2017-9-19
Аугаа их эрдэмтэн Михайл Васильевич Ломоносов (1711-1765 он)
  

Аугаа их эрдэмтэн Михайл Васильевич Ломоносов

(1711-1765 он)

 

Алс цагаан тэнгисийн хязгаарт нутагтай ядуу тариачин Василий Дорофеевийнд нэгэн хүү төрсөн нь хожим Петербург, Стокгольм, Болоны Шинжлэх ухааны Академийн гишүүн болсон анхны орос хүн, тал бүрийн авьяастай аугаа их эрдэмтэн Михайл Васильевич Ломоносов байлаа.

Миша хүү багадаа эхээсээ хагацан, арван наснаас аавынхаа хүнд хүчир ажилд туслалцаж, Умард мөсөн далай, Цагаан тэнгисээр аялан явдаг байжээ. Тэр багадаа уншиж сурсан боловч, унших ном нь даанч ховор, олдсон ганц нэг ном нь шашны сургууль дүүрэн байдаг байв. Харин Смотрицкийн “Хэл зүй”, Магницкийн “Тоо бодлого” гэдэг хоёр номтой санамсаргүй тааралдсан нь сониуч хүүгийн өмнө шинжлэх ухааны шинэ ертөнцийг нээв. Энэ шинэ ертөнц 16 настай хүүгийн хамаг санаа бодлыг эзэмдэн улмаар түүнд бүх амьдралаа зориулахаар шийдсэн юм. Тэгээд Москвад очиж эрдэм сурахаар 1730 оны өвлийн тэсгим хүйтэн нэгэн өдөр загасчны хөсөг бараадан халаасандаа гурван рубльтэй, үүргэвчиндээ хоёр номтой явган гарчээ.

1731 оны эхээр Москвад ирж слав, грек, латин хэлний академи (Спасскийн сургууль)-д язгууртны хүүхэд гэдэг нэрээр орж амжжээ. Эхний нэг жил гурван ангийн хичээлийг сурч, дөрөвдүгээр ангид шууд дэвшин оржээ. Энд суралцсан таван жилийн дотор шинжлэх ухааны номуудыг ихэд шамдан сонирхож уншсаар нэг мэдэхэд сургуулийнх нь өгдөг мэдлэг түүнд чамлагдах болжээ. Удалгүй түүнийг Шинжлэх ухааны Академийн дэргэд байсан гимназид, дараа нь Германд явуулж хим ба уул уурхайн мэргэжилд суралцуулжээ. Тэнд “Шингэн дэх хатуу биеийн хувирлын тухай” гэдэг анхныхаа эрдэм шинжилгээний бүтээлийг туурвисан байна.

1741 онд эх орондоо буцаж ирсэн боловч Академийн ерөнхийлөгч Шумахер зэрэг герман хүмүүсийн хавчилтанд өртөн дөрвөн жилийн дараа сая л химийн профессор болжээ. Тэд оросын их сургууль байгуулах гэсэн түүний саналыг эрс эсэргүүцэн “Ганц Ломоносов нь бидэнд саад болж байхад арван Ломоносовын хэрэг байна уу” гэцгээж байв. Гэвч 1755 онд М.В.Ломоносовын санаачилга, төслөөр Москвагийн их сургууль байгуулагдаж, хожим нь түүний нэрээр нэрлэгдэх болсон юм.

М.В.Ломоносов шинжлэл судлалын ажлаа үргэлжлүүлж “Химийн уусгагчдын үйлчилгээний тухай”, “Дулаан ба хүйтний шалтгааны тухай физик ойлголт” гэдэг бүтээлүүдээ бичив. 1744 онд бичсэн “Математик химийн элементүүд” гэдэг гайхамшигт бүтээлдээ бодисын байгуулалтын атом-молекулын сургаалыг бий болгосон байна. Түүнчлэн 1745 онд бичсэн “Дулаан ба хүйтний тухай”, 1754 онд бичсэн “Жин ба материйн тоо хэмжээний харьцаа” гэдэг ажлуудаараа физик, химийн шинжлух ухааны гол хуулиудыг нээгч болсон юм. М.В.Ломоносовын нээсэн “бодисын жингээ хадгалах” хуулийг Ф.Энгельс XIX зууны гурван гайхамшигт нээлт гэж үнэлсэн билээ.

М.В.Ломоносовын физикт хийсэн ажлууд дотор атмосферийн цахилгаан үзэгдлийг судалсан нь онцгой байр эзэлдэг. Бас тэрээр цаг уурын судлалыг ихэд сонирхож энэ шинжлэх ухааны хөгжилд чухал хувь нэмэр оруулжээ.

Тэр далайн аялал, геологи, минералоги, уул уурхайн ажил, төмөрлөгийн үйлдвэрийн талаар олон бүтээл туурвижээ. Гэвч материалист их эрдэмтний байгалийн шинжлух ухаанд оруулсан аугаа нээлтүүд амьд ахуйд нь бараг үнэлэгдээгүй бөгөөд үнэлэн дэмжих хүн ч тэр цагт өдрийн од шиг байв.

М.В.Ломоносов зөвхөн байгалийн шинжлэгч төдийгүй орос шүлэг холболтын онол боловсруулж, өдий төдий магтаал, найраглал, шүлэг бичсэн авьяас төгөлдөр яруу найрагч байснаас гадна “Тамир Селим хоёр”, “Демофонт” гэдэг шүлэглэсэн эмгэнэлт жүжгүүдээрээ Оросын драмын урлагийн санг баяжуулжээ.

Слав шашны биш жинхэнэ орос ардын ярианы хэл дээр үндэслэж шинжлэх ухаан, урлаг, уран зохиол хөгжинө гэсэн М.В.Ломоносовын санаа 1757 онд зохиосон “Оросын хэлний зүй”-д нь тусгалаа олж, олон дахин хэвлэгдсэн энэ номоор оросын бүхэл бүтэн үе боловсорчээ.

М.В.Ломоносов бас түүхч эрдэмтэн байв. Түүний “Орос үндэснтий эхний үеэс 1054 он хүртэлх эртний түүх” гэдэг өргөн хүрээт бүтээл нь түүхийн талаарх үндсэн материал болон үлдсэн байна. Оросын дүрслэх урлагийг хөгжүүлэхэд шавь нарынхаа хамт “I Петр”, 30 кв м том талбай эзэлсэн “Полтавын батали” гэдэг шигтгэмэл зургууд нь өнөө үе хүртэл хадгалагдаж үлдсэн юм.

Олон тооны шинэ нээлтээрээ дэлхийн шинжлэх ухааныг баяжуулсан сод ухаантан М.В.Ломоносов хавчилт, хяхалт, бурангуй ёсны эсрэг зоригтой тэмцэн эрдэм ухааны оргилд хүрсэн боловч нүсэр их ажилдаа ядарч туйлдан 54 насандаа ертөнцөөс хальжээ. Гэвч тэрээр хийсэн бүтээсэн бүтээлээрээ өөрийн насыг үүрдийн болгон уртасгажээ.

 орчуулсан Ph.D Н.Энхцогт

Бичсэн: EDUCATION | цаг: 11:51 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1389144 удаа нээгдэв.
idiomatic-dormant