2009-11-17
Багшийн ёс зүй

 

Манай ард түмний өв уламжлалд эрдэм мэдлэгтэй хүнийг багш хэмээн нэрлэж ирсэн . Өнөө үед багш гэдэг бол өсвөр залуу үеийнхэнд амьдралд нь хэрэгтэй мэдлэг, чадвар олгох тэднийг бие хүн болгон хүмүүжүлэх арга ухаан олгох ажлыг шинжлэх ухааны үндэстэй хийх мэргэжлийн ур чадвартай хүн юм. “ Хашийг эс засвал сав болохгүй , хүнийг эс засвал эрдэм сурахгүй “ гэдэг манай ардын мэргэн үг бий. Ийнхүү хүнийг залж, засах үүрэг багш хүнд ногдсон байдаг ажгуу.
Тэгвэл багшийн ёс зүй гэж чухам юу вэ? Эл асуудлыг ярихын өмнө ёс зүйн талаарх онолын ойлголтыг авч үзье. Ёс суртахуун, ёс зүй, зан суртахуун гэсэн гурван ойлголтыг хүмүүс нийтэд нь ёс суртахуун гэж ойлгодог. Гэвч нийтлэг талуудтай ч ялгаатай .
-Зан суртахуун гэдэг нь хүмүүсийн зан ааш , ёс заншил , тэдгээрийн хоорондын харилцааны цогцос юм. Практик үйлийн шинжтэй. Зан суртахуун нь өөрөө хүнийг хүмүүжүүлдэг.
- Ёс суртахуун ( мораль) гэдэг нь хүмүүсийн зан үйлийн зарчмуудыг системчлэн нэгтгэн дүгнэж , үзэл суртлын талаар боловсордог.

- Ёс зүй ба (этика) гэдэг нь мораль ба зан суртахууны үүсэл , шинж чанар хөгжлийг нь судалдаг шинжлэх ухаан юм. Мөн ёс зүй нь хүмүүс бусадтай , хамт олонтой нийгэмтэй харьцах харьцааг судалдаг. Багшийн ёс зүйд хамт олон дунд багшийн эзлэх байр суурь тодорхой үүргийг гүйцэтгэдэг . Багш хамт олны дунд эзлэх өөрийн байр суурийг зөв ухамсарлан , тэдэнд итгэж ажиллах нь чухал. Суралцагч бүрийг хүндэтгэн харилцах нь сургалтын таатай нөхцөлийг бүрдүүлэх дараагийн чухал алхам мөн. Хичээллэх , сурах , судлах , турших , дадлагажих тохилог танхимууд , тэр дундаа багшийн эепдэг сайхан зан ааш, хурц тод үг хэллэг, зохимжтой хувцаслалт, зүс царай, хоолойн өнгө эл бүгд багшийн дотоод ертөнц, ертөнцийг үзэх үзэл өөрөөр хэлбэл үзэл бодлын систем , бусдад хандах хандлага, амьдралын зорилго, туйлын зорилго зэргийг тодорхойлно.

Сурган хүмүүжүүлэх харилцаа амжилттай болох нэг үндсэн нөхцөл бол багш хүүхдийг хүнийх нь хувьд хүндлэх, түүний бүхий л эрхийг нь дээдлэх явдал юм. Жишээ нь багш сурагчидаа хүндэлж байж сая тэднээр өөрийгөө хүндлүүлнэ. Ихэнх тохиолдолд харилцаа ямар өнгө аястай болохыг багш тодорхойлдог учраас анхнаасаа харилцаа эерэг, харилцан бие биедээ нөлөөлж, хүндэлсэн, ойлголцсон уур амьсгалтай болоход нь багш анхаарах нь зүйтэй. Судлаач Л.И.Рувинский сурган хүмүүжүүлэх техник гэсэн ойлголтыг “ багш өөр хүн болон хувирах , дуу хоолой , нүүрний хувирал болон биеийн хөдөлгөөн зэрэг хоорондоо зохицон өөрчлөгдөх чадвар “гэж үзсэн байдаг.

-Багш дуу хоолойгоо эзэмдэх техник нь гаргаж буй дуу авиагаар ойр дунд холын зайд хүргэх чухам ямар зайд хүргэхээ тоцоолон тохируулах явдал .
- Нүүрний хувиралын техник нь багш баяр баясгалан, тайван өөртөө итгэлтэй, хүүхдэд өөдрөг хандах хандлага хэнийг ч хүлээн авч ойлгох бэлэн байгаа байдлыг илэрхийлж байх ёстой. Ялангуяа багш харцаар маш их зүйлийг илэрхийлж чаддаг байхын зэрэгцээ сэтгэл санааны таагүй байдлаа нуун далдалж чаддаг байх.
- Хэл ярианы техник үгийг цэвэр тод хэлэх хэт чанга бус , хэт намуун бус ярих буюу ярианы өндөр нам нь тухайн нөхцөлд тохирон өөрчлөгдөж байх нь чухал.
- Хөдөлгөөний техник нь багш ангид яаж алхах гишгэх , яаж суух , гараа ямар байдалтай байлгах, толгойгоо яаж хөдөлгөх зэргийг эвсэлтэй зөөлөн , хөнгөн хийх урлаг болно. Тухайлбал: багш ангид хүнд алхах гишгэх , яаж суух, гараа их хөдөлгөх , толгойгоо янз бүр болгон хөдөлгөх нь сурагчдын анхаарлыг сарниулах муу нөлөө ажиглагддаг байна.

Мөн судлаач И.И.Чернокозов багшийн ёс зүйн асуудлыг дорвитой судалж , дараах хэм хэмжээнээс бүрддэг гэж үзжээ.
- Хүүхдийг хүндлэн, хүндэтгэх шаардлага хоёрыг хослуулсан.
- Хүүхдийг зөв хайрлах, анхаарал тавих
- Хүүхдийнхээ дотоод ертөнц , бие авч явах байдлыг үргэлж судалж байх.
- Хүүхдийн боломж , үзэл бодол, авьяас билэгт үргэлж анхаарч , өөдрөг хандах.
- Биеэ эзэмдэж , тэвчээртэй байх, хүүхдийн алдаа дутагдалд тэвчээртэй байж , засаж залруулж байх.
- Хэзээ ч хүүхдийг доромжилж гомдоож болохгүй .
- Хүүхдэд элэгсэг , найрсаг хандах.
- Үнэнч шударга зарчимч байх.
- Ямагт хүүхдэд зөв үлгэр дууриалал үзүүлэх, биеэ зөв авч явах.гэх мэт.

Өнөөгийн багш нар дээрх хэм хэмжээг хэрхэн баримталж байгаа бол? Тухайлбал : “Уулзаагүй байж урьдаас энэ ч муу хүүхэд гэнэлээ” гэсэн хандлагаар хүүхдэд хандах тохиолдлууд ажиглагдаж байдаг. Зан ааш муутай хөгжмийн зохиолч, зураачид маш сайн шилдэг уран бүтээл хийж чадна. Харин ааш зан муутай хүн багшлахад тун бэрхшээлтэй. Тэд тухайн хамт олондоо улмаар суралцагчдадаа эцэст нь өөртөө бэрхшээл учруулдаг .

Багшийн дараах чанаруудыг тухайлбал : сайхан сэтгэл , тухайн шинжлэх ухааныг судлан сонирхдог, ам ажил нь нийлдэг, тэвчээртэй, өөдрөг үзэлтэй, харьцааны соёлтой, шаардлагатай ажилдаа бүтээлч ханддаг, аливаад бодитой ханддаг, суралцагчдад мэдлэг эзэмшихэд нь туслахыг байнга эрмэлздэг, нэр хүндтэй, суралцагчдыг оношлон тодорхойлох чадвартай , хэл ярианы соёлтой , илтгэх чадвартай, хичээлийн үед нөхцөл байдалд хувиран өөрчлөгдөх чадвар сайтай, мэдрэмж үнэлэмж сайн, асуудлыг оновчтой тодорхой шийдвэрлэх, хэл ярианы соёлтой байх чанаруудыг илүү үнэлсэн байдаг. Эндээс харьцааны соёлгүй мэдлэг ур чадвараар дутмаг, сурагчдыг ялгаварлан дүгнэх хандлагатай багш нарыг сурагчид төдий л хүндлэхгүй, зааж буй хичээлийг нь үл ойшоон өөрийг нь эвгүй байдалд оруулах нь ажиглагддаг. Хүн хүний сайхан зангаас айхаас бус хэзээ ч муухай ааш, ааль авираас айхгүй шүү дээ.

Багш үндсэн гурван механизмаар суралцагчдадаа нөлөөлж чадвал сургалт үр дүнтэй болох талтай.
1. Татах байдлаар : Өөрийн хичээл зүтгэл , үйл ажиллагаагаар нөлөөлж , тэдний авьяас чаварыг хөгжүүлнэ.
2. Итгүүлэх байдлаар : Сайн ханддаг хүнийхээ үгэнд илүү анхааран ханддаг хүний сэтгэл зүйн онцлог байдаг.Үүн лугаа хайрлан байгаа багшийн үг бол суралцагч хүнд тун үнэ цэнэтэй.
3. Ухааруулах: Суралцагчдыг ухааруулан ойлгуулж , уяруулан дагуулж , ухамсарлуулан сэнхрүүлж , тэдэнд тодорхой сэдэл өдөөж чадна гэдэг багшаас маш их ур ухаан , чадварыг шаарддаг. Энэ нь итгүүлэхийн нэгэн адил үг голлох хэдий ч хүний сэтгэл зүй, ухамсарт нөлөөлдгөөрөө чухал юм. “ Хүн үгээр, тариа усаар” , Хүн хэлээрээ мал хөлөөрөө” гэсэн ардын зүйр үгс байдаг шүү дээ.

Энэ бүхнээс эцэст нь дүгнэж хэлэхэд багшийн ёс зүйн асуудалд сурган хүмүүжүүлэх харилцааны асуудал , биеэ зөв авч явах байдал,ёс суртахуун болон зан суртахууны талаар доголдолгүй байх , хичээл заах ур чадвар,сэтгэл зүйн мэдлэг чухал байртай нь ажиглагдаж байна. Ер нь багш хүн хүүхэдтэй” дээрээс доош “ гэсэн байдлаар хандаж харилцахгүй байх, хүүхэд болгонд өөдрөгөөр хандах, харилцааныхаа эв дүйг үргэлж боловсронгуй болгож байх хэрэгтэй юм байна. Багш хүн бол шавь нарынхаа “толь” нь болдог. Цэвэр үзэмжтэй хувцаслаж , соёлтой байж, биеэ зөв авч явдаг багшийг шавь нар нь хүндэлж, түүнээс “айж “ эмээж явдаг төдийгүй үлгэр дууриалал болдог байна. Ёс суртахуун болон зан суртахууны доголдолтой хүн хүнийг хүмүүжүүлнэ гэдэг хуудуу хэрэг. Багш хүн өөрийн эцсийн зорилгодоо хүрэхэд нь түүний зан ааш ихээхэн нөлөөлдөг. Сайхан ааш эелдэг зөөлөн харьцаатай багш шавь нараараа өөрийгөө хүрээлүүлж чаддаг. Багш хүний хүмүүжлийн нэг зэвсэг нь үг . Тухайн байдалд тохирсон оновчтой хурц нөлөөлөх хүчтэй байх ёстой.Үгээр хүнийг амьдруулж ч болно, үхүүлж ч болно гэдэг үг бий. Хүний сэтгэл зүйд нөлөөлөх хүчит зэвсгийн нэг үг болно. Хүн ер нь магтуулах дуртай амьтан. Магтаал сайшаалын үгийг шавь нар нь багшаасаа үргэлж хүсэж байдаг. Магтаал сайшаалын ганц хоёр ч гэсэн үг хичнээн ач тустай байдгийг хүн бүр мэднэ шүү дээ. yaruus.amjilt.com

 

Бичсэн: EDUCATION | цаг: 05:56 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 666007 удаа нээгдэв.
idiomatic-dormant