2010-5-27
Эдийн засгийн хямрал – Протекционизм – Улс төрийн хямрал
Дэлхийн тэргүүлэх эдийн засгуудын 2008 оны макро эдийн засгийн үзүүлэлтүүдийн дүр зураг юм гэнээ. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн бодлогын шинжээч хүний судалгаа юм байна. Мэргэжлийн үг хэллэг жаахан ихтэй л харагдаж байна. Ойлгож уншиж чадсан хэд нь сэтгэгдэлээ хуваалцана уу. Би л болсон хойно байгаа газрынхаа Монголыг сонирхогч томоохон компаниудын талаар болж л өгвөл нүдээ бүлтийлгэж, чихээ сортойлгоод л сууж байна. Энжой:

…Дэлхийн уул уурхайн номер нэг компани Австралийн BHP Billiton ч мөн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа газруудаасаа 6000 орчим ажлын байрыг хаах шийдвэр гаргаад байна. … “Рио Тинто“ групп Америк дахь Кеннекотын уурхайн ажлын байраа багасгаж, Австрали дахь ил уурхайн өргөжилтийн ажлаа зогсоосон байна. … Rio Австрали дахь Australia’s Coal & Allied Industries –ийн 76 хувийн эзэмшлээ Хятад улсын хамгийн том нүүрс үйлдвэрлэгч Shenhua Energy-д худалдах гэж байгаа албан бус мэдээ шуугиан тариад байна. … Австралийн эрчим хүчний нүүрсний порт Newcastle-ийн үнэ (FOB NEWC) 2009 оны нэгдүгээр сард өсөлттэй гарсан … Нүүрсний эрэлт буурч, нийлүүлэлт нэмэгдсээр (ялангуяа Хятад, Австралийн нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж байгаа) байгаад үндэслэн санхүүгийн компаниуд нүүрсний үнийн урьдчилсан төлөвөө бууруулж байна. Австралийн Хөрөнгө оруулалтын банк Macquarie Group 2009 оны коксжих нүүрсний үнийн прогнозоо 21 хувиар бууруулж 110 ам.доллар, эрчим хүчний нүүрсний үнийн прогнозоо 40 хувиар бууруулж 75 ам.доллар болгоод байна. … Тус банк эрчим хүчний нүүрсний нэг тонны үнийг 70 ам.доллар байсныг 90 ам.доллар, коксжих нүүрсний үнийг 120 австрали доллар байсныг 140 ав.доллар болгож нэмэгдүүлээд байна. … Австралийн хоёр дахь том уран үйлдвэрлэгч Paladin Energy компани өөрийн гол эзэмшил Намиби улс дахь Langer Heinrich уурхайн үйлдвэрлэлээ ирэх жил 6 сая фунтэд хүргэх..Мөн түүнчлэн дэлхийн ураны үйлдвэрлэлийн 10 орчим хувийг хангадаг Австралийн топ уран үйлдвэрлэгч Energy Resources Australia (ERA) ураны зах зээлийг өөдрөгөөр төсөөлж байгаа, үнэ цаашид нэмэгдэнэ гэж үзэж байна

***********************************************************************
Эдийн засгийн хямрал – Протекционизм – Улс төрийн хямрал

Доктор Наранхүүгийн Болор Монголын уул уурхайн үндэсний ассоциацид бодлогын шинжээчээр ажилладаг. 1994-1997 онд МУИС-ийн Эдийн засгийн сургуульд багш, 1999-2002 онд АНУ-ын ОУХА-ийн эрчим хүчний бүтцийн өөрчлөлтийн төсөлд эдийн засагчаар ажилласан. МУИС-ийн бакалавр, АНУ-ын Канзас мужийн Их сургуулийн магистр, Шведийн Вант улсын Лүндийн Их сургуульд докторын зэрэг тус тус хамгаалсан.
Дэлхийн тэргүүлэх эдийн засгуудын 2008 оны макро эдийн засгийн үзүүлэлтүүд тун таагүй дүр зурагтай гарч байна. АНУ-ын эдийн засаг 2008 оны сүүлчийн улиралд 3.8 хувиар “агшсан“ нь сүүлийн 26 жилд байгаагүй үзэгдэл юм. Жилийн нийт ДНБ-ий өсөлт дөнгөж 1.3 хувьтай гарсан нь мөн л сүүлийн 8 жилийн хамгийн доод түвшин. Өргөн хэрэглээний барааны худалдан авалт 7.1 хувиар буурсан нь 1950 оны эцсээс хойш үзэгдээгүй уналт болсон байна.

Найдлага тавьж байгаа 2009 онд дэлхийн эдийн засгийг тэргүүлж буй тус гүрний макро үзүүлэлтүүд мөн л таагүй байхаар байна. 2008 онд 2.6 сая америкчууд ажилгүйчүүдийн эгнээнд нэгдсэн нь II дайны дараах үеэс хойш байгаагүй үзэгдэл бөгөөд цаашид нэмэгдсээр 10 хувьд хүрнэ гэж шинжээчид үзэж байна. Нэгдсэн улсын төсвийн алдагдал 1.2 триллион долларт хүрч ДНБ-ий 8 гаруй хувьд хүрэхээр байна. Энэ бүх уналтыг түргэн хугацаанд зогсоох арга хэмжээ (stimulus package)-г баталж өгөхийг шинэ Ерөнхийлөгч Обама ба түүний команд хууль тогтоогчдоосоо хүсч байна. Харамсалтай нь шийдвэр хүлээгдсээр, байдал хүндэрсээр л байна.

2008 оноос дэлхийн гурав дахь том эдийн засагт тооцогдох болсон өмнөд хөрш Хятад улсын эдийн засаг ч нэлээд таагүй дүр зурагтай байна. Тус улсын өнгөрсөн оны гуравдугаар улирлын ДНБ-ий өсөлт 9 хувьтай байсан бол дөрөвдүгээр улиралд бүр доошилж 6.8 хувьтай гарсан нь хүлээгдэж байснаас ихээхэн доогуур үзүүлэлт юм. 2007 онд аж үйлдвэрийн салбарын нийт бүтээгдэхүүн нь 18 хувиар өсч байсан бол 2008 онд дөнгөж 5.7 хувьтай гарчээ. Сая сая хятад ажилчид ажилгүйдлийн улмаас төрөлх хөдөө, тосгон руугаа буцацгааж байна. Аж үйлдвэр, экспорт зэрэг эдийн засгийн гол үзүүлэлтүүд хүлээгдэж байснаас хамаагүй доогуур гарч байгаагаас энэ жил Хятад улсын эдийн засгийн өсөлт хүсч буй 8 хувиасаа нэлээд хэмжээгээр доогуур буюу 5-6 хувь байх магадлал өндөр байна.

Хэдийгээр эдийн засгийн өсөлтийн хурд асар хурдацтай буурч байгаа нь санаа зовоож буй ч судалгааны зарим институциуд дэлхийн гурав дахь том эдийн засгийг энэ жилийн хоёрдугаар хагасаас өнгөрсөн оны арваннэгдүгээр сард зарлагдсан төсвийн томоохон хөтөлбөрүүд хэрэгжиж эхлэхэд дахин өсч, эдийн засгийн өсөлт дор хаяж 6-7 хувьд хүрнэ гэж үзэж байна.

Аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний 1/3-ийг, хөрөнгө оруулалтын бараг талыг эзэлдэг төрийн өмчит компаниудад Хятад улсын Засгийн газраас ажлын байрыг хорогдуулахгүй, хөрөнгө оруулалтаа бууруулахгүй байхыг “даалгасан“ байна. Мөн ихэнх нь төрийн өмчид харьяалагдах томоохон банкуудыг зээл олголтоо үл бууруулах “тушаал“ өгөгдвөл биелэгдэх магадлал өндөр юм. Энэ утгаараа 4 триллион юаний өртөг бүхий “хямралын эсрэг эмчилгээ“-ний санхүүжилт асуудалгүй гэж үзэж болох юм.

Дэлхийн хоёр дахь том эдийн засаг болох Япон улсын эдийн засгийн байдал угаасаа сүүлийн 10 гаруй жил өөдөлж өгөхгүй байсан дээр хямрал нэрмээс болж байна. Өнгөрсөн онд тус улсын аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүн 9 гаруй хувиар буурч рекорд тогтоов. Европын холбооны бодлогын хүү дахин хагас пунктээр буурсан нь тус бүсийн эдийн засгийн хямрал улам гүнзгийрч байгаагийн шинж гэж судлаачид үзэж байна. Энэ мэтчилэн дэлхийн санхүү эдийн засгийн гол гол цэгүүд дээр байдал улам бүр хүндэрч байгаатай зэрэгцэн тэдгээрийн хоорондын үл ойлголцол, сөргөлдөөн ихсэх хандлагатай болж байна. Өөрөөр хэлбэл, хямрал санхүү эдийн засгийн болон худалдааны протекционизмыг сэрээж эхлээд байна. Давосын чуулганы үеэр Их Британийн Ерөнхий сайд Гордон Браун “Худалдааны протекционизмаас санхүүгийн протекционизм илүү аюултай, хөнөөлтэй шүү” гэж анхааруулж байсан нь дээрхийг баталсан нэг мэдэгдэл гэж үзэж болох юм. Мөн дөнгөж саяхан шинэ албаа авсан Обамагийн танхимийн гишүүн Сангийн сайд нь Хятад улсыг валютын ханшийн зориудын зохицуулалт хийж байна гэж шүүмжилсэн, Давосын дэлхийн эдийн засгийн форумын үеэр Австралийн бодлого шийдвэр гаргагчдын зүгээс АНУ-ын хямралын эсрэг хөтөлбөр (stimulus package)-ийн хүрээнд “зөвхөн Америкийн ганг худалдан ав“ гэсэн бодлого хэрэгжих гэж байгаа нь дэлхий дахинаа чөлөөт худалдааны дэг горимыг зөрчиж, улс орнуудыг протекционизмд уриалан дуудаж байна хэмээн эрс буруушаан шүүмжилсэн зэрэг нь эдийн засгийн хямрал яваандаа улс төрийн хямрал болох магадлалыг бий болгож байна. Дэлхийн тэргүүлэх эдийн засгууд бүгд “хаалгаа хаагаад зөвхөн үндэсний бүтээгдэхүүн“ гэх бодлого хэрэгжүүлэх нь эдийн засгийн хямралаас гарах гарц огт биш гэдгийг нээлттэй, өрсөлдөөнт зах зээлийн эдийн засгийг дэмжигчид бүгд хүлээн зөвшөөрөх биз ээ.

Хямралын үеийн дэлхийн уул уурхайн бизнест ямар чухал үйл явдлууд өрнөж байна вэ? Дэлхийн уул уурхайн бизнесийг хөтлөн яваа “аваргууд“-ын нэг “Рио Тинто“ групп 2007 онд Alcan-ийг худалдан авснаас бий болсон томоохон өрөө дарах операци үргэлжилсээр байна. Риогийн өрөө барагдуулах хүрээнд хийгдэж буй зарим хөрөнгийн худалдаа нь геополитик судлаачдад ч нэлээд сонирхох асуудал юм. Жишээ нь, Рио Тинтогийн хөрөнгийн 9 хувийг эзэмшдэг Хятад улсын төрийн өмчит Chinalco-д Рио Тинто хэд хэдэн тэрбум долларын эрх худалдах (issue rights), юм уу зарим нэг сангуудад хөрөнгө зарах гэж байгаа талаар хөрөнгийн зах зээлийн хүрээнд ид шуугиж байна. Гэвч үүнийг Риогийн удирдлагууд үгүйсгэсээр байна.

Дэлхийн уул уурхайн номер нэг компани Австралийн BHP Billiton ч мөн санхүүгийн хувьд хүндрэлтэй байгаа газруудаасаа 6000 орчим ажлын байрыг хаах шийдвэр гаргаад байна. Төмрийн хүдрийн номер нэг компани Бразилийн Vale-ийн хувьд дэлхийн гангийн эрэлт эрс буурснаас үүдэн өнгөрсөн оны сүүлийн улирлын байдлаар төмрийн хүдрийн үйлдвэрлэл нь бараг 30 хувиар буурсан байна. Дэлхийн зэсийн хамгийн том үйлдвэрлэгч Чилийн төрийн өмчит Codelco компани 2007-2008 онуудад 4-8 тэрбум доллар Төрийн сандаа нэмэрлэж байсан бол 2009 онд дөнгөж 100 орчим сая долларын орлого оруулахаар байгаа. Чилийн Засгийн газар зэсийн үнэ өндөр байх хугацаанд нийт 21 тэрбум ам.долларыг хуримтлуулан Үндэсний хөгжлийн сандаа хадгалж байсан бол өнөөдөр хямралын эсрэг хөтөлбөрийнхөө хүрээнд 1 тэрбум ам.долларыг Codelco-д зориулан зарцуулах гэж байна. Оросын металын “хаад“ болох Потанин, Дерипаска нар BHP Billiton-той өрсөлдөхүйц уул уурхай төмөрлөгийн томоохон групп бий болгохоор ид ярилцаж байна. Мөн уул уурхайн хөрөнгө оруулалтын хувьд нэлээд ярвигтай байгаа дэлхийн зэс үйлдвэрлэлд өөрийн гэсэн байр суурьтай Замби улс өмнө тогтоогоод байсан өндөр татваруудаа бууруулах, цуцлах тухай мэдэгдээд байна. Дэлхийн эдийн засаг, уул уурхайн салбарын байдал иймэрхүү байна. Тэгвэл Монгол улсын эдийн засаг, тэр дундаа уул уурхайн салбарын хувьд чухалд тооцогдох эрдсүүдийн зах зээлийн өнөөгийн байдал, цаашдын төлөв ямархуу байна вэ?

Дэлхийн эдийн засгийн хямрал даамжрах сургаар хөрөнгийн зах зээлүүдийн индекс үргэлжлэн унаж, мөнгөн хөрөнгийн магадгүй эцсийн “орогнох газар“ болсон алт улам бүр үнэд орж байна. Европын голлох Төв банкууд хоёрдугаар сарын эхээр хүүгээ бууруулах гэж байгаа, мөн Засгийн газруудын ээлжит бейл-аутууд зарлагдсан нь санхүүгийн хямрал улам даамжрах магадлалыг нэмэгдүүлж байна. Хөрөнгө оруулагчид хямрал доод цэгтээ хүрээгүй байна гэж үзэж байна.
2009 он гараад унаж эхэлсэн алтны үнэ сарын дунд үеэс эргэн өсч эхлээд байна. Шинэ оны босгон дээр 890 орчим ам.доллар байсан нэг унц алтны үнэ нэгдүгээр сарын 14-нд 810 ам.доллар болтлоо буурсан бөгөөд үүнээс хойш ердөө хоёр долоо хоног хүрэхгүй хугацаанд 12 гаруй хувиар өсч нэгдүгээр сарын 23-ны байдлаар 912 ам.долларт хүрч 2008 оны есдүгээр сараас хойш анх удаа 900-гаас дээш гараад байна. Хэдийгээр америк доллараар нэрлэсэн үнэ нь тодорхойлогддог алтны үнэ долларын индекстэй урвуу хамааралтайгаар өөрчлөгддөг боловч энэ сард ам.долларын ханш чангарч байхад ч алтны үнэ өссөөр байна. Энэ нь алтны үнэд долларын индексээс гадна хөрөнгийн зах зээлийн индексүүд, зээлийн хүү илүү нөлөөлж байгааг харуулна. Өөрөөр хэлбэл, санхүү мөнгөний зах зээл хөгжсөн газар мөнгөн хөрөнгийн хувьд ашигтай байхаасаа илүү алдагдалд орчихгүйн тулд өөр өөр валютуудад хөрвөх, хувьцаа үнэт цаасны хэлбэрт шилжих, эсвэл алт болгох гэсэн хувилбаруудын дунд шилжилт хийж байна. Нэгдүгээр сарын 20-доос хойш огцом өссөн алтны үнэд хөрөнгийн зах зээлүүдийн индексүүдийн уналт нэлээд хэмжээгээр нөлөөлсөн. Зөвхөн нэг өдрийн дотор гэхэд Европын Dow Jones Stoxx 600 индекс 2.6 хувиар унаж 2003 оны түвшинд очсон бол Токиогийн Никкей 225 индекс дөрөв орчим хувиар унасан байна.

Нэгдүгээр сарын 28 хүртэл бага зэрэг буурсан алтны үнэ дахин өсч нэгдүгээр сарын 30-ны хаалтын ханш 927 ам.долларт хүрч нэмэгдсэн байна.

Канадын Royal Bank Capital Markets –ийн үзэж байгаагаар алтны үнэ 2009 оны эхний хагаст өсч магадгүй. Өнгөрсөн оны гуравдугаар сард хүрсэн дээд түвшин (1030 ам.доллар)-дээ дахин хүрч оны хоёрдугаар хагасаас буурч, эдийн засгийн уналт зогсч, эдийн засаг өсч эхэлснээр 2010 оноос алтны үнэ дахин өсөх юм байна.

Мөн хөрөнгө оруулалтын томоохон банкууд болох Morgan Stanley, UBS банкууд эдийн засгийн төлөв байдал муудаж, мөнгөн хөрөнгийн “орогнох газар“ болдог алтны эрэлт нэмэгдэж байгаа энэ үед 2009 оны прогнозоо нэмэгдүүлээд байна. Америкийн Morgan Stanley 2009 оны нэг унц алтны прогнозоо 750 ам.доллар байсныг 900 ам.доллар, 2010 оны прогнозоо 825 ам.доллар байсныг 1000 ам.доллар болгож нэмэгдүүлсэн бол Швейцарийн UBS банк нэг сарын дараах алтны урьдчилсан үнэ 800 байсныг 900 ам.доллар, гуравдугаар сарын дараах үнэ 800 байсныг 850 ам.доллар болгож тус тус нэмэгдүүлээд байна. Дэлхийн хамгийн том банк, санхүүгийн группд тооцогддог HSBC-ийн үзэж байгаагаар 2009 онд нэг унц алт дунджаар 825 ам.доллар байх бөгөөд 1000 ам.долларын босгыг ч давах үе байх ажээ. Ерөнхийдөө алтны худалдаачдын үнэмлэхүй олонх буюу 90 хувь нь “bullish“ буюу үнэ өснө гэсэн байр суурьтай байгааг Блүүмберг мэдээлж байна.

Зэсийн сарын дундаж үнэ 2008 оны арванхоёрдугаар сард 3125 ам.доллар байсан бол 2009 оны эхний сард бага зэрэг дээшилж 3211 ам.доллар болоод байна. Гэсэн хэдий ч зэсийн үйлдвэрлэл, эрэлт хэрэгцээнээсээ илүү хэвээр байгаа бөгөөд Лондонгийн Металлын биржийн зэсийн бэлэн нөөц ганц сарын дотор 150 гаруй мянган тонноор нэмэгдэж, 491 мянган тоннд хүрсэн нь сүүлийн таван жилийн хамгийн өндөр үзүүлэлт юм.

Зэсийн зах зээлийн үнэ доогуур түвшинд байсаар байгаа нь зэсийн баяжмал үйлдвэрлэгчдийг үйлдвэрлэлийн зардлаа байж болох бүхий л хэмжээгээр бууруулахыг шаардаж байна. Хэдийгээр эрчим хүч, түүхий эд материал, ажиллах хүчний үнэ хямд байгаа нь үйлдвэрлэлийн зардлыг бууруулах боломж олгож байгаа ч зэсийн үнийн уналт илүү байгаа нь зэс үйлдвэрлэгчдийн санхүүг хүндрэлд оруулж байна. Үр дүнд нь зэсийн баяжмал үйлдвэрлэгчид бага агуулгатай, зардал өндөр ордуудаа хаах арга хэмжээ авч байна. Металлын шинжээчдийн үзэж байгаагаар өнөөгийн зэсийн үнийн түвшинд тус салбарынхны 10 орчим хувь нь алдагдалд орж байгаа бөгөөд дэлхийн зэсийн үйлдвэрлэлийн хүчин чадал 7 орчим хувиар багасах төлөвтэй байна. “Рио Тинто“ групп Америк дахь Кеннекотын уурхайн ажлын байраа багасгаж, Австрали дахь ил уурхайн өргөжилтийн ажлаа зогсоосон байна. Нийт 10 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт зогсоод байгаагийн 7 тэрбум нь Чили дэх дэлхийн хам­гийн том зэсийн уурхай Escondida-гийн олонх хувийг эзэмшдэг BHP Billiton-ийнх юм байна. Зэс цэвэршүүлэгчид ч мөн үйлдвэрлэлээ бууруулсаар байна. Японы Сумитомо “Метал Майнинг“, “Пан Пасифик “үйлдвэрлэлээ 5-7 хувиар бууруулахаар зарласан бол дэлхийн 2 дахь том зэс цэвэршүүлэгч БНСУ-ын LS-Nikko Copper 10 орчим хувиар бууруулахаар болсон байна.

Зэсийн болон зэс үйлдвэрлэлийн орцын үнэ ханш доогуур байгаа нөхцөлд үйлдвэрлэгчид шинэ төслүүдийн хөрөнгө оруулалт, бэлтгэл ажилд (хямд түлш шатахуун, материал, тоног төхөөрөмж худалдан авах) голлон анхаарч, зах зээлийн нөхцөл байдал сайжрахыг хүлээх тактик барьж байна.

Зэсийн хамгийн том хэрэглэгч Хятад улс зэсийн баяжмалын импортын 17 хувийн татвар болон цэвэр­шүүлсэн зэсийн экспортын 10 хувийн тат­ва­руудаа тэглэсэн нь зэс үйлдвэрлэгчдийн хувьд жаахан ч гэсэн гэгээлэг мэдээ болж байна.

Дэлхийн зэсийн 1/3-ээс илүүг хувийг үйлдвэрлэгч Чилийн CESCO 2009 онд нэг тонн зэсийн үнэ 3300-4000 ам.доллар байна гэж прогнозолж байна. Fitch Ratings –ийн үзэж байгаагаар тэргүүлэх эдийн засгуудын санхүүгийн дэмжлэг хөтөлбөрүүд хэрэгжиж эхэлснээр 2009 оны хоёрдугаар хагасаас үндсэн металлын эрэлт хэрэглээ нэмэгдэж үнэ өсөх юм байна.

Дэлхийн эдийн засгийн хямрал, ялангуяа Азийн гол эдийн засгуудын эрчим хүч, гангийн үйлдвэрлэл эрс буурснаар эрчим хүч, гангийн үйлдвэрлэлийн гол түүхий эд болсон нүүрсний эрэлт хэрэглээ буурсаар байна. Коксжих нүүрсний дэлхийн хамгийн том экспортлогч BHP Billiton болон Mitsubishi-ийн нэгдлийн кокс нүүрсний түгээлт 20 хувиар буурсан байна. “Рио Тинто“ групп Энэтхэгийн ган үйлдвэрлэгч JSW Steel Ltd –тэй байгуулсан гэрээний хугацаа дуусахаас өмнө кокс нүүрсний үнээ бууруулахаар болсон нь Өмнөд Солонгос, Бразил зэрэг дэлхийн ган үйлдвэрлэгч гол улсуудын үйлдвэрлэгчдийн хувьд таатай мэдээ болж байна. Бразилийн гангийн үйлдвэрлэлийн зардлын 22-25 хувийг коксжих нүүрсний зардал эзэлдэг байна.

Ер нь дэлхийн нүүрсний гол үйлдвэрлэгчид болох Рио Тинто, Xstrata, Peabody, Macarthur Coal Ltd бүгд кокс нүүрсний үйлдвэрлэлээ бууруулах шийдвэр гаргаад байна. Харин BHP Billiton одоогоор үйлдвэрлэлийн хэмжээгээ өөрчлөх эсэх талаар тодорхой мэдэгдэл хийгээгүй байна.

Олон олон нүүрс үйлдвэрлэгчид зардлаа бууруулах боломжит бүхий л арга хэрэгслүүдийг ашиглаж буй энэ үед өрийн дарамтад ороод байгаа дэлхийн уул уурхайн магнат Рио Тинто зарим уурхайн эзэмшлийн тодорхой хэсгүүдээ зарах мэдээ ид тархаад байна. Rio Австрали дахь Australia’s Coal & Allied Industries –ийн 76 хувийн эзэмшлээ Хятад улсын хамгийн том нүүрс үйлдвэрлэгч Shenhua Energy-д худалдах гэж байгаа албан бус мэдээ шуугиан тариад байна. Нүүрснээс гадна эрчим хүч үйлдвэрлэгч Шинхуа группын хувьд найдвартай, олон эх үүсвэрээс түүхий эдээ авдаг болох нь стратегийн гол сонирхол байх нь дамжиггүй юм. Тус групп нь Австралиас гадна Индонези, Монгол улс дахь нүүрсний томоохон ордуудыг ч эзэмших сонирхолтой байгаа юм.

Нүүрсний үнийн хувьд, асар хурдацтай унасан үнэ буцаж бага зэрэг өсөх хандлага ажиглагдаж байгаа ч бүс нутгуудийн хувьд харилцан адилгүй байна. Австралийн эрчим хүчний нүүрсний порт Newcastle-ийн үнэ (FOB NEWC) 2009 оны нэгдүгээр сард өсөлттэй гарсан бол Өмнөд Африкийн Richards Bay порт (FOB RB) болон Европын портын (DES ARA) үнэ бууралттай байна. Энэ нь Хятад, Энэтхэг улсуудын нүүрсний эрэлт, хэрэглээ нэмэгдэж байгаатай холбоотой гэж шинжээчид дүгнэж байна.

Нүүрсний эрэлт буурч, нийлүүлэлт нэмэгдсээр (ялангуяа Хятад, Австралийн нүүрсний нийлүүлэлт нэмэгдэж байгаа) байгаад үндэслэн санхүүгийн компаниуд нүүрсний үнийн урьдчилсан төлөвөө бууруулж байна. Австралийн Хөрөнгө оруулалтын банк Macquarie Group 2009 оны коксжих нүүрсний үнийн прогнозоо 21 хувиар бууруулж 110 ам.доллар, эрчим хүчний нүүрсний үнийн прогнозоо 40 хувиар бууруулж 75 ам.доллар болгоод байна. Харин үүний эсрэгээр JP Morgan экспортын хэмжээ буурч байгаа нөгөө талаар Энэтхэгийн эрэлт нэмэгдэж байгаа учраас нүүрсний гэрээний спот үнэ өмнөх прогнозоос илүү байна гэж үзэж байна. Тус банк эрчим хүчний нүүрсний нэг тонны үнийг 70 ам.доллар байсныг 90 ам.доллар, коксжих нүүрсний үнийг 120 австрали доллар байсныг 140 ав.доллар болгож нэмэгдүүлээд байна. UBS –ийн прогнозоор коксжих нүүрс 2009 онд 165 ам.доллар байх юм байна.

2008 оны арванхоёрдугаар сарын эхэнд 55 ам.доллар хүртэл өссөн ураны оксидын спот үнэ бага зэрэг буурч 53 ам.долларт хүрч, 2009 оны нэгдүгээр сарын дунд хүртэл тогтвортой байснаа дахин унасаар нэгдүгээр сарын 29-нд 48 ам.доллар болж буураад байна.

Хэдийгээр өнгөрсөн оны арваннэг­дүгээр сарын эхнээс ураны үнэ тодорхой хэмжээгээр буурч байгаа ч бусад эрдсүүдтэй харьцуулахад харьцангуй тогтвортой, цаашид эрэлт нь нийлүүлэлтээсээ давна гэж үзэж байгаа учраас үнэ нь өсөх магадлал өндөр байгаа. Ийм ч учраас ураны хайгуул, олборлолтын хөрөнгө оруулалт харьцангуй тогтвортой, нэмэгдэх хандлагатай байна. Австралийн хоёр дахь том уран үйлдвэрлэгч Paladin Energy компани өөрийн гол эзэмшил Намиби улс дахь Langer Heinrich уурхайн үйлдвэрлэлээ ирэх жил 6 сая фунтэд хүргэх, мөн Малави дахь уурхайн үйлдвэрлэлээ 2011 онд 3.3 сая фунтэд хүргэнэ гэж мэдэгдэж байна. Узбекистаны Navoisky mining and smelting ураны 7 шинэ ордыг ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа бөгөөд 2012 он гэхэд тус компанийн ураны үйлдвэрлэл 50 гаруй хувиар өсөх юм байна. Мөн түүнчлэн дэлхийн ураны үйлдвэрлэлийн 10 орчим хувийг хангадаг Австралийн топ уран үйлдвэрлэгч Energy Resources Australia (ERA) ураны зах зээлийг өөдрөгөөр төсөөлж байгаа, үнэ цаашид нэмэгдэнэ гэж үзэж байна.

Монгол улсад ураны хайгуулын үйл ажиллагаа явуулж буй Канадын Western Prospector Group-ийн Дорнод аймаг дахь Гурванбулагийн ордын төслийн техник эдийн засгийн үндэслэл тооцоо (feasibility study) саяхан гарсан бөгөөд тус тооцоогоор ураны оксидын үнэ 65 ам.доллараас дээш байсан тохиолдолд төсөл үр ашигтай байна гэж гарсан байна. Өөрөөр хэлбэл, ураны ислийн үнийн өнөөгийн түвшинд уг төслийг хэрэгжүүлэхэд санхүүгийн хувьд үр ашиггүй нь тогтоогдсон учраас ураны үйлдвэрлэл тодорхой хугацаанд хойшлогдож байх шиг байна.

Ураны үнийн хувьд хөрөнгө оруулалтын банкууд болон эрдсийн шинжээчид “шар нунтаг”-ийн үнэ цаашдаа өснө гэж үзэж байна. Канадын Royal Bank of Canada-ийн үзэж байгаагаар ураны зах зээл 2009 онд харьцангуй тааламжтай байх юм байна. Хэдийгээр ураны нийлүүлэлтийн талын зарим нэг таагүй мэдээллүүд байгаа ч эрэлт хэрэглээний байдал цаашид нэмэгдэх магадлал хамаагүй өндөр байна. RBC-ийн прогнозоор 2009 онд нэг фунт ураны оксидын спот үнэ 60 орчим ам.доллар байхаар байна.

Монгол улсад ашигт малтмалын хайгуул, олборлолтын үйл ажиллагаа явуулж буй, хөрөнгийн биржүүд дээр хувьцаа нь арилжаалагдаж буй хувьцаат компаниудын хөрөнгийн үнэ цэнэ хэрхэн өөрчлөгдсөн талаар товч өгүүлье.

Шинэ он гарснаас хойш нэг сарын хугацаанд эрдсийн компаниудын хувьцааны ханш харилцан адилгүй өөрчлөгдсөн байна. Оны эхний өдрийн хаалтын ханш (Begin), нэгдүгээр сарын дээд ханш (High), мөн сарын доод ханш (Low), мөн сарын сүүлийн өдрийн ханш (Last)-ийг тус тус хүснэгтэд харууллаа. Ураны Western Prospector, Khan Resources, Solomon Resources, зэс-алтны Ivanhoe Mines компаниудын хувьцаа нэгдүгээр сарын сүүлийн өдрийн байдлаар дээд ханшаасаа хамгийн их хэмжээгээр буурсан байна. Жишээ нь, Ivanhoe Mines-ийн нэгж хувьцааны дээд ханш нэгдүгээр сарын 6-ны өдөр 3.91 ам.доллар байсан бол сарын сүүлийн өдрийн байдлаар 2.70 ам.доллар болж 45 хувиар буурсан байна. Харин алтны Centerra Gold, ураны East Asia Minerals компаниудын тухайн сарын сүүлийн өдрийн хувьцааны ханш нь сарын дээд ханшдаа тооцогдохоор түвшинд хүрч өссөн байна.

Ураны East Asia Minerals, нүүрс болон ураны Polo Resources, Red Hill Energy, алтны Centerra Gold, зэс, алт, молибдений Erdene Resources Development компаниудын хувьцаа сарын сүүлийн өдрийн байдлаар сарын доод ханшаасаа хамгийн өндөр буюу 30-58 хувиар өссөн байна. Харин эсрэгээр ураны Cameco, Khan Resources, Western prospector, Solomon Resources, зэс-алтны Ivanhoe Mines, газрын тосны Petro Matad компаниудын сарын сүүлийн өдрийн ханш хамгийн доод ханшид тооцогдохоор буурсан үзүүлэлттэй гарсан байна.

Ураны Western Prospector, East Asia Minerals, Solomon Resources, Denison Mines, нүүрс ураны Polo Resources, Red Hill Energy, зэс, алт, молибдений Erdene Resource Development компаниудын хувьцааны ханш 2009 оны эхний сард хамгийн их савалгаатай буюу сарын дээд ба доод ханшны зөрүү хамгийн өндөр байсан байна. Жишээ нь, Канадын Western Prospector Group-ийн хувьцааны ханш нэгдүгээр сарын 6-ны өдөр 0.58 канад доллар байж сарын дээд түвшиндээ хүрсэн бол нэгдүгээр сарын 12-ны өдөр мөн сарын сүүлийн өдрийн хаалтын ханш 0.31 канад доллар болж сарын доод түвшиндээ хүрч 87 хувиар буурсан байна.
Бичсэн: EDUCATION | цаг: 02:47 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 713427 удаа нээгдэв.
idiomatic-dormant