2015-01-08
Түүх биднээс холдох тусам..!

Р.Энхтамирын “Түүх биднээс холдох тусам байгалийн үзэгдэл болох нь улам тодорно” номын хэсгээс толилуулж байна.

Өмнөтгөл
Энгэр газрын цас хайлж халтар тармаг болж, хотын гудам бүхэлдээ шавар шавхайнд дарагдан өнгө зүсээ алджээ. Зай завсаргүй урсан өнгөрөх авто машины хөлийн тоос,  дуу чимээ нь хотыг тэр чигт нь ядраан сульдааж буй мэт санагдах ба  хахир хүйтэн өвөл хэдий нь ард хоцорсон ч хүмүүс утаа  шингэсэн өвлийн зузаан хувцаснаасаа хараахан салж амжаагүй түүртэн явах нь тэднийг их л бухимдуу явнуудаа гэж бодогдохоор харагдана.   

Хааяа салхи дэгдэж шороо босч байсан учир охин бид хоёр хэсэг хүмүүсийн хамт буудлын саравчны нөмөрт автобус хүлээн зогсож байлаа. Ядаж байхад энэ замын түгжрэлийг яана даа гэсэн юм бодож байтал учиргүй чангаар гөлгөн нохой гаслан гийнах чимээ гарч бүх хүмүүсийн хараа тэр зүгт чиглэв. Зэргэлдээ байрны буланд байрлах хогийн цэгээс тэр дуу гарчээ. Гартаа саваа мод барьсан хоёр пөөдийсөн нөхөр хог ухаж, чирч явсан савандаа ямар нэг юм хийх нь харагдах бөгөөд бас ам нь хөдөлж байгаа нь мэдэгдэж байв. Тэдний насыг тогтоох гэж оролдсон боловч чадсангүй учир нь тэдэнд үнэндээ гялалзаад байх ч нүд шүд ч харагдахгүй  байсан ба ноход ч тэднээс нэг их айсангүй ээлжээ хүлээн ард нь зогсоно. Энэ бүгдийг харсан хүмүүс дор бүрнээ ямар нэг зүйл ярьж тэднийг зэвүүцэн харж нэг хэсэгтээ л цагийг ярих юмтай өнгөрөөх болтой. Гэтэл охин маань

Ааваа ...  хүмүүс яагаад, яагаад ядуу байдаг юм бэ?  гэж асуув.

Заваан залхуу болохоороо ядуу байдаг юмаа  гэж хэлбэл хэсэгтээ чимээгүй байснаа
Ааваа ... ядуу хүмүүс тэгээд олон байгаа юу?


Олон ...  маш олон байгаа

Тэгвэл тэд чинь бүгдээрээ заваан залхуу хүмүүс юм уу?

Арай ч үгүй л дээ

Тэгээд яагаад ядуу байгаа юм бэ?

Яагаад гэж үү .....гээд үнэндээ хэлэх үг олдож өгөхгүй хэсэг бодов. Яаж ойлгуулахаа мэдэхгүй тээнэгэлзэж байтал дахин дахин асуугаад гарнаас чангааж угзарсаар байсан тул
Миний охин ... аав нь үнэндээ сайн мэдэхгүй байна. Хэрвээ миний охин олоод мэдчихвэл аавдаа заавал хэлээрэй гээд хэлчихэв
За ... гэж хэлээд охин маань  хог түүж байгаа нөгөө хоёр хүн рүү хараа нь шилжив. Хэсэг анзаарч харвал царай нь төв болоод бага зэрэг хөмсөг зангидчихсан их л бодолд орчихсон гарах гарцгүй байгаа нь мэдрэгдэж байсан тул  алгын чинээхэн охинд арай дэндүү хүндэдсэн даалгавар өгсөндөө өөрийгөө зэмлэн
Миний охин ... Аав нь ч гэсэн олоод мэдчих юм бол охиндоо заавал хэлнээ гэвэл
Тэгээрээ ... гэснээ та тэгээд мартчихдаг шүү !! ...  гээд өхөөрдөм хөөрхнөөр хөхрөн инээв.

Охины минь энэ хөөрхөн инээд бүгдийг мартуулж мартагнуулж чадсан юм. Ингээд хэд хоног өнгөрсөн ч миний бодолд яагаад гэдэг асуулт охины минь хөхрөн инээх инээдтэй цуг сүлэлдэн явлаа.  Гэтэл нэг л өдөр намайг айдас  нөмрөн авав ... Учир нь би тэр үед охиныхоо бяцхан нүдэнд нуугдаж байсан айдсыг сая л олж харсан юм. Өөрийгөө зэмлэх надад үнэхээр багадаж, өр өмрөх шиг болсон ба аав нь тэр яагаад гэдэг асуултанд чинь заавал хариулт олж өгнө,  аав нь мартахгүй гэж дахин дахин өөртөөгөө ярих болов.
    
Би юу ч мэдэхгүйгээ сайн мэднэ    /Сократ/  

Та бидэнд нэгдсэн онолыг ойлгож мэдэхгүйгээр өнөөдрийн байгаа сэтгэхүйгээр өнгөрсөн үеэ дүгнэх буюу ирээдүйгээ төлөвлөх нь тун их алдаа мадагтай болох бөгөөд хожим түүнийгээ засахын тулд их хэмжээний хөрөнгө хүч, цаг хугацаа зарцуулахаас гадна хүмүүсийн сэтгэл зүйд ноёлон байгаа буруу төсөөллийг улам дэвэргэн дийлдэшгүй хүчин зүйл болгон хувиргах аюул нүүрлээд байна. Нэгдсэн онол буюу “Супер нэгдлийн онол” гэж чухам юу юм бэ, хэн түүнийг хаанаас гаргаад ирэв гэж та асуух байх. Тэгвэл та эхлээд үүнийг зүгээр л цээжилчих “Юмс үзэгдлийн тухай суурь онолыг хүн зохиодоггүй бөгөөд байгаль дээр оршин байдаг ба түүнийг олж нээдэг юм”.

Энэхүү нэгдсэн  онолыг манай монгол эрдэмтэн Ч.Эрдэнэ гуай нээж олоод даруй арав гаруй жил өнгөрөөд байгаач, түүнийг сонсож дүгнэж, шүүмжлэх нэгч эрдэмтэн мэргэд гарч ирэхгүй байгаа нь тун эмгэнэлтэй бөгөөд харуусалтай хэрэг. Хэргийн учир, бидний болон нийгмийн сэтгэлгээнд ноёлсон, биднээс үл хамаарах, бидний ухамсарт үйлдлийг хазаарлан боож харалган болгосон, ирээдүй гэрэл гэгээ гэж итгэж найдаж байгаа, бидний сайн мэдэх номлол төсөөлөлд, түүнд хандах бидний хандлага, түүнийг ойлгох ойлголтонд байгаа юм. Нэг үгээр хэлбэл ирээдүй, төсөөлөлд итгэх итгэл маань алдарч, нийгмийн сэтгэлгээний төлөв байдал задарч хаос төлөвт шилжээд байна. Тийм ч учраас элдэв номлол, үзэл суртал, шашин, хуучин нийгмийн төсөөлөл, эзотекийн үзэгдлүүд нь нийгэмд ихээр суртчилагдан эрүүл бус сэтгэлгээг хөглөөд байгаа нь ухамсарт бус үйлдэл боловч зайлшгүй туулах зам мөр байж болох юм. Хүн төрөлхтөний түүх хөгжлийн оргил үе нь өнөө үе бөгөөд, туулж өнгөрүүлсэн зам мөр нь мөн л ухамсарт бус үйлдлийн хэлхээ холбоос ба байгалийн үзэгдэл болохыг “Супер нэгдлийн онол” баталдаг юм.    

Супер нэгдлийн онол гэж юу вэ?

Энэ бол байгалийн шинжлэх ухааны суурь онол, орчлон ертөнцийн оршихуй ба хувьсахуйн учир шалтгааныг нээн олох онол, эцсийн онол, буй бүхний тухай онол юм. Матери анхдагч гэдэг материализм, оюун санаа анхдагч гэгдэх идеализм хоёрын мөнхийн тэмцэл болсон эрс тэс үзлийг нэгтгэж, хүн төрөлхтөний өмнө сэтгэлгээний агуу их нээлтийг хийжээ. Орчлон хорвоо ертөнц оргилон буцалж, асч унтарч, хувьсан өөрчлөгдөж байвч хувиршгүй мөнх нэгхэн зүйл байх ёстойг Пифагор, Платоноос ч өмнө Фалес, Гераклит нар номлосон байна. Тэрхүү хувиршгүй нэгхэн зүйлийг өнөөгийн шинжлэх ухаанд инвариант гэнэ. Аливаа нэгэн юмс үзэгдлийн тухай онолыг босгоно гэдэг бол тэр үзэгдэл юмсынхаа инвариантыг нээж олохоос өөр юм огт биш. Инвариантыг олоод авахаар тухайн үзэгдлээ тооцох нь нэн хялбар болдог байна. Хамгийн гайхалтай нь энэ онолыг байгалийн цэвэр өгөгдхүүнээр баталж чадсан юм.    

Ер нь шинжлэх ухаан нь байгалийн шинжлэл, хүмүүнлэгийн ухаан гэсэн хоёр үндсэн чиг шугамтай байдаг.Танин мэдэхүйн үйл явц нэгдмэл ба цорын ганц зорилготой. Энэ нь орчлон ертөнцийн оршихуй буюу хувьсахуйн учир шалтгааныг нээн олох явдал юм. Энэхүү онол та бидэнд чухам юу авчирч өгөв, яагаад заавал энэ онолыг мэдэж байх ёстой гэж, үнэхээр хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн их түүхийн зам мөр нь ухамсарт бус үйлдэл буюу байгалийн үзэгдэл мөн үү? эсвэл соёл иргэншлийнхээ оргил үедээ яваа хүн төрөлхтөн тийм харалган сохроор өнгөрсөн үеэ туулж ирээдүйгээ харж байна гэж үү? гэсэн маш олон асуултууд зүй ёсоор тавигдана. Эдгээр олон асуултуудад үнэн зөв хариулт олохын тулд эхлээд та бидний сэтгэлгээ эрүүл зөв пастулат дээр байх ёстой. Өөрөөр хэлбэл таны сэтгэлгээ ямар нэгэн номлол, үзэл суртал, шашин гэх мэт аливаа нэг хэв загварт баригдалгүй эрүүл зөв байх ёстой гэсэн үг юм. Энэ үзэл нь хүмүүсийн ба нийгмийн ахуйг ухамсарлахад чиглэж байгаа бөгөөд ахуй нь та бидний эргэн тойронд байгаа эд хогшил огт биш юм. Одоо  амьдарч буй цаг үе маань та бидний оршихуй бөгөөд оршихуй нь хаа нэг газар, бидний эргэн тойронд, бидний дотор байх бөгөөд, тэр оршихуй нь бас бид өөрсдөө юм.Тэр хүү оршихуйн мөн чанар нь та бидний сайнтай муутай бүх л амьдрал, хөгжил дэвшил, өдөр тутмын өмсөж зүүх хувцас хунараас эхлээд, нийгмийн сэтгэлгээнд ил ба далд ноёлон оршиж буй төсөөллүүд юм. Амьдарч буй цаг үеэ үнэн зөв тодорхойлж чадвал эрүүл зөв сэтгэх эхний алхам хийгдэх бөгөөд түүнээс цааш яагаад? гэдэг асуултууд хар аяндаа урсан гарах болно. Бидний туйлын буюу эцсийн зорилго нь яагаадын яагаадын тухай ойлголтыг олох явдал мөн.                  

Тэгэхээр одоо энэ амьдарч байгаа эрин цаг үеэ тодорхойлох гээд үзьеэ. Мэдээж та бид энэ цаг үеэ ойлгохын тулд энэ цаг үеийнхээ аливаа хийрхэл номлол, үндсэрхэг үзэл гэх мэтийн парадигмаас ангид байх ёстой. Хүн төрөлхтөний түүхэнд дэлхийг ноёлсон парадигм буюу төсөөлөл хоёр удаа тохиолдсон юм. Нэг нь Их Монгол улсын эзэнт гүрний үе XIII зуунаас эхтэй дэлхийг байлдан дагуулж чадсан тэр төсөөлөл үзэл санаа юм. Энэ сэдвээр хойно өгүүлэх учир түр хойш тавилаа. Нөгөө нь 1776 онд гарсан алдарт тусгаар тогтнолын Тунхаглалд заасан “бүх хүн тэгш эрхтэй төрсөн юм” хэмээх үзэл санаанаас эхтэй хүний эрх, эрх чөлөөг өндөрт өргөж чадсан өнөөгийн Америкийн Нэгдсэн Улсын дэлхийд ноёлсон улс төр, эдийн засгийн хүчтэй ноёрхлын энэ цаг үе юм. Одоо энэ цаг үеийнхээ мөн чанарыг зөвхөн хөндлөнгөөс нь л харах хэрэгтэй. Ардчилал хүний эрх, эрх чөлөөг эрхэмлэн дээдэлсэн энэхүү ил ноёлсон төсөөлөл нь дэлхий дахиныг үнэхээр байлдан дагуулж чадсан бөгөөд одоо ч эрх чөлөөний орон гэгдэх энэ улс руу цагаач дүрвэгсдийн цуваа тасраагүй байгаа юм. Дэлхийн ардчилсан гэх улс орнууд энэ үзэл санааг үндсэн хуулиндаа бүрэн тусгасан байх бөгөөд манай  Монгол улс ч гэсэн үндсэн хуулиндаа гүн бат суулгаж чадсан юм. Гэсэн хэдий ч капитал ноёлсон төсөөлөл хэт давамгайлан дэлхий нийтээр эрхэмлэвэл зохих үзэл санаа төсөөлөл маань төлөв байдлаа алдаж эхлээд байна. Нэг үгээр хэлвэл дэлхий нийтэд улс төр, эдийн засгийн хямрал нүүрлээд байна гэсэн үг. Лалынхан, америкчууд бидэнтэй машинд хийдэг шатахууны төлөө байлддаг, харин бид шашин, улс орноо хамгаалж байлддаг юм гэж үздэг нь дэлхий нийтийг хамарсан ил төсөөлөл болсон ардчилал, хүний эрх эрх чөлөө, далдаас ноёлон илэрсэн капиталд суурилсан төсөөллүүдийн хямралын нэгээхэн хэсэг бөгөөд цаашид энэ хямрал хэр удаан үргэлжлэхийг тааж мэдэшгүй юм. Учир нь дэлхийг хамарсан эдийн засгийн ноёрхлоо тогтоох гэсэн их гүрнүүдийн өрсөлдөөн, даяаршил нэрийн доор эрчимтэй явагдаж байгаа юм. Үүнээс гадна дэлхий нийтийн өмнө экологийн сүйрэл  нүүрлээд байгаа нь хямралын бас нэг шалтгаан бөгөөд энэ нь хүмүүсийн сэтгэлгээний доройтол, эрүүл бус байдал, алдаатай төсөөлөл, ухамсарт бус үйлдлийн үр дагвар юм. Бидний ухамсар ба танин мэдэхүйд өртөж буй үзэгдэл үйл явдал бүхэн өөрийн бүтэц, дотоод байгууламжтай ажээ. Энэхүү ухамсарт үзэгдэж, ойлгогдох бүтэц нь нийтлэг хосмол шинжээс бүрдэх бөгөөд түүний төлөв байдлыг аль давамгайлсан шинж нь тодорхойлно гэсэн үг.            

Дэлхий нийтийг ноёлоод байсан тэр үзэл санаа, төсөөлөл, одоо нэгэнт төлөв байдлаа алдаад хаос төлөвт шилжиж буй ба бидний Монголчууд ч ялгаагүй энэ дэлхий нийтийн төлөвийг л ухамсаргүйгээр даган чирэгдэж буй нь маргаангүй үнэн юм. Хүн төрөлхтөний туулж өнгөрүүлсэн түүх хийгээд Монголчууд бидний түүх ч ухамсарт бус үйлдлийн хэлхээ холбоос мөн бөгөөд түүнийг болдог юм болдгоороо болж, болох ёстой юм болдгоороо болно гэж ойлгож болно.Та үүнд нэг их гайхах хэрэггүй. Аливаа бүтэц, системд тогтсон номлол үзлээс сэтгэлгээгээ чөлөөлж чадсан цагт л та сая үнэнийг таньж ойлгож чадна. Үнэн хэрэгтэй, түүх бидэнд харьяалагддаггүй, бид л түүхэнд харьяалагддаг гэж Германы философич Ханс Георг Гадамер хэлжээ. Гэхдээ энэ хүний хэлсэн үгний талаар номын төгсгөлд дахин хамт ярилцъя. Одоо бидэнд яагаад гэдэг олон асуултууд урган гарч ирлээ. Харин аз болоход Швейцарийн сэтгэл зүйч соёлын филосфич Карл Густав Юнг /1875-1961/ гэдэг энэ эрхэм хүн та бидэнд хандах зүгийг тодорхой заагаад өгчихсөн байх юм.Тэрээр хүн төрөлхтөн өөрийн нийтлэг хамтын ухамсаргүйг олж тогтоохын тулд түүхийн хамгийн алслагдсан гүнрүү өнгийх ёстой гэжээ. Иймд түүхийн тэр алслагдсан гүнрүү хамтдаа цуг бэдрэн аялах хэрэгтэй болох нь. Урьдчлаад хэлэхэд түүхийг та бид цэвэр шалдан нүцгэнээр нь олж харахын тулд тодорхой хэдэн ойлголтыг сайтар ухан ойлгосон байх ёстой.     
                  
Түүх гэж чухам юу юм бэ?

Энэ бол хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн өнөөг хүртэлх зам мөр юм. Үүнийг дэлхий нийтийн түгээмэл түүх гэдэг. Дэлхий нийтийн түгээмэл түүхийг үндэсний түүхүүд бүрдүүлдэг бөгөөд, тэнд  үндэстнүүдийн түүхүүдийн өвөрмөц төрх, тунарч ялгаран оршин байдаг. Түүх бол шинжлэх ухаан мөн. Харин түүхийг улс төр буюу үндэсний стратегийн зорилгоор ашиглахыг түүх бичлэг гэдэг. Түүх бичлэг нь хүмүүнлэгийн ухаан, улмаар нийгмийн ухаан, цаашлаад улс төрийн ухаанд шууд хамаарна. Түүхийн ухаан, түүх бичлэгийн төрөл зүйл нь эхнээсээ аваад эцсээ хүртэл стратегийн агуулга зорилготой байдаг. Үүнийг сайн ухаж ойлговол тун чухал юм. Энэ нь түүхийн шинжлэх ухааныг ор тас үгүйсгэсэн хэрэг огт биш бөгөөд түүхийн үнэн ба учир шалтгааныг олж мэдэхийн тулд та бидний сэтгэлгээнээс түр ч гэсэн ангид байх ёстой юм. Учир нь хүн гэдэг амьтан тухайн цаг үеийнхээ ноёлон давамгайлсан үзэл бодлын хүрээнээс ганцхан харайлтаар сугаран гарч  чадахгүй юм. Түүх бол үзэл санааны түүх, шинжлэх ухааны түүх, философи сэтгэлгээний түүх, утга зохиол соёлын түүх мөн.  Одоо бид түүхийн миф хэллэгийн тухай товчхон ойлголт авъя. Энэ бол маш өргөн ойлголт юм. Францын утга зохиол судлаач Ролан Барт 1915-1980 “Өнөөдрийн миф бол онцгой хэл мөн” гэдэг философи томъёолол боловсруулжээ. Түүний үзсэнээр энэ хорвоо ертөнцийн аливаа юм миф болох бололцоотой, учир нь энэ ертөнцийн дурын юм битүү дүлий оршихуйгаасаа уг байдалд шилжиж, нийгмийн эзэмдэлд нээгдэж болдог бөгөөд биднийг юу дуртайгаа ярихыг байгалийн ба бусад хууль хориглодоггүй юм байна.Тэрээр бас миф үүсэх, орших, устах мөнхрөх нь түүхэнд захирагдаж байдаг ба байгаль түүх хоёрыг захаас аван замын турш хольж хутгаж байдгийг би хараад тэвчдэггүй юм гэж хэлсэн нь түүхийн тухай ярилцаж буй бидэнд хэрэгтэй л ерөнхий ойлголт юм. Түүхийн миф хэл нь гурвалсан схем агуулж байдаг. Энэ нь тэмдэглэгч, тэмдэглүүлэгч, тэмдэг гэсэн, харин тэмдэг нь миф юм.

Миф нь юм, ойлголт, санаа аль аль нь биш, харин тэмдэглэх арга ба хэлбэр юм. Хүмүүсийг хүрээлэн буй хорвоо ертөнц бол, янз бүрийн эсрэг тэсрэг тал ба зөрчлийн цогцолбор бөгөөд түүнийг таниж мэдэж, зөв тайлбарладаг байх естой гэсэн санааг миф өөртөө хадгалж байдаг байна. Бидний гол сонирхох зүйл бол  тэмдэглүүлэгч яагаад тэмдэглэгдэв гэдэг асуулт ба тэмдэглэгчийн үзэл санаа үйлдлээс ангид, тэмдгийн цаад мөн чанар утга учрыг мэдэх явдал юм. Тэгэж таньж мэдэх нь зовхон сониучирхалаас үүдэлтэй байдаг биш, харин хүн, ертөнц хоёрын хооронд, хүмүүсийн янз бүрийн хэсгийн хооронд үүссэн тасралтыг засах, танин мэдэхүйн зохицлыг хангахаас үүдэлтэй байдаг байна. Миф нь философийн олон салбарт хэрэглэгддэг гүн гүнзгий ойлголт учир бидний хувьд ерөнхий ойлголттой байж болно.
    
Парадигм гэж юу вэ?  

Хүн ба нийгмийн оюун сэтгэлгээний салбарт тухайн өгөгдсөн цаг болгоны ил далд ноёлсон төсөөлөл, үзэл санаа суртал номлол бодитой оршин байх жамтай. Үүнийг л парадигм гэнэ. Парадигм нь үе үе солигдож байх боловч нэгд, харьцангуй тогтвортой, хоёрт хуучин парадигм нэгэн цагт дээд төвшинд дахин гарч ирэх диалектик үйлчилж байдаг байна.             Түүхийн тасралтат шинж түүний ойлголтын талаар хамтдаа ярилцъя. Францын философич М.Фуко /1926-1984/ бол “мэдлэгийн археологи” гэдэг нэртэй хүмүүнлэгийн түүхэн танин мэдэхүйн аргыг боловсруулсан хүн юм. Тэрээр хүн төрөлхтөний сэтгэлгээг түүхчлэн авч үзэх өөрийн гэсэн өвөрмөц арга боловсруулснаа ийнхүү нэрлэжээ. Энэ аргын, тунхагладаг түүхчлэх үзлийн үүднээс хандвал хүн төрөлхтөний сэтгэлгээ бол урагшлан давшиж хувьсдаг биш, хөгжлийнхөө өмнөх шатуудтай холбоо, уламжлалтай биш, харин түүний өөрчлөлт нь үсрэлт маягийн, дэлбэрэлт маягийн шинжтэй байж, ийм нөхцөлд ертөнцийг үзэх шинжлэх ухааны шинэ шинэ ойлголтын тоон өсөлт нь үзэл санааны бүх системийг үндсээр нь өөрчилж, ингэснээр түүхэн тодорхой янз бүрийн эриний төлөөлөл нь хүмүүсийн хооронд үл ойлголцлол, хөндийрлийн хана босгож, улмаар түүхэн цаг хугацааны нэгдмэл урсгал дахь “эпистемологи хагацал” үүсдэг гэжээ. Түүхэн тасралт гэдгийг энгийнээр товчхон хэлбэл нийгмийн төсөөлөл буюу парадигм солигдохыг хэлдэг бөгөөд нийгмийн хувьсал өөрчлөлт, хувьсгалт шилжилтүүдийг бас хэлнэ. Уламжлалт түүхэн дэх сэтгэлгээний нэн чухал судлагдахуун болох үл тасалдах, оюуны ба ухамсрын бүхэллэг нэг утгат илрэл, улмаар “эрин”, “зуун” гэх мэт том том нийтлэг зэргийн оронд орчин үеийн түүх судлал нь тасалдлын гоц үзэгдлүүдийг авч үзэх болсон байна гэжээ. Иймээс түүхийн янз бүрийн үйл явдал нь үл тасралтат шинжээс тасралтат шинжид шилжих замаар үүсдэг үү? эсвэл үгүй юу? зүг чиггүй тасралтат шинжээс бат тогтвортой нийтлэгт шилжих зам бий юү?, үгүй юү? гэсэн эсрэг тэсрэг асуултууд хөндөгдөн тавигддаг юм байна. Бас М.Фуко хэлэхдээ түүхийн шинжлэх ухаан бол ухамсаргүй зүйлийн үйлдлийн хүрээ, ”ухамсарт биш завсрын текст“ юм гэжээ. Яагаад? гэдэг асуулт тавиад түр хойш тавилаа. Бидний хувьд энэ ухамсарт бус үйлдэл буюу байгалийн энэ үзэгдлийг батлах гэж оролдох зорилго бий.

Пассионар шинж чанарын тухай ойлголт


Дараагийн мэдвэл зохих ойлголт бол аливаа үндэстний пассионар шинж чанарын тухай ойлголт юм. Энэ тухай   Оросын их эрдэмтэн Лев Гумилев Чингэс хааны байлдан дагуулалтын агуу их ялалтыг байгалийн үзэгдлээр тайлбарлахын тулд үндэстний пассионар шинж чанарын тухай ойлголтыг анх хөндөн тавьсан юм. Пассионар шинж  гэж үндэстэн бүхний өөрийн өвөрмөц дүр төрх, давамгайлах мөн чанар, сэтгэлгээний далд төлөвшилд тогтсон, оршихуйг үнэлэх сэтгэмж зэрэг цаанаа дорвилог гэх мөн чанарыг хэлнэ. Нэг үгээр хэлбэл сайтар эрэмбэлэгдсэн далд логик сэтгэлгээ юм. Лев Гумилев Чингэсийн монголчуудын пассионар шинж чанарыг байгалийн үзэгдэл гэж үзсэн юм. Энэ нь аливаа үндэстнийг дотоод мөн чанараар нь ялган харж эргэцүүлэн дүгнэх бололцоог олгоно. Бидний сайн мэдэх хятад хүнд байдаг гайхалтай чанар бол хийсэн хөдөлмөрөө заавал үнэлүүлж чаддаг юм. Тэгэхээр бид өнгөрсөн үе рүүгээ нилээд гүн орж судлахын тулд эхлээд түүхийн тухай ерөнхий ойлголт, түүний мөн чанарыг зөв танихын тулд эрдэмтэн мэргэдийн олж тогтоосон ололт нээлтээс бага ч гэсэн чамлахааргүй ойлголтыг олж авлаа. Ер нь хүн төрөлхтний түүх бол хүмүүсийн сэтгэлгээ, сэтгэлгээний бөөгнөрөл, түүний задрал, танин мэдэхүйн хүсэл эрмэлзлэл, үр удмаа үлдээх гэсэн  хүмүүсийн тэмцлийн түүх бөгөөд, эрх чөлөө амар амгалан байх туйлийн хүсэл нь түүхийг өдөөдөгч,  бүгдээс үл хамаарах бүхнийг эрэмбэлж байдаг байгалийн агуу их бүтэц түүний хувьсал түүхийг үргэлжлүүлж байдаг юм.     

Эрх чөлөө гэж юу вэ?  

Энэ цаг үеийн маань төсөөлөл, хүн бүхний хэлэх дуртай үг. Эрх чөлөө гэж сул чөлөөтэй, эрх дураараа, хүссэн бүхнээ хийж болох, хүссэн бүхнээ авч болох, дураараа дургиж дунд чөмгөөрөө жиргэж болох орчин гэж ойлгож болох мэт боловч, төлөв байдлын хувьд дан ганц шинж оршин тогтож чадахгүй бөгөөд нэг үгээр хэлбэл эмх замбараагүй байдал буюу  хаос төлөвт шууд шилжинэ. Супер нэгдлийн онолд, аливаа бүтэц хосмол шинжээр орших бөгөөд үнэмлэхүй цаг хугацаа, үнэмлэхүй орон зайд астро физикийн бүх үзэгдэлүүд болон бидний бүхэл амьдрал явагдана гэжээ. Тэгэхээр эрх чөлөө гэдэг ойлголт маань хаос төлөвт тун ойрхон төлөв байх нь, бас ямар нэг сарниулах хүч заавал үйлчилж байх ёстой байх нь. Эрх чөлөө хүмүүст зайлшгүй хэрэгтэй зүйл учир төлөв байдлыг нь бид зөв тодорхойлох хэрэгтэй юм. Эрх чөлөө гэж динамик хаос төлвийг хэлнэ. Энэ төлвийг л монголчууд бид үндсэн хуулиндаа маш зөв суулгаж өгөх ёстой.

Шашин ба түүний мөн чанар, түүнийг ойлгох ойголт  

Бид одоо шашны тухай ярилцах учир, бидэнд ямар нэг үл ойлголцлол гарах бий гэдгээс болгоомжлон эмээж буйгаа нуух хэрэггүй байхаа. Учир нь таныг ямар шашин бишрэн шүтдэгийг мэдэхгүй ба шашин хоорондын үзэл, түүний зөрчил нь, үүссэн тэр цагаасаа өнөөг хүртэл үргэлжлэж дэлхийн түүхнээ тоо томшгүй олон дайн дажин үүсгэж арилашгүй ул мөр үлдээсэн юм. Тийм учраас энэ мөнхийн тэмцлээс аажимхан тойрохын тулд шашны тухай ерөнхий ойлголтын талаар ярилцахдаа аль нэг талыг давамгайлан авч үзэхгүй байхыг хичээнэ. Хүний болон нийгмийн амьдралд,  шинжлэх ухаан ч хариулт өгч чаддаггүй  яагаад гэсэн асуултанд ганцхан шашин л хариулт өгдөг бөгөөд тэр нь бурхан бүгдийг бүтээсэн гэж номлодогт  оршдог юм.  Хүн анх төрөхдөө л айдас болон амьд явах хүсэлтэй  төрдөг ба айдас ноёлох сэтгэлгээнээс эхтэй энэ сэтгэлгээ нь  өнөөгийн шашныг буй болтол асар урт хугацааг туулсан байж таарна. Нэг үгээр хэлбэл хүний үүсэл хөгжлийн түүхтэй шууд холбоотой юм. Одоогоос 60 000 жилийн тэртээх неандертальчууд нас барсан хүмүүсээ оршуулж байсан байна. Хүн өөрийнхөө сул дорой, мөнх бус гэдгийг мэдэрсэн цагаас эхлэн далдын ямар нэгэн хүчинд итгэх, тэр хүчний ивээл дор итгэл үнэмшил олж авах, амар амгалан орших үүднээс сүсэг бишрэл үүссэн гэж үзэж болно. Эртний хүмүүсийн үлдээсэн агуйн сүг зураг, эд зүйлс ясан сийлбэр зэрэг нь тухайн үеийн хүмүүсийн сүсэг бишрэлийн илрэл болж байдаг. Ингэж хүмүүсийн сэтгэлгээнд үүссэн айдас нь, сүсэг бишрэлээр дарагдан тайвширч бага ч гэсэн итгэл найдвар авч байсан ч танин мэдэхүйн мэдлэг нэмэгдэх хирээр бие биеэ үгүйсгэн дайсагнах нэг шалтаг шалтгаан болсоор өнөөг хүрсэн байна. Хүн төрөлхтөний түүхэнд маш олон шашин үүсэн хөгжиж өөр өөрсдийн номлолоор ертөнцийг үзэх үзлийг боловсруулан иржээ.  Ер нь шашин гэж юу юм бэ?  Энэ нь тухайн хүмүүсийн итгэл үнэмшлээ болгосон номлол, амьдралдаа дагаж мөрдөх болсон сүсэг бишрэл, ёс суртахууныг хэлнэ. Шашныг үндсэнд нь хоёр ангилдаг бөгөөд нэг бурхант шашин, олон бурхант шашин гэж.  Орчин үеийн ертөнцөд голлох хэдэн шашин оршин байгаа нь Буддизм, Христос, Лал, Хинду, Иудай Шинто, Дао буюу Бумбын шашин юм. Эдгээрээс Христ, Лал, Иудай шашин нь туйлын ганц бурхант шашин бөгөөд бүгд эцэг Абрахамаас эхтэй гэж үздэг ба эцэг Абрахамын сургаал нь дэлхийн хамгийн анхны ном болох Сүмэрийн үеийн 12 шавар хавтан Белгамш туульсаас эхтэй болохыг эрдэмтэд баталсан байдаг юм. Ганц бурхант энэ шашныг еврейчүүд буй болгосон гавъяатай юм. Иудай шашин 3670 жил, Христ 2000, Лал буюу Исламын шашин 1521 жил оршин тогтож сургаал номлолоо түгээсээр иржээ. Эдгээр шашин нь бүтээгч нэг л бурхан байдаг гэж үздэг бөгөөд энэ үзлийг монотейзм гэнэ. Эртний жүүдүүд тэр бурхнаа Яахва, Лалууд Аллах, Христүүд Бог буюу Эзэн гэж нэрлэдэг. Зөвхөн дээрх гурван шашин л туйлын ганц бурхант шашин бөгөөд бусад бүх шашин олон бурхант шашинд ордог юм. Олон бурхан байдаг гэх шашны үзлийг политейзм гэнэ. Хинди 4000, Будда 2545 жилийн өмнөөс үүсэж хөгжиж өнөөг хүрчээ. Ер нь шашин бол хүмүүсийн оюун санаанд гарсан үсрэнгүй дэвшил яах аргагүй мөн бөгөөд  энэхүү үсрэлт дэвшил нь хүмүүст асар их итгэл найдвар гэрэл гэгээ авирч байсан нь өнөөгийн соёлт ертөнцөд хүртэл эрч хүчээ алдаагүй нөлөө нөөлөг нь ч хэвээр байгаа юм. Альч шашинд хүндэтгэлтэй хандах нь өөрөө эрүүл сэтгэлгээ учир таныг ямар нэг зөрчилд оруулахгүйн тулд түр ч гэсэн шашины номлол, сурталыг хойш тавиад, энэхүү жижигхэн номыг дуустал нь уншаасай гэж хүсэх байна. Хамгийн гол нь бид өнөөгийн энэ сэтгэлгээнээсээ алдаа дутагдалаа олж харах хэрэгтэй байгаа юм. Нэг ийм үг байдаг юм.  Бид өөрсдөдөө их ухаалаг асуулт тавиад, түүнд нь их ухаантай хариулт өгөөд байх юм бол өнөөгийн мэдлэгийн төвшингөөс хэзээч гарахгүй ба, харин тэнэг асуулт тавиад санаатай буюу санамсаргүйгээр түүнд зөв хариулт олчихбол бидэнд дэвшил ирдэг юм байна.


Еврейчүүд, жүүдүүд гэж чухам хэн бэ?

Үнэхээр сонирхолтой ард түмэн мөн.  Энэ ард түмний түүх соёлыг сайтар судлах хэрэгтэй бөгөөд, хамгийн гол нь тэдний сэтгэлгээний бүтэц, ноёлож тогтсон төсөөлөл, мөн чанар энэ ард түмний пассионар шинж, түүнд нөлөөлөгч түүнийг өдөөгч анхдагч нөхцөл болсон ахуй буюу оршихуйг зөв тодорхойлж тун эрүүл дүгнэлт гаргаж чадвал тэдний тухай олон асуултуудад хариулт өгч чадна. Эх оронгүй, оршин буй орныхоо хавчлага мөрдлөг дор хөөгдөн туугдан, алж хядуулж, цөллөгдөж хохирч байсан еврейчүүд яагаад хоёр мянган жилийн турш эв нэгдлээ хадгалж өнөө үеийг хүрч ирж чадсан бэ? гэдэг асуулт түүхийн өмнө зүй ёсоор хариулт нэхдэг юм. Еврейчүүд олон зуун жил аливаа нэг үндэстний гадуурхагдсан угсаатан болж хавчлага мөрдлөг хүнд бэрх зам туулж, хамгийн муу муухай ажлыг хийж байсан ч тухайн нийгмийнхээ шинжлэх ухаан, бизнес, урлаг соёл, худалдаа үйлдвэрлэл үйлчилгээний бүхий л салбарт онцгой цойлон гар ирж байлаа. Жүүдүүдийн нэг гайхамшигтай чанар нь ямар ч хүнд бэрх нөхцөлд бүлсэг байж чаддаг бөгөөд оюуны болон капиталын хуримтлал бөөгнөрүүлж, түүгээрээ нийгмийн бүхий л салбарт өөрсдийгөө мэдрүүлж мөнхлөж чаддагт байгаа юм. Энэ мөн чанараараа бусад үндэстэнд үзэн ядагдах шалтаг болдог бөгөөд жүүдүүд ч өөрсдөөсөө бусад үндэстэнд хандах хандлага нь дэндүү хатуу байдаг. Тэдэнд өөрсдийн нийгмийн тогтолцоо байхгүй дэлхийгээр нэг тархан байрласан ч уг үндэстний пассионар шинж нь бүх еврейчүүдийг нэгтгэн нэгэн бие даасан улс болгож чадсан ба өнөөдрийг хүртэл дэлхий нийтийг гайхан бишрэх,үзэн ядахад хүргэсээр байна.                     

Еврейчүүдийг үзэн ядах үзэл нь шашны үзэл суртлаас илүүтэй тэдний боловсролын төвшин, санхүү эдийн засгийн өндөр чадавхи, дасан зохицох чадамж зэрэг нь нүүдлэн очсон орон нутагтаа тэр даруй хүчирхэгжих тул, улс орноо еврейчүүдэд эзэмдүүлэхгүйн тулд үндэсний үзэлтнүүд нь хавчлага дарамт шахалт ихээр үзүүлж улмаар хоморголон устгах хүртлээ гаардаг байсан юм. Тэгсэн хэдий ч тэд улс орноо байгуулж чадсан бөгөөд, шинжлэх ухааны бүх салбарт онцгой цойлох болсон нь хэн ч маргах зүйл биш болоод байгаа билээ.     АНУ-ын алдар цуутай их дээд сургуулиудад Еврей судлалын тэнхим байдаг ба Еврей судлалын олон улсын байгууллагуудын уулзалт семинар жил болгон дэлхийн аль нэг оронд зохион байгуулагдаж байдаг юм. Харин бидний зорилго бол жүүд буюу еврей үндэстний  пассионар шинжийг зөв тодорхойлж харах, түүнийг өдөөгч болсон ахуй буюу оршихуйг мөн зөв тогтооход анхаарах ёстой. Тиймийн учир эртний еврейн түүхийг сөхөн харах хэрэгтэй юм. Еврейн шашинд бурхны таалалд орсон цорын ганц ард түмэн еврей үндэстэн бөгөөд бурханд анх амалсан  үүргээ бодитоор биелүүлсэн цагт авран гэтэлгэгч их бурхан тэдэнд заларч еврейн шашинтнуудын төлөөх диваажингийн орныг цогцлоон бүтээж өгнө гэсэн ухагдахуун байдаг. Тэд үнэндээ Есүст маш их найдаж байсан боловч Есүс Христ дан ганц еврейчүүд бус нийт хүн төрөлхтнийг авран гэтэлгэхийг номлож байсан нь ихэнх еврейчүүдийн хүссэн зүйл огтоос биш байсан учир түүнийг Ромын эрх баригчдад барьж өгч цовдлуулсан юм. Энэ үнэхээр сайтар нягтарсан хатуу бүлсэг сэтгэлгээ мөн. Тэгээд ч Есүс Христ еврей хүн байсан. Бурхан Еврейчүүдэд амалсан хамгийн анхны амлалтыг ”Хуучин гэрээ“ гэдэг. Хуучин гэрээ бол еврейн түүх юм. Бид түүхийн үйл явдал хөөхөөс илүүтэй түүний тасралтат шинж, мөн чанарыг сайтар анхаарч судлах хэрэгтэй юм. Хуучин гэрээнд Египетийн дарлалд еврейн ард түмэн хавчигдан зовж байсан талаар бичсэн байдаг Тэднийг хамгийн хүнд ажил болох шавар зуурах тоосго цохих, хээрийн ажил зэргийг хийлгэж амьдралыг нь гашуун зовлонтой болгож байсан ч үржин олширч тэр газрыг дүүргэв. Египетийн Фараон еврейчүүдийг улам олшрох тутам дарамт шахалтаа улам чангатгаж шинээр төрсөн эрэгтэй хүүхэд бүрийг Нил мөрөнд хаяж, охин бүрийг амьд үлдээ гэж тушаажээ. Еврейн Мосед Эзэн хандан чи миний өмнөөс Фараонд очиж хэл ­­Еврейн хөвгүүдийг нутгаасаа явуул гэж, хэрэв үл зөвшөөрвөл Израилийн эзэн бурхан гэсгээл үзүүлэх болно гэв. Мэдээж Египетийн Фараон зөвшөөрөөгүй учир Израилийн эзэн бурхан  Египетийн нийт нутаг даяар гамшиг авчрав. Эзэн Нил мөрөнг цус болгон хувиргаж өмхийрүүлэв, дараа нь бүх нутгийг мэлхийгээр дүүргэв, дараа нь Египетийн бүх хүн малыг бөөсөнд бариулав. дараа нь тоо томшгүй олон ялаагаар бүх нутгийг бүрхүүлж хоосруулав, гэвч Египетийн Фараон үл зөвшөөрсөн хэвээр л байв. Эзэн Египетийн бүх тэжээвэр амьтан мал сүрэг, үхэр хонь илжгийг үхүүлэв, дараа нь ургасан бүхэн дээр мөндөр оруулав, бүх нутгаар царцаа буулгав, мөн бүх хүн амьтны ууган төлийг үхүүлэв. Фараоны ууган хүү ч үхэв. Ингэж бурхны таалалд орсон цорын ганц ард түмэн бол еврейчүүд болохыг баталж Египет нутгаас гарав. Еврейн Мосе ард түмэндээ хандан Египетийн хүн ардаас алт мөнгө үнэт эрдэнэсийг гуйж авахыг тушаав гэж  “Хуучин гэрээ Египетээс гарсан нь”-нд бичсэн байна. Үнэхээр итгэхэд бэрх энэхүү миф хэллэг нь биднийг эрүүл  сэтгэн бодож, зөв дүгнэлт гаргах хэрэгтэй гэсэн санааг агуулж байгаа юм. Ямар ч байсан еврейчүүдийн сэтгэлгээний тогтоцод байгалийн хүчин зүйл  онцгой нөлөөлж чадаагүй болох нь тодорхой байна. Учир нь Египетийн нутагт эзний үзүүлсэн бүх гамшигт еврейчүүд өөрсдөө ямарч хохирол амсаагүй бөгөөд зөвхөн египетчүүд, тэдний мал сүрэг, нутаг орон нь ихээр сүйдсэн нь байгалийг ямар нэг хэмжээгээр эрхшээж байсан гэсэн үг юм. Өөрөөр хэлбэл танин мэдэхүйн мэдлэгийг тодорхой төвшинд эзэмшиж байсан байна. Үүнд ургац алдуулах арга, ялаа бөөс тараах арга, өөр ямар ч арга байж болох юм. Хамгийн сонирхолтой нь тэд  ядарч туйлдсан египетчүүдээс алт мөнгө үнэт эдлэлийг нь хоол хүнс төдийхнөөр маш хямд авчээ. Гэхдээ жүүдүүд буюу еврейчүүд хүн төрөлхтөний өмнө асар их гавъяа байгуулсан үндэстэн яах аргагүй мөн. Тэд л монотейзм буюу бүтээгч эзнийг буй болгож өөрсдийн шашин болох Иудай шашныг үүсгэн манай энэ соёл иргэншлийг устаж алга болох мөхлөөс аварсан байж болох юм. Жүүдүүд буюу еврейчүүдийн төсөөлөл буюу парадигм: Жүүд бид бие биеэ хайрла, бие биедээ тусла, бие биеэ үзэн ядаж байхдаа ч тусла. Бид нэгдмэл байхдаа л хүч чадалтай байна. Нэгдэлтэй байх нь бидний амжилт, аврал өршөөлд хүрэх, хөгжиж цэцэглэхийн үндэс суурь мөн.  Дайснууддаа ямарч өршөөлгүй ханд.  Мөнгө  хөрөнгө бол бидний хөл мөн. Жүүд буюу еврей үндэстний пассионар шинж. Жүүдүүд баялгийг байгалаас бус нийгмээс булааж авдаг. Бусдын нийгэмд дасан зохицох чадвар нэн сайн, оюуны болон капиталын хуримтлалыг чадварлаг буй болгож зөвхөн өөрсдийн төлөө зарцуулдаг. Бусадтай зөвхөн өөрийн эрх ашгийн үүднээс ханддаг. Тэд өөрийн Иудай шашны бүтээгч эзнийг зөвхөн еврей үндэстнийхээ төсөөлөл парадигмд үйлчлүүлж чаддаг бөгөөд тэрхүү төсөөлөл парадигм нь тэдний сэтгэлгээнд мөнхөд далд ноёлон оршсоор ирсэн юм. Еврейн пассионар шинж хэрхэн тогтов?  Бусдын нийгмийн дарлал, хавчлага мөрдлөг дунд өөрийн шашинтайгаа оршин үлдэх тэмцлээс тогтсон юм. Нэг үгээр хэлбэл ахуй буюу оршихуйгаас шууд хамааралтай. Оршихуй нь бусдын нийгэм, ноёлсон тэдний сэтгэлгээ юм.

Япон бас л гайхамшигтай түүхтэй ард түмэн     

Арлын энэ жижиг улс дэлхийд гуравт орох хүчирхэг эдийн засагтай орон юм. Япон орны тухай, япон хүний тухай тодорхой ойлголттой болохын тулд тэдний зан заншил, түүх соёл урлагийг олж судлахдаа, яагаад? өнөөгийн электрон техникийн өндөр хөгжилд хүрэв, яагаад? ард түмэн нь  боловсрол соёлын өндөр  төвшинд хүрэв, яагаад? тийм хүчирхэг эдийн засагтай орон болов, энэ бүгдэд чухам ямар хүчин зүйлс нөлөөлөв гэдгийг л олж мэдэхийг хичээх хэрэгтэй болно. Яах аргагүй XIX зууны сүүлээс XXI зууны эхэн үе болох өнөө үе хүртэл Японы ард түмний сэргэн мандлын ид үе үргэлжилж байна.                            
 МЭӨ 30 000 оны үед Японд анх хүн суурьшсан гэж үздэг бөгөөд тэд Азийн эх газрынхан байжээ. МЭӨ III зууны үеэс цагаан будаа тариалан, төмөр ба хүрэл боловсруулж, вааран эдлэл хийх болсон байна. Эдгээр нь Хятад эсвэл Солонгосоос шилжин ирсэн хүмүүстэй холбоотой гэж үздэг юм. Буддын шашин Солонгосын Бекже улсаар дамжин орж нэвтэрсэн  боловч,  Хятадын нөлөө их байсан ба Хятадаар дамжуулан урлаг соёл, шашин улс төрийн бодлогын талаар олон зүйлийг уламжлан авсан байна. Японы эрэг орчмоор явж байсан  энэтхэгийн худалдааны онгоц эвдэрсний улмаас  799 онд хөвөнгийн ургамлын үр орж ирсэн тухай түүх бичвэрт  нь байдаг байна. Мөн хожим 1191 онд Буддын шашны нэгэн гэлэн Хятадаас цайны үр авчирснаас хойш тун удалгүй нийтэд дэлгэрсэн ба цайны хэрэглээнээс үүдэн нарийн хийцийн сав суулгатай байх хэрэгцээ шаардлагатай болсон юм. XIII зууны эцсээр японы нэгэн ваарчин Хятадад очиж шаазан вааран эдлэл хийхэд суралцан зургаан жил болж буцаж ирээд  японд нарийн хийцийн шаазан ваар хийж эхэлсэн байна. Ингэж япончууд Хятад болон бусад улсаас олон зүйлийг зээлдэн авсан хэдий боловч үндэснийхээ үзэл санаанд сайтар нийцүүлэн зохицуулж хэрэглэж байжээ. Уг нь тэд анчид байсан хүмүүс юм. 1970-аад оны эхэн үед оросууд анх асаагуур буюу зажигалка бүтээсэн ба тэр нь бензинээр цэнэглэж, хөвөн олсоор шингээн, дамжин асаадаг нилээд бүдүүлэг шийдэлтэй байсныг япончууд өөрийн болгож шатдаг хий буюу газаар ажилладаг болгон дэлхий нийтэд худалдаалж чадсан юм. Тэдний аливаа зүйлийн техникийн шийдлийг гайхамшигтай оновчтой хийж чаддаг энэ чанар нь мөн л байгалаас улбаатай гэж ойлгож болно. Учир нь япончууд эх газраас хязгаарлагдмал бүх зүйлээ гаднаас авдаг байснаас гадна, нийгмийн тогтолцоо нь дайнч даймё тайж нарын эрхшээлд, хатуу ёс дэглэмийн доор тогтож байжээ. 1192 онд Ёритомо Японы хүчирхэг эзэн хаан болж түүнд  “ Зэрлэгүүдийг номхотгогч агуу их цэргийн жанжин “ гэсэн утгатай Сей-и-тай сёгун гэдэг өндөр цол хэргэм хүртээж, засаг төрийг үе залгамжлан барих бүрэн эрхтэй болжээ. Ингэж Японд сёгуны үе эхэлсэн бөгөөд XI зууны дунд хүртэл үргэлжилсэн юм. Сёгуны засаглал гэдэг нь самурайн давамгайлагч цэргийн хүчийг нийгмийн дээд давхарга болгон хөгжүүлж хатуу чанга дэглэмийг зан заншил, ёс суртахуун,соёл урлаг, амьдралын хэв маягт хэвшүүлж үндсэрхэг үзлийг бат гүн суулгаж чаджээ. Сёгунд үнэнч бус даймё буюу цэргийн хүчирхэг дайнч тайж нар хөдөө орон нутагт өргөн уудам газар нутгийг захирч байсан ба татварын ихэнх хувийг өөртөө авч, өөрийн самурайн арми бүрдүүлж байв. Даймё нарын хоорондын тэмцлээс японд иргэний дайн дэгдсэн юм. Самурайн өргөдөг тангарагт “Миний бие ууланд, газар доор хаана ч байсан гэсэн эзний сонирхлыг хамгаалах нь миний эрхэм үүрэг билээ” гэж байдаг байна.Тэд дайчны замаар замнаж, үүрэг хариуцлагад захирагдана. Самурайн ёсонд худал ярих, хараал хэлэх, муу үйл хийхийг хориглож, эд мөнгө, баян тансаг байдлыг жигших ёстой гэдэг ба “Зөв үйл аминаас ч илүү” гэжээ. Самурай хүн өөрийгөө далдалж нуувчнаас аллага үйлдэж болохгүй, нэр төрөө хамгаалж эрэлхэгээр  тулалдах ёстой гэж үздэг. Самурай нар бүдүүлэг хэрцгий, догшин ширүүн байсанч хээнцэр цэвэрхэн хувцаслаж, хатуу ёс журмыг чанд баримтлаж, эзэндээ туйлийн үнэнч зүтгэж тогтсон ёс суртахууныг хууль мэт хэвшүүлж хэрэгжүүлж байжээ. Уг ёсоор бол самурай нар сэлмээрээ дайсныхаа толгойг цавчих явцдаа уран яруу шүлэг хэлэх чадвартай байх ёстой ба ялагдал хүлээхийн оронд “хара-кири” хийж  нэр төртэйгээр амиа хорлохыг илүүд үздэг юм. 1542 онд португаличууд анх японд галт зэвсэг авчирсан бөгөөд тэр үед хиристийн шашин ч нилээд эрчимтэй дэлгэрсэн үе байлаа. Анхандаа япончууд христийн шашныг номлолоо дэлгэрүүлэхийг хөхүүлэн дэмжиж байсан нь Буддын сүм хийд нь хутган үймүүлэгч уур уурхай гэж үздэгтэй холбоотой ч  удалгүй христийн номлогчдын үйл ажиллагааг тун осолтой гэж ухааран тэднийг хөөн зайлуулах бодлого барьж христийн шашны эсрэг хууль хүртэл гаргаж байжээ. Гэсэн хэдий ч япончууд гадаад худалдааг хориглохыг хүсээгүй юм. Гэвч гадаадынхны улс төрийн хавчилгаас болж гадаад худалдааныхаа бодлогод өөрчлөлт оруулж 1639 онд Япон улс бүр мөсөн хаалгаа хаасан юм. Энэ бол Япончуудын үндсэрхэг үзэл, хэвшин тогтсон номлол,төсөөлөл, амьдралд төлөвшсөн ёс суртахуун, самурайн дайчин бардам зан төрхийн илрэлээс үүдэлтэй гэдэг нь гарцаагүй бөгөөд тэд хатуу чанга ёс дэглэмийг өөрсөддөө буй болгож байсан нь тодорхой. Тэдэнд хэзээ ч гадны илт ноёлсон дайсагнасан хүч байгаагүй бөгөөд, хэзээ ч бусдын дарлал мөлжлөгт автаж байгаагүй нь үндэсний пассионар шинж тод төлөвшин тогтоход хүчтэй нөлөөлсөн юм. Япон улс ингэж гадаад харилцаагаа тасалснаар “Хаалттай улс“ бодлого баримтласан байна. Түүхэнд энэ үеийг “Эдогийн эрин“ гэж нэрлэдэг юм.  

Японы түүхийн хамгийн сонирхолтой үе энэ үе бөгөөд, дэлхий дахинаас харилцаа холбоогоо тасалсан энэ ард түмэн, дан ганц өөрсдийн буй болгосон нийгмийн тогтолцоо, хатуу дэг журам, зан заншил, ёс суртахуун, шашин энэ бүхнээ гадны ямарч нөлөөгүйгээр өөрийн зүй зохицлоор нь 200 илүү жил хөгжүүлж ирсэн нь үнэхээр сонирхол татах сайтар судлууштай түүхэн цаг  хугацаа мөн. Энэ хугацаанд япон хүний сэтгэлгээнд ямар пассионар шинж төлөвшин тогтов, япон ард түмний сэтгэлгээнд ил ба далд хэлбэрээр ямар төсөөлөл ноёлон тогтож, өнөөг хүртэл ондоошин үлдэв гэх мэт хачин сонирхолтой асуултуудад хариулт олж болно.1854 онд Америкийн ерөнхийлөгчийн захидлыг хүргэхээр америкийн хөлөг онгоц  Японд хүрэлцэн иржээ. Уг хөлөг онгоцны ахмад Маттью Перри  Японтой

“Канагавагийн хэлэлцээр“-ийг байгуулснаар дахин гадаад ертөнцтэй нээлттэй харилцах болсон юм. Үүнээс гадна сёгуны үр угсаа төдийгүй бараг долоон зуун жил оршин тогтносон сёгун нийт системээрээ эцэс болон нуран унасан юм. Энэ үеийг түүхэнд “Мэйжийн эрин” эхэлсэн үе гэдэг. Энэ үе бас л тун сонирхолтой түүхийн тасралтат шинж бөгөөд энэ нь олон зуун жил япончуудын сэтгэлгээнд ноёлсон сёгун ёс, самурайн хатуу дэглэм, эрчүүдийн нийгэмд ноёлсон дайнч сэтгэлгээ зэрэг нь уламжлалт шинж чанараа алдан тэсрэлт мэт нуран унасан нь яах аргагүй байгалийн үзэгдлээр тайлбарлагдана. Нээлттэй бодлого явуулсан энэ үеэс  япон өөрийн улс төр, хууль, цэргийн зохион байгуулалтыг барууны маягаар шинэчлэн улс орныг аж үйлдвэржүүлж эхэлсэн юм.     Хэдиийгээр дэлхий нийтийг хамарсан түрэмгийлэл колоничлолд дулдуйдсан капиталист нийгмийн харгис хатуу сэтгэлгээ ноёлож байсанч япончуудын пассионар шинж чанарыг дийлж чадаагүй бөгөөд, сёгуны үеийн сэтгэлгээч нийгэмд ноёлож чадалгүй эсэргүүцэл үзүүлэх төдийхнөөр уусан номхорсон юм. 1912 он гэхэд японы хөлөг онгоцууд дэлхийн өнцөг булан бүрт хүрч байсан бөгөөд дэлхийн хүчирхэг гүрнүүд японыг хүлээн зөвшөөрөх хэмжээнд хэдий нь хүрсэн байв. Ер нь яагаад ийм богинхон хугацаанд хүчирхэг гүрэн болж чадав? Чухам юу нөлөөлөв?  Тэд саяхан л модон завьтай сэлэм барьсан хүмүүс л байсан шүү дээ гэж бодогдохоор үнэхээр гайхалтай. Япончуудаас үнэхээр гарамгай  сайн баатар жанжин төрөөгүй, хаан эзэн нь арван хэдхэн настай хүүхэд, улс төрийн эрх мэдэл нь гадны нөлөөнөөс ангид байсан юм. Тэгээд улс орныг хэн удирдан залж, өөрчлөлт шинэтгэлийг хийсэн юм бэ? гэх мэт олон олон яагаад гэдэг асуултууд урган гарсаар байгаа юм.                     
Японд тэдгээр их өөрчлөлтийг генро хэмээн нэрлэдэг тайж нарын алсын хараатай бүлэг төлөөлөл болох төрийн ахмад зүтгэлтнүүд гардан хийж байсан байна. Тэд яагаад ийм сайн ажиллах болов? Тэдэнд гадаадын зөвлөх мэргэжилтнүүд туслаж байв уу?  Эсвэл бэлэн боловсруулсан программ, төсөл төлөвлөгөө байв уу? Үнэхээр тэдэнд аль аль нь байгаагүй бөгөөд “Төрийн ахмад зүтгэлтнүүд“ гэгдэх эдгээр хүмүүс хийсэн нь нэгэнт тодорхой юм. Харин тэднийг япон үндэстний пассионар шинж удирдан залж хийлгэсэн юм. Энэ бол яах аргагүй байгалийн үзэгдэл мөн. Тэдэнд байгалаас өгөгдсөн бусдын ололтыг өөрийн болгон идээшүүлж чаддаг чадвар, нийгмийн тогтоцоос өгөгдсөн буруугаа хүлээж “хара­­­­-кири“ хийх сэтгэлгээ, эзний төлөө шударга зүтгэх, тогтсон хатуу дэг журам, өөрсдөөрөө бахархах үндэсний үзэл гэх мэт онцгой чанарууд төвлөрч чадсан нь пассионар шинж чанарын тулгуур үзүүлэлтүүд юм. Улс орноо аж үйлдвэржүүлж эхэлсэн тэр үеэс Хятад, Орос зэрэг улсуудтай дайн хийж Тайвань, Солонгос Сахалины өмнөд хэсгийг эзэлж, 1931 онд Манжуурыг, 1937 онд Хятадын бусад хэсгийг, 1941онд АНУ-ын Перл Харборд дахь цэргийн баазыг бөмбөгдөн, АНУ, Их Британ, Нидерланд зэрэг улсуудад дайн зарлан дэлхийн 2-р дайнд татан оролцуулсан юм. Гэвч 1945 онд  АНУ  Японы  Нагасаки, Хирошима хотуудад цөмийн бөмбөг хаяж аймшигт сүйрэл авчирснаар дайнд япончууд бүрэн ялагдал хүлээсэн ба улс орон нь эдийн засгий хувьд бүрэн сүйрч асар их хохирол, гай зовлонд унасан юм.                     

Дайны дараа тэд дахин шинэ төсөөлөл эрмэлзлэлтэй бүтээн байгуулалтанд орсон бөгөөд япон хүний тэрхүү гайхамшигт пассионар шинж чанараа  дэлхий нийтэд бишрүүлэн гайхуулж чадсан юм. Өнөөдөрч япон хүнд Sony, Hitachi, Honda, Panasonic зэрэг компанид ажилладгаараа бахархах сэтгэл байдаг бөгөөд эх оронч үндсэрхэг үзэл нь тэдний сэтгэлгээнд сайтар эрэмбэлэгдэн төлөвшин далд хэлбэрээр оршин буй нь тодорхой юм. Дашрамд сонирхуулж ярихад Японы мэргэжлийн Сумо бөхийн дэвжээнээ манай  залуус гялалзсан сайхан амжилт гарган ард түмнээ баярлуулан, монгол хүний хүч чадал, авхаалж самбааг арлын  энэ жижиг улс төдийгүй дэлхий дахинд таниулж чадсан ба их аварга хэмээх “Якузона“ цолыг ч авч чадсан юм. Ёс зүйн алдаа гаргасан гэж манай их аваргыг сумо бөхийн холбооноос хөөх туухдаа хүрч байж зодог тайлсан бөгөөд манайхан энэ талаар япончууд гадуурхаж байна, үндэсний үзэл гаргалаа муусайн япончууд гэж сонин хэвлэлээр олонтой бичсэн. Одоо ч ийм бодолтой хүмүүс нэлээд байгаа.     Дайнч даймё нараас угшилтай “якуза” хэмээх энэ ойлголтыг бид үнэхээр сайн мэдэхгүй байна. “Якуза” гэдэг ойлголт зөвхөн сумо бөхөд байдаг ойлголт биш бүх бүтэц салбарт байдаг түгээмэл үнэмлэхүй ойлголт юм. Нэг үгээр хэлбэл аливаа бүтэц дахь гоо сайхан, ёс зүйн төгс төгөлдөрийг илэрхийлэх үнэмлэхүй ойлголтыг Якуза гэдэг. Олон зуун жил япончуудын сэтгэлгээнд оршиж ирсэн энэхүү ойлголтыг манай залуу аварга сайтар ухаж ойлгоогүй ба япон “Якузона“ байж үнэхээр чадаагүй. Нэг дарга юм уу, нэг хэсэг хүмүүсийн гаргасан шахалт шаардлага огтоос биш учир, япончуудын нийгмийн сэтгэлгээнд чанд хатуу тогтсон тэрхүү үзэл санаа л шахан гаргасан юм.

Япон үндэстний пассионар шинж:  Тэд тогтсон дэг журам, хууль тогтоомжийг ягштал мөрддөг, бурууг бусдаас хайхаас өмнө өөрсдөө буруугаа хүлээж хариуцлага хүлээх чадвартай, аливаа зүйлсийн боломжит бүх бололцоог бүрэн ашиглаж чаддаг. Шинэ санаа сэдлийг алдалгүй улам хөгжүүлэн  ашиглаж, техникийн шийдлийг гайхалтай оновчтой шийддэг. Япон үндэстний энэхүү пассионар шинж нь бусдын нөлөө болон, байгалийн тогтоцоос илүүтэй нийгэмдээ буй болгож чадсан хатуу дэг журам уламжлал ноёлсон тэр бүтцээс улбаатай болно. Тэр бүтэц нь тэдний ахуй буюу оршихуй нь мөн.                                                                                                                                                                                                                          
Бидний Монголчуудын тухай миний бодол                              

Бид хэнээс ч дутахгүй бахархам сайхан түүхтэй ард түмэн юм. Үүх түүхээ сайн мэдэж байхын ач тусыг зүйрлэж хэлсэн,  эрдэмтдийн олон сайхан мэргэн үгс байдаг хэдийч “Чи төрөхөөсөө өмнөх болсон үйл явдлыг мэдэхгүй бол бүх насаараа хүүхэд явах болно“ гэж хэлсэн энэ цэц үг надад маш их таалагддаг юм.  Үнэндээ намайг дунд сургуульд байхад түүхийн хичээлээр чухам юу зааж байсныг одоо би сайн санадаггүй юм. Ардын хувьсгалын тухай, Октябрийн хувьсгал, В. И. Ленин, Д. Сүхбаатар, Х. Чойбалсан, Сталин, Дандар баатар, ЗХУКН, МАХН-ын түүх  за нэг иймэрхүү юм л санаанд бууж байна. Тэгэхэд манай улс социализмын материал техникийн баазыг байгуулж байсан ба аж үйлдвэр хөдөө аж ахуйн орон болох зорилттой таван жилийн төлөвлөгөөтэй социалист уралдаан өрнүүлэн бүх нийтээрээ хөдөлмөрлөсөн эрмүүн дайчин  үе байжээ. Үнэхээр тэр үед коммунизмын тухай ойлголтыг мэддэг хүн байсан эсэхэд одоо ч эргэлздэг ба учир нь бид өөрсдийн түүхээ огт мэддэггүй байсан юм. Энэ бол дэндүү том төөрөгдөл, үүх түүхээ эзэнгүйдүүлсэн, гуйвуулсан, бусдаар түүхээ бичүүлсэн тийм л нэг үе өнгөрсөн бөгөөд,  дэлхийд хамгийн их хэлмэгдсэн түүх бол монголчууд бидний түүх мөн. 1990 онд  Ардчилсан хувьсгал ялснаар монголчууд жинхэнэ тусгаар улс болж, тэгш эрх эрх чөлөөг тунхаглаж, дэлхий нийтийн жам ёсны хөгжилтэй зэрэгцэн алхах болсон юм. Түүхийн тасралтат энэ үед бидний итгэл найдвар үнэмшил болсон коммунизм, социализмын тухай мөрөөдөл буюу парадигм нэг л өдөр нуран унаж, сайтар ойлгож ухаарч мэдрээгүй хүн төрөлхтний жам ёсны хөгжлийн зам  капитализм гэгдэх,  зах зээлийн чөлөөт харилцаатай эрх зүйт нийгмийг төсөөллөө болгон үндсэн хуулиндаа тусгасан юм. Түүхийн тасралтат шинжийн тасралтгүйг хангаж, хүмүүсийн үзэл бодол, парадигм хоорондын зөрчлийг, тухайн ард түмний зан заншил, шашин, түүх, соёл урлагийн уламжлал нь зөөлрүүлэн  холбож өгдөг  бөгөөд, бид ч энэ ёс жаягийг дагаж түүх, шашин соёлоо сэргээн, үндэсний үзлийг хөхүүлэн дэмжиж, шилжилтийн үе болох  энэ хүндхэн замыг туулж байна.     Бид бахархал болсон Чингэс хааныхаа тухай чөлөөтэй ярьж бичих болсон ба түүний үзэл санааг олон түмэнд таниулан мэдүүлэхийн тулд  тэнгэризм, чингэсизм гэх мэт элдэв номлол болгон, бурхан шашны хэмжээнд хүртэл залж сүсэглэн бишрэхийг  уриалж байгаа нь зүйд нэг л нийцэхгүй байгааг би сайн мэдэрч байгаа боловч олон ургальч үзлийг хүндэтгэн элдэв шүүмж хийлгүй өөрийн бодлоо илэрхийлэхийг хүссэн юм. Та бид нэг л зүйлийг сайн мэдэрч байгаа, тэр бол “айдас“. Дэлхийг хамарсан капитал ноёлсон далд орших төсөөлөл, даяаршил нэрийн доор бидний монголчуудыг ёстой тэрэгний үхэр шиг аажимхан хөтөлж  явааг мэдрэх бүр миний үр хүүхдүүдэд ямарч боломж бололцоо үлдэхгүй нь гэдэг айдас надад төрдөг юм. Нөгөө дэлхийг ил ноёлсон ардчилал хүний эрх, эрх чөлөөг тунхагласан тэрхүү төсөөлөлд итгэх итгэл ч алдарч нийгмийн сэтгэлгээ хаос төлөвт орчихоод байгаа нь нэгэнт тодорхой болсон бөгөөд аргагүйн эрхэнд л мухар сүсгээр итгэж найдаж хүлээж байна. Энэ л монголчууд биднээс гарч байгаа эрүүл ухаан юм. Тиймээс л бид өөрсдийн түүхийг улам сайн судлах хэрэгтэй.    

Дэлхийн түүх бичвэрт үндэстэн бүхэн өөрийн түүхээ тодотгон үлдээхийг хичээдэг нь зүй ёсны хэрэг боловч, түүхийн үйл явдал хөөхөөс илүүтэй түүний мөн чанарыг тодотгон харуулж, яагаад? гэдэг асуултын хариуг тун эрүүл саруул ухаанаар дүгнэж гаргах ёстой. XIII зууны үеийн Чингэс хааны байлдан дагуулалтын түүхийг олон үеийн эрдэмтэд судлан өөр өөрсдийн дүгнэлт гаргасан байдаг юм. Перс арабын түүхчид Чингис хааныг гайхан биширч “бурханы ташуур“ хэмээн нэрлэж  түүнийг хамгийн харгис хэрцгий хүн гэж тодорхойлсон бол, Английн түүхч Х.Ховорс Чингэс хааны тухай бичихдээ “Орчин үеийн төрийн шинжийг бүрдүүлдэг шударга ёс, хүлээцтэй хандлага, сахилга бат сайн үйл тэр үед Чингэс хааны ордонд мөрдөгдөн хэрэгжиж байв “ гэжээ. Л. Гумилевийн үзэж байгаагаар шим мандлын амьд биетийн эрчим хүч дэлбэрснээс бүдүүлэг малчин, ойн анчин хоёр овгийг зүрчид монгол гэсэн хүчирхэг хоёр угсаатан болгон хувиргаж, шинэ дэд угсаатан буй болгосон байна. Зүрчид Хятадыг эзлэн авч, Монголчууд тэр үеийн ертөнцийн тэн хагасыг  эзлэн авсан байна. Ийм  адил үзэгдэл газар зүйн хувьд нэг өргөргийн төстэй нутагт ажиглагдаж байгаа нь түүнийг өдөөгч бол нийгмийн биш харин хүчит хар салхитай төстэй байгалийн хүчин зүйл болохыг харуулж байна. Энэ бол тухайн хүмүүсийн хүсэл зоригоос ангид үзэгдэл юм. Үүнд угсаатны шалгуурыг хэрэглэх аргагүй юм гэжээ. Л.Гумилевийн энэ дүгнэлт нь түүхийн тасралтат шинж болох тухайн үзэгдлийг мөн чанарынх нь хувьд тодорхойлохыг оролдсон оролдлого бөгөөд, байгалийн үзэгдэл байж болох тухай дэвшүүлсэн анхны санаа байлаа. Их эрдэмтэн үнэхээр гүн сэтгэж бодсон болох нь тодорхой ч баталж чадаагүй юм. Асуудал байгааг тодорхойлсон учир, учир шалтгаан байх нь зайлшгүй бөгөөд учир шалтгааныг хэргийн эзэн болох монголчууд бид л үнэн зөв тайлж чадах нягуур өндөртэй байх ёстой. Дундад болон төв азийн нутаг дэвсгэрт амьдарч байсан нүүдэлчин малчин омгууд адгуусан амьтныг гаршуулан гэршүүлсэн явдал дэлхий нийтийн соёл иргэншилд ихээхэн хувь нэмэр оруулсан юм. Адгуусан амьтныг гэршүүлэх ажил манай дэлхийд хэд хэдэн газар нэгэн зэрэг болсон бөгөөд  Монгол орны нутаг дэвсгэр буюу түүний ойролцоо адуу, тэмээ үхэр хонь ямааны өвөг амьтныг гэршүүлсэн гэж хуучин Зөвлөлтийн эрдэмтэн  А. Я. Лус, С. Н. Боголюбский нар тэмдэглэн үлдээсэн байдаг юм байна Тэгэхээр өвөг монголчууд маань  эрс тэс уур амьсгалтай жилийн дөрвөн улиралд   байгалийн энэ хүнд бэрхшээлийг сорж биш дасан зохицож, танин мэдэж суралцаж ирсэн бөгөөд амьжиргааны эх үүсвэр  болсон мал сүргийнхээ бэлчээр нутгийг даган нүүдэллэн амьдарч байжээ. Тархай бутархай овог аймгууд нь хэзээ ч байгалийн бүтцийг эвдэж байгаагүй нь нийтийн эрх ашгаас гадна, тэдний амьжиргааны эх үүсвэр болсон мал сүрэг, ан амьтан жигүүртэн шувуу, байгалийн зүй тогтоцыг хамгаалж байсан ба хэзээ ч хамтын шийдвэр гаргаж байгаагүй зөвхөн хамгийн зөв шийдвэр гаргадаг байжээ. Байгалийн хувьсалын үзэгдэл хүмүүст ямагт үнэн зөв мэдээлэл өгдөг ба тэдний амьдралын хэв маяг нийгмийн бүтэц нь гарцаагүй үнэн зөв мэдээллийг  шаарддаг учир хүмүүсийн болон нийгмийн сэтгэлгээнд энэхүү  пассионар шинж ноёлсон төсөөлөл нь аливаа юмсын зүй тогтлыг эрхэмлэн шударга үнэн зөвд тулгуурласан хамгийн эрүүл сэтгэлгээ байсан нь тодорхой байна.  Монголчуудын аж амьдрал, зан заншил соёл урлаг нь байгалийн тогтоц, түүний бүтэц, хувьсал өөрчлөлтөөс шууд хамааралтай бөгөөд тэдний сэтгэлгээний пассионар шинж нь ч байгалийн өгөгдхүүн болж таарч байна. Үнэхээр байгалийн үзэгдэл, амьтны зөн билэг гэдэг бол төгс төгөлдөр зүйл бөгөөд түүнийг ажиглан таньж мэдсэнээр танин мэдэхүйн мэдлэг ихээр хуримтлуулж өөрсдийн амьдралын хэв маягийг зөв зүй зохистой зохицуулж, хүмүүсийн хөдөлмөрийн хуваарь, ёс зүйн хэм хэмжээг гайхалтай эрүүл байлгаж байсныг нь ч болох ёстой зүйл болж байжээ гэж ойлгож болно. Энэхүү пассионар шинж өнөөдөр ч бидэнд  байгаа бөгөөд хэрхэн уламжлагдан хадгалагдаж ирсэн нь нэн тодорхой билээ. Харин XIII зууны Их Монгол  улсын эзэнт гүрний үед тэрхүү пассионар шинж улам тодрон парадигм болж чадсан юм. Нэг үгээр хэлбэл төрийн бодлогын хэмжээнд пассионар шинж ноёлох болсон бөгөөд Чингэс хааны хүүхдүүд, ач нар болон алтан ургийнхан тэрхүү үзэл санааг дэлхий дахинд мэдрүүлэн таниулж чадсаныг тэдний байгуулсан их гүрнүүдийн түүх намтраас мэдэж болно. Энэ бол уулгалан дайрч эзлэн түрэмгийлэх, алж хядаж, эвдэн сүйтгэх сэтгэлгээнээс тэс өөр зүйл бөгөөд олон мянган хүнтэй дайсан хийгээд, дайсагнагч улс түмнүүдийн цэргийн эвслийн эсрэг эрүүл саруул ухаанд түшиглэсэн хамгийн зөв шийдвэр гаргаж, ялан дийлж чадсан чадварлаг сэтгэлгээг хэлж байгаа юм. Байгалийн хүнд бэрх нөхцөл, түүний бүтэцтэй зохицон амьдарч байсан монголчуудыг харахад үнэхээр хагас зэрлэг мэт санагдавч, тэднийг зүй зохицлын болон танин мэдэхүйн өргөн мэдлэг, хүнлэг шудрага ёс эзэмшсэнийг тэд яахан мэдэх билээ. Ийм л ард түмний дундаас төрөн гарсан баатар эрчүүдийн нэгдэл нягтрал, тэдний дундаас зүй тогтлоороо гарсан шийдвэрүүд агуу их ялалтанд хүргээд зогссонгүй буурал түүхтэй дэлхийн цээжинд Монгол гэдэг нэрийг мөнхөлж чадсан. Одоо танд түүхэн зурвас хэсгээс толилуулъя.  Өст дайсан  Зүрчидийн Алтан улс хийгээд умард Хятадыг мөхөөснийхөө дараа Монголын их гүрний хаан Өгөөдэйн 1235 онд зарласан Их хуралдайгаас урьд өмнө өөрсдийнх нь өмнөөс илэрхий дайсагнасан зарим улс орныг дайлан номтгохоор тогтжээ. Үүнд бүр 1222-1223 онд нүүдэлчин монголчуудын ясны дайсан, нүүдэлчин хийгээд зоригт дайчид болох Куманууд, тэднийг өмгөөлөн монголын элчийг алсан Киевийн вангууд, итгэлийг эвдэн Монгол цэрэг рүү довтолсон Булгаруудыг номхотгон дагуулахыг Зүч хааны хүү Бат болон дорноос өрнийг дайтсан, эх нутагтаа “урианхайн төмөр тэрэгт“ хэмээн алдаршсан Чингэсийн дөрвөн хошуучийн нэг алдарт Сүбээдэй баатар нарт даалгасан байна. Ийнхүү Бат, Сүбээдэй нарын удирдсан Монгол цэргийн арми юуны өмнө Булгар, Куманыг цохисны дараа 1223 онд Калк голын эрэгт Монголын армийн эсрэг цэргэлсэн Галиш, Чернигов, Киевийн улсуудыг довтлох учиртай байлаа. Тэд эхлээд 1236 оны намар Булгар, 1237 оны хавар Кумануудыг бут цохив. Мөн энэ үед Бат хаан Мөнхөд нэгэн баг цэрэг өгч, хойт Кавказыг ороон Гүржийг буулган авах даалгавар  өгснийг тэрээр чадварлаг гүйцэтгэн Гүржийн хаан Рустанаг дагаар оруулж иржээ. Бат, Сүбээдэй нар цаашлан 1237 оны намар черкес, буртасын нутгийг эзлээд, элчийг нь алсан Рязаны ван Юрий Игоревич болон Владимир, Черниговын вангуудын хамтарсан хүчийг бут цохиж Рязань хотыг эзлэв. 1239 онд Москва, Суздал, Владимирын вант улсуудыг эзлэн авч дараа жилийн зун нь Дон мөрний цаана гарч, Переяславль,Чернигов, Киевийг дараа дараалан эзлэв. Эндээс Мажарын IV Бела хаанаас, ивээлдээ авч орогнуулсан Кумануудыг гаргаж өгөхийг шаардсанд хариу өгөөгүйд Белатай цэргийн холбоо тогтоосон Галицийг унагаагаад 1241 оны хавар Карпатын хавцлаар огтхон ч торохгүй гарч Польш, Силез, Морав, Трансильвани болон Мажар руу цэргээ дөрвөн замаар давшуулжээ.Чухам энэ үед л зэрлэг бүдүүлэг хэмээн үл тоож байсан талын нүүдэлчдийн морин цэргийн аянга мэт цохилтын хүч, санаанд оромгүй дайтах урлагийн өмнө өөрсдийгөө юу ч биш, хэн ч биш болохыгоо Европ дахин ухаарч эхэлсэн юм. Силезийг чиглэсэн Хайдугийн баг цэрэг Шиловын дэргэд бага польшийн Ичимхий алдарт Белослав вангийн армийг бут цохиж Краковыг 3 сарын 18-нд эзлээд Опел орчимд Байдарын цэрэгтэй нийлжээ.1241 оны 4 сард Байдар Хайду нарын удирдсан баг цэрэг Одер мөрнийг сал урсган гатлаад Австрийн Лигниц хотын дэргэд польш, герман, францын хамтарсан 30 мянган хүнтэй армийг бут цохисон байна. Мөн сарын 11-нд Шайо голын хөвөөнд Мажарын ван Белагийн удирдсан мажар, хорватын шилмэл 65 мянган цэрэгтэй армийг Бат,Сүбээдэй нарын удирдсан гол хүч юу ч үгүй болтол хиаруулав. Ердөө гуравхан хоногийн дотор болсон энэ хоёр тулааны тухай өрнийн олон түүхчид бичиж, монгол цэргийн дайтах хосгүй уран чадварыг шагширсан байдаг.     4-р сарын 9-ний нэгэн манантай өдөр Лигницийн дэргэд Их Польш Силезийн эзэн Ариун явдалт хочит Ван Ренри болон жанжин Мешок нарын удирдлагад польш, германы 20 орчим мянган шилдэг баатар эрс цуглараад байв. Мөн ойр хавийн уурхайнуудаас яаран сандран татсан 10 гаруй мянган уурхайчид нэмэлт хүч болж, дээр нь хоёр өдөрчийн газраас Ван Хенрийн үеэл 50 мянган цэрэгтэй ирж явлаа. Гэвч Ван Хенри энэхүү сүүлийн нэмэлт хүчийг хүлээсэнгүй, дарагдашгүй зэрлэгүүдийг дарж, алдар суугаа мандуулах хүсэлдээ хэт хөтлөгдсөн үү, эсвэл өөр учир шалтгаан байв уу, цэргээ аван задгай газар монгол цэргийг шууд тосон очжээ. Эхлээд жанжин Мешокийн удирдсан цохих анги, дараа нь Белослав гүнтэний Тайж баатрууд, тэгээд Хенри вангийн магнайлсан гол хүч дайралтанд орж, араас нь морьт цэгийнхээ дайралтанд цохиулсан дайсныг хүйс тэмтрэхээр уурхайчдын явган анги тулалдаанд орсон байна. Өвч битүү хуягласан өөрсдийнхөнтэй нь харьцуулахын аргагүй том морьтой, хүнд морин цэргийн анхны дайралтыг монголын тэргүүн анги тогтоож дийлсэнгүй төдөлгүй орилолдсоор ум хумгүй буцан зугтаажээ. Амжилтандаа эрдсэн хуягт баатрууд тэдний араас гэзэг даран хөөв. Гэвч Монголчуудын энэхүү дутаасан нь айн сандарсан, хүчин дутсаных бус ердөө цэрэг дайны ов мэх байжээ.                                        

Төдөлгүй хүнд морин цэргүүд явган цэргээсээ тасран холдоход тэдний дундуур монголчууд гэнэт гарч ирээд утаан хөшиг тавьж, морьт болон явган цэргийг тус тусад нь бүслэж аваад холхивч нумаар хиартал харваж унагажээ. Энэ тулалдаанаас европчуудаас ердөө долоохон хуягт баатар амьд үлдэж Ван Хенри, жанжин Мешок нар ч тулалдааны талбарт ясаа тавьжээ. Маргааш нь Лигницийнхэн тулааны талбарт ирцгээж хядуулсан ахан дүүс, эх орон нэгтнүүдийхээ шарилыг авч оршуулсан ба Ван Хенрийн цогцос олдсонгүй. Вангийн хатан болон ордныхон ирж үхэгсэд бүрийн зүүн хөлийг үзэхийг тушаажээ. Учир нь Ван Хенри зүүн хөлдөө 6 хуруутай юмсанж. Тэндээс зүүн хөлдөө 6 хуруутай нэгэн толгойгүй цогцсыг Ван Хенри хэмээн таньж Лигниц хотод авчирч оршуулсан гэдэг. Мөн энэ тулаанд Хенрид туслахаар ирсэн Францын 500 морьтон баатар оролцсон боловч нэг нь ч амьд гараагүй бөгөөд тэдэн дунд Францын 6 томоохон язгууртан байжээ. Харин монголчуудаас бараг хохирол гарсангүй. Энэ ялагдлын мэдээ хоромхон зуур европ дахинд салхинд тээгдсэн мэт тархаж цочирол сандралыг төрүүлсэн юм. Гэтэл гуравхан хоногийн дараа бүр аймшигт мэдээг Европчууд Шайо голын дэргэдээс авав. Мажарын ван IV Бела Лигницийн дэргэд болсон эмгэнэлт явдлын мэдээг сонссон уу, юутай ч монголчуудтай шууд зууралдан тулалдахаас зайлсхийж Тиссо болон Шайо голын хооронд, хоёр голоор халхавч хийн бүхээгт тэргээр бат бэх хүрээ барьж хориглон суусан байна. Мөн Шайо голын гүүрийг шилдэг цэргээр хамгаалуулжээ. Монголчууд шөнөжин гүүрийг харваж үе үе дайран бужигнуулжээ. Харин өглөө манан сийрэхэд Бела ван айхтар чадуулснаа мэдэв. Монголчууд шөнө голын гүүрийг бага хүчээр анхаарлыг нь сарниулж байгаад, шөнийн харанхуй мананг ашиглан голыг өөр гармаар самран гатлаж Мажар, Хорватын армийн бэхлэлтийн гадна талд тулаад ирчихсэн байв. Тэд өдөржин бэхлэлт рүү галт сумаар залхтал нь харваж, салхин талаас нь байж ядтал нь өмхий утаагаар утаж мажар цэргүүдийг эргүүтүүлэн мансууруулжээ. Усгүй дэнж дээр буудалласан Бела вангийнхан түймрийг тогтоож чадсангүй. Удалгүй угаартаж түлэгдэж, тэсч ядан дэмийрэн гарсан нэгийг нь монголчуудын оновчтой эрчтэй сум отож байв. Хоёр голоор халхавч хийсэн ашигтай байрлал нь эцэст нь өөрсдөд нь харин ч занга болж мажар хорватууд гарах газаргүй болжээ. Мажар Хорватын 65 мянган  хүнтэй арми ийнхүү ямарч эсэргүүцэлгүйгээр хиаран унасан юм.                 

Сэтгэл зөөлөн нас залуу Бат хаан мажар, хорватын 60 гаруй мянган цэрэг нэг доор хядуулсан тэрхүү тулааны багахан талбарыг хараад нүд хальтарч, сэтгэл шимшрэн Сүбээдэй баатраас хатуухан үг сонсож байсан гэдэг. Энэ хүү хоёр тулаанаас харахад үнэхээр тулалдах урлагийн хувьд асар хол зөрүү харагдах бөгөөд энэ нь сэтгэлгээний хол зөрүүтэй ялгаа байгааг харуулж байгаа юм. Монгол цэргийн жанжид ухрах, отох, ороох, утах, цүүцлэх зэрэг бүх л боломжийг дүүрэн ашиглаж байснаас гадна тухайн орон нутгийн газар орныг сайтар судлан мэдэж түүнийгээ чадварлаг ашиглаж чаддаг байв. Энэ бол ямар нэгэн хийрхэлд автаагүй эрүүл сэтгэлгээ бөгөөд ялалтанд хүргэсэн онцгой хүчин зүйл мөн. Зөвхөн цэргийн алдарт жанжнуудад заяасан эрүүл сэтгэлгээ гэж ойлговол маш том алдаа бөгөөд тухайн үеийн монголчуудын нийгэмд ноёлж байсан сэтгэлгээ гэж ойлговол зүйтэй юм. Аливаа шашныг ялгаварлан үздэггүй тийм эрүүл сэтгэлгээ тухайн үед дэлхийн ямарч улс гүрэнд байгаагүй юм.

Монголчууд бидний пассионар шинж: Цаанаа нэг цовоо сэргэлэн, хийморьлог, тэвчээр хатуужилтай, уужуу тайвуу талибуун бодолтой, сэтгэлгээ эрүүл, байгаль амьтны зүй зохицлыг маш сайн мэддэг, танин мэдэхүйн мэдлэг өндөр, тун авъяаслаг, эрүүл чийрэг хүч чадалтай.  Энэхүү пассионар шинж нь яах аргагүй цэвэр байгалийн эрс тэс уур амьсгалтай төв азийн энэ нутгаас угшилтай

Тэгэхээр бид улс үндэстний пассионар шинжүүдийн тухай бага ч гэсэн ойлголттой боллоо гэж үзье. Ер нь пассионар шинж нь тухайн ард түмний нийгмийн байгууламжид ноёлсон мөн чанрын тусгал яах аргагүй мөн бөгөөд, ерөнхийдөө тэрхүү оршихуй нь байгалийн бүтэц тогтоцоос шууд хамааралтай байх ёстой. Энэ бүгдийг танд нэн ойлгомжтойгоор тайлбарлахын тулд нэг жишээ болохуйц зүйлийн талаар ярилцъяа. Байгал өөрийн зүй зохицлоороо тухайн бүс нутагт амьд амьтан бүхэнд амьдрах чадвар өгсөн байдаг. Нэг үгээр хэлбэл тухайн нутгийн амьтад нь газар усныхаа онцлогоос хамаарч өөртөө ямар нэг өвөрмөц пассионар шинжийг агуулж байдаг гэсэн үг. Бидний сайн мэдэх хурдан морь уяаж уралдуулах уламжлалт наадам бол яах аргагүй тэрхүү пассионар шинжүүдийг уралдуулж байна гэж хэлж болох боловч, уяачдын маань ухаан бас цуг уралдаж байгаа юм. Хурдан хөлгийн эзэд болох тэр уяачдын ухаан дотор нутаг нутгийн морьдын онцлох пассионар шинж нуугдан хадгалагдах бөгөөд түүнд л захирагдаж уяа сойлго, ус ундыг нь тааруулж уралдуулна. Тэгэхээр уяачид маань тэрхүү пассионар шинжийг таньж мэдэхийн тулд байгалийн бүтэц түүний зүй тогтол газар усныхаа тухай асар өргөн мэдлэгтэй, дадлага туршлагтай байх ёстой гэсэн үг. Хурдан морины шинж бол маш өргөн ойлголт бөгөөд удам угшилаас гадна биеийн гадна галбир хийц, зан араншин алхаа гишгээ, хөлийн тавилт, харайх цар хүрээ гэх мэт маш олон зүйл байдгаас гадна дотоод шинжийг ч бас олж хардаг байна. Эцэст нь хэлэхэд энэ бүгд байгал эхээс улбаатай гэдгийг санах хэрэгтэй бөгөөд хүмүүс бид ч ялгаа байхгүй байгалийн бүтээгдэхүүн буюу материйн хувьслын хамгийн дээд хэлбэр юм.

Хүн төрөлхтөн юм мэдэх нь байтугай, танин мэдэхүйн зөв зам мөрийг ч хараахан олоогүй явна  

 Оксфордын профессор Пенроуз


Тэгэхээр бид өнө буурал түүхтэй дэлхийн түүхээс өчүүхэн жижигхэн хэсгийг л  сөхөн харлаа. Өнгөрсөн цаг хугацааны дэлхий ертөнцөд болж өнгөрсөн тоо томшгүй олон үйл явдал,  хувьслыг тоочин судална гэдэг мөхөс миний хувьд хирээс хэт хэтийсэн хэрэг бөгөөд, түүх сонирхогч төдий хүний л сэтгэмж гэдгийг болгооно буйзаа. Ямарч гэсэн аливаа үндэстэн бүхэн өөр өөрсдийн гэсэн өвөрмөц пассионар шинжийг агуулж байдаг нь тодорхой боллоо гэж ойлгож болох нь. Тэрхүү пассионар гэгдэх өвөрмөц мөн чанар нь тухайн ард түмний дүр төрхийн илэрхийлэл буюу оршихуйд зохицсон онцгой мөн чанар учир оршихуйгаас угшилтай. Пассионар шинж нь ахуй буюу оршихуйд ноёлсон мөн чанарын тусгал яах аргагүй мөн бөгөөд, ахуй буюу оршихуй нь бүтэц төлвийн хувьд байгалийн  тогтоц түүний зүй зохицлоос шууд хамааралтай байх нь. Нэг үгээр хэлбэл байгалийн тогтоц бүтцээс хамааралтай учир энэ нь байгалийн үзэгдэл болж таарна. Дөнгөж сая бид түүх нийгмийн шинжлэх ухааныг, байгалийн шинжлэх ухаантай нэгтгэж чадлаа. Үнэхээр танин мэдэхүйн үйл явц нэгдмэл юм байна.                                    
Нэгдмэл учраас нэгдсэн нэг онолтой байх учиртай, тэрхүү нэгдсэн онолыг супер нэгдлийн гэх бөгөөд  байгальд оршин буй энэхүү онолыг монгол эрдэмтэн Ч. Эрдэнэ гэдэг хүн нэгэнт олж нээгээд баталчихсан юм. Яагаад энэ супер нэгдлийн онолд тийм их ач холбогдол өгөөд байна вэ? Учир нь өнөөдөр дэлхий нийтийг хөтлөн урагшлуулах үзэл санаа нэгэнт байхгүй болсон. Нөгөө талаар дэлхийн философичид их бага хурал чуулганаараа хүн төрөлхтөн танин мэдэхүйн зөв замыг ч олоогүй, ерөөс юу ч мэдэхгүй хэвээр явж буй юм гэж санал нэгтэй үзэх болжээ. Үнэн хэрэгтэй түүх бидэнд харъяалагддаггүй бид л түүхэнд харъяалагддаг гэж Германы философич Ханс Георг Гадамер хэлснийг санаж байгаа байх, тэр үнэн хэлсэн бөгөөд та бид ч ялгаагүй мэддэггүйгээ мэдэхгүй явсаар өнөөг хүрсэн нь ухамсарт бус үйлдлийн хэлхээ холбоос буюу байгалийн үзэгдэл дундах, өөрийн пассионар шинж гэх тэрхүү гайхам мөн чанарын ач тус гэж ойлгож болох боловч  энэ нь харьцангуй ойлголт гэдгийг санах хэрэгтэй. Учир нь юмс үзэгдлийн бүтэц байнга хувьсан өөрчлөгдөж байдаг юм.                       

Тэгээд чухам бид юу олоод мэдчих вэ?  

Нэгд. Хүн төрөлхтөн юу ч мэддэггүй явж ирснийгээ мэдэж авлаа. Хоёрт. Хүн төрөлхтөний үүсэл хөгжлийн учир шалтгааныг таньж мэдэж болох инвариантыг олоод мэдчихлээ. Гуравт. Нэгэнт тэр инвариантыг мэдэж авсан болохоор туулж өнгөрүүлсэн зам мөрөө зөв тодорхойлохоос гадна, одоо цаг үеэ зөв үнэлж, ирээдүй цаг үеэ зөв төлөвлөж чадах болсон нь гайхамшигт ололт мөн. Инвариант нь  дэлхийн түүхийн зам мөрийг байгалийн үзэгдэл гэж тодорхойлсныг  хэлнэ.                        
Өнгөрсөн цаг үеийн түүхийг болдог юм болдгоороо болжээ гэж үзнэ. Тэгвэл яагаад тэр супер нэгдлийн онолыг заавал монгол хүн олж батлаад байгаа юм бэ? Нөгөө дэлхийн алдар цуутай эрдэмтэн мэргэд чинь олоод баталчихгүй яасан юм бэ?  Нөгөө гайхалтай ухаантай гэгдэх еврей жүүдүүд гаргачихгүй яасан юм бэ? гэх мэт олон асуултууд урган гарах бөгөөд учир шалтгааныг нь тайлбарлахыг зүй ёсоор шаардана. Ч. Эрдэнэ гуай тийм суут ухаантай хүн яавч биш ээ. Түүний баталсан энэ онолыг одоо ч бид хүлээн зөвшөөрч чадаагүй байгаа. Гэхдээ Ч.Эрдэнэ гуайн сэтгэлгээ эрүүл зөв пастулат дээр байж чадсанаараа энэ онолыг баталсан бөгөөд монгол хүнээс л тун эрүүл сэтгэлгээ гарах нягуур маш өндөр юм. Учир нь монголчуудын пассионар шинжид эрүүл саруул сэтгэлгээ илүү их ноёлсон байдаг.  

Та бид сайн санаж байгаа 90 оны ардчилсан хувьсгалыг, нэг ч цонх хагалаагүй, огтоны хамраас ч цус гаргаагүй тайван замаар тухайн үеийн парадигмыг нураан унагаасан ба энд бас л бидний пассионар шинж болох эрүүл сэтгэлгээ ноёлон дийлсэн юм. Иймийн учир энэ онол монголчууд бидний дундаас гарах цагтаа гарсан буюу болох ёстой юм болжээ. Хамгийн гол нь бид түүхэнд, мэдэлгүй харъяалагддаг байсан бол одоо мэдэж харъяалагдах болсонд л байгаа юм. 1990 онд хийсэн ардчилсан хувьсгал бол дэлхий нийтийг хамарсан биднээс хавьгүй том бүтцийн парадигм буюу төсөөллийн хямралын үр дүн мөн бөгөөд, бидний хувьд тусгаар тогтнол эрх чөлөөгөө олж авсан ч өөрийн гэсэн үзэл санаа баримтлал байгаагүй юм. Тиймдээ ч дэлхий нийтийн гэгдэх тэр л төсөөлөлд нэгдсэн бөгөөд, эрүүл саруул сэтгэлгээ нийгэмд ноёлож чадахгүй байна. Хүн төрөлхтөний сэтгэлгээ урагшлан давшин хөгждөг биш, хөгжлийнхөө өмнөх шаттай холбоо уламжлалтай биш, харин үсрэлт тэсрэлт, дэлбэрэлт маягийн огцом өөрчлөгдөн дэвшдэг болох нь үнэн болж байна. Энэ дэлбэрэлтийг та бидний дундаас эрдэмтэн Ч. Эрдэнэ гэдэг хүн хийж чадсан нь монголчуудын бахархал мөн. Хэргийн учир нь Ч. Эрдэнэ гэдэг хүнд байгаа юм биш гол нь тэрхүү онол, түүнд орших үзэл санаанд байгаа гэдгийг сайтар ухан ойлгох хэрэгтэй. Нэг үгээр хэлбэл түүх, нийгмийн шинжлэх ухааныг шинээр авч үзэх ёстой бөгөөд урьд хийсэн дүгнэлтүүдийг зайлшгүй эргэн харах хэрэгтэй гэсэн үг юм. Учир нь түүх нийгмийн шинжлэх ухааны өмнө цоо шинэ онол, үзэл баримтлал тулгараад байна. Хүн ба нийгмийн сэтгэлгээ нь үнэхээр  байгалийн үзэгдэл мөн юм бол хүн гэдэг амьтан харь гаригаас ирсэн гэдэг таамаглал бүрэн няцаагдах бөгөөд, хэрхэн яагаад сэтгэдэг болов, чухам юу гол нөлөө үзүүлэв гэх мэт олон  сонирхолтой асуултууд урган гарна.             

Хамгийн сонирхолтой нь африкт үүссэн неандерталч бай хомо-сапиенс ч бай тэд яагаад дэлхийгээр нэг тархсан бэ? Тэдэнд хоол хүнсний хомсдол болоод, танин мэдэхүйн болон байгалийн хүнд бэрх бэрхшээл, огтхон ч саад болоогүй бөгөөд харин ч чулуу модоор зэвсэглэх болсон юм. Үнэндээ айдас ноёлсон сэтгэлгээ тэднийг тархан нүүдэлхэд хүргэсэн ба тэд өөрөө өөрсдөөсөө айсан хэрэг. Неандерталчуудын чулуун зэвсэг нь харьцангуй олон төрөл зөв зохицтой хийцтэй байсан нь тэднийг арай илүү эрүүл сэтгэлгээтэй байсан гэж үзэж болох юм шиг, гэвч шинэ чулуун зэвсгийн үед хомо-сапиенсчуудад шахагдан устаж үгүй болсон юм. Магадгүй хомо-сапиенсчуудын танин мэдэхүй нэмэгдсэн байж болох ч, хүн төрөлхтөний хамгийн анхны хамтын ухамсарт бус сэтгэлгээ болох сүргийн сэтгэлгээ неандерталчуудыг мөхөөсөн гэж үзэж болно. Энэ бол миний бодол юм шүү. Харин  маргаангүй үнэн гэвэл өндөр соёл иргэншилт хүмүүс бидэнд тэр айдас одоо ч  байгаа бөгөөд, чулуу биш цөмийн зэвсгээр зэвсэглэсэн хамтын ухамсарт бус сэтгэлгээ оршсоор байгаа нь үнэн. Тэгэхээр хүн төрөлхтөн юм мэдэх нь байтугай, танин мэдэхүйн зөв зам мөрийг ч хараахан олоогүй явна гэдэг үнэн байх нь. Өнөөгийн дэлхийн соёл иргэншил бол европын соёл иргэншлийн улбаа мөн. Европ үзэл санаа дэлхий нийтийг 300 гаруй жил удирдан захирч ирсэн ба дэлхийн хоёрдугаар дайны дараа энэ үзэл санаа үндсэндээ алдагдсан юм. Европоос л шинжлэх ухааны нээлт, техникийн дэвшил, үзэл санааны урсгал гарч байсан. Өнөөгийн  АНУ-ын  хүч чадал нь өөрийн гэсэн үзэл санаанд бус техникийн хүчин чадалд нуугдаж байгаа ба ардчиллын үзэл санаа ч Англиас гаралтай юм. Америк бол шинэ ард түмэн учир ертөнцийг удирдан залах үзэл санаа төлөвшин тогтож гарна гэдэг яагаа ч үгүй  зүйл. Орос ч мөн ялгаа байхгүй өөрийн үзэл санаагүй, европоос марксизмыг авч түүхэндээ үлдээсэн бөгөөд дэлхийг удирдан залах үзэл санаа гарахад нэлээд хэдэн  жил хэрэгтэй гэнэ. Тийм учраас дэлхий дахинд төсөөллийн замхрал тогтсон бөгөөд ёс суртахууны мухардал, оюуны үргүйдэл, нийтийн бүдүүлэгшилрүү гулсан орсоор байна.        

Харин аливаа соёл иргэншил үүсээгүй нөхцөлд бүрэлдэн тогтсон эртний Египет, Хятад, Төв болон Дундад Азийн нүүдэлчин гэх мэт ард түмнүүдэд  бүх юм өөрийн гэх үндсэн шинжтэй, арга барил нь шулуун байдаг учир эдгээр улсуудаас л дэлхий нийтийг удирдан чиглүүлэх үзэл санаа гарах магадлалтай юм. Монголчуудаас тийм үзэл санаа гарч, хэрэгжиж байсан нь дэлхийн түүхэнд тод бичээтэй байгаа. Нэгэнт дэлхий нийтийг удирдан чиглүүлэх үзэл санаа концепци мухардалд орсон өнөө үед супер нэгдлийн онол гарч ирсэн нь хүн төрөлхтний өмнө монголчуудыг анхаарлын төвд нь зүй ёсоор оруулах юм. Дэлхий нийтийн хэргийг зохицуулах гэдэг нь өнөөгийн бидний санах зүйл хараахан биш бөгөөд, цаг нь ирэхээр хүссэн хүсээгүй монголчууд та бид үзэл санааны төв болох нь гарцаагүй гэдэгт би итгэдэг юм. Одоо бидэнд сайтар ойлговол зохих нэгэн зүйл байна. Бидний ухамсарт болон танин мэдэхүйд үзэгдэж буй юмс үзэгдэл бүхэн өөрийн дотоод бүтэц зохион байгуулалттай байхаас гадна нийтлэг үндсэн шинж нь хосмол шинжийг агуулж байдаг юм байна. Үүнийг хүн төрөлхтөн аль эрт анзааран мэддэг байсан ба XI зууны үеийн хятадын филосфич Зыху хочит Жан Цай хэмээгч­ “ Хэрэв хоёр юм үгүй бол нэг юм буй болохгүй. Нэг юм буй болохгүй бол хоёр юмны үйлдэл зогсоход хүрнэ.Тэнгэр газар хаа ч адил хувирч өөрчлөгддөг бүхэн хоёр зүйлсээс л үүднэ гэжээ”  Иймийн учир бидний төсөөлөлд буй эрх чөлөө, амар амгалан аз жаргалтай сайхан амьдрал маань  ямар нэгэн саринуулах хүчээр хязгаарлагдах ёсой болж байна. Тэгэхээр энхүү төлөв байдал маань  үндсэн хуульд хэрхэн зөв суугдаж өгсөн эсэхийг судлан шинжлэх зайлшгүй шаардлага байгаа бөгөөд тэр саринуулах хүчийг зөв тодорхойлж хэмжээг нь тааруулан зүй  зохиролыг нь хангаж суулгаж өгөх хэрэгтэй. Нэг үгээр товчхон хэлбэл, байгал орчин түүний бүтэц, зүй зохицлыг хангаж хамгаалсан зүйл заалт нь та бидний амьдрах орчныг эрүүл байлгаж түүгээр бүх нийтийн эрх ашгийг хамгаалж, тэнцвэржүүлж байх ёстой юм. Энэ талаар үндсэн хуулинд тодорхой зүйл заалт байхгүй бөгөөд зөвхөн өмчийн хэлбэрийг тусгасан нь өөрөө үндсэн хуулийн үзэл санааг тогтворгүй төлөв байдалд байнга оруулж байгаа юм гэж үзэж болно.  

Бид үнэхээр юуч мэдэхгүйгээр, өнөөгийн сэтгэлгээгээр ирээдүйгээ төлөвлөх нь үнэхээр тэнэг хэрэг болно гэдгийг л хатуу ойлгох хэрэгтэй. Хүн бүр танин мэдэхүйн мэдлэг,акедемик боловсрол олж авахаас өмнө өөрийн сэтгэлгээг эрүүл саруул байлгаж чадвал, аливаа юмс үзэгдлийн инвариантыг амархан олоод харж чадна. Нийгэмд эрүүл саруул сэтгэлгээг ноёлуулан гаргаж ирэхийн тулд таны орлцоо хамгийн чухал гэдгийг ойлгох хэрэгтэй. Та биднээс түүх алслан холдох тутам байгалийн үзэгдэл болох нь улам тодрон харагддаг юм.

Энэ цагийн бидний сэтгэлгээ                             
Дэлхийн  түгээмэл түүх бол хүн төрөлхтөний сэтгэлгээний түүх мөн. Үүнийг дэлхийн олон нэртэй философичид хүлээн зөвшөөрдөг бөгөөд оросын философич Ж. Делёзийн үзлээр “Аль нэг хүний шизофренийг нийгмийн буюу түүхийн тасралтат шинжийн байгаль ёсны төсөө мөн“ гэж үздэг. Мөн түүнийхээр түүхийг шизофрени хэлээр бичсэн ба орчин үеийн хүн бол бие даасан дээд хүний оронд өшөө хорсол заналдаа автсан өвчин эмгэгтэй хүн болсон байна гэжээ. Хэдий тийм ч өнгөрсөн үеийнхээ соёл, уламжлал, шинжлэх ухааны ололтыг үгүйсгэсэн хэрэг огт биш бөгөөд нийгэмд ноёлсон ухамсарт бус сэтгэлгээний угшил гарвал, ондоошлыг хэлсэн хэрэг. Бидний амьдрал маань урьд үзэгдээгүй хурдацтай, үйл явдалтай өрнөж байгаа ба тэр утгаараа тулгамдсан асуудлууд ихтэй байна. Тодорхой үзэл санаа, төсөөлөл үгүй байгаа өнөө үед үндэсний гэх уламжлалт зарчим, ёс суртахууны хэм хэмжээ, бусад төлөв байдал алдагдаж нийгмийг хамарсан шизофрени гэх ухамсарт бус сэтгэлгээ хэдий нь хувь хүнд тусч өвчин эмгэгийн хэмжээнд хүрсэн нь нууц биш болжээ. Бид өөрсдийгөө хөндлөнгөөс нь сайн харах хэрэгтэй болж байна. Болж бүтэж байна гэсэн бүхнээ ч бас харах хэрэгтэй. Энэ бүхнийг заавал улс төр, нийгэм, төр засаг, албан байгуулга, хамт олон, хөрш айлаас харах гэхээс өмнө өөрийнхөө явдал зам мөрийг сайтар эрэгцүүлэн бодох хэрэгтэй. Учир нь хүмүүсийн хоорондын энгийн гэж хэлж болох харьцааны эрүүл байх ёстой ёс суртахууны хэм хэмжээ үгүй болж, хэл ярианы элдэв хачин хэллэг хэвшиж, басамж доромж өнгө аястай, баярхах цэцэрхэх, хорсол занал үнэртүүлсэн сэтгэлгээ хэт ноёлж буй нь энэ цаг үеийн бидний үнэн дүр төрх мөн юм.  Хамгийн харамсалтай нь энэ сэтгэлгээ нийгмийн бүхий л салбар давхаргад оршиж буй бөгөөд гэр бүл, эхнэр нөхөр, аав ээж, ах дүүсийн хооронд хүртэл хэвшиж, түүнийгээ энгийн байх ёстой харьцаа мэтээр хүлээн авдаг болсон байна. Тэр бүү хэл өдөр тутмын мэдээллийн хэрэгсэл болох телевизийн сувгаар мэдээ мэдээллээ дамжуулахдаа элдэв санаа агуулж, ёжлож егөөдөж хийрхсэн өнгө аястай, хэн нэгний эрх ашгийг хамгаалсан шинжтэй байгаа ба наад захын эфирын шаардлага хангахгүй дуу хоолойгоор үзэгч түмнээ залхааж ядрааж байх юм. Ёс суртахуун нь өөрөө түүх соёл, шашин, уламжлалт зан заншилд тулгуурлан, амар амгалан амьдралын хэвшсэн хэв маягаар тэжээгдэн тэтгэгдэж байх учиртай. Иймийн тулд л ирээдүй хойч үе, хүүхэд залуусаа эрдэм мэдлэгтэй, ёс суртахуунтай ухаалаг иргэн болгон хүмүүжүүлэхийн тулд эцэг эхчүүд та бид өөрсдөө үүх түүхээ сайн судалж, зан заншил ёс суртахууныг эрхэмлэн, эрүүл саруул сэтгэлгээг амьдрал ахуйдаа төлөвшүүлэн хэвшүүлэхийг эрмэлзэн хичээх хэрэгтэй юм. Мэдээж энэ цаг үеийн ахуй буюу оршихуйд ноёлсон ухамсарт бус сэтгэлгээний төлөв байдлаас тийм ч амар чөлөөлөгдөж чадахгүй ч нийгэмд ноёлсон төсөөлөл буюу парадигмыг эрүүл зөв байлгахад таны хувь нэмэр зайлшгүй хэрэгтэй юм.             
Хувь хүний сэтгэлгээ түүний хөгжил дэвшил нь мөн л үсрэлт тэсрэлт маягаар хөгждөг бөгөөд, хэрэв та “бид түүхэнд биш түүх бидэнд харъяалагдах” болсныг олж харж чадсан бол таны ухамсар сэтгэлгээнд  оч харвах адил гялсхийн дэвшил гарах ёстой. 1990 онд бид нэг л өдөр ардчилал, хүний эрх эрх чөлөөг хүлээн зөвшөөрч, социализм коммунизмын тухай утопит үзлээс салж, сэтгэлгээнд үсрэлт дэвшил гарч байсан. Хэдий тийм ч бид түүхэнд мэдэлгүйгээр харъяалагддаг байжээ. Нэг үгээр хэлбэл бид юуч мэддэггүй тэнэг байсан гэсэн үг юм. Хэрэв та энэ бүгдийг ойлгож ухаарсан бол ойр дотны хүмүүсээс чинь эхлээд л өрөвдмөөр өчүүхэн бодолтой, зарим нь бүр эргүү төлөг шиг санагдах бөгөөд, энэ нь таныг тэмцэл цуглаан жагсаалд уриалан дуудсан хэрэг огт биш гэдгийг сайн санах хэрэгтэй. Учир нь та бид хоёр дийлдэшгүй хүчин зүйлийн өмнө зогсож байна. Шударга бай гэдэг бол тэнэг бай гэсэн үг огт биш бөгөөд шударга байх тухай ойлголт бол харьцангуй ойлголт юм. Харин эрүүл саруул сэтгэлгээ гэдэг бол үнэмлэхүй ойлголт бөгөөд энэ нь ёс суртахуунаар илэрхийлэгдэн гарч байдаг юм. Эрүүл сэтгэлгээ нь танин мэдэхүйн мэдлэгт тулгуурлан тэжээгдэх ба танин мэдэхүйн мэдлэг нь энгийн логик сэдэл, шинжлэх ухааны ололт нээлтээс угшилтай байх ёстой. Учир шалтгааныг олж мэдсэнээр асуудалд шууд хандаж хэрхэвч болохгүй, учир шалтгаан бол өнгөц ойлголт бөгөөд цаад үзэл санааг нь өөртөө шингээж төлөвшүүлсэн үед л асуудалд хэрхэн хандах нь өөрөө тогтоно.Тийм учраас танаас маш их тэвчээр шаардах бөгөөд, аль болох дотоод сэтгэл рүүгээ өнгийж бясалган бодох цаг хугацаа зайлшгүй хэрэгтэй болно. Өнөөгийн нийгэмд ноёлсон ухамсарт бус сэтгэлгээ нь ёс зүйг халан хавчиж, зөвхөн хууль дүрмээр халхавчилсан ашиг сонирхлын зөрчилтэй ёс суртахуунгүй хүмүүсийн бөөгнөрлийг буй болгосоор байна. Бүр салбар бүрт шүү. Тэд өөрсдөө хууль зохиодог, хуулийг өөрсдийн ашиг сонирхлын үүднээс тайлбарлаж эрх ашгаа хамгаалдаг, энэ бүгдээ ард түмний нэр барьж хийдэг юм. Чоно янзага барьж идчихээд хэзээ ч харамсдаггүйтэй адил тэд хууль л зөрчөөгүй гэж үзвэл юу ч хийж мэднэ. Учир нь тэдэнд ёс суртахуун гэсэн ойлголт байхгүй. Эрх ашгаа хамгаалсан таван хүнийг буудаад алчихсаныг бид сайн мэднэ. Энэ бол өнөөгийн нийгэмд оршиж буй айдас мөн. Айдсыг зарим нь өвдөг сөгдөн сөхрөн хүлээн авдаг, нөгөө нь айдсаас хулжин дайжин зугтаадаг, харин цөөхөн хэд нь л айдсыг ялан дийлж түүхийг бичилцдэг юм. Би таныг тэдний нэг байгаасай гэж чин сэтгэлээсээ хүсч байна. Магадгүй тэд, бид алуурчид биш ард түмнийхээ төлөө их юм хийнэ, авилгатай тэмцэнэ, ядуурлыг арилгана, монгол улсаа хөгжүүлнэ, бүх юм хуулийн дагуу явагдаж байгаа гэж хэлэх байх. Тэд сонгуулийн сурталчилгаанд ярьж байсан зүйлээ одоо ч ярьсаар  л байгаа бөгөөд, хэний ч мэдээжийн, хэнд ч ойлгомжтой энгийн зүйлсийг их л ухаан зарж буй мэт бодлогошронгуй царай гарган дахин дахин ярих нь тун инээдтэй хэрэг. Үнэхээр сайхан сэтгэлтэй юм. Даан ч тэнэг. Тэнэг байна гэдэг хорон муу санаатай хүнээс илүү хор уршиг тарьдаг гэнэ. Учир нь хорон муу санаатай хүн хэрэг нь бүтэхээр бага ч гэсэн хэсэг хугацаагаар завсарладаг бол тэнэгүүд хэзээ ч зогсдоггүй үргэлжилсээр байдаг нь үнэхээр аюултай. Тийм тэнэг танай гэр бүлийнхэн дунд ч  байгаа л байх.  Харин бид төр засгаа тэр сайхан сэтгэлтэй тэнэгүүдээс салгаж авах хэрэгтэй юм. Та бидэнд ардчиллын буянаар олж авсан сонгох сонгогдох эрх бий. Маргааш сайхан сэтгэлтэй тэнэгүүд чинь нүүрээ угаагаад, нөгөө хувцсаа өмсөөд, нэрээ солиод тань дээр гоё зүйлсээ ярьсаар хүрээд ирнэ. Учир нь тэд ёс суртахуунтай амьдарч чадаагүй учир дахиад л хүрээд ирнэ. Тэд ёс суртахуунгүй учир ёс суртахууны тухай тэдэнтэй ярилцах нь утга учиргүй хэрэг бөгөөд оюун санааны хувьд хэдий нь гэмт хэрэгтэн болчихсон байгаа гэдгийг мартаж болохгүй бөгөөд, тэр үед л таныг эрүүл саруул ухаанаар шийдвэр гаргаасай гэж хүсэх байна. Аливаа нэг бурхан шашин шүтдэг хүнтэй ухамсар ёс зүй, түүний мөн чанарын  талаар тодорхой төвшинд ярилцаж болох боловч, өнөөгийн нөхцөлд мухар сүсэгтэнгүүдээс тэднийг ялгаж салгахад үнэхээр бэрх болсон байна. Мухар сүсэгтэнгүүд гэх эдгээр хүмүүсийг экзистенциалист үзэлтэнгүүд гэж үзэж болох юм. Экзистенциалист гэх энэ үзэл  XIX зуунаас эхтэй ба XX зуунд сүрхий дэлгэрч гүн ухааны урсгал болж хөгжсөн ба түүний номлол нь ямар нэгэн зорилго, үзэл санаанд баригдалгүй чөлөөтэй амьдрах явдал гэж үздэг. “Бурхан байлаа ч гэсэн, хүнийг өөрөөс нь өөр хэн ч аварч чадахгүй гэдэгт бат итгэ“ гэж  Жан Поль Сартр хэлжээ. Гэхдээ л экзистециалистууд бурхангүй бол байж чадахгүй хүмүүс. Учир нь тэд ямарч баталгаа байхгүй замыг сонгосноороо өөр хоорондоо ямарч төсгүй ба тулгуур үзэл санаа байхгүйд л хэргийн гол учир оршиж буй юм. Бидний монголчууд бүгдээрээ мухар сүсэгтэн буюу бараг бурхангүй үзэлтнүүд мөн юм. Нэг үгээр хэлбэл их урсгалыг даган хөвж яваа зомгол адил гэсэн үг. Иймийн учир бид оюун санаагаараа энэ ертөнцөд тодорхой эрхэм дээд бүтэц, үнэт зүйл оршин байдаг гэдгийг ухааран ойлгох ёстой. Тэр эрхэм дээд  бүтцийн нөлөөгөөр л экзистециализм гэх үзэл төлөвшин тогтсон юм шүү. Өнгөрсөн түүхээ зөв уншиж, бичиж засах нь ирээдүйнхээ өмнө бидний хүлээх үүрэг мөн бөгөөд, эрүүл саруул сэтгэлгээг амьдрал ахуйдаа хэвшүүлэн төлөвшүүлэхийг хүн бүр хичээн эрмэлзэх хэрэгтэй юм. Энэ тийм хэцүү эд биш бөгөөд монголчууд бидний сэтгэлгээнд далд оршин буй пассионар шинжийн мөн чанар учир, задран тэсэрч гарах нягуур маш өндөр ба хэзээ нийгэмд ил ноёлон гарч ирнэ тэр цагт л ирээдүй гэрэл гэгээтэй, итгэл үнэмшилтэй, амьдрал утга учиртай тэмүүлэлтэй болно.                                
Бидэнд бодож тунгаах, судалж мэдэх хангалттай цаг хугацаа байна. Жагсаж цуглаж тэмцэх гэхийн огт хэрэггүй бөгөөд энэ нь асуудалд хандсан хамгийн ухамсаргүй алхам болох юм. Аль болох хамтын ухамсаргүй тэмцлээс зайлс хийж хамгийн зөв шийдвэрийг гаргахыг хичээх хэрэгтэй. Уур бухимдал, хорсол занал байгаа гэдгийг би сайн ойлгож байна. Гэхдээ л тэвчих л хэрэгтэй  байна. Ямар ч алдаа завхрал гажуудлыг засч болох бөгөөд, алдааг засахад хэзээ ч оройтохгүй. Нэг л өдөр бид шийдвэр гаргах бөгөөд тэр өдөр эрүүл саруул сэтгэлгээ ялан дийлнэ гэдэгт огт эргэлзэхгүй байж болно. Учир нь бид өөрсдийгөө хичнээн тэнэг байсныгаа олж харсанд байгаа юм.     Өнөөгийн нийгэмд байгаа бузар булай бүхнийг тоочоод барахгүй гэдгийг та бид сайн мэдэж байгаа. Улс орноо хөгжүүлэх талаар дээр дооргүй хэсэг бусгаараа цуглаж суугаад гарц хайн, маргаж цэцэрхэж, жагсаж цуглаж, буудаж тараагаад ч тодорхой үр дүнд хүрээгүй шүү дээ. Энэ нь үнэхээр бид ямар нэг байгалийн хүчин зүйл дотор байгааг харуулаад байгаа юм. Тэр байгалийн гэх хүчин зүйл гэдэг нь биднээс үл хамаарах дэлхий нийтийг хамарсан, сэтгэлгээнд ил ба далд ноёлсон бүтцүүдийг хэлэх ба, тэрхүү бүтэц  дотор хүн төрөлхтөн өөрөө юу ч мэдэхгүй,  мэдэх арга замаа ч олохгүй яваа юм. Үүнээс хүн төрөлхтнийг С.Эрдэнэ гуйан нэгдсэн онол гаргах юм. Супер нэгдлийн онол бүх нийтийн түгээмэл мэдлэг байх ёстой бөгөөд боловсролын салбарт зайлшгүй өөрчлөл шинэчлэл хийж, хүн ардаа соён гэгээрүүлэх хэрэгтэй байна. Энэ ажлыг өнөөгийн төр засаг яагаад ч хийж чадахгүй бөгөөд тэдэнд найдах, итгэл үнэмшил үнэхээр төрөхгүй учир, олон нийтийн төрийн бус байгуулга, хувийн хэвшил, эх орноо гэсэн хайрлах сэтгэлтэй иргэн танд л найдах үлдлээ.  Мэдлэгт тулгуурласан эрүүл саруул сэтгэлгээ нийгэмд болон, танай гэр бүлд, танай албан байгууллага хамт олонд ялангуяа миний охины ирээдүйд, түүний үе тэнгийхэнд ус агаар шиг хэрэгтэй байна.                    

САЙН ҮЙЛС ДЭЛГЭРЭХ БОЛТУГАЙ

ТӨГСГӨЛ  
 Хүйт жиндүү даагаад цаг нэлээд орой болсон байв. Хотын жижигхэн энэ цэцэрлэгийн модод аль эрт навчисаа гээгээд дуусчихсан арзайж сэрзийгээд нүдэнд тороод эвгүй санагдсан ч хэсэг ажиглан суувал, их хотын нүсэр дуу чимээ ч сарниулахааргүй гүн бодолд автсан мэт хөхрөн гөлрөх нь одоо надтай юу ч яриад нэмэргүй оройтсон гэж хэлээд байх шиг санагдана. Тэд хэнд ч дийлдэшгүй ирж яваа цаг хугацааны  хором мөч бүрийн лугшилтыг чих тавин чагнан, сэтгэл түгшин хүлээх мэт юуг ч эс анзааран байх нь үнэхээр тэдэнд зөвхөн хүлээх л үлджээ.
 “Зүгээр л салхинд гаръяа “ гэдэг үгний учир утгыг одоо л ойлгож буй юм байхдаа гэж бодож суутал хаанаас ч юм хоёр хэрээ гуагалан гарч ирээд модны мөчир дээр сууснаа дахин хэдэнтээ гуагалснаа нисэн одов. Гэтэл охин маань
Ааваа .. хэрээ муухай муу шувуу биш тиймээ? Гэв
Тиймээ

Хэрээ тагтаатай л адилхан жирийн шувуу тиймээ?  хүмүүс л хар өнгөтэй болохоор нь муухай шувуу гээд байгаа биз дээ?

Тийм шүү гээд бид хоёр нилээд удаан элдэв зүйлс ярилцаж суулаа
Гэр өөдөө  буцаж явах замдаа ч  бидний яриа үргэлжилсээр байсан бөгөөд охин маань гайгүй эрүүл сэтгэж бодож байсанд сэтгэл нилээд хангалуун явсан юм. Гэвч тун удалгүй өөрийгөө арчаагүй амиа бодсон өчүүхэн амьтан болохыг мэдээд, хүн гэдэг амьтан насан туршдаа суралцах ёстой юм байна гэж гэдгийг хатуу ойлгосон юм. Миний охин ганцаараа эрүүл сэтгэж бодоод, түүний үеийнхэн энэ тухай сайн мэдэхгүй бол юу болох вэ? гэж бодохоор бас л айдас дагаад салахгүй байв. Тиймийн учир үзэг цаас нийлүүлэхэд хүрсэн нь энэ.
                        

Улаанбаатар хот 2010 он.энгийн Энхтамир
          
Түүх биднээс холдох тусам байгалийн
үзэгдэл болох нь улам тодроно.

2010 он

Бичсэн: EDUCATION | цаг: 09:18 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1728660 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax