2012-01-20
“Суралцагчийн сурах арга барил, хөгжилд эцэг эхчүүдийн оролцох оролцоо”

1. Хураангуй

 Боловсрол нь нийгмийн харилцааны хамгийн түгээмэл хэсэг бөгөөд боловсролын харилцаанд оролцохгүй нэг ч иргэн, хувь хүн гэж үгүй. Боловсролын харилцааны гол цөм болох сургууль нь үйлчилгээний байгууллага гэдгээ хэзээ ямагт санаж үйлчлүүлэгчид болох суралцагч, тэдний эцэг эхчүүдийн сэтгэл ханамж, эрэлт хэрэгцээнд нийцсэн үйл ажиллагаа явуулахыг эрхэмлэдэг.

Энэ эрхэм зорилгод хүрэхийн тулд багш суралцагч эцэг эхийн хамтын ажиллагаа, харилцан үйлчлэл нэн чухал. Өөрөөр хэлбэл эцэг эхчүүдийг гэсэн боловсрол сургалтын нэгэн хэсэг болохыг ойлгуулах хүн бол багш  юм гэсэн санааг энэхүү өгүүлэлдээ хөндөхийг зорьлоо.

Мөн шинэ зууны боловсролын томоохон зорилт нь хүн өөрөө өөрийгөө таньж нээх боломжийг бий болгож улмаар өөртөө таарч тохирох аргаар бие даан хөгжиж сурахад чиглэж байгаа билээ, Үүний тулд хүн амыг сургаж ирсэн, сурч ирсэн арга барилыг шинэчлэх хэрэгцээ үүсэж байна. Энэхүү хэрэгцээнд тулгуурлан хүүхдийн суралцах арга барилыг дэмжиж хөгжүүлэхэд эцэг эхчүүдийн гүйцэтгэх үүрэг чухлаар тавигдаж байна.  

Эцэг эхчүүд хүүхдийнхээ суралцах арга барилд тодорхой нөлөө үзүүлж чадвал сурлагын амжилтын чанар дээшлэх төдийгүй Монголын Боловсролын хөгжилд ч шинэ дэвшил авчирна.      

 

2. Түлхүүр үгс


Боловсрол, Багш, Хэрэгцээ, Сурах арга  барил, Харилцаа, Мэдлэг, Мэдээлэл, Эцэг эх, Суралцагч

 


3. Удиртгал

 
  Европын Холбооны Темпусын “OUTREACH“ төслийн хугацаа өндөрлөх цаг мөч хаяанд иржээ. Энэхүү хоёр жилийн хугацаанд хөдөөгийн багш бид өдөр тутмын үйл ажиллагаандаа бүтээлч эргэцүүлэл хийж, өөрийн практик үйл ажиллагааг үнэлж дүгнэх арга барилыг 1-р модулиар суралцсан бол бусад модулиар нь өөрийн ажилд тулгамдаж буй асуудлуудыг илрүүлж түүнийг шийдвэрлэх арга зам хайх, үйлийн судалгаа хийх судалгааны өгүүлэл бичих чадварыг эзэмшсэн билээ.

            Төслийн сүүлийн модулиар өмнөх модулиудаар сурч эзэмшсэн судалгааны ажлын арга барилаа улам боловсронгуй болгох эрхэм зорилгыг өмнөө тавьж ажилласан.

            Орчин үед дэлхий дахинаа сургалтад багшийн гүйцэтгэх үүрэг ихээхэн өөрчлөгдөж байгааг тухайлбал :

 -Багш бэлэн мэдлэг дамжуулахаас илүү суралцагчдын хэрэгцээ сонирхол, онцлог зэргийг судалдаг судлаач багш байх ёстойг шаардаж байна.

            Сургуулийн амьдрал гэдэг бол бүхэлдээ  судалгааны  объект болохыг багш би өмнө нь анзаардаггүй судлаачийн нүдээр харахгүй урсгалаараа явж ирсэн юм байна гэдгээ ойлголоо.

            Багш бидний өмнө шийдвэрлэж чадахгүй байгаа, шийдвэрлэхэд нэмэлт мэдлэг, арга хэрэгсэл хэрэг болох зөрчил, бэрхшээл зөндөө тулгардаг гэдгийг мэргэжил нөхөдтэйгөө ам нээн ярилцахдаа илрүүлсэн болно.

Дараах чиглэлээр сургуулийн багш нартайгаа санал бодлоо солилцож судалгааны асуудлаа томъёолон гаргаж ирэхийг зорилоо. Үүнд :

1.      Бидэнд өнөөдөр ямар ямар асуудлууд тулгамдаж байна вэ?

2.      Сургах сурах үйл явцтай холбоотой асуудал мөн үү ?

3.      Түүнийг шийдвэрлэхэд бид нөлөөлж чадах уу ?

4.      Энэхүү асуудал нь бидэнд үнэхээр тулгамдаж байна уу? …

            Багш нар өөрт тулгамдаж байгаа асуудлыг янз бүрээр томъёолон гарган ирж байсны дотроос сургалтын орчин хангалтгүй хэмжээнд байдаг, суралцагчийн сурах идэвх хандлага сул, багшийн цалин хөлс, урамшуулал бага, багшийн ажлыг үнэлэх үнэлэмжийн талаар хамгийн их дурьдаж байлаа.

            Өнөөдөр Монголын Боловсролын тогтолцоонд багш бүрийн хэлдэг нэг бэрхшээл нь  “ Хүүхдүүд юм хийхгүй, сурах идэвхгүй, …”  гэсэн гомдол байдаг нь манай сургуулийн амьдралд ч байна. Нэгэнт л суралцагч сурах идэвх зүтгэл гарган чин сэтгэлээсээ  юм мэдэхийг хүсэхгүй бол багш хичнээн мэрийж ажиллаад ч олигтой үр дүн гарахгүй нь ойлгомжтой. Ёстой л нөгөө Монголчуудын хэлж заншсанаар “Дургүй ламд дарж байж сахил хүртээнэ” гэгч юм болно.  Иймд суралцагчийн хичээл чармайлт багшийн хүссэн хэмжээнд хүрэхгүй, багш шавь хоёр тэр бүр бүрэн ойлголцож чадахгүй байх нь зөрчилд хүргэдэг.  Энэхүү зөрчлийг арилгах, шийдвэрлэхэд гүүр болох хүчин зүйл бол яах аргагүй суралцагчийн эцэг эх юм.

            Багш – Суралцагч - Эцэг эхийн хамтын ажиллагаа сургалтын тулгын гурван чулуу юм.  Энэ гурвын нэгний нь үйл ажиллагаа зогсонги, идэвхгүй байдалд орвол  “ Сургалт “хэмээх гал хүссэн хэмжээнд хүртэл дүрэлзэн асаж чадах билүү ?

            Боловсролын хөгжилд түүний үйлчилгээнд хамрагдагсадын оролцоо, дэмжлэг хүчтэй нөлөөлдөг гэж эрдэмтэд үздэг байна. Сургуулийн хөгжилд чанарын өөрчлөлт гаргахад нийт эцэг эхийн оролцоо, дэмжлэг  ихээхэн нөлөөлдөг хүчин зүйлийн нэг ажээ. Манай улсын аль ч түвшний сургуулийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо тун хангалтгүй байдаг гэдэгтэй ихэнх багш сурган хүмүүжүүлэгчид санал нэгтэй байдаг.

            Ярилцаж суусан манай багш нар ч дээрхтэй санал нэг байсан бөгөөд эцэг эхийг өөрсдийн сургалтын үйл ажиллагаанд татан оролцуулж чадвал сурагчдын сурах идэвх санаачлага, сонирхолд нь ахиц дэвшил гарна гэсэн шийдэлд хүрсэн бөгөөд  миний бие ч гэсэн үүнтэй санал нэгдсэн билээ.

            Харин эцэг эхийн оролцоог яг ямар арга замаар, ямар арга барилд тулгуурлан дэмжиж чадвал бид зорьсон зорилгодоо хүрэх боломжтой болох талаар судалгааны ажилдаа тусгахыг оролдлоо. Өөрөөр хэлбэл миний судалгааны гол зорилго бол суралцагчийн сурах арга барил төлөвшилд эцэг эхийн гүйцэтгэх үүрэг юу байх ёстой вэ, түүнийг нь багшийн зүгээс хэрхэн дэмжин  ажиллаж чадвал сургалт үр дүнтэй, сэтгэл ханамжтай болох вэ гэсэн асуудал юм.

            Багш нар суралцагчийн эцэг эхтэй хамтран ажиллах нь огт шинэ зүйл бус бөгөөд боловсролын тогтолцооны бүхий л үеийн туршид энэ үйл ажиллагаа байсаар байсан, мэдээж байх ч болно. Гэхдээ 1998 онд улсын хэмжээнд явуулсан “Багшийн нийгмийн асуудал” судалгааны хэсгээс харахад судалгаанд оролцсон багш нарын 80.68 %  – 85.67 % нь  эцэг эхийн хурал хийх, хүүхдийн сурлага төлөвшлийн талаар уулзах зэрэг уламжлалт аргаар л эцэг эхтэй хамтран ажилладаг гэсэн  бөгөөд мөн эцэг эхчүүд сургуульд ямар дэмжлэг үзүүлдэг вэ ? гэсэн асуултанд багш нарын 75% нь  огт тусалдаггүй,4.51% нь малаар, 2.51% нь хүнсний ногоогоор% 1.57% нь  түлээ түлшээр тусалдаг гэж хариулсан байна. Үүнээс үзэхэд сургууль, багшийн үйл ажиллагаанд эцэг эхийн оролцоо, дэмжлэг   хангалтгүй байгаа нь тодорхой харагдаж байгаа бөгөөд эдүгээ энэхүү байдалд тооны болон чанарын дорвитой өөрчлөлт гарч чадаагүй байгаа билээ.

            Олон нийт, эцэг эх сургууль багшийн үйл ажиллагаанд үнэн сэтгэлээсээ биечлэн оролцдоггүй нэгэн адил хүүхдийнхээ сурах арга барил эзэмшилт, төлөвшилтөнд хандах хандлага ч сул байгаа юм. Хэрвээ эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлагын эцсийн үнэлгээ буюу дүнд гол анхаарлаа хандуулахдаа хүүхэд маань сурах үйл явцад суралцсан билүү?, сурах өөрийн арга барилыг эзэмшсэн билүү?, тэр арга зүйлээ тулгуурлан амжилттай суралцаж чадсан билүү? гэсэн асуултуудыг өмнөө тавьж тэдэнд тусалдагсан бол сургалтын чанарыг сайжруулаад зогсохгүй боловсролын үйлчилгээний сэтгэл ханамжаа тодорхойлоход гар бие оролцох боломж бүрдэнэ.

Монгол Улсын “Боловсролын тухай хуулинд эцэг эхийн үүргийг :

-“Эцэг эх нь хүүхдийн авъяас чадварыг бага наснаас нь дэмжин хөгжүүлэх, боловсрол эзэмшихэд нь шаардагдах нөхцөлийг бүрдүүлэх, багштай хамтран ажиллах, мэргэжлээ сонгоход нь туслах”.

-“Хүүхдийг гэр бүлийн орчинд сургах арга барил эзэмшүүлэх” гэсэн заалтууд байдаг нь миний судалгааны эрх зүйн /онолын гэх үү?/ гол тулгуур үндэслэл болж байгаа юм.

            Гэр бүл бол хүүхдийн  хүмүүжих, суралцах, төлөвших, нийгэмшихүйн анхдагч орчин. Эцэг эх нь тэдний анхны хүмүүжүүлэгч ба амьдралын багш нь болохоор тэдний хүмүүжил төлөвшлийг ээж, аавтай нь холбон үзэх нь зүйтэй хэрэг.

            Хүүхэд сургуульд орохоосоо өмнө буюу 0-6 насандаа хүрээлэн буй орчин, ахуй амьдралаасаа зохих хэмжээний мэдлэг туршлагыг олж авсан байдаг. Жишээлбэл : Ярих, бодох, юуг хийж болох, юу хийж болохгүй, яавал аливаа зүйлийг хялбар дөт аргаар сурч болох вэ ? … гэх мэт.

            Үүнээс үзвэл суралцагч сурах үйл ажиллагаа, сурах ара барилын эхлэлийг гэр бүлийн орчинд буюу эцэг эхээсээ олж авдаг. Багш бид эцэг эхийн тавьж өгсөн тэр суурин дээрээс үндэслэн сурагчдаа сургах сургалтын ажлаа эхэлдэг. Хүүхдээ сургуульд оруулмагцаа эцэг эхчүүд тэднийг анхаарах хандлагаа сулруулж нэг ёсондоо багш багш, сургуульд даатган орхидог. Гэтэл үнэндээ суралцагчийн сурах үйл ажиллагаанд багш – суралцагч - эцэг эх гэсэн гурван гол хүчин зүйл оролцож байж нэгэн цогц зүйл болдог ажгуу.

 

4.Судалгааны түүвэр.


            Уг судалгаанд Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн бага, дунд ангийн анги удирдсан багш нар болон 1-11 дүгээр ангийн нийт 44 эцэг эхийн төлөөлөл хамрагдсан болно. Оролцсон багш нарыг сонгож авахдаа анги бүлгийг төлөөлүүлэн өөрсдийн цаг зав, судалгаанд оролцох сонирхлыг харгалзан нийт 12 багшийг сонгосон. Харин эцэг эхчүүдийг давхраачилсан түүврийн аргаар буюу тэдний нийгмийн давхраа, ажил мэргэжил, нас, хүйсийг харгалзан анги бүлэг тус бүрээс төлөөлүүлэн оролцуулав.

·         Багш нарын хувьд 100 % дээд боловсролтой, тэдний 10 нь 5-аас дээш жил ажилласан ба анги удирдаж байгаа, 2 нь буюу   ангийн багш Д.Лхагвахатан, 11в ангийн багш Д.Жаргалсайхан нар 1-5 жил ажиллаж байгаа залуу багш байлаа. Мөн багш нарын нас хүйсийг схемээр үзүүлбэл

                                                                                                                                                                                                                         

30-40 нас 41,66%

 

20-30 нас 33,3%

 

40-50 нас25%

 

 

91,7 % эмэгтэй

 

8,3 % эрэгтэй

 

 

Судалгаанд оролцсон эцэг эхчүүдийн талаарх мэдээлэл :

 

Нас

Тоо

Эзлэх хувь

Хүйс

хувь

20-30

10

22.7%

Эр – 4

Эм - 40

9.1%

90.9%

30-40

14

31.8%

40-50

12

27.2%

50-60

8

18.3%

Боловсролын түвшин :

Боловсрол

Хамрагдагсадын тоо

Эзлэх хувь

Бага

1

2.2%

Бүрэн бус дунд

8

18.3%

Бүрэн дунд

19

43.1%

Тусгай дунд

2

4.5%

Дээд

14

31.8%

 

Ажил эрхлэлтийн байдал :

Мэргэжил

Тоо

Элэх хувь

ЕБС -багш

2

4.5%

МСҮТ багш

1

2.2%

Эмч

1

2.2%

Банкны ажилтан

1

2.2%

Эдийн засаг

4

9%

АЗДТГ ажилтан

1

2.2%

Мөрдөн байцаагч

1

2.2%

Хувиараа хөдөлмөр эрхлэгч

12

27.2%

Малчин

4

9%

Ажилгүй

16

36.3%

Тэтгэвэрт

1

2.2%

 

 

 

5.      Судалгааны арга зүй

 

            Уг судалгааг Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн I-XI ангийн багш, эцэг эхчүүдийн дунд 2008 оны 4-р сарын 11 нээс  05 сарын 26 хүртэлх хугацаанд явууллаа. Судалгааны  баримт мэдээллийг дээрх хугацаанд анхдагч болон 2 догч эх үүсвэрээс цуглуулав. Анхдагч эх үүсвэрийг цуглуулахдаа бага, дунд, ахлах ангийг төлөөлүүлэн 1, 1 ангийн эцэг эхийн хуралд сууж ажиглалт хийх асуулга авах, ярилцлага, анги удирдсан багш нарын эцэг эхийн хурлын протоколд анализ дүн шинжилгээ хийх, багш нарын үр дүнгийн гэрээний тайланд тусгагдсан багш эцэг эхийн хамтын ажиллагааны талаар уншиж, дүн шинжилгээ хийх, тохиолдлыг шинжлэх зэрэг арга хэрэгслүүдийг ашиглав.

            Судалгааны хоёрдогч эх үүсвэр болгон судалгааны сэдэвтэй холбогдох “Боловсролын тухай хууль”, ном товхимол, судлаачдын бүтээл зэргийг цуглуулан судалгаандаа ашиглав. Гэвч энэ сэдэвтэй холбогдох зохиол бүтээл судалгааны ажил ховор юм шиг санагдсан.



6.      Судалгааны үр дүн


Судалгаа 1.

            Сүүлийн жилүүдэд боловсролын салбарын гол анхаарлаа хандуулж байгаа асуудлын нэг бол суралцагчийн сурах үйл ажиллагаа буюу хэрхэн шинэ чадвар эзэмших тухай асуудал юм. Энэ нь суралцагч шинэ чадвар эзэмших   /шинэ мэдлэг эзэмших, хийж сурах эв дүй, дадлага ур чадвартай болох, байнга шинэ хандлага төлөвших/ өөрийгөө нээж хөгжүүлэх, амьдрах чадавхаа сайжруулах үйл явц юм. Гэтэл багш бид урьд өмнө их мэдлэгтэй багш юу ч мэддэггүй хүүхдэд мэдлэгийг дамжуулдаг буюу мэдлэгжүүлэх л үүрэгтэй гэж үзэж байсан бол өнөөдөр үүнээс өргөн утгатай төлөвшил, цогц чадамж гэх мэт ойлголтуудыг авч үзэх болжээ.

            Өөрчлөгдөн хувьсаж байгаа энэ цаг үед  багш бид суралцагчийн эцэг эхтэй хэрхэн хамтран ажиллаж чадвал суралцагчдаа зөв хүмүүжил төлөвшилтэй, мэдлэг чадвартай иргэн болгох зорилгодоо хүрч чадах вэ? гэсэн асуудлыг өөрийн судалгааны түвшинд тодруулахыг зорьсон юм. Энэ зорилгодоо хүрэх үүднээс судалгаанд оролцсон багш нартай дараах асуудлаар санал бодлоо солилцон ярилцаж тэдний эцэг эхтэй хамтран ажилладаг арга барилыг судаллаа.

·         Хамгийн түрүүнд багш нараас та өөрийгээ суралцагчийн эцэг эхтэй ямар түвшинд хамтран ажиллаж байна гэж үзэж байнавэ?

·         Ихэвчлэн тантай гэр бүлийн гишүүдээс хэн нь хамтран ажилладаг  вэ гэж асуухад багш нарын ихэнх хувь нь хангалттай түвшинд хамтран ажилладаг ба ихэвчлэн ээж нартай холбоо харьцаатай байдаг гэсэн байна.

            Үүнээс үзэхэд багш нар маань эцэг эхтэй хамтран ажиллах явдал өөрийнх нь ажлын байрны салшгүй нэг хэсэг гэдэгтэй бүгд санал нийлж байлаа. Яагаад заавал аав нар бус ээжүүд багш нартай хамтран ажилладаг юм бол гэхэд тэд үүнийг Монголын сурган хүмүүжүүлэх уламжлал, зан заншилтай холбоотойгоос гадна аав нарт цаг зав хомс, тэдний ихэнх нь гэр бүлээ тэжээх, мөнгө олох үүрэгтэй гэж ойлгодгоос үр  хүүхдийнхээ сурлага хүмүүжилд ээж нарыг илүү чухал үүрэгтэй гэж үзэх хандлага хүмүүсийн дунд байдгаас улбаатай.

            Мөн багш нарын ихэнх нь эмэгтэйчүүд байдагтай холбоотой байж болох юм. Учир нь эмэгтэйчүүд хоорондоо илүү ойлголцож хамтран ажилладаг, эцэг хүн хүүхдээ сурлага хүмүүжил нь доголдож байгааг багшаас нь сонсож мэдээд хүүхдээ шийтгэх, загнаж буруушаадагүзэгдэл байдагтай бас холбоотой болов уу. гэсэн дүгнэлтэнд судалгаанд оролцсон багш нар хүрч байлаа.

·         Та эцэг эхтэй ажиллахдаа ямар арга барилыг илүү сонгож ажилладаг вэ? гэсэн асуултанд багш нар: “Эцэг эхийн хурал хийх, шаардлагатай тохиолдолд дуудаж уулзаж зөвлөгөө өгөх, эцэг эхчүүдийн дунд ямар нэгэн уралдаан тэмцээн зохиох, тусгай графикийн дагуу эцэг эхийг хичээлд урьж суулгах, зочинтой хичээл, эцэг эхийн зөвлөл байгуулан хамтран ажиллах, эцэг эхтэй хамтран суралцагчдын дунд уралдаан тэмцээн, ярилцлага зохиох, эцэг эхчүүдэд эрхзүйн зөвлөгөө өгөх, харилцааны соёлын талаар зөвлөх зэрэг арга хэрэгслийг ашиглаж  эцэг эхийн оролцоог дэмждэг.” гэжээ. Дээрхээс харахад багш нарын эцэг эхтэй хамтран ажиллаж байгаа арга барилд өмнөх үеэсээ шинэчлэгдсэн зүйл бага байгаа нь ажиглагдаж байгаа бөгөөд нөгөө л эцэг эхийн хурал хийх, тэмцээн уралдаанаа ивээн тэтгүүлэх, анги танхимаа тохижуулахад хандив туслалцаа үзүүлэх, сурлага хүмүүжлээр доголдож байгаа суралцагчийн эцэг эхийг дуудаж уулзах зэргээс хэтрэхгүй байна. Судалгаанд оролцсон багш нарын эцэг эхийн хурлын үйл явцад ажиглалт хийсэн, мөн хурлын протокол зэрэгтэй танилцаж дүн шинжилгээ хийхэд ийм дүр зураг харагдаж байна. Багш Ү.Магсармаа, Д.Лхагвахатан, С.Адъяасүрэн, М.Аззаяа нар нь математикийн гүнзгийрүүлсэн сургалттай анги удирдсан багш бөгөөд тэдний ангийн эцэг эхийн хурал бусад  7  ангийн эцэг эхийн хурлаас арай өөр түвшинд болдог нь ажиглагдсан бөгөөд учир нь гүнзгийрүүлсэн сургалттай ангийн суралцагчдын төлөвшил, сурах арга барил эзэмшилт жирийн ангийн сурагчдаас илүү байна. Хэлэлцсэн асуудлыг харьцуулахад сурагчдын сурлага хүмүүжил, төлөв байдлын талаарх мэдээлэл гүнзгийрүүлсэн ангийн эцэг эхийн хурлын цагийн 10 -15 минутыг эзэлдэг байхад  жирийн ангийн хурлын 40 - 60 минутыг эзэлж бусад мэдээллийн цагийг багасгадаг байна.

·         Та суралцагчдын дэлгэрэнгүй судалгаанд эцэг эхийн талаарх ямар мэдээллийг оруулдаг вэ? Тэдгээр мэдээлэл таныг эцэг эхийн хамтран ажиллахад ямар нөлөө үзүүлдэг вэ? гэсэн  асуултанд багш нарын ихэнх нь овог нэр, регистер, ажлын газрын хаяг, ажил мэргэжил, утасны дугаарыг нь авдаг гэсэн байлаа. Ажил мэргэжлийг нь мэдэж авснаар “Зочинтой хичээл” заахад  ашигладаг  суралцагчиддаа яриа таниулга хийлгүүлэх        /Жиш нь : эмч хүүхдийн байцаагч…гэх мэт/ ангидаа тэмцээн уралдаан зохиоход туслалцаа авах тохиолдол байдаг гэжээ.

                  Эцэг эхийн талаарх дээрх  мэдээллүүд нь албан ёсны мэдээллүүд бөгөөд өөр ямар мэдээллүүдийг судлахад эцэг эхтэй илүү дотно хамтран ажиллаж болох вэ? гэж асуухад эцэг эхийн хувийн авъяас сонирхол, сурагч байхдаа ямар хүүхэд байсан талаар судлаж мэдвэл бидэнд сурагчдынхаа чөлөөт цагийг өнгөрүүлэх, хичээлээс гадуурх ажилдаа ашиглаж болох олон санаа орж ирж болох юм гэсэн дүгнэлтэнд хүрсэн.

      Ямар ч хүүхэд өөрийн эцэг эхээрээ бахархаж тэднийг хүндэтгэж явдаг. Эцэг эх нь багадаа ямар суралцагч байсан талаар Жиш нь : тэргүүний онц сурлагатан, эсвэл ангийнхаа гоо бичгийн аварга, эсвэл хурдан гүйдэг байсан гэх зэрэг мэдээлэл хүүхдийг өөрийн эцэг эхээрээ  бахархах түүн шиг байхыг хичээх зэрэг эерэг төлөвшилд хүргэнэ.

·         Суралцагчийн сурах арга барилд эцэг эхчүүд  дэмжиж тусалдаг уу? Тэдний нөлөө байх ёстой юу?, Эсвэл зөвхөн багш нар сурах арга барилыг эзэмшүүлэх ёстой гэж үзэж байна уу? гэсэн асуултанд багш нар, эцэг эхчүүд хоёр талаас нь суралцагчид нөлөөлөх нь зүйтэй. Сурах арга барил буюу аливаа үйлийг сурах эв дүй, чадварыг эцэг эх нь хүүхдэд эхэлж төлөвшүүлсний үндсэн дээр багш бид цааш хөгжүүлж амжилттай суралцахад нь тусалдаг гэж судалгаанд оролцсон багш нар үзжээ.

            Мөн суралцагчийн сурах арга барилд эцэг эхчүүд анги ахих тусам анхаарлаа хандуулах нь багасаж сургууль, багш нарт даатган орхидог. Эцэст нь сургууль төгсөх үед миний хүүхдийг энэ сургууль, багш нар сайн муу сургасан гэдэг яриа ярьдаг явдал гардаг гэж багш нар ярилцлагын явцад өгүүлж байсан.  Багш нар суралцагчийн сурах арга барил эзэмшилтэнд багш,эцэг эхийн оролцооноос гадна суралцагчийн өөрийн хичээл зүтгэл, чармайлт сурах эв дүй, танин мэдэхүйн хэрэгцээ чухал үүрэгтэйг дурьдаж байсан юм.

 

   Судалгаа 2 .

 

            Энэ судалгааны загварт I-XI ангийн эцэг эхийн төлөөлө болгон 44 эцэг эхийг  оролцуулж асуулгын аргыг ашиглан “Суралцагчийн сурах арга барилд эцэг эх ямар үүрэгтэй “ - г тодруулах зорилготой байлаа. Үүнд  : 

Асуулт 1 : - Та суралцах арга барил гэж юуг ойлгож байна вэ?

а      мэдлэг эзэмших үйл явц

б      хүүхдийн аливааг сурах эв дүй, ур чадварын цогц

в      багшийн заасан зүйлийг сурах үйл явц

эдгээр асуултанд эцэг эхчүүд бүгд 100%  “б” хувилбарыг сонгож хариулсан байна.

Асуулт 2 :  - Суралцах арга барилд хүүхэд хэзээ суралцаж эхэлдэг гэж та үзэж байна  вэ  ?

а      бага наснаасаа

б      сургуульд орсон цагаасаа

в      дунд ангиасаа

г       ахлах ангиасаа

д      хариулж мэдэхгүй байна

Дээрх асуултанд судалгаанд оролцогсодын 28 нь буюу 63.6 % нь бага наснаасаа, 15 нь буюу 34 % нь сургуульд орсон цагаасаа, 1 нь буюу 2.4 % нь хариулж мэдэхгүй байна гэжээ. Энэ талаар эрдэмтэн судлаачид ч бас янз бүрээр хариулдаг ажээ. Тухайлбал :

·         Хүүхэд ямар нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлэх чадвартай болох үеэс түүний сурч танин мэдэх үйл эхэлдэг. / хэдхэн сартай байхаас /

·         Аливаа үйлийг даган дууриаж хийх ба бие дааж хийх үеэсээ

·         Хүүхэд үзсэн сонссоноо дотроо төсөөлөн бодох эргэцүүлэн бодох чадвартай болох үеэс эхэлдэг гэх мэтээр үздэг байна.

Асуулт 3 :  - Хүүхэд бүрийн аливаа үйлийг сурах арга барил адилхан уу ?

а      тийм 

б      үгүй

гэсэн асуултанд эцэг эхчүүд  “үгүй”  гэсэн хариултыг  бүгд сонгосон. Мэдээж энэ бол тийм. Хүүхэд бүр хувь хүн талаасаа давтагдашгүй. Тэдний сэтгэн бодох үйл, аливааг эргэцүүлэх, анхаарлаа төвлөрүүлэх чадвар, сурах эв дүй зэрэг нь бүгд ялгаатай. Тэр ч байтугай нэг эцэг эхийн хүүхдүүд хүртэл сурах арга барилын хувьд өөр өөр байж харилцан адилгүй суралцдаг. Жишээ нь : 11а  ангийн суралцагч Э.Ишигням бол манай сургууль төдийгүй аймаг, улсын тэргүүний суралцагч мөн. Тэр Физик, Математик, Англи хэлний олимпиадын аймгийн олон удаагийн аварга бөгөөд Физикийн улсын аваргын хүрэл медальтай. Бусад хичээлдээ ч амжилттай дүн үзүүлдэг төдийгүй урлаг, спортоор авъяаслаг суралцагч юм. Гэтэл түүний дүү Э.Хишигням нь жирийн л нэг суралцагч.  Яагаад нэг эцэг эхтэй, нэг орчинд өсөж хүмүүжсэн атлаа зан байдал, төлөвшил, сурах арг а барил, оюуны хөгжлийн түвшин нь өөр байгааг олон эрдэмтэд өөрийн үзэл бодлоор тайлбарласан байдгаас эрдэмтэн, сэтгэл судлаач Альфред Адлер            “Бие хүний бодгалийн онол“-доо “Төрөлтийн эрэмбэ“ гэсэн ойлголттой холбон тайлбарласан нь сонирхол  татахуйц юм. Тэрээр “Нэг эцэг эхийн хүүхдүүд адилхан нөхцөлд өсөж бойждог хэдий ч тэдний орчин хүрээлэл өөр,  тодруулбал гэр бүлийн харилцаа, ууган хүүхдийн дүү нартаа хандах хандлага, тэдний хоорондын харилцаанаас шууд хамаардаг “ /Сэтгэл зүйн боловсрол сэтгүүл. 2006 он. №1. 16-р тал/  гэсэн санааг дэвшүүлсэн юм.            Адлер нь төрөлтийн эрэмбээр цааш тайлбарлахдаа “Ууган хүүхдийг нэр хүнд эрх мэдэлд дуртай. Учир нь дүүтэй болмогцоо эрх мэдлээ  алдаж эхэлдэг бөгөөд энэ үеэс томчуудтай адилхан эрх мэдэлтэй болохын тулд гарамгай амжилт гаргах шаардлага түүнд тулгардаг. Үүнтэй холбоотойгоор оюуны хөгжлийн түвшин ч өндөр байдаг. Харин айлын 2 дахь хүүхэд ууган хүүхдийн засаглалыг эвдэх хэрэгтэй болдог. Тиймээс өрсөлдөмтгий ахаасаа, эгчээсээ ямагт илүү гэдгээ харуулах гэсэн эрмэлзэлтэй учир өөртөө хэтэрхий өндөр шаардлага тавьдаг. Энэ байдал нь тэднийг эрсдэлд оруулж магадгүй юм. Айлын отгон хүүхдүүд эрхлүүлсэний улмаас бусдаас хамааралтай бие даах чадваргүй, сэтгэлээр унамтгай, гэхдээ тэдэнд ах эгч нараасаа давж гарах гэсэн хүчтэй тэмүүлэл байдаг” гэжээ.

            Энэ онолын үзэл баримтлал нь суралцагчийн сурах арга барилд хамааралтай болох юм гэсэн  таамаглалыг дэвшүүлж байна. Нээрээ айлын ууган хүүхэд суралцах арга барил сайтай, отгон хүүхэд шантрамтгай байж болох талаар цаашид судалгааны ажил хийвэл сонирхолтой санагдлаа.

Асуулт 4 :  - Суралцагчийн сурах арга барилд хамгийн чухал нөлөөтэй гэж алиныг үзэж байна вэ ?   

а      эцэг эх

б      багш сурган хүмүүжүүлэгч

в      дээрх хоёулаа

г       найз нөхөд буюу нэг ангийнхан

д      мэдээллийн хэрэгсэл / TY , радио, интернэт … гм /

гэсэн асуултанд 68.1% нь эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчид чухал нөлөөтэй гэж үзсэн байхад  15.9% нь найз нөхөд буюу нэг ангийнхан, 13.6% нь мэдээллийн хэрэгсэл орчин үед чухал нөлөө үзүүлж байна гэжээ. Харин үлдсэн 1 эцэг эх алиныг ч сонгосонгүй харин суралцагч өөрөө чухал үүрэгтэй гэж нэмэлт хариулт өгсөн байна.

Асуулт 5 :  - Эцэг эхчүүд хүүхдийнхээ сурах арга барилд хэзээ хамгийн их анхаарлаа хандуулдаг вэ ?

а      сургуулийн өмнөх насанд

б      бага ангид нь

в      дунд ангид нь

г       ахлах ангид нь

            эцэг эхчүүдийн 56.8% нь сургуулийн өмнөх насанд нь, үлдсэн 42.3 % нь сургуульд орсон үеэс буюу бага ангид нь хүүхдийнхээ сурах арга барилд хамгийн их анхаарлаа хандуулах нь зүйтэй гэж үзжээ.

Дээрх хариулт багш нарынхтай ч гэсэн адил байсан бөгөөд суралцагч бага ангидаа сурах үйл ажиллагааны хамгийн чухал элемент болох унших, бичих, тоолох зэрэг чадварыг эзэмшдэг. Чухам энэ үед нь эцэг эхчүүд анхаарлаа сулруулахгүй хүүхэдтэйгээ  ажиллаж  чадвал хүүхдийн сурах арга барил эзэмшилтэнд чухал нөлөөтэй гэж судалгаанд хамрагдсан эцэг эх, багш нар үзсэн байна.

Асуулт 6 : -Эцэг эхчүүдийн зүгээс хүүхдийнхээ сурах арга барилыг боловсронгуй болгоход хэрхэн тусалж болох вэ? Таны бодлоор …гэсэн нээлттэй асуултанд эцэг эхчүүд гэрийн даалгавараа хийхэд нь туслах, сургалтын орчныг бүрдүүлэхэд нь туслалцаа үзүүлэх, ном сурах бичиг, компьютерээр хангах, өөрийн суралцаж байсан  үеийн туршлагаас ярих, онц сурлагатан хүүхэдтэй найзалж, нөхөрлөхөд нь дэмжих,сонирхсон зүйлийг нь  дэмжих, урамшуулах, зэргээр хариулсан байв.

Хариулт 7 :  - Та хүүхэддээ гэрийн даалгавараа хийхэд нь тусалдаг уу? тусалдаг бол яаж… гэсэн асуултанд эцэг эхчүүдийн ихэнх нь туслахыг хүсдэг боловч тэр болгон туслах цаг зав хомс байдгаас гадна одоо үеийн сургалтын агуулга хөтөлбөр, бидний үеэс өөрчлөгдсөн мэдлэг боловсрол хүрдэггүй өөрөөр хэлбэл тухайн зүйлийг хэлж мэдэхгүй учир өөрөө хий гээд орхидог эсвэл найз нөхөдтэйгөө хамтран даалгавараа хийх зөвшөөрөл олгож цаг зав өгдөг гэж хариулж байна. Эцэг эхчүүдийн хариултанд  анализ хийж байх явцад ажиглагдсан зүйлийн нэг бол  эцэг эхчүүдийн боловсролын түвшин ахих  тусам   хүүхдийнхээ сурах арга барилыг илүүтэй дэмжиж түүнд идэвхтэй оролцохыг хичээдэг байна. Мөн өөр нэг гол зүйл бол судалгаанд оролцсон 3 багш мэргэжилтэй ээж нар өөрийн хүүхдийн сурах арга барилд оролцох оролцоо дутмаг байдаг, ажлын ачаалал ихтэй гэж хариулж байв.  Өөрөөр хэлбэл тэд өөрсдийгөө бусдын хүүхдийн суралцах үйл ажиллагаанд анхаарлаа хандуулаад өөрийн хүүхдийг анхаарах нь бага байдаг. Энэ бидний мэргэжлийн онцлог шүү гэцгээж байсан.

 

Асуулт 8 :  -Хүүхдийн тань бие дааж сурах чадвар ямар хэмжээнд байна гэж үзэж байна.

                     а      сайн

б      дунд зэрэг

в      арга барил дутмаг

г       мэдэхгүй

гэсэн асуултанд эцэг эхчүүдийн анги бүлгийн төсөөлөл илүүтэй илэрсэн бөгөөд бага ангийн эцэг эхчүүд дунд зэрэг, арга барил дутмаг, гэсэн хариултыг илүүтэй сонгосон байлаа. Дунд, ахлах ангийн эцэг эхийн төсөөлөл сайн, дунд зэрэг гэсэн хариултыг ихэвчлэн  сонгосон байна. Хүүхдээ бие дааж сургахад хүүхэд өөрөө аливааг бие даан хийж чаддаг болох улмаар өөрийн онцлогт тохирсон шийдвэр гаргадаг болохыг чухалчилж байв.

            Боловсролын хөгжлийн өнөөгийн байдал, нийгмийн боловсролын хэрэгцээнээс хамааран шинэ зууны иргэдийг аливаад бие даан суралцах арга барил эзэмшүүлэхэд сургууль – багш – эцэг эхийн хамтын ажиллагаа чухал үүрэгтэй юм. Тэгээд ч суралцагчийн үүргийг хуульчлан заахдаа /суралцагч бие дааж суралцах арга барил эзэмших/ гэсэн байдаг.   

 

7.Судалгааны хязгаарлагдмал байдал


“Суралцагчийн сурах арга барилын хөгжилд эцэг эхчүүдийн оролцоо“ гэсэн энэхүү судалгааг зөвхөн Хэнтий аймгийн Тэмүүжин цогцолбор сургуулийн 12 багш, 44 эцэг эхийн дунд явуулсан.

            Уг судалгаанд суралцагчийн арга барилд зөвхөн эцэг эхийн зүгээс хэрхэн нөлөөлж болох вэ, үр хүүхэддээ дэмжлэг үзүүлж болох вэ гэсэн асуудлыг хөндсөн бөгөөд эцэг эхчүүдийн дээрх санал бодолд багш нар яаж тусалж хамтран ажиллах, зөвлөх боломж байна вэ гэдгийг ч бас тодруулан гаргахыг зорьсон юм. Мөн энэ судалгаанд суралцагчийн сурах арга барилдаа хэрхэн хандаж буй хандлага, сурах арга барил эзэмшилтийн  талын асуудлыг хөндөөгүй орхисон нь бас нэгэн хязгаарлагдмал тал болно.

 8.Дүгнэлт


            Өнөөгийн боловсролын нэг чухал асуудал нь “Суралцагчдын хэрэгцээнд үндэслэн  зорилгоо томъёолох“ явдал юм. Монгол улсад шинэ үеийн боловсролын тогтолцоо бүрэлдэн тогтож хөгжиж ирсэн түүхээс харахад хүүхдийн суралцах арга барилыг хөгжүүлэх, чиглүүлэх асуудлыг голлон сургууль хариуцаж харин эцэг эхчүүдийн гүйцэтгэх үүрэг улам бүр багасаж ирсэн байна.

            Эцэг эхчүүд бүхэн нийгмийн болон өөрийн өмнө хүлээсэн үүрэгтэй байдаг. Энэ үүрэг бол үр хүүхдээ зөв өсгөж хүмүүжүүлэх, бие даан амьдрахад нь хэрэгцээтэй мэдлэг, чадвар эзэмшүүлэх явдал юм. Хүүхдийн мэдлэг чадвар, хандлага, үнэт зүйлс хэрхэн бүрэлдэн төлөвших нь тухайн хүүхдийн дотоод болон гадаад онцлог байдлаас ихээхэн хамаардаг хэдий ч гэр бүлийн орчин эцэг эхийн нөлөөлөл ихээхэн чухал гэдгийг боловсрол судлаачид хүлээн зөвшөөрдөг. Ийм ч учраас миний бие “Суралцагчийн сурах арга барил, хөгжилд эцэг эхчүүдийн оролцох оролцоо” гэсэн сэдвийг судалгааны сэдвээ болгон сонгосон билээ.

            Судалгаанаас харахад өнөөдөр манай эцэг эхчүүд хүүхдийнхээ сурлага хүмүүжил, төлөвшилд нь төдийлөн анхаарахгүй урсгалаараа явдаг байдал ажиглагдаж байна. Сургууль багшид хамаатай асуудал мэтээр ойлгож өөрсдийн үүрэг оролцоог орхигдуулж байна. Энэ хандлагыг өөрчлөх цаг иржээ гэж дүгнэж байна.

             Хүүхдээ хөгжүүлж төлөвшүүлэх талаар тодорхой зорилго тавьж, идэвхтэй үйл ажиллагаа явуулах замаар тэдний суралцах арга барилд бодитой нөлөөг тэр бүр үзүүлж чадахгүй байна. Нөгөө талаас эцэг эхийн үүрэг оролцоо шаардлагатай хэмжээнд хүрэхгүй байгаа явдал нь өнөөгийн нийгмийн байдал, эдийн засгийн чадавхи, боловсролын түвшинтэй нь холбоотой ажиглагдлаа. Эцэг эхчүүдийн боловсролын түвшин ажил мэргэжил нь суралцагчийн сурах арга барилд чухал нөлөөтэй хүчин зүйлийн нэг гэдэг нь харагдлаа. Мөн эцэг эхчүүд хүүхдийг бие дааж суралцах арга барилд сургах нь чухал гэж үзэж байгаа хэдий ч тэдэндээ тусалжчиглүүлэх арга  барил дутмаг байна.

·         Судалгаанаас бас нэг харагдсан зүйл бол багш нар – эцэг эхийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, уламжлалт арга барилаасаа салах нь зүйтэй юм. Эцэг эхийн хурал суралцагчийн сурлага хүмүүжлийн төлөвшлийн талаарх уулзалт зэргийг ч багш өөрөөр ойлгох ёстой болж байна. Нэг үгээр хэлбэл эцэг эхийн хурлаар багш бид суралцах арга барил дутмаг муухан сурагчдаа эцэг эхчүүдийн өмнө илээр зэмлэж тэдний тухай ярилцдаг байдлаасаа салах цаг нэгэнт иржээ гэдгийг судалгаанд оролцсон багш нар санал нэгтэй хэлж байлаа. Дүнгийн нууцлалын жинхэнэ утга учир үүнд  ч бас хамаатай.

·         Монголчууд эрт дээр үеэс үр хүүхдээ хүмүүжүүлэх талаар ихээхэн туршлага хуримтлуулсан аугаа түүхтэй ард түмэн. Өнгөрсөн цаг үед хойч үеэ сурган хүмүүжүүлэхдээ эцэг эх, төрөл төрөгсөд, ахмад үе, хүүхэд багачуудаа өглөөнөөс орой болтол хамт ажиллаж, хөдөлмөрлөнгөө сургаж үлгэрлэн дагуулж ирсэн. Тэгвэл орчин цагийн эцэг эхчүүд бид үр хүүхэддээ гаргах  хомс өдөржингөө хол байдаг, орой л нэг уулзалддаг гэсээр урсгалаараа явсаар байтал нэг л өдөр хүүхэд чинь суралцах арга барилаар дутмаг нэгэн болсон байх вий. Суралцагчийн сурах арга барилын шинэчлэлд багш, эцэг эхчүүд хамтран сэтгэл нийлэн ажиллаж чадвал хүүхдийнхээ хөгжилд төдийгүй Монголын боловсролын хөгжилд оруулах том хувь нэмэр болно.

Эцэг эхчүүдийн хүүхдийн суралцах арга барилд нөлөөлөх нөлөөллийн асуудлыг олон улсын түвшинд ч судалдаг бөгөөд судалгааны дүнгээс нь харахад эцэг эхийн боловсролын түвшин өндөр байх, гэр бүлийн аятай тухтай байдал, эцэг эх нь гэрийн багш хөлсөлж ажиллуулдаг, хүүхэдтэйгээ хамтарч аливааг хийдэг эцэг эхчүүдийн хүүхдийн сурлагын амжилт өндөр байдаг нь TIMSS, PISA зэрэг судалгаанд тусгагдсан байдаг байна. Дээрх судалгаанаас харахад хүүхэдтэйгээ хамтарч аливааг хийдэг байдал өнөөдөр манай эцэг эхчүүдийн дунд  дутмаг байгаа нь судалгаанаас харагдлаа.

            Манай улсын хувьд ч суралцагчийн сурлагын амжилт, суралцагчдын сурах арга барилд эцэг эхчүүдийн оролцох оролцоо үүргийг судалсан судалгаанууд хийгдэж байсан байна. Тухайлбал : 2000 онд хийсэн “Сурлагын амжилтын хяналт үнэлгээ“,  2005 онд хийгдсэн “Боловсролын чанарын үндэсний үнэлгээ“, мөн           “Суралцах арга барилын шинэчлэл” төслийн судалгааны хүрээнд хийгдсэн судалгаануудын үр дүн эцэг эхчүүдийн үүрэг оролцооны чухалыг хөндөж тавьжээ.

            Миний хувьд дээрх судалгаануудаас ялгагдах гол зүйл нь хөдөөгийн нөхцөлд эцэг эхчүүд суралцагчдын сурах арга барилд нөлөөлөх нөлөөлөл ямар байна вэ? , эцэг эхчүүдийг сургалтын нэгэн хэсэг гэдгийг ойлгуулахад багш, сургуулийн удирдлага юуг шинээр хийж болох вэ гэдгийг гаргаж тавихыг зорьсон билээ.


9.Ном зүй

 

1.      “Анги  удирдах урлаг “ Исмаил Боз.  УБ 2006 он. 188-190 х “Тулгын гурван чулуу”

2.      “Багшийн хөгжил” Ц.Оюун , Д.Түмэндэмбэрэл УБ 2005 он.

3.      Багш сонин 2007 он ¹ 18 / 116 “Багшийн ажлын байрны үлгэрчилсэн тодорхойлолт “

4.      Багшсонин  2008 он. ¹ 01/ 117 Т.Намжил “Монголд гэр бүлийн хүмүүжил хэрэгтэй юу”

5.      Багш сонин 2007 он. ¹ 5 / 103 “ Монгол улсын боловсролыг 2008-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө “

6.      “Боловсрол судлал“ сэтгүүл 2006 он. ¹6 С.Санжаабадам  ”Суралцагчдын суралцах арга барилын шинэчлэлд эцэг эхчүүдийн гүйцэтгэх үүрэг, оролцоо"

7.      Монгол улсын Боловсролын хуулиуд УБ 2007 он.

8.      “Монголын боловсрол судлалын 15 жил : Туршлага ба сургамж “ УБ 2006 он

9.      “Миний ертөнц ба би“ ОУБСан УБ 2000 он. 20-21х

10.   “Нээлттэй сургууль“ сонин 2005 он. ¹ 03 / 63 Ц.Чимэдлхам    “Суралцагчдын сурлагын үнэлгээний тогтолцоог боловсронгуй болгоход эцэг эхчүүдийн оролцоо “

11.   “Өрх гэр - нийгмийн хөгжлий үндэс “  Ц.Түвшинтөгс   УБ 1999 он.

12.   “Судалгааны ажлын үндэс “ Ш.Ичинхорлоо УБ 2008 он.

13.   “Сэтгэлзүйн боловсрол сэтгүүл“  2006 он ¹1, 2 Б.Балцэцэг  “А.Адлерийн төрөлтийн эрэмбэ, эцэг эхийн үүргийн хамааралд хийсэн анализ”

14.   “Чанартай боловсрол-хөгжлийн баталгаа“ илтгэлүүдийн эмхтгэл  УБ 2006 он

15.  “OUTREACH“ төслийн гарын авлага ¹ 1, 2, 3, 4

 

 Хэнтий аймгийн Тэмжүүжин цогцолбор сургуулийн нийгмийн ухааны багш П.Эрдэнэцэцэг

*Зохиогчийн эрхтэй тул ашиглах бол зохиогчийн нэр, эх сурвалжийг ашиглана уу?

 

 

 


Бичсэн: EDUCATION | цаг: 12:31 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1728721 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax