2009-11-8
Судалгааны асуудал ба шийдвэрлэх асуудлыг тодорхойлох асуудалд

 

проф. С.Батхуяг /МУБИС/

 

Амьдралд бүх зүйл эсрэг тэсрэгийн нэгдэл, тэмцлийн үр дүн болж байдаг. Бидний өдөр тутмын ажилд ч бэрхшээл, зөрчил байнга тохиолддог. Ялангуяа хүнтэй ажилладаг мэргэжил, түүний дотор багш хүний үйл ажиллагаа  нь алхам тутамдаа шинэ шинэ зөрчил, бэрхшээлтэй байнга тулгарч түүнийг шийдвэрлэсний дүнд амжилтад хүрдэг зүй тогтолтой. Үүний цаад учир нь хүн бүхэн харилцан адилгүй нөхцөлд өсч торнин, төлөвшиж өөр өөрийнхөөрөө сэтгэж, өөр өөрийн хэрэгцээ, сонирхолтой байж түүнээ хангахын тулд ажилладагт оршдог.

 

Шийдвэрлэвэл зохих асуудал

 

Энэ бүхэн нь багшид байнгын бэрхшээл, хүндрэл, зөрчлийг мэдрүүлж байх бөгөөд чухам эдгээрийн цаана маргаантай, шийдвэрлэвэл зохих асуудал (Issue) нуугдаж байдаг. Жишээ нь “сурлагын хоцрогдлыг арилгах”, “ сурагчдыг сурах арга барилд сургах” зэрэг нь шийдвэрлэвэл зохих асуудлууд болно.

Багш хүн олон арван хүүхэдтэй ажилладаг учир бараг цаг мөч бүхэнд ямар нэг үл ойлгогдох, урьдчилан төлөвлөөгүй асуудалтай байнга тулгарч байдгаас гадна аятай, үр дүнтэй болно гэж төлөвлөж байсан ажил нь ч үр дүн муутай бүтэлгүй болох нь цөөнгүй. Тэр ч бүү хэл болж бүтэж байна гэж бодож байгаа ажлууд маань ч хүүхдүүдэд тэр бүр таалагдахгүй байх нь бий.

 

Судлах асуудал

 

Багш үүнийг мэдэрч, олж харж, шийдвэрлэхийн тулд эрэл хайлт хийх хэрэгцээ бий болж ажиллаж эхэлсэн үед шийдвэрлэх асуудлаас судалгааны асуудал (Research Problem) гарч ирнэ. Жишээлэхэд “ Физикийн хичээлээр сурлагын хоцрогдлыг арилгах” нь  “ Cурлагын хоцрогдлыг арилгах” шийдвэрлэвэл зохих асуудлын хүрээний судлах асуудал байж болно.

 

Судалгааны асуулт буюу судалгааны зорилго

 

Багш-судлаач судалгааны асуудлыг авч үзэхдээ тодорхой асуултуудад хариулт олохыг зорьдог. Тухайлбал, “ Физикийн хичээлээр сурлагын хоцрогдлыг арилгах” судлах асуудлын хүрээнд “ Сурагчдыг яаж физикийн томъёотой ажиллаж сургах вэ?”,” Яагаад сурагчдын бодлого бодох чадвар хангалтгүй байна вэ?” гэх мэт асуултуудад хариулт олохын тулд эрэл хайлт, судалгаа хийх боломжтой. Эдгээр нь судалгааны асуулт буюу шийдвэрлэх асуудал болох бөгөөд чухамдаа ийм асуулт тодорхой гарч ирсэн үед л судалгааны ерөнхий чиг тогтож тухайн судалгааны зорилго, зорилтууд, түүнээс гарах үр дүнгийн төсөөлөл бий болно. Жишээлбэл, сурагчид физикийн томъёотой ажиллаж сурснаар тэдний физик мэдлэг болон бодлого бодох чадварт гарах ёстой гэсэн үр дүнгийн төсөөлөл төрөх тул “ Сурагчдыг физикийн томъёотой ажиллуулж сургах замаар тэдний физик мэдлэг бүтээх болон бодлого бодох чадварт ахиц гаргах боломжийг туршин үр дүнг тооцох” гэсэн зорилго тавин ажиллаж болох юм.

 

Гарч болох алдаа

 

Шийдвэрлэвэл зохих асуудлыг судалгааны сэдэв буюу судлах асуудал болгож томъёолох явдал цөөнгүй ажиглагддаг. Нэг тодорхой шийдвэрлэвэл зохих асуудлын цаана олон тооны судлах асуудал байхаас гадна тодорхой нэг судлах асуудлыг ч олон янзын асуултад  хариулт олохын тулд судлах боломжтой. Иймд нэг шийдвэрлэвэл зохих асуудлыг бүрэн шийдвэрлэхийн тулд асар олон асуултад хариулт өгөх шаардлагатай болох учраас судалгаа хийхийн тулд шийдвэрлэвэл зохих (холын өргөн хүрээтэй) асуудлыг биш хамгийн ойрхон өөрөө хариулт өгөх (шийдвэрлэх) асуулт (асуудал)-ыг олж гаргаж ирэхийг хичээх нь чухал байдаг.

Жишээ нь: “ Сурагчдын унших чадварыг сайжруулах” шийдвэрлэвэл зохих асуудлын хүрээнд “ Уран зохиолын хичээлээр сурагчдын уншиж ойлгох чадварыг хөгжүүлэх нь “ гэсэн судлах асуудал байж болох ба энэ асуудлыг “ Уран зохиолын хичээлээр 6-р ангийн сурагчдын уншиж ойлгох чадварыг хэрхэн хөгжүүлж болох вэ? “ гэсэн асуултад хариулт өгөх зорилготой ажиллах боломжтой.

 

Танд зөвлөхөд

 

“Outreach” төслийн хүрээнд ч та бүхэн судалгааны арга зүйд суралцах гэж байгаа тул өөрийн олж харсан шийдвэрлэвэл зохих асуудлынхаа хүрээнд өөрийнхөө хэмжээнд шийдвэрлэж чадах асуудлаа асуулт хэлбэрээр томъёолохоос ажлаа эхлэх нь зохистой.

Ингэхдээ өөрийгөө хөгжүүлэхийн тулд ажиллаж байгаа багшийн хувьд өөртөө тулгамдаж буй бэрхшээл, зөрчилтэй холбогдсон асуудлыг барьж авбал ашигтай болохыг та бүхэнд зөвлөж байна. Жишээ нь: “ Миний ............. яагаад олигтой үр дүнтэй болохгүй байна вэ?”, “ Би яаж ...................... чаддаг болох вэ?”, “ Хүүхдийг яаж ................ болгох вэ?” г.м өөрийнхөө сурган хүмүүжүүлэх ажлын арга барилыг сайжруулахад чиглэсэн асуултуудад хариулт хайх нь манай төслийн ерөнхий зорилгод илүү нийцэхийг анхаарах биз ээ.

 

 

Бичсэн: EDUCATION | цаг: 01:48 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


''Sudalgaanii asuudal ba shiidverleh asuudliig todorhoiloh asuudald'' setgegdel uldeeh ni
Bayarlalaa.Bi negen ahlah surguulid angli helnii bagshaar ajilladag, tsuuhun jil bagshilj bgaa zaluu bagsh l daa.Nadad hicheeliinhee surgaltiin chanariig saijruulah suragchdaa massaar ni angli helend ni sain bolgoh yumsan gesen chin husel baivch zarim tohioldold hangalttai bish ur dun garah yum.Tegeed bas yag yaj ajillah, shaltgaan ni yundaa baigaag togtooh geed uchraa sain oldoggui bailaa.Ene niitleliig unshsnaar yu hiij yaj ajillahaa todorhoi hemjeend oilgoj avsandaa bayartai bna.Nad shig ucraa olj chadahgui baigaa shine zaluu olon bagsh nart tus boloh baihaa gej itgej bna shuu.Gehdee zagvar jishee bolgood todorhoi neg sudalgaag asuult, hyanalt,dun shinjilgeetei ni tsogtsoor ni bairshuulah bolomj bii yu.
Бичсэн: Зочин (зочин) цаг: 06:21, 2010-3-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 714627 удаа нээгдэв.
idiomatic-dormant