2011-11-07
Шинжлэх ухааны судалгааны арга, арга зүйн тухай ойлголт



            Шинжлэх ухааны мэдлэгийн хэмжээ, далайц өсөхийн хирээр болон бодит байгаль, нийгмийн ертөнцийн хууль, зүй тогтлуудыг нээх үйл явцад шинжлэх ухааны танин мэдэхүй нэвтрэн орохын хирээр эрдэмтэн, судлаачдаас энэ мэдлэгийг олж авч буй арга, хэрэгсэлээ ухан ойлгох гэсэн тэмүүлэл улам их болж байна. Эртний соёлын хөгжлийн төгсгөл үеэр танин мэдэхүйн судалгааны асуудал болон ер нь шинжлэх ухааны танин мэдэхүйд ноёрхох байр суурийг философи эзэлж байв. Энэ нь ч санамсаргүй хэрэг биш бөгөөд учир нь тэр үед шинжлэх ухаан нь философийн шинжлэх ухаанаас бие даан салаагүй байсан юм. Тэр ч бүү хэл XYII-XYII зууны үед буюу туршилтын байгалийн шинжлэл бүрэлдэн бий болж байх үед танин мэдэхүйн арга зүйн янз бүрийн асуудлуудын судалгаагаар гол төлөв философчид оролдож байлаа. Гэхдээ энэ үеийн шинжлэх ухаанд хамгийн чухал хувь нэмрийг философийн зэрэгцээ шинжлэх ухааны тусгай салбарт ажиллаж байсан Галилей, Декарт, Ньютон, Лейбниц зэрэг эрдэмтэд оруулсан байдаг.

 

            XIX зууны хоёрдугаар хагасаас эхлэн ялангуяа түүний төгсгөлөөр шинжлэх ухаанд огцом ялгарал гарав. Өөрөөр хэлбэл шинжлэх ухааны танин мэдэхүйн аль нэг салбарыг судалдаг шинжлэх ухааны төрлүүд философоос бие даан салж ирсэн байна. Уламжлалт философийн аргуудын зэрэгцээ энэ үед математик логикын аргууд бий болж, хурднаар хөгжсөн ба түүний дараа магадлалын логик ч хүчтэй хөгжжээ. Энэ шатанд гарч ирсэн байгалийн шинжлэл дэхь шинжлэх ухааны хувьсгалтай холбоотойгоор шинжлэх ухааны түүх ба философийг сонирхох сонирхол хүчтэй болов. Нилээд сүүлд сэтгэл судлал, шинжлэх ухааны социологи зэрэг шинжлэх ухааны мэдлэгийн бие даасан хүрээ хөгжих болж, бидний үед гэхэд л шинжлэх ухааны тухай шинжлэх ухаан болон шинжлэх ухаан судлал зэрэг цоо шинэ салбар бий боллоо. Дээр дурьдсан шинжлэх ухааны салбарууд нь шинжлэх ухааны мэдлэгийн янз бүрийн тал, харилцааг судлахдаа өөрийн гэх онцлог арга, ойлголтын аппаратыг хэрэглэдэг байна. Гэсэн хэдий ч тэдгээрийн судлах зүйл, судалгааны хил хязгаар нь одоог хүртэл гүйцэд шийдэгдээгүй ба шинжлэх ухааны хүчтэй маргааныг араасаа дагуулсаар байна.

 

            Сүүлийн арав гаруй жилд шинжлэх ухааны бэлэн мэдлэгийн байгууламж, бүтцийн судалгааг авч үздэг шинжлэх ухааны логикын салбарт чухал үр дүн гарав. Энэ зорилгоор шинжлэх ухааны логик нь эхлээд сонгодог формаль логикын зарим нэг аргуудыг ашиглаж байсан бол дараагаас нь бэлэг тэмдгийн логикын арга, аппарат хэрэгслийг өргөнөөр ашиглах болжээ. Шинжлэх ухааны мэдлэг нь хэлний тусламжтайгаар илэрдэг учраас шинжлэх ухааны логикт шинжлэх ухааны мэдлэгийг ерөнхийд нь шууд авч үздэггүй харин түүний илрэх хэлбэр буюу шинжлэх ухааны хэлийг авч үздэг байна.

 

            Шинжлэх ухааны судалгааны арга ба арга зүйн асуудлууд нь нийгмийн салбарын сэтгэгчид, эрдэмтэд, философчдийн анхаарлыг бүр эртнээс татсаар иржээ. Гэхдээ шинжлэх ухааны танин мэдэхүйн арга ба хэрэгслийн үндсэн анализыг  сүүлийн хагас зуун жилд л хийх болжээ. Энд гол хүндрэлүүд нь шинжлэх ухааны философи, шинжлэх ухааны арга зүй, шинжлэх ухааны логик зэрэг судалгааны чиглэлүүдийн хүрээг тодорхой бус ялган салгаснаас үүдэн бий болдог. Өнөөг хүртэл дэлхий нийтээрээ эдгээр логик-философийн салбарын судлах зүйл, зорилгын талаар маргаан явагдсаар байна. Гэхдээ ихэнх судлаач эрдэмтэд шинжлэх ухааны философи нь гол төлөв шинжлэх ухааны хамгийн түгээмэл, ертөнцийг үзэх болон танин мэдэхүйн асуудлуудад анализ хийдэг гэдэг дээр санал нэгддэг бол шинжлэх ухааны логик ба арга зүйн тал дээр тэдний санал эрс зөрдөг. Тэдний нилээдгүй хэсэг нь шинжлэх ухааны логикыг шинжлэх ухааны мэдлэгийн бие даасан салбар хэмээн үздэг ба түүнийгээ шинжлэх ухааны арга зүйд багтаадаг байна. Нөгөө нэг хэсэг нь болохоор шинжлэх ухааны арга зүй нь шинжлэх ухааны логикын боловсруулсан олон арга, хэрэгслийг голчлон ашигладаг учраас шинжлэх ухааны логикын нэг хэсэг байх ёстой хэмээн үздэг ажээ.

 

            Ер нь шинжлэх ухааны мэдлэг нь өөрөө судалгааны нарийн төвөгтэй обьект байж, түүний элементүүд нь хэдийгээр хоорондоо холбоо хамааралтай оршдог хэдий ч харьцангуй бие даасан шинжийг илэрхийлдэг учраас ийм санал зөрөлдөөн, маргаан багагүй хэмжээгээр өрнөдөг. Үүний зэрэгцээ шинжлэх ухаанд шинжлэх ухааны шинэ мэдлэг олж авахад чиглэсэн шинжлэх ухааны үйл ажиллагааг (өөрөөр хэлбэл шинжлэх ухааны судалгааны үйл явцыг) энэ үйл ажиллагааны үр дүнгээс ялган салгаж үзэх шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл олж авсан шинжлэх ухааны мэдлэгээс гэсэн үг юм. Үүнээс гадна аливаа шинжлэх ухааны мэдлэг нь бодит ертөнцийн зөвхөн зарим нэг шинж чанар, зүй тогтлын тусгалыг илэрхийлж байдгийг тэмдэглэх хэрэгтэй. Үүнтэй холбоотойгоор шинжлэх ухааны судалгааны обьектыг шинжлэх ухааны мэдлэг болохынхоо хувьд илэрхийлэгдэж байгаа санааны төгс дүрүүдээс нарийн зааглан авч үзэх шаардлага гарна. Гэхдээ шинжлэх ухааны мэдлэг нь материаллаг хэлбэрээр л оршдог бөгөөд ийм хэлбэр нь байгалаас заяагдсан болон янз бүрийн тусгай шинжлэх ухааны зохиомол хэлнүүд байдаг[1].

 

            Мөн түүнчлэн шинжлэх ухааны мэдлэгийн арга, хэрэгсэл нь юуны өмнө шинжлэх ухааны судалгааны явц ба шинэ мэдлэг олж авах арга , хэрэгсэлд бус харин шинжлэх ухааны танин мэдэхүйн үр дүнд чиглэлтэй байдгийг тэмдэглэх хэрэгтэй. Эндээс шинжлэх ухааны судалгааны арга, хэрэгслийг тусгайлан судлах зорилт гарч ирэх ба үүнийг шинжлэх ухааны танин мэдэхүйн арга зүй буюу шинжлэх ухааны арга зүй гүйцэтгэдэг. Ер нь “шинжлэх ухааны арга зүй” хэмээх нэр томьёо нь утгын маш олон янзын илрэлийг агуулдаг байна. Зарим үед шинжлэх ухааны арга зүй нэрийн дор ер нь философийг буюу тухайлбал шинжлэх ухааны философийг ойлгодог. Ер нь философи нь аливаа арга зүйн ертөнцийг үзэх үзлийн үндэс болдог учраас мэдээж хэрэг шинжлэх ухааны судалгааны арга зүй нь философийн шинжлэх ухаантай маш гүнзгий харилцаанд оршино. Гэхдээ энэ нь арга зүйн асуудлууд нь философитой бүрэн давхацдаг гэсэн хэрэг биш билээ. Цөөнгүй тохиолдолд шинжлэх ухааны арга зүй гэсэн нэрийн дор судалгааны хангалттай нийтлэг аливаа аргуудын цогцсыг ойлгодог. Харин ингэж авч үзсэн тохиолдолд тусгай шинжлэх ухаануудын түгээмэл онол-танин мэдэхүйн аргуудын хоорондын ялгаа бараг алга болдог байна. Энэ нь аргын тухай хамгийн ерөнхий сургаал болох арга зүйн судалгааны обьект л болно гэсэн үг[2]. Харин үүнийг шинжлэх ухааны танин мэдэхүйн зарим нэг тусгай арга, хэрэгслийн онолын үндэс хэмээн авч үзсэн тохиолдолд шинжлэх ухааны арга зүйг авч үзэх илүү нарийн, хязгаарлагдмал үзэл бас оршдог. Тухайлбал, бид зарим үед үйлдвэрлэлийн үр ашгийн арга зүй, үнэ бүрдүүлэх арга зүй, удирдлагын арга зүй гэх мэтээр ярьдаг нь үүний жишээ мөн. Хэрэг дээрээ энд бид танин мэдэхүй ба үйл ажиллагааны аргачлалын тухай ярьж байгаа юм. Чухам иймээс шинжлэх ухааны арга зүйн хэт өргөн, хэт нарийн төвөгтэй ойлголтыг энэ шинжлэх ухааны өвөрмөц судлах зүйлийг ялган гаргадаггүй болон түүний ашигладаг өвөрмөц арга, хэрэгсэл, ойлголтуудад анализ хийдэггүйгээс нь үүдээд бид зөв хэмээн хэлэх аргагүй болдог.

 

            Үүний зэрэгцээ анализаас харахад шинжлэх ухааны арга зүйн гол зорилго нь юуны өмнө шинжлэх ухааны танин мэдэхүйн субьектууд ашиглан бодит байдлын тухай шинэ мэдлэгийг авч байдаг шинжлэх ухааны судалгааны тэр арга, хэрэслүүд байдаг байна. Харин судалгааны эдгээр арга, хэрэгслүүд нь шинжлэх ухааны танин мэдэхүйн явцад хэрэглэгддэг учраас энд ер нь арга зүйн тухай бус харин шинжлэх ухааны судалгааны болон эсвэл танин мэдэхүйн арга зүйн тухай ярих ёстой юм. Ийм шинж чанар нь шинжлэх ухааны арга зүйн судлах зүйлийг шинжлэх ухааны логикоос илүү харагдахуйцаар ялган өгдөг. Хэрэв шинжлэх ухааны логикын үндсэн зорилт нь бэлэн мэдлэгийн бүтцийн анализ байдаг бол шинжлэх ухааны судалгааны арга зүй нь шинэ мэдлэг олж авахад хэрэглэгддэг танин мэдэхүйн арга, хэрэгслүүдэд анализ хийдэг байна. Арга, хэрэгслийн тусламжтайгаар танин мэдэхүйн субьект нь урьдчилан тавьсан зорилгоо хэрэгжүүлэх үүднээс тодорхой үйлдлийг гүйцэтгэдэг. Эдгээр зорилтууд нь практик шинжтэй байхын зэрэгцээ, танин мэдэхүйн болон онолын шинжтэй байж болно. Шинжлэх ухааны хувьд гол төлөв танин мэдэхүйн асуудлуудтай тулгардаг ба тэр нь өөрийн ээлжиндээ эмпирик ба онолын, үнэлгээний, аргачлалын, арга зүйн гэж хуваагддаг. Иймээс шинжлэх ухаан дахь асуудал бүр түүнийг шийдэх тодорхой арга, хэрэгсэлтэй байдаг ба гэхдээ энэ нь аливаа шинэ асуудлыг шийдэх бүртээ өвөрмөц аргууд бий болгоод байна гэсэн хэрэг биш юм.

 

            Аливаа шинжлэх ухаанд практик дээр баталгаажсан судалгааны арга, хэрэгслүүдийн цогцсыг ялган авч үзэж болно. Эдгээрийн зэрэгцээ шинжлэх ухааны салбаруудын өргөн хэмжээний бүлэглэлүүдэд ерөнхий байдлаар ашиглагддаг судалгааны аргууд ч бас бий. Үүнээс гадна танин мэдэхүйн түгээмэл шинжтэй аргууд ч байдаг. Ерөнхий шинжтэй аргуудад юуны  өмнө философийн шинжлэх ухааны боловсруулсан судалгаа, үйлдлийн диалектик арга багтдаг бол түгээмэл аргуудад формаль логик ба математикийн аргууд хамаардаг.

 

            Шинжлэх ухааны судалгааны арга зүй нь гол төлөв эрдэмтдээс  шинжлэх ухааны судалгааны эмпирик болон онолын шатанд ашигладаг танин мэдэхүйн арга, хэрэгсэлд анализ хийдэг байна. Тухайлбал, туршилт, ажиглалт, хэмжилтийг тодорхой аргаар хэрэгжүүлсэнээрээ шинжлэх ухааны арга зүй нь аливаа туршилт, хэмжилт, судалгаанд зуршмал байдаг голлох шинжүүдийг ялган авч үздэг. Тэгвэл тодорхой, тусгай шинжлэх ухааны судалгааны аргууд нь шинжлэх ухааны арга зүйгээр судлагддаг аргуудтай ямар харьцаанд орших вэ гэсэн асуулт гарч ирнэ. Арга зүй нь бараг онцлог шинжлэх ухаан болохынхоо хувьд тусгай шинжлэх ухаануудын нээсэн судалгааны тэр аргуудын боловсруулалт, хөгжилтийн зайлшгүйтэй холбоотойгоор бий болжээ. Жишээ нь судалгааны тусгай арга болох туршилтыг механикийн салбарт анх удаа үр бүтээлтэйгээр хэрэглэж эхэлсэн байна. Гэхдээ цаашдын хөгжлийн явцад туршилт нь шинжлэх ухаанд илүү өргөн хүрээнд тархсанаас үүдэн түүнийг судалгааны бие даасан эмпирик арга болохынх нь хувьд ялган авч үзэх асуудал босож ирэв. Ийм жишээг мөн зарим нэг онолын аргуудын хувьд ч хэлж болно. Тухайлбал, шинжлэх ухааны мэдлэгийг байгуулах аксиоматик арга нь удаан хугацааны туршид зөвхөн математикийн шинжлэх ухааны арга хэмээн тооцогдож байв. Харин өнөөдөр тэрээр хэлбэржсэн хэл байгуулах үндсэн арга болдог шинжлэх ухааны логикыг тооцохоо больё гэхэд физик, онолын биологи, хэл шинжлэл зэрэг математикийн бус салбарт ч улам өргөнөөр хэрэглэгдэх болжээ. Анализ хийх явцдаа шинжлэх ухааны арга зүй нь тодорхой шинжлэх ухаанаас бүрэн тусгаарлагдах ба зөвхөн энэ үндсэн дээр л тэрээр өөрийн онолын боловсруулалтийг хийж, практик зөвлөмжөө гаргадаг. Үүнтэй холбоотойгоор шинжлэх ухааны арга зүйг ихэвчлэн онолын салбар ба норматив салбар хэмээн үздэг. Онолын салбар болохынхоо хувьд тэрээр шинжлэх ухааны танин мэдэхүйн зорилгоос хамааралтайгаар судалгааны аргуудыг системчлэгч онол боловсруулахыг гол зорилгоо болгодог бол норматив салбар болохынхоо хувьд тэмдэглэсэн зорилгоо тодорхой ажиллагаа, судалгааны аргуудын тусламжтайгаар хамгийн боломжтой байдлаар хэрэгжүүлэхийг зорьдог[3].

 

            Үүнээс гадна шинжлэх ухааны судалгааны арга зүй нь танин мэдэхүйн ерөнхий арга зүйн хэсгүүдийг бүрдүүлддэг боловч, энэ нь онолын болон практик талаасаа хамгийн гол, чухал хэсгүүд нь билээ. Тэрээр судалгааны аргын хамгийн өвөрмөц шинжүүд ба илрэлүүдийг авч үздэг ба өөрөөр хэлбэл эдгээр аргуудыг тэдгээрийн нийтлэг шинжээр нь болон шинжлэх ухааны танин мэдэхүйн түвшнээр нь нээж байдаг. Ийм анализ нь танин мэдэхүйн ерөнхий аргуудын аль нэг онцлог шинжийг судлах болон бусад олон шинжлэх ухааны салбаруудад хэрэглэгддэг аргуудыг судлахыг зорилгоо болгодог нилээд хэмжээний өвөрмөц онолууд бий болсоны хүчээр ашиглахад ихээхэн дөхөмтэй болжээ. Тухайлбал, туршилтын математик онол нь туршилтыг төлөвлөж, үр дүнд нь боловсруулалт хийж байдаг чухал тоон аргуудыг нээдэг байна. Түүнээс гарсан дүгнэлт болон зөвлөмжийг өнөөгийн бараг бүх судлаач, туршигчид тооцон үзэх шаардлагатай байдаг. Иймэрхүү зүйлийг тогтолцооны болон бүтэц-үүргийн анализ эсвэл загварчлалын арга зэрэг ерөнхий онолын аргуудын хувьд хэлж болно.

 

            Нэг үгээр хэлбэл аргын тухай хамгийн ерөнхий сургаал болох арга зүй нь судалгааны бие даасан ч тэр ерөнхий ч тэр арга болдоггүй байна. Тэрээр юуны өмнө шинжлэх ухааны үнэнд хүрэх явц дахь эдгээр аргуудын бололцоо, хил хязгаарыг судалдаг. Иймээс түүнийг шинжлэх ухааны танин мэдэхүйн хэлбэр ба аргуудыг судалдаг танин мэдэхүйн онолын тусгай хэсэг хэмээн үзэх нь шударга хэрэг болно. Ийнхүү хэрэв гносеологи буюу танин мэдэхүйн онол нь гол зорилгоороо танин мэдэхүйн явцын ерөнхий зүй тогтол, түүний түвшин, хэлбэрийг судлахыг урьтал болгодог бол методологи буюу арга зүй нь өөрийн гол анхаарлаа танин мэдэхүйн арга, хэрэгслийн түвшний судалгаанд голчлон чиглүүлдэг байна. Шинжлэх ухааны судалгааны ийм ялгарал нь танин мэдэхүй ба арга зүйн харилцан хамаарал, харилцан нөхцөлдөөг үгүйсгэдэг гэсэн хэрэг биш. Шинжлэх ухааны танин мэдэхүйн аргын судалгаанд танин мэдэхүйн онолын судлах зүйлийн анхаарлын төвд байдаг шинжлэх ухааны танин мэдэхүйн өөрийнх нь явцын ерөнхий зүй тогтлыг тооцохгүй байхын аргагүй. Харин эсрэгээрээ арга зүйн судалгааны үр дүн нь танин мэдэхүйн онолын ерөнхий төрхийг илүүтэй баяжуулж, өргөжүүлж, тодорхой болгож өгдөг байна[4].

 

            Үүний зэрэгцээ хүмүүсийн шинжлэх ухааны болон практик үйл ажиллагааны үр дүн хэн үйл ажиллагаа явуулж байгаа (субьект) ба танин мэдэх үйл ажиллагаа юунд чиглэж байгаагаас (обьект) хамаардаг төдийгүй мөн танин мэдэх үйл явц ямар арга, хэрэгслээр хэрэгжиж байгаагаас шалтгаалдгийг тэмдэглэх хэрэгтэй. Тухайн тохиолдолд юуны өмнө шинжлэх ухааны танин мэдэхүй буюу эсвэл судалгааны аргын асуудлын тухай яригдаж байгаа юм. Үүнтэй холбоотойгоор шинжлэх ухааны танин мэдэхүйн аргын тухай асуудал Шинэ үеийн тооллоос эхлэн философийн болон шинжлэх ухааны сэтгэлгээний анхаарлын төвд байсаар иржээ. Түүнийг шинжлэх ухааны янз бүрийн тэр тусмаа эсрэг тэсрэг шинжтэй урсгалуудын хүрээнд хэлэлцсээр ирсэн ба одоо ч идэвхитэй авч үзсээр байна. Нэрт философч, сэтгэгч Ф.Бэкон аргыг харанхуйд зам заагч дэнлүүтэй харьцуулан үзсэнээрээ буруу замаар явсан тохиолдолд ямар нэг асуудлыг авч үзэх тал дээр амжилт гаргана гэдэгт найдаад хэрэггүй хэмээн бичиж байв. Тэрээр танин мэдэхүйн субьектэд үнэнд хүрэх хамгийн дөт замыг заагч аргыг боловсруулахыг зорьж байлаа. Ийм аргаар тэр судлаачийн сэтгэл санааг нэгж зүйлсээс ерөнхийд, эмпирик анализ, ажиглалт, туршилтаас бодит ертөнцийн шалтгаан, хуулиудад хүргэдэг индукцийн аргыг авч үзжээ. Нөгөө нэг алдарт философч Р.Декарт нь танин мэдэхүйн хамгийн шилдэг арга бол судлаачийн сэтгэл санааг ерөнхийгөөс нэгж зүйлд чиглүүлдэг дедукцийн арга мөн гэж үзжээ. Мөн танин мэдэхүйн арга зүйн асуудалд томоохон хувь нэмрийг немцийн сонгодог философчид (Г.Гегель), материалист философчид (танин мэдэхүйн диалектик аргыг боловсруулсан К.Маркс) оруулсаныг тэмдэглэх хэрэгтэй.

 

            Шинжлэх ухааны танин мэдэхүйн арга ба арга зүйн асуудал орчин үеийн өрнөдийн философид чухал байр эзэлдэг. Тэрээр шинжлэх ухааны философи, позитивизм, постпозитивизм, структурализм, постструктурализм, аналитик философи, герменевтика, феноменологи зэрэг урсгал чиглэлүүдэд тусгалаа олсон байна.

 

            Хүмүүсийн танин мэдэхүйн болон практик үйл ажиллагаанд аргын гүйцэтгэх чухал үүргийг томоохон эрдэмтэд цохон тэмдэглэсээр иржээ. Тухайлбал, нэрт физиологич И.Павлов “Арга бол хамгийн анхдагч, үндсэн зүйлс мөн. Аргаас судалгааны бүхий л чухал шинж хамаарна. Бүх зүйлд аргад зангидагддаг. Сайн аргатай байсан цагт авьяаслаг бус хүн ч гэлээ олон зүйлийг бүтээж болно. Харин муу аргатай үед агуу хүн ч хүч хөдөлмөрөө талаар үрж, юуг ч олж авч чадахгүй”[5] гэсэн байдаг.

 

            Дээр дурьдсан бүхнээс үүдээд шинжлэх ухааны танин мэдэхүй ба судалгааны “арга”, “арга зүй”, аргачлал” гэсэн ойлголтуудын тодорхойлолтыг томьёолох оролдлого хийе.

 

            “Арга” (грекийн теthodos буюу танин мэдэх хэрэгсэл гэсэн утгатай) гэсэн ойлголт нь өргөн утгаараа “ямар нэг зүйлд хүрэх зам” гэсэн утгатай буюу аливаа хэлбэрт субьектын үйл ажиллагааны хэрэглэж буй хэрэгсэл юм. Өөрөөр хэлбэл арга бол бодит байдлыг танин мэдэх, практикаар өөрчлөх зам, хүмүүсийн (субьектуудын) практик болон танин мэдэх үйл ажиллагааг зохицуулагч хэрэгсэл, зарчмуудын тогтолцоо мөн. Энэ тодорхойлолтоос аргын үндсэн үүрэг нь танин мэдэх явцын дотоод зохион байгуулалт, зохицуулалт эсвэл аль нэг обьектыг практикаар өөрчлөх ажиллагаанд оршино гэсэн дүгнэлт гарч ирдэг. Иймээс арга нь танин мэдэхүй ба үйл ажиллагааны тодорхой дүрэм, хэрэгсэл, хэм хэмжээний цогцос болдог. Энэ бол танин мэдэхүйн субьектыг шинжлэх ухаан-практикийн тодорхой зорилтуудыг шийдэх, хүний үйл ажиллагааны аль нэг хүрээнд тодорхой үр дүнд хүргэхэд чиглүүлэх ёстой зарчим, шаардлагуудын тодорхой тогтолцоо юм. Хэрэв арга зөв байвал тэрээр үнэнд хүрэх эрэлхийллийг илүү зохистой болгож, хүч, хугацаа их хэмжээгээр хэмнэж, зорьсон зорилгодоо хамгийн дөт замаар хүрэх бололцоог олгодог. Жинхэнэ үнэн арга нь танин мэдэхүйн субьект аливаа алдаанаас зайлсхийн өөрийн замаа тавих ёстой луужингийн үүргийг гүйцэтгэдэг.

 

            Харин “арга зүй” гэсэн ойлголт хоёр үндсэн утгыг илэрхийлдэг. Энэ нь нэгдүгээрт, арга зүй нь шинжлэх ухаан, улс төр, урлаг зэрэг үйл ажиллагааны аль нэг төрөлд хэрэглэгддэг тодорхой арга, хэрэгслүүдийн тогтолцоо, хоёрдугаарт, энэ тогтолцооны тухай сургаал буюу үйл явц дахь онол, аргуудын ерөнхий онол гэж тайлбарлах явдал юм. Өөрөөр хэлбэл арга зүй гэдэг нь бодит байдлыг шинжлэх ухаанаар танин мэдэх, өөрчлөх аргуудын тогтолцооны тухай философийн сургаал, мөн шинэ мэдлэг олж авах зорилгоор диалектик ба шинжлэх ухааны зарчим, категори, хуулиудыг танин мэдэх үйл явц, практикт хэрэглэх тухай сургаал мөн.

 

            Танин мэдэхүйн үйл явцад арга зүй нь танин мэдэх болон практик үйл ажиллагааны стратегийг боловсруулж, дараах үндсэн үүргүүдийг гүйцэтгэнэ. Үүнд:

1.      Шинэ, үнэн мэдлэгийг олж авах зорилгоор шинжлэх ухааны судалгааны явцыг зөв замаар чиглүүлэх

2.      Танин мэдэхүй ба практик явцад арга, хэрэгслүүдийг зохицуулах

3.      Мэдлэгийн янз бүрийн хэлбэрүүдэд шинжлэх ухааны танин мэдэхүйн үр дүнг нэгтгэн дүгнэх

4.      Шинжлэх ухааны судалгааны ерөнхий зарчим, аргуудыг боловсруулах эдгээр болно[6].

 

Танин мэдэхүй, практикын түүх болон өнөөгийн нөхцөл байдал бидэнд аливаа аргууд, үйл ажиллагааны зарчмын тогтолцоонууд нь онолын болон практик асуудлуудыг тэр бүр амжилттай шийдээд байдаггүйг харуулж байна. Учир нь судалгааны үр дүн төдийгүй мөн түүнд хүргэх арга зам хүртэл үнэн байх ёстой юм.

 

Шинжлэх ухааны судалгааны явцад шинжлэх ухаан-практикын тодорхой зорилтуудын дараалалт шийдэл болон түүнд хэрэглэж буй аргуудын цогц ба дэгийг илэрхийлдэг “шинжлэх ухааны танин мэдэхүйн аргачлал” гэсэн ойлголтыг зөв хэрэглэх шаардлагатай.

 

Шинжлэх ухааны танин мэдэхүйн явцад тодорхой арга ба арга зүйг хэрэглэсэнээрээ хэт туйлчилсан байдалд орж болохгүй. Өөрөөр хэлбэл нэг талаасаа аливааг хэтэрхий дөвийлгөх ба нөгөө талаасаа шинжлэх ухааны судалгаанд түүний гүйцэтгэх үүргийг дутуу үнэлж болохгүй гэсэн үг юм. Хэрэв аргуудыг шинжлэх ухааны болон үйл ажиллагааны бусад салбарт “гол шугам” болгон хэрэглэхгүйгээр харин баримт фактуудыг харуулагч бэлэн дараалал мэтээр авч үзвэл аливаа арга бүр үр дүнгүй, тэр ч бүү хэл үр ашиггүй болно. Аливаа аргын гол зориулалт юуны өмнө тохирох зарчмуудын үндсэн дээр тодорхой танин мэдэхүй ба практик асуудлуудыг амжилттай шийдвэрлэхэд оршдог.

Үүний зэрэгцээ арга ба арга зүй гэсэн ойлголтыг авч үзэхдээ зөвхөн философийн болон шинжлэх ухааны дотоод хүрээгээр нь хязгаарлах төдийгүй мөн нийгэм-соёлын илүү өргөн утгаар авч үзэх шаардлагатай. Энэ нь нийгмийн хөгжлийн тухайн шатанд шинжлэх ухаан үйлдвэрлэлийн холбоо, шинжлэх ухааны нийгмийн ухамсрын бусад хэлбэрүүдтэй харилцан үйлчлэх үйлчлэл, арга зүй ба үнэт зүйлсийн чиглэлүүдийн харьцаа, субьектын үйл ажиллагааны онцлог болон нийгмийн бусад хүчин зүйлсүүдийг тооцон үзэх нь зайлшгүй гэсэн үг юм. Ийм тохиолдолд аргуудыг хэрэглэх нь урсгалаараа буюу ухамсартай байж болно. Гэхдээ зөвхөн бололцоо, хэмжээнийх нь ойлголтод тулгуурласан аргуудын ухамсартай хэрэглээ л танин мэдэхүйн субьектуудын үйл ажиллагааг бусад адил нөхцөл байдалд илүү зохистой, үр дүнтэй болгодог байна.  

 

Аливаа нэг аргын үр ашигтай шинж нь юуны өмнө онолын агуулгат, гүнзгий, суурь шинжээр нөхцөлддөг. Мөн өөрийн ээлжиндээ “арга нь тогтолцоог илүү өргөн хүрээтэй болгож” буюу өөрөөр хэлбэл шинжлэх ухааны цаашдын хөгжил, тогтолцоо болох онолын мэдлэгийн гүнзгийрэлт, мөн түүнчлэн практик дахь түүний материаллаг болон обьектив шинжийг олох ажиллагаанд ашиглагддаг. Шинжлэх ухааны хөгжил нь байгалийн шинэ үзэгдлүүдийг олж тогтоон түүний захирагддаг хуулиудыг нээхэд чиглэгдэнэ. Энэ нь гол төлөв судалгааны шинэ аргуудыг бий болгосны үрээр хэрэгждэг байна.

 

Үүнтэй холбоотойгоор “онол” ба “арга” гэсэн ойлголтууд нь хоорондоо төсөөтэй байхын зэрэгцээ утгын хувьд ялгаатай байдаг. Тэдний төсөөтэй шинж нь тэд харилцан холбоотой бөгөөд өөрсдийн адил шинжээ бодит байдлын тусгал болох нэгдлээрээ илэрхийлдэг. Харилцан хамааралдаа нэгдмэл болохынхоо хувьд онол ба арга нь хоорондоо нарийн ялгаагүй боловч, бас нэг адил зүйл биш юм. Тэд бие биедээ харилцан шилжиж байдаг. Гэхдээ арга нь мөн бодит мэдрэхүй болох практик ба нийгмийг өөрчлөгч үйл ажиллагаанд чиглэж байдаг учраас арга бол шинжлэх ухааны судалгааны практикт хандсан онол мөн гэсэн үндэслэл нь тогтсон зүйл биш юм. Нарийн яривал арга нь үйл ажиллагаанд орж “өөрийн хурц үзүүрээрээ” бодит байдлыг цаашид танин мэдэх ч бус мөн практикийн явцад түүний өөрчлөгдсөн хэлбэрт чиглэсэн тэр л онол билээ.  

 

Иймээс шинжлэх ухааны онол ба шинжлэх ухааны танин мэдэхүйг бүрэн адилсгаж болохгүй ба аливаа онол нь нэг зэрэг танин мэдэхүйн арга болж байдаг хэмээн үзэж болохгүй. Арга онолтой шууд адилсдаггүй ба онол танин мэдэхүйн арга биш харин түүнээс гарч ирж буй арга зүйн үндэслэл, шаардлага, зохицуулагч болдог учраас онол нь бас шууд арга биш юм. Онол ба аргын үндсэн ялгаа дараах байдлаар илэрнэ. Үүнд:

·         Онол бол шинжлэх ухааны танин мэдэхүйн өмнөх когнитив үйл ажиллагаа бол арга нь дараагийн танин мэдэх үйл ажиллагааны эхлэх цэг, урьдач нөхцөл байдаг.

·         Онолын гол үүрэг тайлбарлах, урьдчилан хэлэх (үнэнийг олох, хууль, зарчмуудыг нээх зорилгоор) байдаг бол арга нь шинэ мэдлэг олж авах тал дээр танин мэдэхүйн субьектыг зохицуулж, чиглүүлж байдаг.

·         Онол бол танин мэдэхүйн обьектын мөн чанар, зүй тогтлыг тусгагч төгс дүрүүдийн тогтолцоо байдаг бол арга нь бодит байдлыг цаашид танин мэдэх, өөрчлөх хэрэгсэл болдог зохицуулалт, дүрэм, урьдчилан харах зэргийн тогтолцоо мөн.

·         Онол нь гол төлөв асуудлыг шийдэхэд чиглэж, тухайн обьект юуг илэрхийлж байгаа тал дээр хариулт өгөхийг оролддог бол арга нь обьектыг судлах, өөрчлөх арга, механизмыг илрүүлэхэд голчлон чиглэдэг байна.  

 

Ингэснээрээ онол, хууль, категори болон бусад хийсвэр ойлголтууд нь арга болдоггүй ажээ. Арга зүйн үүргээ биелүүлэхийн тулд тэдгээр нь тайлбарлах байр сууринаасаа аргуудын зохицуулагч зарчмуудад тохирон өөрчлөгдөх ёстой. Харин аливаа арга бусад аргуудтайгаа болон бусад онолуудтай шалтгаацалд оршдог байх ёстой. Арга тус бүр юуны өмнө өөрийн судалгааны обьектоороо нөхцөлдөнө. Иймээс арга нь өөрчлөгдөшгүй зүйл биш бөгөөд өөрийн үйл ажиллагааг чиглүүлсэн обьектын агуулгатай хамт өөрчлөгдөж байдаг. Энэ нь танин мэдэхүйн эцсийн үр дүн үнэн байдаг төдийгүй мөн түүнд хүргэх зам ч үнэн байх ёстой гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл энэ нь тухайн обьектын өвөрмөц шинжийг илрүүлэгч арга гэсэн үг билээ.

 

Аргын үнэн байх шинж нь обьектын агуулгаар нөхцөлдөх ба өөрөөр хэлбэл судалж буй обьектынхоо мөн чанарын тухай асуудалтай салшгүй холбоотой. Өөрийн судалж буй обьекттой нөхцөлдөж байдагийн хувьд арга нь цэвэр обьектив үзэгдэл бас биш бөгөөд мөн цэвэр субьектив байгууламж ч биш юм. Шинжлэх ухааны арга нь “обьектив ертөнцийн субьектив тусгал хэмээн авч үзсэн хүний сэтгэхүйн дотоод зүй тогтолцоо болохын зэрэгцээ ертөнцийг тайлбарлах, өөрчлөх хэрэгсэл болгох зорилгоор ухамсартай, төлөвлөгөөтэйгээр ашиглаж буй хүний ухамсар дахь обьектив зүй тогтол” байдагт хэргийн учир оршино. Иймээс арга бий болох явцыг хүмүүсийн тархи, ухамсарт эрэх бус харин бодит байдлаас эрэх хэрэгтэй. Гэхдээ бодит байдал дахь хамгийн шаргуу эрэлхийлэл хүртэл амжилтад хүргэдэгүй ба бид зөвхөн байгаль, нийгмийн обьектив хуулиудыг л олж тогтоодог.

 

Арга нь обьектив зүйл давамгайлсан субьектив ба обьектив зүйлсийн нарийн төвөгтэй диалектикт бий болж, оршиж, хөгжиж байдаг хэмээн үзэж болно. Энэ утгаараа аливаа арга нь агуулгаараа обьектив байдаг. Үүний зэрэгцээ тэрээр хэлбэрийн хувьд субьектив ба учир нь түүний “зөөгч” нь тухайн арга зориулагдсан танин мэдэхүйн тодорхой субьект байдаг байна.    

Эндээс эшлэл авсан хүмүүс блог дурдахаа мартав. Зохиогчийн эрхтэй шүү!!!
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1736582 удаа нээгдэв.