2010-06-02
Богд Хаант Монгол улсын сургууль боловсрол
Н.Энхцогт 

 

Манжийн эзлэн түрэмгийллийн үед гадаад соёлт ертөнцөөс тусгаарлагдмал байсан монгол орон юуны урьд Орос улстай өргөн харилцаа холбоотой болж Европ иргэншлийн дэвшилтэт өв уламжлалтай танилцахын хамтад монголчуудын оюун санааны амьдралд шинэ шинэ зүйл нэвтэрч, Монголд ХХ зууны уур амьсгал орж, шинэтгэл сэргэлт үзэгдэх болов. Үүний нэг тод томруун жишээ нь тухайн үеийн нийгмийн тэргүүний оюунлаг хэсгийнхэн ард түмнийг сурган хүмүүжүүлэх, иргэний боловсролыг төрийн бодлого болгох, хүүхэд, залуучуудад шинжлэх ухааны мэдлэгийг системтэйгээр эзэмшүүлэх тухай олон талыг хамарсан санал, санаачлагууд гарган түүнийгээ эхнээс нь хэрэгжүүлж эхэлсэн явдал юм. Тухайн үед үйл ажиллагаагаа эхлэн хэрэгжүүлж эхэлсэн томоохон ажлуудын нэг нь иргэдийг системтэйгээр сурган боловсруулахад чиглэсэн янз бүрийн сургууль, соёлын газрууд байгуулагдсан явдал байлаа. Үүнийг дараахь  үндсэн чиглэлүүдээр түүхчлэн авч үзэж болох юм.

 

Иргэний сургууль

 

Өгүүлэн буй сэдвийн судалгааны чиглэл өнгөрсөн зууны байдлаар их хөгжлийг олсон байна. 1912 онд Лувсанчойнхор гэгч хүн "Монгол зан үйлийн ойлбор" хэмээх томоохон судалгааны бүтээл туурвисныг хожим 1985 онд гар бичмэл эхээс нь сийрүүлэн монгол бичгээр Хөх хотноо хэвлэжээ. Энэ ном бол монгол үндэсний зан заншил, язгуурын суртахуун, шашин шүтлэг, хууль цааз, аж ахуй, соёл боловсролын түүхийн эртний үеийг ийнхүү өргөн хүрээнд нэгтгэн судалснаараа ач холбогдолтой бөгөөд эл номд монголчууд үр хүүхдээ хэрхэн додомдож, (асран бойжуулах) сургаж хүмүүжүүлдэг хийгээд хүүхдэд ахмадаас зааж сургаж хэлдэг үгийг хүртэл түүвэрлэн бичиж тайлбарласнаараа онцлог юм. О.Жамъян гүн Урт өдрийн улиг үгний бичиг, 1915 онд түүхч Л.Бат-Очир Мандах нарны туяа хэмээх сургаалын бичиг, Ер байдлын ангихэмээх сургаал шүлэг, 1913-1915 оны үеэс эрдэмтэн Ч.Дандаа Бурханы номын журам бадруулсан Эрдэнэт толь хэмээх шастир,  Шинэ засгийн зүйл гэх зэрэг төр-иргэний ёс журмыг баримтлах, аж төрөхүйн хийгээд сурч боловсрохын чухал ухааныг заасан иргэнлиг сургаал зохиолоос гадна Богдын сургаалыг сэнхрүүлэн бадруулах бичиг гэх мэт шашны сургаал номлолоор иргэнийг засаж сайжруулах тухай сурвалж зохиолууд гаргасан нь тухайн үедээ төдийгүй одоогийн уншигчдад ч сонин, сургамжтай сурган хүмүүжүүлэх ач холбогдол нь ч өндөр хэвээр байна.

Эрдэмтэн Ж.Цэвээнээс Автономит монголын Гадаад яаманд өргөсөн Төрийн сургууль байгуулах тухай (1912.3.30) төслийн бичиг хийгээд Автономитын үеийн монголын бага, дунд сургуулийн дүрэм хэмжээг заасан баримт бичиг зэрэг нь тухайн үеийн монголын соёл боловсрол, сургалт хүмүүжлийн ажлын хөгжил дэлгэрлийг харуулах үнэтэй өв, чухал эх хэрэглэхүүн болох юм /Монгол Улсын шинжлэх ухаан, I боть,  2000, 99-10 дахь тал/.

Иргэний анхны сургуулийг 1912 оны 3 дугаар сарын 24-нд дөрвөн аймаг, шавь таван газраас зарлан ирүүлсэн 47 хүүхдийн бүрэлдэхүүнтэйгээр Гадаад явдлын яамны дэргэд нээжээ. 1912 оны 3 дугаар сарын 30-нд Гадаад яаманд соёлын асуудал эрхэлсэн туслах түшмэлээр ажиллаж байсан Жамсраны Цэвээн Гадаад яаманд өргөсөн бичигтээ:

 

“Ван өршөөж” түмэн монголчуудын эрдэм дор нэвтрүүлэн аж байдлыг нь боловсруулан хүмүүжүүлэх зэргийн явдлыг өчүүхэн буриад Цэвээн надад дор бодомжилтугай хэмээн тушаасан билээ... Гадаадын олон хүчирхэг улсын хамаг чадал ану гагцхүү элдэв ухааны эрдэмд нэвтрэлцэн... зүйл бүрийн ухааныг өөр өөрийн төрөлх хэл дээр судалснаар энэ мэт хүчирхэг болжээ. Гадаад улсын сургууль гурван зэрэг бөгөөд дороос үзэх нь улам бүр гүн дэлгэрэнгүй болсоор амой... төрөлх хэлний ухаан, тоо бодлого, хэмжих зурах ухаан, дүрст бодисыг элдэвчлэх шинжлэх ухаан, ертөнц дэлхийн байдал... эрүүл биеийг сахиж элдэв өвчнийг сэргийлэх ёсон мэт суралцах ухаан цөөн бус.. дээр дурьдсан нийт ухааны сургуулиас гадна... цэргийн сургууль, эмчлэх сургууль, багшийн сургууль, урлах сургууль, уурхай нээх, худалдаа нээх, тарианы аж, мал аж, сүү тосны аж гэх мэт ямагт нэгэн зүйл ухааныг эрхэлсэн сургууль маш олон болой... учир иймийн тулд хүсэхүй ану: ... гээд Да Хүрээнд дорд сургууль байгуулах, гадаад хэлнээс орос, хятад хэлийг сонгон үзүүлэх, дөрвөн аймагт сургууль байгуулах, сүү тос, мал аж сайжруулах сургууль байгуулах, ухаан бүрийн дэвтрүүдийг монголоор зохиолгох” /БНМАУ.ТТА. “Зарлигаар тогтоосон монгол улсын хууль зүйлийн бичиг” №7. 10-12 дахь тал/ гэжээ.

 

Монголчуудын дунд орчин цагийн хөгжилтэй орнуудаас сурч гэгээрэх, тэдгээр орны үлгэр загвараар улс орноо тохижуулан засах хүсэл эрмэлзэл их болж иржээ. Гадаад явдлын яамнаас 1914 онд Богд хаанд айлтгасан нэгэн нугалбарт улс орныг тохинуулан засах үйлст хүн бүр эрхгүй бичиг эрдэм сурваас зохихыг зааж, Орос, Франц, Англи зэрэг улсуудын үлгэр жишээгээр иргэний төрөл бүрийн сургууль байгуулахын чухлыг цохон тэмдэглэсэн байна. Мөн бичигт Монгол орон бусад улсаас маш их хоцорч, “монгол бичиг ч болов сурч төсөөлсөн хүн арвын дотор нэг үгүй тул, эдүгээ хүртэл ухаан мэдэл нээгдэж чадаагүй, буурай үгээгүйгийн туйлд” хүрснийг шүүмжлэн бичжээ. 1915 онд хэвлэн нийтэлсэн “Сургуулийн танхим байгуулж бага хөвгүүдийг эрдэм сургахуй нь” хэмээх сурвалж бичигт:

 

“Нэгэн зүйл. Нийслэл хүрээ ба олон хушуу, шавийн газар бага, дунд, дээд зэргийн сургуулийн танхим байгуулж бага сургуулиас үүсгэн зүйл бүрийн эрдэм чадлыг сургах зэрэг дэс буй. Олон хан, ван, гүнгийн хөвгүүд, дүү нараас эхлэн аливаа арван наснаас дээш арван таван наснаас дорогш ухаан сэргэлэн хөвгүүдийг цөм сургуульд оруулж тогтоосон дүрэм хэмжээг дагаж явуулмой. Олон хошуудын бага сургуулийн хөвгүүдэд тогтоосон тоогүй, уул хушууны хүн амын үлэмж цөөний байдалд тэнцүүлэн сургуулилмой. Нийслэл хүрээний бага, дунд хоёр сургуулийн хөвгүүд бүгд наян хүнээр тоо тогтооно” /Монголын автономит үеийн сургууль, 1966, 7 дахь тал/ гэжээ.

 

 

Бага сургуулийн танхимын дүрэм ёсоор эдгээр сургуульд үндэсний хэл бичиг, тоо, газар зүй, байгалийн шинжлэл, түүх, биеийн тамирын зэрэг орчин үеийн шинжлэх ухааны анхны мэдэгдэхүүнийг заах ёстой байжээ. Ийнхүү монгол улсад орчин цагийн шаардлагад нийцсэн сургалтын байгууллагууд байгуулагдах эх үндэс тавигдсан бөгөөд цаашид энэхүү байгууллагууд нь тус улсад иргэний боловсрол олгох, мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх суурь дэвсгэр болж өгсөн юм. Энэ үйл хэрэгт тухайн үеийн тэргүүний сэхээтнүүд ихээхэн үүрэг гүйцэтгэсэн бөгөөд тэдний нэг нь буриад угсааны Жамсрангийн Цэвээн юм.   

Ж.Цэвээн нь орост боловсрол олсон томоохон сэхээтэн байсан бөгөөд түүний боловсролын онолын үзэл санааны агуулга нь:

-Нийгмийг хөгжүүлэх нэг хөшүүрэг нь ард түмнийг гэгээрүүлэх боловсролыг хөгжүүлэх явдал. 

-Боловсролын зорилго нь оюун ухааныг хөгжүүлж, эрдэм ном заахаас гадна, ёс суртахууны хүмүүжил олгож, бие хүн төлөвшүүлэхэд чиглэгдэнэ.

            -Боловсролыг хөгжүүлэхдээ харь орны тэргүүний туршлага, арга барилыг өөрийн үндэсний онцлогод тохируулан хэрэглэх нь чухал гэдэгт оршиж байв /Монгол Улсын шинжлэх ухаан. I боть, 2000, 123 дахь тал/.            

            Жамсрангийн Цэвээний нэг гол бүтээл бол Олноо Өргөгдсөн Монгол улсын бага, дунд сургуулийн дүрмийг боловсруулсан явдал бөгөөд энэ нь тэр үед монголын иргэний сургууль өсөж, төлөвшихөд их хувь нэмэр болсон төдийгүй тэр үеийн сургуулийн дүр төрхийг илэрхийлж буй тул 1915 оны зун Богд хааны зарлигаар батлагдсан энэхүү Бага сургуулийн дүрмийн зарим гол зүйлийг дор иш татав:

 

Нэгдүгээр зүйл. Бага сургуулийн танхимд олон чуулган аймаг, хошууд ба шавийн зэрэг газрын аливаа түшмэл тайж ба харц албат нарын хөвгүүдийг зарлан хуруулж сургуульд оруулан таван жилийн хугацааны дотор монгол бичиг үсэг заан сургаж, дараа сэцэн сэргэлэнг нь сонгон авч дунд зэргийн сургуулийн танхимд дэвшүүлэн оруулж зүйл бүрийн эрдэм чадал сургахуй дор тус болговоос зохимой.

 

Хоёрдугаар зүйл. Бага сургуулийн танхимын энэхүү дүрэм хэмжээг зарлан явуулсан өдрөөс эхлэн хагас жилийн дотор Нийслэл Хүрээ, Маймаа хотын газраа нэжгээд олон чуулган аймгийн хошууд ба шавийн зэрэг газар болбаас цөм өөр өөрийн харьяат хошуу ба шавийн тамгын хэрэг шийтгэх газар ба бүгдийн даргын зэрэг газар нэжгээдийг эрхгүй тус тус байгуулбаас зохимой. Түүнээс бичиг үсэг сургах хөвгүүдийн тоог хүн амаар үлэмж цөөний байдалд тэнцүүлэн зохисыг үзэж сургуулилваас зохимой. Басхүү тогтоосон жилийн дотор монгол бичигт ор сайнаар боловсрогдогсдод харьяат багш өөр зүйлийн бичиг сургууль үйлдүүлбээс зохимой. Хүн амаар үлэмжхэн, газар нутгаар уудам бөгөөд бага сургуулийн танхимын тоог нэмэгдүүлэн байгуулж, хөвүүд дүү нарын нэрийг хуваан илгээж, бичиг эрдэм сургахуй дор тус болгосугай хэмээвээс даруй өөрсдийн дураар нэмж байгуулбаас болмой.

 

Тавдугаар зүйл. Бага сургуулийн танхим дор нийслэл Хүрээ, Маймаа хотын газар болбаас хошуу, шавийг ялгахгүй бусад олон хошууд ба шавийн зэрэг газар бол цөм өөр өөрийн харьяат түшмэл, тайж ба харц албат нарын найман наснаас дээш арван наснаас дорогш хөвүүдийг бүрнээ зарлан хуруулж сургууль дор оруулбаас зохимой. Гагцхүү энэ хир албаны сургуулийг сая нээн хөгжүүлэх цаг тул анх удаа дор 18 наснаас дорогш арван наснаас дээш бичиг үсэг сурч төсөөлөөгүй хөвүүдийг мөн цөм нэгэн адил зарлан хуруулж сургуульд оруулбаас зохимой.

 

Долдугаар зүйл. Бага сургуулийн танхимын хөвгүүд дор заан сургах зүйл ану:

Нэгдүгээр: монгол үсгийн бичиг шастир,

Хоёрдугаар: энгийн тоо бодох сургууль,

Гуравдугаар: монгол ба бусад олон газрын байдал төлөв,

Дөрөвдүгээр: аж төрөхийг сайжруулах ёс,

Тавдугаар: монголын хураангуй түүх

Зургадугаар: биеийн судал тамирыг сайжруулан боловсруулах зэрэг зүйлийг гол болгомой. Бас ч эдгээр заан сургах бичиг дэвтрийг цөм сургуулийн хэргийг захиран шийтгэх яамнаас талбин олгомой.

 

Есдүгээр зүйл. Нийслэл Хүрээ, Маймаа хотын бага сургуулийн танхимын сургуулийн хөвгүүдийг өдөр бүр могой цагийн эхэнд зарлан хуруулж, бичиг үсэг заан сургаад бичин цагийн эхэнд тарааж, өөр өөрийн гэр дор буцааваас зохимой. Түүнээс бусад олон хошууд ба шавийн зэрэг газрын бага сургуулийн танхимын сургуулийн хөвүүдийг цөм өөр өөрийн сургуулийн танхим дор үргэлжид суулган мөн өдөр бүр могой цагийн эхнээс бичин цагийн эхэн дор хүртэл бичиг үсэг заан сургаваас зохимой /МУҮТА,  Автономитын шинэ фонд, Эх бичиг. 6-31-38/ гэсэн байна.

 

Архивын баримтаас үзэхэд тэр үед аймаг, хошуудад удаа дараалан байгуулсан бага сургуулийн тоо 60 гаруй болсон байв. Гарсан саналуудын дагуу арга хэмжээ авч сургууль олноор байгуулагдаж, сургууль нь сургалтын төлөвлөгөө, дүрэм, заах зүйлийн хөтөлбөр үзэх ном, сургах бичигтэй болж байлаа. Монгол улсад сургууль эртнээс байгуулагдаж ажиллахдаа ордны дэргэд хаадын үр хүүхэд, дүү нарыг сургадаг байсан эсвэл ажил хэрэгцээний зорилгоор өртөө замын дагуу цөөн хүнтэй байгуулагдаж байсан ба бичгийн түшмэл бэлтгэх зорилгоор тодорхой хэл, бичиг заан сургадаг байсан зэрэг хөгжлийн түүхэн үеийг туулж ирсэн билээ. Тэгвэл 1912 оны энэ сургууль нь хүүхдийг ялгаварлалгүйгээр суралцуулах нийтийг сургах сургууль болж байгаагаараа онцлог талтай. Өөрөөр хэлбэл Монгол улсын боловсролын түүхэнд онцлог үеийг нээж байгаа эхлэл болсон юм.

Мөн үүний зэрэгцээ “Дунд зэргийн сургуулийн танхимын дүрэм хэмжээ” гэдэг өөр нэг дүрэм гарсан бөгөөд энэ нь дээр дурьдсан бага сургуулиудын зэрэгцээ хүүхдийг цаашид сургах дунд сургуулиуд анхлан байгуулагдсаныг гэрчлэх баримт юм. Дунд сургуулийн энэ дүрмийг зарлигаар баталсныг эл дүрмийн орос орчуулга гэрчлэн, Олноо өргөгдсөний тавдугаар он буюу 1915 оныг монгол оронд европ ёсны шинэ цагийн анхдугаар дунд сургууль байгуулсан он гэж үзэж болох баримт, дээрхээс ёсоор болгосон энэ дунд сургуулийн дүрмийн хоёрдугаар зүйлд урд нийслэл Хүрээнээ байгуулсан бага сургуулийг дунд зэргийн сургууль болгосугай гэсэн дүрэм зарлигийн заалтаас тодорхой болж, улсын архив үзвэл, англи хэл бичиг заах гэж уригдан ирсэн нэг англи багшид цалин хэрэглэл тогтоох тухай зэрэг бичиг баримт байдаг ажээ. Монгол, манж, нангиад (хятад) хэл бичгийг монгол багш зааж, дүрмийн дөрөв, тавдугаар зүйлд дурдсан газар дэлхийн зураг, монгол ба бусад улсын аж төрөх ёс ба түүх гэдгийг Цэвээн гуай зааж, гуравдугаарт дурдсан бодох сургууль гэдэг тооны ухааны зүйл, зургадугаар зүйлд дурдсан дүрс бодисыг шинжлэх, долдугаарын хэмжих зурах, одоогийнхоор геометр гэдэг газар хэмжил зүй, шугам зургийг Байгалийн хойт биеийн Ангар мөрний Зүүн гар гэдэг газрын буриад багш Данчинов Абашеев заан сургаж, есдүгээрийн биеийн тамирын зүйлийг цэргийн мэргэжилтэн хүн зааж байсан байна.      Энэ тухай нэгэн сонирхолтой дурсамж байдаг нь нэрт эрдэмтэн Б.Ринчин /1962/ гуайн бичиж үлдээсэн баримт мөн. Үүнийг сийрүүлбэл:

 

“Дунд сургуулийн эл дүрмийг бас оросоор орчуулсан бөгөөд машинаар цохисны хоёрдугаар буюу гуравдугаар хордуулсан хувь нь миний гарт байгааг үзвэл, орос бичээч нь бага сага алдаж, сар гэхийг “Месяц”, багш нартай гэхийг “учетелями” гэх зэргээр ганц нэг үсгийг ташааран цохисон бөгөөд тэр үед хэрэглэж байсан орос үсгийн дүрмээр “и десятеричное”, “ять” гэх зэрэг үсэг хэрэглэн цохисон эхийг үүнд бас судлан сонирхох хүнд нэгэнтээгүүр хэрэг болуузай, хоёртээгүүр монголоор зохиосон тэрхүү дунд сургуулийн дүрмийг орос болгосон нь монгол эхийн санааг орчуулахаас бус найруулгын нарийныг тэр үеийн орос албаны хэлийн зүйд санаа нийцүүлэн орчуулсны талаар нэг сонирхож болох, бас, тэр үеийн орос дунд сургуулийн жишиг харж, монголын байдалд тохируулан онцлогт нь зохицуулахдаа, орос европ зүгийн дундад боловсролын хэмжээнд багтан ордог хичээлийн зүйлийг анх монгол нэр өгч байхдаа юугий нь юу гэж нэрлэснийг танин мэдэхэд бас хэрэг болох болов уу? гэж үүнээ сийрүүллээ. Чингэхдээ гагцхүү одоо орос үсэгч үл хэрэглэх учир, ерийн бичгийн машин, хэвлэлийн үсэгт байхгүй болсон “ять”, “и десятеричное” гэдгийг эр үгийн сүүлд заавал бичилцдэг “твердый знак” гэдэг “ъ” –лугаа хамт хассан билээ. Мөн эх бичигт ганц нэг үгийг дарах, засах зэргээр бэх үзгээр оруулсан засварыг баримтлан хууллаа. Тэр орос орчуулгыг академич С.А.Козин агсаны зэрэг хүмүүс үзэн хэрэглэж, санал зөвлөгөөн өгөлцөж байсан болно” гэжээ.

 

Автономит монгол улсын хууль зохиож, Зарлигаар тогтоосон Монгол улсын хууль зүйлийн бичиг гэдгийг Магсар хурц нарын зэрэг тэр үеийн бичгийн хүмүүс зохиохдоо, Цэвээн гуайн боловсруулж, Зарлигаар баталж, ёсоор болгосон бага, дунд зэргийн сургуулийн дүрэм, мөн их сургууль байгуулбаас зохих тухайн зүйлийг тэр хууль зүйлийн бичигт оруулсан нь, Долдугаар дэвтэр, Түшмэлийн засаг гэдэг зүйлд аравдугаараас арвандолдугаар хуудаснаа бийг дурдаж болно гэж бичсэн нь энэ хуулийг Ж.Цэвээн боловсруулсан нь гарцаагүй ажээ.

Бага сургуулийн танхимын дүрмийн тавдугаар зүйлд заасны дагуу хүүхдийг сургуульд хэрхэн хуруулж (цугларуулж) байсныг дараах түүхэн сурвалжуудаас харж болно. Тухайлбал, 1912 оны 4 дүгээр сарын 6-нд  Нийслэл хүрээний бичгийн сургуульд орох хөвгүүдийг Хан Хэнтий уулын чуулганаас тодорхойлон ирүүлэхийг Дотоод яамнаас шаардсан бичигт:

 

 

 

Илгээх бичиг

 

Өргөн тушаан илгээв. Тушаан явуулах учир эдүгээ Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамнаас тушаан хүрч ирсэн бичигт тушаан явуулах учир: Эдүгээ олноо өргөгдсөний тэргүүн оны өвлийн сүүл сарын гучнаа дотоод яамнаас айлтгасан нь: Аливаа насан бага ван, гүн, засаг, тайж ба тэдний хөвгүүд, дүү нарыг авч олон үсэг бичгийн сургуульд оруулж боловсруулах явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад... Иймийн тулд үүнийг Цэцэн хан олон хошуудад хуваан явуулж тушаагаад өөр өөрийн харьяат ван, гүн, засаг, тайж нар мөн тэдний хөвгүүд дүү нарын дотроос арван наснаас дээш хорин насанд үл хүрсний нь уул тушаасан ёсоор өөр өөрийн хүчнийг хэрэглүүлэн мордуулж цөм тогтоосон болзооны урьд нийслэл Хүрээнд гүйцэн ирүүлж тухайд түүгээр дотоод яамны газар илгээн одуулж, сургуульд оруулахуйд бэлтгүүлэхээс гадна, сургуульд оруулбаас зохих арван наснаас дээш хорин нас үл хүрэх ван, гүн, засаг, жич тэдний хөвгүүд дүү нар өөр өөрийн хэд болох ба хэн нэртэй, хэдэн настай болох явдлыг тус тус тодорхойлсон цэс үйлдэж энэ жил хаврын сүүл сарын шинийн нэгэнд дэсээр /зэргээр/ мэдүүлэн ирүүлээд уламжлан мэдээлэхүйд бэлтгүүлье. Үүнийг басхүү сайд жанжин ван танд явуулаад байцаан үзүүлсүгэй.Үүний тул өргөн тушаан илгээв. Олноо өргөгдсөний хоёрдугаар он, цагаан сарын арван есөн /МУҮТА, Автономитын шинэ фонд.Эх бичиг. 6-31-39/ гэжээ.

 

 

            Мөн 1912 оны 04 дүгээр сарын 17-нд илгээсэн “Нийслэл хүрээний сургуульд явуулах хөвгүүд, дүү нарыг тодорхойлон Хан Хэнтий уулын чуулганд засаг бэйс нар-Мандахын хошуунаас өргөсөн бичиг” гэдэгт дараах зүйлийг өгүүлсэн байна:

 

Өргөх бичиг

 

Бэйсийн зэрэг ахай засгийн улсад туслагч гүн Нармандах  түшмэдийн бичиг. Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яамны дэд сайд Хан Хэнтий уулын чуулганы дарга засаг цэцэн чин ван танаа өргөв. Мэдүүлэх учир. Эдүгээ сайд чуулганы дарга танай газраас Дотоод Яамнаас аливаа насан бага ван, гүн, засаг, тайж ба тэдний хөвгүүд дүү нарыг авч олон бичиг үсгийн сургуульд оруулж боловсруулах явдлыг айлтгаад Зарлиг ёсоор болгогтун гэснийг хичээнгүйлэн дагаж тушаан хүрч ирснийг сийрүүлэн өөр өөрийн харьяат ван, гүн, засаг, тайж мөн тэдний хөвгүүд дүү нарын дотроос арван наснаас дээш хорин нас үл хүрэх нь уг тушаасан ёсоор болзооны урьд нийслэл Хүрээнээ илгээн одуулж сургуульд оруулахаас гадна, тэдний нэр, нас зэргийг тодорхойлон цэс үйлдэж хаврын сүүл сарын шинийн нэгэнд мэдүүлэн ирүүлье гэх зэргээр тушаасан. Үүнд: бэйс Нармандах миний хөвгүүн тэргүүн зэрэг тайж Шагдаргочоо арван найман настай болохоос өөр хөвгүүн дүү наргүй тул цэс үйлдэж мэдүүлсэн явдлыг хамтаар гаргаж үүний тул өргөв. Олноо өргөгдсөний хоёрдугаар он. Хоёр сарын хорин долоон” / МУҮТА, Автономитын шинэ фонд. Эх бичиг. 6-31-39/.

 

            Ийнхүү иргэний зориулалттай сургуулиуд байгуулагдаж тэнд нийгмийн янз бүрийн давхаргын хүүхдүүд суралцах болсон ба эдгээр сургуулийг цаашид аж ахуй, зохион байгуулалтын талаар хөл дээр нь босгох талаар Богд хаант монгол улсын засгийн газраас янз бүрийн арга хэмжээ авах болсоныг 1917 оны 04 дүгээр сарын  05-нд гаргасан “Халх дөрвөн аймаг, хошуу шавийн газар байгуулагдсан 49 сургуулийн тухай” хэмээх түүхийн эх сурвалжид хэрхэн дурьдсаныг архивын материалд тулгуурлан уншигч олондоо толилуулж байна:

 

Өргөн тушаан илгээв

 

Тушаан явуулах учир урьд гадаад яамнаас бидний чуулганы дарга жанжны тушаал хамт тушаан хүрч ирсэн бичгийн дотор сургуулийн хэргийг хавсран манай гадаад яамнаас бага дунд хоёр зэргийн сургуулийн танхимын дүрэм хэмжээг хянан тогтоосон явдлыг хичээнгүйлэн нугалбар бичиж айлтгаад Зарлиг ёсоор болгогтун хэмээснийг хичээнгүйлэн дагаж уг хянан тогтоож айлтгасан сургуулийн танхимын дүрэм хэмжээ хоёр хувийг дармал даруулж дэвтэрлэн тус тусдаа агуулан хадгалах ба газруудад уламжлан хүргүүлж дагаж шийтгүүлье тушаан хүрч ирсэн тухайд манай чуулганы даргын газраас уг хүргүүлэн ирсэн үүнд бага сургуулийн танхимын дүрэм тус бүр нижгээдийг хувь дэвтрийг өөр өөрийн бичгийг, бичгийн боодолд агуулж харьяат аймгийн олон хошуу шавь энэ учир сайд жанжин бишрэлт ван танд нэгэн адил хүргүүлэн явуулан тушаагаад дагаж шийтгүүлэн бүхийд эдүгээ гадаад хэргийг бүгд эрхлэн шийтгэгч яамнаас бидний чуулганы дарга жанжны тушаал хамтатгаж тушаан хүрч ирсэн бичигт тушаан явуулах учир төвийн хэлтсийн олноо өргөгдсөний тавдугаар он зуны цаг сургуулийн хэргийг хавсарсан манай гадаад яамнаас дунд бага хоёр зэргийн сургуулийн танхимын дүрэм хэмжээ тогтоож айлтгаад зарлиг ёсоор болгосныг хичээнгүйлэн дагаж уг айлтгасан хэргийг сийрүүлэн танхимын дүрэм хэмжээ хоёр хувийг тусгай дармал даруулж дэвтэрлэн зохих олон газруудад хуваан хүргүүлж явуулах тушаасан зэргийг данснаа тэмдэглэжээ.

Энэ завсар... цэцэн чин ван Гомбосүрэн, бэйс Сансрайдорж, Гомбосүрэн, гүн Дамдинжав, Засагт хан аймгийн ахай бэйс Цэрэндорж, Сайн ноён хан аймгийн цэцэн ван Наянт, сайд далай чойнхор ван Цэдэнсодном, сайд ван Жамьяандорж, ван Гүргэмжав, бэйс Норовжамцан, бэйс Сандагдорж, Ядамжав, сайд түшээ гүн Цогт-Очир, Билбэбүү, Үржинжав, Товчинжамц, Лувсанхайдав, Дашдорж, Мөнх-Очир, Гончигчойнжин, Бариарагчаа, Пүрэвжав, Чүлтэм, зая бандид хутагт, наранхутагт, хамбахутагт номун хан, эрдэнэ мэргэн ноён хутагт, шива ширээт хутагт, чин сүжигт номун хан нарын хошуу шавь дөчин есөн газраас бага сургуулийн танхим нээж байгуулсан зэрэг учрыг тус тус тодорхойлон гаргаж удаа дараа өргөн мэдүүлсэн... Үүний тулд өргөн тушааж илгээв. Олноо өргөгдсөний долдугаар он хоёрдугаар сарын арван дөрвөн  /МУҮТА, Автономитын шинэ фонд. Эх бичиг. 6-31-39/.

 

Маймаа хотын бага сургуулийн танхимын сургагч түшмэдэд хүн тутам сар бүр хүнс мөнгө гучин лан (нэг лан нь 37.5 гр) гэж заасан бөгөөд сургуулийн хөвгүүдэд мөнгө өгдөггүй байжээ. “Дунд сургуулийн танхимын харж захирах түшмэдэд сар бүр хүнс мөнгө жаран лан, сургагч нарт хүн дутам сар бүр дөчин таван лан, сургуулийн хөвгүүдэд сар бүр хүнс мөнгө арван лан... талбин олгомой” гэж заасан байна. Дунд зэргийн сургуульд таван жил сургадаг байв. 1915 онд гарсан бага ба дунд сургуулийн дүрмийн 4 дүгээр зүйлд дараах адил заалт оржээ. Үүнд:

 

“Аливаа хан, ван, гүн, түшмэл, тайж ба баялаг ард ганц нэгэн хүн буюу эсвэл хэд хэдэн хүн хоршоолон нийлж, дуртайяа өөрийн хөрөнгөөр Нийслэл Хүрээ ба олон чуулган аймаг шавийн зэрэг газраа (бага) дунд зэргийн сургуулийн танхим тусгайлан байгуулж, хөвгүүд дүү нарыг олон зүйлийн эрдэмд сургасугай хэмээх нь буй аваас даруй өөр өөрийн харьяат дээд газраа мэдүүлээд уламжлан сургуулийн хэргийг захиран шийтгэх Яаманд тодорхойлон мэдлүүлж тогтоосон дүрмийн ёсоор шийтгүүлэхээс гадна, өөрийн хөрөнгөөр сургуулийн танхим байгуулагсдыг сургуулийн хэргийг захиран шийтгэх Яамнаас зарлигийг гуйн айлтгаж хэтэрхийгээр сайшааж хөхүүлбээс зохимой” /Монголын автономит үеийн сургууль, 1966, 21 дэх тал/ гэжээ.

 

Ийнхүү хувь хүн бага, дунд сургууль нээн ажиллуулж болох болжээ. Энэ дүрмийн 12 дугаар зүйлд “сургагч тутамд сургуулийн хөвгүүдийг хэдий үлэмж боловч гучаас хэтрүүлж үл болно” гэж нэг ангийн сурагчдын тоог хатуу тогтоожээ. Дунд сургуулийн газар дэлхийн зураг, түүх зэрэг хичээлийг Цэвээн, хэмжих зурах (геометр)-ийн хичээлийг буриад багш Данчинов Абашеев зааж байжээ. Энэ дүрмийн 18-р зүйлд дунд зэргийн сургуулийн танхимын дүрэм хэмжээний тэмдэглэл, сургуулийн танхимын орлого зарлагын тэмдэглэл зэрэг 11 зүйлийн тэмдэглэл байна гэж заажээ. Бага, дунд сургуулийн энэ дүрмийг Жамсраны Цэвээний зохиосны гар эхийг академич Ринчен доктор хадгалж байгаагаа ингэж бичжээ. “... дунд сургууль байгуулах, энэ дүрмийг мөн Цэвээн гуайгаас зохион бичсэн эх бичлэг нь надад байгааг монгол ардын гэгээрлийн түүхнээ тун ч чухал зүйл болох тул үүнээс сийрүүлбээс..” гээд дүрмийг бүтнээр нь хэвлэжээ. Тэр дүрмийг орос бичгийн машинаар бичсэн байсан нь сонин баримт юм. Цэвээн гуай энэ дүрмийг зохиохдоо оросын сургуулийн дүрмийг ашигласан нь мэдээж бөгөөд ингэж манайд оросын сургуулийн дүрэм, сургуулийн сургалтын зохион байгуулалт, сургалтын агуулга, хэлбэрийг хэрэглэх эх тавигдсан байна. Ийнхүү орчин цагийн боловсролын тогтолцоо монгол улсад үүсэхийн зэрэгцээ боловсролын бусад байгууллагууд ч үйл ажиллагаа явуулах болсон байна. Эдгээр сургуулиудыг шинэ тулгар тусгаар улсын өмнө тулгарсан хүндрэл бэрхшээл, зорилтуудыг даван гарахад боловсон хүчин бэлтгэх зорилгоор байгуулсан нийгэм-эдийн засаг, улс төрийн зорилготой байгуулсан байдаг. Эдгээр сургуулиудыг дараахь байдлаар үзүүлж болно.

 

Цэргийн сургууль

 

Тухайн үеийн цаг төрийн байдал, шинээр тусгаар тогтносон улсын хувьд улс орны аюулгүй байдлыг хангах зорилгоор цаг үеийн  шаардлагад зохицсон байнгын арми байгуулах зорилт урган гарч ирсэн бөгөөд энэ зорилтыг хэрэгжүүлэхийн тулд 1912 онд Нийслэл Хүрээний ойролцоох Хужирбуланд цэргийн сургууль нээгджээ. Монголчуудыг цэргийн зохион байгуулалтанд сургах, зэр зэвсэг эзэмшүүлэх талаар Хужирбулангийн цэргийн сургууль их үүрэг гүйцэтгэжээ. Богд хаант монгол улсад иргэний болон гадаад хэлний сургуулийн зэрэгцээ ийнхүү цэргийн сургууль буй болж, түүнд бас Оросоос уригдаж ирсэн сургагч багш нар голчлон ажиллаж байжээ. Монгол хөвгүүдийг цэргийн эрдэмд сургах зорилгоор Богд хаант Монгол улс  ба хаант оросын хооронд 1913 оны 02 дугаар сарын 03-нд “Монгол цэрэг бэлтгэн сургах  тухай Монгол-Оросын гэрээ”-г байгуулсан ба энэхүү гэрээнд дурьдахдаа:

 

...Монголын цэрэг бэлтгэн сургах гэрээ бичиг байгуулж жагсаан бичсэн нь:

 

Нэгдүгээр зүйл: Монгол улс өөрийн газар орныг хамгаалахын тухай нэгэн ангийн цэрэг бэлтгэн сургахыг хүснэ. Энэхүү нэгэн ангийн цэргийн дотор морьтой цэрэг хоёр хороо, хороо бүрт зургаан суман, пулемёт бууны зургаан хүн, их үхэр бууны зуу шахам хүн бүгд нэг мянган есөн зуун хүн багтана.

 

Хоёрдугаар зүйл: Энэ сургах цэргийг Монгол улсын засгийн газраас бие эрүүл сайн, эмгэггүй, арван найман наснаас хорин таван нас хүртэл идэр залуусыг цуглуулж нийслэл Хүрээний газарт ирүүлж шалган үзүүлэн тушаахад, хүн гологдвол мөн засгийн газраас шинэ идэр залуусыг зарлан ирүүлж уг тоог гүйцэтгэнэ.

 

Гуравдугаар зүйл: Монгол улсын засгийн газраас бэлтгэн сургах цэрэг нэжгээд бүрт залуу сайн морь, сайн эмээлтэй олгуулна.

 

Дөрөвдүгээр зүйл: Энэ ангийн цэрэгт Монгол улсын засгийн газраас суух гэр, түлээ, лаа, хүнсний зүйл ба морины тэжээл зэргийг орлуулахаас гадна цэрэг бүрт сар тутам гучин /лан/ мөнгөний цалин хүртээнэ.

 

Тавдугаар зүйл: Энэхүү ангийн цэрэг сургахын тухай Орос улсын засгийн газраас багш болох цэргийн ноёд хоёр, түшмэд арван тав, дарга дөчин хоёрыг явуулна.

 

Зургадугаар зүйл: энэхүү нэгэн анги цэрэг бэлтгэхэд Монгол улсын сангаас гарах зохистой сүйтгэл гучин таван түмэн цөлхөөв (Оросын металл рублийн ярианы хэлний нэр, целковый гэдгийг монголоор сунжруулан ийнхүү нэрлэж байжээ.) цаасыг Их Орос улсын консул сайдын яаманд урьдаар өгч хадгална. Энэхүү мөнгийг Орос улсын засгийн газраас томилогдсон багш тухайг үзэж зарна...

 

Долдугаар зүйл: Энэхүү гэрээ бичиг, багш нарын сургасан өдрөөс эхлэн нэгэн жилийн дотор ёсоор явуулаад, түүнээс хойш хоёр улсын засгийн газарт хэлэлцэж шинэ болзоо хугацаа тогтоож болно.

Олноо өргөгдсөний гуравдугаар он, цагаан сарын арван /МУҮТА, 5, ФА-3, Х/Н-483/ гэжээ.

 

1912 онд Хужирбуланд нээгдсэн цэргийн сургуульд Хаант Орос улсаас цэргийн мэргэжилтнүүдийг урьж багшлуулах тухай 1913 оны Монгол, Орос хоёр улсын хооронд байгуулагдсан хэлэлцээрт заасныг үндэслэн 1916 онд тодруулан тогтоосон хоёр этгээдийн хэлэлцээрийн хугацааг сунгаж 1917 онд Автономит Гадаад Монголын засгийн газраас Орос улсын түр засгийн газрыг төлөөлж нийслэл Хүрээнд сууж байсан элчин Орловтой хийсэн хэлэлцээрийн зарим зүйлийг дор сийрүүлэв:

 

Нэгэн зүйл: Автономит гадаад Монголын засгийн газраас өөрийн 200 морьт цэрэг, 4 үхэр буу, 4 пулемёт бууны 100 цэрэг, 100 явган цэрэг бүгд 400-г сурган боловсруулахад Орос цэргийн түшмэд 3, цэрэг 12-ыг Багш болгон нэгэн жилийн хугацаагаар зална.

 

Тавдугаар зүйл: Эдгээр цэргүүд нь Нийслэл Хүрээний орчим газраа тусгай орон байшин байгуулан завдахын янар Хужирбулангийн газраа бүхий цэргүүдийн оронд сууна... /МУҮТА, 5, ФА-3, хн-483/

 

Ийнхүү иргэний сургуулийн зэрэгцээ шинээр байгуулагдаж буй байнгын армийн боловсон хүчнийг бэлтгэх зорилготой цэргийн сургууль байгуулагдсан нь мөн л монгол улсад боловсролын байгууллага үүсэн бий болоход чухал нөлөө үзүүлсэн зүйлийн нэг болсон юм. Энэхүү сургуульд 1921 оны ардын хувьсгалын удирдагчдын нэг Д.Сүхбаатар, партизан Тогтох нар суралцаж байсан нь үүний нэг жишээ мөн. 

 

Шашны сургууль

 

Шашны сургууль Монголд их байлаа. Монголын 700 гаруй томоохон сүм хийд, 1000 гаруй жижиг дуганд сургуулийн насны хүүхдийн 25-30 хувийг эзэлж байсан 18000-20000 хүүхэд шавилан сууж байсан юм. Олон тооны сүм хийд нь феодалын оюуны соёлын төв, нийгмийн сэтгэлгээний хөгжлийн гол газар болж, шашны сургуулиудад шашны гүн ухаан, хэл, яруу найргийн онол, хүн эмнэлэг, одон орон, зурхай, түүх, урлаг, биеийн тамирын хичээлүүдийг нарийн дэс дараатай үздэг байжээ. Хүрээ хийд бүр хурал номын газартай, томхон нь шашны сургуультай. Тэдгээрт хэдэн төрлийн дацан тогтмол ажилладаг. Бас хурал хурдаг, цамын гэх мэтчилэн дугануудтай байв. Томоохон хүрээ, хийдэд Чойрын дацан-онолын сургууль, мам дацан-эмнэлгийн сургууль, зурхайн дацан, ёогүй дацан, агатайгаар дацан гэх зэрэг төрөлжсөн сургууль, ангитай байв. Их хүрээ бол хэдэн зуун жилийн турш монголын буддын шашны соёлын том төв байсан бөгөөд түүнд арван мянга гаруй лам шавилан сууж ном үзэж байв. Шашны сургуулиудад “ухааны таван их орон” гэдэг хичээлийг голлон судалж байв. Тэдгээр нь:

1.      Үг, дууны эндүү ташааг арилгагч дуун ухаан буюу хэл шинжлэл

2.      Үг, утга, агуулгын эндүү ташааг арилгагч учир шалтгааны ухаан буюу логик

3.      Эрүүл энх, урт удаан наслахыг бүтээгч тэжээхүй ухаан буюу анагаах ухаан

4.      Бие, хэл сэтгэлийн урлагийг бүтээгч урлахуй ухаан буюу урлаг судлал

5.      Амьтны дотоод сэтгэлийг засамжлан боловсруулах дотоод ухаан буюу гүн ухаан зэргийг багтаан үздэг.

Үүнээс гадна “ухааны таван бага орон” гэдэг эрдмийг судлан үздэг. Үүнд:

1.      Зохиол ба зохиолын үгийг чимэглэхүйд мэргэжүүлэгч яруу найраг

2.      Шүлэглэн холбох ёсонд мэргэжүүлэгч холбоо найраг

3.      Эрт цагийн олон үлгэр, домог ба үлгэрийн гаралтай нэр томьёолол мэргэжүүлэгч ёгт үг

4.      Эртний хүн, хүн бусын үлгэр домгийн тус тусын хэлээр үзүүлэгч өгүүлэн бүжиглэхүй

5.      Огторгуйн олон ба ил, далдын авах, орхихуйг шинжлэн мэдүүлэгч одон зурхайн ухаан зэрэг арван ухааныг тус тус үзэж судалдаг байжээ.

Сургалтын тогтолцоо ч их нарийн дэс дараалалтай. Өгүүлэн байгаа үеийн монголд оронд лам болгох хүүхдээ эцэг эх нь 5-6 настайгаас нь багш ламд шавь болгон өгч, түүгээр төвд бичиг, хурлын уншлагын хамгийн анхны зүйлүүдийг цээжлүүлж, аажмаар дасгадаг. Тэгээд төвд бичиг, хурлын уншлагад овоо цэгцэрч, тэр талынхаа анхны мэдэгдэхүүнтэй болж, нөгөө талаас нас нь арав гараад ирэхийн хамт хүүгээ сүм хийдэд аваачиж өгдөг байжээ. Ном сурахаар ирсэн бандийг сүм хийд хүлээж аваад лам хувраг хүний сахил санваарт үнэнч байх ам авч, тангараг өргүүлээд хуралд оруулдаг журамтай. 15-20 насны үед шашны анхан шатны боловсролтой болсон лам банди нарыг буддын шашны гүн ухаан судалдаг дээр дурдсан дацангийн аль нэгэнд хуваарилж, шашны дунд сургуульд суралцуулна. Дацанд суралцагчид нь доод, дунд, ахлах зиндаа хэмээх гурван ангид хуваагдан арван дөрвөн жил суралцаж төгсөхдөө дом тавих гэдэг их шалгалт өгч номын хурим хийнэ. Үүний дараа буддын шашны гүн ухааны дээд сургуульд орж, 7-10 жил суралцаж, өмнө үзсэнээ давтах, гүнзгийрүүлэх, тайлбарлах, шинэ зохиол бичих зэргээр голцуу бие дааж судална. Энэхүү дээд сургуульд буддын шашны винай хэмээх сахилга, зохион байгуулалтын тухай сургадгийн дээр онол, практикийн асуудлуудыг тун нарийсган судалж, түүнийг хэрэгжүүлэх биет үйлдлийг нэн чухалчилдаг байв. Дээд сургуулийг амжилттай төгссөн лам нар монголын Их Хүрээнд бол гавж, төвдийн Лхаст лхаарамба хэмээх эрдмийн зэрэг хүртэнэ. Ийнхүү буддын шашны гүн ухааны дээд сургууль төгссөн лам нар буддын шашны агийн ном буюу тарнийн ухааныг судалдаг жүд дацанд орж суралцах эрхтэй болж, түүндээ 10-15 жил суралцдаг байв. Жүд дацанд амжилттай суралцаж төгссөн лам барагцаалбал 60 орчим насандаа аграмба хэмээх эрдмийн өндөр зэрэгтэй болдог. Үүгээр буддын ухааны боловсрол олгодог үе шат дуусах бөгөөд энэ бүхэн нь монголд буддын гүн ухааны боловсрол олгож байсан үндсэн тогтолцоо ямар  байсныг харуулж байна. Гэвч монгол орон нь бусад улс гүрэн юуны урьд умард хөрш болох Орос улстай өргөн харилцаа холбоотой болж, түүгээр дамжуулан Дэлхийн дэвшилтэт соёл, боловсролтой танилцах, хүлээн авах сайхан бололцоо гарч ирсэн нь хүрээ хийдийн сургалт бүх ертөнцөөс бүрэн тусгаарлагдмал байдлаасаа гарч монголчуудын оюун санааны амьдралд шинэ шинэ зүйл багагүй нэвтрэх бололцоог буй болгожээ. Монгол, Орос хоёр улс олон зууны турш хөрш оршин тогтнож байсан ба энэ нь ХХ зууны эхэн үеэс улам идэвхжиж ирсэн юм. Орос, Монголын энэ харилцаа хөгжиж ирэхийн хамтад тус хоёр орны боловсролын салбар дахь харилцаа улам гүнзгийрэв. Үүний нэг тод илрэл нь манай боловсролын тогтолцоонд урьд өмнө байгаагүй шинэ нэгж буюу Орос хэл бичгийн сургууль бий болсоноос явдал байв.

 

Орос хэл бичгийн  сургууль

 

Гадаад явдлын яамнаас эрхлэн монгол хүүхдийг сургах орос хэл бичгийн сургуулийг байгуулжээ. Энэ тухай түүхэн сурвалжид сургуулийн хүүхдэд орос хэл бичиг зааж сургах асуудлыг Гадаад яамнаас тавьж 1912 оны 6 дугаар сарын 9-нд Дотоод хэргийг бүгд захиран шийтгэгч яаманд өргөн илгээсэн бичигт:

 

“... эдүгээ манай улс Орос, Хятад лугаа зах нийлсэн бөгөөтөл орос, хятадын бичиг хэлийг төлөөлөх хүн маш цөөний дээр Орос улсын бичиг хэлийг төсөөлөгчид нэн цөөн ажгуу...

Монгол сургуулийн гэрээс сургуулийн хөвүүд зургаан хүнийг сонгон өдөр бүр Консул сайдын сургуулийн гэрт илгээж орос хэл бичиг сургах болгосон ба сангийн яамнаас сар бүр хүн тутамд хүнс мөнгө арваад лан, оросын сургагчид гучин лан... тавин олгуулсаар буй боловч урьд хожид хоёр жил шахам тэдний төсөөлсөн нь маш өчүүхэн” /МУҮТА, Автономитын шинэ фонд, Эх бичиг. 6-31-9/ гэжээ.

 

Олноо өргөгдсөн Монгол улсын Гадаад яамны байранд байгуулагдсан орчуулагч, хэлмэрч нарын энэ сургуульд монгол, хятад, орос, манж, англи хэл бичигт сургаж, 1914 онд Гүрсэд, Дамбадорж, Жадамба, Чойбалсан нарын 46 хүүхэд суралцаж Эрдэнэбатхан, Дашиев, Ц.Цэвэгжав, Д.Бодоо нар багшилдаг байв. Энэ сургуулийн талаар “Орос бичгийн сургууль орон 14, сар бүрийн зардал /лангаар/ 234 гэж сурвалж бичигт бичсэн ба сургуулийн захирал нь Эрдэнэбатхан байжээ. Тэр сургууль монгол, хятад, орос, манж дөрвөн хэлний ангитай, хүүхдүүд сонирхлынхоо дагуу дуртай ангидаа суралцдаг байв. Энэ сургуульд Орос улсаас мэргэжилтэн багш нарыг урьж авчран, хичээл заалгаж байсан ба 1914 оны 6 сарын байдлаар үзэхэд тус сургуульд сургуулийн дарга нэг, сургагч түшмэл 2, галч 3, суралцах хүүхэд 46-тай ажиллаж байжээ. Энэхүү сургууль нь Сайн ноён аймгийн хэдэн хошуудаас 20 хүүхэд суралцаж байсан бөгөөд Баргын хошуунаас 8 гэхчлэн олон хүүхэд суралцаж байжээ. Энэ сургуулиас 1915 оны 5 дугаар сард 58 хүүхдийг чөлөөгөөр буцаах болсон тухай, мөн 1915 оны 6-р сард сургуулиас нутагтаа чөлөөгөөр буцах 19 хүүхдэд өртөөний улаан зар олгуулах тухай, орос бичгийн сургуульд хөвгүүд ирүүлэхийг арван хошуудад хуваарилан тушаасан бичиг гэхчлэн сургуулийн талаар олон бичиг байгаа нь сургуульд хөвгүүдийг сургах явдлыг ихэд чухалчилж байсныг харуулж байна. Мөн энд дунд сургуулийн хөвгүүд 76, охид 14 гэж дурдаад сургууль засварлах чөлөөнд дээд ангиас 30 хүүхдийг Эрхүү, Улан-Үд зэрэг газар юм үзүүлэхээр явуулсаныг мэдээлжээ. Тэгээд манай монголд угаас Европ ёсны эрдмийг сурсан багш цөөхөн тул оюутан ба дунд сургуулийн 5-6 хүнийг Буриад монголоос ирүүлсэн буй гэжээ

Энэхүү сургууль нь тухайн үеийнхээ тэргүүний соёл боловсролыг Монголд дэлгэрүүлэх, дэвшилтэт үзэлтэй боловсон сэхээтнүүдийг төрүүлэн гаргах хэрэгт чухал үүрэг гүйцэтгэсэн юм. Мөн энэ үед хүүхдийг гадаад явуулж, сургах ажил эхэлсэн бөгөөд Нийслэл хүрээний сургуулийн 10-аад хүүхдийг явуулж суралцуулж байсны дотор Х.Чойбалсан орсон байгаа.

 

Х.Чойбалсан, М.Бат-Очир нарын 9 хүүхэд Эрхүү хотноо орос хэлний сургуульд суралцаж байхдаа

/сууж байгаа, зүүн гар талаас нэгдэх нь Х.Чойбалсан /

 

Гэтэл Октябрийн хувьсгал (1917) гарч, Орос оронд коммунист засаглал тогтсон тухай мэдээ Монгол нутагт нэвтрэн амнаас ам дамжин тархах болов. Оросын хувьсгалыг монголчууд жирийн ардаасаа төрийн эрх баригчид хүртэл өөр өөрийнхөөрөө ойлгож хандаж байв. Богдын засгийн газар Зөвлөлт Орос улстай харилцахаас татгалзаж, хоёр орны хоорондын албан ёсны харилцаа тасалдсанаас үүдэн Эрхүү хотноо суралцагсдыг эргүүлэн татаж, Хиагт, Улиастай чиглэлийн хилийг битүүмжлэхээр бэлтгэж, хил хамгаалалтыг чангатгажээ. Ингэснээр гадаад хэл дээр сургах сургууль болон хүүхэд, багачуудыг гадаад улс оронд сургах үйл ажиллагаа түр тасалдсан байна.

 

Бичсэн: EDUCATION | цаг: 09:54 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1781375 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax