2022-02-22
ҮНЭЛГЭЭНИЙ ТОГТОЛЦООГ ШИНЭЧЛЭХИЙН УЧИР
“Үнэлгээгүйгээр ямар үйл ажиллагаа үр ашигтай, өгөөжтэй явах учиргүй” гэдэгтэй санаа нийлэхгүй хүн бараг үгүй байх. Иймээс ч суралцаж байгаа суралцагчаас эхлээд төрийн яамны ажилтан хүртэл шалгуулж, үнэлүүлж, анги дэвшиж, албан тушаал ахиж, цалин хөлс, шагнал урамшуулал авч яваа, ингэх ёстой ч гэж ойлгодог. Бараг үүний тулд ч “суралцаж, ажиллах” ёстой гэсэн итгэл үнэмшлээр ажил, амьдралдаа ханддаг болж байгаа гэхэд нэг их хилсдэхгүй.
Өнөөдөр манай нийгмийн бүхий л салбарт “хяналт, шалгалт”, “үнэлгээ дүгнэлт” байсаар байгаа. Түүнийгээ улам бүр чанартай болгохыг ч хичээсээр байгаа. Тухайлбал, “хяналт-шалгалтыг сайжруулбал ажил сайжирна” гэж итгэсээр, зүтгэсээр яваа.
Харин ингэснээр нийгэмд ямар үр ашиг өгч байна вэ? Хүмүүсийн хүмүүншил, төлөвшилд ямар ашигтай ахиц өөрчлөлт гарч байна вэ? Тэр нь бидэнд юугаар, яаж харагдаж, мэдрэгдэж байна вэ?
Үнэндээ “үнэлж дүгнэх, хянаж шалгах” нь нийгмийн бүхий л салбарын бүх шатны үйл ажиллагаанд төлөвлөж хийх ёстой ажил л болон хийгдэж байгаагаас бус, түүнийг хүсэж хүлээдэг, үр өгөөжийг нь өөр дээрээ мэдэрсэн “шалгуулагч” хэр олон байгаа бол?
Өнөөдрийн аль ч шатны сургуулийн төгсөгчид болон иргэдийн дунд юу хамгийн их доголдож байгааг харахад:
1.    Ажилсаг бус, амар хялбар замаар ашиг олж амьдрахыг хүсдэг
2.    Бүтээлч сэтгэлгээ, хариуцлагатай хандлага хангалтгүй
3.    Өөрийнхөө хэн болсон, юуг мэдэж, чаддагаа бодитой үнэлж чадаагүй байдлууд байгаа.
Энэ бүхэн юутай холбоотойг хэн ч нэг их тоож, тогтоохыг бодоогүй, боддог ч үгүй бололтой. Явж явж энэ нь хүний боловсрол, хүмүүншил, төлөвшлийн илрэл. Тэгэхдээ энэ бүгдийг сургуульд заах ёстой байсан уу? “Заалаа” гэхэд “хэн, юун дээр, яаж заах” боломжтой юм бол?
Миний хувьд, энэ бол “зааж сургах ёстой” зүйл биш, харин боловсрол, удирдлагын ажлын арга барилаас шууд шалтгаалах зүйл болж таараад байгаа юм. Тухайлбал, боловсрол болоод удирдах үйл ажиллагааны аль алинд нь байдаг нэг чухал ажил бол хүнийг “үнэлж, дүгнэх” байдаг. Чухамдаа энэхүү “үнэлгээ” нь л суралцагчдын ч, ажиллагсдын ч “ажилд хандах хандлага”-ыг шууд чиглүүлдэг. “Үнэлгээ”-г ямар зорилготойгоор яаж хийж байгаа нь “үнэлүүлэгч”-дийн хичээл номондоо болоод хийж байгаа ажилдаа хандах хандлагад шууд нөлөөлдгийг манайхан бараг бүгд л үзээд өнгөрсөн, өнөөдөр ч анзаарч л байх учиртай. Гэхдээ энэ нь “үнэлгээ”-ний мөн чанар, утга учрыг “ямар түвшинд юу” гэж ойлгож байгаагаас ихээхэн шалтгаална.
Үнэндээ “үнэлгээ” нь манайхны “ойлгодог”-оор “дүн тавих”-ын нэр биш, харин “ажлынхаа тухайн үед гарч байгаа үр дүнг, гарах ёстой байсан буюу төлөвлөсөн үр дүнтэй нь харьцуулах” үйл тул үүнийг “тухайн ажлыг төлөвлөж, зорилгыг нь ухаарч мэдсэн” эзэн нь хийвэл, сая бодитой, үр өгөөжтэй болох учиртай юм.
Гэтэл бид бүр “соц”-ын үеэс “бусад”-аар буюу дээд дарга, албан тушаалтан, “хөндлөнгийн этгээдүүд”-ээр “өөрсдийнхөө хийсэн ажил”-ын үр дүнг үнэлүүлсээр ирсэн маань чухамдаа “төвлөрсөн төлөвлөгөөт тогтолцоо”-той холбоотой байсан. Өнөөдөр хэдийгээр “төвлөрсөн бус тогтолцоонд шилжиж байгаа” гэж ярьсаар байгаа ч “төвлөрсөн төлөвлөгөөтэй“ үеийн удирдлага-хяналтын аргаасаа салж чадахгүй явсаар байгаа маань гарцаагүй ухаарч, хүлээн зөвшөөрөх ёстой дутагдал, алдаа маань юм.
Бусдаар ажлаа үнэлүүлж, цалин мөнгөө тодорхойлуулж байгаа цагт хэн ч байсан “үнэлгээ”-г үнэн мөнөөр хийлгэж, алдаа дутагдлаа илрүүлж гаргахыг нэг их хүсэхгүй нь хэнд ч ойлгомжтой. Энэ ч утгаар манайхан “үнэлгээ”-г аргалж байгаад ч болов гайгүй зөөлөн хийлгэхийг хичээсээр ирсэн ба ингэснээр  хувь хүнд туссан ашиг тусыг нэг их мэдрээгүй. Харин ч бүр хүүхэд, оюутан суралцагчид маань “багшаа аргалж байгаад ч болов гайгүй үнэлгээ, дүн авчих арга зам хайдаг”  арга ухаанд суралцдаг болоод байгаа нь амьдралаас тодорхой харагддаг. Улмаар ажил дээр гараад ч гаднаас ирэх хяналт, шалгалтыг “аргалаад аятайхан өнгөрөөчих”-ийг хичээх нь хаа ч харагдсаар байдаг. Эндээс “хөндлөнгийн үнэлгээ” нь үнэндээ “өрөөлийг болоод өөрийгөө хуурч байгаа”-гаа мэдэхгүй болоход хүргэдгээс өөр ид шидгүй нь илэрхий байгаа хэрэг. Иймээс үүнийг засаж, залруулахыг хичээх нь чухал болоод байгаа ба үүнд их, дээд сургуулийн багш нар л үлгэр үзүүлснээр ирээдүйн багш, удирдах ажилтан, иргэдийн “үнэлгээ”-нд хандах хандлага, өөрийгөө зөв авч явахын чадвар, ухаан төлөвшихийн эхлэл тавигдаж таарна.
Өнөөдрийн их, дээд сургууль төгсөгчдийн, ажил олгогчдод гологддог гол доголдолтой тал нь 1-рт бүтээлч сэтгэлгээ, ажлын хариуцлага хангалтгүй, 2-рт ажилсаг бус, амар хялбар замаар ашиг олж, амьдрахыг хичээцгээдэг, 3-рт өөрийнхөө юуг хийж чаддаг, юуг нь хийж чаддаггүйгээ бодитой үнэлж чаддаггүй явдал байдаг. Энэ бүгд нь сургуульд суралцаж байх үеэс нь тэднийг үнэлж ирсэн арга барил, үзэл хандлагатай тодорхой хэмжээгээр холбоотой байж таарна. Тухайлбал, тэдний ерөнхий боловсролын сургуульд сурч байх үеэс нь эхлээд, тэднийг хөндлөнгөөс, багш нар үнэлж, дүгнэсээр, тэд нар маань ч “аргалж дүн, үнэлгээ авахын арга ухаанд суралцсаар, бүх сургуулиудаа дүүргэн, ажил, амьдралтай золгоцгоодог. Өнөөдөр ч ийм байдал хэвээрээ л байгаа.
Монголчууд, “биеэ мэдвэл хүн, билчээрээ мэдвэл мал” гэж ярьцгаадаг. Үнэндээ “биеэ мэдэх” гэдэг нь “өөгөө мэдэх”ийн нэр л дээ. Гэтэл манайхан өнөөдөр “биеэ мэдэх”-ийг “бие өмөөрөх” гэж ойлгодог болчихсон нь харамсалтай.  Хүний өөрийнхөө “Өө”-г мэдэх үндсэн арга зам нь “өөрийн үнэлгээ”. Чухамдаа манай аль шатны боловсролын сургалтад энэ л үгүйлэгдэж байсан ба өнөөдөр ч бараг хэвээрээ байгаа. “Бараг” гэсний учир нь “өөрийн үнэлгээ”-ний талаар ярьж, хэрэгжүүлэх оролдлого хийж эхэлж байгаа ч түүний гол утга санааг буруу ойлгож, буруу арга замаар ашиглаж байгаагаас, “өөрийн үнэлгээ” нь “өөрийгөө өөд нь татах арга” болж хувираад, “үнэлгээ”-г нөгөө л “өрөөлийг болоод өөрийгөө хуурах арга хэрэглүүр” болгон ашигладаг арга хандлага нь хэвээр үргэлжилсээр байна.
“Өөрийн үнэлгээ”-г жинхэнэ утгаар нь зөв арга хэлбэрээр хэрэгжүүлээгүй цагт, түүний жинхэнэ ач тусыг олж харж, мэдрэх ямар ч боломжгүй. Тухайлбал, ажил амьдралын өөриймсөг үзэл хандлагатай, өөрийгөө бодитой мэдэрдэг хүн төлөвших нөхцөл бүрдэхгүй. Үүнийг чухал сургуулийн, үүний дотор дээд боловсролоос эхлэх нь чухал гэж үзсэний үүднээс дараах санаануудаа толилуулж байна.

Дээд боловсролын үнэлгээний тогтолцоог шинэчлэхийн тулд юун түрүү  боловсролын салбарын үнэлгээний “үзэл баримтлал”-ыг шинэчлэх шаардлагатай. Энэхүү шинэчлэлийн гол утга учир нь социализмын үеийн “хөндлөнгийн үнэлгээ”-нд тулгуурласан тогтолцоогоо “өөрийн үнэлгээ”-г хослуулсан шинжтэй болгон шинэчлэхэд оршино. Тухайлбал, “Дээд боловсролын үнэлгээний үзэл баримтлал”-д, оюутан, суралцагчдын мэдлэг, чадварыг төдийгүй профессор-багш нарын ажлын үнэлгээний арга зүйг зөвхөн “хөндлөнгийн үнэлгээ”-нд тулгуурлах бус, “өөрийн үнэлгээ”-г зохих зүй тогтлоор нь оруулж боловсронгуй болгох шаардлагатай болно.
Үүний тулд:
1.    “Өөрийн үнэлгээ”-ний жинхэнэ мөн чанар, утга учрыг зөв ойлгохоос гадна, түүний хувь хүний хүмүүншил, төлөвшилд үзүүлэх үр нөлөөг ухаарах
2.    “Өөрийн үнэлгээ”-ний талаарх өнөөдрийн ойлголт, алдааныхаа утга учрыг олох
3.    Өөрийн болоод хөндлөнгийн үнэлгээг яаж хослуулах болоод түүний ашиг тус нь юу болохыг мэдэх нь чухал
Ингэхийн тулд “боловсрол”, “боловсрох”-ын утга учрын талаарх ойлголтоо ч бас шинэчлэх шаардлагатай. Бүр тодруулбал, “боловсрол”-ыг зөвхөн сургуульд суралцаж, дүн авч, олж авдаг “зүйл” мэтээр ойлгох бус, “хүний өөрийнх нь өөрөө сурч боловсрон, хүмүүншин төлөвших үйл явц, түүний үр дүн” гэж ухаарах нь чухал. Ингэж ухаарснаар багш нарын хувьд “үнэлгээ”-г зөвхөн оюутан суралцагчдын мэдлэг, чадварыг үнэлэх төдийгүй,  тэдний  өөрсдийнхөө үнэн байдлыг олж харахад нь чиглүүлэх зорилготойгоор ашиглах ба тэд нь ч “үнэлгээ”-нд энэ талаас нь ойлгон ханддаг болох учиртай юм. Ингэснээр аль ч шатны сургалт нь  жинхэнэ утгаараа суралцагчдын сурч боловсрон, хүмүүнших үйл явц болох бөгөөд суралцагч нь ч өөрөө өөрийгөө мэдрэн, суралцах үйлдээ өөриймсөг хандаж, алив ажилд ухаалаг, хариуцлагатай ханддаг иргэн-бие хүн болон төлөвших нөхцөл бүрдэх юм. Үүнийг чиглүүлэх гол хэрэглүүр нь “үнэлгээ” болно.
Үүнтэй уялдан багшлах ажлын агуулга, арга зүйд ч зохих хэмжээний өөрчлөлт орох болно. Тухайлбал, “үнэлгээ”-ний хувьд л гэхэд суралцагчдыг үнэлж дүгнэхдээ, тэдний “мэдэх, сурах ёстойгоо хэр сурч, мэдэж байгаа”-г нь харахын хамтад, “өөрсдийнхөө алдаа, оноог  олж харж, засаж сайжруулах хандлага хэр сууж байгаа”-г анхаарах болно. Ингэснээр багш нь оюутан, суралцагчдын бие даасан ажлыг үнэлэхдээ, зөвхөн даалгавраа “хэр зөв сайн хийсэн”-ийг нь бус, харин “өөрсдийнхөө үйл ажиллагаанд хэр хариуцлагатай, өөриймсөг хандаж буй”-г нь харгалздаг болох юм. Ийм хандлагатай ажиллаж байгаа багш нь оюутан, суралцагчдад даалгавар өгөхдөө, тухайн даалгаврыг “юуны тулд яах гэж өгч байгаа болон ямар, ямар шаардлага хангасан байх”-ыг нь тодорхой гаргаж, тайлбарлахын зэрэгцээ, даалгавраа шалгуулж үнэлүүлэхээр өгөхийнхөө өмнө, өөрсдөө ажлаа эргэж хянаж, тухайн даалгаврыг гүйцэтгэх хугацаандаа, “ямар зүйлийг сурч, ухаарч ойлгож авав, ямар хүндрэл, бэрхшээл тулгарав, түүнийг хэрхэн яаж давав, цаашид яавал дээр байгаа талаар ямар санаа төрөв” гэх мэтийн асуултуудад хариулт өгч, өөрийнхөө ажлаас сургамж олж авахыг шаарддаг болно. Багш нар чухамхүү ингэж хандаж ажилладаг болсон цагт аль ч шатны сургуульд суралцагчид маань ч суралцах үйл ажиллагаандаа өөриймсөг хандаж, өөрөө өөрийнхөө алдаа, оноог бодитойгоор олж харж чаддаг жинхэнэ “биеэ мэддэг хүн” болж төлөвших боломжтой болох юм.
Энэчлэн сургуулийн захиргаа нь ч багш нарын ажлыг үнэлэхдээ ч өөрсдийнхөө ажилд хэр бодитой үнэлгээ хийж, гаргаж байгаа алдаа, доголдолтой зүйлээ засан өөрсдийгөө хэр хөгжүүлж байгаа нь харгалздаг болчихвол, тэд маань ажлын байрандаа аяндаа хөгжих нь гарцаагүй болно.  
“Өөрийн үнэлгээ” нь үнэндээ “өөрийнхөө алдааг өөрөө олж харах”-ад чиглэх учиртай бөгөөд, нэгэнт өөрийн алдаагаа олж харсан хэн ч болов, энэ чигээрээ алдаад байхыг огт хүсэхгүйгээр үл барам, тэр нь “өөрийн хөгжил”-ийнх нь сэдэл болдог.
Харин “өөрийн үнэлгээ”-ний үнэн бодитой болохын баталгаа нь тухайн хүн, өөрийнхөө үүрэг, хариуцлагыг хэр үнэн, зөв ухааран ойлгож байгаагаас шууд шалтгаална. Иймээс “өөрийн үнэлгээ”-г үр өгөөжтэй болгоход, үйлийн эзэд л өөрсдийнхөө хийж байгаа болон хийх гэж байгаа ажлынхаа зорилго, зориулалтыг үнэн мөнөөр нь ухан ойлгосон байх нь чухал. Энэ нь орчин үеийн сургалт, удирдлагын субъектүүдийн гол анхаарах ёстой зүйл болох учиртай. Тухайлбал, багш нар нь суралцагчдын юу сурах ёстойг заах биш, харин тэдний юуны тулд, яаж суралцах учиртайг олж харахад нь, удирдах ажилтнууд нь ажилтан, албан хаагчдынхаа юуг, яаж хийж байж байгааг хянах бус, харин тэдний юуны тулд ажиллах учиртайгаа ойлгоход нь туслах үүрэгтэй болж байгаа хэрэг юм.
Чухамдаа, өнөөдөр бид “ингэж чадаж байгаа билүү?” гэдгээ олж харахаас л “өөрсдийн үнэлгээ”-гээ эхлэх ёстой болж байна.  
Сургуулийн дотоод үнэлгээ, хяналтын ажлын үзэл хандлага, зорилго ч үүнд чиглэх ёстой. Тухайлбал, сургуулийн “дотоод хяналт-шинжилгээний алба” бол сургууль дотор ажиллаж байгаа “хөндлөнгийн хянагч” биш, харин сургуулийн дотроо, “өөрийн үнэлгээ” жинхэнэ утгаараа хэрэгжихэд хамт олондоо мэргэжлийн дэмжлэг туслалцаа үзүүлэх үүрэг бүхий “зөвлөн туслах нэгж” байх учиртай.
Үүний тулд, бүх шатны сургуулийн үнэлгээний үйл ажиллагаанд хамгийн эхэнд хэрэгжүүлж эхлэх нэгэн чухал зүйлийн талаар тодруулбал:
a)    Хувь хүний буюу багш, суралцагчдын ажлын гүйцэтгэлийг үнэлэхдээ, тэднийхээ өөрийн тухайн үеийн хийж, гүйцэтгэсэн болон гүйцэтгэж буй ажил, үүргийнхээ утга учрыг ямар хэмжээнд, хэр гүн гүнзгий ухааран  ойлгож буйг нь илрүүлэхийг хичээх
b)    Багш, суралцагчдын ажлын үнэлгээнд, өөрсдийн хариуцсан ажил болон гүйцэтгэж байгаа үйл ажиллагаандаа хэр зэрэг өөриймсөг хандаж байгааг нь тодорхой хэмжээгээр тооцохын зорилго, ач холбогдлыг тэдэндээ ухуулан таниулж, хэрэглэх явдал юм.
Энэ нь үндсэндээ сургууль, боловсролын газрын үйл ажиллагаанд “өөрийн үнэлгээ”-г хэрэгжүүлж эхлэх явдал юм.
Үүнийг боловсролд хийх шинэчлэлийн нэгэн шинэ шатны “эхлэл” болох учиртай гэж үзэж үүнийг толилуулж байгаа хэрэг. 

С.Батхуяг (Sc.D)
 
Бичсэн: EDUCATION | цаг: 10:32 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1781004 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax