2010-9-29
Шүрэн бугуйвч. Б.Шүүдэрцэцэг

Бүсгүй нэг том санаа алдаад хөргөгчнөөс хүйтэн цэвэр ус авчирч залгилав. Цэв хүйтэн ус хоолойг нь цочроон, цээж цэлмээхэд нь сэтгэл сэргэх шиг. Усаа ууж дуусаад сувгаа солив. Тв-ийн бүх сувгуудаар Мянганы замын бүтээн босголт үргэлжилж байна. Ерөнхий сайд орон нутагт айлчлав хэмээн тоть шиг давтах тул залхсандаа MTV Asia дээр тавин F4-ийн ярилцлагыг үзэнгээ эмээ рүүгээ залгав. Эмээ нь хөдөө явах гээд их л сэтгэл хөөрүү байсан тул зээ охинийхоо хоолойд илрээд байгаа гунигтай өнгийг анзаарсангүй.
Түүнээс биш миний охин яагаад хусмаа голсон хүүхэн шиг унжийчихаа вэ гээд л утасны цаанаас түүнийг нэвт мэдчихдэг айхтар хүн билээ. Гадаа хаалганы хонх дуугарах чимээнээр Miki хав нь буйдан доороос гарч ирэн сүүлээ сөхөж байгаад боргож гарлаа. Энэ бол мэдээж Жавхаа. Тэдний гэрийн үйлчлэгч Дооёо эгч амралтаа авсан тул Намуун өөрөө хаалга тайлж өгөхөөр бослоо. Намуун хашааныхаа хаалгыг онгойлгоод HI гэж найзтайгаа мэндлээд сүүлний ормоо модгонуулан хуцсаар байгаа нохойгоо авч "Энэ одоо чамайг таньсан мөртлөө мундаг нохой болох гэж хуцсаар байгаан байх даа" гээд хаваа тэвэрсээр гэр рүүгээ түрүүлэн алхав. Хав эзнийхээ суганд наалдан шургаад чимээгүй болов. Жавхаа чихэвчний хөгжмөө унтраагаад "Ёхх, халууцаж үхлээ. Микронд суусан чинь яг буузны жигнүүр л гэсэн үг. Ядахдаа танай Miki ямар ядаргаатай юм бэ" хэмээн үглэсээр араас нь дагав. Энэ халуунд биеэ зовоолгүй таксидах мөнгөтэй мөртлөө албатай юм шиг микронд суучихаад дараа нь ийнхүү гомдол тавьж байгаад нь Намуун инээд нь хүрч явлаа.
Хаалгаар оронгуут сэрүү татсан саруулхан зочны өрөө угтсан нь Жавхаад их таатай байгаа бололтой. Углаашаа тайлж үүдний өрөөнд орхиод памбагар зөөлөн буйдан дээр хадуулсан өвс мэт навсхийн уналаа. Тэгээд "Алив хүйтэн юм өгөөч" хэмээн гараа сарвайхад нь Намуун –Хүйтэн юм одоохон аваад ирье. Харин чи энийг хараач, гээд нөгөө сонинг гар дээр нь шидчихлээ. Тэр өнөөх гайтай зургийг харангуутаа "Хүүшээ, алчхийн байна л даа. Энэ чинь тэгээд үнэн юм уу?" хэмээн шигшроод дуугүй болов. Тэр уншиж дуусаад урдаа байгаа сэтгүүлийн ширээн дээр сонинг тавьснаа
-Энэ чинь тэдний сургуулийн нэг л маягтай амьтан байна ш дээ. " Хаврын Гоёл " –оор миний нэг гоёлын даашинзыг өмсөж байсан юм. Тэврэлдчихсэн байгааг бодоход үнэн юм болов уу? Цаадах чинь Бээжингээс ирсэн үү? Ингэж пакталснаа мэдэхгүй л яваа даа гэлээ. Намуун түүнд ус хийж өгөх зуураа:
-Харин тийм, ичихгүй өчигдөр утсаар ярихдаа чамайг санаж байна энээ тэрээ гээд байгаа юм даа. Ёстой шог юм гээд хоолой нь зангираад явчихлаа. Тэгснээ нүүрээ дарж байгаад асгартал уйлчихлаа. "Жавхаа, Тэр муу яагаад намайг ингэж доромжилж байгаа юм бэ, яагаад? Би ямар гэм хийсийн бэ? Би энэ муу загвар өмсөгчөөс нь юугаараа дутуу юм? Хэмээн хашгиран уйлж байснаа гэнэт таг дуугүй болж, нүүрээ угаахаар угаалгын өрөө рүүгээ орлоо. Хана дүүрэн том толинд туссан дүрээ хараад тэр цочих шиг болов. Сэгсийсэн үс, бүлцийсэн нүд... хамгийн гол нь нүд нь ямар уйтгартай юм бэ? Толинд харахдаа дандаа инээж бай, тэгвэл сайн энерги шингээж аваад дараа нь түүнийгээ эргээд цацдаг гэж нэг сэтгүүлээс хэзээ ч юм уншсанаа санажээ.
Тэр нүүр цэвэрлэдэг хөвөнгөөр зовхио арчаад таиур дээрээс хавчаар авч үсээ боочоод инээмсэглэв. Гэвч нүднийх нь харц гунигтай хэвээрээ үлдэв. Яг тэрхэн мөчид "Өнөө орой зад шоудвал яасан юм" гэсэн бодол тархинд нь харван орж ирлээ. Тэгээд Жавхаад уруу дорой харагдахгүйн тулд Хаа ч явсан цуг гэж мэдээрэй хэмээн амандаа дуу аялсаар инээмсэглэн гарч ирэв.
Хэдхэн хормын өмнө уйлан хайлан угаалгын өрөөндөө орсон хүн инээмсэглэн гарч ирсэнд найз нь огтхон ч гайхсангүй. Минут тутамд хэд хэд хувирдаг хаврын тэнгэр шиг аашийг нь Жавхаа шиг сайн мэдэх хүн байхгүй юм чинь.
Цаадах чинь чамаас холдож чадахгүй дээ хэмээн тайтгаруулах санаатай хэлсэн үгэнд нь Намуун их л эгдүүцэж
-Холдвол холдоно л биз дээ. Би Хасараар дутах ч үгүй. Хоёулаа өнөө орой гоё дискодох уу? Гээд ширээн дээрээс утас шүүрэн авч ээж рүүгээ залгав.
-Ээж, Би Жавхаатай хамт Палас явж дискодлоо. Тэгээд эмээгийнд хононо шүү. Та 2 мэдээж мөд ирэхгүй л биз дээ? Гэхэд ээж нь утасны цаанаас "Битгий оройтоорой. Самбууг явуулчих уу? Өөрөө машинаа барих юм уу? Гэхчлэн далан долоон юм асууснаа Төв аймаг орох зам дээр байдаг benzin klonk маргааш дуудлага худалдаанд орох гээд аав, ээж 2 нь авчих санаатай нэг хүнтэй уулзаж байна. Хэмээн нөгөө дуусдаггүй ажлаа ярих гэхээр нь Намуун бушуухан
-За, за, Санасан бүхнээ бүтээж, сарвайсан бүхнээ аваарай. Би өөрөө таксидаад явчихна" гээд утсаа тавив. Үнэндээ ч ээж нь сарвайсан бүхнээ авах гэдэг хүүхэн билээ. Харин НИК-ийг хувьчилж авах гээд чадаагүй юм. Тэрэнд ч Намуун их баярладаг юм. Ямар сайндаа аав, ээж 2-ыгоо НИК-ийн хувьчлалд ялагдаад ирэхэд нь "Хүссэн бүхнээ авч чадахгүй байна гэдэг заримдаа гайхмашигтай аз байдгийг сана" гэж Далай лам сургасан байдаг юм гээд хэлчихсэн чинь ээж нь их гомдож билээ. Түүнээс хойш Намуун ээждээ "Сарвайсан бүхнээ аваарай" гэж тоглоомоор хэлдэг болжээ.
 Мэдээж дискодох санал шууд таалагдаж хань болох банди нар дуудах гэж утас руу ухас хийхэд нь Намуун болиулав. Олон хүнтэй мэнд ус мэдэлцэх, ямар нэг сэдвээр ярилцахаас Намуун залхаж байв. Ингээд тэр 2 зуны амралт дуусаж байгааг тэмдэглэх, Хасараас болж хямарсан Намууны сэтгэлийг тайтгаруулах зорилгоор дискодох болов. 2 найз хувцасаа сонгохоор Намууны хувцасны өрөө рүү оров. Хүн байхгүй юмаа мөрөөдөх дуртай мөртлөө өөртөө байгаа юмыг юман чинээнд бодохоо больдог амьтан билээ. Намууны хувцасны өрөө гэж 20 настай охидын жинхэнэ мөрөөдлийн орон билээ. Элбэг 10-н охиныг гоёхоор тэр олон хувцас харамсалтай нь эзэндээ огтхон ч сонин санагддаггүй тул өлгүүрийн нэг захаас таарсанг нь шууд татан гаргаж ирвэл Nina Reiss-ийн гоёмсог үүлэн цэнхэр даашинз байлаа. Энэ даашинзыг Намуун өнгөрсөн жил ээжтэйгээ Парист амрахдаа их л шохоорхон 200 еврогоор хэдалдан авсан мөртлөө ганц ч өмсөөгүй өлгүүрт өлгөн мартжээ.
-Жавхаа гутлын тавиур дээрээс тэр даашинзтай өнгө таарах ганган цэнхэр сандал авч наад даашинзтай чинь энэ сандал яг зохих юм байна гэхэд Намуун зүгээр дискодоход ингэж гангалаад ч яахав гээд нөгөө даашинзаа буцаан өлгөв. Тэгээд "Levis"-ийн нарийхан жийнсээ даруухан хар майктай өмсөөд үсээ ардаа шуун уруулаа өнгөлөөд за боллоо гэхэд нь Жавхаа -Тэгвэл би чиний энэ гоё даашинзыг чинь өмслөө шүү гээд нөгөө өд шиг хөнгөн үүл мэт сиймгэр эдээр урласан цэнхэр даашинзыг шүүрэн авч углав. Тэгээд Намууны өрөөнд орж гоёлын хайрцгийг нь өөрийн юм шиг дураараа уудлан өнгө хослох оюу ээмэг зүүлт гарган зүүж PUPA-ийн тэниэр зовхио будан удган мод шиг дэгжин амьтан болон хувирав. Харин Намуун утсаа гаргаж мэссэж бичсэн шиг суув.
Тэр 2-ийг гарахад намрын оройн бүрий тасарч өдрийн халуун нилээд намджээ. Мики хав нь эзнээ даган боргосоор үлдэв. Наран авхай үүлийн цаагуур час улаан туяа татуулан жаргаж байлаа. Одоо бол өндөр гоолиг биетэй Жавхаа алдартай фирмийн ганган хувцасны хүчээр жинхэнэ хатагтай шиг л харагдана. Харин Намуун түүнээс арай намханг хэлэхүү, даруухан хувцас өмссөнг хэлэх үү зүгээр л нэг сургуулийн годгор охин мэт доожоо муутайхан харагдаж байгаадаа өөрөө их л инээд нь хүрч байв. Намуун бол дунд зэргийн нуруутай нүдээрээ инээсэн цэвэрхэн охин билээ. Царайг нь зэрвэсхэн харахад онцгой юм үгүй мэт атал хараад байх тусам улам хөөрхөн санагддаг билээ. Ялангуяа давхраагүй мөртлөө урт сормуустай нүд, өргөн дух, түүний царайд нэг л ухаалаг шинж оруулна. Тэр 2-ийг таксигаар Паласт ирэхэд дисконд нилээд хүн цөөтэй байлаа. Мань 2 ч хүн цөөтэйг нь ашиглан нилээд бүжиглэн нэг нэг лааз ундаа авч сууцгаав. Намуун халууцсандаа жийнсэн хүрмээ тайлан сандлын түшлэг дээрээ тавиад ундаагаа уунгаа дэвэн дэлхийн юмыг хаман ярьж суулаа.
-Тэр 2-ын яриа нэг л мэдэхэд загвар өмсөгч охинтой явж Намууныг араар нь тавьсан өөдгүй муу Хасарын тухай болов. Жавхаа бол хаягдахын зовлонг үзсэн хүн. Түүний үерхэж байсан хайрын хүү Ганаа нь Герман явж сураг алдарсан билээ. Энэ муу залуучууд ямар хогийн байдгийг би мэднээ, зохиолд гардаг шиг үнэнч дурладаг залуу байдаг юмуу гэж Жавхааг ярихад Намуун нүд рүү нь эгцлэн ширтээд
-Жавхаа манай төгсөлтийн үдэшлэг дээр Хасар согтоод – Би Намууны аавын хөрөнгөнд болж охинтой нь үерхдэг юм гэж хэлсэн нь үнэн юм уу? Хэмээн ноцтой асуулаа. Жавхаа энэ гэнэтийн асуултад эхлээд тулгамдаснаа уг нь үнэн шдээ, хэлсэн хүн нь л нөгөө муу Номин болохоос ер нь Хасар муу санаатай өөдгүй амьтан шдээ гэхэд Намуун --Манай ангийхан надаас мөнгө зээлэх гэж л сүйд болох юм. Ёстой зэвүүн. Би ямар банк биш дээ. Хасар ч гэсэн надтай биш, аавын түрийвчтэй үерхэж байсан юм байна. Аав ээж нь мөнгөтэй гэж мэдэхгүй зүгээр л намайг хайрлах залуу тааралдвал гоё гээд Намуун бугуйвчаараа оролдов. Тэрхүү бугуйвч бол эмээгийнх нь түүнд өгсөн бугуйвч билээ. Индиан яагаан шүр хэлхэж хийсэн энэ бугуйвч бүүр өндөр эмээгийнх нь эрх бййжээ.
-Намууны эмээ Дулмаа шүтлэггүй, өөрийнхөө хэлдгээр "улаан хувьсгалч "хүн тул ээжийнхээ эрхийг таслан шүрийг нь гээсээр бүр богинохон юм болгочихоод бугуйвч хийсэн нь энэ. Намууныг 16 нас хүрэхэд эмээ нь энэ бугуйвчийг бэлэглэн, дүнчүүр маань уншсан эрхний үлдэгдэл юм болохоор охинд минь ээлтэй шүү зүүж яваарай гэж билээ. Энэ үеэр нь тэр 2-ийн ширээнээс холгүй суусан 4-н залуу, нэг охин нирхийтэл инээлдэв. Тэд бол "M-4" компаний 4-н залуу байлаа. Үсээ гелдэж Дизел фирмийн хувцас өмссөн, дүрэлзсэн нүдтэй, өтгөн хөмсөгтэй ганган залууг Итгэл гэнэ. Компьютерийн мэргэжлээр 3-р курсэд сурдаг мань эр хүүхэмсэгээрээ, ганган дэгжнээрээ, бас хичээлдээ сайнаараа Технийкийн Их Сургуульдаа толгой цохидог оюутнуудын нэг. Түүний найз Жаргалан буюу Жака бол Итгэлээс дутахгүй ганган хувцасладаг, аятайхан харагдсан охидыг эргүүлчихдэг, салхин сэнс мэт хөнгөмсөг, бадарчингийн үлгэрт гардаг "Бэлэн Сэнгэ" мэт хэзээ ч ам хуурай байдаггүй нүүрэмгий амьтан. Харин Батбаяр нь нүд хөмсөг болсон царайлаг мөртлөө хүүхэлдэйн киноны баатар сайхан сэтгэлт баавгай шиг номхон, бас ичэмхий залуу. Аянга бол Ня-Бо-ийн мэргэжлээр сурдаг болоод ч тэр үү, тооны машин мэт дандаа тооцоо хийж, юм бүхнийг тоолж, бүртгэж явдаг хүн. Харин түүний дэргэд суугаа нилээд сэрэмжилсэн харцтай, шингэхэн үстэй, урт сормуустай, алаг нүдтэй жижигхэн охин бол Аянгын найз охин Заяа. Энэ 4-н залуугаас ганцаараа найз охинтой буюу, хайрын охин тэнгэртэйгээ учирсан нь Аянга билээ. Хамгийн инээдтэй нь түүний тэр тооцоотой нарийн харамч зан нь ганцхан Заяагийн өмнө бууж өгдөг юм. Түүний өөрөөсөө харамлан харамлан цуглуулсан мөнгөө Заяатай хамт 3-р хорооллын дэлгүүрээр хэсэн ганцхан цагийн дотор хаврын цас хайлах мэт амархан үрчихээд урвуу царайлан ирэхэд нь нөгөө 3 хөхрөлдөн "чиний хорголоо тоолсон нарийн занг хашраах гэж бурхан Заяаг чам руу илгээсэн байхаа" хэмээн явуулдаг билээ.

Үргэлжлэл бий

Бичсэн: EDUCATION | цаг: 09:38 | Уран зохиол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1447445 удаа нээгдэв.
idiomatic-dormant