахуйн зохион байгуулалтын хувьд ихээхэн бэхжүүлж, сургууль, цэцэрлэгийг хичээл сургалтын байраар хангах ажил эхэлж, 1940 он гэхэд Улаанбаатар хотын 1 дүгээр дунд сургуулийн хичээлийн байр ашиглалтад орсноор сургуулиудыг зориулалтын байраар хангах ажил хэрэгжиж эхэлжээ. 
Н.Энхцогт /Ph.D/

 

 

Бичсэн: EDUCATION | цаг: 09:15 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1389144 удаа нээгдэв.
idiomatic-dormant