Н.Энхцогт
Аливаа улс орон, үндэстэн ястны соёлын хөгжлийн нүүр царай, түвшинг ард түмнийх нь боловсролын хэмжээ харуулах ба боловсрол нь мэдлэг, чадвар, дадал эзэмшсэний үр дүн бөгөөд эрдэм ном, бүтээл туурвил, аливаа ажил үйлсэд мэргэжин дадсан байдал юм. “Боловсрол гэдэг нь соёлт хүний эзэмшвэл зохих эрдэм мэдлэг, арга барил, чадвар, дадлын тогтолцоо” хэмээн Монголын нэвтэрхий тольд дурдсан байна. Нийгэм хувь хүнээс юу шаардаж байгааг ханган биелүүлж байгаа нь тухайн улсын боловсролын тогтолцоо өөрийн нийгмийн үүргээ гүйцэтгэж буй хэрэг бөгөөд энэ нь нэг талаараа боловсролын хэрэглээний утга мөн чанараараа илэрч буй хэрэг мөн. Нийгэм хөгжиж, шинжлэх ухаан өндөр түвшинд гарч, хүн ард энэхүү шинжлэх ухааны мэдлэгийг амьдрал ахуйдаа ашиглах нь нэмэгдэхийн хирээр тухайн ард түмнээс боловсрол, мэдлэгийг улам бүр шаардах болсон нь өнөөгийн дэлхий дахины хөгжлийн нэг гол хандлага болж байна.
Гэгээрэл, боловсрол нь танин мэдэхүй, нийгмийн оюун санааны амьдралд төдийгүй хүмүүсийн хөдөлмөрийн үйл ажиллагаанд нөлөөлөн хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх чухал хүчин зүйл болжээ. Иймд хүн ардынхаа гэгээрэл боловсролын түвшинг ахиулахын төлөө хэрэгжүүлж буй ажил аль ч улс орны хэмжээнд нэн чухал асуудлын нэг байдаг ажээ. Аливаа ард түмэн гэгээрэл, боловсролын ажлыг өөрсдийн амьдралын ахуй нөхцөл, зан заншил, эрхэлж буй ажил хөдөлмөр, аж ахуйн онцлог, байгаль газар зүйн нөхцөлд тохируулан хөгжүүлж байдаг.
Эртнээс нааш нүүдлийн аж ахуй эрхлэн, хол ойрын аялал, дайн байлдаан хийж байх явцдаа Монголчууд соёл, боловсролоо хөгжүүлсээр ирсэн учраас дэлхийн соёл иргэншилд өөрийн гэх хувь нэмрээ оруулж, хүн төрөлхтөний оюуны соёлын оргилд тооцогдсон бүтээл туурвиж байсан билээ.
Улс орны боловсролын хөгжлийн хэмжээ цар хүрээ нь тухайн улс орны аж ахуйн онцлог, ард түмний ахуй амьдралаа хөтлөн явуулж буй арга, хэрэгсэл зэрэгтэй нягт холбоотой учраас манай улсын гэгээрэл, боловсролын ажлын түүх нь Монголчуудын нэн эртнээс нүүдлийн аж ахуй эрхлэн ирсэн тэр өвөрмөц шинжтэй нягт холбоотой бөгөөд манай улсад боловсролын тогтолцоо бий болж хөгжихөд цаашид үндэс суурь болох их ач холбогдолтой юм.
Монгол ардын сурган хүмүүжүүлэх ухааны түүх нь 2000 гаруй жилийн өмнө Монголчууд бичиг үсэгтэй болсон үеэс эхэлсэн гэж үздэг. Монгол хүнийг төрүүлж өсгөх, сургаж боловсруулах, хүнжүүлэн хүмүүжүүлэх нь монгол гэр бүл, аав, ээж, ахмадын үүрэг хэзээнээс байжээ. Монгол айлд үр хүүхэд өсөн бойжиж, сурч боловсорч, хүмүүжин төлөвшдөг учраас гэр бүл нь ардын сурган хүмүүжүүлэх арга туршлага бий болж хуримтлагдах, хадгалагдан залгамжлагдах нэг ёсны хүн төлөвшлийн төв болох бөгөөд монгол айл гэрийн тоогоор энэ төв “ажиллаж” ардын сурган хүмүүжүүлэх өв туршлага нь улам баяжин хөгжсөөр иржээ. Ер нь аливаа ард түмний сурган хүмүүжүүлэх мэдлэг туршлага нь тэр ард түмэнтэйгээ хамтад үүсч хөгждөг бөгөөд тухайн ард түмний үр хүүхдээ болон ер иргэнийг сурган боловсруулж, хүмүүжүүлэх арга ухаан, туршлагын цогцыг ардын сурган хүмүүжүүлэх өв уламжлал гэж нэрлэн түүнийг судлах ухааныг Ардын сурган хүмүүжүүлэх зүй хэмээн үзсээр ирсэн байна. Өөрөөр өгүүлбэл монголчуудын хүнээр хүн хийх ухааны цогцыг ардын сурган хүмүүжүүлэх зүй гэж нэрлэвэл зохино. Чухам энэхүү ардын сурган хүмүүжүүлэх зүйн хүрээнд монголчуудын боловсролын тогтолцоо бүрэлдэж, цаашдаа улам боловсронгуйгаар шинэчлэгдсээр иржээ. Энэхүү боловсронгуй болж, шинэчлэгдсээр ирсэн боловсролын тогтолцоонд монголчуудын бичиг үсгийн соёл томоохон байр эзлэх бөгөөд монголчуудын боловсролын түүх чухам эндээс үүдэлтэй хэмээн үзэж болно. Хүн төрөлхтний буй болгосон боловсрол, бичиг үсгийн түүхэнд монгол туургатан ямар байр суурь эзлэхийг тодруулахын тулд юуны өмнө бичиг үсэг гэж юу болох, түүний хөгжлийн нийтлэг үйл явцыг товч боловч хөндөх нь зүйтэй юм.
Эх байгалиас ялгарч хүн төрөлхтөн буй болоход онцгой үүрэг гүйцэтгэсэн зүйлийн нэг нь яах аргагүй хэл бөлгөө. Хэлний үүргийг ном бичигт “харилцахын хэрэглүүр” хэмээн тодорхойлдог. Тэгэхдээ хэл харьцангуй хязгаарлагдмал нөхцөлд энэхүү үүргээ биелүүлнэ. Тухайлбал: цаг хугацаа, орон зайн шалтгаалцал давхацсан үед буюу өгүүлэгч, сонсогч хоёр этгээд тодорхой нэг орон зайд, тодорхой нэгэн хугацаанд хамт байх үед л хэл харилцахын хэрэглүүр болж чаддаг байлаа. Гэтэл хүний аж төрөл хөгжихийн хирээр цаг хугацаа, орон зайн хязгаарлагдмал шалтгаацлыг давах шаардлага гарч өгүүлэгч, сонсогч хоёр этгээд өөр өөр газар оронд, өөр өөр цаг хугацаанд байх нөхцөлд хэрхэн харилцаж болох боломжийг хайхад хүрч, үүний дүнд бичиг гэдэг бас нэгэн гайхамшигт нээлтийг буй болгожээ /Монголын соёлын түүх. Дэд боть, 1999, 5 дахь тал/.
Бичиг хэмээх үгийн үүсэл гарлын тухай эрдэмтэд янз бүрийн санал, таамаглал хэлдэг бөгөөд тухайлбал, түүхч Г.Сүхбаатар:
“бичиг гэдэг үгийн гарлын тухай эрдэмтдийн саналыг дурдвал: 1. Түрэг судлаачид хятадын “би” (бийр) гэдэг үгийн эртний дуудлага “бити”-гээс бичиг гэх үг гаралтай нь эргэлзээгүй мэтээр үзэж байна. Монголч эрдэмтэн П.Поуха ч тэдний саналыг дагажээ. Бичиг гэдэг үг бичгийн хэрэгсэл бийр гэдэг үгнээс гарсан гэхэд үнэмшил багатай. Учир нь бийрнээс өмнө бичсэн бичгийг хүн үзэх ёстой. 2. К.Сиратори зэрэг эрдэмтэн бичиг гэдгийг монгол хэлний үгнээс гарсан гэж үзэж байна. Монгол орны монгол, түрэг угсаатны нүүдэлчдээс бүр урьд өрнөж дорно дахинд бичгийн өндөр соёл буй болсон болохоор уг үг зээлдмэл үг байх нь эргэлзээгүй мэт. Монгол орны эртний нүүдэлчдийн хувьд хятадын иргэншлийн нөлөөг бодвол энэтхэг-европийн иргэншлийнх нь илт давамгайлж байгаа учир бичиг гэдэг үг орос хэлний писать (бичих), письмо (бичиг) гэдгийн пис язгууртай гарал нэгтэй гэж үзэх нь түүх, хэлний талаар бүрэн нотлогдож болохоор байна. Орос хэлний пис язгуур нийт энэтхэг-европийн хэлний “pingere”, “peisai” мэтийн зурах, эрээчих, гоёх гэх утгатай үгнээс үүссэн гэж эрдэмтэд санал нэгтэй үзэж байна. Гэхдээ письмо бичиг нь язгуур нэгтэй үгс болохоос бус, нэг нэгнээсээ үүссэн гэж бид үзээгүй. Д.Доржиевийн бичсэнээр буриадууд Октябрийн хувьсгалын өмнө худам монгол бичиг хэрэглэж байхдаа бичиг гэхийг зурах, бэшэх гэж хоёр янзаар хэлж байв. Эдүгээ ч монголчууд гарын үсэг зурах гэж хэлнэ. Хиргис, якут мэтийн түрэг хэлэнд бичихийг мөн зурах гэж хэлдэг. Энэ нь уг үгний эртний утга хадгалагдсаар ирсний гэрч мөн байх” гэж тэмдэглэсэн байна /Г.Сүхбаатар, 1992, 124-125 дахь тал/.
Ингээд бичиг гэдэг зүйл буй болсноороо өгүүлэгч, түүнийг хүртэн сонсогч хоёрыг орон зайн хувьд заавал нэг дор цуг байх, цаг хугацааны хувьд заавал нэг агшинд хамт байх хязгаарыг цуцлах боломжийг бүрдүүлсэн байна. Дээр дурдсан нийтлэг хэрэгцээний эрхээр хүмүүс өөр өөрийнхөө хэлний онцлогт тохирсон үсэг бичгийг зохиож, зарим нь бусад улс үндэстний бичгийг хэлэндээ тохируулан их бага аль нэгэн хэмжээгээр засан авч хэрэглэсээр олон зүйл үсэг бичиг буй болжээ. Үүний зэрэгцээ аливаа улсын үндэсний бичиг нь нийгмийн хөгжлийн тодорхой үе шаттай ямагт холбоотой буй болдог зүйл ажгуу. Иймд бичиг үсгийн судалгааг боловсролын түүхээс тусгай авч үзэхийн аргагүй юм.
Бичиг үсгийн хамгийн анхны хэлбэр нь тухайн хүн өөрийн санаа бодлыг эд юмсаар төлөөлүүлэн өөр нэгэндээ илгээж байсныг “юм бичиг” гэж үздэг. Жинхэнэ утгаараа үсэг бичиг буй болсны эхний шатыг зураг бичиг гэж үздэг бөгөөд эхэн үедээ хийсвэрлэц гэх юмгүй, уг юмаа яг хэвээр нь дүрсэлсэн, зураг, бичиг хоёрын зааг бараг байхгүй, өөрөөр хэлбэл нийлэг хэлбэртэй баижээ. Дэлхий дахинаа ийм зураг бичгийн сонгодог баримт гэвэл эртний хүмүүсийн бууц оромжоос олдсон, тухайлбал Франц, Испанийн нутагт оршдог Дордонийн Ляско, Алитамир зэрэг агуйн туурганы зураг гэж үздэг. Монгол газар ур чадал, цаг хугацааны хувьд тэдгээр алдаршсан туурвилуудаас дор орохооргүй дурсгал гэвэл Ховд аймгийн Хойд Цэнхэрийн агуйн зураг, Бичигт хадны зураг гэж олон эрдэмтэн хүлээн зөвшөөрдөг. Иймэрхүү хад чулууны сүг зураг, дүрс монгол нутгаас газар сайгүй олддог маань эрт цагийн хүмүүсийн бичиг үсгийн эх гэж үзэх үндэстэй ажээ.
Хойд Цэнхэрийн хадны агуйн зураг
Үсэг бичгийн хөгжлийн дараагийн шатанд дүрс зургийн хийсвэрлэц хөгжиж, уг дүрслэгдэхүүнээсээ холдож, улмаар ямар нэгэн утга илэрхийлэх “санаа бичиг”-ийн шатанд хүрдэг ажээ. Чухам энэ үеэс л бичиг гэдэг сонгодог утгаа олдог гэж үзэж болно. Санаа бичгийг дотор нь хэд ангилдаг. Үүнд: нэг тэмдэг нь бүхэл бүтэн санааг илэрхийлж байвал “өгүүлбэр бичиг” гэнэ. Харин нэг тэмдэгт нь ямар нэгэн санааг нэмэн гаргаж байвал “бүтээвэр бичиг” гэдэг байна.
Бичигт хадны зураг
Бичиг үсэг хөгжлийнхөө дараагийн шатанд уг тэмдэглэгдэхүүнээсээ бүрмөсөн салан бүрнээ хийсвэрлэж, хэлний тодорхой нэг буюу хэдэн авиаг тэмдэглэх болсноор “авианы бичиг” буй болжээ. Авианы бичгийг дотор нь хоёр зүйл болгон үздэг. Нэгэн тэмдэгт нэг бүхэл бүтэн үеийг тэмдэглэж байж болно. Ийм бичгийг “үеийн бичиг” гэнэ. Үеийн бичгийг цааш нь задлаж энэ нь эгшиг, энэ нь гийгүүлэгч байна гэж салгаж болдоггүй. Японы катагана, кирагана гэдэг бичиг ийм болой. Нэгэн тэмдэг нь нэг авиаг тэмдэглэдэг бол “цагаан толгойт” бичиг болно. Цагаан толгойт бичигтэй жишихэд үеийн бичиг нь харьцангуй олон тэмдэгттэй, тэхдээ хэдэн зуугаас үл хэтэрнэ. Цагаан толгойт бичгийн тэмдэгт нь хамгийн олондоо 50-60-аас нэг их хэтрэхгүй. Харин дүрс бичиг бол хэдэн мянгад хүрнэ. Нэгэн зүйлийг тэмдэглэхэд цагаан толгойт бичгээр үгийг үе үеэр нь таслан бичдэг ёс буй боловч түүнийг үеийн бичиг гэж үздэггүй байна. Ийм бичиг гэвэл монголын дөрвөлжин, соёмбо, төвд, самгарди, солонгос зэрэг цагаан толгойт бичгийг дурдаж болно /Монголын соёлын түүх, Дэд боть, 1999, 7 дахь тал/.
Эрдэмтэн зохиолч Ш.Гаадамба гуай:
“Монгол үсгийн гарал үүсэл Нууц товчоог зохиохоос 1200-1500 жилийн урд буюу одоогоос 2000 гаруй жилийн өмнө үед холбогдоно гээд, харин XIII зууны үеэс уйгур бичгийн нөлөөнд орсон, өөрөөр хэлбэл, монгол бичгийг зориуд уйгур маягтай болгосон” /http://www.Origo.mn/
гэсэн сонирхолтой гаргалгаа хийжээ. Мөн монголчуудын үсэг бичигтэй болсон үеийг X зуунаар авч үзсэн Хятадын эрдэмтэн Боушаны саналыг Чингис хааны XII дугаар зууны үеийн дээд өвгө Боданчар мэргэнийг “Боданчарын улс иргэн маш олон болсонд бүгдийг Монгол Улс хэмээн нэрийдвэй. Сүн төр-лүгээ зохицон, судар бичиг эрдмийг туулвай. Соёлоор Монгол Улсын солигийг чин-дор хүргэвэй” гэсэн Урадын Мэргэн гэгээний “Алтан товч” түүхийн мэдээтэй харьцуулж үзэхэд он цагийн хувьд ойролцоо байгаа нь анхаарал татахгүй байж болохгүй юм. Боданчарыг нийтийн он тооллын 970 онд төрснийг заасан түүхийн мэдээ бэлхэнээ байна. Үүнээс үзвэл, юу боловч Боданчарын амьд ахуй үед монголчууд үндэсний бичиг үсэгтэйгээр барахгүй “Судар бичгийн эрдмийг туулах” гэдэг Монголын билэгтэй хөвгүүдийн оюуны их сорилго нэгэнтээ эхэлчихсэн байжээ /http://www.Origo.mn/. Энэ нь зөвхөн уншиж бичих төдий биш, бичгийн утгачийн бүрэн боловсрол эзэмших гэсэн үг юм. Бичгийн эрдэмтэн, бичгийн утгач, бичгийн хүн гэсэн үг ухагдахуун, магадгүй энэ үеэс эхэлсэн ч байж болно. Ингэж үзвэл, монголчууд бичигтэй, бичгийн баялаг боловсон хэлтэй болсон цаг нь Боданчараас их өмнө байж таарна. Саяхан болтол монгол бичигтэй, сонгомол бичгийн хэлээ нийтээр мэдэж хэрэглэж байх цагт ерийн бичигтэн бичгийн боловсролтон хоёрын ялгаа их хол байлаа” гэж ахмад багш Д.Дамдиндорж бичсэн байна.
1.1. Руни бичгийн дурсгал
Монголчуудын анхны бичиг үсгийг өвөг монгол хэл гэдэг ойлголттой холбож үзвэл зохино. Монгол хэлний хөгжлийг 3-4 хувааж үздэг бөгөөд өвөг монгол хэл нь 3 хуваасан тохиолдолд эртний монгол хэлний эхний шат болох ба 4 хуваавал бие даасан нэгэн үе гэж тоймлон ойлгож болно. Гэхдээ аливаа хэлний үечлэлийг тодорхой нэг он цагаар таслах боломжгүй билээ. Нийгмийн түүхийн үүднээс бичиг үсгийн хөгжлийн энэ үеийг Хүннү улсын үеэс монгол бичгийг авч хэрэглэх үе хүртэл гэж тоймлон ойлгож болно. Үүний учир гэвэл түүхэн тэмдэглэлүүдэд хүннү, ухуани, сяньби, тоба, жужан нарын үсэг бичгийн асуудал нэг янзын улбаагаар холбогддогт оршино. Тэр нь нангиадаар “ке-мү” гэдэг “модонд хэрчлээ гаргах” бичгийн тухай асуудал бөлгөө.
Түүхийн баримтыг мөшгин үзвэл Хүннү улсын үе гэхэд гадаад харилцаа үлэмжхэн хөгжиж, бичиг захидал олонтаа илгээдэг, газар нутгийнхаа зургийг үйлддэг байсан тухай тодорхой тэмдэглэсэн байх боловч ямар бичгээр хөтлөж байсан нь учир битүүлэг үлджээ. Хятадын эртний сударт:
“МЭӨ 81 онд Хятадын хааны ордонд болсон түшмэдийн эелэлдээн дээр хэлсэн нь Тэдэнд ёс журмын ном (хятадын күнзын сурталын зохиолыг хэлж байна) байхгүй боловч, ясан дээр сийлэн модоор ороон, олон түшмэл тэмдэглэлцэх бөгөөд эзэн түшмэд дээр дорд хэрэглэлцэнэ” /Г.Сүхбаатар, 1992, 23 дахь тал/
гэж тэмдэглэсэн байна. Өвөг монголчуудын бичиг үсгийн талаар зөрчилтэй баримт ихээхэн байна. Тэдгээрийг ерөнхийд нь тоймлон жагсааж үзвэл:
“...Хүннү нар бичиг үсэг байхгүй, цааз хуулийг амаар тархаамуй...(Ухуаны) ахлагч нь хэн нэгнийг дуудах болохул модон дээр хэрчлээ гаргана. Тэр нь бичгийн үүрэг гүйцэтгэхгүй, хэдийгээр бичиг үсэг байхгүй боловч тэдний дотроос уг зар тушаалыг зөрчиж зүрхлэх хүн үгүй...” /Монголын соёлын түүх, Дэд боть, 1999, 8 дахь тал/.
гэх зэргээр үгүйсгэсэн баримт цөөн бус тохиолдоно. Тэр ч бүү хэл, бичиг үсэгтэй гэдэг нь ил нот болсон, бие бодтой бичгийн дурсгал нь байсаар байгаа түрэг, нарын тухайд:
“...мод сийлдэг, бичиг байхгүй...” гэсэн атлаа “...Тэдний бичиг Ху нарынхтай төстэй...”
гэсэн зөрчилтэй мэдээ багагүй байх жишээтэй. Бас хятан нар Ляо (906-1125) хэмээх төр улсаа байгуулж хятан бичгээ зохиож “мод сийлж болзоолохыг болив” гэсэн мэдээ хятад сурвалжид үлджээ. Ийм зөрчилдсөн баримт сэлтийг орчуулгаар бус, хятад эх бичгээр нь үзэхүл “тэдэнд бичиг байхгүй” гэж үгүйсгэсэн тохиолдол бүрт “бичиг” гэдэг “цуи яш” буюу “хятад бичиг” гэсэн утгатай үгээр, харин “тэдний бичиг нь” гэж баталсан нөхцөлд “бичиг” гэдэг үгийг “shu zi” буюу “үсэг бичиг” гэсэн утга бүхий өөр үгээр тогтолцоотой ялган тэмдэглэсэн байдаг байна. Ийм ч учраас Европын хятадач нарын бүтээлд “тэдэнд бичиг байхгүй” гэсэн хэллэгийн ард хаалтанд “”хятадын ойлголтоор” гэх буюу “wen zi” гэдэг нь зөвхөн хятад бичгийг тэмдэглэдэг” гэж тусгайлан тодотгосон байдаг. Тухайн цагийн Хан үндэстний улс төрийн бодлогоос үүдэж бусад үндэстний үсэг бичгийг “бичиг” гэж үздэггүй байсантай холбоотой тийнхүү үгүйсгэдэг байв гэж судлаачид тайлбарладаг /Монголын соёлын түүх, Дэд боть, 1999, 8 дахь тал/.
Өнөөгийн монгол орны нутаг дэвсгэр дээр өөрийн төр улсаа байгуулан аж ахуйгаа хөтөлж, бичиг, соёлын боловсролтой байсан анхны төрт улс бол Хүннү гүрэн билээ. Хүннүгийн соёл иргэншил нь өмнөх үеийн Монгол орон дахь Хүннү тэргүүтэй янз бүрийн нүүдэлчин, малчин овог аймгуудын “дөрвөлжин булш”, “буган чулууны” үеийн хүрэл, төмрийн соёлын өвийг уламжлан урагш ахиулж, эзлэгдсэн бусад нүүдэлчдийн соёл болон Хятад, Солонгос, Дундад Ази, Грек-Бактрийн суурьшмал иргэншлийн нөлөөтэйгээр хөгжиж байсан байна. Хүннү гүрэн байгуулагдсаны дараа утга соёлын аймагт гарсан хамгийн том ололтын нэг нь Хүннү нар бичиг үсэгтэй болсон явдал байв. Төр байгуулагдахын өмнө Хүннү нар үнэхээр бичиг үсэггүй байсан боловч дараа нь бичиг үсэгтэй, түүн дээр суурилсан соёлтой болж, нүүдэл иргэншил үүссэн байна. Модун шаньюй төр улсаа байгуулсны дараа Хятадын Баруун Хань улстай бичиг захидлаар харилцаж байжээ. Хүннүд дагаар орсон Хятад түшмэл Юэ гэгч “хүн ам, мал хөрөнгийг тоолон гувчуур авах бүртгэл хөтлөхөд шаньюйн шадар хүмүүсийг сургасан” /Бичурин.И, 1851, 27-28 дахь тал/ гэсэн мэдээ байдаг. 46 онд Хүннүгийн нэг түшмэл нь Зүүн Хань улсад өөрийн улсын газрын зургийг нууцлан хүргүүлж байжээ. Тэр бүхэн нь Хүннү гүрэн бичиг үсэгтэй байсныг нотлож байна. Гэвч хүннү нар чухам ямар бичиг үсэг хэрэглэж байв гэдэгт асуудлын гол гогцоо оршиж байгаа юм.
МЭӨ I зууны эхээр зохиогдсон “Давс төмрийн тухай бодрол” зохиолд “Хүннү нар яс сийлэн, модоор ороон олон түшмэл тэмдэглэлцэх бөгөөд эзэн, түшмэл, дээд доорд хэрэглэнэ” гэсэн байдаг тухай дээр дурьдсан. Хүннүгийн үеийн эд өлгийн зүйл дээрээс 14 тэмдэгт олдсныг эрдэмтэн Ц.Доржсүрэн “Умард Хүннү” номдоо нэгтгэн гаргажээ. Говь-алтай аймгийн Цагаан гол гэдэг газраас олдсон хадны тамга маягийн дурсгалыг академич Ринчен доктор хүннү бичиг гэж үзсэн байна /Монголын соёлын түүх. Дэд боть, 1999, 8 дахь тал/.
Төв Азийн нүүдэлчин Дүн-хү, Хүннү нарын нутаглаж байсан одоогийн Чен-де хавиас олдсон, түүхэнд “Хүннүгийн хутга” гэж тэмдэглэгдсэн олдвор дээр ийм маягийн 40-өөд тэмдэгт байна. 1983 онд Булган аймгийн Бүрэгхангай сумын нутгаас олдсон Хүннүгийн үеийн “Алтан хүн” хэмээх дурсгал дээрхи бичгийн тэмдэгтүүдийг доктор Б.Сумьяабаатар тайлан уншиж, хүннү бичиг гэж батлаж байна. Энэ мэтийн бас бус баримт нэлээд бий. Энэ нь Хүннүд Хятадынхаас ялгаатай ямар нэгэн бичиг байсны нотолгоо юм. Хүннү нар Цинь, Хань улсын түрэмгийлэлд нэг биш удаа өртөж, түүний хар хайрцагийн түрэмгий бодлогыг сайн мэдэж авсан тул хятад бичиг авч, Хятадын соёл иргэншил, улс төрийн эрхшээл нөлөөний хүрээнд татагдан орохоос болгоомжилдог байжээ. Тийм учраас тэд гагцхүү Дорнод, Өрнөд Туркестан, Арамей, Согд, Парфи, Кушанаас юэчжи бичиг авч хэрэглэх цорын ганц боломжтой байжээ. Францын эрдэмтэн Е.Блоше хүннү нар МЭӨ III зууны үед Арамей хавиас хожмын үеийн түрэг бичигтэй төсөөтэй ямар нэгэн үсэг авч хэрэглэсэн, тэр нь хойч үед уламжлагдан хэрэглэгдсээр Орхон-Енисейн түрэг бичээс болж хөгжсөн гэсэн тодорхой санаа анх удаа дэвшүүлэн гаргаж иржээ /Киселев.С.В, 1951, 606-607 дахь тал/.
Хүннү нар арамей нарын бичгийг өөрийн хэл ярианд тохируулан нэн эртний өвөг монгол тамга тэмдгээр баяжуулсан хүннү үсэг зохиож хэрэглэсэн байна. Чухам тийм бичиг үсэг байсан нь түүхэн сурвалжийн зарим баримт мэдээгээр нотлогдож байна. Эртний Зүүн өмнөд Азийн Кампучи улсын тухай Хятадын “Цзинь улсын судар”-т дурдсанаар:
“Фунаньчууд... ном тэмдэглэл хийнэ, тэдгээрээ хадгалдаг юм байна. Бичиг нь Ху нарынхтай төстэй” /Цзинь улсын судар. 97-р дэвтэр, 10 дахь тал/.
III зууны үед Кампучид очсон Хятадын элч нар бас фунаньчууд нь энэтхэг бичиг хэрэглэдэг, тэр нь хиан нар хэмээх эфталит буюу Цагаан Хүннүгийнхтэй төстэй гэсэн байдаг байна /Г.Сүхбаатар, 1992, 123 дахь тал/. Фунаньчуудын хэрэглэж байсан энэтхэг брахми бичиг нь мэдэхгүй хүнд Хүннүгийн хэрэглэж байсан бичиг үсэгтэй төстэй санагдсан байж бүрэн болно. Ямар боловч Хүннү гүрэн хожуу үеийн Орхоны түрэг үсэгтэй адил төсөөтэй бичиг хэрэглэж, Орхон-Енисейн руни үсэг үүсэн бүрэлдэх үндэс суурийг тавилцаж өгсөн байж болох юм. Энэ бүхнээс үндэслэж хүннү хийгээд түүнийг залгамжилсан монгол аймаг улс нэгэн хэсэгтээ эртний түрэгийн “рүн” маягийн үсгэрхүү бичигтэй байсан биш биз гэдэг асуулт гарч ирэх бөгөөд үүнийг хятад сурвалжид “ке-мү” гэдэг үгээр тэмдэглэж ирсэн байх бүрэн боломжтой юм. Хожуухан үеийн түүх, ном сударт “Хүннү нар бичигтэй байсан” гэх буюу “Мэргэд гарахын орон” хэмээх толь бичгийн Дуун ухааны аймагт “хүннү үсэг” гэдэг нэр томьёо гарч байгаа нь үүний баталгаа мөн. Энэ бичгийн улбаа мөр аргын тооллын II зууны үед хүннү нарын их нүүдлээр дорнод Европод гарчээ. Дараа нь IV зуунд нирун нарын холбоонд багтаж байсан аваруудын нүүдлээр Европод дахин хүрсэн гэдгийг олон эрдэмтний судалгаа нотлож байна. Мажарын Янош Харматта академич “Аваруудын хэлний асуудалд” гэдэг томоохон өгүүлэл бичиж мажар нутаг дахь аваруудын булшнаас гарсан зүүний савны 3 талд буй бичээсийн 20 шахам тэмдэгт үсэг Орхон-Енисейн түрэг бичигтэй хэлбэр, дуудлагын хувьд их л ойр болохыг харьцуулан гаргажээ.
Нийт үсэг бичгийн түүхийг үзвэл дэлхийн олон бүс нутагт “руни” маягийн үсэг өргөн хэрэглэж байсан бөгөөд ерөнхийд нь хоёр хувааж үздэг ажээ, Үүнд: Европ дахин (Швед, Норвеги, Дани, Англи-Саксони, Герман)-д өргөн дэлгэрсэн ийм бичгийг аргын тооллын эхэнд үүссэн гэж үздэг бөгөөд ерөнхийд нь Скандинав-Германы “руни” гэж, Ази дахин (Төв Ази болон Сибир)-д тархсаныг аргын тооллын өмнө үүссэн гэж үздэг ба ерөнхийд нь Түрэгийн “руни” гэж нэрлэж заншсан ажээ. Төв Азийн нүүдэлчдийн “руни” бичгийн гарлыг эртний согд нарын бичгээс үүсэлтэй гэж үздэг үзлийг олонхи эрдэмтэн зөвшөөрч байна. Хятадын түүхэн тэмдэглэлүүдээс үзвэл хүннү нар согдуудын эртний өвөг канжью нартай хил залган, нутаг савлаж их ойр дөт байсан тул Төв Азийн нүүдэлчдийн “руни” бичгийн гарал эртний согдтой холбоотой байж бүрэн болох юм гэж нэрт судлаач И.Бичурин үзсэн байна /Бичурин.И, 1851, 92-93 дахь тал/. Хан улсын Юуван ди хаан умард Хүннүг түрэмгийлэн мөхөөсний дараа тэдний судар бичгийг хойт ордны эрхмүүдэддээ аваачиж гайхуулсан явдал нь мөн хүннү нар өөрсдийн бичиг үсэгтэй байсны мэдээ болно /Бичурин.И, 92-93 дахь тал/. Хүннүгийн бичгийн уламжлал эртний монгол аймаг, улсууд болох Сяньби, Жужан, Хятан нарт уламжлаад зогссонгүй баруун тийш хийсэн Хүннүгийн их нүүдлийг даган монгол бус бусад ард түмний үсэг бичигт нөлөөлсөн байна /Л.Чулуунбаатар, 2002, 20 дахь тал/. Үүнийг:
“Хүннүгийн Аттила өрнө дахины улсуудтай элчин солилцох буюу тавцан босгож магтаал өргөх, шүлэг дуулал зохион уянгалуулах бүр цөм эртний хүннүгийн үсэг бичгээ хэрэглэдэг байж. Ромд хүннүгийн бичиг үсэгт нэвтэрсэн хүн байдаг бөгөөд хүннүд ч мөн латин хэл бичигт нэвтэрсэн хүмүүс байв гэж Чин улсын үеийн Хүн Жиюүний туурвисан “Юань улсын түүхийн орчуулгын нотлол, нөхөрлөл” зохиолд дурьдсан байна /20 дахь тал/.
Үүнийг мөн эрдэмтэн Ф.Алтхайм эртний Грекийн түүхч Прискаас иш татахдаа:
“Хүннү нар бичиг хэрэглэж байсан талаар Приск тод томруун бичиж байна. Жишээлэхэд Атилын ордонд жагсаалт хөтлөж, түүнийгээ чанга дуугаар сонсгон хөтлөдөг байжээ. Гэхдээ тэр жагсаалтыг дотоод хэрэгцээнд зориулан хөтлөдөг байсан болохоор грек буюу латин бичгээр байгаагүй байх. Тэр нь армей буюу перс бичгийн нэгэн хувилбар байж болох юм” гэжээ /20 дахь тал/.
Европ хийгээд Азид тархсан “руни” бичиг хоорондоо холбоотой эсэх талаар яг баталсан зүйл энэ хэр үгүй боловч түрэгч Э.Трыярски, Я.Харматта нарын судалгаанаас үзэхэд огт холбоогүй гэж батлах арга бас байхгүй. Ер нь “руни” маягийн бичиг нь нэн эрт цаас, бөс гараагүй үед хад чулуу юм уу модон дээр чулуугаар зурж ором гаргахад хамгийн хялбар дүрстэй байдаг тул хүн төрөлхтөн нийтлэг хэрэглэж байсан байх бүрэн үндэстэй юм. Эртний түрэгийн “руни” бичгийн үүслийг 100 гаруй жилийн турш олон эрдэмтэн, тухайлбал: Е.Блоше, Ф.Алтхайм, Э.Трыярски, Г.Клоузон, А.Рона-Таш, Е.Хаудхауген зэрэг нэрт түрэгчид судалсан бөгөөд хүннү нарын тамга бичгээс гаралтай гэж үндсэндээ зөвшөөрдөг юм. Энэ талаар Францын түрэгч Е.Блоше дараахь тайлбарыг хийсэн байна:
“...Орхоны түрэгүүдийн бичгийг хүннү буюу хүн нарын бичгээс дам салбарласан гэж үзвэл
хүннү нарын анхдагч бичиг буюу өөрөөр хэлбэл түүн дээр түрэгүүдийн нэмж оруулсан тэмдэгтүүдийг хасчихлаа гэхэд тэр үлдсэн бичиг нь арамей гаралтай болохын баталгаа хангалттай буй...” /Blochet.E, 1898/.
Энэ нь нэгд түрэг бичиг нь хүннү бичгээс эх авсан, хоёрт, тэрхүү эх авсан хүннү бичиг нь угтаа арамей бичгээс гаралтай гэсэн санаа юм. Согд нарын хэд хэдэн бичиг нь цөм энэхүү арамейгаас гаралтай болох нь хэдийнээ нотлогдсон билээ. Мөн нэрт түүхч Н.Сэр-оджав агсан монголын эртний аймгуудын мод хэрчиж хэрэг тэмдэглэдэг байсан нь нарийсан хөгжсөөр түрэг бичгийн эхийг тавьсан бололтой гэж тэмдэглэсэн байдаг /БНМАУ-ын түүх, I боть, 1966, 130 дахь тал/.
Кавказын нуруунаас урагш Баку, Тбилис хоёрын хооронд байсан Арран нутгийн хамба лам YI зууны дунд үед библи судрыг хүннү хэлээр орчуулж байжээ. Ф.Алтхаймын үзэж байгаагаар Кавказын хүннү нар руни бичиг хэрэглэж байжээ. Е.Блоше ч бас хүннү нарын тухай хятад, ром сурвалжуудыг харьцуулан үзээд хүннү нар руни бичигтэй байсан хэмээн дүгнэсэн байна. Сирийн он дарааллын бичгийг зохиосон Захари Ритор YI зууны үед “Хориод жилийн урьд хүннүчүүд өөрсдийн бичгээр бичдэг байсан” гэж тэмдэглэжээ /Л.Чулуунбаатар. 2 дахь тал/.
Үүнээс гадна хүннү, авар, сяньби (тоба, табгач) нар ямар хэлтэн байсан бэ? Гэдэг асуулт бий. Тэдний хэл нь эртний монгол хэлний онцлогийг хадгалсан, монгол хэлтэн байсан гэдгийг сүүлийн үеийн хэл, түүхийн судалгааны дүн улам бүр баталсаар байна. Үүнд: хүннү нарын хэлний талаар гэхэд Г.Дөрфер, аваруудын хэлний талаар гэхэд Ж.Немет, сяньби (тоба, табгач) хэлний талаар Л.Базен, П.Бүүдберг, Л.Лигети нарын судалгааг энд дурдаж болно. Сяньби хэлний аялгуу болох табгач хэлээр хэл, нэр томьёо, утга зохиол, ардын билиг зүйн 13 ном хэвлэсэн тухай жагсаалт түүхэнд тэмдэглэгджээ. Тэд нь ямар бичгээр байсан бэ гэдэг асуулт бас гарч ирнэ. Номын нөхөр, нэгэн хятад эрдэмтнээс табгач хэлээр, табгач бичгээр бичсэн нэгэн дурсгалыг П.Пеллио профессор хүлээж аваад байсныг нь үзсэнийгээ академич Л.Лигети табгач хэлний тухай өгүүлэлдээ тодорхой дурдсан байдаг.Үүнээс гадна “Вэй улсын бичиг”-т тоба нар 425 онд мянга гаруй тэмдэгт үсэг бүхий шинэ бичигтэй болсон гэдэг мэдээ байдаг нь тэд үүний түрүү ямар нэгэн бичигтэй байсныг давхар гэрчилнэ.
Дээр дурдсан зүйлийг нэгтгэн авч үзвэл өвөг монголчууд лавтайяа Хүннү улсын үеэс Төв Азийн нүүдэлчдийн нэгэн адил тамга маягийн “руни” бичигтэй байсан гэж үзэх үндэс бүрэн байна. Энэ бичгийг монгол туургатан олон аймаг, улс янз бүрийн хугацаатай уламжлан, язгуур монголчуудын тухайд “монгол бичиг”-тэй болтол их бага аль нэгэн хэмжээгээр хэрэглэсээр иржээ. МЭ I зууны сүүлчээр Хүннү гүрний оронд Монголын түүхийн тавцан дээр зонхилох цэрэг-улс төрийн томоохон хүчин болж удаа дараа гарч ирсэн Сяньби, Муюн, Тоба улсууд болон тэдний захиргаан дор оршин амьдарч байсан Ухуань зэрэг овог, аймгуудын хэл, соёл, шашин шүтлэг, зан заншил нь хүннүтэй үндсэндээ бараг адил, олон талаар төсөөтэй байсныг эртний Хятадын түүхэн сурвалж бичгүүд, орчин цагийн судалгаа шинжилгээ улам бүр лавшруулан нотолсоор байна. Эдгээр улс, овог аймгууд нь мөн тухайн үеийнхээ хэрэгцээ, шаардлагад тохирсон бичгийн болон боловсролын өндөр соёлтой байжээ. Сяньби, ухуань, дуань, муюн, тоба зэрэг дүнхү, сяньби угсааны Төв Азийн нүүдэлчин аймгууд төр улстай, бичиг үсэгтэй болохоосоо өмнө ч гэсэн эдийн боловсрол, оюуны соёлтой тодорхой байгаа юм. Тэд цөм бөө мөргөлтэй, өөрийн гэсэн өвөрмөц зан заншил, ёс суртахуунтай байсан нь тодорхой. Тэдний тэр бүх соёл, сүсэг бишрэл, зан заншил, ёс суртахуун нь нийлээд нүүдлийн соёл, түүний бүрэлдэхүүн хэсгүүд болж байсан юм. Сяньби угсааны аймаг, овгуудын дунд төр улс байгуулагдсаны дараа бичиг үсэг үүсээд мөн төр, бичиг хоёр дээр тулгуурласан оюуны утга соёл, өндөр түвшний эдийн боловсрол буюу материаллаг соёл бий болж, сяньби угсааны нүүдэлчдийн иргэншилт соёл хэмээх нүүдлийн иргэншил үүсэн хөгжсөн байна. Тэрхүү нүүдэл иргэншлийн бүрэлдэхүүнд төр ёс, бичиг үсэг, шашин шүтлэг, зан заншил, ёс суртахуун зэрэг гэгээн соёлын зүйлс цөм багтаж байв.
Нэлээд хожуу үе хүртэл хүннү, сяньби зэрэг Төв Азийн нүүдэлчин малчин овог аймгуудыг төр ёс, бичиг үсэгт иргэншилт соёлгүй, сайндаа л зөвхөн хүй нэгдлийн байгууллын эцсийн түвшинд байж өнгөрсөн мэтээр ойлгож дүрсэлдэг байсан юм. Харин сүүлийн үед Сяньби угсааны аймгууд аажмаар төр улс, засаг төртэй болсноор үл барам, бичиг үсэг, соёл буюу нүүдлийн иргэншилт соёл, өөрөөр хэлбэл нүүдэл иргэншилтэй болж хөгжин байсан нь илт харагдсан. Энэ асуудлыг тодруулахад Э.Блоше, П.Пеллио, Л.Лигети, Б.Ринчен, Х.Пэрлээ, Г.Сүхбаатар нарын зэрэг эрдэмтэд тус тусын нарийвчилсан судалгаагаар жинтэй хувь нэмэр оруулсан байна. Анх Э.Блоше эртний түрэгүүд Хүннү, Сяньбигаас Жужанаар дамжуулан Орхон- Енисейн шаантаг үсэг хэмээх руни бичиг хэрэглэсэн гэсэн таамаглал гарган, дэлхийн олон эрдэмтэн мэргэжилтэн нарын өмнө дэвшүүлэн тавьсан байна. Дараа нь манай археологч нар Хэнтий, Хангай, ялангуяа Алтайн нуруунаас олон хадны зураг, тамга тэмдэг, үсэг бичгийн зүйл илрүүлэн олж, тэдгээрийн нэлээд нь Орхоны түрэг бичгийн зурлага бичээстэй адил төсөөтэй болохыг гярхай ажиглаж, тэрхүү бичгийг эртний хүннү нар анх Арамей үсгээс авч хэрэглэсэн байж магадгүй гэж үзэх болжээ /БНМАУ-ын түүх, I боть, 1966, 130 дахь тал/.
Сяньби угсааны аймгуудын бичиг үсгийн асуудлын тухай эртний Хятадын түүх сурвалжид янз бүрээр тэмдэглэн үлдээсэн байдаг. Тэдгээрийн ихэнх нь сяньби нарыг хятад бичиг үсэггүй, бичиг мэдэхгүй гээд харин хүннү нарын нэгэн адилаар мод сийлж юм тэмдэглэдэг гэсэн байдаг, тэгэхдээ зарим сурвалжид сяньби нарыг мод сийлэх аргаар түүх судар маягийн зүйл бичиж тэмдэглэдэг хэмээн тодорхой заасан байдаг байна. Эртний сяньби хэлний онцлог шинжийн талаар эдүгээ тодорхой мэдэх аргагүй боловч “Вей шу”, “Суй Шу” зэрэг хятадын түүхэн сурвалж бичгүүдийн дотор сяньби хэлний зарим үгс хятад үсгээр дам тэмдэглэгдэн үлдсэн нь эрдэмтдийн анхаарлыг татсаар иржээ. Дээр дурдсан сурвалж бичгүүдэд байгаа сяньби (тоба) хэлний үгсийг К.Ширатори, П.Бүдберг, Л.Базин, Л.Лигети зэрэг эрдэмтэд сонирхон судалж, баримжаалан уншсан нь тухайн хэлний талаар эдүгээ бидэнд мэдэгдэж байгаа гол баримт болж байна. Их төлөв эрхэлсэн ажил алба, зэрэг тушаалын оноосон нэрс хийгээд төрөл садны холбоотой цөөн тооны үгсийг таамаглан уншсан эдгээр судалгаанаас сяньбичуудын хэл нь монгол хэлний нэгэн аялгуу болохыг баримжаалан мэдэж болно. Хятад үсгээр тэмдэглэсэн сяньби үгсийн дотор түрэг үгс цөөнгүй байна гэж зарим эрдэмтэд үздэг бөгөөд үүнээс үндэслэн сяньби хэлний тоба аялгууг түрэг-монголын холимог шинжтэй байсан гэсэн дүгнэлт ч бас гарсан байна Энэ нь угтаа түрэг, монгол угсаатнууд холилдон сууж байсантай холбоотой бус, харин алтайн хэлний үгсийн сангийн нийтлэг шинжтэй холбоотой бөгөөд сяньбийн аялгуу нь угтаа эртний монгол хэлний нэгэн аялгуу байсан гэдэг нь маргаангүй билээ. Мөн МЭ III-YIII зууны үед зүүн хойд төвдийн нутагт нүүдэллэн очсон сяньбичуудын нэгэн аймгийн хэл аялгууг (төвдөөр А-жа, хятадаар Тү-юй-хунь) монгол хэлний өөр нэгэн голомт гэж зарим эрдэмтэд үздэг боловч түүний онцлог шинжийн талаар эдүгээ бидэнд баримжаалан хэлэх ямар ч баримт байхгүй байна /Монголын соёлын түүх. Тэргүүн боть, 1999, 102 дахь тал/.
Хятад сурвалжид Сяньби зэрэг Төв Азийн нүүдэлчин аймгуудыг бичиг үсэггүй гэсэн нь чухамдаа гагцхүү хятад үсэг мэдэхгүй гэсэн үг болохоос биш, ерөөсөө ямар ч бичиг үсэг мэддэггүй гэсэн хэрэг бус юм. Эртний Хятадын “Вэй улсын түүх” сударт сяньби нарыг:
“Мод сийлэн таних тэмдэг болгож, хол ойрын хэрэг явдлыг хүмүүст улируулан уламжилсан нь түүхч түшмэлийн тэмдэглэл мэт болсон байдаг” /Монголын соёлын түүх. Тэргүүн боть, 1999, 279 дэхь тал/
гэснээс үзвэл тэд ямарваа модыг зүгээр нэг хэрчин огтчин сийлдэггүй, харин утга санаа оруулан ойлгогдохоор зурж сийлэх бичиг үсэгтэй байсан байна. Хятадууд бас заримдаа сяньби нарын тэрхүү мод сийлэн тэмдэглэдэг байсан зүйлсийг “шүци” хэмээн тэмдэглэдэг байсан нь чухамдаа ном бичиг, бичиг баримт гэсэн утгатай байсан болохоор сяньби нар ямар нэгэн бичиг хэрэглэдэг байсан болох нь магадтай. Түүхч Г.Сүхбаатар:
“Сүмбэ нар мод сийлэн тэмдэг тэмдэглэж, хол ойрын хэрэг явдлыг түүхч түшмэлийн тэмдэглэл мэт болсон. Табгая Дао хаан 425 оны гуравдугаар сарын цагаан бичин өдөр...Цзюхуатан ордонд заларч анх шинэ үсэг мянга гаруйг зохиосныг болгоож үзээд зарлиг буулгасан нь: “урьд Юань эзэн хааны үед юм зохион бүтээхдээ Цан Цзед тушаан жигүүртэн араатны мөрийг дууриалган үсэг зохиолгосон амой. Түүнээс хойш цагийн улирлыг даган өөрчилсөнөөр тулгуур бичиг, завсрын бичиг, таталгаа бичиг, дүрэмт бичиг зохион бүгдийг нийтэд хэрэгжүүлжээ... Одоо зохиосон үсгийг нийтэд хэрэглэхээр холхи ойрход тараатугай... хичээнгүйлэн журамлахтун” /Г.Сүхбаатар. Монголын түүхийн дээж бичиг, 1992, 33-34 дэхь тал/
гэж бичсэн байсныг тэмдэглэсэн байна.
Дундад зууны үеийн Хятадын таван төрийн үеийн “Чжоу улсын түүх”-ийн 50-р бүлэг, “Умард төрийн түүх”-ийн 99 дүгээр бүлэгт Түрэгийн хаант улсын Орхон-Енисейн бичгийн тухай өгүүлэхдээ: “тэдний бичиг нь ху нарынхтай төстэй” /Г.Сүхбаатар, 1971, 107 дахь тал/ гэсэн байдаг байна. Ху нар гэж энд хүннү, сяньби нарыг хэлж байгаа бөгөөд тэгэхлээр тэд Орхоны түрэгийн шаантаг үсэгтэй төсөөтэй бичиг хэрэглэж байсан, тухайлбал урьдын цагт тэд нарын хэрэглэж байсан бичиг үсгийг Хүннүгээс сяньби нараар, магадгүй бас жужан нараар дамжуулан хожмын Орхоны түрэгүүд авч, боловсруулан хэрэглэсэн байж болно. Модон дээр сийлэн бичдэг бичиг дэлхий дээр нэлээд хэдэн газарт байжээ. Эрт дээр үед Номхон далай дахь Пасхи арлынхан модон дээр сийлдэг бичигтэй байсан нь Европын колончлолын үед бүхэлдээ устгагдаад үлдсэн хориодын хоёр нь Санкт-Петербург дэх хүн судлал, угсаатны зүйн музейд хадгалагдан байгаа ажээ. Хүннү, Сяньби нарын үеэс эхлэн монгол угсааны улс аймгууд модон дээр үсэг сийлэн бичих явдал аажмаар ном бичгийг модон бараар олшруулан хэвлэх арга болж, манай үеийг хүртэл уламжлагдан ирсэн байна /Монгол улсын түүх. Тэргүүн боть, 2005, 279 дэхь тал/. Түрэгийн руни үсгийн гарал үүслийн талаар судалгаа хийсэн зарим эрдэмтэд, тухайлбал, казахын эрдэмтэн Хаммутова үгүүлэхдээ:
“Эртний Түрэгийн руни бичиг бол янз бүрийн зурагнаас, өөрөөр хэлбэл зураг бичгийн тэмдгүүдээс үүссэн болохыг дээр өгүүлсэн жишээ харуулж буй нь ямар ч эргэлзээгүй... Үсүнь нарын (ер нь Долоон голын түрэгчүүдийн) бичиг нь Үсүнь, Кангюй аймгуудын холбоо байх үеэс, өөрөөр хэлбэл манай эринээс бүр өмнө байсан юм” /Хаммутова А, 1969, 147 дахь тал/
гэжээ. Үүнээс үзэхэд Үсүнь зэрэг Казахстан дахь өвөг түрэг угсааны аймаг, овгуудыг эрхшээл нөлөөндөө оруулж, удтал захиран байсан Хүннү гүрэн руни бичигтэй байсныг түүний дараах сяньби нар өвлөн авч хэрэглэн байсан явдал магадтай болж байх бөгөөд чухамхүү тэрхүү бичгийг хятадууд ху бичиг хэмээж байсан нь илт харагдаж байна.
Сяньби улс тийнхүү ху-гийн бичиг хэмээх руни үсэг хэрэглэж байсан болохоор түүний удмын ухуань, дуань, түгүхүнь, юйвынь, муюн, тоба мэтийн өвөг монгол угсааны аймгууд мөн их, бага аливаа байдлаар хэрэглэж байсан нь мэдээж хэрэг. Сяньбийн дараа Муюн, Тоба, Түгүхүнь улсууд ху-гийн руни бичгийг ихээхэн өргөн дэлгэр хэрэглэх болж байсан бөгөөд өмнө дурдсанчлан Хүннү гүрэнд, түүнчлэн бас Тоба улсад бидэчжэнь (бичээч, бичээчин) цолтой түшмэд байдаг байжээ. Бичиг үсэг нэвтэрхий сайн мэдэх хүн их чухал байсны улмаас бичиг хэрэг эрхэлсэн тусгай түшмэд байлгах хэрэгтэй болсон байна. Тэхдээ Хүннү, Сяньби, Тобагийн үед бичээч хэмээх үг бидэчжэнъ гэж ч нь д-гээр дуудагдаж байсан явдал уг үгийн дуудлагын нэн эртний хэлбэр юм. Эрт дээр үед Алтай язгуурын зарим хэлэнд бичиг хэмээх үгийн эхний үеийн “бич” нь “бидэ”, “бит” гэх мэтээр дуудагдаж байгаад манж хэлэнд “бит” хэвээр үлдэж, монгол хэлэнд “бич” болж хөгжсөн байна. Ерөөс бидэчжэнь, битхэ, бичиг хэмээх үгсийн язгуурын үүсэл нь Энэтхэг-Европын зарим хэлэнд ч байдаг, ялангуяа Урал-Алтай хэлний бит, бич, биц (бяц) хэмээх үгс мөн богөөд цөм цохих, нүдэх, сийлэх гэсэн утга агуулсан байдаг байна. Зураг бичиг (пиктограмм), дүрс үсэг (иероглиф), санаа бичиг (идеограмм) цөмийг эрт дээр үед яс, мод, чулуу, хүрэл, төмөр дээр цохих, нүдэх, сийлэх аргаар бичиж байсан юм. Ху-гийн бичгийг ч мөн тэгж бичиж байсан бөгөөд модыг олоход харьцангуй элбэг, огтлох, тэгшлэхэд хэцүү үгүй, түүн дээр аливаа зүйлийг цохиж нүдэн сийлэхэд хялбар учир Хүннү, Сяньби тэргүүтэй Төв Азийн өвөг монгол угсааны улс аймгууд бичиг бичихэд түүнийг голлон хэрэглэдэг байжээ. Тийм учраас тийнхүү модон дээр бичиг үсэг сийлэхийг хятадууд мод сийлж юм тэмдэглэдэг байв хэмээн түүх судартаа өргөнөөр тусган үлдээсэн байна. Хэрэв эрт дээр үеийн түүх сурвалжид ядаж тийм байдлаар ч гэсэн тусган тэмдэглэж үлдээгээгүй байсан бол хүннү, сяньби нар руни бичигтэй байсныг мэдэж авах байтугай ерөөс бичиг үсэгтэй байсныг нь мэдэх, нотлох арга бараг байхгүй байх байсан юм /Монгол улсын түүх. Тэргүүн боть, 2005, 281 дэхь тал/.
Муюн, Тоба улсууд, ялангуяа тоба нар руни бичиг соёлын хувьд илүү амжилтанд хүрсэн байна. Францын эрдэмтэн П.Пеллиод тоба хэл бичгээр бичсэн зүйлийн 60x50 см хэмжээтэй дардас хуулбар байсан гэдэг боловч тэр нь хаана ч, юунд ч хэвлэгдсэнгүй байсаар өнгөрсөн ажээ. Муюн, тоба, түүнчлэн түгүхүнь нар Умард Хятадыг эзлэн Янь, Юань Вэй улсуудыг байгуулсны дараа бас хятад боловсрол олж, багагүй амжилтанд хүрч байжээ. Түүх сударт түгүхүнь нарыг бичгийн боловсрол, эрдэм соёлоор сайтай байв хэмээн тэмдэглэн үлдээсэн байдаг. Тухайн үед Түгүхүний хаад, ноёдын ярилцаж байсан зүйлээс үзэхэд тэдний зарим нь хятад боловсрол эзэмшсэн, Күнзийн сургаал сэлтийг нэлээд сайн мэддэг байсан байдал ажиглагдаж байгаа юм. Дээрх улсуудын дараа Монгол нутаг дэвсгэр дээр бие даан гарч ирсэн соёл, зан заншлын хувьд өвөрмөц хүчирхэг улс нь Жужан юм. Жужан нар соёлын хөгжлөөроө өмнөх нүүдэлчдээсээ урагш ахисан байжээ. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд, Жужан нар хоорондоо хэл авалцах хийгээд харь улс оронтой харилцахдаа бичиг хэрэглэдэг байжээ. Хятад сурвалжид, Жужанчуудад бичиг тэмдэглэл байдагггүй, цэргийн жанжин нь хонины хорголоор цэргийнхээ тоог бүдүүвчлэн тооцдог байв. Хожим мод сийлэн, тэмдэглэл хийхийг сайн мэддэг болсон, Жужанд улсын засгийн явдал эгэл хялбар, ном зохиол мэддэггүй, мод сийлэн хэрэг явдлыг тэмдэглэдэг байв. Харин яваандаа бичиг мэддэг болсон. Эдүгээ эрдэмтэн хүмүүс олон буй гэх мэтээр өгүүлжээ. Сурвалж бичгүүдийн дээрх мэдээнээс үзвэл, тэд ямар ч байсан бичиг үсэг хэрэглэж байсан аж. Г.Сүхбаатар, Ц.Хандсүрэн, В.С.Таскин, А.Колауц нарын эрдэмтэд ч Жужан нарыг бичигтэй байсан гэж үзсэн билээ. Сүүлийн үеийн судалгаагаар, Жужанаас өмнөх Хүннү, Сяньби нар бичиг үсэгтэй байсан гэж байгаа болохоор энэ уламжлал Жужаны үед ч байх учиртай. Харин тэд чухам ямар бичигтэй байсан тухайд эрдэмтдийн санал нэгдмэл бус байна. Ямар боловч дээр өгүүлснээр тэд мод сийлэн тэмдэглэл хийхийг сайн мэддэг, өөрөөр хэлбэл, тухайн үед бусад оронд байсны нэгэн адил тусгай модон дээр сийлэн бичиж, тэмдэглэл хөтөлдөг байсан бололтой. Харин модонд сийлэн тэмдэглэдэг өөрсдийн тэр бичгээ яваандаа орхисон уу, хятад бичигтэй хамт зэрэгцүүлэн хэрэглэж байсан уу гэдэг нь тодорхойгүй байна. Юу боловч тэд гадагш харилцахдаа, хятад бичиг ч хэрэглэж байсан бололтой. Жужаны хаанаас 408, 481 онд Өмнөд Ци улсын хаанд, 508 оны 8 сард Тоба Вэй улсын хаанд тус тус албан бичиг захидал илгээж байсан. V зууны дунд үед Тобагийн хаан Ху Соу, Цзун Шу гэх хоёр түшмэлдээ, хятад болон жужаны бичгээр тунхаг зохиох зарлиг буулгаж байсан ажээ /Г.Сүхбаатар. Монгол Нирун улс, 118 дахь тал/. Хятад зэрэг харь оронд Жужан нарын илгээсэн бичиг захидлууд нь Хятад бичгээр бичсэн байсан гэж олонх судлаачид үздэг.
Жужан улс эрдэмтэй хүн олонтой, тэднийг бусад улс орны мэргэд ч мэддэг, харилцдаг байсан аж. Түүхэнд тэмдэглэгдэн үлдсэнээр, Жужаны төрийн сайд Силинь нь зурхай зурж, тооцоолон бодож чаддаг, мэрэг төлөг мэддэг, хятад болон бусад харь хэлээр хэрэг хэлэлцдэг хүн байсан гэдэг. Мөн Жужаны төрийн хэргийн сайдын дэргэд бичиг хэрэг эрхэлсэн тусгай түшмэл ажиллаж байсан мэдээ байна.
Сурвалжид өгүүлснээр, таван ухаан, даосын увдисыг сайн мэддэг Энэтхэг лам Ратнаманти (Лэйнаманьти) Хятадын Лоян хотод хүрэлцэн ирсэн хуучны танил нэгэн Жужан хүнийг “Түмэн хуйлаас ном уншсан хүн ч давж үл чадах эрдэмтэй хүн” хэмээн хүндэтгэж, харь (хятад биш) хэлээр өдөржин ярилцан суудаг байсан ба үүнийг харсан бардам хятад түшмэд өөрийг нь тоож үл ярилцах атлаа энэхүү умард зүгийн бүдүүлэг хүнтэй ихэд элгэмсэг буйд атаархажээ. Тэгээд хэн нь чавганы модны боловсорсон ба эс боловсорсон үрийн тоог зөв тооцоолон гаргаж чадахаа үзэхээр мориороо мөрийцжээ. Чингээд Жужан хүн бүсэн дэх ширэн хавтганаасаа таван өнгийн утас сүвлэн, сувд хэлхэсэн нэгэн дэнсэрхүү зүйлийг гарган ирж, чавганы модыг хэдэн тийш хэмжин үзээд нүдээ анивчин бодолхийлснээ үрийн тоог хэлж мөрийгээ авсан гэдэг /Монгол улсын түүх. Тэргүүн боть, 2005, 309 дэхь тал/.
Эндээс тэрхүү эрдэмтний чадал ухаан ямаршуу байсан нь харагдана. Тиймээс ч түүний алдар олны дотор цуурайтан түгж, шагшин биширцгээсэн ба шаштирт тусгайлан тэмдэглэж үлдээжээ.
Жужаны хаант төрийн оронд Түрэг угсааны хэд хэдэн хаант улсууд гарч ирсэн бөгөөд тэдний дотор ихээхэн нөлөө үзүүлсэн нь монгол нутаг дэвсгэр дээр өөрийн бичиг, соёлын арвин их дурсгалыг үлдээсэн Түрэгийн түрүү болон хожуу үеийн хаант улс юм. Түрэгүүд Төв Азийн нүүдэлчдийн уламжлалт соёлыг үргэлжлүүлэн хөгжүүлж эдийн болон утга соёлын арвин их өвийг үлдээжээ. Тэдний соёлын хамгийн гайхамшигт ололт бол “Орхон-Енисейн бичиг” хэмээн алдаршсан 38 үсэг бүхий авианы бичгийг зохион хэрэглэж төр улсынхаа түүхийг тэмдэглэн бичиж үлдээсэн явдал болно. Түрэгүүд хэдийгээр Хятад мэт эртний хөгжилт улс оронтой хөрш зэргэлдээ нутаглаж соёлын ололт амжилтаас нь багагүй зүйлийг авч хэрэглэсэн боловч нүүдэлчдийн ахуй орчин, өвөрмөц онцлогт яв цав нийцэж оюуны хэрэгцээ шаардлагад бүрэн тохирсон өөрийн бичиг үсгийг зохиосон нь нэн том дэвшил болжээ.
Түрэгийн руни бичиг хаанаас гаралтай болох талаар эрдэмтдийн дунд нэгдсэн санал үгүй байна. Ихэнх эрдэмтдийн үзэж байгаагаар энэ нь эртний арамей бичгийн салбар болох согдын бичиг үсгээс үүсэлтэй гэдэг / Кляшторный. С.Г, 1964, 47 дахь тал/.
Гэтэл үүний зэрэгцээ руни бичиг нь Төв Азийн нүүдэлчдийн дунд эртнээс уламжилж ирсэн овог аймгийн тамга тэмдэг, мод хэрчиж хэрэг тэмдэглэх арга зэргээс уламжлан үүссэн гэж үзэх эрдэмтэд ч бий /Киселев.С.В, 1951, 285 дахь тал/. Үүнээс үзэхэд “Орхон-Енисейн бичиг” нь зөвхөн гаднаас бэлэн зээлдэж авсан бус харин орон нутгийн хуучин уламжлалд тулгуурлан гарч ирсэн нь тодорхой ажээ. Уг бичиг үүссэн цаг хугацаа болон орон нутгийн асуудал ч эрдэмтдийн анхаарлыг татдаг билээ. Нэлээд хожуу үеийг хүртэл, Долоон мөрөн, Енисей орчмын нутаг дахь руни бичгийн дурсгалыг хамгийн эртнийхэд тооцож байсан бол сүүлийн үес манай улсын Дорноговь аймгийн нутаг Чойроос олдсон нэгэн хүн чулуун дээр бичсэн бичгийг хамгийн эртнийх гэж үзэх болов. Энэхүү дурсгал 688-691 оны үед холбогдох юм /Кляшторный.С.Г, 1964, 47 дахь тал/. Үүнээс үндэслэн түрэгийн руни бичиг нь Төв Азид, тэр тусмаа Монгол нутагт анх үүссэн хэмээх үзэл баримтлал бий болжээ /Кормушин. И.В, 45-47 дахь тал/.
Дурсгалуудын олдож байгаа байршил ч үүнийг нотолдог юм. Энэхүү бичиг VII зууны хоёрдугаар хагаст үүсч улмаар XII зууныг хүртэл хэрэглэгдэж байсан бөгөөд энэ нь аль нэг нутгийн чанартай үзэгдэл биш харин нийт түрэг овогтны тархан нутагласан бүх газар нутагт түгэн тархсан байжээ /Степи Евразии в средневековую эпоху, 1981, 42 дахь тал/.
Эдүгээг хүртэл түрэгийн руни бичгийн дурсгалыг олон орны эрдэмтэд сонирхон судалж орос, монгол, герман, англи, фин, турк зэрэг олон хэлнээ орчуулаад байна. Жил ирэх тутам энэхүү бичгийн дурсгал шинээр нэмэн олдсоор ирсэн ба одоо манай улсын нутгаас нийт тавь гаруй руни бичээс олдоод байна. Эдгээрийн дотор Билгэ хаан, Күль-Тегин, Тоньюкук, Моюнчур хаан зэрэг нэр цуутай хаад язгууртны дурсгалд зориулсан гэрэлт хөшөөний бичээс буйгаас гадна бусад их бага олон тооны бичээс ордог. Түрэгийн руни бичгийн дурсгал нь тусгайлан зассан гэрэлт хөшөөнөөс гадна байгалийн ерийн хад чулуун дээр, барилгын ханын шаваас дээр, зоос мөнгөн дээр, судар номын баринтагийн тээг чулуун дээр бичсэн зэрэг олон хэлбэрээр олдож байна. Төв Азийн нүүдэлч ард түмний утга соёлын нандин дурсгал болох руни бичгийн утгыг тайлан уншиж тэдний түүхийг сэргээн тодруулах ажилд дэлхийн олон орны эрдэмтэд хүч оюунаа зарцуулж ирсэн бөгөөд монголын судлаачид ч өөрсдийн тодорхой хувь нэмрийг оруулах болжээ. Руни бичиг үсгийн дурсгал нь нүүдэлчид өөрсдийн оюун сэтгэлгээ, ур ухаанаар төр улсынхаа түүхийг тэмдэглэн бичиж үлдээсэн биет баримт болохын хувьд эрдэм шинжилгээний онцгой ач холбогдолтой бөгөөд түүгээр ч барахгүй эдгээр нь зөвхөн түүхэн сурвалж төдийгүй Алтайн хэлний хөгжлийг судлах, монгол, түрэг хэлний харьцуулсан судалгаа хийхэд чухал хэрэглэгдэхүүн болохоос гадна эртний нүүдэлчдийн яруу найраг, уран зохиолын үнэт өвийн тоонд зүй ёсоор ордог билээ.
YII зууны дөчөөд онд Зүүн Түрэгийн хаант улс мөхсөний дараа түүний газар нутаг дээр Уйгарын хүчирхэг нүүдэлчин гүрэн тогтжээ. Уйгарын хаант улсын бүрэлдэхүүнд олон тооны монгол, түрэг хэлтэн аймгууд багтан орсон бөгөөд тэд нийгэм-эдийн засаг, соёлын хэм хэмжээний хувьд өөр өөр байжээ. Уйгурууд Монгол нутагт оршин тогтнож байсан олон аймаг улсын дотор нэлээд дээгүүр соёлтой байжээ. Тэдний соёлын хамгийи том ололт бол бичиг үсэгтэй болж, албан бичиг хөтлөн ном зохиол бичиж, гадаад хэлнээс судар шастирын зүйл өргөн хэмжээгээр орчуулан туурвих болсон явдал юм. Ингэхдээ Согдын лам нарыг авчирч шашны ном судар орчуулуулж байжээ. Уйгарын эрхшээлд байсан Монгол болон бусад олон аймгууд тэдний бичиг үсгийг авч, тэдний олон үг монгол хэлэнд орж ирсэн байна. Монголын түүхч Зава Дамдин төвдөөр бичсэн “Монголын түүх” зохиолдоо Чингэс хааны үеэс даруй 700 жилийн урдаас монгол, уйгар, согд нар их ойр харилцаатай байсныг дурдаад:
“Согдын мэргэн багш нар Уйгар хийгээд Монголчуудад үсэг бичиг унших ба бурхны дээд зарлигуудыг өөр өөрийн хэлээр орчуулах ёсыг үзүүлж сургав. Бас Согд нар Энэтхэг орноос бурхны номыг Монгол оронд залж ирсэн бөгөөд энэ шалтгаанаар номын хэлэнд энэтхэг, уйгар, монгол үг холимогоор оршсоор байна” /Л.Чулуунбаатар. 47 дахь тал/
гэжээ.
Уйгурууд анхандаа түрэг бичиг буюу “Орхон-Енисейн бичиг” хэмээх бичгийг хэрэглэж байжээ. Тэр үеийн дурсгалын тоонд, “Сэлэнгийн бичээс” хэмээн алдаршсан Могойн шинэ усны гэрэлт хөшөө, мөн үүнээс холгүй оршиж байсан “Сүүжийн бичээс” хэмээн алдаршсан дурсгал, Архангай аймгийн Тариат сумын нутаг дахь “Тэрхийн бичээс”, Хөвсгөл аймгийн “Тэсийн бичээс” зэрэг бичиг үсгийн томхон дурсгалууд орно. Түүнчлэн Уйгурын нийслэл Хар балгас хотноо буй, одоо эвдэрч ихэнх хэсэг нь устсан түрэг, согд, нангиад гурван хэлний бичээст аварга том хөшөө тэр үеийн утга соёлын үнэт дурсгалын тоонд зүй ёсоор ордог байна. Уйгурууд Түрэгийн харьяанаас гарч өөрийн төр улсыг байгуулсанаас хойш бусад улс оронтой өргөн харилцаж соёлын нөлөөгөө түгээхийн хамт тэдгээр орны соёлын дэвшлийг тусган авч байжээ. Тухайлбал, дээр дурьдсанаар Дундад Азийн өндөр соёлт согд нараас бичиг авч өөрийн хэлний аялгуунд зохицуулан хэрэглэсэн нъ түүхэнд уйгур бичиг хэмээн алдаршжээ. Энэхүү бичиг нъ Уйгур улсын үндсэн бичиг болж дэлгэрээд хожмын үед түүгээр олон зохиол бичиж, орчуулж байсны зарим нь бидний үед хадгалагдан хүрч иржээ. Үүний жишээнд Увс аймгийн Улаангом хотын ойролцоо олдсон Долоодойн хөшөө хэмээх дурсгалыг дурдаж болно. Уйгур бичгийг, тэдний бүрэлдэхүүнд орсон түрэг, монгол угсааны зарим аймаг хэрэглэж байсан бөгөөд улмаар Их Монгол улсын албан бичиг болсон юм. Уйгур бичгээр дамжин олон тооны үг Монголд нэвгэрсэн нь “ном”, “дэвтэр” хэмээх согд үг, “судар”, “эрдэнэ”, “шүлэг”, “бадаг” зэрэг энэтхэг үг, “сүм”, “суварга”, “билэг”, “хөрөг”, “эрдэм” гэх зэрэг уйгур үгс болно.
Манай нутагт уйгур бичгээр бичиж үлдээсэн дурсгал үүнээс гадна Архангай аймгийн Их тамир сумын нутаг Тайхир чулуу, Бичигт булан, Хотонт сумын Хар балгасны П бичээс, Говь-Алтай аймгийн Жаргалант сумын Хайрханы бичээс, Хөвсгөл аймгийн Цагаан уул сумын Тэсийн бичээс гэх мэт дурсгалуудад байна.
1.2. Дүрс үсгээс сэдэвлэн зохиосон бичгийн соёл
Хүн төрөлхтний буй болгосон бичиг үсгийн нэлээд нь мартагдсан бөгөөд түүнээс арваад нь олон эрдэмтний анхаарлыг гойд татаж судлагдахуун нь болсоор ирсэний дотор монголын хятан хэмээх бичиг зүй ёсоор ордог. Хятадын Их цагаан хэрмийн араар аж төрж Их Ляо (906-1125) гэдэг төр улсаа байгуулж 1125 онд түүхэн нөхцлийн эрхээр Зөрчидийн Алтан улсад цохигдож, нэг хэсэг нь өрнө зүг рүү нүүж Баруун Ляо улс буюу зарим түүхийн зохиолд Хар Хятан хэмээн тэмдэглэгдсэн улсыг байгуулж явсан, монгол угсааны хятан хоёр зүйлийн бичиг зохион хэрэглэж байжээ. Тэр цагт Төв Ази дахины олон улсад бие даасан төр улсаа байгуулаад үндэсний бичиг үсэгтэй болдог ёс уламжлал болж тогтсон байлаа. Энэ жишгээр Ляо улсыг байгуулсны дараахан буюу 920 онд хятад үсгийн үлгэрээр хэдэн мянган тэмдэгт бүхий хятан бичгийг зохиосон тухай “Ляо улсын судар”-т тодорхой мэдээ гардаг. Үүнд:
“Шэньцэгийн тавдугаар оны (920 он) хаврын эхэн сарын хөхөгчин үхэр өдөр Киданы их бичгийг анх зохиож эхэлсэн… хар бар өдөр их бичгийг зохиож дуусгав. Зарлигаар тунхаглаж хэрэгжүүлэв. Тэгээд (Дела) киданы бага бичгийг (925 он) зохиов. Үсэн цөөн авч нэвтэрхий сайн /Сүхбаатар.Г. 1992, 67 дахь тал/ гэж дурджээ.
Энэ жишгээр Ляо улсыг байгуулсны дараахан буюу 920 онд хятад үсгийн үлгэрээр хэдэн мянган тэмдэгт бүхий хятан бичгийг зохиосон тухай “Ляо улсын судар”-т тодорхой мэдээ гардаг. Эл мэдээнээс үзвэл хятаны энэ бичиг нь дүрс үсэгтэй байсан бололтой гэж хэлж болно. Дараа нь мөн сударт Уйгур улсаас элчин төлөөлөгч ирэхэд тэдний хэлийг мэдэх хүнгүй тул улсын хатны санаагаар Елүй Абоожи тайзү хаан удмынхаа Дэ-ла нэрт түшмэлийг сэргэлэн сортоотой хүн гэж угтуулан илгээсэн бөгөөд тэрээр элч дагалт сэлтийн хамт хориод хонохдоо уйгур хэл бичиг сурсан, дараа нь 925 онд хятаны “бага бичгийг зохиосон гэдэг мэдээ буй тул анхны бичгийг “их” хэмээн нэрлэдгийн учир тэр бөлгөө /Монголын соёлын түүх. Дэд боть. 1999, 11 дэхь тал/.
Улсын бичгийг эрдэмтэн нар зохиож хэрэглэсэн нь хожим “Их бичиг” хэмээх нэртэй болсон билээ. Хэдэн мянган үсэгт “Их бичиг”-ийг 920 онд Амбагяны ач хүү Лубугу, эрдэмтэн Тулюйбу хоёр Хятадын утга бичгээр үлгэрлэн зохиожээ. Харин 925 онд Амбагяны хүү Елюй Тэла (Жүндүхүн) нь 400-аад тэмдэгт бүхий дээр дурьдсан бага бичгийг уйгаржин бичигт тулгуурлан зохиосон ажээ. Тэрчлэн бага бичгийн талаар мөн сударт:
“…бичгийн тэмдэгт нь цөөн ердөө хэдэн зуу боловч бүхий л зүйлийг багтаасан нь нэвтэрхий сайн…” /Сүхбаатар.Г, 1992, 67 дахь тал/
гэж тэмдэглэсэн байдаг. Дээрх мэдээнээс үндэслэж зарим эрдэмтэн хятаны “бага” бичгийг уйгур бичигтэй адил гэж таамагладаг. Гэвч хэдэн зуун тэмдэгтэй гэсэн нь уйгур бичигтэй төстэй байж чадахгүй гэсэнтэй адил үг билээ. Бас хэдийгээр сэргэлэн сортоотой боловч хориод хоногт уйгур хэл бичиг үзээд уйгур үсэгт тулгуурласан үндэсний шинэ бичиг зохионо гэхэд эргэлзэл төрнө. Яагаад тавхан жил болоод шинээр зохиосон бичгээ солих болов гэдэг асуулт гарна. Үүнийг тухайн нийгэм, төр хийгээд хэлний талаас авч үзвэл зохих буй за. “Таван төрийн хуучин түүх” хэмээх сурвалжид Елүй Абоожи хаан:
“…Би хятад хэл сайн мэднэ. Гэлээ ч гэсэн нүүдэл иргэд намайг дууриах болуужин хэмээгээд хятадаар би ярья гэдэггүй. Тэгэх бөгөөс дайчин эрс аюумхай хулчгар болох бий гэж болгоомжилдог болой…” /Материалы по истории древних кочевых народов группы Дунху, 1984, 178, 192 дахь тал/
хэмээсэн дурдсан зүйл байдаг. Учир иймээс хятан “их” бичиг хятад үсэгт шүтсэний тул хааны таалал хийгээд төрийн бодлогод төдий л нийцээгүй байж болох улс төрийн шалтгаан буй. Иймд уйгар бичигт тулгуурлан “бага” бичгийг зохиосон байх талтай.
Энэ талаар сүүлийн үед зарим судлаачид өөр саналтай байгаа бөгөөд эрдэмтэн Ц.Шагдарсүрэнгийн судалсанаар:
“Одоогоор бидний мэдэж буй хятан “Их бичиг”, “Бага бичиг”-ийн дурсгалуудыг авч үзэхэд уйгур үсгийн хэлбэрт шүтэж зохиосон гэмээр баримт, тухайлбал, үсгийн хэлбэр, байдал, тэдгээрийг холбон бичих ёсон хийгээд хятан бичгийн талаар өнөөг хүртэл гарсан судалгааны дүнд сэргээн тэнхрүүлсэн дуудлага зэрэгт нэгээхэн бээр ч харагддаггүй билээ” /Шагдарсүрэн.Ц, 2001, 59 дэхь тал/
хэмээгээд цааш нь дурьдахдаа:
“Бага бичиг бол Их бичигээ боловсронгуй болгон зохиосон авиа үеийн бичиг мөн” /Шагдарсүрэн.Ц, 2001, 59 дэхь тал/
хэмээн дүгнэсэн нь цаашид нарийвчлан судлууштай зүйл мөн.
Тэгэхээр хятан “их”, “бага” бичгүүд ямар ялгаатай байв гэдэг нь сонирхолтой болно. Үүнтэй уялдаж хятан бичгээр үлдсэн дурсгалын асуудал гарч ирнэ. Цаг хугацааны хувьд 100 гаруй жилийг хамардаг бөгөөд эзэн хаан Си-зүн, улсын хатан Сюан-и, Жэн-и болон төрийн түшмэдийн гэрэлт хөшөөний томоохон бичээсүүдээс гадна дүгрэг болоод наймалжин толийн бичиг, загас хэлбэртэй тамгын бичиг, зоос болон пайзны бичээс, тоосго, шаазан тэргүүтэн дээрх бичиг гэх зэрэг 30 гаруй дурсгал Хятад улсын нутагт үлджээ. Сүүлийн үед хятан бичгийн 70 мөр бичээс бүхий томоохон дурсгал Ляо-нин мужаас олджээ. Монголын нутаг дэвсгэр дээр гэхэд Хятаны үеийн 10-аад хот балгадын тууриас гадна бичгийн дурсгал тийм ч цөөнгүй. Елюй Амбагян хааны үед байгуулсан Чин толгойн балгасны орчмоос олдсон дээврийн ваарын бичээс (ийм ваар байдаг тухай XIII зуунд монгол газар ирсэн Чэн-чүн бумбатан тэмдэглэсэн байдаг) зэрэг 20 шахам дурсгалыг жагсааж болно. Үүнд давын өмнө Хэнтий аймгийн Салбарын уулын бичигт ханан хад, Рашаан хадны хятан бичээсийг дурдах ёстой /Монголын соёлын түүх, Дэд боть, 1999, 11 дэхь тал/.
Хятан хэл, бичгийн дурсгалыг 1842 онд Иакинф Бичурин, 1860 онд А.Уэйли нар Европ дахинаа танилцуулжээ /Бичурин.Н.A; Wylie.А, 1860, 331-345 дахь тал/. Германы эрдэмтэн Клапрот, польшийн нэрт монголч О.Ковалевски, В.Котвич нарын өгүүлэл ч гарсан байна. Харин 1933 онд хятадын хоёр эрдэмтэн тайлж унших гэсэн оролдлогыг тус тусдаа хийж эхэлжээ. Монголч эрдэмтдийн тайлж унших оролдлогыг Францын Л.Амбис эхэлж хийсэн гэж хэлж болно. Үүний дараа орос, мажар, японы эрдэмтэд судалсан ба 1960-аад оноос орост цахим тооцоолуурт оруулж судлах оролдлого хийлээ. Харин 1970-аад оноос БНХАУ-д хятан хэл бичгийг судлах эрдэмтдийн хамтлаг буй болж харьцангуй үр дүнтэй ажиллаж 100 гаруй тэмдэгтийн дуудлагыг эхний хувилбараар сэргээсэн гэж хэлж болно. Хятан хэл, бичгийн тогтолцоог гаргах талаар Унгарын нэрт монголч Д.Кара багагүй анхаарч хэд хэдэн сонирхолтой бүтээл нийтлүүлжээ. Дурдсан эрдэмтдийн хичээл зүтгэлээр хятан хэл хийгээд хятаны “их”, “бага” бичгийн талаар багагүй мэдэгдэхүүн буй болжээ. Хятан хэл нь монгол язгуурын залгамал хэл бөгөөд харьцангуй тагнайшсан байдалтай нь өдгөөгийн дагууруудын хэл аялгуутай төстэй гэдэг нь тодорхой болж ирлээ.
Хятаны “их” бичиг нь хэдэн мянган тэмдэгт бүхий дүрс маягийн бичиг бөгөөд хятад бичиг шиг цувуулан бичдэг бололтой, Д.Кара ийм хэлбэрийг цувуу бичиг (линейное письмо) гэж нэрлэжээ. “Бага” бичиг нь, судалгааны одоогийн байдлаар 378 тэмдэгттэй бөгөөд үсэг холбож үг болгохдоо үеийн тоогоор 1-7 тэмдэгтийг нэгэн багц болгон бүлэглэж бичдэг байсан байдал бэлхнээ харагддаг тул авиа-үеийн бичиг гэж үзэж болно. Эрдэмтэн Д.Кара үүнийг бүлэглэмэл бичиг (групповое письмо) гэж нэрлэсэн байдаг.
Эдгээр бичгийг зохиосон явдал нь Хятан нарын оюуны боловсролын амжилтын нэг мөн. Хятаны харьяат нүүдэлчин аймгуудын дотор ч Хятаны бичгийг хэрэглэж байсан бололтой. Жишээ нь Зүрчид ба Монголчууд хятан бичиг хэрэглэж байсан сонин мэдээ бий. Мөн Солонгосоос хятан хэл сурч, суралцахаар хүмүүс ирж байсан байна /Чулуунбаатар.Л, 2002, 50 дахь тал/.
1.3. Монгол бичиг
Монгол туургатанууд өвөг дээдсийнхээ үеэс түүхэн хөгжлийнхөө туршид хэд хэдэн үсэг бичгийн тогтолцоог хэрэглэж ирсэн бөгөөд энэ бичиг үсгүүдийн дотроос анх буй болсон цагаасаа өнөөдрийг хүртэл хамгийн удаан, тасралтгүй, нийт монгол туургатанд нийтлэг хэрэглэгдсээр ирсэн нь монгол бичиг билээ.
“Монгол бичиг”, “Худам монгол”, “Хуучин бичиг”, “Уйгуржин бичиг” гэх зэрэг олон янзаар нэрлэдэг энэ бичгийн гарал үүсэл, мөн чанарын талаар ихээхэн маргаантай явж ирсэн боловч тэрхүү бичиг чухамдаа нийт монгол туургатны бичиг соёлын түүхнээ онцгой байрыг эзэлсээр байгаа нь уг бичгийг монгол даяар өргөн хүрээнд, урт удаан хугацаанд тогтвортой хэрэглэж ирсэнд гол асуудал оршиж байгаа юм. Монгол энэ бичиг үсэг нь уг гарлаараа эртний Финикид (Ойрхи Дорнодод) анх үүсэн финикийн бичгийн системд хамаарагдах бичиг үсгүүдийн нэг байжээ. Учир нь финикийн бичиг үсгээс арамей бичиг үсэг, түүнээс согд бичиг, түүнээс уйгур салбарлан гарч улмаар согд, уйгур бичиг үсгээс монголын уйгуржин хэмээх хуучин бичиг үсэг бий болсон түүхтэй. Монгол аймгууд уйгуржин бичгийг чухам хэдийд авч хэрэглэх болсон тухай асуудлаар эрдэмтдийн дотор олон санал таамаглал байдаг. Монголд уйгуржин бичиг хэрэглэх болсон нъ XIII зууны эхэн үе болно гэж сүүлийн үе болтол ихэнх эрдэмтэд үзэж иржээ. Энэ санал Мэргэн гэгээний “Алтан товч”, “Юан ши” түүхийн 124 дүгээр бүлэгт буй нэгэн домгийн чанартай мэдээнд тулгуурласан юм. Тэр домгийн ёсоор Чингис хаан найман аймгийг байлдан дарах үеэр (1204) Таян хааны бичгийн сайд Тататунгаг хааных нь тамганы хамтаар олзлон авч бичигтэй тамганы учрыг асуун мэдээд уул тамгыг төрийн хэрэгт хэрэглэх болсон ба мөн уйгуржин бичгийг ноёд, түшмэдэд зааж сургахыг Тататунгад тушаасан гэнэ. Энэхүү мэдээ монгол аймгуудын дунд уйгуржин бичиг хэрэглэх болсонтой холбож үзэх нь учир дутагдалтай, харин Чингис хаан найман, уйгур аймгуудын бичгийн хүмүүсийн тусламжтайгаар уйгуржин үсгийг анх нийт монгол улсын албан бичиг болгосон явдалтай уялдуулан авч үзүүштэй. Монгол бичгийн үүсэл, он цагийн талаар эрдэмтдийн дунд янз бүрийн санал бий. Харин сүүлийн үеийн судалгааны шинэ баримт хэрэглэгдэхүүнд тулгуурлан олон эрдэмтэд монголчууд монгол бичгээ XIII зуунаас нилээд өмнө авсан гэж санал нэгтэй үзэх боллоо.
“Гэхдээ Финикээс гаралтай Арамей бичгийг Согд нараас Уйгур, Монгол хоёр нэгэн зэрэг авсан уу? Эс бөгөөс Согдоос Уйгурууд аваад дараа нь монголчууд уйгураас дам авсан уу? Гэдэг талаар арай санал нэгтэй болоогүй байна” /Шагдарсүрэн.Ц, 2001, 133 дахь тал/.
Эрдэмтэн Ц.Шагдарсүрэн худам монгол бичиг уйгур бичгээс гаралтай бус болохыг нилээд үндэслэлтэй нотлон бичихдээ:
“1. Л.Лигети авгай ч сяньби хэлний нэгэн аялгуу болох табгач хэл нь эртний монгол хэлний байдлыг тусгажээ гэж дүгнэсэн билээ. Иймд монгол бичгийн хэл нь табгач хэлний онцлогтой их л ойр байгаа нь XIII зууны монгол бичгийг уйгураас авсан гэж үзэхэд эргэлзэл төрүүлж байгаа юм.
2. XIII зууны монгол бичгийн дурсгалд байдаг эгшгийн урт, богино ацгийг орхиж бичдэг онцлог зөвхөн уйгурт байдаг бус, бас араб, согд зэрэгт байна.
3. Иймэрхүү онцлог уйгур монгол хоёрт бодиств, тэнгэр, очир гэх зэрэг цөөн үгэнд тохирдог боловч зарлиг, шаштир зэрэг олонх үгэнд тохирдоггүй.
4. Б.Я.Владимирцов 1919 онд гарсан Б.Лауферийн бүтээлийг нарийвчлан судлаад, уйгур монгол хэлэнд байгаа гол төлөв шашны самгард нэр томьёо согдоор дамжин орж ирсэн байна гэдэг маш нягт дүгнэлт хийсэн зэрэг нь монголчууд уйгураас бус, согдоос бичиг зээлдэн авсныг харуулж байна” /Шагдарсүрэн.Ц, 2001, 133 дахь тал/ гэжээ.
Харин Г.Сүхбаатар зэрэг эрдэмтэд дээрх саналд тулгуурлан өөрийн санал бодлыг илэрхийлэхдээ:
“Монгол худам бичиг, уйгур бичгийн холбогдлын тухайд гэвэл “Бишбаликийн баянбүрдэд барагцаалбал Y зууны үед нутаглаж байсан уйгурчууд согд бичгээс эртний зурлагы нь зээлдэн авчээ” гэж А.Махмутов бичсэн. Уйгурын өвөг болох нирунчууд уйгураас буюу уйгураар дамжуулан согдоос бичиг зээлдэн авсан байж таарахгүй. Уйгурчууд бүр Нирун улсын үеэс язгуур монголчуудтай аж ахуй, соёлын дэлгэр харилцаатай байсан болохоор тэдний дотор монгол хэл, бичиг мэддэг хүмүүс олон байсан байх. Хожим тиймэрхүү хүмүүсийн нэг нь бүр сүүл үед Тататунга байсан байж болох юм” /Сүхбаатар Г. Монгол Нирун улс, 1992, 116-119 дэхь тал/ гэжээ.
“Монгол бичгийн хэл нь чухам хэдий үеийн монгол хэл буюу аялгууны онцлогийг тусгасан бэ?” гэдэг асуулт юуны өмнө уг бичгийг авсан он цагийг тодорхойлох гол зүйл болно. Монгол бичгийн хэлний байдлыг монгол хэлний түүхийн баримт сэлт, тухайлбал, хятад галигаар тэмдэглэгдэн үлдсэн эртний монгол хэлний жишээ, сяньби хэлний аялгуу болох табгач хэлний дурсгал, хятан хэлний хийгээд дундад үеийн монгол хэлний хэрэглэгдэхүүн, бас нутгийн аялгууны баримт сэлттэй харьцуулан үзэхүл их л сонин зураг гарна /Шагдарсүрэн.Ц, 2001, 133 дахь тал/ хэмээн эрдэмтэн Ц.Шагдарсүрэн үзээд:
“Монгол бичгийн хэл нь дундад үеийн монгол хэлний хэрэглэгдэхүүнээс хамаагүй түрүү үеийн онцлогийг тусгаж харин ч табгач хэлний үгийн дуудлагыг сэргээсэн байдалд илүү ойртож очдог” /133 дахь тал/
гэж дүгнэсэн байна. Монгол бичгийн хэл нь дундад үеийн монгол хэлний дорнод, өрнөд аялгууны алины нь ч онцлогийг тусгаагүй, харин түрүү үеийн монгол хэлний онцлогийг агуулсан байдаг.
Өнөөдрийн бидний мэдэж байгаагийн хэрээр монгол бичгийн хамгийн эртний дурсгал болох “Чингисийн чулууны бичээс” (1224-1225)-ийн хэл зохиомж, бичсэн байдал зэргийг үзэхэд үлэмжхэн түрүү үед хэвшин тогтчихсон бичгийн хэлний шинжтэй гэдгийг академич Б.Я.Владимирцов, Б.Ринчен нарын эрдэмтэд нэг бус удаа тэмдэглэжээ. Нилээд олон судлаачид Уйгурууд X-XI зуунд Согдоос бичгээ авсан гэж үздэг. Гэтэл эртэмтэн Ц.Шагдарсүрэнгийн үзэж байгаагаар YIII зуун гэхэд Согдууд араб нарт эзлэгдээд согд бичгээ орхин араб бичигт орсон бөгөөд тэгэхээр Согд нар хэдийнээ орхиод хэдэн зуун жил болсон бичгийг нь тэднээс Уйгурууд авсан гэхэд учир шалтгааны үүднээс ихэд эргэлзээ төрүүлэх ажээ. Ингэж бодвол Уйгурууд Согдоос яав ч X-XI зуунд бичиг авсан байж таарахгүй, наанадаж YIII зуунд авсан болохоос зайлахгүй аж /Ц.Шагдарсүрэн. 133 дахь тал/.
Уйгуржин бичгийг XIII зуунаас өмнө хэрэглэж байсан гэж үзэх үндэс бий. Учир нь уйгуржин бичгийг нийт Монгол улсын бичиг болгох үеэр энэхүү бичгээр хэвшил болон тэмдэглэгдсэн бөгөөд нэгэнт бүрэлдэн тогтсон эртний монгол бичгийн хэл байжээ. Энэ бичгийн хэл нь тэр үедээ ч гэсэн монголчуудын ярианы амьд хэлнээс ялгаатай байсан бөгөөд эртний уламжлалтай хэл байсан ажээ /Владимирцов.В.Я, 1929, 20 дахь тал/. Чингис энэхүү эртний монгол бичгийн хэлийг тэмдэглэж байсан уйгуржин үсгий нь тэр хэвээр нь авч, нийт монгол улсын албан хэрэгцээнд авч хэрэглэх болжээ. Тэр үед уйгуржин бичгийг XIII зууны монгол аялгуунд тохируулах талаар арга хэмжээ авсангүй. XIII зуунд хоёр эгшгийн хооронд “га” үгүй болсон байтал уйгуржин бичигт “га”-тай бичсээр иржээ. “Уул” гэдэг үгийг XIII зуунд “аул” гэж хэлдэг байсан боловч “агула” гэж бичиж байжээ. Энд холбогдох өөр нэгэн баримт буй. Өмнөд Сүн улс (1127-1279)-аас Монгол газар ирсэн хоёр элчийн тэмдэглэлд:
“…Монголчуудын үсэг бичиг нь уйгуруудынх лугаа ах дүү бололтой… Өдгөө тэд гурван зүйлийн бичиг хэрэглэмүй…”
гэсэн мэдээ байна. Үүнийг түүхч Г.Сүхбаатар:
“…гурван зүйлийн бичиг гэдэг нь монгол гүрний төрийн бичиг болох уйгуржин монгол бичиг, эзлэгдсэн орны талаар хэрэглэдэг хятад, уйгур бичгийг хэлсэн байна…” /Сүхбаатар.Г, Монголын түүхийн дээж бичиг, 1992, Тэргүүн дэвтэр, 67 дахь тал/.
гэж үзжээ. Монголын түүхийн төвд хэлээр бичсэн “Хор чойнжунг” буюу “Монгол газар шашин ном дэлгэрсэн түүх” хэмээх зохиолд:
“…Согдын мэргэн багш нар уйгур хийгээд монголчуудад үсэг бичих унших ба бурханы дээд ном зарлиг, шаштир, сайн зарлигуудыг өөр өөрийн хэлээр орчуулах ёсыг үзүүлж сургавай… Тэр цагт тэд нар сайн зарлигийг уншихад согд бичгийн дээрээс энэтхэг хийгээд өөр өөрийн хэлнүүдэд холимогоор орчуулснаас, номлон унших амны уншлагыг үйлдсээр буй ажгуу. Тэр шалтгаанаар одоо манагаар ч номын хэл нь энэтхэг, уйгур, монгол холимогоор оршсон болой…” /Шагдарсүрэн.Ц, 2001134 дахь тал/
гэж заасан байдаг. Энэхүү зохиолд товлосон он цагаар бодвол, YII-YIII зууны үест уйгур, монгол нь нэгэн зэрэг Согдоос бичиг үсэг авсан байж бүрэн болох талтай байна.
Энд худма гэдэг үгийн утга учрын тухай асуудал гарч ирдэг. Халимаг, баруун монголчуудын дунд монгол бичгийг худма үзүг гэж нэрлэдэг. Энэхүү худма гэдэг үгийн талаар судлаачид янз бүрийн санал дэвшүүлсээр байгаа бөгөөд зарим нь тод үсэг гэдэгтэй эсэргүүцэлдүүлэн хуудам гэсэн үг гэж үздэг боловч авиа зүйн ухааны үүднээс тэгж тайлбарлах боломжгүй байдаг ажээ. Мөн уугуул, уг гэсэн утга санаа бүхий удам гэдэг үгийн эртний хэлбэртэй холбож үзэж байгаа эрдэмтэд ч бий. Харин эрдэмтэн, судлаач Ц.Шагдарсүрэн худма гэдэг үгийн утга учрыг согдоор “ном, уншлага, эш, зарлиг” гэсэн утгатай үг байсан байж болзошгүй гэсэн санааг дэвшүүлсэн байна /Шагдарсүрэн.Ц, 2001, 134 дахь тал/. Ийнхүү согдын хутба гэдэг үгтэй холбож үзсэн түүний саналыг өөр бусад эрдэмтэд хөгжүүлэн анхны авиа үсгийн түүхэнд шууд холбогддог кадма гэдэг нэртэй шууд холбоотой гэж үздэг. Кадма бол эртний финикийн хан хөвгүүн бөгөөд тэр цагийн домгоор анхны авиа үсгийг зохиогч тул бичиг үсгийн түүхнээ ингэж зохиосон бичгийг нь Кадмагийн үсэг гэж нэрлэж заншсан байдаг. Монгол бичгийн ч гэсэн, согд бичгийн ч гэсэн дээд өвөг нь Арамейгаар дамжиж Финик үсэгт холбогдон очдог тул худма, хутба, кадма гэдэг нэрийн хэлхээ холбоо ийнхүү нэг шижмээр холбогддог байх боломжтой. Мөн доктор Б.Сумьяабаатар ч “худам” гэдэг нэр томьёог нягтлаад тажик, узбек, араб хэлний кутуб, хутба-тай холбогдуулан улмаар “Финикийн хан хөвүүн анхны авианы үсэг зохиосон домогт хүн”-ий нэр Кадма-тай уг сурвалж нэгтэй байх гэж үзжээ. Үүнтэй холбоотойгоор нэгэн зүйлийг тэмдэглэхэд Финикээс үүсэлтэй Арамейгаар дамжиж салбарласан бичгийг хэрэглэж байсан Согдууд VIII зуунд, мөн Уйгурууд XI зуунд арабын буюу лалын соёлын хүрээнд орж араб бичиг авсаны учир түрүүчийн хэрэглэж байсан үсэг бичгээ орхисон билээ. Харин монголчууд согдоос дам авсан худма монгол бичгээ орхиж мартсангүй харин ч монгол хэлэндээ таацуулан боловсруулж өнөөдрийг хүртэл хэрэглэсээр байгаа нь монголын ард түмнээс дэлхий дахины үсэг бичгийн түүхэнд гүйцэтгэсэн нэгэн чухал хувь нэмэр мөн билээ.
Монгол аймгуудаас чухам ямар аймгийг хэдийд уйгуржин бичгийг анх авч хэрэглэсэн нь одоо хараахан мэдэгдээгүй байна. Мөн түүнчлэн энэ эртний монгол бичгийн хэл чухам ямар монгол аялгуун дээр анх бүрэлдэн тогтсоныг ч эрдэмтэд тайлбарлаж чадаагүй байна. “Энэ талаар гол бэрхшээл нь юунд орших вэ?” гэвэл, монгол гүрний үед тэр чигээр нь нийт монголын хэмжээгээр авч хэрэглэсэн хуучин монгол бичгийн хэл бол одоогийн монгол хэл аялгуунд төдийгүй ХII-ХIY зууны монгол хэлний ч үүднээс тайлбарлах аргагүй хэлний болон аялгууны огт өвөрмөц онцлогтой байсан нь монголын уйгуржин бичгээс илт байна. Эртний монгол бичгийн хэлний үндэс болсон аялгууны талаар хэл шинжлэлчдийн дунд хоёр янзын таамаглал бий. Саяхан болтол эртний монгол бичгийн уг үндэс нь эртний Найман аймгийн аялгуу байсан байж болох юм гэж Б.Я.Владимирцов тэргүүтэй эрдэмтэд таамаглаж байв /Владимирцов.В.Я, 1929, 20-21 дэхь тал/. Гэтэл Найман аймаг бол XIII зууны эхэн үед түрэг байсан учир энэ таамаглал буруу, харин эртний монгол бичгийн хэл нь эртний монгол хэлнүүдийн нэг байсан кидан хэлнээс гаралтай байж болох юм гэсэн таамаглалыг сүүлийн үед Л.Лигети зэрэг эрдэмтэд гаргажээ /Лигети.Л; Санжеев.Г.Д, 1953/.
Хятан хэл бол ХШ-ХIV зууны монгол хэлнээс илүү эрт үеийн онцлог шинжтэй бөгөөд хятан нарын их, бага хоёр бичгийн бага бичиг гэдэг нь уйгур бичиг байсан бололтой /Вопросы языкознания, 1955, 136 дахь тал/. Сүүлийн энэ таамаглалын үнэн мөн нь хятан бичгийг бүрэн тайлж уншиж, хэлийг нь сайн судалсны дүнд тодорхой болох ёстой. Юу боловч ХШ зууны эхэн үеэр уйгуржин бичиг монгол улсын албан бичиг болох цагт уйгуржин үсгээр бичигдэж байсан бөгөөд нэгэнт хэвшсэн эртний монгол бичгийн хэл байсан нь эргэлзээгүй. Ийм бичгийн хэл бүрэлдэн бий болоход бичиг үсгийн түүхийн олон зуун жилийн хөгжил шаардагдах нь зайлшгүй хэрэг. Зөвхөн үүгээр бодож үзэхнээ ч уйгуржин үсэг монгол аймгуудын дунд нэлээд эрт цагт магадгүй согд, уйгурчууд мандан хөгжиж монголд их нөлөөтэй байсан үеэс хэрэглэгдэх болсон байж болно. Харин монгол гүрний үед уйгуржин бичиг сая улс нийтийн албан бичиг болжээ.
Чингис хааны тамга /Гүег хаан 1246/
Монгол үсгийг анхлан боловсруулахдаа уйгур үсгийн 14 толгой нь монгол хэлний үг бүтээх авиалбарын тооноос арай цөөн тул хошоод, гурваад дүрсийг нийлүүлэн зарим үсгээ тэмдэглэсэн билээ. Тухайлбал ө, ү гэхэд аалеф, вав, йод гурвыг холбож бүтээжээ. Олон зуун жил монгол бичгээ сурч, сургаж ирэх явцад тэрхүү дүрс, зурлага бүрт тодорхой нэр цол өгсөн нь заах аргын өвөрмөц нэгэн зүйл юм. Титим, шүд, ацаг, өргөс, шилбэ, завж, гэдэс, сүүл, орхиц, нум, нуруу, эвэр, гэзэг, зартиг гэх мэтээр монгол бичгийнхээ дүрс, зурлага бүрийг ялган нэрлэсэн нь бичих хэрэглэлгүй нөхцөлд амаар хэлж өгөх боломжийг бүрдүүлжээ. Жишээ нь монгол гэсэн үгийг зурлагаар нь дуудан хэлж өгвөл, титим гэзэгтэй, залгаад гэдэс, их инхлэг, га-гийн хоёр шүд, өмнөө хоёр цэгтэй, дор нь гэдэс, төгсгөлд нь дэвсгэр “л” буюу эвэр гэх болно.
Монгол үсгийн эвхмэл хэлбэр нь дугуй, дөрвөлжин, угалзалан бичдэг төрөлтэй байдаг. Монгол бичгийн монгол угалзалсан эвхмэл үсгээр «Өлзий» гэсэн үг бичсэн нь
Нэн эрт цагт үсэг бичгээ боловсруулсан мэргэд маань олон нутгийн аялгууг нэн сайтар анхаарч, нутаг нутагт сэлгэн хэлдэг авиаг адил дүрсээр тэмдэглэсэн байдаг. Жишээ нь эрт одоогийн зарим аялгуунд үгийн эхэнд “ж” нь “я” болдог үзэгдлийг нарийн ажиглаж адил дүрсээр тэмдэглэсэн тул жасаг, ясаг, засаг гэж дуудах бүрэн бололцоотой байдаг. Тэр үеийн олон мэргэд монгол бичгийг өөрчлөлгүй явж ирсний гол шалтгаан бол Төв Азийн өргөн уудам нутагт тархан суусан олон нутгийн аялгуутай монгол туургатныхаа алинд ч бэрхшээл төвөггүй ойлгогдох нарийн увидастай бичиг болохыг мэдэрч байсных буй заа. Өөрөөр хэлбэл монгол бичгийн авиан зүйн тогтолцоонд монгол хэлний нутгийн олон аялгууны онцлогийг бахдууштай сайхан тусгаж чадсанд л хамаг учир байгаа билээ.Монгол үсгийн бас нэгэн онцлогийг академич Ш.Лувсанвандан тайлахдаа:
”Хуучин монгол үсгийн нэг онцлог нь нэг үсэг үгийн эхэн, дунд, адагт янз бүрээр хувирдагт оршино. Ингэж нэг үсэг янз бүрээр хувирах нь эртний согд, уйгур бичигт ч нэгэн адил байсан юм. Нэг үсгийн янз бүрийн хэлбэртэй болсон нь үсгээр үг тэмдэглэхдээ уг үсгүүдийг бие биеэс нь салангад биш, залгаж бичихтэй холбогдон гарч ирсэн байна. Үг хэлэхэд хүний амнаас цувран гарах авиа бие биедээ нөлөөлж, мөн нэг авиа үгийн эхэн, дунд, адагт янз бүрээр хувирдагийн адил үсгийг цувруулан залгаж бичихэд мөн нэг үсгийн хэлбэр зэргэлдээ үсгийн бичлэгээс болж янз бүрийн хэлбэртэй болох нь зүйн хэрэг. Нэг авиа нөгөө зэрэглээ авианыхаа нөлөөгөөр хувирдаг бол мөнхүү авиаг тэмдэглэсэн үсгийн хувилбарт зохих тусгалаа олж болох юм. Энэ учраас бид нэг авиаг тэмдэглэсэн үсгийн янз бүрийн хувилбарыг мөн нэг фонемын янз бүрийн хувилбартай харьцуулж үзэх бүрэн үндэстэй юм”
гэсэн билээ.
Монголын их гүрний үед уйгуржин бичгийг төрийн албан хэрэгт өргөн хэрэглэх болсон ба энэ бичигт монголын ноёд түшмэд, тэдний үр хүүхдийг сургадаг байжээ. Монгол хаадын дэргэд найман, уйгур, хэрэйд зэрэг бичгийн сайд түшмэд уйгуржин бичгээр төрийн хэргийг хөтөлж байжээ. Мөн түүнчлэн монгол хаадын ордонд тухайлбал, Мөнх хааны үед перс, уйгур, хятан, тангуд зэрэг хэлний сайд түшмэд буюу тэр цагт нэрлэж байснаар битэгчи (бичээч) нар олноор ажиллаж ямар оронд бичиг зарлиг илгээнэ, тэр хэл бичгээр бичдэг заншилтай байжээ. Гэхдээ уйгуржин бичиг монгол улсын албан бичиг байсан учир гадаад хэлээр бичсэн бичиг баримтыг заавал уйгуржин үсгээр монгол хэлээр цохож гарын үсгээ зурдаг заншилтай байжээ. Өгэдэй хааны үед их сайд буюу их битэгч Чингай хятадаар бичсэн бичиг баримтыг уйгуржин үсгээр заавал цохдог байсан бөгөөд хэрэв цохолтгүй бол уул бичиг баримт хүчингүйд тооцогддог байжээ. Энэ заншил сүүлийн үе хүртэл нийт Монгол гүрний хэмжээгээр хэрэглэгдэж байсан нь Газан хааны 1302 оны бичиг, Өлзийт хааны 1305 оны бичгээс тодорхой байна. Монгол хаадаас Ромын папад итали хэлээр бичиж явуулсан бичгүүд дээр уйгуржин монгол бичгээр “үсэг нь” гэж бичээд тухайн бичгийн сайд гарын үсгээ зурсан байна.
1289 онд Францын хаанд илгээсэн эртний монгол бичгээр бичсэн захидал. Aргун хаанаас Филипп хаанд илгээсэн эртний тигээр бичсэн захидлын төгсгөлийн хэсэг.
Их гүрний үед бичгийн мэдлэг боловсрол бүхий хүмүүс ихээхэн хэмжээгээр шаардагдаж байсан учир монгол бичиг үсэгт сургах ажлыг багагүй зохиодог байжээ. Дээр өгүүлсэн Чингис, Өгэдэй, Гүюг хааны үеийн нэрт заргач Шихихутаг, бичгийн мэргэн сайд Чингай, Гүюг хааны засаг төрийн хэргийг эрхэлж байсан найманы Кадаг ноён, Мөнх, Гүюг хааны үеийн бичгийн сайд ойрадын Аргун эмир зэрэг бичгийн боловсролтой хүмүүс цөөнгүй гарчээ /Монгол улсын түүх, Дэд боть, 2005, 347 дахь тал/.
Монгол бичгээр үлдэж ирсэн зүйл гэвэл он, цаг төрийн эрхээр үлэмжхэн нь үрэгдсэн боловч чамлахааргүй дурсгал бидний үетэй золгожээ. Үүнд: дээр цухасхан дурдсан Санкт-Петербургт буй “Чингисийн чулууны бичиг” (1224-1225), Ватиканы нууц Архивт буй Гүюг хаанаас Их Паптанд илгээсэн захидал дээр дарсан тамгын дардас (1246), Авга хааны албан захидал (1279), Ил хан Аргун, Газан нараас Пап ламтан IV Николас болон VШ Николаст удаа дараа илгээсэн захидал (1290, 1302), Хятад газар буй “1240 оны хятад монгол бичээс” буюу Өгэдэй хааны зарлиг, Парис хотноо Улсын архивт хадгалагдаж буй ил хан Аргун, Өлзийт нараас Францын Гоо Филипп вантанд удаа дараа илгээж байсан захидал (1289, 1305), Монголын эзэмшилд байсан Сири-палестины монгол захирагчийн зарлиг (хиджра тооллын 658 он буюу 1260), Тегеран хотноо хадгалагдаж буй мөн тэр үеийн хэд хэдэн захидал зэрэг албан бичгийн зүйл, хэдэн зүйл “Зүрхэн тольт” нэртэй хэлзүйн бичгүүд, ХШ-ХIV зууны үед хятад, төвд, самгардаас монголчилсон “Тахимдуу бичиг”, “Бодичарияавадара, түүний тайлбар”, Македоны Александрын тухай “Сулхарнайн тууж”, “Субашид”, “Бурхны арван хоёр зохионгуй” зэрэг иргэний болон шашны агуулга бүхий сонгодог зохиолуудын орчуулга гээд өдгөөг хүртэл жагсаахад давад барагдахгүй олон дурсгал монгол бичгээр байсан буюу үлдэж иржээ.
Эртний захидал, албан бичиг, ном судар, бичгийн соёл боловсрол өндөр түвшинд хүрснийг Турфанаас олдсон эртний тигээр бичсэн энэхүү судрын хуудаснаас үзэж болно.
Мөн тухайн үеийнхээ шинжлэх ухааны оргил гэгдэж байсан их бага таван ухааны олон мянган зохиолыг багтаасан 108 боть “Ганжуур”, 225 боть “Данжуур”, зурхайн гол үндэс “Солбицон барих бодрол бичиг” зэрэг орчуулгын дурсгалын зэрэгцээ олон зүйл ухааны бүхий л салбараар бичсэн монгол хүний өдий төдий зохиол туурвилыг хад чулуу, цаас, бөс, үйс, элдэв төмөрлөг тэргүүтэн дээр монгол бичиг тээн авчирчээ /Монгол улсын түүх, Дэд боть, 2005, 17 дахь тал/.
Днепр мөрний ойролцоогоос олдсон 26.5 см урттай монгол бичиг
бүхий пайзны ар, өвөр тал
Монголчуудыг түүхэнд хамгийн олон үсэг бичиг зохиож хэрэглэхийг оролдсон ард түмэн гэж хэлж болох боловч, цаг хугацааны хувьд хамгийн урт удаан бөгөөд тогтвортой, орон зайн хувьд нийт монгол туургатны тухайд нэгдмэл бөгөөд жигд хэрэглэсэн ганц бичиг бол монгол бичиг болно. Үүний учир юу вэ? Харьцангуй хожуу зохиосон бусад бичиг үсэг яагаад түүнээс давж гарсангүй вэ? Гэсэн асуулт гарна. Үүнийг монгол бичгийн үсэг зүйн онцлог хийгээд зөв бичих зүйн зарчмаас өөр зүйлээр тайлбарлах аргагүй. Үсэг зүйн хувьд энэ бичиг нь өргөн уудам нутагт тархан өөр өөрийнхөө нутгийн өвөрмөц аялгуугаар хэлэлцэгч олон монгол аймаг угсаатны хэлний онцлогийг жигд харгалзаад бичигт түүнийгээ үсэгзүйн аргаар эрх тэгш тусгаж чадсантай холбоотой ажээ. Тухайлбал: аливаа үгийг нутаг нутагт өөр өөрийнхөө аялгуугаар унших бүрэн боломжтойгоос гадна тухайн үгийн утга санаа монгол туургатан даяар нийтлэг нэг байх тул монгол бичиг нь олон аялгуугаар хэлэлцэгч монголчуудыг бичгээр нь нэгтгэн өгч байсан ажээ. Өөрөөр хэлбэл монгол хэлний нутаг нутгийн аялгууны онцлог бүрийг нягтлаад ямар авиа аль нутагт ямар авиатай хэрхэн сэлгэдэг зэргийг анхаарч тэдгээрийг бичигт гол төлөв нэгэн үсгээр тэмдэглэх зарчмыг баримталсан байна. Төрийн зүгээс ч монгол бичиг сургахад онцгойлон анхаарч цааз хуульдаа тусгай заалт оруулж байсан баримт бий. Тухайлбал: 1640 оны “Их цааз” хэмээх нийт Монгол даяар мөрдөж байсан хуульд:
“...Сайдуудын хөвүүд монголд эс сэхээрхүл эцгээс нь гунан морь аваад хөвүүнийг нь багшид өгч сурга ... Олонд танигдах хүмүүний хөвүүд монголд эс сэхээрхүл гунан хонь, олонхи мууг арван таван мөнгө...хөвүүний нь багшид өгч сургах нь урд мэт, хөвүүний нас арван тав хүртлээ эс сэхээрхүл цаазтай...” /Монголын соёлын түүх. Дэд боть, 1999, 17, 21 дэхь тал/
гэж онцлон зааж бага наснаас нь монгол бичигт сургах ажлыг хуульчилсан байдаг.
1.4. Дөрвөлжин бичиг
Монгол түмний бичиг үсгийн түүхийг эргэн үзэхэд үсэг бичгээ улмаар боловсронгуй болгох гэсэн эрмэлзэл нэг бус удаа гарсан ажээ. Гэвч эрмэлзэл гэдэг угтаа өөдрөг зүйл боловч эцсийн үр дүн чухамдаа ямар болох нь тэр бүр тодорхой байдаггүй билээ. Монголчуудын бичиг үсгээ боловсронгуй болгох гэсэн эрмэлзэл нь тухайн үеийн улс төрийн байдал, хэлний “шаардлага”, газар нутгийн хамаарал гэх зэрэг шалтгаанаас үүдэн гарч байсан тул их төлөв “тусгайлиг” шинжийг агуулж байжээ гэж хэлж болно. Монголын Юань төрийн үед уйгуржин бичгийг өөрчилж, шинэ үсэг зохион хэрэглэх оролдлого гарчээ. Хубилай хаан “Дөрвөлжин бичиг” гэдэг шинэ үсгийг монголын их эзэнт гүрний багш, төвдийн Сажа хийдийн лам Пагва Лодойжанцангаар зохиолгожээ. 1269 онд хааны тусгай зарлиг гарч дөрвөлжин үсгийг нийт их гүрний албан ёсны бичиг болгосон тухай тунхаглажээ /“Юан улсын судар”. 202-р дэвтэр/.
“Пагва лам Лодойжалцан (1235-1280) бол Төвдийн Сажа нутгийн алдарт бандид Гунгаажалцангийн ач хүү бөгөөд түүний эцгийг Содномжалцан гэдэг. Таван ухаанд мэргэшсэн бандид Гунгаажалцан (1182-1251) бол хэн бүхний мэдэх яруу найргийн алдарт зохиол “Субашид”-ыг зохиосон бөгөөд XIII зууны дунд үед Өгөдэй хааны хүү Годан ноёны урилгаар Хөх нуурт ирж монгол бичгийн анхны хэлзүй “Зүрхэн тольт”-ыг зохиосон бөгөөд энэ үедээ ач Лодойжалцанг дагуулан иржээ. Төвд эх сурвалжид дурдсанаар хожим Хубилай хаан Сажа бандидыг ордондоо залах гэж элч явуулсан боловч нас барсан тул түүний ач хүү Лодойжалцанг 18 настай байхад нь 1253 онд залж ирсэн ажээ. Лодойжалцан бол мэргэн бандидын дэргэд хүмүүжсэнээс гадна төрөлхийн гоц авъяастай хүн байсныг тэмдэглэсэн баримт олон буй. Долоон настайдаа хэдэн арван түмэн үсэгтэй судрыг уншин төгсгөсөн ба 1258 онд Бумбын ёсны мэргэдтэй ном хаялцан ялж нэн алдаршсан билээ. Саган Сэцэний “Эрдэний Товч”-д дурдсанаар Хубилай хаан түүний эрдмийг ихэд биширч багш шавийн барилдлага барьж “огоот туулсан дөрвөн авшигийг” хүртэж Лодойжалцанд “гурван газрын номын хаан Пагва хутагт лам” цолыг өргөж хас тамга хүртээжээ /Чоймаа.Ш, Дөрвөлжин бичиг. http://www.tanhim.net/.
Монголын дөрвөлжин бичиг хэмээх шинэ үсэг бичгийг Хубилай хааны даалгаваар Пагва хутагт лам зохиож дөрвөлжин үсгийн анхны сургуулийг өөрөө гардан явуулж байжээ. Монгол дөрвөлжин бичгийг төвд үсэгт тулгуурлан уйгуржин монгол бичгийн системд судалж зохиосон бөгөөд энэ тухай академич Ш.Лувсанвандан:
“Дөрвөлжин үсгийн дурсгалын зүйлийг үзэхэд Пагва лам тэр цагийн монгол ярианы хэлний авиазүйг сайн ажигласан төдийгүй уйгуржин монгол бичгийн систем, зөв бичих дүрмийг сайн судалж байж дөрвөлжин үсгээ зохиосон болох нь илэрхий байна” хэмээн өгүүлжээ /Чоймаа.Ш, Дөрвөлжин бичиг. http://www.tanhim.net/.
Пагва лам Лодойжалцан Хубилай хааны зарлигаар Монгол дөрвөлжин үсгийг зохиож дуусмагц 1269 онд улс гүрэн даяар албан хэрэгт хэрэглэх тухай Хубилай хааны зарлиг гарчээ. Уг зарлиг нь:
“Би санаваас үсгээр үгийг бичмүй. Түүгээр хэргийг тэмдэглэмүй. Энэ нь эрт ба өдгөөгийн нэвтэрхий хууль болой. Манай улс умард газар тулгар байгуулсан тул суртал нь хэмжээтэй, эртнийг эрхлэх тул дүрэм тогтоол үүсгэж завдсангүй. Аливаа хэрэглэх үсэг бичиг нь хятадын хичээнгүйлэх ба жич холхи олон улсын дүрмийг хянаваас тус тусдаа үсэг буй амуй. Өдгөө бичгийн засаг улмаар хөгжих үсэг бичгийг тогтоох нь дутуу, бүрдээгүй тул ийнхүү тусгайлан улсын багш Пагвад тушааж монголын шинэ үсгийг үүсгэн зохиолгов. Аливаа бичиг үсгийг орчуулан бичихэд үгийг дагаж хэргийг нэвтрүүлэхийг эрмэлзэх амуй. Түүнээс хойш аливаа хас тамга дарж бичиг тархаан буулгахад монголын шинэ үсгийг хэрэглэж басхүү хамтаар тус тусад нь түүний улсын үсэг бичгийг хавсруулагтун” /Чоймаа.Ш, Дөрвөлжин бичиг, http://www.tanhim.net/ хэмээсэн байдаг.
Энэ зарлигаас үзвэл Хубилай хаан өөрийн байгуулсан их Юань улсын хэмжээнд хэрэглэх тусгай шинэ бичигтэй болохыг эрмэлзсэн санаа тод харагдаж байна. Одоо олдоод байгаа дөрвөлжин бичгийн дурсгалын зүйлс дотор монголоос гадна хятад, төвд, санскрит, турк хэлний дөрвөлжин үсгээр бичсэн материал цөөнгүй буй. Ийм учраас алдарт монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов монголын дөрвөлжин бичгийг “олон улсын цагаан толгой” гэж нэрлэсэн билээ. Шинэ үсэг зохиох болсон туслах шалтгаан бол тухайн үеэс олон жилийн өмнө боловсорсон уйгуржин монгол бичиг нь XIII зууны монголын аман аялгуунаас зохих хэмжээний зөрүүтэй байсан бөгөөд нөгөө талаар уйгуржин монгол бичгийн цагаан толгойн үсгүүд хятад, төвд зэрэг Юань улсын бүрэлдхүүнд байсан улс үндэстний хэлний авиаг нарийн тэмдэглэхэд хүрэлцэхгүй байсан явдал болон төвдөөс уламжилсан бурхны шашныг төрийн шашин болгохыг зорьсонтой ч холбоотой байж болох юм. Өмнөх зарлигаас үзэхэд монголын дөрвөлжин бичгийг хэрэглэхдээ бусад үндэстний хэрэглэж байсан уйгуржин монгол, хятад, төвд зэрэг үсэг бичгийг дор нь халсангүй харин хамтад нь хэрэглэх шилжилтийн арга хэрэглэсэн нь тодорхой байна. Гэвч монголын дөрвөлжин бичгийг түгээн дэлгэрүүлэх талаар Хубилай хаан олон зүйлийн ажил зохиосон бөгөөд тухайлбал 1269 онд Юань улсын бүх 169 замд дөрвөлжин бичгийн сургуулиудыг үүсгэн байгуулж 1272 онд дөрвөлжин бичгийг заах улсын тусгай сургуулийг байгуулж голдуу монгол ноёд, түшмэдийн хөвгүүдийг сонгон авч сургаж байжээ. 1275 онд дөрвөлжин бичгийн хэргийг эрхэлсэн эрдмийн тусгай хүрээлэн байгуулжээ /Ш.Чоймаа. Дөрвөлжин бичиг. http://www.tanhim.net/.
Дөрвөлжин бичиг нь төвд, санскрит үсэгт тулгуурлан зохиосон үет үсэг бөгөөд Юань улсын үед амьдарч байсан Шэн-Си-Мин гэдэг хүний Фан-Шу-Као гэдэг номд 43 үсэгтэй гэж дурдсан боловч бүх үсгийг гүйцэд тодорхойлоогүй ба “Юань улсын судар”-т 41 үсэгтэй гэж тэмдэглэжээ. Дөрвөлжин бичгийн цагаан толгойн 41 үсгээс жинхэнэ монгол үгийг тэмдэглэхэд 23-аас хэтрэхгүй юм. Үлдсэн үсэг нь харь хэлний үгийг тэмдэглэх шаардлагыг хангасан үсгүүд байжээ. Үсгийн дүрс хэлбэрийг төвд үсгээр үлгэр болгосон болохоор дөрвөлжин дүр байдалтай харагддаг. Харин бичихдээ үе үеэр тасалж уйгуржин монгол бичиг шиг дээрээс доош буулган бичдэг юм. Өөрөөр хэлбэл Пагва лам дөрвөлжин үсгийг зохиохдоо үсгийн төрхийг төвд үсэгт тулгуурласан боловч бичлэгийн системийг монгол бичигт тулгуурлажээ.
“Амгалант тамга” гэсэн vг бvхий дөрвөлжин үсгээр бичсэн
тамганы дардас 1687 он
Дөрвөлжин бичгийг хэрэгжүүлж ирсэн анхны үед уйгуржин монгол бичгээс ялгахын төлөө “монголын шинэ үсэг” хэмээн нэрийдэж байв. Гэтэл “Үүнээс хойш монгол үсгийг шинэ үсэг хэмээн дуудаж болохгүй” гэж хааны зарлиг тусгайлан гарсны улмаас “Монгол улсын үсэг”, “Юань улсын үсэг” гэж нэрийдэх болжээ. Хожмын судлаачдын дунд “Дөрвөлжин үсэг”, “Пагва үсэг” гэж алдаршсан билээ. 1271 онд Хубилай хаан бас зарлиг нийтэлж дөрвөлжин үсгийг хэрэгжүүлсэн хоёр жилийн турш ахицгүй байгааг зэмлэж, цаашид дэлгэрүүлэх тухай 11 зурвас гаргажээ. Уг зарлигт дөрвөлжин үсгийг заан сургах сургуулийг түгээмэл байгуулах, холбогдол бүхий сайд түшмэд, албан хаагчдад “зуун өдрийн дотор монгол бичгийг (дөрвөлжин бичгийг) заавал сайтар сурч эзэмшихийг” шаардсаны хамт хүмүүсийн сурах дур сонирхлыг хөгжөөхийн тулд дөрвөлжин үсэг сурагсдыг “алба улаанаас хэлтрүүлэх” сайтар сурч боловсорсон хүнд “зүй зохисыг нь үзэж албан тушаал олгох” зэрэг зарлиг тогтоол гаргасан байна. Ингэж төрийн зүгээс зүйл зүйлийн арга хэмжээ авсан хэдий ч дөрвөлжин бичиг зуу гаруй жил хэрэглэгдээд зогссон байна. Дөрвөлжин бичиг нийт монгол үндэстний бичиг үсэг болж чадаагүйн шалтгаан гэвэл:
1) Юань улсын бүрэлдэхүүнд байсан монгол, хятад, төвд, уйгур зэрэг нь цөм дадан хэвшсэн эртний бичиг үсэгтэй, боловсорсон утга зохиолын хэлтэй байсан тул шинэ үсгийг тийм амархан авч чадахгүй байсан.
2) Дөрвөлжин бичгийг уйгуржин монгол бичигтэй харьцуулбал бичихэд хялбар бус, үеэр таслан бичиж цэг тэмдэг хэрэглэдэггүй тул үг, өгүүлбэрийн зааг тодорхойгүй байдаг зэрэг дутагдалтай байсан.
3) Уйгуржин монгол бичигт монголын олон аялгуунд сэлгэн хэлдэг авиануудыг адил үсгээр тэмдэглэсэн байдгийг Пагва лам дөрвөлжин бичигтээ ялган тэмдэглэх үсэг зохиосон билээ. Энэ нь монгол туургатны дунд түгээмэл түгэхэд саад болсон бололтой /Ш.Чоймаа. Дөрвөлжин бичиг. http://www.tanhim.net/.
Пагва лам их гүрний улсын бичгийг зохиохдоо зөвхөн цагаан толгойг нь боловсруулсан төдийгүй, харин монгол хэлний хувьд монголын утга зохиолын шинэ хэлийг зохион бий болгохыг оролджээ. Гэвч тэр нь эх монголоосоо тасархай бөгөөд хятадад төвлөрөн ноёрхож суусан монгол хаадын ордны хэсэг язгууртны ярьж байсан монгол хэлний зөвхөн ганц аялгууг үндэслэн зохиосон учир нийт монголчуудад ойлгомж муутай хэтэрхий шинэ чамин зүйл байсан бололтой. Энэ учраас ч дөрвөлжин үсэг нь Юань улсын хааны ордны хүрээнээс гадагш гарч төдий л чадсангүй, зөвхөн хаадын зарлиг зэрэг албан хэргийн хэл төдийхнөөр хэрэглэгдэн байгаад, Юань төр мөхмөгц аажмаар мартагдахад хүрчээ. Өдгөө бидэнд дөрвөлжин бичгээр уламжлан ирсэн, олдсоор байгаа дурсгалууд нь монгол, хятад, төвд, түрэг, араб хэлээр байгаа билээ. Элч төлөөлөгчид олгосон дөрвөлжин бичгийн бичээс бүхий пайзууд байх бөгөөд голдуу төмөрлөг зүйл ба хас чулуугаар үйлдсэн, дүгрэг, урт дөрвөлжин хэлбэртэй, оосорлон авч явах нүх бүхий байдаг. Пайзуудын үг, агуулга нь ойролцоо бөгөөд жишээлбэл монгол хэлээр дөрвөлжин үсгээр бичсэн бичээс бүхий нэгэн ширмэн пайзын үг нь “Мөнх тэнгэрийн хүчинд хааны зарлиг, хэн эс биширвээс алдтугай” гэжээ. Түүхэн сурвалжийн мэдээ, эрдэмтдийн судалгааг үзвэл Юань улсын үед олон ном судрыг дөрвөлжин үсгээр бичиж, барлаж байсан бөгөөд өдгөө бидний үед уламжлан ирсэн нь тун ховор ажээ. Мөн зоос, мөнгө, тамга тэмдэг, сүм хийдийн барилга дээрх бичээс зэрэг зүйлс нилээд үлдсэн байна. Одоогоор олдож байгаа дөрвөлжин бичгийн дурсгалууд нь он цагийн хувьд хамгийн сүүлчийх нь 1377, 1382 оны дурсгал юм. Сажа Бандид Гунгаажалцаны зохиосон “Субашид” хэмээх яруу найргийн зохиолыг орчуулаад дөрвөлжин үсгээр барласан номын нэгэн тасархай хуудсыг Финляндын нэгэн жуулчин 1906 онд дорнод Туркестанаас олжээ. Финляндын эрдэмтэн Г.Рамстедт эхлэн судалж XIV зууны эхэн үед дөрвөлжин үсгээр барласан бурхны шашны номын тасархай мөн гэж дүгнэжээ. Хожим түүний шавь П.Аалто проф. Л.Лигетийн хэвлүүлсэн “Субашид”-ын XIV зууны эхэн үеийн Тарнич тойн Сономгарагийн монгол орчуулгатай тулган судалж дөрвөлжин үсгээр байгаа уг номын тасархай хуудас нь “Субашид” болохыг баталжээ.
Энэ үед бүддийн шашны олон тооны ном зохиолыг голдуу уйгуржин бичгээр монгол хэлэнд орчуулж байсан нь тэр бичгийн байр суурийг улам бэхжүүлэхэд тус дөхөм болов. Монгол бичгийн хэл утга зохиолын хэл болон цаашид улам хөгжив. XIV зууны эхнээс аваад монгол бичгийн хэл нь өөрийн хөгжлийн шинэ үедээ оржээ. Монгол бичгийн хэл бүрмөсөн хэлбэршин төрхжиж, ардын амьд аялгууны нөлөөгөөр үүссэн шинэ шинэ зүйл бичгийн хэлэнд нэгэнт орж тогтворжоод, монгол үсгийн зөв бичих дүрэм ч зүгшрэн боловсров.
1300-1301 онд Ираны Шираз хотноо цутгасан Газан хааны алтан зоос.
Энэ зоосон дээр дөрвөлжин бичгээр “Газан хаан” гэж бичжээ.
Дөрвөлжин үсэг бүхий Зарлигийн элчийн тамга XV зуун
Тэр үеэр санскрит, түвэд, хятад, иран хэлнээс монгол хэлэнд ном зохиол орчуулах ажил их хийгдэх болсонтой холбогдон монгол хэлний үгсийн санд эдгээр хэлнээс урьд өмнө буюу тэр үед зээлдэн авсан ба үгчлэн орчуулсан үгс, нэр томъёо олшров. Жишээ нь: шашин (шашана), цадиг (жатака), бадир (патра), базар буюу очир (важра), сансар (сансара) зэрэг санскрит үгс, мөн болод (пулад), булгар (булгари), дарь (дари), дэвтэр (дафтар), тогос (таус) зэрэг иран үгс монгол хэлэнд орсон нь одоо ч гэсэн өргөн хэрэглэгдсээр байгаа билээ.
Эртний энэтхэг, төвдийн хэл зүйн ухааны нөлөөгөөр монголчуудын дунд хэл зүйг сонирхон судлах явдал мөн өрнөж байв. Эртний энэтхэгийн Банини (Панини МЭӨ V зуун), Түвэдийн Томисамбхата (МЭ VII зуун), Сажабандид Гунгаажалцан (1182-1251) зэрэг энэтхэг, түвэдийн хэлний онолчдын зохиолыг судлаж, онол сургаалы нь монгол хэлний өвөрмөц байдалд тохируулан хэрэглэх улмаар хэлний зүйн биеэ даасан зохиол номыг ч мөн бичиж туурвих болжээ. Тухайлбал, Чойжи-Одсэрийн “Зүрхний тольт” гэдэг зохиол байна. Чойжи-Одсэр бол ХIII-ХIV зууны үеийн монголын нэрт эрдэмтэн, гүн ухаантан, яруу найрагч мөн бөгөөд монгол хэлний судлал, орчуулгын талаар их зүйлийг бүтээжээ /Дамдинсүрэн.Ц, 1957, 102-116 дахь тал/. Энэ эрдэмтэний зарим ном зохиол сайн мэдэгдэж байгаа боловч өөрий нь тухай шинжлэх ухаанд мэдэгдсэн нь тун бага ажээ. Зарим сурвалж бичгийн (“Юан-ши”-ийн 24-р дэвтэр, ХҮП-ХIХ зууны монгол түүхийн зохиолууд зэрэг) мэдээнээс үзэхэд Чойжи-Одсэр Өлзийт (1295-1307) ба Хайсан хүлэг (1308-1311) хаадын үед лав 1321 оныг хүртэл ном зохиолын ажлаа хийсээр явжээ. Чойжи-Одсэр монгол хэлнээс гадна санскрит, түвэд, уйгур хэл бичгийг нэвтэрхий мэдэж байсан учир тэр цагийнхаа Дорно дахины соёл, ухааны өндөрлөгт байж чаджээ /Монгол улсын түүх. Дэд боть. 2005, 349 дэхь тал/.
Чойжи-Одсэрийн «Зүрхэн тольт» одоо болтол олдоогүй байгаа боловч энэ зохиолын талаар хожуу үеийн хүмүүсийн бичсэн тайлбаруудаас уул номынн гол утга агуулгыг мэдэх нөхцөлтэй юм. Эдгээр зохиол нь тайлбарлаж буй гол номын агуулгыг яг хэвээр нь оруулан бичихийг эрхэм болгодог тайлбар зохиолын үлгэр загвараар бичигдсэн учир, Чойжи-Одсэрийн зохиолын үндсэн агуулгыг мөнхүү зохиолуудаас сэргээн мэдэж болох байна. Чойжи-Одсэр монгол цагаан толгойн а, э, и, о, у, ө, ү гэдэг долоон эгшгийг тодорхойлж, тэдгээрээр үндсэн гийгүүлэгч үсгүүдийг хувилгах зарчмыг голчлон баримталж монгол цагаан толгойн тэмдэгтийг 123 үсгээр анх тоггоожээ. Өөрийн энэ зарчмыг тэр томъёолон бичсэн нь:
“Эгшиг үсэг амь эс орсон үсэг үгүй болой. Үлгэрлэвээс на, нэ тэргүүтнийг өгүүлэхийн цагт эгшиг оролгүй өгүүлж үл болох болой... Эгшгүүд хувилсан ёс нь: на-д о, у үсэг амь орж но, ну хийгээд нэ-д ө, ү амь орж нө, нү болсон мэт болой” /П.Б.Балданжапов, 43 дахь тал/ гэжээ.
Чойжи-Одсэр нь монгол үсгийг чанга, хөндий, саармаг гэж гурван анги болгон хувааж үсгийн дэвсгэрлэх ёсыг боловсруулснаас гадна монгол хэлний авиаг дуудахад нь оролцох эрхтний байрлалаар оггоргуй, хий, гал, ус, шороо гэдэг таван махбоди болгон хуваажээ. Чойжи-Одсэр монгол бичгийн эгшиг зохицох ёсыг анх нээн боловсруулсныг хэлний мэргэжилтэн нар Монгол хэл шинжлэлийн том амжилт мөн гэж үздэг билээ. Эгшиг зохицох ёсны гол дүрэм нь:
1. А, О, У эр эгшгийн дараагаар зөвхөн тийм эр эгшиг орно.
2. Э, Ө, Ү эм эгшгийн дараагаар зөвхөн тийм эм эгшиг орно.
3. И гэдэг эрсүү буюу саармаг эгшиг эр, эм эгшгийн алинтай нь ч нэг үгэнд орж болно.
Тийнхүү Чойжи-Одсэр хуучин монгол бичгийн зөв бичих дүрэм, авиалбар зүйн үндсэн дүрмийг боловсруулсан ажээ. Түүний «Зүрхний тольт» бол монголын хэлний судлалд гарсан нэг том амжилт байв. Энэ зохиол сүүлийн үе хүртэл монгол бичгийн хэлний зүйд үндсэн гол үүрэг гүйцэтгэж, монгол хэлний судлалын ухааны хөгжилд их нөлөө үзүүлжээ.
1.5. Хэвтээ дөрвөлжин бичиг
Өндөр гэгээн Занабазарын “Хэсэг бусаг зарлигийн хураангуй” хэмээх номын эцэст нэгэн зүйл үсгийн цагаан толгой хавсаргасан байдаг бөгөөд энэ тухай анх П.С.Паллас номдоо дурдаж, И.Клапрот, Банзарын Дорж, А.Бобровников, А.Уайли нар номдоо “hor-yig” буюу “монгол үсэг” гэж нэрлэжээ. А.Позднеев номдоо энэ бичгийн талаар тодорхой мэдээ баримт байхгүй, “оньсого” мэт гэж дурдсан байдаг. 1952 онд академич Б.Ринчен тэрхүү “оньсого” болсон үсгийн тухай олны сонорт хүргэж соёмбо бичигтэй нэгэн дор Өндөр гэгээнтэн зохиосон гэж тодруулан дурдсан байдаг /Ринчен.Б, 1964/. Энэ бичгээр үлдсэн дурсгал гэвэл харьцангуй цөөн, хэдэн зүйл цагаан толгой, тарнийн үсэг хийгээд Ж.Цэвээн гуайн цуглуулгаас профессор Д.Карагийн олсон тамгын дардас болон Гандан хийдийн гавжтан Данзан-осор гуайн цуглуулга дахь сүмийн ханын чимэг бичээс тэргүүтэн зүйл, гол төлөв Эрдэнэзуу хавиас олддог нь Өндөр гэгээнтэнтэй холбоотойг давхар батлаж байгаа буй заа. Хэвтээ дөрвөлжин бичгээр бичих чиг, цагаан толгойн бүрэлдэхүүн зэрэг нь соёмбо бичигтэй бараг адил, харин соёмбо бичгийг ланз үсгийн хэлбэрт шүтсэн бол хэвтээ дөрвөлжнийг төвдийн дөрвөлжин буюу “тамга” үсгээс эх загвар авсан гэж үзэх үндэстэй. Чухам ямар шалтгаанаар энэ бичгийг зохиох болсон нь одоо хэр учир битүүлэг боловч мөн л номын гурван “гэгээн” хэлээр бичих бүрэн боломжтой нь цагаан толгойнхи нь бүрэлдэхүүнээс харагддаг. Энэ бичгээр үлдсэн дурсгал өнөөдрийн байдлаар хэдийгээр цөөн, хязгаартайхан байгаа боловч хэлний байдлыг нь үзэхэд, соёмбо бичгийн нэгэн адил ХVII-ХVIII зууны халх аялгууны онцлогийг зохих хэмжээгээр тусгасан байдаг.
Хэвтээ дөрвөлжин vсгийн модон барын дардас
1.6. Тод бичиг
1640 онд Ойрд, Халхын ноёд цугларч “Их цааз” гэдгийг тогтооход оролцжээ. Ойрдын Эрдэнэ Баатар хунтайжийн санаачилгаар монголын билгийн улирлын XI жарны төмөр луу жилийн намрын дунд сарын шинийн таванд Тарвагатайн Улаан Бураа хэмээх газар Халх, Ойрдын ноёдын чуулган болсон бөгөөд түүнд Халхын Засагт хан Субадай, Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан аймгийн нөлөөтэй том ноёд, Ойрдын Эрдэнэ Баатар хунтайж, Хөндлөн Увш, Хошуудын Гүүш хан Төрбайх зэрэг халх, ойрд, хөх нуурын монголчууд, Ижил мөрний торгуудын гол гол ноёд оролцсон ажээ. Тэр чуулган феодалын бутралыг давж, үндэсний нэгдсэн улсыг сэргээн бэхжүүлж, харийн дайсныг хамтран эсэргүүцэх хэрэгт монгол угсаатны хамтын хүчин зүтгэлийг нэгтгэх гол зорилтыг тавьсан билээ. Энэ чуулганаар шарын шашныг түгээн дэлгэрүүлэх тухай бас хэлэлцсэн бөгөөд 1641 оны хавар Халхын Засагт хан Субадай Зая Бандидыг урин залж, улмаар Түшээт хан, Сэцэн ханыд заларсан байна. “Их цааз” тогтоосон 1640 оны чуулганд Зая Бандид оролцсон учраас түүнийг халхын ноёд бишрэн хүндэлж дараа жил нь өөр өөрийн нутагтаа залсанбайна. Зая Бандид халхад явсан зорилгыг Оросын түүхч доктор И.Я.Златкин:
“Халх долоон хошуунд Зонховын шашныг дэлгэрүүлэхийн сацуу Халхын 3 хантай учирч Манж чин улсын түрэмгийллийн эсрэг нэгдэх гэсэн Халх, Ойрдын хуулийн гол санааг давтан сануулах зорилгоор явсан бололтой” /Ш.Чоймаа, Тод бичиг, http://www.tanhim.net/ гэж тодорхойлжээ.
Энэхүү Зая бандид нь монголын бичиг, үсгийн соёлд томоохон байр эзэлдэг тод бичгийг зохиосон хүн юм. Ойрдын Зая Бандид Огторгуйн Далай хэмээх Намхайжамц (1599-1662) хулгана жилийн өвөл буюу 1648 онд Чүй мөрөнд өвөлжих үедээ Тод хэмээх бичгээ зохиожээ. Энэ үеийн улс төр, нийгмийн байдлыг үзвэл монголчуудын тусгаар тогтнолд Манжийн зүгээс заналхийлж, бас буддын шашны нөлөө гуравдахь удаагаа хүчтэй болж байснаас гадна нийт монголчуудын эв нэгдлийн хувьд тийм ч таатай цаг биш байжээ. Зая Бандид Намхайжамцын намтар “Сарны гэрэл” хэмээх номыг түүний шавь Раднаабадраа 1691 онд туурвиж үлдээсэн бөгөөд энэхүү намтар зохиолын монгол тод бичгээр уламжилсан эх нь Монгол улсад байхаас гадна тод бичгээр байгаа хэд хэдэн бичмэл эх нь ОХУ-д хадгалагдаж байна.
“Ойрдын хошууд Яст Гөрөөчин отгийн Шангас овогт их бандид Огторгуйн далай буюу Намхайжамц нь 1599 он буюу шороон гахай жил Баавханы тавдугаар хүү болон мэндэлжээ. Тэр цагт дөрвөн ойрдын ноёд нэг нэг хүүгээ сахил хүртээж банди болгоё хэмээн тохиролцсон тул Байвгас баатар Намхайжамцыг 17 настайд нь үрчлэн авч сахил хүртээн лам болгожээ. Тэрчлэн авсан эцэг Байвгас нь Чингисийн дүү Хавт Хасарын удмын ноён бөгөөд Дөрвөн Ойрдын түүхэнд зартай хүний нэг билээ. Намхайжамц 1617 онд Төвдийн Цогт Брайбүн хийдэд шавилан суужээ. Энд 20 гаруй жил “таван ухаан”-ы номд шамдан сурч, гоц авъяас билгээрээ гайхуулж Равжамба хэмээх цол хүртжээ. Тэрбээр 1638 онд Төвдөөс Ойрд нутагтаа заларсан ажээ. Зая Бандидыг нутагтаа эгэхээс өмнө тавдугаар далай лам Лувсанжамц уулзаж мутрынхаа эрихийг хайрлаж, “Чи миний төлөө монгол хэлтэнд гарч, шашин хийгээд амьтанд ном үзүүлж туслан үйлд” хэмээжүхүй. Ингээд Зая Бандид 1639 оны намар нутагтаа ирж Тарвагатайн Харавгайд Очир тайжийнд ирж өвөлжжээ.
Зая Бандид 1640 оны орчмоос ном орчуулах үйлээ эхэлсэн гэж үздэг. Түүний намтарт “барс жилээс хойд барс жил хүртэл орчуулав” хэмээн 177 номын нэрийг дурдсан буй. Энэ хугацааг судлаачид 1650-1662 он гэж үзэх боловч орчуулсан номын жагсаалтанд үүнээс өмнө орчуулсан бүтээл ч хэд хэд байгаа тул бас эргэлзээ төрүүлж байна. Магадгүй “барс жилээс хойд барс жил хүртэл” гэдэг нь 1638-1662 он буюу 24 жилийн хугацааг заасан хэрэг байж болох юм. Зая Бандид 1648 оны өвөл монгол бичгийг засварлан тодорхой болгосон тод бичгээ зохиожээ. Зая Бандид “Үсгийн найрлага” хэмээх цагаан толгойнхоо төгсгөлийн үгэнд тод бичиг зохиох болсон зорилгоо “Омог монгол улсын хувьтанд хялбар болгохын тулд” гэж тодорхойлжээ. Үүнээс үзвэл тод бичгийг зөвхөн дөрвөн Ойрдод зориулсан бус болох нь тодорхой юм. Зая Бандид 1662 оны намар Ойрд нутгаас Төвдөд очих замын зуур 63 сүүдэртэй байхдаа өвдөж таалал төгсчээ. Зая Бандид Намхайжамц бол одоо хүртэл хэрэглэсээр байгаа тод бичгийг зохиож, эртний дорно дахины олон ухааны судар шаштирыг эх хэлнээ орчуулж, шашин төрийн үйл хэрэг, монгол туургатны эв нэгдлийн төлөө хүч билгээ зориулж явсан соён гэгээрүүлэгч эрдэмтэн хүн билээ /Ш.Чоймаа, Тод бичиг, http://www.tanhim.net/.
Тод бичиг хэмээн нэрлэсний учир нь монгол бичгээ тодорхой нарийн болгосныг өгүүлж буй хэрэг юм. Монгол бичгийн чухам юуг тодорхой болгосныг өгүүлэхийн урьд монгол бичгийн зарим онцлогийг тодруулах хэрэгтэй юм. Орчин цагийн монгол хэл халх аялгуунд биеэ даасан авиалбар буюу үгийн утга ялгадаг авианы заримыг монгол бичигт нэгэн дүрсээр тэмдэглэсэн байдаг. Үүний гол шалтгаан бол эртний монгол хэлэнд тухайн авианы зарим нь үүсэн бий болоогүй буюу биеэ даасан авиалбар болж чадаагүй байсантай холбоотой билээ. Монгол бичиг маань монгол хэлний олон аялгуунд сэлгэн хэлэгддэг авиаг нэг дүрсээр тэмдэглэснийг бид мэднэ. Үүний учир шалтгааныг нэрт монголч эрдэмтэн Г.Д.Санжеев ийнхүү өгүүлжээ:
“Ямар учраас дундад зууны үеийн монгол хэл бичгийн хүмүүс уйгур үсгийг авахдаа хожим манж нар үсгээ зохиохдоо дусал бинт нэмэх зэргээр маш нарийн болгосны нэгэн адил авиалбар бүрийг нарийн ялгахын тулд ямар нэгэн нэмэлт тэмдэг хийж оновчтой хэрэглэж чадсангүй вэ гэж асууж болно. Түүний бүх баримт зүйлийг анхааралтай судалж үзвэл хэл шинжлэлийн ноцтой үндэс байсан юм гэж дүгнэж болох байна. Түүнд XIII зууны эцсээр Хубилай хааны үед монголчууд энэхүү боловсон бус үсгийг төвд цагаан толгой дээр үндэслэсэн бүр нарийн үсгээр солихыг оролдсон юм. Хэдий тийм боловч энэхүү оролдлого нь амжилт олсонгүй. Мөн үүнчлэн XVII зууны дундуур зохиосон, авианы талаар маш нарийн Зая Бандидын “тод үсэг” нь ойрдын зарим аймгийн дунд өргөн дэлгэрч чадсангүй. Хэлний нутгийн аялгуу нь үлэмж олон салбар бөгөөд тэдгээр аялгууны хоорондын ялгавар нь нэгэнтээ жигдрэн нийлээгүй байх үед үлэмж нарийн цагаан толгойтой үсэг нь зайлшгүй аль нэг нутгийн аялгуун дээр үндэслэх хэрэгтэй болдог байна. Тэгвэл тийм бичиг үсэг нь бусад бүх аялгуугаар хэлцэгчдэд ойлгомжгүй болдог байна. Чухам ийм учраас Хубилай хааны дөрвөлжин үсэг, жич Ойрдын зарим аялгуудын дунд Зая Бандидын тод үсэг авиан зүйн талаар боловсон бус цагаан толгойтой хуучин монгол үсэгтэй өрсөлдөж хүчин мөхөстжээ. Хэлний олон салбар нутгийн аялгуу бүхий нөхцөл байдалд нэг бол дундад зууны үеийн Монголд болсонтой адил авиан зүйн талаар олон нутгийн аялгууны дундын чанартай бичиг зохиох хэрэгтэй, эсвэл дундад зууны үеийн Францад болсон шиг нийт улсынхаа бичиг харилцааны ашиг тусад тохируулалгүй салангад аялгуу бүрд бичиг үсэг буй болгох замаар орох хэрэгтэй болдог ажээ. Хуучин монгол бичгийн хэлний онцлог чухам энэхүү дурдсан зүйлээр тайлбарлагдах нь түүний цагаан толгойн үсгийн бүрэлдхүүнээс илэрхий байна” гэжээ /Ш.Чоймаа. Тод бичиг. http://www.tanhim.net/.
Эрдэмтэн Г.Д.Санжеев өгүүлсэнчлэн “үлэмж нарийн цагаан толгойтой бичиг үсэг нь зайлшгүй аль нэг нутгийн аялгуун дээр үндэслэх хэрэгтэй” бөгөөд энэ учир шалтгааны улмаас Зая Бандидын зохиосон тод үсэг ч баруун монголын аялгуунд үндэслэсэн юм.
Тод бичгээр бичсэн Алтангэрэл судраас XVII –зууны эх
Тод үсгийг Зая Бандид анх зохиохдоо нийт монгол хэлтэнд зориулсан боловч бүх монголчуудад дэлгэрч чадалгүй зөвхөн ойрдын бичиг болон хувирсан явдал бол өмнө өгүүлсэнчлэн олон аялгуу дундын шинжтэй монгол бичгийг тодорхой нэг аялгуунд ойртуулснаас шалтгаалжээ. Мөн тод бичиг нь монгол бичиг шиг хурдан бичихэд төвөгтэй, нарийн зурлага олонтой байсан нь бас нөлөөлжээ. Гэвч тод үсгийн ололттой зарим зүйлийг хожмын үсэг зохиогчид ашиглаж байжээ. Тухайлбал 1905 онд Буриадын лам Агваандорж тод үсэгт тулгуурлан буриадын шинэ үсгийг зохиосон бөгөөд олны дунд “Вагиндрагийн үсэг” хэмээн алдаршжээ.
Монголчууд олон үеийн турш хэд хэдэн бичиг үсэг зохион хэрэглэж, түүгээрээ ном зохиолоо туурвин үлдээснийг бид мэднэ. Тод бичгээр туурвисан бүтээл нь монгол бичгийн дараа орохуйц арвин сан хөмрөгтэй юм. Тод бичгийн дурсгалын дийлэнх нь гар бичмэл байх бөгөөд одоо Монгол улсын нийтийн номын сан болон хэл зохиолын хүрээлэнгийн номын хөмрөгт давхардсан тоогоор 2000 гаруй ном байгаа ажээ.
Тод бичгээр бичсэн Мэргэ төлгийн бичиг XVII- зуун
ОХУ, БНХАУ, Герман зэрэг бусад орны номын санд тод бичгийн дурсгалууд арвин байгаа юм. Берлин хотын Гумбольдтын их сургуулийн Азийн судлалын хүрээлэнтэй МУИС-ийн монгол хэл шинжлэлийн тэнхим хамтран ажилладаг бөгөөд 1989 оны намар миний бие Берлинд очиж, улмаар Дрезден мужийн Хернхүт хэмээх жижиг хотын сүмийн архивт хадгалагдаж байгаа тод бичгийн дурсгалыг долоо хоног үзэж танилцах сайхан боломж олдсон билээ. Тэнд монгол бичгийн Алтангэрэл, Үлгэрийн далай, Ушаандар хааны тууж, Увш хунтайжийн тууж, Улаан сувд эрих сургаалын зохиол тэргүүтэй нэлээд арвин дурсгал хадгалагдаж байна.
1.7. Галиг үсэг
Монгол Их Гүрэн мөхсөний дараахь хоёр зуун жилд монголчуудын дунд утга зохиол, орчуулгын ажил тасалдаж зогссонгүй, харин бага хэмжээгээр боловч үргэлжлэн явагдаж байсныг 1944 онд Өвөр Монголын Олон сүмийн нуранхай суварганаас олдсон 211 гар бичмэл тасархай хуудаснуудын боодол гэрчилж байгаа юм. Тэдгээрийн бичлэгийн хэлбэрийн онцлог, мөн бичсэн цаасыг химийн аргаар шинжилсний дүнгээс үзэхэд гар бичмэл тасархай хуудаснууд нь цөм XV зууны эцэс XVI зууны үед хамаарагдаж байгаа ажээ, 211 тасархай хуудасны давуу ихэнх нь буддын шашны холбогдолтой ном судрын орчуулга, зөвхөн дөрвөн хуудас нь шашны бус иргэний агуулгатай (захидал, сүмд өргөсөн зүйлсийп жагсаалт, сургаал) зэрэг болно.
XVI зууны эцсээс эхлэн буддын шашны ном судрыг монголчлох ажил улам хүчтэй болов. Тэр үеэс бичиг ном заах ажил ч идэвхжиж ирсэн байна. Аюуш гүүшийн дэргэд нэлээд олон хиа нар шавилан сууж байсан тухай мэдээ байдаг. Аюуш гүүш бол XVI зууны Монголын эрдэм номтой хүмүүсийн нэг мөн. Тэр нь ялангуяа Монголын орчуулгын түүхэнд их зүйл бүтээснээс гадна энэтхэг, түвэд үгийг монгол бичгээр галиглах ёсыг 1587 онд боловсруулан гаргажээ. Эдгээр шавь нарын дотор 1621, 1624, 1627 онуудад Халхын Цогт тайжийн чулууны бичээсийг сийлэлцсэн бөгөөд Лигдэн хааны үед орчуулсан монгол Ганжуурын дотор байдаг “Хутагт эрдэнэ гарахын орон” нэрт их хөлгөн судрыг бичсэн Сэцэн дайчин хиа багш байжээ. Аюуш гүүш Юан улсын үед Шаравсэнгийн монголчилсон “Хутагт Банзрагч хэмээх таван сахъяа” гэдэг их хөлгөн судрыг 1587 онд дахин засаж орчуулсан ба мөн “Хутагт цагаан шүхэрт”, “Хар хэлэн нэрт” зэрэг номыг XVI зуунд монголчилсон байна. Аюуш гүүшийн зохиосон галигийг “Али гали” үсэг хэмээн нэрлэдэг нь энэтхэг хэлээр эгшиг гийгүүлэгчийг тэмдэглэх үсэг гэсэн утгатай болно. Өнө эртний түүхтэй монгол бичиг маань олон монгол хэл, аялгууны авиалбар, түүний хувилбарыг нэгтгэн цөөн тэмдэгтээр тэмдэглэж чадсан боловсорсон бичиг боловч харь орны үгийг нарийн тодорхой тэмдэглэхэд үсгийн тэмдэг дутагдах болжээ. Ер нь ямар ч цагаан толгойн үсгийн тэмдгүүд энэ шаардлагыг хангаж чаддаггүй юм. Тийм ч учраас хэл, хэлний авиаг шинжлэн судлах, сурч мэдэхийн тул тусгай нарийн тэмдэгт үсгүүдийг зохиодог. Ийм үсгийг галиг үсэг буюу транскрипци гэдэг. Ийнхүү тухайн хэлний бүх авиаг бүх онцлогтой нь тэмдэглэх галиг үсгийг авиан зүйн галиг үсэг гэдэг. Одоо дэлхий дахины олон улсад галиг үсэг хэрэглэхдээ латин цагаан толгойн үсгийг суурь болгож түүнд олон нэмэлт тэмдэг нэмж хэрэглэх заншилтай болжээ. Тухайн хэлний авиалбар, түүний хувилбарыг хэлэхүйн урсгалд нь нарийн тэмдэглэхийг эрхэмлэсэн транскрипци буюу үгчлэн буулгах авиа зүйн галигаас гадна уг хэлний цагаан толгойн үсэг бүрийг үсгийн нэгэн тэмдэгтээр тэмдэглэх транслитераци буюу үсэгчлэн буулгах галиг гэж байдаг. Бид одоо монгол бичгээ сурахдаа үсэгчлэн буулгах галиг хэрэглэн агула (уул), халагун (халуун), шибагу (шувуу) гэх мэтээр тэмдэглэж байгаа билээ.
1587 онд Харчины Аюуш гүүш монгол бичгийн галигийн тогтолцоог зохион боловсруулжээ. Монгол бичгийн хэлний түүхэн хөгжлийг монголч эрдэмтэн Б.Я.Владимирцов гурван үетэй гэж үзсэн бөгөөд өдгөө хүртэл дэлхийн монголч эрдэмтэд даган баримталж байна. Тэрхүү хөгжлийн үе бүрийн онцлогийг монголч эрдэмтэн Г.Д.Санжеев ”Монгол хэлнүүдийн харьцуулсан хэлзүй” хэмээх номдоо:
“Нэгдүгээр үе нь 13 дугаар зууны эцсээр төгссөн бөгөөд энэ үед монгол бичиг үсгийг гол төлөв төрийн бичиг хэрэгт хэрэглэж байжээ. Хуучин монгол бичгийн хэлний хоёрдугаар үе нь 14 дүгээр зууны эх, 16 дугаар зууны эцсээр тохиолдох бөгөөд энэ үед монгол бичгийн хэл нь төрийн бичиг хэрэгт үргэлжлэн үйлчилж мөн бурхан шашны ном судрыг монгол хэлэнд орчуулахад өргөнөөр хэрэглэгдэж эхэлжээ. Чухам энэ үед уйгар, согд, хотон, кучар, карашар, перс ба бусад хэлний үгс хуучин монгол хэлэнд олноор нэвтрэн оржээ. Мөн монгол хэлэнд уйгар, иран үгс нэвтрэн орохын хамтаар нэлээд тооны араб үгс тэр ч байтугай грек үгс хүртэл орсон байна. Энэ үеийн туршид мөн урьдах үеийн нэгэн адил уйгар үсгийг зөвхөн бичих хэлбэрийг бяцхан өөрчилж бараг хэвээр нь хэрэглэсээр байжээ. Энэ учраас эл хоёр үеийн цагаан толгойг уйгаржин монгол үсэг гэж нэрлэдэг байна. Хуучин монгол бичгийн хэлний хөгжлийн гуравдугаар үе нь 16 дугаар зууны эцэс 17 дугаар зууны эхэн үеэс эхэлсэн бөгөөд энэ үеэс уул хэл ба цагаан толгойн аль аль нь үлэмжхэн өөрчлөгдсөн байна. Тухайлбал ойлгогдохгүй болсон хуучин үг хэллэгийг нь шинэ үг хэллэгээр сольж ардын нутгийн аялгууны зүйл өргөнөөр нэвтрэн орох зам нээгдээд хуучин уйгар, иран үгс байсны зэрэгцээ төвд үгс нэвтрэн орж эхэлжээ. Мөн бичиг нь хувиран өөрчлөгдөж цагаан толгойн зарим үсгийг нарийвчлан тодотгож хэрэглэх болов. Энэ бүгдийн үрээр сонгодог монгол бичгийн хэл бүрэлдэн тогтож энэхүү хэлийг БНМАУ-д сүүлийн үе хүртэл утга зохиолын хэл болгон хэрэглэж БНМАУ-ын монголчууд одоо хүртэл хэрэглэсээр байна” гэж тодорхойлжээ.
Монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үе буюу сонгодог бичгийн хэл буй болоход монгол бичгийн галигийн тогтолцоог боловсруулан зохиосон нь үлэмж нөлөө үзүүлсэн бөгөөд академич Б.Ринчен:
“Аюуш гүүшийн галиг үсэг зохиосноос хойш олон ном судар орчуулсан, зохиосон зүйлд тэр галигийг нь хэрэглэсэн цаг нь яг монгол хэлний шинэ үе гэж шинжилсэн үе таарах тул шинэ үеийн эх нь тэр галиг зохиосон оноос тоолж болох магадлал баримтыг нь бид олжээ” /Ш.Чоймаа. Галиг үсэг. http://www.tanhim.net/ хэмээн бичсэн буй
Аюуш гүүшийн галиг үсгийг “Али-гали”-ийн үсэг гэж бас нэрлэх бөгөөд али- эгшиг, гали-гийгүүлэгч гэсэн санскрит үг ажээ. Галиг гэдэг үг маань ч энэхүү гали гэсэн үгтэй гарал нэг буй. Аюуш гүүш санскрит хэлний 16 эгшиг, 34 гийгүүлэгч, төвд хэлний 4 эгшиг, 30 гийгүүлэгч үсгийг монгол бичгээр бичих галигийг зохиохдоо монгол бичгийнхээ авиан зүй, үсэг зүй, санскрит төвд хэлний авианзүйн онцлогийг тун нарийн ажиглан шинжилсэн байдаг. Аюуш гүүшийн галиг үсэг нь гадаад үгийг үгчлэн буулгах (транскрипци), үсэгчлэн буулгах (транслитераци) хоёр зүйлийн галигийг нэгэн хамтад гүйцэтгэж чадах галиг үсгийн тогтолцоо болсон юм. Аливаа үсэг бичиг түүнд хийсэн шинэтгэл хэр зэрэг шинжлэх ухаанч болж вэ? Гэдгийг хожим яаж түгж дэлгэрснээр нь багцаалж болох билээ. Ингэж үзвэл Аюуш гүүшийн галиг үсгийг зохиосон цаг үеэс нь эхлэн төвд, санскрит хэлнээс орчуулсан нэн арвин судар номд нарийн чанд мөрдөн хэрэглэж ирсэн билээ. Одоо бидний хэрэглэж байгаа монгол бичгийн цагаан толгойн гадаад үгийг тэмдэглэдэг П, Ф, Ц, З, К, ЛХ зэрэг үсгүүд бол мөн л Аюуш гүүшийн зохиосон галигаас авчээ.
Банзрагч буюу таван сахияан хэмээх судрын доторхи санскрит хэлний тарнийн үгийг али галгийн үсгээр (Аюуш гүүшийн галигаар) анх тэмдэглэсэн гэж академич Ц.Дамдинсүрэн бичжээ. Монголчуудын дунд “Бардам бандиар банзрагч уншуул, Бардам хүүхнээр панс оёул” гэсэн зүйр үг байдаг. Энэ нь Банзрагч хэмээх судар бол зүгээр төвд үсэг гаргаад уншдаг банди уншиж чадахгүй, тарни унших аргыг мэддэг лам шударга уншиж чадах тарнийн үг элбэгтэй судар болохыг хэлж байгаа билээ. Нууц увдис тэргүүтэнтэй холбоотой тул судрын доторхи тарнийн зүйлийг ер орчуулдаггүй тэр хэвээр нь буулгадаг уламжлалтай билээ. Ийм учир төвд хэлнээс өдий төдий хөлгөн судар орчуулахдаа түүнд гарах тарнийн зүйлийг али-галийн үсгээр л буулгадаг журамтай байжээ. Аюуш гүүшийн зохиосон галиг үсгийн тогтолцоо нь хожмын хэлний мэргэдийн бүтээлд их нөлөө үзүүлсэн бөгөөд тухайлбал ойрадын Хошууд яст Гөрөөчин отгийн Шангас овогт их бандида Огторгуйн далай буюу Намхайжамцын тод бичгийн галигт их тодорхой харагддаг. 1648 онд тод бичгийг зохиосон ойрдын зая бандид Намхайжамц энэтхэг төвд үсгийг тэмдэглэх тод бичгийн галиг үсэг зохиосон бөгөөд олонхи үсгийн хэлбэр нь Аюуш гүүшийн галиг үсэгтэй яг тохирдог байна. Харин зарим үсгийн хэлбэрийг аль болохоор төвд үсгийн хэлбэрт ойртуулахыг хичээсэн тал ажиглагддаг юм.
Ийнхүү 1587 онд Аюуш гүүш монгол бичгийн галиг үсгийн тогтолцоог буй болгосноор их бага таван ухааны үлэмж арвин ном судрыг төвд хэлнээс монгол хэлэнд саадгүй орчуулах нөхцөлийг бүрдүүлж, монгол бичгийн хэлний хөгжлийн шинэ үеийг эхлүүлжээ. Аюуш гүүшийн галиг үсэг болон хожим манж, хятад хэлний зарим авиаг тэмдэглэх цөөн үсэг нэмсэн монгол үсгийг хэрэглэн гадаадын ямар ч үгийг тэмдэглэх бүрэн боломжтой болжээ. Монгол бичгийн галиг үсэг нь үгчлэн буулгах, үсэгчлэн буулгах хоёр зүйлийн хэргийг хамтад гүйцэтгэдэг байсан тул үсэгчлэн буулгасан галигийг зөв уншихын учир эрх биш төвд хэлийг гадарлах нь чухал байдгийг дурдах хэрэгтэй юм. Урьд өмнийн бичгийн хүмүүс төвд, манж зэрэг хэлийг сайн мэддэг байсан тул төвдөөр өгсөн монгол хүний нэрийг бичихдээ ч төвдөөр нь яаж бичдэгийг тун чанд баримтлан бичдэг байсан. Монголчуудын хэрэглэж ирсэн олон зүйл бичиг үсэг нь бүгд л өөр өөрийн тогтолцоондоо тохирсон, тухайн зорилго, шаардлага хангасан галиг үсэгтэй байжээ. Жишээлбэл дөрвөлжин бичгийн цагаан толгой 41 үсэгтэй байснаас жинхэнэ үгийг тэмдэглэхэд хэрэглэдэг үсэг нь 28-аас хэтрэхгүй юм.
Монголчууд өөрийн үсэг бичгээ улам боловсронгуй болгох, дэлхийн олон улс орны соёлоос хүртэж харилцаа холбоогоо өргөтгөхөд монгол галиг үсгийн тогтолцоо эрхэм үүрэгтэй байжээ.
1.8. Соёмбо үсэг
Тод үсгийг зохиосноос 40-өөд жилийн дараа, 1686 онд Халхын анхдугаар богд, Өндөр гэгээн Занабазар (1635-1723) энэтхэгийн ланз үсгийн хэлбэрт тулгуурласан соёмбо (санскритээр svayan-bhu буюу “өөрөө буй болсон гэгээн” гэсэн утгатай) хэмээх бичгээ зохиожээ.
Зохиосон гол шалтгаан гэвэл нэгд, манж нарын түрэмгийллийг сөргүүлэн Монгол улсын тусгаар тогтнолын бэлгэдэл болгож, хоёрт шашин суртлын хүрээнд номын гурван гол хэл буюу монгол, төвд, санскрит хэлээр нэгэн зэрэг бичиж болох бичгийг буй болгоод түрүүн орчуулсан ном судрын алдаа, тарнийн үсгийн алдаа, мадаг тэргүүтнийг шүүтгэн засч, тэрхүү бичгээрээ дахиж хэвлэх зорилготой байсан гэдэг тайлбар байдаг.
Соёмбо бичиг нь монгол, төвд, санскрит хэлний аялгууг зэрэг тэмдэглэх зорилготой тул 90 шахам үсэгтэй. Голдуу зүүнээс баруун тийш бичдэг боловч бас босоо бичсэн зүйл ч байдаг. Үсэг холбож үг болгохдоо санскрит-төвд бичгийн байдлаар үгийг үе үеэр нь багц болгож бичнэ. Энэ бичиг нь нэлээд гоёмсог хэлбэртэй тул дармал маягаар бичихэд ихээхэн ур дүй шаардана.
Соёмбо бичгийн эхлэх тэмдэг Э-бам (эгчим буюу бярга) нь монголчуудын хувьд тусгаар тогтнолын бэлгэдэл болж туг сүлдэн дээр заларсаар хэдэн зууны нүүрийг үзсэн бөлгөө. Ямартаа ч соёмбо бичгийн эхний бярга тэмдэг нь манжийн тvрэмгийлэлийн эсрэг тэмцсэн Лигдэн хааны үеэс өнөөг хүртэл Монгол улсын туг далбаан дээр тусгаар тогтнолын бэлгэ тэмдэг болгон тасралтгvй уламжилсаар өнөөдрийг хvрсэн алтан соёмбо юм. Өвөрмонгол Манжид эзлэгдэж харийн түрэмгийллийн аюул нөмрөн ирсэн үед халхын том ноёд хүн ардын оюун санааны нэгдлийг хангахын тулд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халх монголын шарын шашны тэргүүнд өргөмжлөв. Тэрбээр түүхэнд анхдугаар Богд Жибзандамба хутагт буюу Өндөр гэгээн хэмээн алдаршсан билээ.
“Халхын шашны тэргүүн анхдугаар Богд Жибзандамба хутагт Лувсандамбийжалцан (1635-1723) буюу “Өндөр гэгээн” хэмээн алдаршсан Монголын бурхны шашны нэрт зүтгэлтэн, соён гэгээрүүлэгч Занабазар Очир Түшээт хан хэмээх шашин, төр хоёрыг ихэд тэтгэсэн Гомбодоржийн өргөөнөө Модон гахай жил (1635 он)-ийн 9 дүгээр сарын 25-yы өглөө өдгөөгийн Өвөрхангай аймгийн Зүйл сумын нутаг “Усан зүйл” хэмээх газар мэндэлжээ. Занабазарыг 5 настайд Монголын шашны тэргүүний ширээнд залж, Лувсандамбийжалцан алдар өргөмжилжээ. Занабазар шашин номын ёсыг дэлгэрүүлэх үйлсэд ихэд хичээн зүтгэж, бүр хүүхэд ахуй цагаас эрдэм номын мөр хөөж, олон зүйл үсэг бичгийн язгуур санскрит, төвд хэлэнд нэвтэрхий болсон байна. 15 настайдаа Баруун зуу (Лхас)-т морилон Далай ламд шавь орж суралцсан ба Y Далай лам түүнийг Жамьян цоржийн хувилгаан хэмээж Жибзандамба хутагтаар өргөмжлөн шар торгон шүхэр, тамгаар шагнажээ. Тэрээр 13 настайдаа “Баруун хүрээ” буюу Шанхын хүрээг байгуулж, мөргөлийн төв болгосон бөгөөд 20 настайдаа 7 аймаг бүхий Их хүрээ, өөрийн нутгийн ойролцоо Хангай ханы Төвхөн нэртэй газар бүтээлийн сүм, 75 настайдаа Хэрлэний зүүн хүрээг байгуулж, Их хүрээний цогчин дуганы зураг төслийг зохиосон байна. Жибзандамба нийгэм улс төрийн хэрэгт идэвхитэй оролцон, төр түмэндээ эв эеийг тунхаглаж байсан улс төрийн холч мэргэн бодлоготон, эх оронч бөгөөд Монгол оронд бурхан шашны ёс дэг, зан үйл, хурал номын уншлага, ая дан, горим журмыг тогтоон дэлгэрүүлэх үйл хэрэгт үлэмж гавьяа байгуулсан их авьяас билигтэн, соён гэгээрүүлэгч, уран барималч, номын мэргэн багш байжээ /Чулуунбаатар.Л, 2002, 170 дахь тал/.
Соёмбо үсгийг хэвтээ, босоо хоёр янзаар бичдэг байсан бөгөөд бичих горим хоорондоо харилцан адилгүй байдаг. Соёмбо бичиг зохиогчийн бодож байсанчлан нийт улс орон даяар түгэн дэлгэрч чадсангүй зөвхөн сүм хийдийн хаяг, шашны зарим нэг ном, зохиолыг бичхээс хэтрээгүй ажээ.
Энэ бичгээр бичсэн зүйлийн ихэнх нь халх аялгууны онцлогийг хадгалсан байдаг байна. Энэ нь тухайн үеийн хэл ярианы авиа зүйн судалгаа хийхэд үнэт хэрэглэгдэхүүн болдог. Соёмбо үсэг нь тухайн үедээ утга зохиолын хэлний авиалбарын тогтолцоог дорно дахины хэл шинжлэлийн сонгодог уламжлал, Энэтхэгийн хэл шинжлэлийн арга билгийн зарчим, авиа үсгийн дайсагнах садагнах ёс, таван махбодын онолд тулгуурлан мөнхдөх тасархайдахын хоёр хэтийдэлд уналгүй, хамгийн зөв ухаарч, хэдэн зууны дараах хэл шинжлэлийн төвшинд хүртэл хүргэж шийдсэн шинжлэх ухааны үнэ цэнэ байлаа /Чулуунбаатар.Л, 2002, 170 дахь тал/.
Соёмбо үсгийн цагаан толгой
Энэ бол тухайн үедээ дөрвөлжин үсэг, али үсэг тод үсгийн дөхөм ололт бүхнийг багтааж, өмнөх олон зууны турш хийгдсэн Монгол үсгийг засан сайжруулах ажлын сүүлчийн оролдлогуудын нэг байв.
1.9. Вагиндарагийн үсэг
XIX зууны дунд үеэс буриад монголчуудын оюун санааны цэцэглэлтийн үе эхэлсэн бөгөөд XX зууны үе болоход улам эрч хүчээ авч олон эрдэмтэд төрөн гарчээ. Эдгээр эрдэмтдийн дотроос монголчуудын бичиг соёлын хүрээнд томоохон байр эзэлсэн хүн бол Агваандорж (1854-1937) билээ.
“Агваанлхарамба”, “Бандид хамбо”, “Цаншав Дорж”, “Цаншав Агваандоржиев” гэх зэрэг нэрээр алдаршсан Агваандорж Буриадын Хорийн талын Хар шивэрт гэдэг газар мэндэлж 14 настайдаа Их хүрээнд залран ном сурсан хийгээд 18 настайдаа 1876 онд Төвдөд очиж Бэрээвэн хийд, Гомон дацанд чойрын сургууль үйлдэн, 1888 онд лхарамбын дамжаа барьж, Буддын номд гүн нэвтэрсэн тэрээр 1889 онд XIII Далай ламын цаншав лам болж арваад жил шадар бараа болсны хувьд Төвдийн засгийн газар, хаант Оросын хооронд зуучилж байсан байна. Тэрээр Орост Далай ламын засгийн газрыг төлөөлж байсан бөгөөд Төв Азийн улс түмнүүд болон Хятад, Англи, Оросын ард түмнүүдийн харилцаанд их үүрэг гүйцэтгэсэн юм. “Цаншав” гэдэг нь Буддын гүн ухаанд суралцахад туслагч нөхөр гэсэн утгатай ажээ. Агваанлхаарамба Буриадын Бурхан шашны тэргүүн байлаа. Төвд, монгол хэлээр гүн ухаан, яруу найраг, хэл шинжлэлийн хэд хэдэн зохиол туурвисны дотор гол бүтээл нь болох “Бодьсадын явдалд орохуй хэмээхийн тайлбар хувь заяа сайнт” хийгээд 1921 онд “Дэлхийг эргэж бядсан домог сонирхлын бичиг төдий хэмээх” нэртэй өөрийн намтрыг монгол, төвд хэлээр шүлэглэн айлдсан нь ихээхэн алдаршсан болой /Чулуунбаатар.Л, 2002, 170 дахь тал/.
53 насандаа 1905 оны намар Санкт-Петербург хотноо монгол, тод үсгээс эх авч буриад болон бусад монгол хэл аялгуу, түүнчлэн орос хэлний хэрэглэгдэхүүнийг тэмдэглэж болохуйц нэгэн зүйл монгол үсэг зохиосон нь “Вагиндрагийн үсэг” хэмээн олонд алдаршжээ. Вагиндрагийн үсэг хэмээсний учир бол зохиогч энэ бүтээлдээ өөрийн төвд нэр Агваан гэдэг үгийг санскритээр орчуулан вагиндра хэмээн тэмдэглэсэн нь явсаар “Вагиндрагийн үсэг” болжээ. Б.Ринчин доктор энэ үсгийн талаар:
“Амин харилцаа, гар бичмэл, тэмдэглэл зэрэг зүйлд хэрэглэж, тэдний соёлын хэрэгцээг залгуулж байсан боловч хэвлэсэн зохиол төдий л олонгүй, ерөөс утга зохиолын уламжлалгүй орчинд бага сага хэрэглээд цаашдаа хөгжих нөхцөл эс бүрджээ” гэж тэмдэглэсэн байдаг /Ренчин.Б, 1962, 160 дахь тал/.
Энэхүү бичгийн онцлог гэвэл монгол, тод үсгийн адил үгийн эхэн, дунд, адагт дүрс хувирдаггүй бөгөөд өрнө дахины бичгийн тогтолцооны нөлөө орсон байдаг. Вагиндра үсэгт нэг авиалбарт нэг үсэг оноож буриад болоод монгол хэл аялгуу, мөн орос хэлний онцлогийг тус тус үсэглэвээр ялгаж үзүүлсэн байна. Бичих тогтолцооны хувьд монгол, тод бичиг шиг дээрээсээ доош бичих бөгөөд угалз мэт зурлага, дөрвөлжин гэдэс, нэмэлт олон тэмдэг зэрэг нь монгол бичиг шиг түргэн бичих боломжийг эс бүрдүүлжээ.
Энэ бичгийг хэрэглэж ирсэн хүрээ төдий л өргөн бус. 1905-1907 онуудад Санкт-Петербург хотноо чулуун барын арга хийгээд тусгай хэвлэлийн үсгээр нилээд хэдэн товхимол Вагиндрагийн үсгээр хэвлэн гаргажээ. Мөн 1908 онд Вагиндрагийн үсгээр “Зүрхэн тольт”-ыг зохион чулуун бараар Санкт-Петербургт хэвлүүлсэн байна. Энэхүү хэлзүйн бичгийг бүхэлд нь аваад үзвэл эртний Энэтхэг, Төвд хэлзүйн бичгээс улбаалсан монгол бичгийн уламжлалт зүрхэн тольтууд болон орос зэрэг өрнөдийн хэлзүйн нөлөө аль аль нь туссан монголын урьд үеийн хэл зүйчдийн зохиосон бүтээлээс нилээд өвөрмөц ном болсон байна. Дээр дурьдсан намтарт өгүүлсэнээр Агваан лхаарамба “Наран” хэмээх хэвлэлийн газар байгуулсан бөгөөд түүнийгээ “Монгол буриад ном бичиг гарах орон” гэж нэрлэсэн байдаг. Чулуун бараар ном хэвлүүлэхээс гадна вагиндрагийн үсэгт сайтар суралцагсдаар зарим номыг хуулуулан бичүүлдэг байв. Насан залуугаасаа харь холын олон газраар явж юм үзэж нүд тайлсан Агваандорж харь холын олон газраар явж юм үзэж нүд тайлсан Агваандорж шинэ үсэг бичиг болон зүрхэн тольт зохиосон явдал нь дорнын буюу Панины хэл шинжлэлийн онолыг өрнийн хэл шинжлэлийн онолтой хослон хэрэглэснээрээ урьд үеийн бичиг үсэг зохиосон мэргэдээс хол давж гарсан хэрэг байв. Үүгээрээ монгол бичгийн хөгжлийн түүхэнд чухал үүрэг гүйцэтгэж, нийт буриад хэл аялгууны утга зохиолын хэл бий болгох гэснээрээ шинжлэх ухааны чухал үнэ цэнэтэй юм.
1.10. Буддын соёл дэлгэрсэн хийгээд санскрит, түвд
бичиг, үсгийн хэрэглээ
Бурхны шашин бол эртний энэтхэг, хятад, төвд, монгол зэрэг оронд олон зуун жилийн тэртээгээс дэлгэрч ирсэн дэлхийн том шашны нэг юм. 2000 жилийн тэртээгээс бурхны шашин Төв Азийн нүүдэлчдийн дунд нэвтэрч эхлэн эртний монголын улс болох Монгол-Нирун улсад 420-450 оны үед лам Дармаприяг судар, шаштир, зурхай мэддэг болохоор Монгол Нирун улсын төрийн багшаар томилон 3000 өрх соёрхсон байдаг /Ренчин.Б, 1962, 112 дахь тал/. Энэ бол эртний Энэтхэгийн төрийн уламжлал юм. Нирун улсын арав гаруй хаан бурхны шашны уламжлалаар өөрийн нэрээс гадна өргөмжилсөн нэр хэрэглэж байсны жишээ нь Шэлунь хаан /402-409 он/ “хутагтай” гэдэг өргөмжилсөн нэртэй байв. Зарим хаан санскрит нэртэй байсан байна. Тухайлбал, 521-524 онд төр барьж байсан хаан Брахман гэдэг нэртэй байжээ /Ренчин.Б, 2002, 113 дахь тал/. Монгол Нирун улс V-VI зууны үед Монгол орны бурхны шашны төв болж байв. Бурхны шашин монгол оронд нэвтрэхийн хамт монгол, нирунчууд энэтхэгчүүдтэй идэвхитэй харилцаж, энэтхэгийн эрдэм соёл, бичиг үсэг Монголд нэвтэрч эхэлжээ. Үүний нэг тод илрэл бол монголчууд эртний Энэтхэгийн хэл болох санскрит хэлийг эзэмшиж түүгээр дамжуулан Эртний Энэтхэгийн олон ном, судрыг орчуулж нийтийн хүртээл болгосон явдал мөн.
Эртний түүх соёлт Энэтхэг оронтой Монголчууд өнө эртнээс харилцаатай явж ирсэн бөгөөд урлаг соёл, аж байдлын зүйлд Энэтхэгийн соёл, заншлаас шингэн үлдсэн ул мөр нэн арвин болохыг судлаачид олонтоо тэмдэглэсэн билээ. НТӨ V зууны үед эмхэтгэсэн Энэтхэгийн зарим зохиолд Хүннү нарын нэрийг бичсэн байдгийг манай эрдэмтэд дурдсан нь бий. Энэтхэгт үүссэн Буддын шашин Монголд бүр НТӨ үед анх нэвтэрч гүнзгийрэн III-VIII зууны үеэс Монголын Тоба улс, Түрэгийн хаант улсын цагт Монгол газар сүм дуган байгуулах ажил дэлгэрч байсныг аянчин жуулчид, Y зууны үед Энэтхэг газар тойрон явсан Хятад жуулчин Фа Сянь, YIII зууны үед мөн түүгээр явсан хятад эрдэмтэн Сюань Жуан (Тансан лам) нар Монголын их говийг туулж гарах замд тэр цагийн Монгол аймгуудын нутагт буддын шашны сүм дуган олныг үзэж, олон мянган лам хурал хурахыг сонсож, Энэтхэг хэл сурч, Энэтхэгээр ном уншиж байхыг харав хэмээн тэмдэглэсэн байдаг байна. Энэтхэгийн утга зохиолын нэн эртний дурсгал бичиг вед шаштир хэмээх 4 аймаг дуулал, 2000 жилийн тэртээ зохиогдож эртний Энэтхэгийн ахуй амьдрал, зан заншил, үзэл санааны тусгал болсон “Махабхарата”, “Рамаяна” их туульс болон “Шидэт хүүрийн үлгэр”, “32 модон хүний үлгэр”, “Панчатантра (5 сургамж)” үлгэрийн цоморлигс, “Yүлэн зардас” уянгын шүлэг найргийн зүйлс болон бурхны олон цадиг зэрэг дэлхий дахинаа алдаршсан үлэмжхэн бүтээлийг эртний Энэтхэгийн бичгийн их хэл болох Санскрит хэлээр туурвисан билээ. Санскрит хэлийг судалсан эрдэмтэн мэргэд олон бөгөөд тэдгээрээс НТӨ II зуунд Батанжали, IY зуунд Банини нарын зохиосон хэлзүй төгс боловсронгуй болсноороо одоо ч хэл шинжээчдийг бишрүүлдэг байна. “Санскрит” буюу манайхны Самгарди гэдэг нэр өөрөө “сайтар боловсорсон” хэмээх утгатай аж. Нэрт Энэтхэгч Уильям Браун:
“Санскрит хэл бол билиг авьяас төгөлдөр уран гартны эх бүтээлээс цогцлон сүндэрлэсэн бөгөөд бүхий л хэсгийнх нь бишрэм шvтэлцээ нүднээ илхэн тусах орд өргөө мэт. Шинжлэн судлах тусам урам хүч хайрлаад байдаг ийм хэл санскритээс өөр буй эсэхийг би ер үл мэдэх ажаам” гэсэн байдаг.
Санскрит хэлээр бичсэн уран зохиол, бурхан шашин, гүн ухаан, түүх шаштир, хууль цааз, анагаах ухааны олон ном зохиол уг хэлээрээ болон орчуулгаараа, мөн найруулганд нь халдаж өөрчлөгдсөн байдлаар уламжлан ирэхдээ дэлхий дахины соёлын хөгжил цэцэглэлтэд үлэмжхэн үүрэг гүйцэтгэж, зөвхөн Энэтхэгийн төдийгүй, Ази Европын олон орны уран зохиолыг уран сайхны үнэт зүйлээр баяжуулж ирсэн билээ. Энэтхэгийн эртний соёлын дурсгал, Бурхны шашны ном зохиолын агуу их цоморлиг “Ганжуур”, “Данжуур” (энэтхэгийн хэлэнд “Трипатака”, монголоор “Зарлигийн орчуулга”, “Шаштрын орчуулга”)-ыг Монгол эрдэмтэд IY зууны эхээр Монгол хэлнээ орчуулж модон бараар хэвлэж байсан байна. Монголчууд Энэтхэгийн ном судрыг ихэнхдээ Төвдөөр дамжуулан орчуулсан гэдэг боловч “Их хөлгөн лагшин эрдэнэт гэтэлгэгч”, “Их нирвааны номын магтаал”, “Их хөлгөн тус эрдмийн ном” зэрэг олон судрыг эх хэл санскритаас нь монголчилсон мэдээ байдаг. Энэтхэгийн Бахаа Бандида (Чулуун хуруут газар) гэдэг их бага хоёр эрдэмтэн Монголын хааны ордонд Санскрит хэл зааж, “Шидэт хүүрийн үлгэр” тэргүүтэн иргэний гайхамшигт зохиолуудыг дэлгэрүүлж байсан байна. Ингэж манай Монголчууд Энэтхэг зүгийн үлгэр домгоос бичиг судартаа шигтгэн оруулахын зэрэгцээ аман зохиол мэтээр хэлэлцэж, тэр нь амаас ам дамжин явахдаа маш сонин сайхан найруулгатай болон боловсорч, ном бичигт тэмдэглэгдсэнээсээ илүү тансаг, сонирхолтой болдог байжээ. “Бигармижид хааны тууж”, “Гэснэ хааны тууж” болон “Шидит хүүрийн үлгэр”-ийг манайхан ийн үе дамжин хэлж ярьсаар ирсэн бөгөөд Жагарын орон гэж Энэтхэг газрыг хэлдэг юм байна гэж тэртээ дээр үеэс тэрхүү үлгэр туужаас мэддэг байжээ. Ийнхүү Санскрит хэл нэг хэсэг Монголын номын хэл байж, Монголчуудын оюун санааны амьдралд маш их нөлөө үзүүлсэн билээ. Монголын эрдэмтэн зохиолчид ч эртний энэтхэгийн шинжлэхүй ухааны төрөл бүрийн салбараар туурвисан үлэмж бүтээлийг Санскрит хэлээр нь судалж, ном зохиолыг нь орчуулж, түмэн олондоо танилцуулж байсныг нь бодоход нэн бахархмаар байдаг. Ийн орчуулан хөрвүүлэхээс гадна тайлбар зохиолоо туурвин бичдэг нь эртний уламжлалтай ажээ. Yүнд эртний Энэтхэгийн шүлгийн онолч Дандины туурвисан “Зохист аялгууны толь”-ийг халхын Жавзандамба хутагтын шавь, гүүш Гэлэгжалцан XYIII зуунд төвдөөс монгол хэлнээ орчуулж, Сүмбэ хамба Ишбалжир, Жамьянгарав нарын монгол эрдэмтэд тайлбар хийжээ.
Юань гүрэн мөхсөний улмаас бурхны шашныг дэлгэрүүлэх гол төв болж байсан Энэтхэг, Төвд болон Монголын хоорондын харилцаа хэсэг зуур тасалджээ. Тиймээс нийт монголчуудын шүтлэгт бөөгийн мөргөл давамгайлж байв. Гэвч бөө мөргөл нь монгол нутагт 200 гаруй жил үргэлжилсэн ноёд, язгууртны дажин хямралыг таслан зогсоох, нийт монголчуудын нэгдлийг хангах үзэл суртлын хэрэгсэл болж чадахгүй нь улам бүр мэдрэгдэх болов. Үүнийг Түмэн засагт хаан, Алтан хаан нар бүр илүү ухаарч нийт монголчуудыг эрхэндээ оруулан нэгтгэн захирах хэрэгт нөлөөлөх үзэл суртлын үлэмж нарийн хэрэгсэл бол бурхны шашин хэмээн санал нэгтэй үзэх болжээ. Чухам энэ үеэс эхлэн монголчуудын оюун санааны амьдрал, соёл, боловсролын хүрээнд төвдийн соёл, боловсрол, бичиг үсэг голлох нөлөөтэй болж ирсэн байна. Түмэн засагт хаан анх 1576 оны улаан хулгана жил Төвдийн бурхны шашны улаан малгайтны урсгалын их лам, илд зангидагч Гарма багшийг урьж авчиран, шавь орж Цахар, Халх түмний дунд бурхны шашныг дэлгэрүүлэх ажлыг зохиож эхэлсэн байна. Энэ нь санамсаргүй хэрэг биш бөгөөд өмнөх их хаадын төр, шашны харилцааны уламжлалыг харгалзан үзсэний зэрэгцээ тэр үед Төвд оронд бурхны улаан малгайтны урсгал улс төрийн талаар ч шашны суртахууны хувьд ч хүчирхэг байсныг тооцон үзсэн хэрэг юм. Дараа жил нь буюу 1577 онд Түмэдийн Алтан хаан, Хутугтай Сэцэн хунтайж нар Төвдийн бурхны шашны шар малгайтны тэргүүн лам Содномжамцыг (1542-1588) Монголд ирэхийг урьжээ. Тэгээд хөх нуурын Цавчаал гэдэг газар сүм байгуулж, Алтан хаан, Хутугтай Сэцэн хунтайж нар өөрсдөө манлайлан өмнөд монголын олон ноёд бурхны шашинд оржээ. Алтан хаан Содномжамц ламтанд “Далай лам” хэмээх цол өргөмжилжээ.
Ийнхүү нийт монголчуудын оюун санаанд бурхны шашин баттай үр үндсээ суулгаж, улмаар хаан төрийн үзэл суртлын гол хэрэгсэл болон ашиглагдах болсон байна. Бурхны шашин Монголд дэлгэрсэн явдал бол монголчуудын оюуны болон бичиг үсгийн соёлд гарсан том өөрчлөлт байсан юм. Монголын олон зуун мэргэд бурхны шашны гол төв болж байсан Төвдөд арван ухааны эрдэмд мэргэжин түүний үр шимийг монгол нутгийн хөрсөнд соёолуулж, бурхны шашин, соёлыг ихэд дэлгэрүүлэн монгол дахь бурхны шашны биеэ даасан салбарыг бий болгосон байна. Тэд арван ухааны цааш нэмэн дэлгэрүүлэн монгол дахь бурхны шашны бие даасан салбарыг бий болгосон билээ.
Тэр цагт төвд хэл монголчуудын дунд ихэд дэлгэрч зөвхөн шашны төдийгүй ном бүтээл туурвих эрдмийн хэлний үүргийг гүйцэтгэх болсон юм. Төвд хэлээр монгол мэргэдийн бичиж үлдээсэн зохиол бүтээл арвин их бөгөөд монголчуудын соёл, боловсролын түүхийг судлах хэрэгт шавхагдашгүй их баялаг хэрэглэгдэхүүн болж байв.
Буддын соёлыг даган төвд хэл Монголд нэвтрэхдээ колоничлолын хэлтэй адил хүчирхийллийн замаар биш харин бараг цэвэр гэж хэлж болох оюун санааны хөрсөн дээр дэлгэрсэн байна. Ийм учраас төвд хэл нь монголчуудын нийгэм-улс төрийн амьдрал, монгол хэлний оршихуйд төдийлөн сөрөг нөлөө үзүүлээгүй, харин ч зарим талаараа эерэг нөлөө үзүүлжээ. Ганжуур, Данжуур зэрэг Энэтхэг, Төвдийн шашин, шинжлэх ухааны хөлгөн их судруудыг монгол хэлнээ орчуулж, монголын бичиг номын мэргэд бүтээл туурвилаа төвд хэлээр бичиж байх явцад төрөл бүрийн шинжлэх ухааны монгол нэр томьёо боловсрон хөгжсөн байна. Бурханы шашин нь XVI зууны монголын аж байдалд тодорхой хугацаанд соён гэгээрүүлэх үүрэг гүйцэтгэсэн юм. Бичиг үсэг сурах, сургахын хувьд бурхны шашин хүчтэй нэвтрэхийн хирээр XVI зууны хоёрдугаар хагасаас төвдийн бичгийн хэл монгол бичгийн хэлтэй эн зэрэгцэн гарч ирж, аажимдаа шашин суртахуун, шинжлэх ухааны асар их ном судар, сүм хийдийн хүчтэй түрэлт, дэмжлэгтэйгээр монгол бичгийн хэлтэй эн зэрэгцэх, давамгайлах байрыг эзлэх болсон байна. Энэ үеийн монгол орны байдлыг Финляндын монголч эрдэмтэн Рамстед “Монгол бичгийн хэл, Халхын хүрээний аман аялгуу хоёрыг харшуулан шинжилсэн бичиг” номдоо:
“Бүр хожим үеэс шарын шашин монгол газар дангаараа ноёрхож монголчуудын аж амьдралын завсар болгонд нэвтрэн шингээд, монгол ардын бичиг үсгийг боловсрол, хөгжлийн хэрэглүүрийн хувьд огтхон ч хэрэгцээгүй болгоод оронд нь төвд ном зохиолыг эрдэм сурах, дэвшин дээшлэхийн ганц зам болгожээ. Ийм байдлаас болж өдгөө Монгол бичгээ сайн мэддэг гэхийг байя гэхэд ядаж монгол хэл цагаан толгойгоо мэддэг хүн тун ч ховор тохиолдох болжээ. Гэтэл бүх эрчүүдийн 5/8 хувийг эзлэх лам нар цөмөөрөө төвд ном зохиолыг буюу наад зах нь төвд цагаан толгой, ойр зуурын хэдэн төвд уншлагатай байдаг. Монголтой гэдэг тийм хүн ч гэсэн ганц үг зөв бичээд арван үгийг алдаатай бичдэг байна” /Чулуунбаатар.Л, 2002, 135 дахь тал/ гэжээ.
Ийнхүү буддын соёл, боловсрол монголчуудын оюун санааны амьдралд гүнзгий шингэснээр түүгээр дамжуулан хүүхэд, багачуудад боловсрол олгох газрууд олноор бий болсон юм. Шашны сургууль Монголд их байлаа. Монголын 700 гаруй томоохон сүм хийд, 1000 гаруй жижиг дуганд сургуулийн насны хүүхдийн 25-30 хувийг эзэлж байсан 18000-20000 хүүхэд шавилан сууж байсан юм. Олон тооны сүм хийд нь оюуны соёлын төв, нийгмийн сэтгэлгээний хөгжлийн гол газар болж, шашны сургуулиудад шашны гүн ухаан, хэл, яруу найргийн онол, хүн эмнэлэг, одон орон, зурхай, түүх, урлаг, биеийн тамирын хичээлүүдийг нарийн дэс дараатай үздэг байжээ. Хүрээ хийд бүр хурал номын газартай, томхон нь шашны сургуультай. Тэдгээрт хэдэн төрлийн дацан тогтмол ажилладаг. Бас хурал хурдаг, цамын гэх мэтчилэн дугануудтай байв. Томоохон хүрээ, хийдэд Чойрын дацан-онолын сургууль, мамба дацан-эмнэлгийн сургууль, зурхайн дацан, ёогүй дацан, агатайгаар дацан гэх зэрэг төрөлжсөн сургууль, ангитай байв. Их хүрээ бол хэдэн зуун жилийн турш монголын буддын шашны соёлын том төв байсан бөгөөд түүнд арван мянга гаруй лам шавилан сууж ном үзэж байв. Шашны сургуулиудад “ухааны таван их орон” гэдэг хичээлийг голлон судалж байв. Тэдгээр нь:
1. Үг, дууны эндүү ташааг арилгагч дуун ухаан буюу хэл шинжлэл
2. Үг, утга, агуулгын эндүү ташааг арилгагч учир шалтгааны ухаан буюу логик
3. Эрүүл энх, урт удаан наслахыг бүтээгч тэжээхүй ухаан буюу анагаах ухаан
4. Бие, хэл сэтгэлийн урлагийг бүтээгч урлахуй ухаан буюу урлаг судлал
5. Амьтны дотоод сэтгэлийг засамжлан боловсруулах дотоод ухаан буюу гүн ухаан зэргийг багтаан үздэг.
Үүнээс гадна “ухааны таван бага орон” гэдэг эрдмийг судлан үздэг. Үүнд:
1. Зохиол ба зохиолын үгийг чимэглэхүйд мэргэжүүлэгч яруу найраг
2. Шүлэглэн холбох ёсонд мэргэжүүлэгч холбоо найраг
3. Эрт цагийн олон үлгэр, домог ба үлгэрийн гаралтай нэр томьёолол мэргэжүүлэгч ёгт үг
4. Эртний хүн, хүн бусын үлгэр домгийн тус тусын хэлээр үзүүлэгч өгүүлэн бүжиглэхүй
5. Огторгуйн олон ба ил, далдын авах, орхихуйг шинжлэн мэдүүлэгч одон зурхайн ухаан зэрэг арван ухааныг тус тус үзэж судалдаг байжээ.
Сургалтын тогтолцоо ч их нарийн дэс дараалалтай. Өгүүлэн байгаа үеийн монголд оронд лам болгох хүүхдээ эцэг эх нь 5-6 настайгаас нь багш ламд шавь болгон өгч, түүгээр төвд бичиг, хурлын уншлагын хамгийн анхны зүйлүүдийг цээжлүүлж, аажмаар дасгадаг. Тэгээд төвд бичиг, хурлын уншлагад овоо цэгцэрч, тэр талынхаа анхны мэдэгдэхүүнтэй болж, нөгөө талаас насан багад нь хүүгээ сүм хийдэд аваачиж өгдөг байжээ.
“Монгол нуган хөвгүүд 5-6 наснаасаа хийд, сүмд шавилан сууж юу юуны түрүүнд төвд цагаан толгой заалган түүнийгээ бодисадын мөрт эн тэргүүний тангаргийг олох ганц зөв зам хэмээн үздэг байсан тул монгол бичигт суралцахын бололцоо үгүй байв. Төвдийн бичгийн хэлэнд нэвтэрхий мэргэжсэн монгол хүн хэдэн арван жил төвдийн бичиг зохиолд нас биеэ зориулаад монгол бичгээ сурахыг эрмэлзэх нь цөөн байв” /Пагва Т. 5 дахь тал/.
Ном сурахаар ирсэн бандийг сүм хийд хүлээж аваад лам хувраг хүний сахил санваарт үнэнч байх ам авч, тангараг өргүүлээд хуралд оруулдаг журамтай. 15-20 насны үед шашны анхан шатны боловсролтой болсон лам банди нарыг буддын шашны гүн ухаан судалдаг дээр дурдсан дацангийн аль нэгэнд хуваарилж, шашны дунд сургуульд суралцуулна. Дацанд суралцагчид нь доод, дунд, ахлах заиндаа хэмээх гурван ангид хуваагдан арван дөрвөн жил суралцаж төгсөхдөө дом тавих гэдэг их шалгалт өгч номын хурим хийнэ. Үүний дараа буддын шашны гүн ухааны дээд сургуульд орж, 7-10 жил суралцаж, өмнө үзсэнээ давтах, гүнзгийрүүлэх, тайлбарлах, шинэ зохиол бичих зэргээр голцуу бие дааж судална. Энэхүү дээд сургуульд буддын шашны винай хэмээх сахилга, зохион байгуулалтын тухай сургадгийн дээр онол, практикийн асуудлуудыг тун нарийсган судалж, түүнийг хэрэгжүүлэх биет үйлдлийг нэн чухалчилдаг байв. Дээд сургуулийг амжилттай төгссөн лам нар монголын Их Хүрээнд бол гавж, төвдийн Лхаст лхаарамба хэмээх эрдмийн зэрэг хүртэнэ. Ийнхүү буддын шашны гүн ухааны дээд сургууль төгссөн лам нар буддын шашны агийн ном буюу тарнийн ухааныг судалдаг жүд дацанд орж суралцах эрхтэй болж, түүндээ 10-15 жил суралцдаг байв. Жүд дацанд амжилттай суралцаж төгссөн лам барагцаалбал 60 орчим насандаа аграмба хэмээх эрдмийн өндөр зэрэгтэй болдог. Үүгээр буддын ухааны боловсрол олгодог үе шат дуусах бөгөөд энэ бүхэн нь монголд буддын гүн ухааны боловсрол олгож байсан үндсэн тогтолцоо ямар байсныг харуулж байна. Гэвч монгол орон нь бусад улс гүрэн юуны урьд умард хөрш болох Орос улстай өргөн харилцаа холбоотой болж, түүгээр дамжуулан дэлхийн дэвшилтэт соёл, боловсролтой танилцах, хүлээн авах сайхан бололцоо гарч ирсэн нь хүрээ хийдийн сургалт бүх ертөнцөөс бүрэн тусгаарлагдмал байдлаасаа гарч монголчуудын оюун санааны амьдралд шинэ шинэ зүйл багагүй нэвтрэх бололцоог буй болгожээ.
Ашигласан ном
1. Бичурин.И. История о народах обитавших В Средней Азии в древние времена. Часть первая, СПб., 1851
2. Бичурин.Н.Я. 1842.A.Wylie. 1860
3. Blochet.E. 1898
4. БНМАУ-ын түүх, I боть. УБ., 1966
5. Владимирцов В.Я. Сравнительная грамматика Монгольского письменного языка и халхаского наремия. Л., 1929
6. Вопросы языкознания. №5, 1955., (136 дахь тал)
7. Дамдинсүрэн.Ц. Монголын уран зохиолын тойм, УБ., 1957
8. Киселев.С.В. Древняя история Южной Сибири. М., 1951
9. Кляшторный С.Г. Древнетюркские рунические памятники как источник по истории Средней Азии. М., 1964
10. Лигети.Л, Санжеев Г.Д. Сравнительная грамматика монгольских языков. I, 1953.
11. Материалы по истории древних кочевых народов группы Дунху. М., 1984
12. Монгол улсын түүх. Дэд боть. УБ., 2005
13. Монголын соёлын түүх. Тэргүүн боть. УБ., 1999
14. Монголын соёлын түүх. Дэд боть. УБ., 1999
15. Ренчин Б. Монгол бичгийн хэлний зүй. УБ., 1964
16. Степи Евразии в средневековую эпоху. М., 1981.
17. Сүхбаатар Г. Монгол Нирун Улс. УБ., 1992
18. Сүхбаатар Г. Монголын түүхийн дээж бичиг. Тэргүүн дэвтэр. УБ., 1992
19. Сүхбаатар Г. Монголчуудын эртний өвөг. УБ., 1992
20. Сүхбаатар Г. Сяньби. УБ., 1971
21. Хаммутова.А. Как возник древнетюркский алфавит? -Исследования по тюркологии. АН Казахск. ССР. Ииститут языкознания. Наука, Алма-Ата., 1969
22. Шагдарсүрэн.Ц. Монголчуудын үсэг бичгийн товчоон. УБ., 2001
23. Чоймаа.Ш. Дөрвөлжин бичиг. http://www.tanhim.net/
24. Чоймаа.Ш. Тод бичиг. http://www.tanhim.net/
25. Чоймаа.Ш. Галиг үсэг. http://www.tanhim.net/
26. Чулуунбаатар.Л. Нүүдэлчин монголчуудын бичиг үсгийн соёл. УБ., 2002
27. Юан улсын судар. 202 дугаар дэвтэр. Дандаагийн монгол орчуулга