2017-09-24
Альберт Эйнштейн Шинжлэх ухааны түгээмэл хэл
 Хэмжээний хувьд маш бага боловч 1942 онд алдарт физикч Альберт Эйнштейний бичсэн энэхүү өгүүллийг түүхэнд “Эйнштейний сэрэмжлүүлэг” хэмээн үздэг. Дэлхийн II дайн ид дүрэлзэж байх үед фашист Германд цөмийн зэвсгийн асуудалд хурцаар анхаарч энэ талын ажлын суурь тавигдаад байсан нь А.Эйнштейний санааг ихэд зовоож байжээ. Шинжлэх ухааны нээлтүүдийн оргил болсон цөмийн удирдлагат урвал фашистуудын гарт орсон цагт хүн төрөлхтөнд ямар аюул занал учрахыг Эйнштейн сайн ойлгож байсан юм. Тиймээс ч энэ аюул заналыг сайтар мэдэж байсан хүний хувьд А.Эйнштейн нь энэхүү гүн ухааны утга агуулгатай, далд айдсыг зөгнөсөн өгүүллээ бичсэн гэж үздэг. Түүнийхээр ч болж шинжлэх ухааны аргад тулгуурласан үй олноор хөнөөх зэвсэг гарч ирсэнээр хүн төрөлхтөн ямар эмгэнэлд хүрснийг түүх бэлхнээ гэрчилсэн билээ. 

 

 

Альберт Эйнштейн

Шинжлэх ухааны түгээмэл хэл

(The Common Language of Science. Advancement of Science, 1942, II, 109.)

 

          Хэл буй болох түүхэн хөгжлийн анхны алхам нь аливаа үйл явцаас төрсөн сэтгэгдлээ ямар нэг бэлэг тэмдэг, авиа зэргээр илэрхийлэх явдал байв. Хоорондын харьцааны ийм бүдүүлэг түвшинд хамтран амьдрах зохицолдолгоотой бүхий л амьтад хүрсэн байх нь ихээхэн магадлалтай юм. Харин хамтын ойлголцлын илүү өндөр түвшин нь шинэ бэлэг тэмдгүүд буй болж энэ бэлэг тэмдэг нь юуг илэрхийлэх талаар тохиролцон, тэдгээрийн тэмдэглэж буй үйл явцад хэрхэн хандах хандлагаа тодорхойлох үед гарч иржээ. Ийнхүү явсаар хэл үүссэн байна. Хэрэв хэл бүх нийтийн харилцан ойлголцлын хэлбэр юм бол энэ хэлийг ашигладаг хүмүүс нэг талаасаа эдгээр бэлэг тэмдэгт тохирсон ерөнхий дүрмийг баримталж, нөгөө талаасаа үйл явц хоорондын холбоо хамаарлын нэгдсэн дүрмийг баримталж таарна. Эдгээр дүрмийг эзэмдэх асуудал гол төлөв хүүхэд ахуй наснаасаа урсгалаараа ярьж эхэлсэн нэг хэлээр ярьдаг хүмүүсийн шийдэх асуудал юм. Харин эдгээр дүрмээ сайтар ухамсарлан, боловсруулалт хийсэн нөхцөлд grammar, грамматика буюу зөв бичгийн дүрэм гарч ирдэг. Хөгжлийнхээ эхний шатанд хэлний тусгай үг бүр аль нэг сэтгэгдэлд тохирч байв. Харин арай хожуу үе үрүүгээ ийм шууд холбоо алга болж, зөвхөн зарим нэг үг л бусад үгтэй хамтарсан үедээ аливаа сэтгэгдлийг илэрхийлэх болсон байна. Ингэснээр тодорхой бие даасан үг аливаа сэтгэгдэлд тохирох бус харин үгийн нийлмэл бүтэц бүлэг сэтгэгдлийг илэрхийлэх болов. Ингэхдээ хэл анхдагч сэтгэгдлээс төдийлөн хамааралгүй болох ба харин түүний дотоод холбоо хамаарал, бие даасан шинж илүү үүрэг гүйцэтгэнэ. Олон тооны хийсвэр ойлголтууд буй болсон хөгжлийн илүү өндөр шатанд л хэл жинхэнэ утгаараа сэтгэхүйн чухал хэрэгсэл болдог байна. Гэхдээ чухам эндээс л хэл маш аюултай алдаа, төөрөгдлийн эх сурвалж болох гарц нээгддэг. Үг болон үгийн хосолсон цогцолбор сэтгэгдлийн их ертөнцөд хир зэрэг тохирч байгаагаас бүх зүйл шалтгаална.

 

            Тэгвэл хэл ба сэтгэхүйн ийм гүн бат холбоо юунд үндэслэж байгаа асуудал гарч ирнэ. Үг ашиглалгүйгээр ухагдахуун буюу ухагдахууны цогцыг ашиглан сэтгэж болохгүй гэж үү? Бидний хэн нэгэнд аливаа юмс, үзэгдлийн хоорондын холбоо хамаарлыг ухаарсны дараа л түүнд тохирох үг нь орж ирсэн тохиолдол таараагүй гэж үү? Хэрэв тухайн бодгаль хүн бусад бодгалуудтайгаа хэл ашиглахгүй харьцсанаар өөрийн төсөөллийг буй болгосон тохиолдолд бид сэтгэхүйн үйлдлүүдийг хэлнээс бүрэн тусдаа зүйл хэмээн үзэж болно. Харин ийм нөхцөл байдалд өсөж, торнисон бодгалийн сэтгэхүйн цар хүрээ маш хязгаарлагдмал байх нь ойлгомжтой. Эндээс бид бодгаль хүний оюун ухааны хөгжил, ялангуяа түүний ухагдахууных нь төлөвшил, үйлдэл хэлтэй их хэмжээгээр холбоотой гэсэн дүгнэлтэд хүрнэ. Өөрөөр хэлбэл адил хэл адил хэмжээний сэтгэхүйг илэрхийлнэ гэж бас хэлж болно.

 

            Тэгвэл шинжлэх ухааны хэлийг энгийн хэлнээс юугаар нь ялгах вэ? Тухайлбал, аалзны хэл хэн бүхэнд ойлгомжтой байдаг гэсэн яриаг юу гэж ойлгох вэ? Шинжлэх ухаан нь ухагдахууны хамгийн нарийн, нягт илэрхийлэл, мэдрэхүйн өгөгдлүүдтэй харилцах харилцан хамаарал, тохиргоонд тэмүүлж байдаг. Жишээ болгон Евклидийн геометр ба алгебрийг авч үзье. Бие даасан ухагдахуун, бэлэг тэмдэг болох тоо, шулуун, цэг болон эдгээр ухагдахуунуудыг цогцоор нь илэрхийлэх суурь дүрмүүд бий. Эдгээр нь нийлэхээрээ бүхий л зохицуулагдсан баталгаа, ухагдахуунуудыг байгуулж, тодорхойлох үндсийг бүрдүүлдэг. Ойлголт, ухагдахуунуудын хоорондын холбоо, хамаарал нэг талаасаа, нөгөө талаасаа мэдрэхүйн эрхтний өгөгдлүүд маш нарийвчлалтай тодорхойлогдсон тооцоо, хэмжүүрийн үйлдлийн замаар тогтоогдоно.  

 

            Үндэсний шинжээс дээгүүр төлөвшсөн шинжлэх ухааны ухагдахуун, шинжлэх ухааны хэл нь бүх цаг хугацаа, бүх ард түмнүүдийн оюуны сор болсон хүмүүсийн оролцоотой бүтээгдсэн байдгаараа онцлогтой. Тэдгээр ухаантнууд ганц нэгээрээ сүүлийн зуун жилд хүн төрөлхтөний амьдралыг үндсээр нь өөрчилсөн техникийн хувьсгалын оюун санааны хэрэгслийг бүтээжээ. Тэдний бүтээсэн ойлголтын бүхэл бүтэн тогтолцоо мэдэрч танин мэдэхүйн замбараагүй орооцолдоог гаргах улаан шугам болж, хувийн олон сая ажиглалтаас ерөнхий үнэнийг гаргаж авах аргад биднийг сургажээ.

            Шинжлэх ухааны аргууд нь хүн төрөлхтөнд ямар итгэл найдвар, эсвэл айдас авчирах вэ? Энэ асуудлыг би зөв өнцгөөс тавилаа гэж бодохгүй байна. Өнөөдөр хүмүүсийн гарт байгаа ямар нэг төхөөрөмж хүн төрөлхтөн өмнөө тавиад байгаа тэр зорилтуудын шинж чанараас шууд шалтгаалж байна. Энэ зорилго тодорхой болсон нөхцөлд түүнийг хэрэгжүүлэх хэрэгслийг шинжлэх ухааны арга зааж өгөх болно.  Харин зорилгыг шинжлэх ухааны арга заахгүй. Хэрэв хүнд ухаалаг ойлголтод тэмүүлсэн хурц тэмүүлэл төлөвшөөгүй бол шинжлэх ухааны арга өөрөө буй болно гэж байхгүй бөгөөд буй болж ч чадахгүй. Миний бодлоор манай зуун нь (XX зуун орч.) асар олон тооны зорилго, зорилтоор жигүүрлэж, түүнд хүрэх арга хэрэгслийн төгөлдөржилтөөр тодорхойлогдож байна. Бид аюулгүй байдал, хүн төрөлхтний сайн сайхан байдал, чөлөөт хөгжилд бүх хүчээрээ тэмүүлж буй юм бол үүндээ хүрэх арга, хэрэгслийг олох ёстой. Хэрэв энэ зорилгод бидний өчүүхэн хэсэг ч гэсэн тэмүүлж байгаа бол цаашдаа цаг хугацаа тэдний тэмүүллийн зөв болохыг батлан харуулах болно.

       Энэ өгүүллэг 1942 онд “Out of My later Year” и “Ideas and Opinions” номонд хэвлэгдсэн бөгөөд орос орчуулга нь 1966 онд "Эйнштейновский сборник" номонд хэвлэгдсэн байна.

орчуулсан Н.Энхцогт (Ph.D) 

Бичсэн: EDUCATION | цаг: 15:34 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Hi
Sain bainuu? tanaas lavlah bolon zovolgoo avah zuil ih bnaa. bolomjtoi bol Mail hayagaa yavuulaach. Tani bichsen bichleguudtei holbootoi
Бичсэн: Haliunaa (зочин) цаг: 02:41, 2018-01-07 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1776663 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax