2010-12-16
ХҮҮХДИЙГ СУРГУУЛЬД БЭЛТГЭХЭД БАГШИЙН ҮҮРГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗАМ (Цэцэрлэгт хамрагдсан 5 настай хүүхдийн жишээн дээр)
Монголын багш нарын “Оны шилдэг илтгэл шалгаруулах” - 2010  уралдаанд илтгэлийн СӨБ-ын багш нарын төрөлд тэргүүн байр эзэлсэн илтгэл

     Хашбат овогтой Нарантуяа нь      1984 онд Улаанбаатар хот дахь      Цэцэрлэгийн багшийн сургууль      төгсөж, хүмүүжүүлэгч багш      мэргэжил, 1997 онд УБ хотын      Сурган хүмүүжүүлэх ухааны      коллежийг цэцэрлэгийн      багш-арга зүйч мэргэжлээр,      2002 онд УБ хот Удирдлагын      академийг боловсролын      удирдлагын арга зүйч, зохион      байгуулагч мэргэшил, менежер      цолтой төгссөн. Боловсрол      судлалын магистр, Монгол      Улсын “Зөвлөх багш“ зэрэгтэй,      Боловсролын тэргүүний      ажилтан цол тэмдэгтэй.      Х.Нарантуяа нь боловсролын      байгууллагад тасралтгүй 26 жил      үр бүтээлтэй ажиллахдаа      цэцэрлэгийн багш, эрхлэгч, арга зүйчээр ажиллаж байна.

 






















ХҮҮХДИЙГ СУРГУУЛЬД БЭЛТГЭХЭД БАГШИЙН ҮҮРГИЙГ
ДЭЭШЛҮҮЛЭХ АРГА ЗАМ

(Цэцэрлэгт хамрагдсан 5 настай хүүхдийн жишээн дээр)


ЧОЙБАЛСАН ХОТ
2010 ОН


Агуулга
Оршил
1. Сургуульд бэлтгэгдсэн байдлын тухай ойлголт, түүний бүтэц, шалгуур үзүүлэлт боловсруулсан байдал
2. Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлсэн судалгаа, түүний үр дүн
3. Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэхэд багшийн үүргийг дээшлүүлэх арга зам
Дүгнэлт
Ном зүй
Хавсралт

Оршил


Судалгааны ажлын үндэслэл
Хүний амьдралын эхний 5 жилд олж эзэмшсэн мэдлэг, чадвар, төлөвшил нь тухайн хүнийг хэн болохыг бүрэн тодорхойлдоггүй ч цаг хугацаа өнгөрөх тусам өөрчлөх боломжгүй чиг баримжааг олгож, цаашдын хөгжлийг тодорхойлоход чухал үүрэг гүйцэтгэдэг байна.
Үндэсний хөгжлийн цогц бодлого, Бага насны хүүхдийн хөгжлийн цогц бодлого (2005 он), Монгол улсын боловсролын салбарыг 2006-2015 онд хөгжүүлэх Mастер төлөвлөгөө, 6 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын үндэсний судалгаа зэрэг үндсэн баримт бичгийн гол үзэл санааг амьдралд тууштай хэрэгжүүлж, Монгол улсад  хүүхдийг зургаан наснаас нь ерөнхий боловсролын сургуульд элсүүлэн сургаж, 12 жилийн тогтолцоонд шилжин орж байгаа нь боловсролын салбарт төдийгүй үндэсний хэмжээнд хүний хөгжлийн асуудлыг шийдэх нэг чухал асуудал болж байна. Үүний эх булаг нь таван настанг сургуульд амжилттай бэлтгэх, цаашид тэднийг амжилттай суралцах нөхцөлийг бүрэн бүрдүүлэхэд оршино. Үүнд багшийн үүрэг, оролцоо маш чухал билээ.
Бага насны хүүхдийн хөгжлийг бие бялдар, нийгэмшил, оюун ухаан, сэтгэл хөдлөл гэсэн хоорондоо нягт холбоотой хөгжлийн бүрэлдэхүүн хэсэгтэйгээр авч үздэг. Хүүхдийн хөгжил нь тодорхой мэдлэг, чадвар, дадлыг системтэй эзэмшсэн байдлаар илэрхийлэгдэнэ. Энэ учраас хүүхдийг бүх талаар хөгжүүлж, сургуульд бэлтгэхэд цэцэрлэгийн багшийн үүргийг дээшлүүлэх шаардлагатай юм.
Сургуульд орох үеийн хүүхдийн хөгжил нь нийгэм-ахуйн орчин нөхцөлөөс шалтгаалж уялдаатай байдгийг судлаачид тогтоосон байдаг. Сургуульд бэлтгэгдээгүй, хэрхэн суралцах арга барилын хувьд ойлголт төсөөлөлгүй, суралцах ерөнхий арга барил эзэмшээгүй шууд сургуульд суралцах нь нийгэмд хийгээд хүүхдэд өөрсдөд нь сөрөг үр дагавар дагуулдаг. Сурах бэлтгэл хангагдаагүй хүүхэд сурлагаар хоцрох нь элбэг. Энэ нь хүүхдийг сургуульд бэлтгэхэд багш өөрөө хэрхэн бэлтгэгдсэн байдлаас шууд хамааралтай. Иймд хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг авч үзэхдээ хүүхдийн төдийгүй багш, эцэг эх, сургалтын байгууллагын бэлтгэгдсэн байдлыг цогцоор нь авч үзэх шаардлагатай.
Сургуулийн өмнөх боловсролын байгууллагад хүүхдийн эзэмшсэн мэдлэг чадварыг сургуулийн өмнөх боловсролын стандартын дагуу үнэлдэг. Харин 5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх шалгуур үзүүлэлт хараахан гараагүй байна. Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг цогц байдлаар үнэлэх шалгуур өнөөг хүртэл байхгүй байгаа нь энэхүү сэдвийг сонгож авах үндэслэл болсон юм.


Сэдвийн судлагдсан байдал:
Оросын нэрт сэтгэл зүйч Л. С. Выготский “ ... хүүхэд сургуульд элсэн суралцахдаа юм огт  бичээгүй цагаан цаас шиг бэлтгэгдээгүй орж болохгүй” хэмээн  сургуульд бэлтгэх нэгэн чухал үе шатыг зайлшгүй дамжин элсэхийн чухлыг онцолжээ. Энэ талаар сэтгэл зүйч Е.Е.Кравцова, Л.М.Мухина, Л.С.Кравцова зэрэг олон эрдэмтэд судалсан байдаг.
Сэтгэл судлалын ухааны доктор, профессор Д.Санжжав хүүхдийг сургуульд сэтгэл зүйн хувьд бэлтгэхийн чухлыг тэмдэглээд мэдлэг, дадлыг эзэмшсэнээр сургуульд орох нь амжилттай суралцахын баталгаа биш, харин сэтгэл зүйн хувьд бэлэн байх, суралцахад тохиолддог саад бэрхшээлийг даван туулах, сурах хүсэл сонирхлыг улам идэвхижүүлэх зэрэг нь амжилттай суралцахын үндэс хэмээжээ. Тэрээр хүүхдийг сургуульд сэтгэл зүйн хувьд бэлтгэх асуудлыг багш болон ахмад хүмүүстэй, найз нөхөд, хамтран суралцагчидтайгаа, өөртөө хандах харилцаа хандлага гэсэн гурван үзүүлэлтээр тодорхойлсон байна.
Сэтгэл судлалын ухааны доктор, профессор Ж. Батдэлгэр “Сургуульд хүүхдийг бие хүний хувьд бэлтгэх сэтгэл зүйн механизмын үндэс” нэг сэдэвт бүтээлдээ (1994 он) хүүхдийг сэтгэл зүйн хувьд сургуульд бэлтгэх асуудлыг авч үзжээ.
Тэрээр бүтээлдээ манай улсын төдийгүй Орос, өрнөдийн орнуудад хүүхдийг сургуульд бэлтгэх асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа, ямар шалгуур үзүүлэлтээр авч үздэг талаар тодорхой бичсэн байна. Ж.Батдэлгэр хүүхдийг сургуульд сэтгэл зүйн хувьд бэлдэнэ гэдэгт бие бялдрын, оюун ухааны, бие хүний шинж төлөвших, сэтгэл санаа, сэтгэл хөдлөлийн, зоригийн хэмээх харилцан уялдаа холбоо бүхий асуудлыг багтаажээ.
2008 онд  БСШУЯ, Боловсролын хүрээлэн хамтран 6 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх шалгуур, үзүүлэлтийг боловсруулан үндэсний хэмжээнд анх удаа судалгаа хийж зөвлөмж гаргасан нь төрийн бодлогын хэмжээнд төдийгүй багш, эцэг эхчүүдэд хүүхдээ сургуульд бэлтгэхэд нэн ач холбогдолтой судалгаа болсон билээ.


Судалгааны зорилго:
5 настай хүүхдийг сургуульд бэлтгэгдсэн байдлыг “Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр” ашиглан үнэлэхэд багшийн үүрэг оролцоог нэмэгдүүлэхэд оршино.


Судалгааны зорилт:
1.    Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үзүүлэлтүүд болон “Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр”-ээр үнэлэх арга зүй боловсруулах
2.  5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг тогтоох болон сургах туршилт судалгаа явуулж, үр дүнг харьцуулж тооцоолох
3. Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг “Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр”-ээр үнэлэхэд багшийн үүргийг нэмэгдүүлэх арга замыг сайжруулах


Судалгааны арга:
Мэдээлэл түүвэрлэх, эх сурвалжийн анализийн аргыг сэдвийн судлагдсан байдлыг тогтоож онолын хэсгийг боловсруулахад, асуулгын аргыг 5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг тогтооход, ярилцлагын аргыг туршилтын явцад хүүхэд, багштай хамтран ажиллахад болон туршилтын үр дүнг тодруулахад, ажиглалтын аргыг туршилтын явцад хүүхдийн хөгжилд гарч буй өөрчлөлтийг баримтжуулахад, статистик боловсруулалтын аргыг цуглуулсан мэдээлэлд боловсруулалт хийхэд тус тус хэрэглэв.


Судалгааны обьект:
Цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн 5 настай хүүхдүүд


Судалгааны судлах зүйл:
5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал


Судалгааны шинэлэг тал:
5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх шалгуур үзүүлэлтийг шинэчлэн боловсруулж, “Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр”-ийг туршин судалгаа хийж, үр дүнг нь тооцож үнэлсэн нь шинэлэг тал юм.


Судалгааны ажлын практик ач холбогдол:
Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг “Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр”-ээр үнэлэх боломжийг туршсан хувилбар нь цэцэрлэгтйн бэлтгэл бүлгийн багш,  ЕБС-ийн бага ангийн багш нарт төдийгүй эцэг эхчүүдэд арга зүйн чухал  хэрэгцээт материал болно.


Судалгаанд дэвшүүлсэн таамаглал:
Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг “Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр” ашиглан үнэлэхэд багшийн үүрэг оролцоо чухал нөлөөтэй.


1.    Сургуульд бэлтгэгдсэн байдлын тухай ойлголт, түүний бүтэц, шалгуур үзүүлэлт боловсруулсан байдал
Өнөөдөр олон хүүхэд бие бялдар, нийгэмшихүй, сэтгэл санаа, танин мэдэхүйн хөгжлийн хоцрогдолтойгоор сургуульд орж байна. (1) Эдгээр хоцрогдлыг хүүхэд ба гэр бүлийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэн эрт анхаарч ажиллаж чадвал багасгаж болно. Гэр бүл, сургууль, цэцэрлэг, орон нутгийн засаг захиргааны байгууллага нь бага насны хүүхдийн бие бялдар, нийгэмшихүй, сэтгэл санаа, хэл яриа, уншиж бичих чадвар, танин мэдэхүйн хөгжлийг дэмжих орчин нөхцөлөөр хангах боломжийг олгохгүй бол хүүхдүүдийн сурч боловсрох бэлтгэл хангагдахгүй.
Сургуульд бэлтгэгдсэн байдал хэмээх ойлголт нь олон хүчин зүйлээс шалтгаалах цогц асуудал бөгөөд хэд хэдэн бүрэлдэхүүн хэсгээс бүрдэнэ. Үүнд:
•    Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал
•    Эцэг эх, асран хамгаалагчийн хүүхдээ бэлтгэсэн байдал
•    Багшийн бэлтгэл хангасан байдал
•    Бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгчийн бэлтгэл хангасан байдал болно.
Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдалд бие бялдар, эрүүл мэнд, нийгэмшихүй, танин мэдэхүйн хөгжил чухал үзүүлэлт болдог гэж цэцэрлэгийн багш нар санал нэгтэй тодорхойлсон байна (2) Харин сургуулийн багш нар хүүхэд насанд хүрэгчдийн зааврыг дагаж мөрддөг, ангид сахилга баттай байх, бусдын сэтгэл хөдлөлд мэдрэмжтэй ханддаг, хэрэгцээ, санал бодлоо ойлгуулж чаддаг, шинэ үйл ажиллагаанд идэвхитэй оролцдог байх нь чухал гэж үзсэн байна.
Манай улсад хүүхдийг сургуульд бэлтгэж ирсэн туршлагаас хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг хоорондоо нягт уялдаа бүхий дараах дөрвөн чиглэлээр хэмжих нь оновчтой гэж үзжээ (3). Үүнд:
•    Бие бялдар, эрүүл мэнд
•    Оюун ухаан, танин мэдэхүй
•    Нийгэмшихүй, сэтгэл хөдлөл
•    Сурах хандлага, суралцах арга барил
Эдгээр чиглэл нь хүүхдийн хөгжлийн үндсэн бүрэлдэхүүн хэсгүүд бөгөөд өөр өөрийн онцлогтой боловч хоорондоо харилцан шүтэлцээтэй, бие биедээ нөлөөлж байдаг.
Өнөөгийн нийгэмд хүний амьдрал нь улам бүр олон талтай болж байгаа нөхцөлд нас биед хүрч байгаа залуучуудаас олон төрлийн чадвар шаардах болсон учир хүүхдийг төрсөн цагаас нь сургуульд тасралтгүй бэлтгэх асуудлыг онцгойлон анхаарах хэрэгтэй болж байна. Хүүхдийг сургуульд бэлтгэх нь хүүхдийн бие бялдар, оюун ухаан, зан харилцаа, сэтгэл зүй зэрэг олон зүйлийг хамарсан өргөн агуулгатай үйл явц юм. Энэ үйл явцыг амжилттай хэрэгжүүлэх нь багшийн үүрэг төдийгүй, сургуулийн өмнөх боловсролын байгууллагын үүрэг юм.



1-Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх арга зүй. УБ. 2009
2-Зургаан настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын судалгааны тайлан. УБ. 2008.
3-Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх арга зүй. УБ. 2009


Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх шалгуур үзүүлэлтийг сонгосон үндэслэл
Бид сургуульд бэлтгэгдсэн байдлыг тодорхойлох шалгуур, үзүүлэлтийг боловсруулахдаа Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх арга зүй, Сургуулийн өмнөх боловсролын стандарт, Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт, үндэсний хэмжээнд явуулсан “Зургаан настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал”-ын судалгааг үндэс болгосон.
Сургуульд бэлтгэгдсэн байдлыг тодорхойлох шалгуурыг “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх арга зүй” боловсруулсан ажлын хэсэг:
•    Хамааралтай
•    Хэмжигдэхүйц
•    Нөлөөлөхүйц байхаар боловсруулсан байна (1)
Хамааралтай-үзүүлэлт нь хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдалд нөлөөлдөг зан үйл, нөхцөл байдлыг тодорхойлох боломжтой.
Хэмжигдэхүйц- үзүүлэлтийн дагуу өөрчлөлтийг орон нутгийн түвшинд, дүүрэг, хотын түвшинд үргэлжилсэн хугацаанд хэмжих боломжтой байх ёстой.

Нөлөөлөхүйц-үзүүлэлтийг бодлогын шийдвэрт нөлөөлөхүйц хэлбэрээр тодорхойлж танилцуулах боломжтой байхаар боловсруулсныг хэвээр нь авсан.
Бага насны хүүхдийн хөгжлийн бүх үзүүлэлтийг бүрэн хамруулж, 5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг шалгах боломжгүй тул хүүхдийн хөгжлийг үндсэн гурван чиглэлээр бүлэглэж, сурах хандлага, суралцах арга барилын үзүүлэлтүүдийг оруулсан.


Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх шалгуур, үзүүлэлтийг боловсруулсан байдал
5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал нь олон хүчин зүйлээс шалтгаална. Хүүхдийн хөгжлийг цогцоор нь үнэлэх нь хүүхдийн хөгжилд нөлөөлөх юм гэдгийг дээр дурьдсан билээ. Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх шалгуур үзүүлэлтийг:
•    Хүүхдийн бэлтгэгдсэн байдал /хавсралт/
•    Эцэг эхийн бэлтгэгдсэн байдал
•    Багшийн бэлтгэгдсэн байдал /хавсралт/
•    Бодлого боловсруулагч шийдвэр гаргагчдын бэлтгэгдсэн байдал гэж 4 чиглэлээр боловсруулсан.
Бид 5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх шалгуур, үзүүлэлтүүдийг боловсруулахдаа “Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх арга зүй” номын үзүүлэлтүүдийг Сургуулийн өмнөх боловсролын стандарт, 2008 болон 2009 онд шинэчилсэн “Бага насны хүүхдийн хөгжлийн стандарт”-ын төслийн 6 хүртэл насны хүүхдийн бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжлийн үзүүлэлтүүдээс харьцуулж сонгож авсан. Учир нь Сургуулийн өмнөх боловсролын сургалтын талаар баримтлах бодлогод бэлтгэл бүлгийн (5 настай хүүхдийн) сургалтын агуулга нь ерөнхий боловсролын сургуулийн орчинд мэдлэг, чадвар эзэмшихэд шаардагдах суралцахуйн чадвар, дадал хэвшлийг төлөвшүүлэхэд чиглэгдэнэ гэж заасан байдаг. Бага насны хүүхдийн хөгжлийн стандартын үзүүлэлтүүд сургуульд бэлтгэх чадварыг эзэмшүүлэхэд чиглэсэн байдаг.
Үзүүлэлтүүдийг сонгосны дараа Дорнод аймгийн төв болон сумдын цэцэрлэгийн багш нарыг төлөөлүүлэн 35 багшид сургалт зохион байгуулж таван настай хүүхэд, тэдний эцэг эх, багш , бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч, хэрэгжүүлэгчид хэрхэн бэлтгэгдэх талаар гаргасан үзүүлэлтүүд дээр ярилцан тэдний саналыг авч тусгасан.
5 настай хүүхдийг сургуульд бэлтгэсэн байдлын үзүүлэлтүүдийг:
•    бие бялдрын хөгжил
•    оюун ухааны хөгжил
•    нийгэмшихүйн хөгжил
•    сурах хандлага, суралцах арга барил гэсэн 4 чиглэлээр гаргасан. Чиглэл тус бүр 20, нийт 80 үзүүлэлттэй.


а) Бие бялдрын хөгжлийн үзүүлэлт: Бие бялдрын хөгжлийн бүрэлдэхүүн хэсэг болох биеийн хөдөлгөөн, эрүүл мэнд, аюулгүй байдал гэсэн 3 бүрэлдэхүүнээс биеийн хөдөлгөөн 2 үзүүлэлтээр илүү байгаа нь хөдөлгөөний эвслийг илэрхийлж болох алхах, гүйх, мөлхөх, үсрэх, харайх, авирах, шидэх, гэх мэт үзүүлэлтүүдийг бүрэн хамруулсан болно.
Биеийн хөдөлгөөний 8 үзүүлэлтэд:
•    жижиг булчингийн хөгжил болох цаасыг зураасны дагуу хайчлах
•    үзэг, харандааг зөв барих
•    том булчингийн хөгжил болох шулуун тавьсан олсон дээгүүр тэнцвэрээ
олж алхах
•    хөлийг хавсарч гүйх
•    вандан сандал дээр 4 хөллөж мөлхөх
•    30 см-ийн өндөрт харайх
•    авирах шатанд хөл, гарын хөдөлгөөнийг зөрүүлж авирах
•    бөмбөг дээш шидээд байрандаа эргэх хөдөлгөөн хийж барьж авах гэсэн үзүүлэлтүүдийг сонгож авсан.
Эрүүл мэндийн 6 үзүүлэлтэд:
•    бие дааж хувцаслах
•    бие дааж бие засах
•    хоол идэхийн өмнө, бие зассаны дараа гараа угаах
•    бие дааж шүдээ зөв угаах
•    ханиаж, найтаахдаа хамрын алчуур хэрэглэх
•    эрүүл мэндээ хамгаалах аргыг мэдэж хэрэглэх /нүдээ бохир гар, алчуураар арчихгүй байх/ гэсэн үзүүлэлтүүд багтсан.
Аюулгүй байдлын 6 үзүүлэлтэд:
•    замын хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохионы учрыг мэдэх
•    явган хүний гарцыг таньж, хэрэглэх
•    аюултай, хортой зүйлээс өөрийгөө болон найз нөхөд, дүү нараа  сэрэмжлүүлж мэдэх
•    онцгой чухал утасны дугаар \101, 102, 103 гм\ -ыг мэдэх
•    шаардлагатай үед гэрийн хаяг, ээж, аавынхаа утасны дугаарыг хэрэглэж чаддаг байх
•    зөв хооллож хэвших /биед хэрэгтэй зарим хоолыг сонгож хэрэглэх/ гэсэн үзүүлэлтүүдийг багтаасан болно.


б) Оюун ухааны хөгжлийн үзүүлэлт: ерөнхий мэдлэг, урлаг, уран сайхан, дүрслэх урлагийн үзүүлэлтүүд ижил 4 боловч математик 5, хэл ярианы үзүүлэлт 3 байгаа нь математикийн энгийн төсөөллийн хөгжлийг илэрхийлж болох тоолол, хэлбэр дүрс, хэмжигдэхүүн, цаг хугацаа, орон зай гэсэн таван бүрэлдэхүүнээс оруулсан ба математикийн нэг үзүүлэлтийг /гэрээрээ баримжаалан юмсын зүг чиг, байрлалыг хэлэх/, ерөнхий мэдлэгийн үзүүлэлтүүдийг хэл яриагаар илэрхийлж ярихаар авах боломжтойгоор боловсруулсан.
Хүрээлэн буй орчны тухай ерөнхий мэдлэгт:
•    овог, нэрээ зөв, бүрэн хэлэх
•    гэр бүлийнхнийхээ эрхэлдэг ажлыг хэлэх
•    хүн байгалийн харилцан хамаарлын тухай мэдэх /голын усыг бохирдуулбал ширгэдэг, амьтан ургамал устдаг/
•    Жилийн 4 улиралыг нэрлэж онцлогийг нь мэдэх /Амьтан, ургамалд гардаг өөрчлөлт
Математикийн үзүүлэлтэд:
•    1-20 хүртэл тоо, цифр таних
•    энгийн бодлого бодох
•    төрөл бүрийн дүрс, эд юмсаар бодит зүйлийг дууриалган бүтээх
•    гэрээрээ баримжаалан юмсын зүг чиг, байрлалыг хэлэх
•    долоо хоногийн гарагийг дэс дараагаар нэрлэх /
Хэл ярианы хөгжлийн үзүүлэлтэд:
•    насанд хүрэгчдийн зааврын дагуу асуух, хүүрнэх, анхааруулах өгүүлбэр зохиох /ярих чадвар/
•    үгийн эхэн, адагт орсон авиаг ялгаж сонсох /сонсох чадвар/
•    өөрийн нэрийг бичих /бичих бэлтгэл/ гэсэн 3 үзүүлэлтүүд багтсан.
Урлаг, уран сайхны үзүүлэлтэд:
•    дуу дуулах, /Дуу хоолойн дуугаралтаа хянаж, амьсгалаа зөв тохируулж дуулах/
•    хөгжмийн аялгуунд тохируулан бүжиглэх
•    энгийн хөгжмийн зэмсгээр хялбар аялгуу тоглох, /Хөгжмийн хэмнэлийн дагуу алгаа таших/
•    дуртай үлгэрийн баатруудынхаа дүрд хувирч жүжиглэн тоглох чадваруудыг авсан.
Дүрслэх урлагийн чадварт:
•    үндсэн өнгийг нэрлэх
•    усан будгаар зураг зохиомжлон зурах
•    хайчлах, нугалах, эвхэх арга хэрэглэн зохиомжилж наах
•    баримлаар хүн, амьтны хөдөлгөөнийг дүрслэн барих чадваруудыг сонгож авсан.


в) Нийгэмшихүйн хөгжлийн үзүүлэлт: Нийгэмшихүйн хөгжлийн бүрэлдэхүүн хэсэг болох сэтгэлийн хөдөлгөөн, зан төрх, харилцаа гэсэн чиглэлээр үзүүлэлтийг сонгож авсан. Үүнд:
Сэтгэлийн хөдөлгөөний үзүүлэлт:
•    Өөрт тохиолдсон асуудлыг бусдад тайлбарлан туслалцаа хүсэх
•    Өөрийн хүсэл санаа бодлоо үгээр илэрхийлэх
•    Бусдад асуулт тавих \эцэг эх, багш, үе тэнгийнхэн\
•    Бусдад саад учруулахгүйгээр хамтран ажиллах
•    Сэтгэл хөдлөлөө зохистой тайван байдлаар илэрхийлэх чадвар /уур хүрсэн ч найз нөхдөө цохиж зодохгүй байх гм/
Зан төрх:
•    Найзуудтайгаа хамтран тоглох
•    Бусадтай тоглоом, эд зүйлээ хуваалцах
•    Насанд хүрэгчдийн өгсөн заавар зөвлөгөөг дагаж биелүүлдэг эсэх
•    Өөрөө сонголт хийдэг эсэх /өмсөх хувцас, тоглох тоглоом гм/
•    Өөрийн үг яриа, үйл хөдлөлийн зөв, бурууг хянаж чаддаг эсэх /худлаа ярихгүй байх гм/
Харилцаа:
•    Ахмад хүнтэй мэндэлж, тэднийг хүндэтгэх
•    “Баярлалаа”, “Уучлаарай”, “Зүгээр”, болох уу? гэсэн үгийг хэрэглэх
•    Гэр бүлдээ баримтладаг ёс, заншлыг дагаж мөрдөх
•    Ахмад настанд өөрийн санаачилгаар туслахыг оролддог эсэх
•    Найзынхаа тавьсан шаардлагыг биелүүлэхийг хичээдэг эсэх
•    Өөрийн болон нийтийн эзэмшлийн эд зүйлсийг ариг гамтай хэрэглэдэг эсэх
•    Хөлөгт тоглоом, шагайн наадам гм тоглоомоор тоглохдоо дүрмийг баримтлан тоглох
•    Олон нийтийн газар тогтсон дүрэм журмыг баримтлах \чанга хашгирч ярихгүй гм\
•    Үндэсний хувцсыг дээдлэх ёс заншлыг мэддэг эсэх
•    Төрсөн газар нутгийнхаа уул усыг нэрлэх, газар лусыг дээдлэх ёсыг мэддэг эсэх гэсэн үзүүлэлтүүд багтана.


г) Сурах хандлага, суралцах арга барилын үзүүлэлтүүд нь сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх арга зүй номонд 10 байна. Үүнд:
Сурах хандлагыг илрүүлэх үзүүлэлт:
•    Сургуульд сурмаар байна гэсэн хүслээ илэрхийлдэг эсэх
•    Ширээний ард тэвчээртэй сууж чаддаг эсэх
•    Сургуулийн хонх дуугарахаар хичээл завсарладаг гэдгийг мэддэг эсэх
•    Хичээл дээр гар өргөж хариулдаг гэдгийг мэддэг эсэх
•    тоглоом, хичээлийн хэрэглэлээ санаачилгаараа хураадаг эсэх
•    Хичээлийн хэрэглэл, тоглоом, бусад зүйлээ цэвэр нямбай, гамтай хэрэглэдэг эсэх
Суралцах арга барилын үзүүлэлт:
•    Нэг үйлдлээс нөгөө үйлдэлд хялбархан шилждэг эсэх
•    Шинэ зүйлийг сонирхон ажигладаг эсэх
•    Эхэлсэн ажлаа дуустал нь хийдэг эсэх (зурах, барих, наах г.м) байна.
Эдгээр үзүүлэлтээс гадна үлгэрийг анхааралтай сонсож чаддаг уу? гэсэн асуултыг бусдын яриаг анхааралтай сонсож чаддаг эсэх гэж өөрчлөн оруулсан. Хүүхдийн суралцах арга барилыг эзэмших 12 хэв шинжээс дараах 10 үзүүлэлтийг нэмж оруулсан. Үүнд:
Сурах хандлагын үзүүлэлтэд:
•    Хичээлийн хэрэглэлийг нэрлэж үүрэг, зориулалтыг нь хэлдэг эсэх
•    Номыг зөв харуулж тавьж хэрэглэдэг эсэх
•    Цагийн хуваарь, өдрийн дэглэм баримталдаг эсэх
Суралцах арга барилын үзүүлэлтэд:
•    Энгийн зурлагыг зөв цэвэр бичдэг эсэх (Дүрс, үсгийн зурлагыг дууриаж бичдэг эсэх)
•    Бусадтай санаа бодлоо солилцож харилцан ярилцдаг эсэх
•    Юмсыг ерөнхийлөн нэрлэж чаддаг эсэх
•    Бусдаас сонирхсон асуултаа асуудаг эсэх
•    Эд юмсын ижил ба ялгаатай шинжүүдийг мэддэг, хэлдэг эсэх
•    Юмсыг тодорхой шинжээр нь ангилж бүлэглэх чаддаг (хэлбэр дүрс, хэмжээ, өнгө, зориулалт г.м) эсэх
•    Юмс, үзэгдлийн гол шинжийг хэлж чаддаг эсэх гэсэн чадваруудыг авсан.
Нэмж оруулсан эдгээр үзүүлэлт нь хүүхдийн сурах хандлага, суралцах арга барилыг эзэмшүүлэх гол үзүүлэлтүүд юм.



Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх “Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр” боловсруулсан байдал
Хүүхдийн хөгжлийн үйл явц нь хүүхэд бүрийн хувийн онцлог, тэдний үйл ажиллагаанаас хамаарна. Нөгөөтэйгүүр, бага насны хүүхэд нь амьдралын туршлага бага, насанд хүрэгчдийн туслалцаа дэмжлэг нэн их тул багш эцэг эхчүүдийн үйл ажиллагаанаас үлэмж шалтгаална. Иймд хүүхдийг сургуульд бэлтгэж, хөгжүүлсэн байдлыг багш нар  “Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр”-ээр үнэлэхээр боловсруулсан.
    2005 оноос эхлэн “ Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр”-ийг өөрийн цэцэрлэг дээр анх туршсан.
    2008 онд Дорнод аймгийн цэцэрлэгүүдийн багш нарын дунд хэлэлцүүлэг хийж засан сайжруулсан.
    2009 оноос хүүхдийг сургуульд бэлтгэж, хөгжүүлсэн байдлыг багш нар  “Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр”-ээр үнэлэхээр боловсруулсан.
    Дэвтрийг хүүхдийн хөгжилд ажиглалт хийн тэмдэглэл хөтлөж, ахицыг харах боломжтойгоор боловсруулав.
    Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэрт 5 насанд хүүхэд сургуульд бэлтгэгдсэн байдлыг бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүй, сурах хандлага, суралцах арга барил гэсэн 4 чиглэлээр боловсруулсан үзүүлэлтүүдийг болон         5 настай хүүхдийн нас, сэтгэл зүй, хөгжлийн онцлог, дэвтрийг хэрхэн ашиглах тухай зааврыг бичсэн.
    Багш нарт “Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр”-ийг хэрхэн ашиглах талаар сургалт зохион байгуулсан.


Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх аргачлал
Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр ашиглан хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэхдээ хичээлийн жилийн эхэнд хүүхдийн хөгжлийн түвшинг тодорхойлох зорилгоор суурь үнэлгээг багш, туслах багш нар авна. Суурь үнэлгээг хүүхэд хүлээн авсны дараа сургалт эхлэхээс өмнө 9 сарын 15-ны дотор хийнэ.
Үүний дараа багш нар суурь үнэлгээний дүнгээс дүгнэлт хийж сургалтын хөтөлбөрөө төлөвлөнө. Төлөвлөхдөө хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтрийн үзүүлэлтээс тухайн үзэж байгаа сэдэвтэйгээ уялдуулан хөнгөнөөс нь хүндрүүлж сонгон, хөтөлбөрөө боловсруулна. Хөтөлбөрийн үнэлгээний хэсэгт сонгож авсан үзүүлэлтийг хүүхэд хэрхэн гүйцэтгэж байгааг илрүүлэх зорилгоор төлөвлөнө.
Хүүхдийг үнэлэхдээ дэвтэр дээр нэг удаа суугаад бүгдийг нь бичиж болохгүй, хүүхдийг нягт нямбай ажиглаж тэмдэглэл хөтөлнө. Үзүүлэлтүүдийг хүүхэд хэрхэн гүйцэтгэж байгаагаар нь дараах байдлаар оноо өгнө. Үүнд:
•    1 оноо - Хүүхэд өгсөн даалгаврыг бие даан гүйцэтгэж чадаж байвал
•    0,5 оноо - Насанд хүрэгчдийн зүгээс тусалж дэмжсэн нөхцөлд даалгавраа
гүйцэтгэхийг оролдож байвал
•    0 оноо - Огт хийж чадахгүй бол өгнө.
0 буюу 0,5 оноо авсан бол "Тэмдэглэл” гэсэн хэсэгт хэдэн оны хэдэн сарын хэдний өдөр ямар чадварыг ажигласан тухайгаа болон хүүхдэд гарч байгаа ахиц, өөрчлөлтийг бичиж гарын үсгээ зурна. Жишээ нь: 2010 оны 10 сарын 1-ны өдөр. 2-ын цифрийг бичихдээ буруу харуулж бичиж байв. Багш Туяа гэх мэт.
1 оноо авсан бол “Тэмдэглэл” гэсэн хэсэгт бичихгүй, хүснэгтэд тод өнгөөр ямар нэгэн тэмдэглэл хийнэ. Жишээ нь: улаан дугуй дүрс зурж болно.
Бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүйн хөгжил тус бүрээр үзүүлэлтүүдийн нийт авсан оноог авах ёстой оноонд хувааж хүүхдийнхээ хөгжлийн түвшинг гаргана. Хүүхдийн хөгжлийн түвшинг гаргахдаа :
Дээд                             - 90-100 хувийн үзүүлэлттэй бол
Дундажаас дээгүүр    - 80-89 хувь
Дундаж                       - 70-79 хувь
Дунджаас доогуур    - 60-69 хувь
Доод түвшин              - 59-өөс доош хувьтай бол гэж гаргана.
Тухайн ажиглах гэж байгаа үзүүлэлтээс хамаарч нэг өдөр багш хэдэн ч хүүхэд ажиглаж тэмдэглэл хөтлөж үнэлж болно. Жишээ нь: математикийн 1-5 хүртэл цифр таних гэсэн үзүүлэлтийг ажиглахдаа анги нийтээр нь, нэмэх үйлдэлтэй энгийн бодлого бодох гэсэн үзүүлэлтийг нэг нэгээр нь ажиглаж тэмдэглэл хөтлөж болно.
Тодорхой сэдэв үзэж дууссаны дараа болон сургалт зохион байгуулсны дараа явцын үнэлгээг хийнэ. Явцын үнэлгээ нь хүүхдийн мэдлэг, чадвар эзэмших үйл явц нь стандартын шаардлага, хөтөлбөрийн зорилтоос хэр зэрэг зөрөөтэй байгааг харахад хэрэглэдэг үнэлгээ юм. Явцын үнэлгээг хичээлийн жилийн туршид хийж хүүхэд хэрхэн сургуульд бэлтгэгдэж байгаад ажиглалт хийж тэмдэглэл хөтлөнө.
Хичээлийн жилийн төгсгөлд 5 сарын 15-наас хойш эцсийн үнэлгээг хийнэ. Эцсийн үнэлгээг сургалтын төгсгөлд хүүхэд сургуульд хэрхэн бэлтгэгдэж сургуульд ороход бэлэн эсэхийг тодорхойлох зорилгоор хийхээр төлөвлөсөн. Үнэлгээг хийхдээ багш, туслах багш нар шалгуур үзүүлэлтийн дагуу хүүхдийн хөгжлийн түвшинг үнэлэх даалгавар боловсруулж үнэлж болно.
Хичээлийн жилийн төгсгөлд жилийн эхнийхээс хэдэн хувиар ахисан, сургуульд хэрхэн бэлтгэгдсэн байдлыг тооцож гарган эцэг эхчүүдэд танилцуулна.
Хүүхдийг сургуульд ороход эцэг эхэд нь хяналтын дэвтрийг хүлээлгэж өгнө.



2. Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлсэн судалгаа, түүний үр дүн

Байдлыг тогтоох судалгаа 1
2008-2009 оны хичээлийн жилд Дорнод, Улаанбаатар хот,  Хэнтий аймгийн цэцэрлэгийн багш нараас хүүхдийг сургуульд бэлтгэх талаар ямар ойлголттой байгаа, хүүхдийг хэрхэн сургуульд бэлтгэгдсэнийг үнэлдэг талаар байдлыг тогтоох судалгааг ярилцлагын аргаар  авсан. Судалгааны явцад  дараах зүйлсийг илрүүллээ. Үүнд:  
•    Цэцэрлэгүүдийн хэмжээнд 5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын шалгуур үзүүлэлт хараахан гараагүй
•    Цэцэрлэгийн багш нар стандартын биелэлт тооцож хүүхдийн эзэмшсэн мэдлэг, чадварыг үнэлдэг боловч хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлдэггүй
•     Сургуулийн бэлтгэл ангийн багш нар сургуульд элсэж байгаа хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлж авдаггүй, зөвхөн цэцэрлэгт хамрагдсанаар нь дүгнэдэг.
•    Эцэг эхчүүд хүүхдээ сургуульд хэрхэн бэлтгэх талаар ойлголт, туршлага дутмаг байгаа нь харагдлаа.
Иймд 5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлж хүүхдийн хөгжлийг ахиулахад шалгуур үзүүлэлтүүдийг цогцоор нь боловсруулан улам боловсронгуй болгох шаардлага бий болсон. Үүний улмаас 5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэхдээ багш нар хүүхдийн хөгжлийг ажиглан тэмдэглэл хөтлөж үнэлэх “Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр” боловсруулсан. Шалгуур үзүүлэлтүүд нь хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг хянах, хүүхдийн хөгжилд ажиглалт хийн тэмдэглэл хөтлөж, ахицыг харах боломжтойгоор боловсруулж хэрэглэсэн.
Түүнчлэн хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтрээр хэрхэн хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх аргачлал боловсруулж багш нарт танилцуулж, сургалт зохион байгуулсан. /хавсралт-сургалтын материал/


Байдлыг тогтоох судалгаа 2
2009 оны 10 сард хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр ашиглан үнэлэх үйл ажиллагааг зохион байгуулсан.  
Судалгаанд 2009-2010 оны хичээлийн жилд цэцэрлэгт хамрагдсан 2010 онд сургуульд орохоор бэлтгэгдэж байгаа 5 настай бэлтгэл бүлгийн хүүхдүүд хамрагдсан. Аймгийн төвийн 5, сумын 5 цэцэрлэг хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээг хийсэн. Үүнд Дорнод аймгийн төвийн 2, 3, 8, 11, 12 дугаар цэцэрлэгийн 198, Булган, Сэргэлэн, Хөлөнбуйр, Дашбалбар, Баяндун сумын 121, нийт 319 хүүхэд хамрагдсан.
5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг:
1.    Бие бялдрын хөгжил
2.    Оюун ухааны хөгжил
3.    Нийгэмшихүйн хөгжил
4.    Сурах хандлага, суралцах арга барил гэсэн 4 ерөнхий чиглэлээр тус бүр нь 20 үзүүлэлт, нийт 80 үзүүлэлтээр судалгаанд хамрагдсан хүүхдийн багш нарын оролцоотойгоор авсан.
Жилийн эхний байдлаар сургуульд бэлтгэгдсэн байдал 69%-ийн үзүүлэлттэй байна. Бие бялдар, оюун ухаан, нийгэмшихүй, сурах хандлага, суралцах арга барил гэсэн 4 чиглэл тус бүрээр үзүүлбэл бие бялдар 69%, оюун ухаан 63%, нийгэмшихүй 71%, сурах хандлага, суралцах арга барил 72%-тай байна. Үүнийг графикаар харуулбал:



Жилийн эхэнд бие бялдрын хөгжлөөс бие дааж хувцасладаг /92%/, оюун ухааны хөгжлөөс овог нэрээ бүрэн, зөв хэлэх /90,1%/, найзуудтайгаа хамтран тоглодог /90,4%/, гэсэн 3 үзүүлэлт 90-ээс дээш хувьтай байна.
Харин хамгийн тааруу буюу 59-өөс доош хувийн дүн үзүүлсэн үзүүлэлтүүдийг харуулбал:



Дээрх үзүүлэлтээс харахад хүүхдүүд бие бялдрын хөгжлөөс аюулгүй байдлыг хангах талаар мэдлэг чадвар нь хангалтгүй байна. Мөн эрүүл мэндээ хамгаалах, өвчлөхөөс урьдчилан сэргийлэх талын мэдлэг хангалтгүй байна.
Оюун ухааны хөгжлийн хувьд  үгийн эхэн, адагт орсон авиаг ялган сонсох чадвар сул байна. Тоолол, орон зайн байрлал тодорхойлох, цаг хугацааг илэрхийлэхэд 7 хоногийн гаригийг дэс дараалан нэрлэх чадвар сул байна. Урлаг, уран сайхны үйлийн үзүүлэлтээр   хөгжмийн аянд бүжиглэх, энгийн хөгжмийн зэмсгээр хялбар аялгуу тоглох, зохиомжлон наах, зурах чадвар хангалтгүй байна.
Нийгэмшихүйн хөгжлийн нэг чухал үзүүлэлт болох  уламжлалт ёс заншлын талаарх мэдлэг хангалтгүй байв.
Сурах хандлага, суралцах арга барилаас суралцах чадварын үзүүлэлт болох юмсыг ерөнхийлөн нэрлэх, юмс үзэгдлийн гол шинжийг хэлэх, юмсыг тодорхой шинжээр нь ангилах, бүлэглэх чадвар хангалтгүй байв.
Дээрх судалгаанаас дүгнэлт хийхэд жилийн эхэнд хяналтын дэвтрийг хэрхэн хөтлөх талаар ойлголт тааруу байв. Хүүхдийг сургуульд бэлтгэх, бэлтгэл ажлын талаар ч хангалттай сайн мэдлэг, мэдээлэл бага байсан.
Эндээс дүгнэлт хийхэд багш нар сургалтын явцад хүүхдийг сурах арга барилд сургах, суралцах чадварт анхаарахаасаа илүү хөтөлбөрийн агуулгад анхаардаг нь харагдаж байна.


Сургах туршилтын судалгаа 3
Хичээлийн жилийн төгсгөлд сургуульд бэлтгэгдсэн байдлын судалгааг дахин авсан. Судалгаанд аймгийн төв болон сумын 11 цэцэрлэгийн нийт 323 хүүхэд хамрагдсан байна. Аймгийн төвийн 1, 2, 3, 8, 11, 12, 14, Булган, Сэргэлэн, Цагаан-овоо, Дашбалбар сумын цэцэрлэгүүд сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээ хийсэн байна. Үүний 229 хүүхэд нь төвийн 7 цэцэрлэгээс, 94 нь 4 сумын цэцэрлэгээс хамрагдсан байна.
Сургуульд бэлтгэгдсэн байдлын дүн жилийн эцсийн байдлаар бие бялдрын хөгжил 90%, оюун ухааны хөгжил 88%, нийгэмшихүйн хөгжил 91%, сурах хандлага, суралцах арга барил 90%-ийн үзүүлэлттэй байна. Жилийн эхний үнэлгээтэй харьцуулбал бие бялдрын хөгжил 21%, оюун ухааны хөгжил 25%, нийгэмшихүйн хөгжил 20%, сурах хандлага, суралцах арга барил 18% ахисан үзүүлэлттэй байна. Жилийн эхний болон эцсийн үнэлгээг харьцуулж графикаар харуулбал:



Жилийн эхэнд хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал 69% байсан бол жилийн эцсээр 90% болж 21% өссөн байна.
Бие бялдрын хөгжлийн 15 үзүүлэлт 92-оос дээш хувьтай байна. Харин бөмбөг дээш шидээд байрандаа эргэх хөдөлгөөн хийж барьж авах чадвар 77,8%, Замын хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохионы учрыг мэдэх чадвар 79,6%-ийн үзүүлэлттэй буюу хамгийн бага хувьтай байна. Гэвч жилийн эхнийхтэй харьцуулбал бөмбөг дээш шидээд байрандаа эргэх хөдөлгөөн хийж барьж авах чадвар 50% байсан бол 27,8% өссөн дүнтэй байна. Замын хөдөлгөөнийг зохицуулах гэрлэн дохионы учрыг мэдэх чадвар 45% байсан бол 34,6% ахисан байгаа нь сургалт нь хүүхдийн мэдлэг чадварт нөлөөлж танин мэдэхүйн чадвар нэмэгддэгийг харуулж байна.
Оюун ухааны хөгжлийн үзүүлэлтүүд нь 82-оос дээш хувьтай байна. Жилийн эхэнд хамгийн бага 37%-тай байсан үгийн эхэн, адагт орсон авиаг ялгаж сонсох чадвар 37,8 % өссөн боловч жилийн эцсийн байдлаар 74,8%-тай байгаа нь цэцэрлэгийн багш нар авиа, үсэг таниулах ажил дутмаг, хүүхдийн сонсох чадварыг хөгжүүлэх ажлыг хангалтгүй зохион байгуулдагтай холбоотой юм. Энэ нь цэцэрлэгийн багш нар хүүхдэд үсэг заах арга зүй дутмаг байгааг харуулж байна.
Нийгэмшихүйн хөгжлийн хамгийн бага хувьтай байсан төрсөн нутгийнхаа уул усыг нэрлэх, дээдлэх ёсыг мэдэх гэсэн үзүүлэлт 43,6-аас 86,2% болж жилийн эхнийхээс 42,6% өссөн байна. Үндэсний хувцасыг дээдлэх ёс заншлыг мэдэх чадвар 54%-тай байсан бол 87% болж 33% өссөн.
Хөлөгт тоглоом, шагайн наадам гм тоглоомоор тоглохдоо дүрмийг баримтлан тоглох чадвар 58% байсан бол 89 % болж өссөн ба 31%-иар ахисан байна. Иймд цэцэрлэг, багш нар сургалтын хөтөлбөртөө уламжлалт ёс заншлаас оруулж төлөвлөхөөс гадна хөгжүүлэх үйл ажиллагаагаараа байнга оруулж байх хэрэгтэй.
Сурах хандлага, суралцах чадварын үзүүлэлтүүд 84-өөс дээш хувьтай болсон байна. Жилийн эхэнд юмс үзэгдлийн гол шинжийг хэлэх чадвар 47% байсан бол жилийн эцэст 84,5% болж 37,5% өссөн байна. Сургуулийн хичээл хонх дуугарахаар завсарладаг гэдгийг мэддэг гэсэн үзүүлэлт 54% байсан бол 87% болж 33 % ахисан байна. Юмсыг тодорхой шинжээр нь бүлэглэх чадвар 56% байсан бол 85% болж 29% өссөн. Юмсыг ерөнхийлөн нэрлэх чадвар 58% байсан бол 92% болж 34% өссөн байна.
Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдалд багшийн уйгагүй хөдөлмөрөөс ихээхэн шалтгаалдаг нь харагдсан. Хичээлийн жилийн туршид багш 5 настай хүүхдийг сургуульд бэлтгэх ажлыг хийсний үр дүнд хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал 90%-тай байгаа нь багшийн бэлтгэгдсэн байдалтай холбоотой.

Судалгаа 4


Хүүхдийг сургуульд бэлтгэхэд багшийн үүрэг чухал юм. Иймд хичээлийн жилийн явцад хүүхдийн бэлтгэгдсэн байдлыг үнэлэхээс гадна багшийн бэлтгэгдсэн байдлыг үнэлэх шаардлага байсан тул багшийн бэлтгэгдсэн байдлыг ерөнхий шалгуур, хүүхдийг сургуульд бэлтгэх талаарх мэдлэг, хүүхдийг сургуульд бэлтгэх ур чадвар гэсэн 3 чиглэлээр судалгаа авсан. Багшийн бэлтгэгдсэн байдал 88%-тай байв. /хавсралт/




Дээрх судалгаанаас  дүгнэлт хийхэд хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг хангаж хөгжүүлэхийн тулд багш наад зах нь бакалаврын зэрэгтэй байх хэрэгтэй. Судалгаанд хамрагдсан багш нарын 56% нь бакалаврын зэрэгтэй байсан. Түүнчлэн бага насны хүүхдийн боловсрол, хөгжил, хүмүүжлийн талаарх ном, зохиол тогтмол уншиж судлаж мэдлэг, заах арга, ур чадвараа байнга ахиулж, ардын уламжлал, ёс заншлаас сургалтын хөтөлбөртөө оруулж төлөвлөх, хэрэгжүүлэхэд санаачлагатай ажиллах нь чухал. Бага ангийн багш нартай нягт хамтын ажиллагаатай ажиллаж хүүхдийг сургуульд бэлтгэх мэдлэг, ур чадвараа дээшлүүлэх хэрэгтэй. (Цэцэрлэгийн багш нар ихэвчлэн энгийн зурлага бичүүлэх, авиа үсгийг заах зэрэгт алдаа гаргадаг байна. Энэ нь хүүхдээс авсан судалгааны дүнгээс харагдаж байна)


Судалгааны  үр дүн
Багш нар хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг “Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр”-ээр үнэлсэн ажлын үр дүн:
    Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх  үзүүлэлтүүд нь тодорхой, ойлгомжтой, энгийн болсон - 95%
    Үнэлэх аргачлал нь хүүхэддээ тохирсон -100%
    Хүүхэд бүрийн хөгжлийн түвшин өөр өөр байдаг тул  хүүхэд бүр дээр хөтлөж, сургуульд бэлтгэгдсэн байдлыг бодитой үнэлэхэд боломжтой байсан - 90%
    Багш судалгааны арга барил эзэмшсэн.
    Цаашид багш сургуульд орох хүүхэдтэй ажиллах арга барилаа сайжруулахад нөлөөлсөн
    Даасан ангийн хүүхдүүд нь сургуульд ямар түвшинд бэлтгэгдсэнийг харах боломжтой болсон
    Хүүхдийн сурах хандлага, суралцах арга барилыг нэмэгдүүлэхэд багшийн үүрэг, ур чадварыг нэмэгдүүлсэн
    Багш нар эцэг эхчүүдэд сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх чадвар нэмэгдсэн гэж багш нар үнэлсэн.
Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг “Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр”-ээр үнэлсэн цэцэрлэгийн тоо нэмэгдсэн байна.
2009 онд Дорнод аймгийн 5 настай 500 гаруй хүүхдэд хяналтын дэвтрийг хөтлөн үр дүнг тооцож байсан бол 2010 онд зөвхөн 5 настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын үзүүлэлтээр Хэнтий, Сүхбаатар, Дорнод, Дархан-уул аймгийн нийт 1300 гаруй хүүхэд дээр ажиглалт хийн тэмдэглэл хөтлөж сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх, үр дүнг нь тооцох ажил хийгдэж байна.
Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын үнэлгээг багш нар эцэг эхийн хурлаараа эцэг эхчүүдэд нэг бүрчлэн танилцуулж зарим зүйлийн талаар даалгавар өгсөн. Эцэг эхчүүд хүүхдийнхээ ахисан түвшинг үзүүлэлт бүрээр харж сэтгэл ханамжтай байсан байна.
Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх үнэлгээний үзүүлэлтүүд насанд нь тохирсон, хасах болон нэмэх үзүүлэлт байхгүй гэж үзсэн байна. Гэвч зарим үзүүлэлтүүд хүндэдсэн байна. Оюун ухааны хөгжлийн 10,11-р үзүүлэлт, насанд хүрэгчдын зааврын дагуу асуух, хүүрнэх, анхааруулах өгүүлбэр зохиодог эсэх, үгийн эхэн, адагт орсон авиаг ялгаж сонсож чаддаг гэсэн үзүүлэлт, бие бялдрын хөгжлийн 16-р үзүүлэлт явган хүний гарцыг таньж хэрэглэдэг үү гэсэн асуулт. Учир нь явган хүний гарц байхгүй хэрэглээ болоогүй учир хийсвэр ойлголт юм гэжээ.
Цаашид хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэхдээ танин мэдэхүйн үйл ажиллагааг илрүүлсэн даалгавар бүхий тест боловсруулж авах хэрэгтэй. Үзүүлэлтийн тоог цөөлж авбал боломжийн санагдсан гэж бичсэн байв.
Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх шалгуур үзүүлэлтүүдийг эцэг эхчүүдэд эрт тарааж өгч хүүхдээ сургуульд хэрхэн бэлтгэх талаар ойлголттой болгох, улмаар багш нартай хамтран хүүхдээ сургуульд бэлтгэх, жилийн эцэст үнэлгээ хийхэд хүүхэд бүрийн эцэг эхчүүдийг байлгаж хамтарч авах, эцэг эхчүүдээр хүүхдийг нь үнэлүүлбэл илүү их ач холбогдолтой юм гэсэн санааг гаргасан байна.
Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтрийн талаар багш нар, хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал болон хүүхдийн хөгжлийг ажиглаж тэмдэглэл хөтлөхөөс гадна үнэлгээг давхар хийдгээрээ онцлог юм. Тодорхой сэдвээр судалгаа хийж байгаа багш нар ч хэрэглэж болохуйц дэвтэр болсон байна. Хүүхдийн хөгжлийг бодитой үнэлэхэд боломжийн гэж үнэлсэн байна.


3. Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэхэд багшийн үүргийг дээшлүүлэх арга зам
Багшийн ажлын байрны тодорхойлолтонд заасан ажлын чиг үүргийн дагуу багш хүүхдийн хөгжлийг ажиглаж тэмдэглэл хөтлөх үүрэгтэй. Иймд хүүхдийн хөгжлийн ахицыг ажиглаж тэмдэглэл хөтлөх хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтрийг ашиглахад багшийн үүргийг дээшлүүлэх дараах арга зам байна гэж үзлээ. Үүнд:
Багш судлаач байх үүрэгтэйн хувьд хүүхдийн хөгжлийг ажиглагч, судлагч байж хүүхдийн хөгжлийг цогц байдлаар нь үнэлж, мэдээлэл цуглуулах явдал юм. Үүний тулд хүүхдийн хөгжлийг ажиглаж тэмдэглэл хөтлөх нь зайлшгүй юм.
Багш дэмжигч менежерийн үүргийг гүйцэтгэж хүүхдийг хөгжүүлэх, тэднийг сургуульд бэлтгэх, хүүхдийн суралцах үйл ажиллагааг чиглүүлэх, бие даан ажиллахад нь туслах үүргийг гүйцэтгэхдээ хяналтын дэвтрийн үзүүлэлтийг ашиглах хэрэгтэй. Сургалтын төлөвлөгөө, хөтөлбөртөө сургуульд бэлтгэгдсэн байдлын үзүүлэлтүүдээс оруулж төлөвлөх, хичээлээ зохион байгуулах, хэрхэн сургуульд бэлтгэгдэж байгааг үнэлэх нь сургалтын төлөвлөгөө, үнэлгээ, ажиглалт, тэмдэглэл цогц байдлаар хийгдэх юм.
Багш мэдээлэгчийн үүргийг гүйцэтгэн хүүхдийн хөгжлийн ахиц, сургуульд хэрхэн бэлтгэгдэж буй талаар хяналтын дэвтрийг эцэг эхэд үзүүлж мэдээлдэг байх хэрэгтэй. Хүүхдийг сургуульд бэлтгэхэд багш, эцэг эхийн хамтын хүчин чармайлт хүүхдийн хөгжилд нөлөөлнө.
Багш мэдээлэхээс гадна зөвлөгч, туслагчийн үүргийг гүйцэтгэнэ. Хүүхдийн хөгжлийг дэмжихэд багшийн бас нэг үүрэг бол тэдний эцэг эхийн сурган хүмүүжүүлэх боловсролыг дээшлүүлэх явдал юм. Эцэг эхтэй хамтран хүүхдээ сургуульд бэлтгэдэг, хэрхэн бэлтгэсэн байдлыг үнэлдэг, ажигладаг, тэмдэглэл хөтлөдөг байх нь зүйтэй. Үүний тулд хичээлийн жилийн эхэнд хүүхдийг сургуульд хэрхэн бэлтгэх, хүүхэд ямар ямар чадварыг эзэмшсэн байх талаар ойлголт мэдээллийг эцэг эхэд өгч байх нь зүйтэй.
Багш зохион байгуулагч үүргийг гүйцэтгэж хүүхдийг сургуульд бэлтгэхэд дан ганц багш биш тэдний анхны багш болох эцэг эх, асран хамгаалагч, хүүхэдтэй ажилладаг хэн бүхэн хамтран ажиллах боломжийг зохион байгуулах хэрэгтэй. Хүүхдийг сургуульд бэлтгэж хөгжүүлэх, хөгжлийн ямар түвшинд байгаад ажиглалт хийж тэмдэглэл хөтлөж, хянаж, үнэлэхэд багшаас гадна тэдний эцэг эх, асран хамгаалагч, туслах багш, цэцэрлэгийн эмч, арга зүйч гэх мэт хүүхэдтэй ойр дотно ажилладаг бүхий л хүмүүс хамтран ажиллаж болно.
Багш зуучлагч байх үүргийг гүйцэтгэж бага ангийн багш нартай хүүхдийг сургуульд бэлтгэх талаар харилцан санал солилцож өөрсдийн ур чадвараа ахиулахад анхаардаг байхаас гадна мэдээллээ эцэг эхчүүдэд дамжуулан зөвлөгөө өгч хамтран ажиллах нь чухал.
Эцэг эхийн сурган хүмүүжүүлэх боловсролыг дээшлүүлэх хөтөлбөртэй байж, өдөр тутмын үйл ажиллагаандаа эцэг эхчүүдийг оролцуулж, хүүхдийг сургуульд бэлтгэх, хөгжүүлэхэд тэдэнтэй хамтран ажиллах нь зүйтэй. (багш нарын ярилцлагаас үзэхэд эцэг эхчүүд цэцэрлэгийн үйл ажиллагаанд төдийлөн өөрсдийн санаачлагаараа ирж оролцдоггүй, багшийн урилга болон зохион байгуулсан нөхцөлд жилд 4-5 удаа ирдэг байна)
Шавийн эрдэм багшаас гэдэг. Хүүхдийн хөгжил багш нараас ихээхэн шалтгаалах тул багш нар боловсролын зэргээ ахиулж бакалавраас доошгүй боловсрол эзэмших (ялангуяа хөдөө сумдын багш нар) хэрэгтэй нь багшийн бэлтгэгдсэн байдлын үзүүлэлтээс харагдаж байна.
Багш нар хүүхдийг сургуульд бэлтгэх талаарх сургалтад хамрагдахаас гадна өөрсдөө бие дааж уншиж судлах, мэдлэг чадвар, заах арга ур чадвараа дээшлүүлэх шаардлагатай.
Цэцэрлэгийн заах аргын нэгдлийн ажлын төлөвлөгөөгөөр хязгаарлах бус бэлтгэл бүлгийн багш нар хүүхдийг сургуульд бэлтгэх, сургууль цэцэрлэгийн залгамж холбоог бэхжүүлэх хөтөлбөртэй байж түүний дагуу үйл ажиллагаа зохион байгуулан хүүхдийн хөгжлийг дэмждэг байхад санаачлагатай ажиллах нь зүйтэй.
Багш нар уламжлалт ёс заншил, түүнтэй холбоотой ном гарын авлагатай байж уншиж судлан сургалтын хөтөлбөртөө ардын ёс заншлаас оруулж төлөвлөдөг, хөтөлбөрийн дагуу хүүхдүүдэд зааж сургадаг байх нь хүүхдийн хөгжилд нөлөөлнө.
Багш нар анги удирдах урлаг, хүүхдийн сэтгэл зүйн онцлогийн талаар уншиж судлан, ажилдаа хэрэгжүүлэхээс гадна хичээлийн сэдэв, зорилготой уялдуудан хүүхдийн насны онцлогт тохирсон сургах тоглоом зохиож сургалтандаа хэрэглэх чадвартай байх хэрэгтэй.



Дүгнэлт

1.    Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн сургуульд бэлтгэгдсэн байдал 90%, багш нар бэлтгэгдсэн байдал 88%-89%-ийн үзүүлэлттэй, эцэг эхчүүдийн хүүхдээ сургуульд бэлтгэсэн байдал 65%-87,9 %, бодлого боловсруулагч шийдвэр гаргагчдын бэлтгэгдсэн байдал 49%-52%-тай байна.
2.    Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлын шалгуур үзүүлэлтийг боловсруулж, тэдэнд гарч байгаа ахиц өөрчлөлтийг ажиглаж тэмдэглэл хөтлөн үнэлэх “Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр”-ийг боловсруулан гаргасан нь багш нар ажилдаа хэрэгжүүлэх аргазүйн , хэрэгцээт материал болж чадсан нь  тогтоогдлоо.
3.    Хүүхдийг сургуульд амжилттай бэлтгэхэд нөлөөлөх нэг чухал хүчин зүйл багшийн мэргэжлийн мэдлэг чадвар нэн чухал.


Энэхүү судалгаанаас  багшийн үүргийг дээшлүүлэх ажлыг улам боловсронгуй болгох санал:
    Хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдлыг “Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр”-ээр үнэлэх энэ аргыг цаашид СӨБ-ын сургалтанд нэвтрүүлбэл үр дүнгээ өгнө гэж бодож байна.
    Багш нар “Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр”-ээр хүүхдийн сургуульд бэлтгэгдэж байгаад ажиглалт хийн тэмдэглэл хөтлөж, хүүхдийн хөгжлийн явц, хандлага, ахицыг бодитой үнэлэх
    Багш нар хүүхдийн хөгжилд гарсан ахицыг эцэг эхэд нь мэдээлдэг байх
    Хүүхдийг сургуульд бэлтгэх талаар хичээлийн жилийн эхнээс эцэг эхтэй хамтран ажиллаж, хүүхэдтэйгээ ажиллах, хяналтын дэвтэрт тэмдэглэл хөтлөх аргыг зааж, тэдний сурган хүмүүжүүлэх боловсролыг  дээшлүүлэх
    Цэцэрлэг төгсөхөд нь эцэг эхэд хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтрийг хүлээлгэн өгдөг болох
    Цэцэрлэгийн бэлтгэл бүлгийн багш нар хүүхдийг сургуульд ороход нь бага ангийн багшид хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн талаар тодорхойлолт бичиж өгөх
    Хувилбарт сургалтын багш нар, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдийн эцэг эх хүүхдээ сургуульд хэрхэн бэлтгэсэн талаар “Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр”-ээр үнэлэх
    Цэцэрлэгийн захиргаа, багшийн үүргийг дээшлүүлэхийн тулд ажлын үр дүнгийн гэрээнд тусгаж ажиллах


Эцэст нь тэмдэглэж хэлэхэд “Хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр” нь хүүхэд, багш, эцэг эх, цэцэрлэгийг холбогч, тэдний хооронд мэдээлэгч, хамтран ажиллах үүргийг нэмэгдүүлж байгаагаараа ач холбогдолтой юм.


НОМ ЗҮЙ
1.    Бага боловсролын стандарт
2.    Бага насны хүүхдийн хөгжил, Үндэсний сургагч багш бэлтгэх сургалтын гарын авлага (2007), Улаанбаатар
3.    Бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих цогц бодлого (2005), Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ийн хүүхдийн сан, Улаанбаатар
4.    Бага насны хүүхдийг хөгжлийн стандартын төсөл (2008), Улаанбаатар, SOGOO NUUR
5.    Бага дунд боловсролын тухай хууль (2002), Улаанбаатар, ТU принтинг ХХК
6.    Батдэлгэр, Ж. Монголхатан, Г. нарын (2009), Сургуульд бэлтгэгдсэн байдлыг үнэлэх арга зүй, Улаанбаатар
7.    Батдэлгэр Ж. Сургуульд хүүхдийг бие хүний талаас бэлтгэх сэтгэл зүйн үндэс, (1994).  Улаанбаатар
8.    Заяа, С. (2009), Бага насны хүүхдийн хөгжил, Улаанбаатар, Оргил хэвлэх үйлдвэр
9.    Зургаан настай хүүхдийн сургуульд бэлтгэгдсэн байдал судалгааны тайлан, (2008),  Улаанбаатар
10.    Наранчимэг Н., Увш П Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдах ажилтны гарын авлага (2001), Улаанбаатар
11.    Нарантуяа, Х. Сургуулийн өмнөх насны хүүхдийн хөгжлийн хяналтын дэвтэр /5 нас/ (2009), Улаанбаатар
12.    Норжхорлоо, Н. Энхмаа, Т. Отгонжаргал, Я. нарын  Бага насны хүүхдийн сургалтын хөтөлбөр Улаанбаатар (2008), “Экимто” ХХК
13.    Норжхорлоо. Н. Бага насны хүүхдийн хөгжил (2001), Улаанбаатар    
14.    Оюунгэрэл, Ц Хүүхдийн цэцэрлэгийн сургалтын орчин (2009), Бага насны хүүхдийн хөгжлийг үнэлэх үнэлгээ, х.57-65, Улаанбаатар
15.    Оросоо, Ш. Батдэлгэр, Ж. Бага насны хүүхдийн бие бялдар-сэтгэцийн хөгжлийн онцлог (1999), Улаанбаатар
16.    Пүрэв-Очир, Б.Бага насны хүүхдийг хөгжүүлэх сургалтын технологи (1999), Улаанбаатар
17.    Санжжав, Д. Сэтгэл судлал (1990), Улаанбаатар
18.    Сургуульд бэлтгэгдсэн байдал (2007), Улаанбаатар:
19.    Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль (2008)
20.    Сургуулийн өмнөх боловсролын стандарт  (2007), Улаанбаатар

Бичсэн: EDUCATION | цаг: 08:09 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


рх
баярлалаа ирмэх ирмэх ирмэх
Бичсэн: Зочин (зочин) цаг: 12:54, 2011-4-2 | Холбоос | |


рх
баярлалаа
Бичсэн: Зочин (зочин) цаг: 12:53, 2011-4-2 | Холбоос | |


hi
mash ih bayarlalaa heregtei medeelel dandaa tabij bayarluulah yum da
Бичсэн: uuganaa (зочин) цаг: 12:07, 2011-1-7 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 714358 удаа нээгдэв.
idiomatic-dormant