2012-01-20
Дэлхийн боловсролын түүх-8

Зургаа. XIX зууны үеийн сурган хүмүүжүүлэх

ухааны сонгодог төлөөлөгчид

 

            XIX зуун гэхэд шинэ үеийн сонгодог сурган хүмүүжүүлэх зүй бүрэлдэн тогтжээ. Энэ үед сургалт, хүмүүжлийн зорилго, агуулга, арга, сурган хүмүүжүүлэх ухааны арга зүйн асуудал өргөнөөр судлагдсан байна. Нийгмийн сурган хүмүүжүүлэх зүйн шинэ онол бий болов. Сургуулиуд эдийн засгийн дэвших хөдөлгөөн, аж үйлдвэрийн хөгжилт, хотуудын өсөлттэй нэгэн зэрэг хөгжиж, үүнтэй холбоотойгоор боловсролын шинэ тогтолцоо ч шаардагдах болж, боловсролын тогтолцооны хөгжлийн хэмжээ тухайн улс бүрийн онцлогоор тодорхойлогдож байв.

 

XIX зуунд сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ, сургуультай холбоотой хууль, эрхийн актууд ба боловсролын тогтолцооны хооронд хүчтэй зөрчил ажиглагдах болсон юм. Сургуулиудыг ардчилах хөтөлбөрийн үндсэн хэсгүүд энэ зууны эцэс гэхэд хууль, эрх зүйн хүрээнд боловсрогдсон боловч, энэ ардчиллыг практик дээр хэрэгжүүлэх их ажил үлдээд байв. Үндэстний сургуулиудын тогтолцоо төлөвшин Өрнөд Европ ба АНУ-д шинэ сургуулиудын хууль, эрх зүйн үндэс тавигдав. Германд гэхэд сургуулиудын асуудалд хандах хандлага үндэстний нэгдлийн төлөөх тэмцэлтэй цуг явагдаж байлаа. Англид сургуулийн талаар явуулах бодлого төрийн үйлчлэх чиг баримжааг хэрэгжүүлэхтэй холбогдон гүнзгий өөрчлөлтөд оров. Францад нийгмийн өндөр идэвхитэй холбоотойгоор сургуулийн асуудал төрийн бодлогын “хамгийн халуун цэгүүдийн” нэг болсон байна. АНУ-д гэхэд иргэний дайнд Өмнөдийн боол эзэмшигчид ялагдсанаар сургуулийн байгууллагуудын ардчилсан тогтолцоо бий болоход багагүй хүчин зүйл болсон байна. Нэг талаас нийт үндэстний боловсролын тогтолцоо бий болж, сургуульд нөлөөлөх сүм хийдийн нөлөө багасахад чиглэсэн томоохон өөрчлөлтүүд хийгдсэн боловч, нөгөө талаас өрнөдийн улсуудын хүн амын дийлэнх хэсэг урьдын адил бичиг үсэггүй хэвээр байв. 

           

            Ийнхүү шинэ үеийн боловсролын үндсэн агуулга цаашид түргэн хурдацтай хөгжсөн нь хүмүүжил-сургалтын тухай сонгодог шинжлэх ухааны тэргүүн эгнээнд гарч ирсэн сурган хүмүүжүүлэгчид болох И.Г.Песталоцци, И.Ф.Герберт, Ф.А.В.Дистервег нарын бүтээлч үйл ажиллагаатай холбоотой юм.

 

6.1. Иоганн Генрих Песталоцци

 

            Швейцарийн сурган хүмүүжүүлэгч Иоганн Генрих Песталоцци Ж.-Ж.Руссогийн үзэл санааны нөлөөн дор сургалт-хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхэлжээ. Түүний төлөвлөгөөнд хөдөө аж ахуйн хөдөлмөрийг үр ашигтайгаар ашиглах замаар тариачны хүүхдүүдийг сургах асуудал багтсан байна. 1775 онд түүний байгуулсан Нейгофын сургууль байгуулагджээ. Түүнд суралцагчид тариан талбай болон оёдол-сүлжмэлийн газруудад ажилладаг байв. Тэд мөн хөдөлмөрийн зэрэгцээ унших, бичих, тоолох, дуулах зэрэг хамгийн ерөнхий боловсролыг эзэмшинэ. Мөн чанартаа энэ бол сургалтыг үйлдвэрлэлийн дадлагатай холбох гэсэн оролдлого байв. Гэвч 1780 онд Нейгоф дахь сургууль дампуурч хаагдсан байна. Учир нь хүүхдийн хөдөлмөрийн хөлсөөр сургуулийг амьдруулах гэсэн бодлого нь амжилтад хүрээгүй юм.

 

            Хэсэг хугацаанд практик үйл ажиллагаанаас холдохдоо тэрээр сурган хүмүүжүүлэх ухаантай холбоо бүхий “Лингард, Гертруда хоёр” хэмээх романаа туурвисан нь түүнд алдар хүндийг авчирав. Энэ бүтээлийн гол утга санаа “хүүхдийг бүр өлгийтэй байхаас нь сохор байгалийн эрхшээлд буй гараар хүмүүжихээс салгаж, өөрт үйлчилж буй хуулиудын мөн чанар, хамаарлын тухай хэдэн мянганы туршид сургасаар ирсэн ухаалаг, зохистой хүчний гарт өгөх хэрэгтэй” гэдэгт оршино. Энэ бүтээлдээ Песталоцци хүмүүжлийн үндсэн аргуудыг тодорхойлсон байна. Хүмүүжлийн арга жинхэнэ утгатай байх ёстой. Тэрээр “амьдрал өөрийн бүхий л дүр төрхөөрөө хүүхдэд хэрхэн нөлөөлсөн, тэднийг хэрхэн гайхашруулсан, тэд түүнийг хэрхэн ашигласан зэрэг нь сургалт-мэдлэгийн эх сурвалж бөгөөд энэ нь Гертрудагийн хүмүүжлийн арга мөн” гэж бичжээ.

 


                                                                                                            Иоганн Генрих Песталоцци

(1746-1827 гг.)

Швейцарийн сурган хүмүүжүүлэгч Иоганн Генрих Песталоцци Ж.-Ж.Руссогийн үзэл санааны нөлөөн дор сургалт-хүмүүжлийн үйл ажиллагаагаа эхэлжээ. Түүний төлөвлөгөөнд хөдөө аж ахуйн хөдөлмөрийг үр ашигтайгаар ашиглах замаар тариачны хүүхдүүдийг сургах асуудал багтсан байна. 1775 онд түүний байгуулсан Нейгофын сургууль байгуулагджээ. Түүнд суралцагчид тариан талбай болон оёдол-сүлжмэлийн газруудад ажилладаг байв. Тэд мөн хөдөлмөрийн зэрэгцээ унших, бичих, тоолох, дуулах зэрэг хамгийн ерөнхий боловсролыг эзэмшинэ. Мөн чанартаа энэ бол сургалтыг үйлдвэрлэлийн дадлагатай холбох гэсэн оролдлого байв.

       

            1782 онд тэрээр “Швейцарийн хуудсууд” хэмээх сонин эрхлэн гаргаж, 1798 онд Станц хотноо асрамжийн газар нээснээр сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаандаа буцан оржээ. Ингэснээр хүмүүжүүлэх хөдөлмөр, хөгжигч сургалтыг зохион байгуулж, судлах болжээ. Түүнд юуны өмнө оюун ухаан, ёс суртахуун, бие бялдрын энгийн хүмүүжлийн үзэл санаа төлөвшсөн байна. 1799 онд Песталоцци Люцерн хотноо, дараа нь Бернд шилжин ирж, 1800 онд Бургдорф хотноо сургууль байгуулсан байна. Тэр сургуульд нь төрөлх ба франц хэл, геометр, арифметик, хөгжим, эх түүхийн хичээлүүд орж байв. Сургууль 6 ангитай байсан ба өдөр бүр 7 цагийн хичээл орж, хичээл өглөөний 7 цагт эхэлдэг байв. Энэ үедээ “Хунгийн дуулал” хэмээх томоохон бүтээл туурвижээ.

           

            Песталоцци нь хүмүүжил-сургалтын хэд хэдэн зарчмуудыг дэвшүүлэн гаргасан байна. Эдгээр зарчмууд гэвэл:

Хүмүүжлийн үндсэн эхлэлийг зохиох биш харин эрж олох хэрэгтэй. Тэр нь хүний мөн чанарт оршдог.Хүний мөн чанарт хөгжилд тэмүүлсэн амьд тэмүүлэл болох органик байгалийн шинж чанар оршино. Хүмүүжил нь өөрийн замаас саадыг зайлуулж, эерэг гэхээсээ илүүтэй сөрөг үйлдэл их гаргадаг.Эерэг үйлдэл бол сэтгэл хурцаар хөдлөх явдал мөн. Хүний хөгжил мэдрэгч сэрэл, сэтгэгдлээс эхтэй.Бие даасан байдал ба өөрийгөө тодорхойлоход тэмүүлэх хэрэгсэл нь бие даасан шинж мөн.Хүний практик гүйлгээ ухаан оюун санаа болон бие бялдрын хүчний тооноос хамаарах ба хүмүүжилд хамгийн гол нь хүч хэвийн хөгжих явдал мөн. Шашин шүтлэгийн байдал хүүхдэд эхийн гэнэн цайлган зан ба эцгийн хурц шийдэмгий зангаас голчлон нөлөөлнө. Шашны хүмүүжил эхийн гарт гол нь төвлөрөх ёстой. Энгийн боловсрол ба хүчний хөгжлийн хамгийн гол зүйл нь хэлбэр, тоо, хэл юм.

“Хүн дотроосоо хөгжих ёстой бөгөөд тэгэхэд нь түүнд хүмүүжил туслах болно” хэмээн Песталоцци хүмүүжлийн тухай бичжээ. Тэрээр хүний мөн чанарыг хоёрдмол утгаар харж байв. Түүнд адгуусны хэрэгцээ ба хүний хэрэгцээ зэрэгцэн оршино. Хүний хэрэгцээг хангахын тулд эхлээд адгуусны хэрэгцээг нь хангах шаардлагатай.

 

Сургалтын бүхий л хэлбэрүүдээс Песпалоцци юуны өмнө хангалттай үндэслэлийг шаардаж байв. Тэрээр судлах ёстой зүйлийг газар зүй, физик, байгалийн түүх, одон орон гэсэн үндсэн хэсэгт хуваажээ. Хэсэг тус бүр дотроо 40 дэд хэсэгт хуваагдана. Тэрээр боловсролын үндсийг тодорхойлохдоо хүний сэтгэл зүйн мэдлэгт тулгуурлах санал тавьж байв. Хүмүүжил-сургалтын аргуудын сэтгэл зүйн эх сурвалж нь хүний мэдлэгийн хамгийн энгийн бүрэлдэхүүн хэсэг болох элементүүд мөн. Песталоцци нь хүмүүжлийг олон талт нийгмийн үйл явц гээд нөхцөл байдал хүнийг төлөвшүүлэхийн зэрэгцээ хүн ч нөхцөл байдлыг төлөвшүүлнэ хэмээн үзжээ. Өөрийн сурган хүмүүжүүлэх онолыг хэрэгжүүлэх замаар Песталоцци нь энгийн боловсролын аргуудыг боловсруулжээ. Энэ аргын мөн чанар хүүхэд нэг бүрт буй авьяас чадварын үр хөврөлийг өдөөхөд оршино. Энгийн боловсролын үзэл санаа сайн гэр бүлээр дамжуулан хүүхдэд итгэл, хайрын үндсийг хөгжүүлэх явдал ажээ. Тэрээр сурган хүмүүжүүлэх үйл явцыг энгийн элементүүд болох тоо, хэлбэр, хэл зэрэг оюун ухааны хүмүүжлийн анхдагч элементүүдээр нь задалсан байна. Тухайлбал, хэл сургах сургалт нь авианы тухай мэдлэгээс эхэлж дараа нь үгний тухай мэдлэгт хүрэх явдал мөн. Авианы тухай мэдлэг гэхэд дотроо үгэн дэхь авианы тухай, дуун дахь авианы тухай гэсэн хэсгүүдэд хуваагдана. Эхтэйгээ харьцах хүүхдийн харьцаа, зохист шинжийн мэдрэмж, эмх цэгцэт байдал, гоо сайхан зэрэг нь ёс суртахууны хүмүүжлийн элементүүд мөн. Харин цохих, шидэх, зөөх зэрэг хөдөлгөөнүүдийн эвсэл бие бялдрын ба хөдөлмөрийн хүмүүжлийн элементүүд юм.

 

            Өөрийн анхны арга зүйн бүтээл “Чадварын цагаан толгой” номондоо Песталоцци хөдөлмөрийн хамгийн энгийн чадварууд болох шидэх, зөөх, цохих зэрэг хөдөлгөөнүүдийг авч үзсэн байна. Дээр дурьдсан элементүүдийг бүх талын хөгжилтэй бие хүн төлөвшүүлэх анхдагч үндэс мөн гэж үзжээ. Тэрээр ёс суртахууны хүмүүжлийн бүх элементүүд нэгдүгээрт, цэвэр мэдрэхүйн тусламжтайгаар ёс зүйн сайн төлвийг тогтоох, хоёрдугаарт, шударга, сайн үйл хэрэгт үндэслэсэн ёс суртахууны дасгал боловсруулах, гуравдугаарт, хүүхэд өөрөө дотор нь оршиж буй эрхийн болон ёс суртахууны нөхцлүүдийг бүрдүүлэх замаар ёс суртахууны үзлийг төлөвшүүлэх гэсэн 3 үндэслэлд суурилна гэж үзсэн байна.

 

            Харин бие бялдрын ба хөдөлмөрийн хүмүүжлийн элементүүдэд булчин чангаруулах янз бүрийн дасгал, мөн түүнчлэн энгийн боловсролын аргуудыг оруулж үзжээ. Энэ нь авьяас хөгжүүлэх тодорхой тогтолцоо, дасгалуудын систем юм. Арга өөрийн ээлжиндээ суралцагчийн бие даасан байдлыг гаргаж ирдэг. Сурган хүмүүжүүлэх нөлөөллийн зорилго, хэрэгслийг юуны өмнө энгийн ойлголтуудын агуулгад эрэх хэрэгтэй гэж тэр үзсэн байна. Тухайлбал, бие бялдрын дасгалыг оюун ухааны хөгжил ба ёс суртахууны үнэт зүйлсийн төлөвшилтэй хамтад нь хангахад чиглэгдсэн ядуусыг хүмүүжүүлэх хөтөлбөр нь өөртөө дараах хэсгүүдийг багтаадаг. Үүнд:

·      Ухаан санаа (бие даасан сэтгэлгээнд сурах чадвар)

·      Нэр төр (“өөрийгөө хамгаалах”, “өөртөө туслах” чадвар)

·      Ёс суртахуунт чанар (ойрын хүмүүсээ хайрлах)

·      Бие бялдрын эрүүл мэнд

·      Мэргэжил ба хөдөлмөрийн соёл

·      Ертөнцийг үзэх үзлийн үнэт зүйлсийн тогтолцоо эдгээр болно.

 

Энэ бүхний үндсэн дээр Песталоцци хүмүүжлийн зорилгыг бие бялдар, оюун ухаан, ёс суртахуун, гоо сайхны хувьд хөгжсөн, хөдөлмөрт бэлтгэгдсэн бүх талын хөгжилтэй хүнийг хүмүүжүүлэх явдал мөн гэж үзжээ. Мөн тэрээр сургуулийн төгс загварыг гэр бүлд ихээхэн ойртуулж бүтээсэн байна. Түүндээ оюун ухаан ба хөдөлмөрийн хүмүүжил холбогдож, сургалтыг гар урлал, хөдөлмөртэй нягт уялдуулж, энгийнээс нарийнд шилжсэн хөгжигч сургалтыг тууштай баримталсан байдаг. Песталоццигийн үзэж байгаагаар хүмүүжил нь гэр бүл ба сургуулийн хүрээнд амьдралын туршид нь үргэлжилдэг байна.

 

Тэрээр түүхэнд бага боловсролын тогтолцоог үндэслэгч хэмээн орсон юм. Песталоцци нь өрнөд Европийн сурган хүмүүжүүлэх сэтгэлгээнд жинтэй хувь нэмэр оруулж, ард түмэнд зориулсан сургуулийг үндэслэгч гэсэн нэрийг зүй ёсоор хүртсэн сурган хүмүүжүүлэгч билээ.

 

6.2. Иоганн Фридрих Гербарт

(1746-1841 гг.)

 

            Немцийн сурган хүмүүжүүлэгч Иоганн Фридрих Гербарт 1746 онд Ольденбург хотноо төржээ. Тэрээр эрдэм шинжилгээний ажил хийхийн зэрэгцээ Кенигсберг, Реттинген зэрэг хотын их сургуулиудын профессор байв. И.Гербартийн сурган хүмүүжүүлэх чиглэлийн бүтээлүүд ихэнхи нь И.Г.Песталоццигийн бүтээл туурвилд зориулагджээ.

 


                                              Иоганн Фридрих Гербарт

(1746-1841 гг.)

 

Немцийн сурган хүмүүжүүлэгч, Tүүний сурган хүмүүжүүлэх ухааны хамгийн чухал бүтээл гэвэл “Сурган хүмүүжүүлэх ухааны анхны лекцүүд”, “Ерөнхий педагогика” зэрэг суурь зохиолууд юм. Тэрээр боловсрол-сургалтын асуудалд юуны өмнө арга зүйн хэрэгслийг тогтоохыг зорьж байв. Түүнийхээр сурган хүмүүжүүлэх зүй нь бие даасан шинжлэх ухаан мөн. Энэ шинжлэх ухаан нь түүний үзэж байгаагаар практик философ болох ёс зүй, сэтгэл зүйд тулгуурлан хөгжинө. Ёс зүйн тусламжтайгаар сурган хүмүүжүүлэх ухааны зорилгууд тодорхойлогддог бол сэтгэл зүйн тусламжтайгаар энэ шинжлэх ухааныг амьдралд хэрэгжүүлэх арга барил тодордог.


 

Түүний сурган хүмүүжүүлэх ухааны хамгийн чухал бүтээл гэвэл “Сурган хүмүүжүүлэх ухааны анхны лекцүүд”, “Ерөнхий педагогика” зэрэг суурь зохиолууд юм. Тэрээр боловсрол-сургалтын асуудалд юуны өмнө арга зүйн хэрэгслийг тогтоохыг зорьж байв. Үүнээс улбаалаад “үндэслэлүүдийн тезис” гэгчийг зохиохыг оролдсон бөгөөд мөн сургалт-хүмүүжлийн үйл явцын үр ашгийн үндсэн нөхцлүүдийг тогтоохыг оролдож байв. Тэрээр эмпирик болон философийн сурган хүмүүжүүлэх зүйн хэт нэг талыг барьсан өрөөсгөл шинжийг эрс шүүмжилжээ.

 Түүнийхээр сурган хүмүүжүүлэх зүй нь бие даасан шинжлэх ухаан мөн. Энэ шинжлэх ухаан нь түүний үзэж байгаагаар практик философ болох ёс зүй, сэтгэл зүйд тулгуурлан хөгжинө. Ёс зүйн тусламжтайгаар сурган хүмүүжүүлэх ухааны зорилгууд тодорхойлогддог бол сэтгэл зүйн тусламжтайгаар энэ шинжлэх ухааныг амьдралд хэрэгжүүлэх арга барил тодордог. Түүнийхээр хүмүүжлийн үйл явцын гол тэргүүлэгч чиглэл нь бие хүний зориг, хүслийн илэрхийлэл юм. Ёс суртахууны энэ үйл явц чиг баримжааны хувьд үндсэн 5 шалгуурт тохирч байх ёстой. Энэ шалгуур нь: 

 

Дотоод эрх чөлөөТөгөлдөржилтСайн үйлийн тэмүүлэлЭрх зүйт шинжШударга ёс зэрэг болно

 

Гербартын үзэл бодлын үндсэн санаа нь ёс суртахуунт хүнийг төлөвшүүлэх явдал билээ. Энэ бол хүний бүхий л авьяас, чадварын хөгжлийн тухай үзэл санааны цөм юм. Түүнийхээр хүмүүжил нь зориг, хүслийн илэрхийлэл ба олон талт сонирхолын бүрдэлийн хооронд зохистой харьцааг тогтоох ёстой. Энэхүү зохистой харьцааг тогтоох аргууд буюу хүмүүжлийн зорилгод:

 

Эмх журмыг тогтоож, төрөлхийн, бүдүүлэг замбараагүй байдлыг устгагч удирдлага. Үүнийг дамжин хүмүүжигч хүний оюун ухаант эрх чөлөөнд хүрнэ. Хэмжээ-хүмүүжигчийг чөлөөт цаггүй ажиллаж, хөдөлмөрлүүлэх хэм хэмжээ. Сургалт нь ямар нэг тодорхойгүй хэмжээний мэдлэг өгөх ёсгүй. Харин сургалтад хамрагдагч субьектуудын төгөлдөржилтийг хангах арга юм. Сургалт бол урьдаас төлөвлөсөн, системтэй боловсрол, бүх талын төгөлдөржилтийг хангагч оюун санааны амьдралыг бүрдүүлэгч төсөөллүүдийн хөгжил мөн. Ёс суртахууны хүмүүжил буюу сахилга бат нь ёс зүйг нь хамгаалах зорилгоор хүмүүжигчийн зан төлвөд шууд нөлөөлж, түүнийг ёс зүйт шинжтэй болгох нөлөөлөл юм. Сахилга бат нь янз бүрийн үзэл, сонирхолын нэгдлээс тогтдог зан төлөвтэй шууд харьцдаг ба зориг, хүсэлд илрэлээ олдог. Зориг хүсэл нь хүсэл тэмүүлэл ажил хэрэг болж буйг тодорхойлдог. Зан төлвийг ёс суртахууны хувьд хөгжүүлнэ гэдэг нь хүүмүүжигчид өөрт нь сайн зүйлийг хүлээн авч саар зүйлийг таягдан хаях эрх олгож буй хэрэг бөгөөд ингэснээр үйл ажиллагаагаар дамжин өөрөө ухамсарлагч бие хүнд хүрдэг байна.

 

И.Гербартад хүмүүжүүлэгч сургалт хэмээх үзлийг гүнзгий боловсруулсан гавьяа зүй ёсоор оногддог бөгөөд энэ үйл явцын үндсэн зорилтыг тэрээр бүх талын сонирхолын хөгжилд оршино гэж үзжээ. Эдгээр сонирхол нь:

 

·         Эмпирик сонирхол (хүрээлэн буй орчинд хандсан сонирхол)

·         Сэтгэл татагдсан сонирхол (ойр тойрныхондоо хандсан сонирхол)

·         Нийгмийн сонирхол (бүх хүнд хандсан сонирхол)

·         Шашны сонирхол (бурханд хандсан сонирхол) зэрэг юм.

 

Сургалтыг Гербарт заах ба сурах гэсэн хэсэгт хувааж үзэхийг оролдсон байна. Тэрээр энгийн үе шатны хэлбэрээр илэрдэг сургалтын үйл явцын ямар нэг “байгалиас заяагдсан дараалалт шинжийг” эрэлхийлж байв. Үүнийхээ үр дүнд дараах 4 үе шатыг тодорхойлсон байна. Үүнд:

 

Ил тодорхой шинж (сургалтын материалаар хангах багшийн идэвхит чанар)Хам илрэл (суралцагчдын идэвхи гэсэн хам шинж суралцагчдад илрэх)Тогтолцоо (мэдлэгийг тогтолцоонд оруулах багшийн идэвхи)Арга (мэдлэгийг практикт ашиглах суралцагчдын идэвхи) зэрэг шатууд хамрагдана.

 

Энэ бол Гербертийн боловсруулсан сургалтын үе шатууд юм. Тэрээр мөн сургалтын 3 ерөнхий аргыг тодорхойлсон байна. Энэ аргад нь:

 

1.      Тайлбарлах

2.      Аналитик (юмсын шинж чанарын анализ)

3.      Синтетик (олж авсан зүйл ба ирээдүйн төсөөллөө холбох) арга орно.

 

Эдгээр бүх аргуудыг хамтад нь хэрэглэх шаардлагатай. Үүнийхээ үндсэн дээр И.Гербарт ёс суртахууны хүмүүжлийн практик 6 аргыг тодорхойлжээ. Энэ нь:

 

1.      Тогтоогч

2.      Чиглүүлэгч

3.      Нормативт

4.      Ил тод тунгаасан

5.      Ёс суртахуунжуулагч

6.      Сайтар тунгаасан зэрэг аргууд юм.

 

Өөрийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалыг хэрэгжүүлэх зорилгоор Гербарт 1810 онд Кенигсберг хотноо нилээд онцлог бүхий сурган хүмүүжүүлэх ухааны семинарийг нээжээ. Энэхүү байгууллага нь байнгын багшлах боловсон хүчин бүхий хаалттай сургалтын байгууллага гэсэн статустай байжээ. Тэр сургуульд нь 30-аас илүүгүй хөвгүүд суралцдаг бөгөөд 8-10 насандаа “Одиссей”-г орчуулж, аажимдаа хэл зүйг гүнзгийрүүлэн үздэг байна. Үүний дараагаас сурагчдад түүхэн өгүүллэгүүд ба үзүүлэнт геометрийн хичээл орно. Сурлагаар хоцорч буй сурагчдад аналитик ярилцлагын аргыг өргөн хэрэглэдэг. Сурагчид олон цагаар цээжлэх дасгал хийх ба арифметик, геометр, тригонометр, логарифм, статистик, механик, одон орны хичээл үзнэ. Энэ сургуулийн хүмүүжлийн үндсэн зорилго зориг, хүслийн зохицол нь ёс зүйн чин эрмэлзэл ба олон талт сонирхолын шинжтэй хосолсон сайн хүнийг төлөвшүүлэх явдал байв. Түүнийхээр практик туршлагыг сайтар ухаарч, үнэлэх ёстой. Ёс суртахууны хүмүүжлийн үндсэн хэрэгсэл бол:

 

·         Үйл хөдлөлийнхөө хил, хязгаарыг давахгүй байх

·         Үүнд тохирсон нөхцөл бүрдүүлэх

·         Зан төлвийн тодорхой дүрэм боловсруулж, түүнийгээ дагах

·         Санаа бодолдоо тодорхой байдал, тайван занг төлөвшүүлэх

·         Дэмжих ба буруушаах сэтгэлийн хөдлөл зэрэг юм.

 

Ер нь И.Гербарт энгийн сонгодог сургуулийн боловсролыг үндэслэгчдийн нэг бөгөөд үйл ажиллагаандаа эмх цэгц, системт сэтгэлгээ, үндэслэлт шинжийг байнга мөрдлөг болгодог байв. Тэрээр гүн ухаан, сэтгэл зүй, сурган хүмүүжүүлэх зүй, ёс зүй, гоо зүйн шинжлэх ухааны үндсэн дээр хичээлийн бүтцийг тодорхойлж амьдралд хэрэгжүүлсэн юм. Түүний боловсруулсан үзэл баримтлал XIX зууны өрнөдийн сурган хүмүүжүүлэх ухааны хөгжлийг олон талаар тодорхойлж цаашдын хөгжилд ньтомоохон хувь нэмэр болжээ.

 

6.3. Фридрих Адольф Вильгельм Дистервег

(1790-1866 гг.)

 

        

Фридрих Адольф Вильгельм Дистервег нь Германий Вестфаль мужийн Зиген хотноо төржээ. Эхлээд жирийн сургуульд суралцаж байгаад дараа нь латин сургуульд шилжин суралцсан боловч, энэ сургууль түүнд бараг юу ч сургаагүй бөгөөд формализм, сургалтын схоластик арга, өгөх мэдлэгийн хязгаарлагдмал хүрээ, бие даасан чадварыг хязгаарлах зэрэг аргууд нь нилээд гунигтай дурсамж үлдээсэн хэмээн сүүлд дурьдсан байдаг. Хүүхэд насанд нь тогтсон энэхүү гунигт дурсамж түүнд нийтийн боловсролын асуудалд анхаарал хандуулах анхдагч алхам болсон байна.  

 


                             Фридрих Адольф Вильгельм Дистервег

                                                              (1790-1866 гг.)

Дистервегийг Герман дахь сурган хүмүүжүүлэх боловсролыг үндэслэгч гэж үздэг. Түүний голлох бүтээлүүд багшлах арга зүйд зориулагдсан байна. Тэрээр бараг 30 жилийн туршид Рейн мужийн Мерее хотод мөн Берлинд багш нарын семинарын захиралаар ажиллахын зэрэгцээ сурган хүмүүжүүлэх зүй, математик, немц хэлийг зааж байв. Энэ хугацаанд математик, одон орон, байгаль шинжлэл, газар зүй, төрөлх хэлний сургалтын материалыг зохион гаргасан байна. 1827 онд Дистервег “Ардын сургуульд анхаарлаа хандуулсан хүмүүжлийн Рейний хуудсууд” хэмээх сурган хүмүүжүүлэх сэтгүүлийг үндэслэн амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл редактороор нь ажилласан байна. Мөн 1851 оноос “Сурган хүмүүжүүлэх ухаан” хэмээн жил дутмын сэтгүүл гаргах болжээ.

 


 Хэдийгээр хангалтгүй суурь боловсрол авсан боловч, мэдлэгт хүрэх гэсэн асар их эрмэлзэлтэйгээр Ф.А.Дистервег 1808 онд Гернборний их сургуульд элсэн оржээ. Жилийн дараа тэрээр Тюбингений их сургуульд шилжин суралцав. 1811 онд сургуулиа төгсөн докторын зэрэг хамгаалсан байна. Зохион байгуулалт, заах аргын хувьд түүний суралцаж байсан их сургуулиуд ерийн дунд сургуулиас нэг их ялгагдахгүй байснаас үүдээд түүнд Герман дахь боловсролын тогтолцоонд маш шүүмжлэлтэй байр сууринаас хандах үзэл баттай тогтсон байна. Их сургууль төгссөний дараагаас түүний практик үйл ажиллагаа эхэлсэн байна. Нэг хэсэг гэрийн багш, гимназийн багшаар ажиллав. Майн дахь Франкфурт хотод багшилж байхдаа Песталлоццигийн үзэл баримтлалыг баримтлагч хэсэг багш нартай танилцсанаар түүний амьдралд томоохон өөрчлөлт гарсан юм. Энэ үеэс эхлэн түүнд хүүхдэд бие даасан сэтгэлгээ төлөвшүүлэх ардын сургуулийн санаа төрж, ийм сургуульд багшлах багш нарыг бэлтгэх арга замыг хайж эхэлсэн байна.

 

Дистервегийг Герман дахь сурган хүмүүжүүлэх боловсролыг үндэслэгч гэж үздэг. Түүний голлох бүтээлүүд багшлах арга зүйд зориулагдсан байна. Тэрээр бараг 30 жилийн туршид Рейн мужийн Мерее хотод мөн Берлинд багш нарын семинарын захиралаар ажиллахын зэрэгцээ сурган хүмүүжүүлэх зүй, математик, немц хэлийг зааж байв. Энэ хугацаанд математик, одон орон, байгаль шинжлэл, газар зүй, төрөлх хэлний сургалтын материалыг зохион гаргасан байна. 1827 онд Дистервег “Ардын сургуульд анхаарлаа хандуулсан хүмүүжлийн Рейний хуудсууд” хэмээх сурган хүмүүжүүлэх сэтгүүлийг үндэслэн амьдралынхаа сүүлчийн өдрийг хүртэл редактороор нь ажилласан байна. Мөн 1851 оноос “Сурган хүмүүжүүлэх ухаан” хэмээн жил дутмын сэтгүүл гаргах болжээ.

 

Ф.А.Дистервег дараах үндсэн гурван хэсэгт хуваан үзэж болохуйц олон зуун өгүүллэг, нийтлэл хэвлүүлжээ. Үүнд:

1.      “Хүмүүжлийн эрхэм дээд зарчмуудын тухай”, Сургалт дахь байгалийн ба соёлын хүчин зүйлсийн тухайд”, “Хүмүүжил, боловсрол дахь Песталоццигийн зарчмууд” зэрэг хүмүүжлийн ерөнхий асуудлууд.

2.      “Хүмүүжүүлэгч сургалт сургагч хүмүүжил болох нь”, “Энгийн сургалтын зарчмууд”, “Дидактикийн катехизис” зэрэг хүмүүжүүлэгч ба хөгжигч сургалтын үзэл баримтлалууд.

3.      “Багшийн өөрийн ухамсрын тухайд”, “Багшийн боловсролын тухайд” зэрэг багш, түүний бие хүний шинж, мэргэжлийн сэтгэлгээ, мэргэжлийн шаардлага зэргийг багтаасан бүтээлүүд багтана. 

Дистервег сургуульд олох боловсролыг шинэчлэхийн төлөө байж, энэ үзэл санаагаа сурган хүмүүжүүлэх сэтгүүлүүдээр дамжуулан илэрхийлж байсан бөгөөд багш нарын мэргэжлийн холбоог анхлан байгуулсан гэдгээрээ түүхэнд тэмдэглэгджээ. 1848 онд Пруссын үндэсний хурлын депутатуудтай хамтран тухайн үедээ шуугиан тарьсан “23-ийн захидал” гэгчийг бичилцэж түүндээ үндэстний хүүхэд бүрийг ялгалгүй хамрах ард түмний нэгдсэн сургууль байгуулахыг шаарджээ. Ингэснээр ажлаасаа халагдан 1850 онд тэтгэвэртээ гарсан байна. Гэвч сурган хүмүүжүүлэх салбарын нийгмийн идэвхит үйл ажиллагаагаа үргэлжлүүлсээр байв.

            1858 онд Берлиний багш нарын холбооноос депутатуудын пруссын танхимд сонгогдон ардын багш нарын материаллаг ба нийгмийн эрхийг хамгаалах парламентын үйл ажиллагаагаа эхлүүлсэн байна. Тэрээр ардын сургуулиудын үйл ажиллагааг зохицуулах зорилгоор засгийн газраас гаргасан “Зохицуулагч” хэмээх баримт бичгийн эсрэг тэмцэж байв. Энэ баримт бичгийн ёсоор сургалтын төлөвлөгөөнд догматик хэлбэрээр илэрсэн шашны сургалт голлох байр эзэлж байв. Ерөнхий боловсрол унших, бичих, арифметикийн хичээлээр хязгаарлагдаж, сургуулиудад дөнгөж нэвтэрч эхэлж байсан бодит мэдлэгийн элементүүдийг сургалтын төлөвлөгөөнөөс бүрэн хассан байв. Үүний хариу болгон Ф.А.Дистервег 1835 онд “Немцийн багш нарын боловсролд зориулсан гарын авлага” хэмээх суурь бүтээлээ туурвижээ. Энэ бүтээлийн нэгдүгээр хэсэгт сургалт-хүмүүжлийн үйл явцыг зохион байгуулах ерөнхий зарчмууд, хөгжүүлэгч сургалтыг хэрэгжүүлэхэд тавигдах үндсэн шаардлагуудыг боловсруулсан байна. Хоёрдугаар хэсгээ дунд сургуулийн хэсэг багш нарын оролцоотойгоор бичсэн бөгөөд тэдний практик туршлага, ажиглалтын үндсэн дээр туурвижээ. Энэ бүтээл гарсан даруйдаа Европийн боловсролын хүрээнд асар их нэр хүндийг олж, олон хэл дээр хэвлэгдэв. Түүний бүтээлүүд ерөнхийдөө шинээр нээсэн нээлтийн маягтай бус харин Ж.-Ж.Руссо, И.Г.Песталоцци нарын үзэл баримтлалыг дэлгэрүүлж олон түмэнд маш ойлгомжтой хэлбэрээр тайлбарласанд ач холбогдол нь оршдог.

            Түүнийхээр ухаалгаар зохион байгуулагдсан хүмүүжил гурван зарчмыг удирдлага болгодог байна. Үүнд:

·         Байгалийн шинжид тулгуурлах (хүүхдийн бие бялдар, сэтгэл зүйн хөгжил дэхь насны ба хувийн онцлогийг тооцох)

·         Соёлын шинжид тулгуурлах (хүүхэд амьдарч буй үндэстний онцлогийг тооцох)

·         Хувийн шинжид тулгуурлах (хүүхдийн бүтээлч идэвхийг хөгжүүлэхэд тэмүүлэх) зарчмууд орно.

Эдгээр зарчмуудад тулгуурлан Дистервег өөрийн дээр дурьдсан суурь бүтээлдээ илэрхийлсэн дидактикийн дүрмүүдийнхээ бүхэл бүтэн тогтолцоог боловсруулсан байна. Энд тэрээр сургуулийн хүмүүжлийн үйл ажиллагааг тодорхойлогч дидактикийн дүрмүүдийн 4 бүлгийг тодорхойлсон нь дэлхийн олон орны үе үеийн багш нарын заах арга зүйн гарын авлага болсон юм. Иймд эдгээр бүлэг дүрмүүдийг дор үзүүлэв.

Нэг дэхь бүлэг дүрмүүд. Сурагчид ба субьектэд хандсан дүрмүүд.

1.      Төрөлх шинжид нь тулгуурлан сурга. Сургалт нь хүний мөн чанар ба түүний хөгжлийн хуулиудтай зохицох ёстой. Энэ бол аливаа сургалтын хамгийн эрхэм дээд хууль мөн. Өмнө бидний мэдэж байсан сургалтын аргууд хүүхдийн төрөлх шинжид нь тулгуурласан гэдгийг баталж болж байвал энэ нь түүний зөв болохыг баталж буй хэрэг. Иймээс хүмүүжүүлэгчийн хувьд хүний мөн чанарыг ерөнхийд нь мэддэг, нарийвчилбал түүний онцлог шинж, хүсэл, тэмүүллийг мэддэг байх нь чухал. Байгаль бол хүч мөн. Иймд хүнд байгаа төрөлх шинж бол байгалийн адил хүч мөн. Хүний дотоодод байгаль байдгийг мэдээгүйгээс түүнийг ойлгохгүй байх хандлага гардаг. Тодорхой бие хүнээс гарч буй хүч чадал бол түүний дотоодод буй хүчний үйл ажиллагаа мөн. Байгаль бол дэлхий дээрх ялагдашгүй цорын ганц хүч юм. Урагш тэмүүлэгч оюун ухааныг сүсэг бишрэл, төөрөгдөл, худал хуурмаг зэрэг хар хүчээр хичнээн бөмбөгдсөн ч эцсийн дүндээ оюун ухаан ялах болно. Иймд байгалийн дуу хоолойг үргэлж сонсож байв. Зөвхөн байгальтай холбоо тогтоож чадсан цагт л аз жаргалд хүрнэ. Байгальд итгэхгүйгээр хүнийг хүмүүжүүлж чадахгүй.

2.      Сургалтыг сурагчийн хөгжлийн хүрсэн төвшнөөс эхэлж, түүнийг шат дараалалтайгаар, тасралтгүй хөгжүүл.

3.      Сурагчийн сурч чадахгүй зүйлийг бүү заа. Насанд хүрэгчид өөрийн сурч байсан үеийнхээ сургалтыг их магтаж, санагалзан ярих үе байдаг. Энэ юунаас болж байна вэ? Өөрсдийн сурч байх үеийн бүдүүлэг арга уу? Гол нь өөрийнх нь сурч байх үед тохирсон сургалтын агуулга бөгөөд тэр нь одоогийнхоос хамаагүй доогуур байсан гэдгийг ойлгоогүйгээс гарч ирдэг байна. Сургуульд заалгаж байсан олон зүйл насанд хүрсэн хойно нь ач холбогдлоо алддаг. Эндээс хуучин байр сууриандаа зогсож, хуучинсаг үзэл гаргалаа хэмээн багшийг шүүмжлэх шүүмжлэл гарч ирдэг. Энэ нөхцөл байдлаас “насанд хүрсэн хойно нь хэрэг болохгүй зүйлийг сурагчид бүү заа” гэсэн дүрэм гарч ирдэг. Нэг үгээр хэлбэл хэт оройтсон зүйлийг битгий заа гэсэн үг.  

4.      Үзүүлэн таниулгатайгаар сурга

5.      Ойрын зүйлээс холын зүйл үрүү, энгийнээс нарийн уруу яв.

6.      Хөнгөнөөс хүнд үрүү мэддэгээс мэддэггүй үрүү яв.

7.      Сургалтыг шинжлэх ухааны хэлээр бус энгийн аргаар явуул

8.      Үргэлж энгийн зорилго тавь гэхдээ энгийн ба материаллаг зүйлийг зэрэг хослуул. Хүүхдийн оюун ухааныг нэг зүйлээр олон талаас нь хөгжүүл. Чадварыг ухамсартай хослуулж, сурсан зүйл нь хэрэг болтол хүүхдийг дасгалжуул.

9.      Хүүхэд эзэмшиж чадахгүй зүйлийг бүү заа. Мөн ойлгохгүй байгаа зүйлийг нь бүү сурга. Аливааг ойлгож авах янз бүрийн төвшнүүд байдаг. Нэг хэсэг нь аливааг бүхлээр нь эзэмддэг бол нөгөө хэсэг нь хэсэгчилэн эзэмддэг. Сургалтын материалыг ой тогтоолтоос илүүтэйгээр эзэмдэх хэрэгтэй. Сурагч юунд сургаж байгааг ойлгосон байх ёстой. Иймд тодорхой, шударга шинж багшийн эзэмших ёстой чухал чанар мөн.  Иймд багш хүн дараах зүйлүүдийг сайтар тунгаан бодох нь чухал: а) сургаж буй зүйл дэхь аливаа ойлгомжгүй зүйл хор хөнөөлтэй,         б) хөгжүүлэгч боловсролын урсгалд автагдсан үл өөрчлөгдөгч догмууд бидний оюун санааг хордуулдаг, в) Сурагчаар ойлгомжгүй зүйлийг нь дахин давтуулах нь хариуцлагагүй явдал мөн.

10.  Сурагчид сурсан зүйлээ мартахгүй байхад анхаар

11.  Хүнд хүнлэг, иргэний, үндэсний боловсрол олго

12.  Сурагчийг ажиллаж сурга. Ажил бол хүний хоёрдахь төрөлх шинж гэдэгт сурга.

13.  Сурагчдийн хувийн бие даасан шинжид тулгуурла.

Энэ бүлгийн бүх дүрмүүд сургууль дахь сургалт-хүмүүжлийн практик хүүхдийн хүртэхүйн сэтгэл зүйн онцлог, түүний хөгжлийн психо-физиологийн өвөрмөц шинжтэй зохицон зохион байгуулагдана гэсэн үзэл санааны хүрээнд хэрэгжинэ хэмээн Дистервег үзжээ.

            Хоёр дахь бүлгийн дүрмүүд. Сургалтын материал ба обьектод хамаарах сургалтын дүрмүүд.

1.      Хичээл бүрт тохирсон сургалтын материалыг сурагчийн хөгжлийн төвшин, хуулиудтай зохицуулан хуваарил.

2.      Аливаа зүйлийн үндсийг судлахад нилээд цаг зарцуул.

3.      Аливаа үүсмэл зүйлийг үндэслэхдээ анхдагч эх сурвалжид нь хандаж түүнээс аливааг гаргаж ав.

4.      Сургалтын материалуудыг тодорхой шатуудад хуваарилж, хэсэгчил

5.      Дараагийн материалуудыг мөн хэсэгчилэн тодорхой шатанд хуваарилж, сурагч үе шаттайгаар ашиглах боломжийг бүрдүүл.

6.      Дараагийн шатанд шинэ зүйл үзэхдээ хуучнаа давтах боломжтойгоор материалуудыг хуваарилж, байрлуул.

7.      Нэг төрлийн агуулгатай хичээлүүдийг хооронд нь сайтар холбон тайлбарла.

8.      Бодит зүйлээс тэмдэглэгээ үрүү шилжих замаар урагшил.

9.      Сургалтын аргыг сонгохдоо судлах зүйлийнхээ мөн чанарыг сайтар судал.

10.  Сургалтын материалыг бодож олсон ойлголт, ерөнхий загварт бүү тулгуурла. Харин бүх талаас нь авч үз.

11.  Дараагийн заах зүйлээ ерөнхий үйлдлийн замаар бүү үндэслэ харин тухайн зүйлийн мөн чанараас гаргаж ав.

12.  Сургалтын агуулга тухайн үеийн шинжлэх ухааны төвшинд тохирч байх ёстой.

Гурав дахь бүлгийн дүрмүүд. Гадаад нөхцөл, цаг хугацаа, байрлалтай холбоотой сургалтын дүрмүүд.

1.      Хичээлийг сурагчдын хамт зэрэг явсанаас дараалалтай явсан нь дээр

2.      Өөрийн сурагчийн ирээдүйн байр байдлыг сайтар тооцоол

3.      Соёлын шинжид тулгуурлан сурга

Дистервегийн гаргаж ирсэн соёлын шинжид тулгуурлан сургах зарчим байгальд тулгуурлан сургах зарчимд нь захирагддаг байна. Энэ зарчим нь өөртөө хүмүүжил нь хүний төрсөн газар болон амьдрах газрын байрлах нөхцөл, цаг хугацааг зайлшгүй тооцоолон үздэг гэсэн санааг агуулдаг. Нэг үгээр хэлбэл соёлыг өргөн утгаар нь буюу тухайн улс орны соёлын онцлогийг харгалзан үзнэ гэсэн үг юм. Аливаа хүмүүжилд амьдарч буй тухайн улсын ёс заншил, эрин үе, цаг хугацааг анхааралдаа байнга байлгах нь чухал. Соёлд тулгуурлах зарчим байгальд тулгуурлах зарчимтай хир зэрэг зохицоно хүний амьдрал төдий чинээ дээшилдэг байна. Энэ нь байгаль ба соёлын харилцан зохицолд тэмүүлнэ гэсэн үг юм. Тодорхой цаг үеийн боловсролын үзэл баримтлал тухайн үеийнхээ сургалтын зорилго болдог. Энэ зарчим нь гадаад соёл (ахуйн хэм хэмжээ, ёс зүй) ба дотоод соёл (хүний оюун санааны амьдрал) гэсэн тодорхой нийгмийн соёлын (нийгмийн харилцаа ба үндэсний соёл) үндсэн дээр сургалт-хүмүүжлийн үйл явцыг зохион байгуулах ажлыг илтгэдэг. Ийнхүү Дистервег анх удаа сургалтын үйл явц дахь соёлын хүчин зүйлийн асуудлыг хөндсөн байна.   

            Дөрөв дэхь бүлгийн дүрмүүд. Багшид хамаарах сургалтын дүрмүүд.

1.      Сургалтыг аль болох сонирхолтой явуулахыг хичээ. Үүнийг дараах зүйлүүдийг мөрдлөг болгосноор гүйцэтгэнэ.

·         Олон янзын арга хэрэглэсэнээр

·         Багшийн амьд үйл хөдлөлөөр

·         Ер нь багшийн өөрийнх нь мөн чанараар

2.      Эрч хүчтэй сурга. Шийдэмгий, эрч хүчтэй, сэтгэлийн хаттай юу хүссэнээ, яагаад хүсэж байгаагаа мэддэг, ямар аргаар зорилгодоо хүрэхийг мэддэг багш л эрс шийдэмгий, эрч хүчтэй хүмүүсийг хүмүүжүүлж чадна. Багшийн эрч хүчтэй шинжийн үр дүн сурагчдын тогтвортой, нэг зүйлд чиглэсэн анхаарал, сайтар хөгжсөн хэл ярианы хөгжил байдаг.

3.      Сургалтын материалыг зөвөөр, цээжээр илэрхийлэх чадварт сурагчдыг сурга. Сурагчдынхаа ил тод илэрхийлэл, хэл ярианы логик бүтцэд үргэлж анхаар.

4.      Хэзээ ч бүү зогс. “Зогсох нь нэг алхам ухрахын нэр” гэсэн үгийг үргэлж сана. Багш өөрийн аз жаргалыг сургалтаас олж авсан бол түүнд суралцаж буй сурагчдыг азтангууд хэмээн нэрлэж болно. Багш хүн төгс төгөлдөрт тэмүүлж буй залуу хүний үлгэр дууриал байх ёстой.

Ийнхүү Дистервег нь сургалтад хэрэглэх дидактикийн 33 дүрмийг баталжээ. Тэрээр сургуулиудын ерөнхий зорилгод сайн үйл, шударга ёс, энэрэнгүй үзэл, шашнаас үл хамаарсан үзэлд тулгуурласан үндэсний өөрийн ухамсрын хүмүүжлийг оруулж иржээ. Ардын сургууль нь түүнийхээр үндэстэн төлөвших, хүмүүжигчдэд хүний нэр төр төлөвших үндсийг тавьж өгөх ёстой ажээ. Мөн хүүхдийн оюун ухааны чаддварын хөгжилд бүх талаар нөлөөлөх нөлөөллийг буй болгож, оюун ухаанд суурилсан зан төлвийг тогтоох ёстой. Ингэснээрээ нийт хүн төрөлхтөний хүмүүжил нь ардын сургуулиудыг амьдралын дараагийн үе шатанд өөрийн байр суурийг баттай олж чадах боломжийг хүүхэд нэг бүрт олгох бололцоо бүхий бие хүнийг төлөвшүүлэхэд чиглүүлж өгнө. Дистервегээс өмнөх үед тогтсон сургалт дахь дидактик аргууд нь багшийн үйл ажиллагаанаас салангид явагдаж, багшид хоёрдугаар зэргийн үүрэг оногдуулж байв. Хөгжүүлэгч сургалтын дидактик арга нь энэ бүхнийг эцэс болгосон юм. Дистервег байгалийн шинжлэлийн боловсролыг өргөжүүлэхийг зорьж байв. Сургалтдаа гол төлөв индуктив аргыг хэрэглэж, сургалтаа хүнлэг үзлээр нэвт шингэсэн хэлбэрээр явуулж байв. Сургалтын бүх үе шат сургалтад хамрагдагч субьектыг боловсруулахад чиглэгдэнэ.

XIX зууны эхний хагасын сурган хүмүүжүүлэх сэтгэлгээн дэхь Дистервегийн онолын ба практик үйл ажиллагаа сурган хүмүүжүүлэх ухааны олон асуудлуудыг шинээр ойлгох эргэлтийг буй болгон хүмүүжлийн байгальд тулгуурласан сонгодог үзэл баримтлалыг хүн болон физиологийн салбарын тухай шинэ баримт материалуудаар баяжуулжээ. Түүний бүтээл туурвилуудад хүмүүжлийн нийгэм-түүхийн шалтгаант чанар хөндөгдөж, хүмүүжил бол соёлын нэг хэсэг хэмээн үзсэнээр нийт хүн төрөлхтөний ба үндэсний хүмүүжлийн харилцан нөлөөллийн зайлшгүй болох нь анх дурьдагдсан байна. Заах арга зүйч болохынхоо хувьд Дистервег нь боловсрол дахь зорилтуудыг хэрэгжүүлэхэд багшийн бие хүний шинжийн гүйцэтгэх шийдвэрлэх үүрэгт анхаарлаа хандуулан сургалтын аргууд зааж буй хичээлийн онцлог, түүнийг хэрэглэж буй багшийн хандлагаас хамааралтайг цохон тэмдэглэсэн байна. Тэрээр багшид тавигдах шаардлагыг дараах байдлаар томьёолжээ. Үүнд:

1.      Өөрийн зааж буй хичээлийг сайн мэддэг байх

2.      Сургалтын материал зайлшгүй ашиглах ба ингэхдээ үргэлж түүнийг мөрдлөг болгохгүй байх

3.      Хичээлд урьдчилан заавал бэлтгэж байх

4.      Өөрийн үйл ажиллагаанд анализ хийсэн тусгай тэмдэглэл байнга хөтлөх.

5.      Хичээл заах төлөвлөгөө зайлшгүй гаргах

6.      Аливааг хэрхэн хүлээн авч байгаа талаар өөрийгөө байнга шалгах

7.      Шинжлэх ухаануудыг хослуулан судлах эдгээр болно.

Дээр дурьдсан бүх зүйлд үндэслэн Дистервегийг “Немцийн багш нарын багш” хэмээн албан ёсоор өргөмжлөх болжээ.

6.4. Роберт Оуэн

            XIX зууны туршид Европийн философи сэтгэлгээнд үл гүйцэлдэх социализмын үзэл газар аван хөгжих болов. Үл гүйцэлдэх социалистууд хүүхдийн хөдөлмөрийг хүн амын олонхи мэдлэг, боловсрол олж авахад саад тотгор болж байна хэмээн үзэж эрс эсэргүүцэх болжээ. Сэргэн мандалтын үеийн олон зүтгэлтнүүдийн араас үл гүйцэлдэх социалистууд бие хүний төлөвшилтөд орчин ба хүмүүжлийн нөлөө шийдвэрлэх үүрэгтэйг цохон тэмдэглэх болов. Тэд сонгодог боловсролд ирээдүй байхгүй хэмээгээд шинжлэх ухаан ба аж үйлдвэржилтийг тооцон үзсэний үндсэн дээр сургалтын байгууллагуудыг өөрчлөн шинэчлэх хөтөлбөрийг дэвшүүлэв. Бүх талын өв тэгш хөгжилтэй хүнийг төлөвшүүлэх асуудал хамгийн үр дүнтэй зорилго хэмээн тэд тунхагласан байна. Ийнхүү хүчээ аван гарч ирсэн үзэл санааны урсгалын сонгодог төлөөлөгчөөр английн үл гүйцэлдэх социалист үзэлтэн Роберт Оуэн гарч ирсэн юм.

            Гар урлаач гэр бүлээс гаралтай тэрээр амьдралын эрхээр 10-аад насандаа сургуулиа орхин бие даасан амьдралд хөл тавьжээ. Р.Оуэн хүний зан төлөв, бие хүний шинж хүрээлэн буй орчин ба хүмүүжлийн үр дүнд төлөвшинө гэж үзэж байв. Түүнийхээр хүн бол нөхцөл байдлын идэвхигүй бүтээгдэхүүн бөгөөд хувийн зан төрхөө бүтээж чадахгүй нэгэн ажээ. Иймээс хүн өөрийн зан төлөв, үйл хөдлөлөө хэзээ ч хариуцахгүй.

Роберт Оуэн
(1771-1858 гг.)

Р.Оуэн хүний зан төлөв, бие хүний шинж хүрээлэн буй орчин ба хүмүүжлийн үр дүнд төлөвшинө гэж үзэж байв. Түүнийхээр хүн бол нөхцөл байдлын идэвхигүй бүтээгдэхүүн бөгөөд хувийн зан төрхөө бүтээж чадахгүй нэгэн ажээ. Иймээс хүн өөрийн зан төлөв, үйл хөдлөлөө хэзээ ч хариуцахгүй. Хүний зан төлөв хүрээлэн буй орчин ба хүмүүжлийн нөлөөгөөр төлөвших тухай үзэл нь анх удаа “Нийгмийг үзэх шинэ үзэл буюу хүний зан төлвийг төлөвшүүлэх тухай туршилтууд” хэмээх бүтээлд нь дурьдагджээ.

 

 


            Хүний зан төлөв хүрээлэн буй орчин ба хүмүүжлийн нөлөөгөөр төлөвших тухай үзэл нь анх удаа “Нийгмийг үзэх шинэ үзэл буюу хүний зан төлвийг төлөвшүүлэх тухай туршилтууд” хэмээх бүтээлд нь дурьдагджээ. Энэ бүтээлээ тэрээр өөрийн үйл ажиллагааны Нью-Ленаркийн үед хэрэгжүүлсэн нийгмийн өөрчлөн байгуулалтын туршлагаа баяжуулсаны үндсэн дээр туурвисан юм. Оуэн насанд хүрсэн хүн амын дунд зохиох соёл-гэгээрлийн ажилд ихээхэн анхарал тавьж байв. Өөрийн үйл ажиллагааныхаа энэ үед Оуэн хүмүүжлийн зорилго бол хүүхдэд “ухаалаг шинжтэй” нийгмийн хэрэгцээг төлөвшүүлэх явдал хэмээн үзжээ. Ингэхийн тулд бүх насныханыг хамарсан хүмүүжил-сургалтын байгууллагуудын тогтолцоог байгуулах хэрэгтэй гэж үзсэн байна. Түүний санаачлагаар зан төлөв төлөвшүүлэх “Шинэ институт” гэгчийг байгуулжээ. Түүндээ өмнө нь өөрийн санаачлагаар байгуулсан байгууллагуудыг нэгтгэн:

Ясли (1-3 нас)Сургуулийн өмнөх байгууллага (3-5 нас)Хүүхдэд зориулсан бага сургууль (5-10 нас) хэмээн ангилсан байдаг

Мөн тэндээ өсвөр үеийнхэн, ажилчид, тэдний гэр бүлтэй ажиллах хичээл явуулж байв.  Тэнд мөн хүүхдүүдийг орчны муу нөлөөнөөс тусгаарлаж, бүх талын хөгжлөөр хангах зориулалттай “Бага насны хүүхдэд зориулсан сургууль” гэгчийг байгуулсан байна. Тэнд гимнастик, цэвэр агаарт зугаалах, бүжиг, дуу зэрэг бие бялдрын хүмүүжилд зориулсан олон арга хэмжээ зохионо. Бага насны хүүхдийн хүмүүжилд үнэнч шударга зан, шударга ёс, эелдэг зан, өөрийгөө авч явах арга, найрсаг байдал зэрэг “нийгэмшлийн үзэл санаа” чухал үүрэгтэй. Хүүхдийн үйл ажиллагаа болох тоглоомонд ихэд анхаарч байв. Түүний сургуульд тоглоом хөдөлмөрийн үйл явцын элементүүдтэй нягт уялдана. Ингэхдээ хүмүүжүүлэгч эелдэг, тэвчээртэй, шийтгэл үл хүргэгч байх ёстой. Оуэн анх удаа ажилчдын бага насны хүүхдэд зориулсан хүмүүжлийн газруудыг байгуулсан юм.

            Бага сургуульд Оуэн догматизм, хоёр нүүр гаргахтай эрс тэмцэж байв. Тэрээр хүүхдүүдийг нас биед нь тохирсон цаашдын амьдралд хэрэгтэй тодорхой мэдлэгээр зэвсэглэхийн зайлшгүйг тэмдэглэж байв. Түүний сургалтын төлөвлөгөөнд төрөлх хэл, арифметик, газар зүй, ботаник, минералоги, ёс зүй, бүжиг, дуу, хөвгүүдэд зориулсан цэргийн бэлтгэл ордог. Үзүүлэн таниулах материал ихээр хэрэглэж байсан бөгөөд үүний тулд маш өргөн хэмжээний цуглуулга бий болгосон байна. Тэрээр зөвхөн мэдлэг төдийгүй мөн танин мэдэх авьяас чадвар хөгжүүлэхийн чухлыг тэмдэглэж байв. Иймээс сургуульдаа хүүхдийг бие даасан сэтгэлгээнд сургах сургалтын идэвхитэй аргыг өргөнөөр хэрэглэж байв. Хүмүүжлийн ажилд ч их анхаарал хандуулжээ. Түүний хүмүүжлийн ажлын үр нөлөө хүүхдийг хөдөлмөрийн үйл ажиллагаанд оролцоход сайнаар нөлөөлж байв. Охидыг оёж, шидэх, сүлжих, нэхэх, гэр ахуйн ажиллагаанд сургаж, хөвгүүд гар хөдөлмөрийн энгийн төрөлд суралцана. Оройн цагаар сургуульдаа бичиг үсэг үл мэдэгчдэд хичээл орж, хөгжмийн үдэшлэг зохион, эцэг, эхчүүдэд хүмүүжлийн лекц уншина.

            1824 онд Р.Оуэн өөрийн хамтран зүтгэгчдийн хамтаар Америк явж тэндээ “Шинэ гармон” хэмээх коммунист колонийг байгуулахаар болов. Тэр колонид нь багачууд бүр багаасаа нийгмийн зан төлвийг олж, тоглоомын үйл ажиллагааны явцад гэрийн хөдөлмөрийн хамгийн энгийн төрлүүдэд суралцана. Хоёрдугаар төвшний сургуульд байгалийн ухаан, шашингүйн үзлийн суурьтай хичээлүүдийг гүнзгий ордог. Оюун ухааны хүмүүжил өдөр дутмын хөдөлмөртэй хосолж байв. Хөвгүүд мастерийн газарт токарь, мужаан, шаварчин, гар урлалын үндэс эзэмшинэ.

              Цэцэрлэг, талбай дээр, хөдөө аж ахуйн эдэлбэр дээр суралцах ба охидууд гэр ахуй, оёдол, нэхмэл, гал тогооны үндэст суралцана. Гуравдугаар төвшний суралцагчид колоний нийгмийн хөдөлмөрт оролцож, оройн цагаар онолын мэдлэг эзэмшин, хими, түүхийн лекц сонсдог байв. Мөн хөдөө аж ахуйн практик ажил ихээр хийгдэнэ. Хүүхдийг хөдөлмөрийн үйл ажиллагаанд оролцуулах нь бие бялдар, оюун санаа, ёс суртахууны хөгжлийн үндсэн хүчин зүйл гэж Оуэн үзэж байсан юм. 1839 онд Англид “Гармони-холл” хэмээх колони байгуулагдсан нь дээрхийн адил байв.

            Р.Оуэн ажилчдын хүүхдэд зориулсан анхны сургуулийн өмнөх байгууллагууд байгуулсан бөгөөд тэнд нь хүүхдийг хамтач үзэлд сургаж, сонирхолд нь нийцсэн хөдөлмөрийн дадал олгож байв. Тэрээр шашнаас бүрэн чөлөөлөгдөн тодорхой мэдлэгт суурилсан, бие бялдрын хүмүүжил ба үйлдвэрлэх хөдөлмөртэй хосолсон шинэ маягийн сургалтын байгууллагуудыг буй болгосон нь Оросын хувьсгалт ардчилсан үзэлтэн А.И.Герцен, Н.А.Добролюбов нарын анхаарлыг ихээр татаж байсан байна. Гэсэн хэдий ч нийгмийн болон улс төрийн хүчин зүйлсийн нөлөөгөөр английн үл гүйцэлдэх социалистуудын үйл ажиллагаа мухардалд орж, эхэлсэн үйл хэрэг нь дампуурсан нь  түүхийн гашуун сургамж мөн. Хэдийгээр мухардалд орсон ч Р.Оуэний санаачилсан боловсролын салбарын олон ажлууд цаашдын сурган хүмүүжүүлэгчдэд онолын чухал суурь дэвсгэр болсоныг тэмдэглэх хэрэгтэй.

6.5. XVIII-XIX зууны үеийн Орос орон дахь сурган

хүмүүжүүлэх сэтгэлгээ ба боловсролын тогтолцоо


           XVIII зуны үеийн Оросын сургууль боловсролын хөгжлийн хамгийн оргил цэг нь II Екатерина (1762-1796гг) хатан хааны үед тохиосон юм. Екатерина хатан хаан хүмүүжил, боловсролын асуудалд ихээхэн анхаарал тавьж байв. Европод хүчээ аваад байсан Сэргэн мандалт ба Соён гэгээрүүлэгчдийн үзэл санаа оросын хатан хааны онцгой анхааралд өртжээ. Сургууль-боловсролын газруудын өөрчлөн шинэчлэлийг санаачлахдаа тэрээр Д.Дидрод хандан “Орос оронд зориулсан их сургуулиудын төлөвлөгөө” гээчийг зохиолгож авчээ.

 
Хоцрогдсон Орос орны боловсролын салбарт шинэчлэлийг эхлүүлсэн

хатан хаан II Екатерина

 

            XVIII зууны хоёрдугаар хагас дахь сургуулийн талаар авч хэрэгжүүлсэн бодлогын гол үзүүр язгууртнуудын соёл-боловсролын хэрэгцээг хангахад чиглэж байв. Нийгмийн дээд хэсгийнхэн язгууртны аж төрөх ёсонд татагдан театр, сонгодог урлаг зэрэгт хөл алдах болов. Мөн хуурай замын ба тэнгисийн цэргийн кадет корпусууд гэгдэх сургалтын байгууллагууд амжилттай ажиллаж байлаа.

            1766 онд батлагдсан сургалтын төлөвлөгөө шинжлэх ухааны 3 бүлэгт хуваагдаж байв. Үүнд:

·         Иргэний хэрэгцээнд зориулалттай хичээлүүдийг танин мэдэх тэргүүлэх чиглэлүүд

·         Физик, одон орон, газар зүй, навигац зэрэг ашигтай ба уран сайхны хичээлүүд

·         Логик, математик, илтгэх урлаг, латин ба франц хэл, механик зэрэг бусад хичээлүүд орно.

Мөн энэ үеэс төрийн сургуулийн хөтөлбөрөөр хичээллэдэг хувийн сургуулиуд байгуулагдах болжээ. 1763 онд Екатерина хатан хаан Иван Иванович Бецкийг боловсрол хариуцсан ерөнхий зөвлөхөөрөө томилсоноор Орос орон дахь боловсрол-гэгээрлийн хөгжилд томоохон ахиц гарсан юм.  1762 онд И.И.Бецкий өөрийнхөө хажууд Хүмүүжлийн ордон ажиллуулж байсан уран зургийн академийг толгойлох болжээ. Энэ хүмүүжлийн ордон Бецкийн нэртэй салшгүй холбоотой. Сургуульд 14-15 насны хүүхдүүд суралцаж гар урлалын янз бүрийн мэргэжил эзэмшиж байв. Сургуульд суралцаж эхэлснээс хойш 5 жилийн дараа л гэр бүл болох эрхтэй ба байрнаас гарах тохиолдолд бүрэн дүрэмт хувцас өмсөж, чөлөөт иргэдийн эрхийг эдэлдэг байв. Москва дахь хүмүүжлийн ордны жишээгээр Петербургт ч мөн хүмүүжлийн ордон байгуулагджээ.

                        Иван Иванович Бецкий

        И.И.Бецкий нь францын соён гэгээрүүлэгчдийн үзэл санааг хүлээн авч түүнийг Орос орны нөхцөл байдалд тохируулах оролдлого хийсэн байна. Түүний үйл ажиллагаа орос орны залуу үеийнхнийг сургаж, хүмүүжүүлэхтэй холбоо бүхий хууль, эрх зүйн баримт боловсруулахтай шууд холбогдоно. Тэрээр 6-20 насны хүүхдүүдэд зориулсан хаалтай сургалтын байгууллагууд байгуулах нь зайлшгүй болох тухай дүгнэлтэд хүрчээ. Энэ нь тухайн үеийн нийгмийнхээ хорт нөлөөнөөс ангижирсан “өвөрмөц үүлдрийн хүмүүс” бий болгох зорилготой юм. Хүмүүжлийн жинхэнэ зорилго ийм сургуульд өөрөө өөрийгөө хүндэлж сургахад оршино гэж заажээ.  

 Энэ сургуульд хүмүүжлийг 4 үндсэн талаас нь авч үзэж байв. Үүнд:

·         Бие бялдрын талаас нь (Эрүүл биед саруул ухаан оршино гэсэн)

·         Бие бялдар-ёс суртахууны талаас нь (Баяр цэнгэл хөөх нь муу бүхний эх сурвалж, ажил, хөдөлмөр эрхлэх нь сайн үйлийн эх үндэс гэсэн)

·         Ёс суртахууны (Сурагчийг муу бүхний сүүдэр тусгах бүхнээс холдуулах гэсэн)

·         Эрдэм ухаан (Оюун ухааны хөгжлийн хүч нь зүсэм талх олох хэрэгсэл мөн гэсэн) хэмээх талууд орно.

Тухайн сургуулиудад суралцагч сурагчдыг байгалиас заяагдсан авьяас чадварынх нь дагуу

1.      Шинжлэх ухаан ба урлагт авьяастай хүмүүс

2.      Гар урлал ба гарын ур дүйтэй хүмүүс

3.      Зөвхөн хамгийн энгийн зүйлийг л гүйцэтгэх чадвартай хүмүүс гэсэн 3 үндсэн бүлэгт хуваан үзэж байв

Сургалтын үндсэн зарчим нь хүүхдийг аль болох хүндэлж, зөв харьцахад оршино. Хүүхдийг аливаа муу бүхнээс тусгаарлах гэсэн ёс суртахууны хүмүүжилд гол анхаарлаа хандуулж байв. Сайн хүмүүжил олгож байгаа үед шийтгэл илүү зүйл гэж үзнэ. Гэхдээ зугалах эрхийг хасах, номхон зогсоох зэрэг жижиг шийтгэлийн хэлбэрүүд байна.

Орос орны боловсролын салбарт гүнзгий эргэлт хийн сургалт хүмүүжлийн ажлыг шинэ шатанд гаргасан хүний нэг бол алдарт эрдэмтэн, гүн ухаантан, яруу найрагч Михаил Васильевич Ломоносов (1711 - 1765 гг.) билээ. Оросын жирийн тариачны хүү тэрээр Славян-грек-латин академид суралцан төгсөөд 1736 онд 12 шилдэг сурагчийн хамтаар Петербургт суралцахаар томилогдон улмаар хилийн чанадад боловсролоо үргэлжлүүлсэн байна. Тэрээр Петербургийн шинжлэх ухааны академийн жинхэнэ гишүүн байсан бөгөөд Мосъвагийн улсын их сургуулийг үндэслэгч юм. Эрдэмтэн хүний хувьд Ломоносов нь мэдлэгийн өргөн цар хүрээнд сэтгэж, өөрийн нээлтүүдээрээ физик, хими, одон орон, газар зүй, геолог, механик, түүх, гүн ухааны шинжлэх ухаануудыг баяжуулж, шинжлэх ухааныг үйлдвэрлэх хүчний хөгжил, ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд ашиглахыг эрмэлзэж байв.

        Михаил Васильевич Ломоносов

                                   (1711 - 1765 гг.)

      Орос орны боловсролын салбарт гүнзгий эргэлт хийн сургалт хүмүүжлийн ажлыг шинэ шатанд гаргасан хүний нэг бол алдарт эрдэмтэн, гүн ухаантан, яруу найрагч. Эрдэмтэн хүний хувьд Ломоносов нь мэдлэгийн өргөн цар хүрээнд сэтгэж, өөрийн нээлтүүдээрээ физик, хими, одон орон, газар зүй, геолог, механик, түүх, гүн ухааны шинжлэх ухаануудыг баяжуулж, шинжлэх ухааныг үйлдвэрлэх хүчний хөгжил, ард түмний сайн сайхан байдлыг дээшлүүлэхэд ашиглахыг эрмэлзэж байв.


 

            М.В.Ломоносовын Оросын боловсролын тогтолцоонд бий болгосон гайхамшигт ололт бол оросын анхны их сургуулийг байгуулсан явдал мөн. 1723 онд байгуулагдсан Петербургийн шинжлэх ухааны академи шинжлэх ухааны мэдлэгийн гол эх сурвалж болж байсан хэдий ч тэнд ажиллах боловсон хүчнийг бэлтгэхэд тухайн үед ажиллаж байсан гимнази, академийн их сургуулиудын хүчин мөхөсдөж байв. Энэ нөхцөл байдлаас уялдаад Москва хотноо их сургууль байгуулах зайлшгүй шаардлага урган гарчээ. Ингэснээр 1755 онд Москва хотноо их сургууль байгуулагдсан байна. Тухайн үедээ энэ сургууль хууль эрх, анагаах ухаан, гүн ухаан гэсэн 3 факультеттай байлаа. Москвагийн их сургууль байгуулагдахаас 7 жилийн өмнө М.В.Ломоносов Петербург хотноо орост анх удаа оюутнуудад төрөлх хэл дээр нь лекц уншсан байна. Харин их сургууль байгуулагдсан цагаас эхлэн лекц зөвхөн орос хэл дээр явагдах болсон бөгөөд багш, оюутны бүрэлдэхүүн маш ардчилсан үзлээрээ ялгардаг байв.

 

            Ийнхүү XVIII зуун орос оронд гэгээрэл-боловсролын эрин авчирсанаар төгсгөл болов. Энэ үе бол төрийн сурган хүмүүжүүлэх ухаан хөгжиж, сургууль-соёлын газрууд сүм хийдээс тусгаарлагдсан үе юм. Хүмүүжлийн зорилго төрийн боловсрол эзэмшсэн, ертөнцийг үзэх өргөн үзэл төлөвшсөн, үндэсний уламжлалыг хадгалсан хүнийг хүмүүжүүлэхэд чиглэгдэх болов. Чухам энэ үед боловсролд хандах төрийн тогтолцоо

·         Бага сургууль (1 жил)

·         Уездийн сургууль (2 жил)

·         Гимназ (4 жил)

·         Их сургууль гэсэн хэлбэрээр тогтжээ.

XIX зууны эхний хагаст Орос оронд иргэний нийгмийн шинээр бүрэлдэн тогтсон эдийн засаг, оюун санааны хүсэл эрмэлзэлд нийцсэн боловсрол, сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний тогтолцоо бүрэлдэн тогтжээ.  Их сургуулийн тогтолцоо бүрэлдэн бий болсоноор сурган хүмүүжүүлэх сэтгэлгээний хөгжилд чухал хувь нэмэр оруулсан оюуны өндөр бэлтгэлтэй нийгмийн тэргүүлэгч давхарга төрөн гарав. Ингэснээр 1830-аад оноос нийгмийн шинэ бүлэг болох нийгмийг өөрчлөн байгуулах үзэл санааг тээгч сэхээтний бүхэл бүтэн давхарга төлөвшжээ. 1830 онуудад боловсролын хүрээнд:

 

1.      Дарангуйлагч, үндэсний үзэлт засаглалын нөхцөл дэхь албан ёсны бодлогын илрэл

2.      Нийгмийн ардчилсан хүсэл тэмүүлэл гэсэн хөгжлийн 2 үндсэн хандлага ажиглагдах болов.

 

1802 онд Ардын боловсролын яам байгуулагдан боловсролын салбарт дэлхийн хөгжлийн хандлагад нийцсэн гүнзгий өөрчлөлт хийх хууль, эрх зүй, эдийн засгийн үндсийг боловсруулж эхлэв. Гаргасан хууль, эрхийн актуудад боловсролыг 4 үе шаттай тогтолцоонд шилжүүлжээ. Энэ нь:

 

·         Дээд шат буюу их сургуулиуд

·         Дунд шат буюу гимназууд

·         Завсрын шат буюу уездын сургуулиуд

·         Доод шат буюу бага сургуулиуд юм.

 

Дээрх үе шат бүхэн хоорондоо залгамж холбоотой. Доод буюу бага сургуулиудад нэг жил суралцдаг бол уездын сургуульд 2 жил суралцана. Энэ сургуулиудад төрөлх хэл гол хичээл нь байв. Гимназ боловсролыг 4 жил эзэмших ба тэнд латин хэл, газар зүй, түүх, статистик, логик, яруу найраг, математик, зоолог, минералог, худалдаа, технологийн хичээл орно.

 

Энэ үеийн сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ, ертөнцийг үзэх үзэлд томоохон хувь нэмэр оруулсан хүмүүсийн нэг бол Виссарион Григорьевич Белинский (1811 - 1848) юм.

 


Виссарион Григорьевич Белинский
(1811 – 1848
он)

1811 онд төрсөн тэрээр багаасаа мэдлэг боловсролд тэмүүлсэн хүүхэд байв. Дээд боловсрол эзэмшсэний дараа орос хэл, утга зохиолын багш хийж, утга зохиолын ажлаар дагнаж байв. Шинэ нөхцөл байдалд тохируулан орос орны боловсролын тогтолцоог дээд шатанд гаргах талаар дорвитой ажил хийж гүйцэтгэжээ.

      

Түүний сурган хүмүүжүүлэх онолын үндэс нь энэрэнгүй үзэл юм. “Нийгэмд эзэлж буй байр сууринаас үл хамааран хүний үйл ажиллагааны гол зорилго бол хүн байх явдал мөн” гэж тэрээр бичсэн байдаг. Үүнийхээ үндсэн дээр хүмүүжлийн зорилго, арга хэрэгслээр:

 

Хүнлэг чанарХүнийг хайрлах хайрСайн үйлийг нэмэгдүүлэх явдал гэж үзжээ.

 

Тэрээр “хүнлэг чанар гэдэгт хүнийг хүн болгодог дотоод амьдралыг бүрдүүлэгч элементүүд, хүнд зайлшгүй хэрэгтэй оюун санааны нийтлэг элементүүдийг нэгтгэсэн амьд нэгдлийг ойлгох хэрэгтэй” хэмээн үзсэн. Хүмүүжилд хамгийн гол зүйл бол нийгмийн шударга бус зүйлтэй тэмцэхэд зайлшгүй хэрэгтэй бат бөх итгэл үнэмшил, зориг хүслийг тогтоох явдал мөн. Иймд хүмүүжил төлөвших үндсэн зам нь нийгмийн үйл ажиллагаа юм. Орос орныг аврах цорын ганц зам бол “соёл иргэншил”, гэгээрэл, энэрэнгүй ёсыг хөгжүүлэх явдал мөн гэснээрээ залуу үеийг бүх талын оюун ухаан, ёс суртахуун, гоо сайхны хөгжилтэй болгох хүмүүжлийн ардчилсан тогтолцооны үндсийг боловсруулжээ. Сургалтын материалуудын нарийн тогтсон дэс дараалал, илэрхийлэлийн логик үндэслэл болох “бүх зүйл өөрийн цаг хугацаатай бөгөөд нарийн тогтсон дэг бол бүх зүйлийн үндэс мөн” гэсэн томьёолол сургалтын тогтолцооных нь үндэс болж өгчээ. Түүнийхээр боловсрол нь бүх талын, цогцолбор шинжтэй бөгөөд өөртөө байгалийн болон нийгмийн шинжлэх ухаанууд, сонгодогууд, орчин үеийн нөхцөл байдлыг органикаар нэгтгэсэн байх ёстой. Хүмүүнлэгийн шинжлэх ухаангүйгээр байгалийн шинжлэл нь баримт материалуудын үхмэл цуглуулга болох ба мэдлэг нь амьд бус байна гэж бичсэн байна.

 

Белинскийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалд ардач шинж, хүн болон ард түмний амьдрал, хүмүүжил дэхь үндэсний ба нийгмийн зүйлсийн харьцаа чухал байр эзэлдэг. Өөрийн ард түмний гарал үүсэл, өнгөрсөн түүх, европийн үндэстнүүдийн дунд түүний эзлэх байр суурь, үүргийг сайтар мэдэж байх нь мэдлэгийн том эх сурвалж ажээ. “Жинхэнэ хүн өөрийн эх орны төлөө үргэлж санаа зовох ёстой бөгөөд эх орондоо хамааралгүй хүн хүн төрөлхтөнд ч мөн адил хамаарахгүй” гэж тэрээр сургасан байдаг.

            Оросын нийгмийг гэгээрүүлэх чухал эх сурвалж бол төрөлх хэл, утга зохиол бөгөөд утга зохиолд бидний оюун санааны бүхий л амьдрал төвлөрдөг хэмээн үзжээ. Хэрэв хүмүүжил ард түмний өдөр дутмын амьдралтай холбогдож чадсан байвал түүнийг ардын хэмээн нэрлэж болно. Хүмүүжлийн бүхий л үйл явц иргэний байр суурийг боловсруулахад чиглэгдэх ёстой. Нийгэм бол ёс зүй, харилцаа, санааны дүр, үйлдэл хийх арга юм. Зөвхөн ард түмний тусын тулд үйлчилсэн үйл ажиллагаа жинхэнэ чөлөөт шинжийг олох ба үүний тулд өөрийн эх орны жинхэнэ иргэн байх ёстой. Нийгэм ямар байна хүмүүжил тийм л байна. Учир нь байгаль хүнийг бүтээдэг боловч, хүнийг нийгэм хөгжүүлж, төлөвшүүлдэг гэдэгт л Белинскийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал тулгуурладаг ажээ.

          Мөн энэ үеийн томоохон сурган хүмүүжүүлэгчдийн тоонд А.И.Герцен, Н.П.Огарев нар ордог. Тэдний сурган хүмүүжүүлэх сэтгэлгээ тухайн үед орос оронд тогтсон чөлөөт сэтгэлгээ, европийн соён гэгээрүүлэгчдийн үзэл баримтлал, Германий сонгодог философчдийн онолын нөлөөн дор төлөвшжээ. Тэд шинжлэх ухаан, техникийн хөгжилд голлон анхаарч нийгмийг удирдах бүхий л удирдлага эрдэмтэн мэргэдийн гарт төвлөрөх талын үзлийг номлон залуусыг энэ чиглэлээр сургаж, хүмүүжүүлэхийн зайлшгүйг нотолж байв. Тэд тухайн үед амь бөхтэй оршиж байсан грек-латин боловсрол, илтгэх урлаг, бурхан судлал хичээл давамгайлсан сургуулиудын албан ёсны тогтолцоог эрс шүүмжилж, сургууль бол иргэний хүмүүжил олгох газар гээд энэ үндсэн дээр боловсролын шинэ тогтолцоо буй болгох зорилт тавьжээ. Герцен гэхэд л оросын соёл, түүх, утга зохиолыг энэрэнгүй үзэл, эх оронч сэтгэлгээ нэвт шингэсэн гэж үзэн боловсролд эдгээр хичээлийг түлхүү үзэхийг чухалчилж байсан бөгөөд сургалт хүмүүжлийн гол хэрэгсэл бол номтой сайтар ажиллах чадвар гэж үзсэн байна. Тэрээр “авьяас авьяасаараа төрдөг, харин таашаал номноос төрдөг” гэсэн алдарт афоризмаа зохиожээ. А.И.Герцений хувьд хувьсгалаар дамжуулан бодит байдлыг өөрчлөх нь нийгмийг өөрчлөх хамгийн зөв арга бөгөөд утопи-социалист байсныхаа хувьд оюун санааны хүмүүжлийн ангийн ба бодит зүйлийг нэгтгэхийг зорьж, идэвхитэй байдлыг асуудал дэвшүүлэх сургалтын үндэс гэж үзжээ. Иймээс хүмүүжлийн зорилго бол нийгмийн муу муухай бүхэнтэй тэмцэж, хүүхэд залуусыг энэрэнгүй, чөлөөт бие хүн болгоход чиглэгдэнэ гэсэн байна.


                                 Н.П.Огарев                                                                  А.И.Герцен
                            (1813 – 1877он.)                                                           (1812 – 1870он)

            Н.П.Огаревынхаар орос дахь боловсролын тогтолцоог шийдвэрлэх үндсэн арга зам, зорилт нь тариачдын ёс зүй дэхь хоцрогдол, бүдүүлэг ёсыг даван туулж, тэднийг дэвшилтэт арга технологиар зэвсэглэх явдал байв. Ийм бүдүүлэг ёс заншил, хоцрогдолт гэдэгт тэрээр:

 

·         Шашин

·         Тухайн үеийн иргэний нийгмийн байгуулал

·         Тухайн үеийн хөдөө аж ахуйг хөтлөх аргыг оруулж байв.

 

            Сургалт-хүмүүжлийн гол зорилго шинэ дүр төрх бүхий сурагч багачуудыг сургалтын шинэ арга барилын хүрээнд төлөвшүүлэх явдал гээд ийм шинэ хүүхэд гэдэгт тэрээр дараахь зүйлийг хамруулжээ. Үүнд:

 

·        Сурагчид ямар нэг зан үйлийг хүчээр даган мөрдөх ёсгүй.

·        Багшийн үүрэг бол үргэлж ашигтайг зөвлөж, хуурмагийг илрүүлэх явдал бөгөөд энэ нь үнэнч шударга занд сургах ганц арга юм.

·         Сурагчдын хэрэглэдэг нэг хэвийн тогтсон хоолны найрлагыг өөрчлөх хэрэгтэй. Хоол хүнс найрлагын хувьд олон янз байх ёстой. Таашаал эцсийн дүндээ залхуурлыг устгадаг.

·         Хөдөлмөрлөх, хоолллох, унтах цаг тодорхой дэгд орсон байх ёстой. Хөдөлмөр олон янз шинжтэй. Хичээл ба биеийн хөдөлмөр өдөрт 2 удаа солигдох ёстой.

·         Эх, эцэг, хамаатан садан хүүхдээ эргэх боловч суралцах хугацаандаа хүүхэд харих ёсгүй.

·         Биед өвдөлт үүсгэх шийтгэлийг бүрэн хорино зэрэг ордог байна.

 

            Дурьдан буй үеийн оросын болон дэлхийн томоохон сурган хүмүүжүүлэгчдийн нэг бол Константин Дмитриевич Ушинский юм. Ушинскийн сурган хүмүүжүүлэх тогтолцооны гол цөм нь хүний үндэсний өөрийгөө ухамсарлахуйг хөгжүүлэх явдал мөн. Тэрээр түүхэн өөр нөхцөл байдалд бусад ард түмэнд төлөвшсөн сурган хүмүүжүүлэх тогтолцоог орос орны хөрсөнд механикаар бус харин бүтээлчээр хуулбарлан суулгах байр сууринд зогсож байв.                                          

 

                    Константин Дмитриевич Ушинский
                        (1824 – 1870он)

 

                Түүний нийгмийн хүмүүжлийн үзэл баримтлал нь ардач зарчимд нь тод илэрдэг. Бусад улс оронд олж авсан мэдлэгийг оросын сурган хүмүүжүүлэх зүйд бүтээлчээр авч хэрэглэхийн чухлыг тэмдэглэж байв. Ардач зарчим бол өөрийн бүтээлч илрэл бүхий сургалт-хүмүүжлийн нийгмийн тогтолцоон дахь ард түмний обьектив хэрэгцээ хэмээн үзсэн. Энэ зарчим ёсоор төрөлх хэл сургууль боловсролын тэргүүлэх чиглэл болдог. Төрөлх хэлээр сургалт явуулах нь хүн ардыг ертөнцийг үзэх үзлээр цэнэглэхийн эх үндэс мөн



            К.А.Ушинскийн үзсэнээр сурган хүмүүжүүлэх ухаан нь хүнд зайлшгүй хэрэгтэй мэдлэгийн өвөрмөц салбар бөгөөд бусад шинжлэх ухаанд буй бүхий л шинж тэмдэгийг өөртөө агуулсан өөрийн гэх судлах зүйлтэй салбар юм. Сурган хүмүүжүүлэх ухаан нь хүнийг сургаж-хүмүүжүүлэх шинжлэх ухаан бөгөөд түүний судлах зүйл нь хүмүүжлийн болон хүний төлөвшлийн үйл явцын судалгаа юм. Бие даасан шинжлэх ухаан боловч анатом, физиолог, паталог, психолог, логик, философ, газар зүй, статистик, улс төр, түүх зэрэг бусад шинжлэх ухаантай нягт холбоотой илэрдэг. Учир нь дээрх бүх шинжлэх ухаанд хүмүүжлийн гол обьект болох хүний мөн чанар илэрч, тал бүрээсээ судлагддаг байна. Үүнийг Ушинский антропологийн зарчим хэмээн нэрлэжээ.

 

            Ушинский нь оросын болон дэлхийн сурган хүмүүжүүлэгчдийн дотроос анх удаа хүний тухай шинжлэх ухааны мэдлэгүүдийг холбох оролдлого хийсэн юм. Түүний ертөнцийг үзэх үзэл ерөнхийдөө Германий сонгодог философийн нөлөөн дор төлөвшжээ. Үүн дээр үндэслээд тэрээр бодит мэдлэгийн зайлшгүй болох тухай, хүний асар их бүтээлч авьяас чадварын тухай асуудлыг хөнджээ.

            Нийгмийн хөгжлийн хувьд хүн бол нийгмийг өөрчлөх үндсэн хөдөлгөгч хүч хэмээн үзэж байв. Антрополог зарчмыг гарган ирсэнээрээ нийгмийн бүхий л үзэгдлүүдийг хувийн психик үзэгдлүүдээс эхтэй хэмээн үзжээ. “Сурган хүмүүжүүлэх зүйн антрополог” хэмээх өөрийн суурь бүтээлдээ хүний организмын хөгжлийн чухал зүй тогтлууд, хүмүүжлийн онолын үндсийг бүрдүүлэх мэдлэгийг нэгэн тогтолцоонд оруулах оролдлого хийжээ. Түүнийхээр хүнд бүх талаар хөгжих асар их бололцоо байдаг бөгөөд эдгээр бололцоо нь шинжлэх ухаан ба хүмүүжлийн нөлөөн дор илрэн гардаг ажээ.

            Түүний сурган хүмүүжүүлэх зүйн тогтолцоонд сурган хүмүүжүүлэх онол ба практик нэгдмэл байдлаар илэрдэг. Сурган хүмүүжүүлэх зүйг урлаг хэмээн үзэж хүний оюун санааны дүр төрхийг өөрчилж, баяжуулах гол хэрэгсэл хэмээн үзсэн байна. Урлаг нь бүтээх зорилготой бөгөөд урлагийн хамгийн дээд илрэл болох сурган хүмүүжүүлэх зүй нь хүний дотоод ертөнцийг бүтээлчээр өөрчлөх зорилгыг гүйцэтгэнэ. Дидактик нь боловсрол-сургалтын онол мөн. Түүнийхээр дидактикийн үндсэн асуудал юунд сургах, хэрхэн сургах гэдэгт оршино.

            Тэрээр дидактикийг дотор нь ерөнхий ба тусгай хэмээн хуваан үзжээ. Ерөнхий дидактикийн хүрээнд хүүхэд бичиг үсэг сурахаас өмнөх хөгжил, мэдлэгийн асуудлыг судалдаг бол тусгай дидактикийн хүрээнд дээрх хүрээнд боловсорсон дүрэм, арга хэрэгслийг тодорхой шинжлэх ухааны хувьд хэрэглэдэг.

Сургалт-боловсролын онолынхоо үндсэн үзэл баримтлалыг Ушинский “Францын нэгэн эскадрийн тухайд” хэмээх өгүүллэгтээ томьёолжээ. Тэрээр танин мэдэх арга замыг 

1.      Хувийн бие даасан ажиглалт, туршлага

2.      Бусдаас олж авсан мэдлэг

3.      Тогтсон зан төрхийнхөө нөлөөгөөр олж авсан мэдлэг хэмээн 3 хувааж үзсэн.

Түүний хувьд сургалт-боловсролын зорилгыг тодорхойлох нь хамгийн чухал асуудал юм. Иймээс өөрийн үйл ажиллагааны зорилгыг нарийн тодорхойлох ёстой. Зорилго ард түмний эдийн засаг, нийгэм, соёлын хэрэгцээгээр нөхцөлдсөн байдаг. Энгийн зорилго бол дараагийн шатандаа бодит зорилго болон дэвшдэг сурагчдын оюун ухааны хүчний хөгжил юм. Тэрээр мөн сургалтын агуулгад ихээхэн анхаарч байв. Энд төрөлх хэл голлох байр эзэлнэ. Агуулга шинжлэх ухаанч чанарт тулгуурлах ёстой. Өөр нэг асуудал бол сургалтын арга мөн. Ушинский сургалтын хугацааг ихэд хэмнэж, суралцагчдын сонирхолыг төлөвшүүлэн авьяас чадварыг хөгжүүлдэг бичиг үсэгт сургах дуут болон аналитик-синтетик аргыг санал болгосон байна. Тэрээр Я.А.Коменскийн сургалтын үзүүлэнт аргыг цаашид хөгжүүлэн дидактикийн зарчмыг дараах байдлаар тодорхойлжээ. Үүнд:

·         Ухамсарт ба идэвхит шинж, мэдэхгүйгээс мэддэгт шилжих

·         Тогтмол дараалалт шинж

·         Дөхөмтэй шинж

·         Бат бөх шинж эдгээр орно

Сургалтын үйл явцын төвд шинжлэх ухаан ба мэдлэг бус харин суралцагч байх ёстой. Мэдлэг эзэмших нь сургалтын гол зорилго бус. Багшийн хөдөлмөр уран зураачийн бүтээлч үйл ажиллагаатай адил юм. Багшийн эзэмшсэн урлаг хүний оюун санааны дүр төрхийг төлөвшүүлдэг. Багш хүн өөрийн бие хүний үлгэр дууриаллаараа сургалтын үйл ажиллагааг оюунжуулж, түүнд амьдралын хүч, чадлыг өгч байдаг. Иймд багш хүн хүн бодит байдал дээр хэн бэ гэдгийг танин мэдэхэд тэмүүлэх ёстой. Багш бол өнгөрсөн ба одоо ирээдүйг холбогч учраас түүнд тусгайлсан зайлшгүй бэлтгэл заавал хэрэг болдог. Энэ бүхэн бол К.Д.Ушинскийн сурган хүмүүжүүлэх зүйн тогтолцоо бөгөөд өнөөдөр ч хүртэл ач холбогдлоо алдаагүй байна.

            Нийгмийн ахуйн тогтсон нөхцөл байдлаас сургалт-хүмүүжлийн зорилго, хөтөлбөрийг гарган ирсэнээрээ Ушинский нь нийгмийн санаа бодолд өөрийн үйлчлэх дүрмийг тулгуурлаж, түүнтэй хамт хөгждөг тийм хүмүүжил тогтсон үед сурган хүмүүжүүлэх үр дүн гарч ирнэ гэж үзжээ. Иймд бие хүний хөгжлийн гол хүчин зүйл болох хөдөлмөр чухал үүрэгтэй учир хөдөлмөрийг хүндэтгэх тэмүүлэл хүүхдэд төлөвшүүлэхээс хүмүүжлийн үйл ажиллагаа эхэлнэ. Тэрээр хүний хөгжлийн ухаалаг хэрэгсэл болох хүмүүжлийн зүй тогтлыг нээхийг оролдож байв. Түүнийхээр хүмүүжлийн хуулиудын мэдлэг нь хүний танин мэдэхүйн бүхий л илрэлд хамааралтай ажээ. Хүний сэтгэц болон ер нь хүний хөгжилд гадаад нөлөөлөл хамгийн чухал. Сургалт бол хүний оюун санааны болон бие бялдрын хөгжлийн үндсэн хэрэгсэл мөн. Иймд сургалт нь боловсрол олгогч ба хүмүүжүүлэгч гэсэн хоёр зорилтыг зэрэг хэрэгжүүлдэг. Боловсрол олгох зорилт нь байгаль ба нийгмийн тухай зайлшгүй мэдлэгийг зохистой эзэмших арга бол хүмүүжүүлэгч зорилт нь итгэл үнэмшил ба ертөнцийг үзэх үзэл төлөвшүүлэх арга юм. Сургалт нь мэдлэг баяжуулах үйл явц болохын зэрэгцээ авьяас хөгжүүлэх үйл явц юм. Иймд сургалтын үйл явц нь мэдлэг ба дадлыг олгож, түүнийг эзэмших үйл явц болдог. Зөвхөн сонирхолд тулгуурласан сургалт нь суралцагчдын биеэ эзэмдэх чадвар, зориг хүслийг бэхжүүлж чаддаггүй. Сурган хүмүүжүүлэх нөлөөлөл хэрэгцээ ба сонирхолыг тооцсоны үндсэн дээр гарч ирдэг. Иймд хэд хэдэн нөхцөл бүрэлдсэн байх ёстой. Үүнд:

1.      Амьдралтай бус харин амьдрал дахь гаж буруу, бүдүүлэг зүйлстэй холбогдсон тохиолдолд

2.      Хүүхдийн хувийн шинжийн зохист харьцаанд тулгуурлан сургасан үед

3.      Төрөлх хэл дээр хичээл явуулсан нөхцөлд эдгээр болно.

Үүнийхээ үндсэн дээр сургалтын үйл явцыг харилцан хамаарал бүхий хоёр үе шатанд хуваажээ. Энэ нь:

 

1.      Мэдлэг олгох явцыг тодорхой тогтолцоонд оруулах үе буюу юмс үзэгдлийг дараалан хүртэх, харьцуулах, урьдчилсан ойлголтыг боловсруулах үе

2.      Олж авсан мэдлэгийг баяжуулах, батжуулах үе эдгээр болно.  

 

К.Д.Ушинский нь анги-хичээлийн тогтолцоог ихээхэн дэмжиж байв. Энэхүү тогтолцоог тэрээр

 

1.      Анги дахь тогтмол бүрэлдэхүүн

2.      Хичээлийн цаг, хуваарь зэрэг хичээл явуулах хатуу тогтсон дэг

3.      Тодорхой хэсэг сурагчид болон ангитай бүхэлд нь ажиллах хэмээн хуваан үзжээ.

 

Мөн Ушинский нь зорилгоосоо хамаарсан хичээлүүдийн янз бүрийн хэлбэрүүд зайлшгүй болох тухай тэмдэглэж байв. Түүнийхээр хичээлийн хэлбэр гэдэг нь:

 

1.      Шинэ материалыг тайлбарлах

2.      Баталгаажуулах

3.      Суралцагчдын мэдлэгийн хэмжээг тодорхойлох зэрэг болно.

Хичээлд тавигдах шаардлагад төлөвлөлт, шинэ мэдлэгт аажим шилжих, хичээлийн ариун цэвэр зэргийг оруулсан байна. Мөн суралцагчдын гэрийн даалгаварт их анхаарчээ. Түүнийхээр гэрийн даалгавар бол ангид эхэлсэн сургалтын үйл явцын үргэлжлэл юм. Гэхдээ тэр хэт хэлбэрдэхээс болгоомжилж, ямар ч аргаар хамаагүй амжилтад хүрэх нь хортой болохыг анхааруулж байв. К.Д.Ушинскийн боловсруулсан ерөнхий дидактикт хоёр үндсэн санаа бий. Энэ нь:

·         Синтетик ба аналитик заах аргын үзэл буюу түгээмэл үзэл санаа

·         Илэрхийлэл, лаборатор-практикын хичээл, номтой ажиллах бичгийн ба аман дасгалын арга зэрэг тусгай үзэл санаа юм.

Цээжээр илэрхийлэх арга гэдэгт:

·         Догматик

·         Сократик

·         Эвристик

·         Илэрхийлэх аргыг оруулсан байна.

К.Д.Ушинскийн боловсруулсан хамгийн чухал зарчим бол энэрэнгүй үзэлт бие хүний төлөвшилт дэхь сургалт ба хүмүүжлийн нэгдлийн зарчим юм. Энд ёс суртахууны хүмүүжлийн үндэс бол шашин гэж үзсэн байна. Түүнийхээр хүмүүжлийн үндсэн үзэл баримтлал бол эх оронч үзэл, хөдөлмөрт дурлах, хүсэл, зориг, нэр төр, сайхныг мэдрэх хүмүүжил юм. Хүмүүжлийн үзэл баримтлалыг гүнзгий авч үзсэнээрээ Ушинский эх оронч үзлийг өндөрт тавьжээ. Мөн хөдөлмөрч шинж бол хүүхэд хөдөлмөр эрхлэх явцад төлөвшинө гэж үзсэн байна. Ёс зүйг байгаль ба урлагийн тусламжтайгаар хөгжүүлнэ. Багш хүн халамжлан хүмүүжүүлэгч бөгөөд гол зэвсэг нь сургалт юм. Ёс суртахууны хүмүүжилд ёс суртахууны итгэл үнэмшлийг хүчээр тулгаж болохгүй. Айдсын сурган хүмүүжүүлэх зүй, сахилга батыг шагнал, шийтгэлийн замаар тогтоохоос татгалзах ёстой бөгөөд хүүхдийг эрүүл саруул сэтгэлгээ, энэрэнгүй үзлийн хүрээнд хүмүүжүүлэх хэрэгтэй. Ёс суртахууны нөлөөллийн арга бол үгээр итгүүлэх, биеэр үлгэрлэх явдал мөн. Шийтгэлийг хамгийн арга ядсан үед л хэрэглэнэ. Ер нь анхааруулга өгөх нь илүү дөхөмтэй арга. Шагналыг ч мөн болгоомжтой өгөх хэрэгтэй. Материаллаг шагналаас илүүтэй ёс суртахууны шагнал нөлөөлөл ихтэй хэмээн үзсэн байна.

Түүнийхээр үндэсний хүмүүжлийн тогтолцоо гэдэг нь ард түмний оюуны соёлын нэгэн хэсэг учраас дахин давтагдашгүй, өвөрмөц шинжтэй бөгөөд бусад ард түмний хувьд хэрэглэх боломжгүй ажээ. Түүний зорилго нь үндэсний шинжийг төлөвшүүлэх явдал мөн. Үндэстэн бүр тухайн үндэстнийхээ соёл, түүхийг тусгагч өөрийн гэх дахин давтагдашгүй оюуны ертөнцтэй байдаг. Иймд сургууль-боловсролын газрууд эх орноо хайрлах сэтгэлээр дамжуулан үндэстний өөрийн ухамсрыг хөгжүүлэх ёстой. Хүмүүжил нь ард түмний амьдралтай нягт уялдаж боловсрол нь төрөлх хэл, түүхэд тулгуурлана. Үндэсний үзэл нь юуны өмнө хэлэнд илрэх учраас хүүхдийг төрөлх хэлээр нь сургах нь ард түмнийхээ оюун санааны амьдралд дасгаж буй хэрэг ажээ. Үндэсний хүмүүжлийг төрийн зүгээс байгуулсан улсын сургуулиудад хэрэгжүүлэх нь ашигтай.  Ингэснээр үндэсний сургуулийг нийгмийн суурь дэвсгэр, нийгмийн үйл ажиллагаанд тулгуурлан байгуулах үндэс бүрдэнэ.

Өөрийн сурган хүмүүжүүлэх тогтолцоог бүтээхдээ К.Д.Ушинский нь ёс суртахууны хүмүүжлийн тусгайлсан үзэл баримтлалыг боловсруулаагүй байна. Түүнийхээр багшийн үйл ажиллагааны үндсэн, эцсийн зорилго бол хөдөлмөрт суурилсан ёс суртахууны хүмүүжлийн зарчмыг хэрэгжүүлэх явдал ажээ. “Хүнд үнэн сэтгэлийн, чөлөөт хөдөлмөр олгож, энэ хөдөлмөрийг хэрэгжүүлэх арга хэрэгслээр зэвсэглэх нь сурган хүмүүжүүлэх бүхий л үйл ажиллагааны сурган хүмүүжүүлэх эцсийн зорилго мөн” хэмээн тэрээр бичсэн. Түүний үзэл баримтлалд хөдөлмөр нь ёс суртахуунтай нягт уялдаатай байж, хүний мөн чанарыг тодорхойлж байдаг.  





Зохиогчийн эрхтэй учир эх сурвалжийг дурдаж ашиглана уу?
Бичсэн: EDUCATION | цаг: 11:50 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1728771 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax