2020-09-10
Боловсролыг төрөөс зохицуулахын учир
Төвлөрсөн удирдлагын тогтолцооны үед, “төр”-ийг “дарангуйллын зэвсэг” гэж үзэж, бүх нийтээрээ түүний бүхий л шийдвэрийг даган мөрдөж ажиллаж амьдрах үүрэг хүлээдэг байсан. Харин эдүгээ, “төр”-ийг ямар хэмжээнд, юу гэж ойлгодог, заадгийг мэдэхгүй. Ямарч л гэсэн “төр”-д гарсан “хэд” маань, өөрийн дураар, төрийн өмчийн “эзэн” болсон мэтээр аашилж, ажиллах янзтай. Дээр нь “төвлөрсөн удирдлага”-ыг хэрэгжүүлэх ёстой гэж ойлгодог нь саяны “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах” талаар хийсэн “хэлэлцүүлгэ”-ээс харагдаж байна. уул хэлэлцүүлгэд оролцогчид мөн л нэг тийм хандлагатай бололтой.
Ардчилсан нийгмийн улс төрийн тогтолцооны үед, олон нийтээс сонгогдон бүрддэг төрийн субъектүүд нь, өөрсдийгөө сонгон, итгэж найдсан олон түмнийхээ “эрх ашгийг хамгаалах”-ын тулд үйлчлэх ёстой болохоос бус, тэднээсээ дээгүүр эрх эдэлж, тэдний эрхээ эдлэх боломжийг “булааж” ажиллах учиргүй байдаг. Өнөөдөр манайд байдал ямар байгааг бүгд харж, мэдэж байгаа. Харин яагаад ийм байгаагийн учрыг л сайн олохгүй байсаар байна. Энэ талаар энд нуршилгүй, “боловсролын үйлчилгээний зохицуулалт”-д төрийн гүйцэтгэх үүргийн талаар өөрийн санааг илэрхийлэхийг хичээв.
Төрөөс, нийгмийн үйлчилгээг зохицуулахдаа, бүх нийтээр нь “нэгэн загвар”-т оруулах бус, иргэд, хэрэглэгчдийн хэрэгцээ, сонирхол, шаардлагаа /шаардлагыг нь бус/ хангах нөхцлийг нь бүрдүүлж өгөхөд л анхаарах ёстой. Тухайлбал, хүмүүнлэг-ардчилсан нийгмийн үеийн төрийн боловсролын бодлого нь, хүн бүрийн “боловсрол эзэмших”, “боловсролын үйлчилгээг тэгш хүртэх”, “өөрийн авьяас, сонирхол, хэрэгцээнийхээ дагуу сурч боловсрох” эрхээ эдлэх нөхцлийг нь бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх чиг үүрэгтэй байх учиртай. Өнөөдөр манай улсын төр ийм хэмжээнд ажиллахын оронд, хуучин маягаар бүх сургуульд дээрээс боловсруулсан сургалтын хөтөлбөрийг мөрдөж ажиллах ёстой гэж үзсэн хэвээр байгаа нь саяхан УИХ-ын байнгийн хорооноос зохион байгуулсан “үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийн үеийн яриануудаас тодорхой харагдаж байлаа. Ийм учраас энд, төрөөс боловсролын үйлчилгээг хүмүүнлэг-ардчилсан нийгмийн үеийн хэм хэмжээний дагуу зохицуулахад юун түрүү анхаарах гол гол санаануудыг товч гаргалаа. Үүнд:
1) Төрөөс буюу боловсролын асуудал эрхэлсэн төрийн төв байгууллагаас, бүх нийтийн ерөнхий боловсролын агуулгын “стандарт”-ыг тогтоож гаргана. Ингэснээр боловсролын үйлчилгээний “тэгш байдал” болон чанарын баталгааг хангах үндсэн нөхцөлийг бүрдүүлэх болно. Энэхүү “стандарт” нь улс орны нийгэм, эдийн засгийн хөгжлийн өнөөгийн шатанд иргэн бүрийн, үндэсний хэл бичиг, математик, нийгэм, байгалийн ухаанаар заавал эзэмшсэн байх шаардлагатай ерөнхий суурь мэдлэг, чадварын хүрээг тодорхойлсон байх ба ингэснээрээ боловсролын үйлчилгээний чанарыг үнэлэх баримжаа, баталгаа болж өгөх юм.
2) Боловсролын “стандарт” нь ЕБС-д судлах хичээлүүдийг сонгох, тэдгээрийн хөтөлбөр, сурах бичгүүдийг боловсруулах тулгуур болно. Сургууль, багш нар нь өөр өөрсдийнхөө барих хөтөлбөр, сурах бичгийг түүнд тулгуурлан боловсруулна. Боловсролын онол-арга зүйн асуудал эрхэлсэн төв байгууллагаас үлгэрчилсэн буюу цөм хөтөлбөр, сурах бичгийг боловсруулан гаргаж болох ба сургууль, багш нар эдгээрт тулгуурлан, өөр өөрийн үйлчилгээ үзүүлж байгаа бүс, орон нутгийн хөгжлийн өнөөгийн түвшин, ирээдүйн төлөв байдал болоод иргэдийн амьдралын хэрэгцээ, шаардлага, суралцагчдын авьяас, сонирхолд тулгуурласан хөтөлбөрөө боловсруулж, хэрэглэгдэхүүнүүдээ сонгон, түүндээ тулгуурлан үйл ажиллагаагаа төлөвлөн зохион байгуулах эрхийг эдлэх учиртай. Ингэснээр сургууль, багш нар болоод салбарын тасралтгүй хөгжлийн нөхцөл бүрдэх юм. Сургууль, багш нарт сургалтын бэлэн хөтөлбөр боловсруулан өгч ажиллуулах нь тэдний бүтээлч хандлага, хөгжилд нь саад болдог нь манай боловсролын өнгөрсөн үе болоод өнөөдрийн үйл ажиллагаанаас бэлхнээ харагдаж байгаа.
3) Манай оронд ерөнхий боловсролын үйлчилгээ үзүүлж байгаа төрийн болон хувийн, мөн гадаадын хөрөнгө оруулалттай өмчид суурилсан сургуулиуд нь өөрсдийн эрхэм зорилго, үйл ажиллагааны үзэл баримтлал, материаллаг нөхцөл боломж, багш боловсон хүчний нөөц чадамжид тулгуурлан, суралцагчдын хэрэгцээ, сонирхлыг хангахын үүднээс, сургалтын хөтөлбөрөө, боловсролын агуулгын “стандарт”-д суурилан, түүнийг баяжуулж боловсруулан, зохих журмын дагуу баталгаажуулж, мөрдөн ажиллах эрх, үүрэгтэй байх учиртай. Ингэснээр хүмүүнлэг-ардчилсан нийгмийн үеийн төрийн боловсролын бодлого нь үндсэн чиг үүргээ гүйцэтгэх боломж бүрдэх болно. Төрийн өмчөөс бусад төрлийн өмчид суурилсан сургуулиудын сургалтын хөтөлбөрт хязгаарлалт тавих нь суралцагчдын “өөрсдийн авьяас, сонирхол, хэрэгцээнийхээ дагуу сурч боловсрох” эрхээ эдлэх буюу боловсролын үйлчилгээг сонголттой хүртэх боломжийг нь боогдуулах талтай.
4) Сургалтын арга зүйн үндэслэлийг боловсролын онол - аргазүйн асуудал эрхэлсэн төв байгууллагын энэ чиглэлээр ажилладаг мэргэжилтэн, судлаач-эрдэмтэд, хүмүүн төлөвших үйл явцын зүй тогтол болон боловсрол судлалын шинжлэх орчин үеийн онол, үзэл баримтлалд үндэслэн боловсруулж, сургууль, багш нар өөрсдийн ажлын арга барилаа үүнд нь тулгуурлан боловсруулан ажиллах учиртай. Ингэснээр боловсролын үйлчилгээг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зохион байгуулж, олон түмэнд хүргэх боломж, нөхцөл бүрдэх болно.
5) Сургууль, багш нар, өөрсдийн зохион байгуулж байгаа сургалтын арга барилаа, боловсролын агуулгын стандарт болон тухайн хичээл буюу судлагдахууныхаа хөтөлбөрийн агуулга, анги-бүлгийн онцлог, суралцагчдынх нь хөгжлийн түвшин, өөрсдийн ажил, мэргэжлийн ур чадвар, ажлын нөхцөл боломждоо тохируулан боловсруулж хэрэгжүүлэн ажиллах эрхтэй, бас үүрэгтэй. Ингэснээр сургуулийн хамт олон, багш нарын, орон нутгийн болоод үйлчлүүлэгчдийн онцлог хэрэгцээ, өөрсдийн нөхцөл боломжид зохицуулсан хөтөлбөр, арга барилаар ажиллаж, хөгжих боломж бүрдэх болно. Түүнчлэн иргэд өөрсдийн хэрэгцээ, сонирхолд нийцсэн сургалт, үйлчилгээг сонгон авах боломж нэмэгдэнэ.
6) Хувийн болоод гадаадын хөрөнгө оруулалттай сургуулиудын сургалтын хөтөлбөр нь төрөөс гаргасан боловсролын агуулгын стандартыг хангахын зэрэгцээ, өөр өөрийнхөө сургуулийн эрхэм зорилго, үйлчилгээний өвөрмөц зориулалт, үзэл баримтлалд чиглэсэн агуулга, үйл ажиллагааг шингээсэн байх эрх үүрэгтэй байх ба төрөөс, тэдний сургалтын хөтөлбөрүүдийнх нь төрөөс гаргасан “стандарт”-ыг хангаж байгаа байдал болоод үйл ажиллагааных нь үр дүнд хяналт тавина. Ингэснээр боловсролын үйлчилгээний олон хувилбарт шинж, иргэдийн сонголттой үйлчилгээ хүртэх боломж, нөхцөл бүрдэх юм.
7) Ерөнхий боловсролын үйлчилгээ, сургалтын үр дүнг, юун түрүү суралцагчдын эх хэлний соёл, математик тооцон бодох сэтгэлгээ, байгаль, нийгмийн шинжлэх ухааны суурь мэдээллийг уншиж ойлгох чадварын “стандарт” хангаж байгаа байдал болон тэдний, өөрсдийн зан үйлээ хянан зохицуулж жолоодох чадвар төлөвшлийн түвшингөөр үнэлэх нь чухал. Ингэснээр боловсролыг хүний хүмүүншил төлөвшилтэй холбон, боловсролын үйлчилгээ хүмүүнлэг шинжтэй болох юм.
Ингэснээр боловсролын үйлчилгээний удирдлага, зохион байгуулалтын төвлөрөл задарч, сургууль багш нар, боловсролын үйлчилгээг, төрөөс гаргасан “стандарт”-ыг хангах хэмжээнд, өөрийн бие даасан хөтөлбөр, арга хэлбэрээр зохион байгуулж, төр-олон нийтийн хяналтын доор ажиллах боломж бүрдэх үндэс тавигдах болно.
С.Батхуяг (Sc.D)
Бичсэн: EDUCATION | цаг: 15:49 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1769693 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax