2010-05-17
Чингис хааныг маань Биднээс ил цагаан дээрэмдчих юм байна л дөө


2007 онд бичиж байсан нэгэн бичлэгээ нэгэн сайтаас оллоо.

Гурван жилийн өмнө Мэриландад хамт ажиллаж байсан Узбек залуутай Суут өвөөгөө булаалдан арайтай л бие биендээ хутга дүрчихээгүй юм. Чингис хаан бол Узбекуудын дээд өвөг, харин Монголчууд Та нар бол Чингис хаанд ямар ч хамаагүй, зүгээр л малыг нь маллаж, аргалыг нь түүж байсан хүмүүсийн үлдэгдэл гэж тэгэхэд Узбек залуу улаан цайм хэлж, уурыг минь шавхаж, уушгийг маань ёстой нэг сагсайлгаж билээ. Уурлаад ч, учирлаад ч, уул овоо шиг баримт нотолгоо гаргаад ч тэр залуугийн үзэл бодлыг нь өөрчилж чадсангүй. Тэр залуугийн хувьд өөрийгөө Чингис хааны удам гэж итгэж, үнэмшиж явах нь энэ ертөнцөд оршин буйнх нь нэг тулгуур болохыг, хэрвээ тэр үзэл бодол нь өөрчлөгдөж орхивол тэрээр хэн ч биш болчих юм байна гэдгийг ойлготлоо би учиргүй улайран зүтгэсэн юм.

Тэгээд сүүлдээ нөгөөх залуугаа тэр итгэл үнэмшилтэй нь хамт орхихоос өөр аргагүй болж билээ. “За, за, тэгж л байг, энд нэг нөхөр ийм юм бодож явлаа гээд бид ямар Чингисийн удмын Монгол хүн биш болчихгүй л дээ” гэж өөрийгөө тайвшруулчихаад тэндээс холдсонсон. Энэ тухайгаа хожим найздаа сонирхуултал харин өмнөөс “Өө, наадах чинь юу ч биш” гэдэг байгаа. Ганц нэгхэн хүн ингэж бодож, итгэж явах бол юу ч биш, энэ асуудал бүүр бүхэл бүтэн үндэстний хэмжээнд, төрийн бодлогын хэмжээнд оччихсон байдаг тухай гадаад орнуудад өнө удаан амьдарч үзсэн найз маань ярьж намайг бүүр алмайруулж байна. Урьд нь гадныхан Чингис хааныг маань зөвхөн магтан шагшихыг нь сонсон хөөрцөглөхөөс биш, харин биднээс салгах гэсэн энэ мэт санаа бодол, санаархалуудын талаар төдий л анзаардаггүй, анзаарсан ч тоодоггүй байсан бололтой юм. Тэгээд тэр “Узбекийн явдал”-аас хойш ийм сэдэвт нэлээд сонор соргог ханддаг болсон билээ.

Үнэхээр ч зарим үндэстэнүүд, улс орнуудын зүгээс үе үе цухалздаг санаа, өрнөдөг үйл явдлууд энэ талаар биднийг маш сэрэмжтэй байж, ихийг бодож, ихийг хийх шаардлагатай болохыг барим тавим нотолж байна. Бүүр 1990-ээд оны эхэн үед Монголын казах үндэстэн түүхч, доктор Ислам Казакууд бол Чингис хааны удмынхан гэсэн санаа бүхий нэг хоёр өгүүлэл, ярилцлага Монголын төвийн сонинд хэвлүүлж байсныг санаж байна. Бас хоёр жилийн өмнө Казахстаны хэсэг түүхч эрдэмтэдийн мэдээлэлд дээрх санааг улам гүнзгийрүүлэн нотлох аястай зүйлс гарсан байсан. Гагц Казак, Узбекууд ч биш...,

Өнгөрсөн 2006 онд болсон Их Монгол Улс байгуулагдсаны 800 жилийн ойн үеэр Өмнөд хөршийн маш олон сайтуудад энэ их ойн ач холбогдолыг гуйвуулсан Олон Үндэстний Их Хятад гүрний баяр гэсэн утга бүхий мэдээлэл байнга шахам цацагдаж байсныг олон хүн мэдэх байх. Бүүр зарим төрийн зүтгэлтнүүдийн амнаас ч ийм утга бүхий үг унаадахсан гэж байгаа.

Японууд бас Чингис хааны дээд өвөг Бөртэ Чоно бол Японоос дүрвэсэн самурай байсан гэсэн домог гаргаж ирсэн байсан.

Зарим оронд Чингис хааны угсаа гарвал, түүний удам хойчийн талаар цоо шинэ түүх зохиогдож байгаа, тэр ч бүү хэл зарим Их дээд сургуулийн түүхийн хичээл дээр ийм сэдвээр лекц хүртэл ордог болоод байгаа гэсэн зүйл ч чих дэлсээд авсан. Хятадууд бол заримдаа манай улсын газрын зургийг өөрийнхтэйгээ нэгтгэж сурах бичигтээ хэвлэчихээд болох ёстой юм болдгоороо болж буй мэт дээрээ ч, доороо ч гэмгүй царайлж байдгыг бид удаа дараа сайн мэднэ.

Мэрилaндэд надтай маргасан Узбек залуу шиг нэг хоёр хувь иргэн хүн юу гэж бодох нь тэр хувь хүний асуудал, бидэнд ч нэг их хүртээлтэй юм биш. Харин нэлээд хэсгийг хамарсан үзэл санаа болон хувирвал өөр хэрэг. Тухайн улсуудын Төрийн зарим институтууд ийм асуудалд оролцож, удирдаж зохион байгуулаад, хэвлэл мэдээллээр ил тод мэдээлж, сурталчлаад, түүх судрыг “зохиогоод“ эхэлбэл бүүр ч өөр хэрэг. Цаашлаад олон улсаар зөвшөөрүүлээд, “алдагдсан түүхийг эргүүлээд” гэх мэт.... Арай ч ийм юм болохгүй байгаа хэмээн залбирья. Гол нь бид энэ мэт үзэл бодлыг учиргүй эсэргүүцэж, маргаан үүсгэх нь чухал биш, тэглээ гээд ч нэг их гавьтай үр дүнд хүрэхгүй. Дээрх Узбек залуутай маргасан түүх бяцхан ч гэлээ бас сургамж. Гагцхүү бид илүү эрдэм чадалтай байж, улс орон маань илүү хөгжингүй байж л бид баталгаатай хариу нотолгоог нь өгөх болно.

Түүх, соёлгүй үндэстэн гэж огт байж болшгүй. Улс үндэстэн мандах бадрахын нэг гарцаагүй өгөгдөхүүн нь үндэстний түүх соёл. “Түүх бол өнгөрсөн рүү харсан Зөнч” гэсэн мэргэн үг байдаг даа. Та бид бол өөр хаана ч үгүй Агуу түүхтэй ард түмэн. Тэр агуу түүхийнхээ өмнө бид сул дорой зогсож байх учиргүй. Бид хүчгүй, сул дорой, хөгжилгүй байх юм бол нэг л мэдэхэд бидний түүх огт өөрөөр зохиогдож болзошгүй нь байна шүү. Түүхээ булаалгачихгүй байхын тулд бид эвтэй, хүчтэй, хөгжингүй байх учиртай. Их л зүйлийг хийж, бүтээх хэрэгтэй болох нь дээ, бид. sourse: greathistory.blogspot.com

Б.Номинчимэд
Бичсэн: EDUCATION | цаг: 13:39 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Dvrehgvi yasiin
Muu sain yumnuud vndesnii baharhalgvi bolohooroo amidrah itgel oloh gej hvnii tvvhiig uuriin bolgoj ууртай tegeed tervvgeeree zvtgej ууртай Mongol zaluustai margaldaj ууртай yu genee? aliw chi chadahgvi bol bi dvreed ugii !!!!
Бичсэн: Kashi цаг: 15:20, 2010-08-04 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735255 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax