2009-11-06
Монголын утга зохиол дахь нохой шүтлэгийн дүрслэлийн уламжлал




Д
.Цэвээндорж Доктор (Ph.D), дэд профессор

 

 

Адгуусан амьтдын дүрийн дотор хүн төрөлхтний хамгийн анх гаршуулан тэжээсэн нохойн дүр онцгой байр эзэлдэг. Буриадын домог үлгэрт “Бүртэ” гэх нохойны нэр тохиолддог нь “Бөртэ чоно”-ын дүрт сэтгэмжийн хувилбар бололтой агаад МНТ-ы 78-р зүйлд “Хасар нохой мэт хаданд довтлох”, 188-р зүйлд “Эм хүмүүн нохой нүүртэй”, 194-р зүйлд “Нохой хэрэл хэрж явж”, 209-р зүйлд “Хубилай, Зэлмэ, Зэв, Сүбээдэй та дөрвөн ноход” гэх мэтээр хүний дүр төрх, зан араншинг нохойтой зүйрлэн өгүүлсэн дүр, дүрслэлийн өгүүлэмж цөөнгүй тохиож байна. Эл уламжлалт дүрслэмж, дүрт сэтгэлгээ нь аман ба бичгийн утга зохиолд төдийгүй зан үйлд ч тусгагдсан нь монгол угсаатнууд “Нагацын эзгүйд нагацын шар нохой ахална”[1] хэмээн ихэд хүндэтгэн дээдлэх үзлээ тусгасан байдгаас тодорхой болох бөгөөд мөн

 

“Хүүгийн нүдний гал

Хүүхний зүсний гэрэлд

Шар нохойн буян дагана”

 

хэмээж үдэш оройн цагаар үс гэзгээ самнахаар бол “шар нохойн хуриманд очих гэж байна”[2] гэж шившээд самнадаг дом шившлэгийн зан үйл байсан аж. Мөн эрт үед эзнийг нь дагалдуулж нохойг нь оршуулж байсан зан үйлийн уламжлал бий бөгөөд ялангуяа Чемурчекийн (нтө2500-1800) соёлын үед тодорхой болон биежсэнийг археологийн шинжлэх ухаан нотолдог. Тиймээс “Сайн нохой эзнээ үхлийн амнаас хаадаг” гэсэн үзэл сэтгэлгээний илэрхийлэл болсон үг үеэс үед уламжлагдан ирсэн байх бөгөөд Монгол ардын зүйр сэцэн үгэнд

 

“Төмрөө үл таних хуурай

Төрсөнөө үл таних нохой” (байдаггүй)

 

гэсэн санаагаар зүйрлэн дүрсэлсэн нь бас бий. Тиймээс МНТ дахь “үүр шөнийн заагаар шар нохой мэт шарвалзан одох тэр тэнгэрийн хүн”-ий тухай дүрслэмж нь нохойг хүндэтгэн дээдлэх сэтгэмжийн шүтэлцэл агаад монголчууд “Үүрийн шар туяанаар бурхны дүр эгшнээ харагдаад далдардаг” гэсэн үзэл сэтгэлгээтэй болжээ. “Чингисийн есөн өрлөгтэй өнчин хөвгүүний сэцэлсэн шастир”-т Чандага сэцэн

 

“Нугас мэт жимс цөлбөөсэй чи

Нохой мэт яс булаалдаасай чи”

 

хэмээн дээрэлхэнгүй өнгө аясаар хандаж хэлдэг. Тиймээс эрдэмтэн Ш.Гаадамба “Дөрвөн нохайс гэдэг үгийн учир” өгүүлэлдээ нохойн дүрийн тусгал, уламжлалт дүрслэлийг авч үзжээ. Түүний тэмдэглэснээр “Суут Богд Чингис хааны гэгээнээ өргөх өчиг” хэмээх онгоны сударт:

 

“Дайн Монггол чину олан билэ

Тэр магу албату нохай чину

Олан Монггол чину олан билэ

Өнчитү магу албату нохай чину”[3]

 

хэмээснийг тэмдэглэж “Иймд албат хамжлага ардыг бас “нохай” гэж нэрлэдэг ёс заншил, уламжлал байсан ажээ. Үүгээр үзэхэд энэ “нохай” гэгч феодалын үеийн нэг зүйлийн нэр томъёо буюу хэвшсэн хэлцийн зүйл байсан мэт”[4] гэсэн нь бий. Ийм санаа бүхий уламжлалт дүрслэл Раши-Пунцагийн “Болор эрхи”-д

 

“Нохой мэт нөхөр олоход бэрх

Нохой үгээгүү хүнд тэжээгдвэл

Баян хүнийг үл дагана

Харц хүнд асрагдвал

Хаан хүнийг үл танина”[5]

 

хэмээснээс тодорхой болох агаад Саган сэцэний “Эрдэнийн товч”-д “…Тэнд бас нэг шөнө хаан (Тогоон төмөр) ийн зүүдэлрүүн: Нэг цал буурал өвгөн хүн ирж “Чи өөрийн хоточ нохойгоо тэвчлээ. Одоо гадаад довтлогч чоно ирэн амуй. Түүнээ арга юу сэтгэнэ чи” хэмээн ихэд хилэгнэж донгодон өгүүлээд хоромхноо үгүй болсныг зүүдэлж амуй”[6] хэмээдэг. Ингэж дотоод гадаад дайсныг нохой, чоноор эсрэгцүүлэн төлөөлүүлж үзүүлсэн нь эртнээс улбаатай дүрт сэтгэмж асныг нотолж байна. МНТ, “Лу.Алтан товч”-ид  “Та Хубилай, Жэбэ, Жэлмэ, Сүбэ’этэй та дөрвөн нохас-ийан жорихсан гажар-а илэжү (илэгэжү) Бо’орчу (Богурчи) Мухали (Тулай), Чила’ун (Чилагун) ба’атур эдэ дөрбэн күлү’үд (күлүгүд)-ийэн дэргэ-дэ’эн а’асу (абубасу) бүгүдэ (бүкү) сэткил-ийэн (р) амуху бүлэ’э (бөлүгэ) би кэ’бэ (кэмэбэ) /Та Хубилай, Зэв, Зэлмэ, Сүбээдэй та дөрвөн нохосоо зорьсон газраа илгээж, Боорчу, Мухули, Борохул, Чулуун баатар эд дөрвөн хүлгүүдээ дэргэдээ авбаас бүгд сэтгэл амрах бөлгөө би” [Алтан товч.1990.66] гэх зэргээр дүрийн төлөв байдлыг үнэнч шинж байдлаар нь адилтган урлажээ. Тиймээс Жамуха Таян хаанд “Тэмүжин анда мину дөрбэн нохайс-и гү’үн-нү миха’ар тэжи’эжү гинжилэжү hуйажу аху бүлэ’э, тэдэ хара’ул-и бидан-у hүлдэжү айисухун тэдэ бүйжэ тэдэ дөрбэн нохайс” /Тэмүжин анд минь дөрвөн нохойг хүний махаар тэжээж гинжилж уяж байх бөлгөө. Бидний харуулыг үлдэж айсуй буй за, тэд дөрвөн нохайс/ [Л.Лигети.1971.155] хэмээдэг.

Казах ардын зүйр сэцэн үгэнд бас

 

“Төрөгө, сенченше (ноёдод итгэснээс)

Төбет итке сен (нохойдоо итгэ)

Төрени жемдегенше (ноёдыг тэжээснээс)

Төбетти жемде” (нохойгоо тэжээ) [Ш.Гаадамба.1974.42]

 

хэмээдэг байна. МНТ-ы 188-р зүйлд тэмдэглэгдсэн “Эм хүмүүн нохой нүүртэй” хэмээсэн дүрслэлийг А.Мостаерт “завхай самуун” гэсэн утгатай зүйр үгийн чанартай үг гэж үзсэнийг эрдэмтэн судлагч  Ш.Гаадамба дэмжжээ. “Чингис хааны цадиг”-т эл үгтэй холбогдох сонирхолтой өгүүлэмж бүхий мэдээ бас бий юм. Энэ нь:

 

“Хоёр сэтгэлт эр болбол эр биш эм гэгдэх  

Нэг сэтэлт эр болбол эр биш эрдэнэ гэгдэх

Хэрэв жирэн сэтгэлт эм болбол эм бус нохой гэгдэх

Нэг сэтгэлт эм болбол эм бус эр гэгдэх

Тийм хүнтэй яаж нөхцөж болох гэж зарлиг болов”

 

хэмээдэг нь уг амьтны дүр, тэрхүү зүйрлэлт өгүүлэмжээр санаагаа нээхэд ашиглаж байсан уран дүрслэл юм. Нохойн дүр хүний үнэнч, тууштай дээд зан төлөвийн илэрхийлэл болсон эрхэмлэн дээдлэх саналгаар болон увайгүй сөрөг талтай жишигдсэн (хүний доод төрөлтнийг нохойтой жишсэн) хоёр янзаар тэмдэглэгдэж хар ба цагаан, эерэг ба сөрөг хэв шинжийн хоёр туйл дээр бүтээсэн сонирхолтой туурвил зүй, онцлог шинж ажиглагдаж байна. “Ноёнтой нүүрэлдсэнээс нохойтой нүүрэлдсэн нь дээр” гэсэн хэлц үг гарсан нь нохойн үнэнч зан төлөвийг ноёны бялдууч, зусарч зан төлөвтэй холбон урласан түгээмэл туурвил зүйн сэтгэмж болно. Харин

 

“Сайн хүн, хүний нүүр лүү эгц харж ярьдаг

Муу хүн хулгайч нохой шиг гөлөлзөн гөлтгөнөнө”

 

гэсэн дүрт сэтгэмжийн ойлголт бүхий дүрт чанараас эл ухагдахуун тодорхой харагдах агаад үнэхээр “хулгайч нохой шиг” гэсэн хэлц үг монгол ардын аман ярианд ингэж дүрт байдлаар сэтгэгдэн туссан бололтой байдаг. Мөн

 

“Нохойг хичнээн дээш тавьсан ч доошоо гүйнэ

Шувууг хичнээн доор тавьсан ч дээшээ ниснэ”

 

гэх буюу “нохойн толгойг ширээн дээр тавьсан ч шороо руу өнхөрнө” гэсэн эсрэгцүүлэлт дүрслэлээр гаргасан өвөрмөц хэлц тэргүүтэн нь нохой хэдий эртнээс шүтэгдэж ирсэн хүний анхны анд нөхөр хэдий ч нохой тэжээдэггүй болон уруулсан юмуу дургүй хүний үзэл бодол тусгагдаж, бас нохойн эзнээсээ бусдад хэрцгий хандан, хамгаалахын тулд улайран дайрдаг төрөлх ааш аяг зэрэг нь ийн хоёр янзаар буюу эсрэг тэсрэг дүрт байдлаар тусгагдахад хүрсэн бололтой юм. Нөгөө талаар ноёд баядын зүгээс дорд гаралтай ард иргэдийг нохойн хувь заяатай холбон өгүүлэх дүрслэлт өгүүлэмж, зохиомжийн элемент байжээ. Нохойн дүр ийнхүү хоёр өөр ухагдахуунаар зохиолын санаа, дүрийн зүйрлэлт өгүүлэмжинд хэрэглэгдэж байсан нь амьтдын сэдэвт зохиол дотроос туурвил, дүр дүрслэлийн хувьд онцгой анхаарал татдаг. Тиймээс нохойг иргэний шинжтэй уран зохиолд ард нийтийн илэрхийлэл болсон дүрээр гаргасан шинж дундат зууны бичгийн уран зохиолд ажиглаглагддаг. Бичгийн зохиолоос жишээлж үзэхэд Хуульч Сандагийн “Тэжээсэн нохойн хэлсэн үг” зохиол нь зохиомжийн шийдэл, өгүүлэгчийн өчлийн хувьд амьтдын дүрээр илэрхийлэх өгүүлэмжийн өвөрмөц сонгомж болсон юм. Учир нь нүүдэлчин монгол ахуйн хувьд энэ нь цаашдын нохойн сэдэвт зохиолуудад тодорхой үлгэрлэл болсон бөгөөд Агваанхайдавын “Урт үст бандид Цэрэнпил хэмээгдэхийн тэмцлийн бичиг”-т тэнэж ирлээ хэмээн эзэн нь уурсан зандарахад гөлгөн нохой өөдөөс нь маргалдан сөргөлдөж сэцэн ухаан, мэргэн үгээрээ гартаан дийлээд дуртай зүг рүүгээ гүйн одож буй өгүүлэмжтэй нь ертөнцийг танин мэдэхийг зорьж буй эрх чөлөөг эрхэмлэсэн энгийн хүмүүний төлөөлөл дүрээр урлан бүтээсний илэрхийлэл бололтой байна. Зохиолын эцэст хэдийгээр “… үүнийг өөр бусдын инээдийг арвидахын учир бичсэн болой” хэмээн төгсгөсөн ч шүүмжлэлт оюун ухаанаараа мунхаг эзнээ давж эцэстээ:

 

“Өтөл би анхааран авалгагүй нохой тул

Үнэнийг ямар номловч хүн үл итгэмүй зэ

Өөрийн нөхөр их бясалгагч Бүшүн лугаа

Үнэн номын үгсийг өгүүлэлдвээс

Тэрбээр итгэмжлэгдэх бөлгөө”

 

хэмээдэг нь зүгээр нэг шоглосон зохиол бус асуудал дэвшүүлсэн үзэл санаа бүхий далд утгат уран саналгатай бүтээл болохоо илтгэдэг. Өөрөөр хэлэхэд хүнээс хэтийдсэн оюун ухаан (бурхан шашины зулгуйрлыг шүүмжилсэн)-тайгаар өөртэй нь санал нийлэх эзэн нөхрийг эрхэмлэж буй гүн санааг дэвшүүлжээ. Энэ нь

 

“Нохой хүний хэлээр ярих нь гайхамшиг

                Харин хүн нохойн явдлаар явах нь муу ёр”

 

гэснээс тодорхой юм. Гэндэн мэйрингийн “Хав, муур, хулгана гурвын үлгэр”-т мөн ийм шүүмжлэлт санаагаар бичихдээ ламын нэгэн уутыг цоолон амандаа будаа дүүргэн үмхэж явсан хулганыг муур барьж аван хоосон чанарын сургаал айлдан байтал хав аль алиныг нь шүүмжлэн үнэний шүүгчийн дүрээр “харилцан тэмцэж өшөө өвөрлөвөөс төрөл тутамд харилцан үр боловсорч бодь мөрөө бүрхэгдүүлэхүйд хүрмүй… Иймийн тул эрхэм хоёр нөхөр хилингээ тайлах ажаамуу” хэмээн сургадаг. Хэдий эл зохиол бурхан шашины өгүүлэмжтэй ч хав нохойн дүрээр үнэн шударга байдлыг дэвшүүлэн гаргасан нь бидний судалгаанд анхаарал татаж байна. Уг зохиолын эцэст мөн “… эдний харилцан наадан хэлэлцсэн үгс үүнийг саруул мэргэн ах дүү нар элэглэн инээлдэхийн ялдараа засамжлан цэгцрүүлэх ажаамуу хэмээжээ” гэж шоглодог нь Агваанхайдавын зохиолоос дүр зохиомж, үйл явдал, зохиолын бүтцийн хувьд уламжлалтай болохоо харуулж байна.

            Уг зохиолд муурыг “Зүү мэт хурц шүд хумстай, зүймэл хөдөс мэт дээлтэй, шөлийн тос мэт ногоон нүдтэй” хэмээн урнаар зүйрлэсэн зураглал бүхий сэтгэмжээр дүрсэлсэн байдаг. Ингэхдээ ноёд түшмэдийн туйлбаргүй, зусарч бялдууч шинж чанарыг нохойн төлөв байдлаар шоглон үзүүлсэн үзэл санаа давамгайлж байжээ. Энэ нь “ноён урваач, нохой шарваач”, “Зуд болоход нохой таргална, зовлон тохиолдоход лам таргална” гэсэн хэлц үг, зүйрлэлт өгүүлэмжээс тодорхой юм. Лувсангийн эмхтгэсэн “Олон хөгшид хүүхдийн хэлэлцдэг үгсийн товч хэмээх сургаал”-д

 

“Хайрлаж чадахгүй адуучаас

Харин сайн хоточ нохойгоо асар”

 

хэмээн сургасан нь ахуйн шинжтэй ерийн сургасан зүйрлэл бус сайныг илүү шилдгээр жишин харьцуулсан сургаал болно.

Тиймээс нэн эртнээс бүрэлдэж төлөвшсөн “нохойн шүтлэг”-ийн ул мөр бүхий зан үйлийн уламжлал нь дорно дахины ард түмэнд “Нохойн ард улс”, “Нохойн эзэмшил улс” байсан гэх домоглол бий болгосон байх бөгөөд “эртний домогт  тэр улс нь баруун хойт зүгт байдаг гэж хэлэгддэг байснаа сүүлд нь хувираад зүүн зүгт байдаг гэж, дахиад сүүлд нь бас зүүн өмнө зүгт байдаг гэж хэлэгддэг болжээ”[7] хэмээдэг нь бишрэл хүндэтгэлийн гүнзгий утга санааны илэрхийлэл болой.

 

Нэг. Орчин үеийн уран зохиол дахь нохойн дүрийн

залгамж шинэчлэл

Монголын орчин үеийн уран зохиолд нохойн дүр нь сэдэв, агуулга, туурвил зүйн хувьд шинээр баяжиж шинэчлэгдэн дүрслэгдэх болсон нь Д.Нацагдоржийн “Харанхуй хад” өгүүллэгт өгүүлэгчийн морины “чих нь соотогнож”, “хамар нь хуухинахад нэгэн амьтан үзэгдэх бөгөөд үнэг ч бус, чоно ч бус харин нохой байдгаас тодорхой харагдана. Тэрхүү амьтан нохой байснаар зохиолын үйл явдлыг хөтлөн зөн совингийн “мэдээ” болж, өгүүлэгч “айлын ч нохой бололтой, ангийн ч нохой байлтай тул лав нэг хүнтэй газар хүрэх биз хэмээн итгэж хойноос нь дагалдаж шогшив” хэмээж байна. Ийнхүү гэрийн эзэн нохойгоо даллан дуудаж буй нь мөн чанартаа өгүүлэгчийн зүг чигийг заасан дүрслэл болжээ. Уг зохиол дахь нохой нь  тодорхой үүрэг гүйцэтгэж буй нь “өмнө ба хойгуур нэгэнт эргэлдэж, сүүлээ шарваад баруун зүг удирдан явахыг үзвэл” гэснээс тодорхой болдог.

Тэгвэл зохиолч Ц.Базаррагчаагийн өгүүллэгүүдэд нохойн дүр, түүгээр дамжуулан нийгмийн амьдрал, хүний зан чанар, ёс суртахууныг утга далдлан илэрхийлсэн өгүүлэмж цөөнгүй бий. Тухайлбал “Жингэрийн ноход” (1996) өгүүллэгт албан тушаал, суудлын төлөө амь бие хайрлалгүй зүтгэгч түшмэдийг жингэр дээр уралцагч ноходоор төлөөлүүлэн үзүүлсэн байдаг. Энэ санаа нь “Орооны нохдод жингэрээс нь өөр санах хатах хийгээд бишрэн дээдлэх юм огтхон ч алга ажээ” гэснээс тодорч жанжны тайлбайгаар аагим зуны халуунд ороо нь орон бие биенээ сэг сүг болтол нь зулгааж буйг үзээд би баатрын “цус царцах” шиг болж хамгийн жигтэй нь тэмцэлдэгч нохдод цэвэр монгол цусны банхар тун ховор байх агаад нохойн орооны улирал өөрчлөгдөж ноход ч ийн өвөрдсөнд эмгэнэн харуусч байна.

Гэнэт төрийн ордноос гарч ирсэн бололтой  тэдгээр “ноход” улс төрийн ашиг хонжоо хайн сонгогдохын төлөөнөө үхэн хатан тэмцэж буйг харуулахдаа жингэрийг гагцаар эзэгнэгч том хар нохойг нэгэн том цагаан халтар дайран мөргөж унагадаг нь төр засаг, намын солигдлыг далд утгаар ёгтолсон бололтой бөгөөд гийнан дэмий л эргэцэх нохдоор эгэл ард олон, гурван нохой хүчин мөхөстөж буй нь тэргүүний сэхээтэн эсэргүүцэгчид хэмээн ойлгогдохоор байна. Түшмэдийн хүн биш төрхийг “нохой гэхээсээ ямар нэг нэр үл мэдэх зүүдний амьтан гэмээр үхэр хондлойтой мөртөө шувуун толгойтой, үгүйсэн бол дал модны навч шиг далбайсан том чихтэй байтлаа могой бөгстэй гээд шидийн юмс байх ажээ” гэснээс тодорч албан тушаалын бөх байдлыг “Яасан ч бат дөрвөн хөл билээ” гэж дүрсэлсэн байна [¹37.2003.26]. Тиймээс зохиолч Ц.Базаррагчаагийн дийлэнх зохиолд нохойн дүрээр утга далдлан өгүүлдэг туурвил зүйн онцлог ажиглагддаг.  Жингэрийн төлөө амь тавин зүтгэж амиа алдах нь ч нэр төрийн хэрэг хэмээн өгүүлж жингэр гөлөглөдөг нь нийгмийн эмх замбараагүй байдал хэр удаан үргэлжлэхийг тааж хэлшгүйг өгүүлсэн зохиолчийн сэтгэмж бололтой байна.

Харин “Нохойн дуу” (1988) өгүүллэг утга санааны хувьд гүнзгийрч улс нийтийн чанартай асуудлыг дэвшүүлэн тавьсан байдаг. Тиймээс тухайн үеийн дарга Ж.Батмөнхийг ЭСЯ-ны хашаан дахь дөрвөн нүдтэй банхараар гадаадад урвасан, угаадас идэж буй тухай, тэр тэвэр дүүрэн мээмтэй, өмд дүүрэн бөгстэй хар машинаас буудаг авгай бол Ж.Батмөнх даргын гэргий хэмээн нэр зааж тайлбарлан зохиогчийг хавчин гадуурхаж байжээ. Нохойн дүрээр эрх мэдэлгүй, зусарч бялдууч дарга нарыг төлөөлүүлэн дүрсэлсэн нь тодорхой харагддаг бөгөөд сэм хартал эзэндээ асан эрхэлж өнхөрч байдаг нь зусарч зан, байгаа байдалдаа сэтгэл хангалуун буйг илтгэдэг. Уг нохой бусад ноход ноололдохыг үл тоомсорлон байдаг нь ард түмнийг үл дэмжсэн, эсэргүүцлийг нь нухчин дарахыг эрмэлзсэн үзэл санааны тусгал бололтой юм. Учир нь “хашаан дотроо залхуутай ч гэх үү, ихэмсэг ч гэх үү, их үс хонхорцогоо дааж явна уу гэлтэй их л тааваараа ганц нэг алхах хөдөлгөөнийхөө аяст тааруулан сүүлээ үл мэдэг хөдөлгөн энэ тэр бут сөөг шиншлэхчээ аядан яваа харагдлаа. Үзтэл гэдэс нь их л цатгалан агаад даанч санаа амар дэндүү маадгар явна. Зоолж буйлсан ч гэж жигтэйхэн, нохой гэхэд намрын даага ч гэмээр болсон байлаа” хэмээн дүрсэлсэн нь монгол банхраас ихэд өвөрмөгц биеэ тоосон, халуун хүйтнийг үл мэдэгч “ямбатай дарга” болохыг нь гэрчилдэг юм. Ийнхүү “Нохойн дуу” өгүүллэгт “Үхэх хүн сайн эмчээс уйдах, үгүйрэх хүн сайн нохойноос уйдах” гэсэн мэргэн үгээр агуулгаа зангидаж жинхэнэ монгол нохойн хуцах цээл царгиа танил дуу улам холдсоор буйг өгүүлсэн нь улс орны ирээдүйн хувь заяа, дүр төрхийг сайн нохой ховордож буй цаг үетэй холбон гаргаснаараа зохиолчийн дүрслэн бүтээх уран чадвар, төлөөлүүлэн үзүүлэх туурвил зүйн онцлогыг харуулж байна. Ингэж зохиолч Ц.Базаррагчаа өөрчлөлт шинэчлэлийн салхи үлээсэн “он жилүүдэд” нохойн дүрээр төлөөлүүлэн ард түмний үзэл санааг хурцатгаж ардчилал, шинэчлэлийн үйл явцыг эрчимжүүлэн батжуулахад үнэтэй хувь нэмэр оруулж чадсан эл сэдэвт бүтээлүүдээрээ Д.Нацагдоржийн нэрэмжит шагнал хүртсэн билээ.

Зохиолчийн “Нохойн ноолуур” өгүүллэгт Зээнээ өвгөн ямааныхаа ноолуурт нохойн ноолуураа хольсон гэсэн гүжир хэргээр гурван жил хоригдоод гарч ирсэн хойно нь нохойн ноолуурыг самнах шийдвэр засгийн газраас гарсан тухай өгүүлдэг. Зээнээ өвгөн тиймээс “Аа аа нохойн ноолуур бол гэж” хэмээн уулга алддаг болсон тул нутгийн олондоо “нохойн ноолуур Зээнээ” хэмээн нэршжээ. Нөгөө талаар Зээнээ өвгөн сайн морь унан Асар, Басар хоёр нохойгоо дагуулан хиймороо тахиж явдаг байсан тул ийн сэрдэгдэхэд хүрсэн байна. Уг зохиолд нохойн тус, ашиг шимийг энд тэндгүй хөглөрөн хэвтэх ноолууртай холбон гаргажээ. Ийнхүү монголын орчин үеийн уран зохиолд нохойн дүрээр төлөөлүүлж үзэл санаагаа нээх тогтолцоотой туурвил зүйн хэв маягыг Ц.Базаррагчаа зохиолч шинээр оруулж ирснээр цөөнгүй зохиолч, уран бүтээлчдэд эл сэдвээр замнах залгамж холбоог бий болгосон юм.

Ер нь нохойн дүрээр далд ёгт санааг илэрхийлэхэд ашиглаж байсан түгээмэл туурвил зүй ажиглагддаг. Ш.Гаадамбын “Сохор нохой” (1963) шүлэгт хэдий хар буруу санаагүй ч хот руу нь дайрах чонын эсрэг хоточ банхартайгаа хамжин дайрсан боловч дайснаа бус дайсантайгаа хамсаад хоточ банхараа хэмхэж орхисон эмгэнэлийг  үзүүлсэн юм. Эл шүлэг хэвлэгдэхгүй “хоригдож” байсан нь

 

“Сохор мохрооч хайхралгүй

Соёо шүдээ ч хайрлалгүй

Үхээрийн муу чонотой л

Үзэлцэж гэнэ, нэгийгээ”

 

гэснээс өөрийн хэмжээгээ мэдэхгүй дэрвэсэн хийсгэлэн зан төлөв хичнээн харуусалд хүргэдгийг бодтойгоор жишээлэн харуулснаас мэдэгдэж байна.

 

“Харин сүүлд нь мэдвэл

Хачин юм болсон гэнэ

Харалган болоод зүтгэлтэйн

Харгай тэнд гарсан гэнэ

Сохор нохойн соёонд нь

Соотон халтар нь өртсөн гэнэ

Хээрийн хөхтэй хамжаад

Хэмхэж орхисон гэнэ хотчийгоо”

 

гэсэн төгсгөлийн “харалган болоод зүтгэлтэй” гэсэн хоёр үгэнд л ийн өөлөх шалтаг хайж байсан юм. Ер нь 1962 онд Чингис хааны мэндэлсний 800 жилийн ойг тэмдэглэх тогтоол гарч зохиолч, уран бүтээлч бүрийн үзэл санаа ийм чөлөөт “уур амьсгал”-ыг бүрдүүлж байсан гэж болох бөгөөд үнэхээр ч эл зохиолууд давхар тийм санаа цухалзуулж байсан нь зохиолын үнэн дүр төрх юм. Харин энэ санаагаа амьтдын дүр, зан араншингаар, ялангуяа нохойн дүрээр төлөөлүүлэн нээж үзүүлж байсан нэгдсэн туурвил зүйн тогтолцоо тав, арван жилэээр давтагдаж байсан нь сонирхолтой ажиглалт мөн юм. Тухайлбал Р.Чойномын шоронд бичсэн “Гөлөг” (1971) уянгын туужийг энд онцлон нэрлэж болно. Мөн Ш.Цогтийн “Банхар” (1971) шүлэгт идэр залуудаа юунаас ч айдаггүй, сайн мууг ялгадаг, соргог, ухаалаг байсан бол одоо зөнөж

 

“Сар харж худлаа хуцаад

Санаа сэтгэл нь амрахаа больжээ”

 

гэсэн нь нохойн хөгшрөлтийн үйл явдалтай  холбон хүний зан араншингийн өөрчлөлтийг үзүүлсэн бололтой агаад эцэстээ

 

“Хээрийн нохойд бариулчихаасаа өмнө

Хөгшин зөнөг банхар минь

Өөрөө өөд болоосой гэж

Үнэндээ боддог боллоо”

 

гэж төгсч буй нь хоточ банхараа эзэн нь хичнээн зөнөсөн ч өөд болоосой гэж боддоггүйн адил хэн нэгний гадны нөлөөгүй амар тайван байхыг хүсэмжилсэн, насны эцэст зөнгөөрөө байхыг эрмэлзсэн “сэтгэлийн үг” болгон зохиомжлон илэрхийлсэн гэж болохоор байна. Түүнчлэн яруу найрагч Ш.Цогтийн “Гудамжны нохой” шүлэгт

 

“Хүзүүвч уяагүй дураараа шогшивч

Хэн хүнд ад болно

Хулгай ч хийлгүй мөрөөрөө цогивч

Хаана боловч ад үзнэ

Идүүр савыг нь долоох гээгүй ч

Айлын хав ярзайж хялайна

Эрхэлж тэдэнтэй тоглох гээгүй ч

Адтай жаалууд чулуудаж хөөнө”

 

хэмээн өгүүлсэн нь бидний судалгаанд яруу сайхны нээлт, дүрслэлийн уран чадварын хувьд бус энэ сэдвийн зохиолууд нь социалист нийгмийн үед ард олон, зохиолч уран бүтээлчдийн далдын хүсэл тэмүүллийг илэрхийлэхэд оновчтой сонгомж болж байсныг илтгэх өвөрмөц бүтээмж болон үлдсэн гэдгийг тэмдэглэх нь зүйтэй гэж үзсэнийх юм. Нийгмийн амьдрал, хүмүүсийн ёс суртахууны доройтол, амиа хоохойлж бусдыгаа зөнд нь орхисон тогтолцооны эмгэнэлт байдлыг

 

“Сайн хүн хойт төрөлдөө

Нохой гэдэг санааны юм шүү

Саар явавч энэ насандаа

Хүн хэмээх заяаны юм шүү” (Ш.Цогт)

 

гэсэн сургасан аястай өгүүлэмжээр энэ бүх санаа сэдэл тодорхой болж байна гэж үзэж болно. Учир нь МЗЭ-ийн V их хурлын илтгэлд “... ажилчин ангийн том эгнээ өссөн газар (Дархан) очиж хэдэн сар суугаад ирэхдээ айлын нохойн тухай... бичээд ирсэн яруу найрагч манайд бий” хэмээн хэвлэгдээгүй байхад нь юун тухай, юу гэж бичсэнийг нь “тааж” мэдчихээд зэмлэж байсан цаг үе бий юм.

Тиймээс ийм далд өгүүлэмжээс гадна уянгын дүрээр харьцуулан жишсэн, нийгмийн хүнд хэцүү цаг үеийг нохойн дүрээр ёгтлон дүрсэлсэн гээд энэ сэдэвт зохиолууд нийгэм цаг үеэсээ шалтгаацан хувьсан өөрчлөгдөн бүтээгдсээр байгаа юм. Тухайлбал зохиолч, сэтгүүлч Л.Нямготов “Хувилгаан нохой” (2002) хэмээх бие даасан ном хэвлүүлсэн байх бөгөөд

 

“Хүн нь

Нохойноос дор явах юм”

 

хэмээн өнөөгийн нийгэм цаг үеийн будангуйд уулга алдаж, тэр сэтгэлгээр нохойдоо хандан

 

“Битгий чи баячуулын нохой шиг авирла

Бэл чадал минь бага шүү” (Хүдэр)

 

хэмээн егөөдсөн учирлал дайж байна. Мөнхүү

 

“Идэмхий харгис эздэд бол нохой шиг зүтгэхгүй

Эрх чөлөөг эрмэлзсэн хүн чигээрээ явсаар дуусна” гэх буюу

“Хонгонд бус хоолойд түрүүлж хүрэх

Хомхой харгис ноход олширчээ” хэмээн харуусч

“Олигтой ч хоол идэж үзээгүй нохой

Овоо цадахаараа буруу сэхдэг юм”

 

хэмээн нохойн ааш аягийг өмнө бидний авч үзсэн уламжлал болсон эерэг болон сөрөг шинжээр дүрслэн буулгаж

 

“Яс нь хавталзавч ходоодондоо захирагдах нохойтой

Яг адилхан хүн байдаг нь тиймхэн”

 

гэх зэргээр зүйрлэх, адилтгах өгүүлэмж хийн харийн нохой, монгол банхар хоёрыг эсрэгцүүлж авч үзээд мөн байрны нохой, хоточ нохой хоёрыг нохой биетэй эр, нохой толгойтой эм бий болж буйд ундууцсан сэтгэлгээ гаргажээ. Ийнхүү түүний эл номын гол өгүүлэмж, үзэл санаа нь нохойн дүрээр залган гарч нэгэн бүхэл утга илтгэж буй нь өнөөгийн нийгэм цаг үед хандсан зохиогчийн шүүмжлэлт санаа нь бүхэлдээ нохойн бодол, үг яриагаар дамжин илэрч буй зохиомж юм.

Зохиолч Ж.Дашзэвэгийн “Тэнгэрийн сум” өгүүллэгт өгүүлэгчийн сэтгэлээ нээх хань нөхөр нь Басар хэмээх нохой нь байна. Эзнийхээ сэтгэл зүрхийг зүрхээрээ мэдрэх тэр нохой түүнийг даган явж бусдын гараас хоол үл иддэг бие даасан дүрийн хэмжээнд бүтээгдсэн. Тиймээс овгийн эзнээ чирч гулдран амийг нь аварч өшөөт овгийн өгсөн богцыг хошуугаараа задлан олон жилийн өш хонзонгийн далд учигийг тайлаад амь тавьж хүндэтгэлтэйгээр оршуулагдаж буй үйл явдал нь нохойн давуутай араншин болох зөн совингоор зохиолын агуулгыг төвлөрүүлсэнд байна. Мөн Ж.Дашзэгвэ “Шар жингэрийн намар”[8] (1995) тууждаа хоригдлуудын амьдралыг дэлгэн үзүүлж тэдний хувьд эм хүн тэнд үзэгдэх нь шар жингэр адил төсөөлөгдөн нохойн орооноос ч долоон дороор Луусангаас ирсэн эмэгтэй хоригдлуудыг шөнөөр довтолж хоёр бүсгүйн амь насанд хүрсэн эмгэнэлээр агуулгаа багцалдаг.

Нохойн хамт яваа хэнийг ч болов орхидоггүй сайн чанар бийг зохиолчид анзааран тэмдэглэж нохойн араншинг ардын аман яриа зэрэгт тулгуурлан зохиол бүтээлдээ шинээр нээж дүрсэлсэн нь бий. Тухайлбал зохиолч Ц.Доржготов “Нохойд нэг сонин араншин байдаг. Дийлдэж газар унасныгаа хүний өөрийн гэж ялгахгүй (нохой бүр) элбэж барьдаг юм. Дээр нь гарчихсан дийлж байгаа руу нь довтолдог тийм ухаан нохойд заяасангүй”[9] гэж тэмдэглэжээ. Тэрээр “Овчарка” (1991) өгүүллэгдээ орчин үеийн нохойн орон сууцны амьдралд учруулж буй бэрхшээл, уламжлалт монгол нохойн аяг зангаас тэс өөр цамаан зан чанарыг гаргасан юм. Мөн хотны хоёр гөлөгтэй цуг байхдаа хорсол заналаас болж зүрх цагааны хоолойг хэмлэн нүдийг нь аниулснаар эзэндээ хөөгдөөд айлын хурга хороох болж, бүр аргал түүж явсан эмэгтэйг барин алдаж, өлссөндөө бурханы зулын шар тосыг хүртэл идэж буй увайгүй дүрээр төлөөлүүлэн гаргасан бол улаан халтарын дүрээр гэнэн итгэмтгий, тусч зан чанарыг сөргүүлэн тавьжээ.

Эл санаагаа хот, хөдөөд болсон үйл явдлаас салаалуулан бүтээж хойно сурдаг хүү нь амралтаараа ирэхдээ орос нохойн гөлөг авчирч орхиод “өдөрт хоёр салхилуулж байгаарай” хэмээн захиснаар гавъяат хуульч эцгийнхээ нэр нүүрийг хөөдөж нэгэн өвгөний хөл рүү сариад чирэн одож буй үйл явдлаар эзнийхээ үгэнд ордоггүй эрх дураараа зан араншингаар нь зохиолынхоо санааг хөндөж гаргадаг.

Ер нь нохойн зөн совинг гярхай ажиглан тэмдэглэсэн нь эл сэдэвт зохиолд цөөнгүй юм. Учир нь эзнийхээ зандралтаар аргагүй үгэнд орж газар мөлхөн гасалж гийнах боловч хорсол занал нь нүдэнд нь гэрэлтэн хоцорч буй араатан авир төрхийг нь дүрслэн харуулсан нь бий. Ц.Доржготовын “Нохой гэрт хүн урдаггүй” (1980) өгүүллэгт үйл явдлын зангилааг тайлаагүй ч Түгжав гэх нөхөр гэрийн эзнийг эзгүйчлэн айлд буухад чоно барьдаг том халтар нохой нь боргож ээрэн гэрт нь унтаж байхад нь  Түгжавыг шиншилчихээд гарч оддог нь нохой хэдий хорсовч гэрт хүн урдаггүй монгол ухааныг гэрийн эзэгтэйн аальгүй зан чанартай эсрэгцүүлэн гаргаснаараа (Паанангийн адил) хүн, нохой хоёрын дотоод мөн чанарыг нэгэн шугаманд зэрэгцүүлсэн туурвил болжээ. Нэг талаараа нохойн сэтгэлийн толь бол сүүл нь болохыг анзааран бусдаас айвал хавчиж, уурлаж дайрах, нэг нэгийгээ дээрэлхвэл сүүл нь босч байдгийг зохиолын санаа сэдэл, үйл явдалтай холбон дүрслэн тэмдэглэсэн юм.

Зохиолч Х.Зандраабайдий “Дөрвөн нүдэт халтар”[10] өгүүллэгдээ малчин айлын хүүхэд насанд гөлгөн нохой ямар их үүрэг, дурсамжтайг харуулж цуг хооллон цуг унтаж хүрээ ороход нь жин дагаж очин төөрсөн малаа сахин хариулж, эрж олоход нь тусалж буйгаар зохиомжилжээ. Мөнхүү хүү гөлгийг, гөлөг эзнээ хайрлахын ухааныг гаргаж хүрээ газар төөрсөн ч жингийн зам дээр шээсэн үнэрээрээ гэрээ олоод ирж байсныг түүхчлэн өгүүлсэн бол “Зуурдын хос” өгүүллэгтээ хотны нохойгоо гомдоож хөөж явуулахад буцаж ирсэн нохойн мөрөөр чоно гэтэн ирж хоттой хониноос нь шүүрдэг болсон тухай эмгэнэлт үйл явдлыг сөхөн гаргажээ. Нохой нь хангайн амьтан ирэхийг зөгнөж хуцахад нь учрыг үл мэдэх ухаангүй эзэн хэрэг явдал болсон хойно “Муу ёролсноос боллоо муу улиан” хэмээн мугуйдлан бусдаас бурууг эрж буй зан төлөвөөр  уг нохойг хэлмэгдсэн дүрээр төлөөлүүлэн гаргасан юм.

Зохиолч Д.Норов “Сэрэвгэр хадны зэрэглээ” (1958) зохиолдоо мөн чонон сүрэгтэй нийлж нөхцсөн жингэрийн хувь тавиланг хүний түрэмгий, махчин зан чанартай сөргүүлэн гаргасан. Уг зохиолд хүн төрөлтөн, чоно, нохойн нэгэн ижил тал, бүр гарвал угсааг домоглон гаргаж түүгээрээ зохиолынхоо агуулгыг зангидан нийтгэжээ. Харин “Нохой жил” өгүүллэгтээ орчин үеийн давхар сууцанд оршин суух  айлд гөлөг тэжээхийн бэрхшээлийг үзүүлэхдээ хажуу өрөөг нь хөлсөлсөн хүмүүст хүртэл тээр аягтай байдгаар харуулж нохой жилтэй хүү хайртай гөлөг, амь наснаасаа хүртэл хагацаж буй эмгэнэлээр үзүүлжээ. Мөн зохиолчийн “Тэжээвэр”[11] (1989) туужид Цэнгэл бүсгүйн зургийн ард “Нохой мэт үнэнч” гэж таталган бичсэнийг өгүүлэгч олж үзэн ихэд сониучирхан гайхширч буй үйлдлийг заасан нь зохиолын гол хөтөч, би баатрын асуултын тэмдэг болж байна. Тиймээс өгүүлэгч бутач хүүхэд тул “Би чинь тэжээвэр нохойн гөлөг нэртэй өслөө шүү дээ. Аав намайг өөрөөр нэрлэдэггүй байсан юм. Ээж нохой, би гөлөг нь” [1989.62] хэмээж хүнд хэцүү дарамт, хүчирхийлэл дунд өссөнөө гомдоллон өгүүлж буй сэтгэлгээр хувь тавилангаа зүйрлэн тоочсон нь анхаарал татаж байна.

Мөн Д.Норовын “Хонзон” өгүүллэгт талийгаач эзэндээ үнэнч нохойн зан төлөвийг урнаар харуулж Дэмчиг хадаг өргөсөн жаазтай зургийг харах бүрийдээ нохойн аймшигтай ширүүн, үзэн ядах харцтай тулгарч буйгаа мэдэрч “үл цавчрах тэр нүд нохойн нүд огт биш” “…хүний нүд” болохыг ажиглаж буй үйлдлээр хойт төрөлдөө нохойныхоо биед хувилж буй гэрийн эзний сүнсний төрөлтэй холбон гаргаснаараа өвөрмөц юм. Зохиолчийн өгүүллэгүүдэд баатрын дүр төрхийг зураглахдаа заавал нүдийг нь зурж, нүдийг нь харж сэтгэлийг нь тэмтэрч буй мэдэрхүй нь амьтдын тухай өгүүлсэн зохиол бүтээлийн туурвил зүйг тойроогүй бөгөөд “Булга гэдэг шөвөгдөх мэт ширтсэн оч шиг хар нүдтэй, үсчиж дүүлсэн хөөрхөн амьтан юм...” (Хулчгар) гэх зэргээр агуулгыг илэрхийлэгч гол хүчин зүйл буюу бэлгэдлийн дүрслэмжээр баяжин дэлгэрчээ.

Эзнийг нь таалал төгсөхийг хүлээж эхнэртэй нь гэрлэхийг тэсч ядан хүлээсэн Дэмчиг нохойн харцнаас жийрхдэг болж айдас нь үргэлжилсээр буйд гайхан нохойг хороохоор хошуувчлуулж машиндаа хийн авч явахад нохойн зөн совин хурцдан ар нуруунаас нь хүйт даалгасан нүд нь цоо цоргиж бүхээгний толинд тусаж буйгаар нохойн  уур хилэнг дүрслэхдээ хоёр нүднээс нь гал дүрэлзэж байснаар үзүүлсэн юм. Энэ нь буудуулан унах нохойн “хилэнгийн гал дүрэлзсэн нүд нь аажмаар цогшин улайж, тэгээд хөх гэрэл гаргаснаа... тэгээд таг болов” [Д.Норов.2007.150] гэснээс тодорхой болно.  Ийнхүү Дэмчиг сүүлийг нь огтолж “Хүн болж бүү төр” хэмээгээд цасанд булж бензин асган шатаагаад машиндаа орж ирээд дагжин чичирч “...Үзмээ минь, эр нөхрийг чинь би ингээд сүнс ч үгүй, сүүдэр ч үгүй болгож хариугаа авлаа даа” хэмээдэг. Хань бараа болж үлдсэн хайртай нохойг нь хороочихоод Үзмээ дээр дахин очихгүй хэмээн өөртөө шивнэж буй Дэмчигийн эл дүр, нохойн дүр хоёрын эсрэгцэл нь орчин цагийн хүн биш адгуус төрөлтний мөс чанар хичнээн уналтанд орсныг харуулсан оновчтой харшуулал болжээ. Энэ нь эртний уламжлалт

 

“Хүнээс дээр адгуус

Адгууснаас доорд хүн төрөлтөн”

 

бийг анзааран сэтгэж ирсэн дүрслэлийн залгамжлал юм. Мөн зохиолч, яруу найрагч Ж.Саруулбуянгийн “Золбин” өгүүллэгт эзнийхээ итгэлийг хүлээсэн хоточ нохой байснаа хонио хээрийн амьтнаас хамгаалан тулалдсанаар гурван хөлтэй зэрэмдэг болж хотны нохой болсон ч эзнээ өмөөрөн хамгаалах болж нэгэн удаа гадны зочныг хазсанаас гэрээсээ хөөгдөн амьдралын эрхээр хээрийн боохойтой нөхөрлөн хонь мал үргээх болсон түүх өгүүлнэ. Эцэстээ эзэндээ буудуулан нас нөгчихөд эзэн нь сүүл дэрлүүлэн “Хойт төрөлдөө хүн болж төрөөрэй” хэмээн төгсөж буй үйл явдал нь орчин үеийн өгүүллэгийн зохиолыг уншигчдаас эргэцүүлэн тунгаах, шүүн бодохыг тулгасан, бясалгалын шинжтэй болж буйг харуулж буй юм.

Ц.Түмэнбаярын “Ачаа дагасан нохой” (1998) өгүүллэгт хотны нохойн сэтгэхүй, түүнтэй хамгийн ойр байх хүүхэд насны тухай холбож өгүүлсэн. Харин хүүхэд томорч тоглох нь цөөрч, зүрх цагаан Хасарыг дөхөж очихоор хажигладаг болсон тухай хүүрнэсэн зэрэг нь нэг насаа эзнийхээ төлөө зольсон үнэнч ноход эзэндээ хичнээн их тус хүргэсэн ч нэгэн насаараа горьдлого тээсээр байдаг харууслын аязыг “ачаа дагасан нохой” хэвээр үлддэг хувь заяа, эмгэнэлт үйл явдлын агуулгаар хурааж гаргасан юм. Мөн зохиолч  Ц.Түмэнбаярын “Ял” (1998) өгүүллэгт хоригдол болсон хүүд шоронгийн дэг хатуу санагдаж хөөрхий охин гөлөг л  түүний сэтгэлийг цайлгаж ээжийн нь оронд ээж болж мөлжүүртэй яс авчирч өгөн зодуур дарамтаас халшран хашааны торноос өөрийгөө боож үхэх гэж байхад нь хүртэл өнөө охин гөлөг гаслан гийнаж сэтгэлийг нь бүлээтгэн амийг нь авардаг. Гэтэл хэдхэн жилийн дараа атаман болж бусдыг дээрэлхэн доромжилж дөнгөж төрүүлсэн, нүдээ ч нээгээгүй гөлгүүдийг нь  савж өөрийн амиа хорлох гэж байсан торонд өлгөн хороож буй харгис үйлдлээр нохой, хүн хоёрын зан төлөвийн туйлыг сөргүүлэн гаргасан байна. Д.Энхболдын “Паанан” (1989) туужид нохойн тусч чанарыг тодорхой амьдрал, үйл явдалд түшиглэн бүтээж хангайн амьтныг барьдаг авхаалжтай, зоригтой охин гөлөг гэр бүл нь сарнихад тулж очоод буйг совингоороо мэдэрч эзэндээ гийнан хэл өгч буй нохойн ухаан, гэрийн эзэгтэйгээ хамгаалж чадаагүй бурууг өөртөө тохоон гэмшиж эзнээ гутран хөлчүүрхэх болсноор гэрээ сахих болж, хонио өглөө оройд туун хотлуулж согтуурхсан гэрийн эзэндээ зодуулан тарчилж байвч, өлсөж ундаасан ганцаар гэрээ сахихдаа илүү гэрээс мах хулгайлахыг тэвчиж эцэстээ чонон сүрэгтэй нийлэн гэрийнхээ хониноос бусдыг шувт татдаг болсон эмгэнэлт түүх хүүрнэн сэтгэл эвдрүүлнэ. Ингэж өгүүлэгчийн сэтгэлээ нээх, ярилцах холбоо нь тэжээсэн нохой нь болж буйгаар мөн л зохиомжлон эзэндээ зөн совингоороо тусалж өмгөөлж хамгаалсан, харамлаж буй үйлдлийг нарийн зураглажээ. Эцэстээ чононоос илүүтэйгээр нутгийн анчдад хороогдохгүй болохоор нь эзэн Цэвэг нь нэрээр нь дуудан авчирч хороолгож буй эмгэнэлт үйл явдалд уншигчдыг тулган зохиол төгсдөг. Ингэж хотны нохойноос дорд ухаантай хүмүүний дотоод сэтгэлгээ, мөн чанарыг нээхэд нохойн дүр оновчтой сэтгэмж болж байсан байна.

Яруу найрагч Ц.Бавуудорж

 

“...Өнөөдөр би хүн, чи нохой хэдий ч

Ясыг минь нэг л газар шороон дээр тавих болно

Үсийг минь нэг л намрын салхи

Ширэлдүүлэн авч хийсгэх болно

Сүнсийг минь нэг л тэнгэрийн шилтгээнд

Зэрэгцүүлэн залах болно

Бидэн хоёр ижилхэн

Хадан гэр минь адилхан шүү

Хоёулаа...” (Гөлгөнд зориулсан шүлэг)

 

хэмээн орчлонгийн юмс үзэгдэл, зүй тогтлын нэгэн ижил мөн чанар, тавилан зөргийг “тэнүүлч жаахан салхихан” хэмээн эерүүлэн нэрийдсэн бяцхан гөлгийн хувь заяатай нийтгэж ертөнцийн баяр гуниг, зовлон жаргал амьтан хүмүүн гэлтгүй бүгдэд нь нэгэн жигд хамааралтай байдгийг харшуулан адилтгаж нээсэн юм.

            П.Батхуягийн “Амьдрал”[12] өгүүллэгт урьд насандаа тэжээмэл тоть байсан ах дүү хоёр энэ насандаа өгүүлэгч нь хүн болж дүү нь хөрш айлын нохой болсон тул худалдан авч эзнийхээ (урьд насандаа Р.Акутагавагийн тэжээмэл шувуу байсан гэх) зохиолыг нохойд уншиж өгч буй тухай өгүүлнэ. Энэ нь хүний нүгэл буяныг дэнслэн урд төрөлдөө нохой төрөлтэй байсан гэх буюу нүгэлт хүн нохойн төрөлд хувирдаг гэсэн дорнын сэтгэмж, ойлголтыг уран бүтээлдээ ашигласан жишээ юм.

Тэгвэл Д.Гүн-Үйлсийн “Гөлөг”[13] өгүүлэгт бяцхан хүүгээ өөрөөсөө, энэ хорвоогоос алдаж ганц бие үлдсэн эмгэнд хаанаас ч юм гэнэт нэгэн гөлөг гарч ирж сэтгэлийн олон буглааг үүсгэж байна. Хүүтэй нь зан төлөв, нас адил тэр гөлөг өнгөрснөөс нь хойш 49 хоногт ирж буйд гайхашран гэртээ оруултал бяцхан хүүгийн нь адил харанхуйгаас айж буй зэрэг нь эмгэнийг итгэл үнэмшилд бүрэн автуулдаг. Тэгээд ч хань бараатай болоод тэрүү хар даралгүй тайван амарч хүү нь үлгэрийн цэнхэр морьтой давхин ирж “Эжий таньдаа хүү нь эргэж ирнээ” гээд нэгэн богцтой зүйл орхиод давхин одтол түүн дотор нь халтар гөлөг нь байна гэж зүүдэлдэг. Ийнхүү эмгэн бэлгэшээн сэтгэл нь цайж атал үнэхээр цэнхэр морьтой хүн маргааш өдөр нь ирж “манай алдуул гөлөг” гээд авч оддог сэтгэл зүйн дүрт сэтгэмжтэй холбогдож буй туурвил зүйн уран сайхныг нээжээ.  Мөн Д.Цоодолын “Нохойгүй айл” (1978) хэмээх тэмдэглэлд үнэндээ бол замын дээрэмчнээс аварсан нохойн түүх өгүүлж ачтай, ухаантай нохойгоо нохой биш хүн, бүр бурхан хэмээн сүсэглэж буй эзний яриа хийгээд хүн хүнээ хороох гэж заналхийлж байхад амьтан, хүнийг аварч үлэмж тус хүргэсэн нохойнхоо ач гавъяаг бахадсан гэрийн эзний сэтгэл ханамжийг тусгасан байдаг.

Харин ардын уран зохиолч Д.Пүрэвдоржийн “Золбин нохойн дууль” (1988)-д хоттой хонь руу нь гэтэх хангайн амьтны эсрэг хоточ нохойтой болохыг хүсэмжлэх эмгэн өвгөн хоёрт нэгэн өдөр золбин нохой үзэгдэх болж гэрийн эзэгтэй “сүүлээ хонгондоо нуусан энэ нохой ч дээ” гэж янз муутай байтал үнэхээр ч хонинд нь гэтэж хөөж явуултал чонотой ханьсан чөдрийн ганц морийг нь зооглож орхисон эсрэг утгаар гаргасан нь нохойн сөрөг шинжийг товойлгосон үзэл санааны тусгал болсон юм. Иймд бид дараах товч дүгнэлтийг санал болгож байна.

1. Монголын аман болон бичгийн уран зохиол, тухайлбал баатарлаг тууль, ертөнцийн гурав, хэлц үг, шүлэг дуу, яруу найрагт нохойн дүр, түүгээр төлөөлүүлсэн ёгт дүр цөөнгүй бүтээгдэж ирсэн нь нүүдэлчин монголчуудын хувьд хоточ, анч, малч нохойн үүрэг их байсантай холбоотой юм.

2. Монголчуудын нохойг эрхэмлэн дээдлэх, онголон шүтэх үзэл сэтгэмж нь шинэ буусан бэр голомтонд нь, басхүү гэрийн нохойд мөргөж хүндэтгэл үзүүлдэг байснаас тодорхой болох бөгөөд энэ нь тэрхүү айлын шинэ хүн болсон учир шалтгааныг илтгэж буй зан үйлийн өвөрмөц уламжлал болохыг гэрчлэх баримт мөн.

 3. “Хойт төрөлдөө хүн болж төрөөрэй” хэмээн бусад амьтдаас өвөрмөц байдлаар буюу бишрэл хүндэтгэлийн хэлбэрээр сүүлийг нь дэрлүүлж газар ухан оршуулж ирсэн эртний зан үйлийн уламжлалыг эдүгээ археологийн шинжлэх ухаан сонин содон судлагдахуун болсон шинэ дурсгалуудаар нотолсоор буй бөгөөд энэ нь монгол түмний “нохой шүтлэг”-ийн ухамсар, төлөвшлийг харуулах өвөрмөгц сэтгэмж болж байна.

4. Учир нь хүн төрөлхтний анх гаршуулсан амьтан болох тэжээмэл нохой хүний тархины багтаамжийг арван хувиар багасгасан гэж орчин үеийн судлаачид үзэх болсон нь арван мянган жилийн тэртээх түүхийн цаг хугацаагаар тайлбарлагдах сонин баримтыг бататгахад энэ бүх зүйл чиглэгдэх учиртай.

5. Нохойн дүрийн тусгал, дүрслэлийн өгүүлэмж нь адгуусан амьтны дүрээр илэрхийлэх сэтгэмжлэлийн эрт үеийн уламжлал бөгөөд тухайн нийгэм цаг үеэсээ шалтгаалан шүүмжлэлттэй хандах, төлөөлүүлэн дүрслэх, жишин адилтгах, сөргүүлэн дэвшүүлэх зохиомжийн сонин шийдэл, үзэл санааны өвөрмөц байгууламжийг үүсгэж байсан байна.

5. Ийнхүү нүүдэлчин монголчуудын аж байдлын соёл, иргэншлээс улбаатайгаар бичиг зохиолдоо нохойн дүрийг онголон шүтэх, бишрэн дээдлэх, эсрэгцүүлэн зэрэгцүүлэхэд ашиглаж ирсэн туурвил зүйн уламжлал шинэчлэлийн холбоо нэн эртнээс бүрэлдэж ирсэн нь монголчуудын амьтдын дүрээр санаагаа нээх эрдмийн ололт хөгжлийн нэгэн чухал сэтгэмж болж байжээ. Чингэж дүрийн уламжлагдан шинэчлэгдэх туурвил зүйн арга барил нь дүрийн онолын сэтгэлгээний хувьсал хөгжилд ихээхэн нөлөөлөл үзүүлсэн байна.

 

 

Ном зүй

 

1.Бавуудорж. Ц. Дорно зүгт өвс болно. УБ., 2007.

2.Батхуяг. П. Бурхангүй газар. УБ., 2004.

3.Базаррагчаа.Ц. Нохойн дуу.УБ., 2008.

4.Bolur Erike. Mongolian chronicle. Part IV, vol II, p-96 100. HJI., Scripta Mongolica 5.III, Cambridge.1959.

6.Гаадамба. Ш. Нууц товчооны нууцаас. УБ., 1974.

7.Гүн-Үйлс. Д. Хилэнцийн орд. УБ., 2003.

8.Доржготов. Ц. Түүвэр зохиол. УБ., 2003.

9.Зандраабайдий. Х. Дамиран гайхал. УБ., 2004.

10.Монгол ардын аман зохиол. УБ., 1988.

11.Монголын нууц товчоон. УБ., 1990.

12.Норов. Д. Хөх туужис. УБ., 2001.

13.Нямготов. Л. Хувилгаан нохой.УБ., 2002.

14.Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1960.

15.Үндэсний номын сангийн гар бичмэл.

16.Ч.Хишигтогтох. Монголын эртний утга зохиолын шинэ судлал. УБ., 2008.

17.“Цог” сэтгүүл. УБ., 2004. ¹04 (284).

18.Цэвээндорж. Д. Ц.Базаррагчаагийн далд утгат зохиолуудын тухай. Хүрээ хэмнэл сонин. 2003. ¹04/161/.

19.Цэвээндорж. Д. Монголын утга зохиолын дүрийн онол. УБ., 2008.

20.“Шинэ зуун” сэтгүүл. ¹2. (Улаанбаатарын ИС) УБ., 2006.

 

 

 

 

 

Резюме

Культ собаки, широко распространенный среди монгольских народов, по-мнению автора, сформировался до конкретного обряда, показывает как нельзя лучше особенности монгольской ментальности и художественной поэтики. Исходя из того, что давно сложивщийся кочевой уклад жизни монголов, несомненно, сказался в мире образного мышления и в письменной традиции, где рудименты культа собаки сказывается в поэтических средствах изображения: в сравнении, метафоре и антитезах с участием выражении, где присутствуют различные образы собак. И по-мнению автора статьи, образ животных, и в особенности образ, связанный со собакой, оказывал свою посильное влияние на формирование образной системы монгольской словесности.        

 


[1] Монгол ардын аман зохиол. УБ., 1988.198.

[2]Шинэ зуун” сэтгүүл. ¹2. (Улаанбаатарын ИС) УБ., 2006.120.

[3] Үндэсний номын сангийн гар бичмэл. 8-р тал.

[4] Ш.Гаадамба. Нууц товчооны нууцаас. УБ., 1974.39.

[5] Bolur Erike. Mongolian chronicle. Part IV, vol II, p-96 100. HJI., Scripta Mongolica III, Cambridge.1959.

[6] Саган сэцэн. Эрдэнийн товч. УБ., 1960.147.

[7] Ч.Хишигтогтох. Монголын эртний утга зохиолын шинэ судлал. УБ., 2008.37.

[8] “Цог” сэтгүүл. УБ., 2004. ¹04 (284).

[9] Ц.Доржготов. Түүвэр зохиол. УБ., 2003.174.

[10] Х.Зандраабайдий. Дамиран гайхал. УБ., 2004.45-50.

[11] Д.Норов. Хөх туужис. УБ., 2001.1-93.

[12] П.Батхуяг. Бурхангүй газар. УБ., 2004.87-89.

[13] Д.Гүн-Үйлс. Хилэнцийн орд. УБ., 2003.38-43.

Бичсэн: EDUCATION | цаг: 13:17 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


ярзайтал инээх ирмэх баярлах хайртай үнсэлт гоё шүү cool баяртай байна инээх rolling on the floor хэлээ гаргах angel алга ташилт applause angel алга ташилт javascript:emoticon('puppy dog eyes - New') dont tell anyone puppy dog eyes - New puppy dog eyes - New pig уйлах loser loser эргэлзэх уйлах angel silly алга ташилт миа үнсэлт Tatajunah

Бичсэн: Зочин (зочин) цаг: 13:18, 2012-02-10 | Холбоос | |


баярлах
Бичсэн: Зочин цаг: 08:39, 2010-03-17 | Холбоос | |


миа зүрх өвдөх
Бичсэн: Зочин цаг: 08:38, 2010-03-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1730633 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax