2012-12-20
Бар ээж буюу барын бамбар бэлтгэх хятад эхчүүдийн арга
Одоогоос хоёр жилийн өмнө барууны ертөнцөд нэгэн ном шуугиан дэгдээж, араасаа бөөн маргаан мэтгэлцээн, хэлэлцүүлэг бүр шинжлэх ухааны үндэслэлтэй судалгаа шинжилгээ хүртэл дагуулсан юм. Энэ бол уншигч хүүхдүүдийн хүсэн хүлээдэг “Харри Поттер” мэтийн уран зохиол юм уу хэн нэг алдартай улстөрчийн дурсамж ном байсангүй. Харин ердөө л хятад эхчүүд хэрхэн үр хүүхдээ өсгөж хүмүүжүүлдэг талаар өөрийн туршлагаас хуваалцсан нэг эмэгтэйн дурсамж төдий бяцхан ном байв. 10 жилийн өмнө бол хэн ч тоож уншихааргүй ийм сэдвээр бичсэн атлаа яаж олон нийтийн анхаарлыг тэгтэл татаж, бүр нийгэм даяар томоохон хэлэлцүүлэг өрнүүлж чадав аа гэдгийг уншигч та магадгүй гайхаж буй биз ээ. Таны гайхаж буйн шалтгаан бол хөрш зэргэлдээ орших Хятад гэдэг гүрэн хэрхэн гэрлийн хурдаар хөгжин дэвжиж, дэлхий нийтийг, нэн ялангуяа барууны орнууд тэр дундаа АНУ-ыг битүүхэн айдас түгшүүрт автуулж байгааг хараахан мэдрээгүйн шинж ээ. Бидний  мэдрээгүй тэр зүйлийг барууныхан, америкчууд аль хэдийнэ мэдэрчихээд түүний эсрэг яаж хөдөлбөл Хятадтай эн зэрэгцэн урагшилж, түүнээс хоцрохгүй байх вэ гэдгээ олж мэдэх гэж яарч байна. Чухамдаа яг энэ зорилгод нь нийцэх цөөн ч гэсэн хариултыг энэ ном агуулж байгаа учраас олны анхаарал татаж, бестселлер болсон юм.
2008 оны хямралыг арай ядан даваад, бие нь олигтой тэнхэрч чадаагүй байгаа АНУ-ын эдийн засаг өнөөдөр 2.6 хувийн өсөлттэй, ажилгүйдлийн төвшин нь есөн хувьд хүрчихээд байна. Америк залуус ажлын байр олж чадахгүй байхад АНУ-ын бизнесмэн, хөрөнгө оруулагчид Хятад, Энэтхэг зэрэг хөгжиж буй бусад орны залуусыг ажилтнаараа сонгож, харийн хүнийг тэжээж байна. Гэтэл дэлхийн эдийн засгийн хямралаас хамгийн түрүүнд гарсан Хятад өнөөдөр жилд 10 хувиар өсч тэлэн, АНУ-тай хийх худалдааны илүүдэл нь 252 тэрбум ам.долларт хүрчихсэн, мөнгө нь савнаасаа халих адил бялхаж байна. Дэлхийн хамаг л эрдэс баялагтай орд газруудад Хятадын хөрөнгө оруулалттай компаниуд эзэн сууж, дэлхийг хэрэн сүлжиж байхад дотоодод нь өндөр хурдны төмөр замууд жилд хэдэн зуун километрээр баригдаж, шинэхэн үйлдвэрүүд үүд хаалгаа нээж, эдийн засаг нь цэцэглэн хөгжиж байна. Хэдхэн сарын өмнө Японыг ардаа орхин, дэлхийн ¹2 эдийн засагтай орон болсон Хятад хэзээ АНУ-ыг гүйцэж түрүүлэх бол гэдгийг шинжээч, эдийн засагчид тооцож, тооцох бүрт нь Хятадын №1 болох цаг хугацаа улам наашилсаар байна.  Ингэж америкчуудыг битүүхэн чичрүүлэх болсон эдийн засгийн өсөлтийн хажуугаар хятад хүүхдүүд сурлагын амжилтаараа цоорч, дэлхийд тэргүүлэх болсон нь бүхий л зүйлд “Number One” байхыг хүсдэг америкчуудыг  жинхэнэ өмдөндөө дусаахад хүргэсэн юм.
 Олон улсын өсвөр насныхны дунд математик, уншлага, шинжлэх ухаан гэсэн гурван чиглэлээр ерөнхий боловсролын төвшинг нь үнэлдэг PISA-гийн шалгалт гэж бий. Өнгөрсөн өвөл явуулсан PISA-гийн шалгалтад Шанхайн сурагчид бүхий л хичээлээрээ тэргүүлж, нэгдүгээрт орсон бол хүн амын дийлэнхийг нь хятадууд эзэлдэг Сингапур, Тайванийн хүүхдүүд эхний хэдэн байруудыг эзэлжээ. Гэтэл америк хүүхдүүд уншлагаараа 17, шинжлэх ухааны хичээлээр 23, математикаар 31-д, нийт дүнгээрээ 17-д орж. Энэ муу мэдээг сонссон Ерөнхийлөгч Б.Обама зориуд ард түмэндээ хандан мэдэгдэл хийж, “Америкчууд бид өнөөдөр яг Спутник моментод орчихоод байна” гэсэн юм. “Спутник момент” гэдэг нь XX зууны дундуур ЗХУ сансарт “Спутник” хөлгөө хөөргөхөд, тэдний сансрын хөгжил дэвшилд америкчууд хэрхэн алмайрч хоцрон, басхүү тэднийг бушуухан гүйцэж түрүүлнэ гэсэн хор шар нь буцалж байсан тэр үеийн шокыг хэлж байгаа юм. “Спутник” сансарт хөөрснөөс жилийн дараа АНУ Үндэсний батлан хамгаалахын боловсролын хуулиа баталж, хэдэн тэрбум ам.долларыг үүн рүү цутгасан юм. Ингээд таван жилийн дотор АНУ-ын анхны сансрын нисэгч Жон Гленн дэлхийг тойрч, түүнээс 10 жилийн дараа саран дээр хөл тавьсан анхны хүн нь Америкийн иргэн болсон билээ. Бүхний түрүүнд байх гэсэн энэ “америк эрмэлзэл”-ийг Спутник момент гэдэг юм. XX зуунд шинжлэх ухааны ололтоор тэргүүлсэн Зөвлөлтийг атаархлын нүдээр харж байсан америкчууд XXI зуунд эдийн засгийн амжилтаараа гайхуулж буй Хятадыг яг тэр нүдээр онцлон ширтэж байна. Яг энэ цаг үед, америкчуудын ¹1 байх гэсэн эрмэлзэл дахин сэргэсэн эдгээр өдрүүдэд “Бар ээжийн тулааны магтуу” хэмээх ном уншигчдын гарт хүрсэн нь үнэхээр цагаа олсон хэрэг байв. Үүнээс хятадууд хэрхэн хүчирхэгжиж, чадваржиж байгаагийн нууцыг америкчууд мэдэх гэж хичээж байна.
Энэ номыг Хятад гаралтай АНУ-ын иргэн, Йелийн их сургуулийн хуулийн профессор Эми Чуа бичжээ. Эми Чуа өөрөө хятад эцэг эхчүүдийн хүүхдээ хатуу гараар барьж хүмүүжүүлэх туршлагын амьд жишээ бөгөөд хоёр охиноо ч яг тэр аргаар хүмүүжүүлж буй нэгэн юм. Тэрээр номдоо барууны эцэг эхчүүдийг тодорхойлсноор “харгис”, “хэрцгий”, “бүдүүлэг” бас “эх хүнээс гарамгүй” хатуу аргаар хэрхэн хоёр охиноо хүмүүжүүлсэн тухайгаа бичжээ.
48 настай профессор Чуа 15, 18 насны хоёр охинтой. Тэрээр хоёр охиноо хүмүүжүүлэхдээ баримталдаг хэд хэдэн зарчимтай.  
-Зурагт үзэж, компьютер тоглохгүй
-А-гээс доош үнэлгээ хэзээ ч авч болохгүй
-Биеийн тамир, жүжгийн хичээлээс бусдад нь сургуулийнхаа ¹1 байх
-Өөрийн хүслээр хичээлээс гадуурх үйл ажиллагаанд оролцохгүй
-Найзуудтайгаа тоглож, гэрээсээ хонуутаар явахгүй
-Төгөлдөр хуур, хийлээс гадна өөр хөгжмийн зэмсгээр хөгжимчнөөс дутахгүй тоглох сурах
-Хөгжмийн хичээлээ амралтын өдрүүд, баяраар хүртэл таслахгүй давтах
Эдгээр зарчмыг Эми Чуа яс баримталдаг бөгөөд хэрэв охид нь чадахгүй бол чаддаг болтол нь давтуулдаг, хичээллүүлдэг, сургадаг байна. Тэрээр бага охиноо долоон настай байхад нь “Жижиг цагаан сармагчин” гэдэг аяыг төгөлдөр хуур дээр тоглуулж сургах гэж гэртээ бараг л цөмийн дайнаас дутахааргүй ширүүн уур амьсгал үүсгэжээ. Тэрээр оройн хоолноос хойш энэ аяыг давтсан охин нь хангалттай сайн биш байна гээд шөнө хүртэл суулгахдаа аяга ус ч өгөөгүйгээр барахгүй, ариун цэврийн өрөө рүү ч явуулаагүй байна. Охин мэдээж ээжийгээ эсэргүүцэж, нөхөр нь ч эхнэрээ боль гэж шаардан тэдний гэрт бөөн маргаан дэгдэж, эцэст нь Чуа охиноо “муу хог” гэж дуудсан номны тэр хэсэг хүүхдийн эрхийг юуны түрүүнд авч үздэг барууны уншигчдыг шоконд оруулах шахсан юм. Уншигчдыг шоконд оруулах тохиолдлууд үүгээр дуусахгүй. Эми Чуагийн нэг төрсөн өдрөөр охин нь гараар хийсэн ил захидлаа бэлэглэхэд тэрээр голж “Би чиний ээж, үүнээс илүүг хүртэх эрхтэй” гээд буцааж өгсөн, хийл сайн тоглож чадахгүй байгаа охиноо хэрэв заасан аяыг сурч чадахгүй бол хайртай бамбаруушийг нь асрамжийн газар хандивлаж, төрсөн өдрийг нь дөрвөн жил тэмдэглэхгүй шүү гэж сүрдүүлсэн гээд олон тохиолдол уншигчдыг цочирдуулсан юм. Хоёр охиноо хэрхэн хатуу гараар хүмүүжүүлж байгаагаа нууц хаах зүйлгүйгээр бичсэн Эми Чуагийн ном нийтэд хүрсний дараа түүнийг шүүмжилсэн, хараан зүхсэн, бүр заналхийлсэн захидал хүртэл хэдэн зуугаараа иржээ. “Чи бол мангас” “Эх хүний хайр хаана байна”, “Хамгийн муу ээж” гэсэн үгтэй захидлууд ирсэн ч Эми Чуа сэтгэлээр унасангүй. Учир нь, түүнд ирсэн захидлуудын нэлээдгүй хувь нь түүгээр бахархаж, бас эцэг эх нь яагаад багад нь хатуу гараар өсгөсний учрыг одоо л ойлголоо, миний ээж намайг ингэж хүмүүжүүлсэн ч болоосой гэсэн утгатай байжээ.
Эми Чуа өөрийг нь буруутган шүүмжилдэг уншигчдад нэг л хариу хэлдэг. “Би хүүхдүүдээ хайрладаг. Гэхдээ бусдаас өөрөөр. Би хүүхдүүдийнхээ эрх тааваараа байх гэсэн хүслийг өнөөдөр хорьсноороо ирээдүйд тэдэнд  асар олон боломжийг нээж өгдөг” гэж. Түүний энэ үгийг  том охин нь саяхан нотолж, дэлхийд алдартай Харвард болон Йелийн их сургуульд хоёуланд нь тэнцжээ. Эми Чуагийн гараар хүмүүжсэн 18 настай охин Софиа хүссэн хүн бүрийн орж чаддаггүй энэ хоёр сургуулийн эрхийг авсан нь үнэхээр  “бар ээж”-ийн арга үр дүнгээ өгдгийг харуулсан юм. Тийм ч учраас “харгис”, “бүдүүлэг” хэмээн бар ээжийн аргыг муучилж байсан уншигчид дахин нэг удаа номын хуудсыг сөхөн харахад хүргэжээ.
 “Бар ээж”-ийн ном барууныхныг шоконд оруулдаг ч үнэндээ барууныхны хүүхдүүдээ өсгөх арга ч дорныхныг түүнээс дутахгүй гайхашруулдаг гэдгийг Эми Чуа номондоо бичсэн байдаг. Тэрээр “барууны эцэг эхчүүд хүүхдүүдээ ирээдүйн удирдагч болгон хүмүүжүүлэх хайран сайхан цагийг  Facebook-дэх, компьютер тоглох, найзуудтайгаа зугаалах зэрэг шал хэрэггүй зүйлд хэрхэн үрж байгааг нь харсаар байж зөвшөөрдөгт нь азиуд гайхаад бардаггүй” хэмээн бичжээ. 

Хүүхдийнхээ эрхийн хүндэтгэж, сонголтыг нь эрхэмлэн, элдэв хатуу үг хэлж, урам зоригийг нь мохоохгүй байх, өчүүхэн зүйл дээр ч урамшуулан магтах хэрэгтэй гэсэн барууны эцэг эхчүүдийн баримталдаг ерөнхий зарчмын эсрэг Эми Чуа тууштай зогсдог. Учир нь, тэр өөрөө “бар ээж”-ийн бүтээгдэхүүн билээ. Тэрээр бага байхдаа нэгэн тэмцээнд хоёрдугаар байрт ороод, шагнал гардуулах ёслолд аавыгаа урихад эцэг нь түүнд “Түрүүлж л чадахгүй юм бол дахиж намайг битгий ийм юманд дуудаж бай” гэж хэлсэн гэдэг. Энэ нь өчүүхэн зүйл дээр ч хүүхдээ урамшуулдаг барууныхны хувьд үнэхээрийн тэнэг санагдаж, аавынх нь үг Эми Чуаг ямар их гомдоосон бол гэсэн бодол төрүүлсэн нь дамжиггүй. Гэвч Эми Чуа эцэг эхдээ тийм хатуу байсных нь төлөө хэзээ ч гомдож байгаагүй бөгөөд алдарт Харвардад сурч, одоо Йелийн их сургуульд багшлах хэмжээний мэдлэг чадвартай болсон нь тэдний л шахаж шаардсаны ач гэж үздэг ажээ.  Тэрээр хүүхдүүддээ хатуу хандсанаар эцэг эхээсээ хөндийрч, гэр бүлийн халуун дулаан харилцаа үгүй болно гэдэг худлаа болохыг амьдралаараа нотолсон. Дээр дурдсан “Жижиг цагаан сармагчин”-гийн тохиолдлын дараа гэхэд хэдхэн цагийн өмнө ээжийгээ үзэн ядаж байсан охин нь аяа тоглож сурмагцаа баярлан хөөрч “Ээж ээ, ийм амархан байсан юм уу. Би иймхэн зүйлийг чадахгүй байжээ” гэж хэлээд тэр хоёр урьд урьдынхаас илүү халуун дотноор тэврэлдэн унтсан гэдэг. Тэгэхээр хатуу байна гэдэг эх үрийн халуун дотно харилцааг сэвтүүлдэггүй байх нь.  
Эми Чуаг хатуу ээж, хүүхдүүддээ хичээл сургуулиас өөр юу ч зөвшөөрдөггүй гэж бүү андуураарай. Тэр заримдаа охиддоо бууж өгдөг. Өөрийнхөөрөө зүтгэх дуртай бага охин нь хийлээр хичээллэхгүй гэснээс болж тэдний гэрт бөөн маргаан болсны дараа Эми Чуа хийлийн оронд дуртай теннисээрээ хичээллэхийг нь зөвшөөрсөн бөгөөд одоо дунд сургуулийн сурагч охин нь ахлах сургуулийнхны шигшээ багт тоглох хэмжээнд хүрчээ. Эми Чуа том охиныхоо найз хөвгүүнийг гэртээ ирэхийг зөвшөөрдөг нь тэр бас тийм ч хатуу ээж биш гэдгийг харуулна.  
Бар ээжийн арга бол зөвхөн хятадуудад байдаг заншил биш харин “хүүхдээ бага балчир гэж эрхлүүлэхийн оронд тэднээс илүү ихийг хүсч хүлээх” бүхэл бүтэн философи юм байна гэдгийг барууныхан хүлээн зөвшөөрч эхлээд байна.
Хүүхэд нь хичээлдээ “В” үнэлгээ аваад ирлээ гэхэд барууны эцэг эхчүүд “миний хүү зүгээр ээ. Тийм ч муу дүн биш” гэж хэлнэ. Хэрэв энэ байдал үргэлжилсээр сурлага нь “С” рүү орвол магадгүй сургуулийнх нь эрхлэгчтэй нь уулзаж, хүүхдийнхээ багш хэр чадварлаг болохыг асууж лавлаж эхэлнэ. Тэгвэл хятад ээжүүд эхлээд хүүхдээ муу байна гэж зэмлээд, юун дээр алдсаныг нь асуугаад, түүнийг нь давтуулж, дахин алдахгүй болтол нь хичээллүүлдэг. Үүнд л өрнө, дорнын ялгаа гарч байгаа бөгөөд хүүхдээ сайн авсан ч “за яах вэ” гэж өнгөрөөж байгаа эцэг эхчүүд бол хүүхдээ түүнээс илүүг чадна гэдэгт итгэдэггүйн шинж юм. Тиймээс хүүхдээ ухаантай гэж итгэдэг бол шахаж, шаардаж байхад гэмгүй ажээ.

“Бар ээжийн зулзагууд” дэлхийг байлдан дагуулахаар ийм хатуу нөхцөлд бэлтгэгдэж байхад компьютер тоглоом, амттан шимттэн, эцэг эхийнхээ хайранд нялхарсан баруунынхан ирээдүйд тэдэндтэй өрсөлдөж чадах уу гэдэг асуулт энэ номны хөндсөн хамгийн чухал сэдэв юм.
Эцэст нь, Эми Чуагийн ном хүүхдээ хэрхэн өсгөх тухай гарын авлага биш, тэр хүний туршлагаа өгүүлсэн дурсамж маягийн ном учраас үүнийг дагаж мөрд гэж хэн ч тулган шаардаагүй билээ. Гэхдээ хөрш зэргэлдээ орны маань ирээдүйн эзэд ингэж өсч хүмүүжиж, түүнээс нь хаа холын америкчууд суралцаж байхад барууныхан ингэдэг гээд тэд ч өөрсдөө эргэлзэж эхлээд байгаа зөөлөн аргаар хүүхдүүдээ хүмүүжүүлсээр байх уу.  Хэрэв та үнэхээр л үр хүүхдээ манлайлагч байж, ирээдүйд өрсөлдөх чадвартай нэгэн болгож хүмүүжүүлэхийг хүсдэг бол Эми Чуагийнх шиг биш юмаа гэхэд “Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэсэн эртний сайхан монгол заншлаараа хүүхдээ хайрлаарай. Хүүхдээ сайн сайхан явуулах нь хятад, америкаас байхаас нь үл хамааран бүхий л хүн төрөлхтөний хүсэл юм болохоор Эми Чуагийн туршлага эцэг эх хэмээх энэ дэлхийн хамгийн хариуцлагатай үүрэг хүлээсэн хүмүүст нэгийг бодуулах нь дамжиггүй.   

Б.СЭВЖИДМАА


Эх сурвалж: www.assa.mn
Бичсэн: EDUCATION | цаг: 23:37 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(3)
Сэтгэгдэл:


Бодох л юмны тухай бичжээ.
Бичсэн: Anywhere цаг: 22:41, 2016-01-24 | Холбоос | |


According to numerous studies and other sources cited by the website Aha! Parenting, children under a controlling, punitive, and less supportive type of parenting may develop psychiatric problems such as anxiety, low self-esteem and depression, especially if tiger mothers have enormously high and unreasonable expectations for their kids. When parents do not provide coping strategies to their kids and guide alongside to manage negative feelings, such loneliness may transition into depression.[13]

According to the sources cited by the website Parenting Science, children from authoritarian families may find it more difficult to fend for themselves and make friends.[14] Studies published by the Handbook of Child Psychology have shown that kids under tiger parenting were rated as less helpful and less popular by their teachers and classmates.[15][pages needed] Also, they are more likely to show aggressive behavior towards others when they are forced to learn without recess. They were rated as less self-reliant since their life is organized by their parents.[citation needed]

According to a three-part series on competition in Hong Kong's education system by the South China Morning Post, many Hong Kong parents, following a herd mentality and stoked by cultural fears over economic hardship, begin thinking of their children's futures as professionals soon after birth, striving to find the best playgroups, and encouraging competition among children in academia, sports and music, in the belief that this fosters competitiveness and increases their children's chances of entering into a better pre-nursery school and elite kindergarten, and determine their eventual success at primary schools, secondary schools and universities. However, many other Hong Kong parents, psychologists and educators state that pushing children too hard does not work, and can even harm children, with a growing trend of children aged five to 12 seeking psychiatric help. In reaction, some parents have relaxed their formerly strict discipline with their children, and some schools have made their admissions requirements less strenuous.
Бичсэн: Зочин цаг: 23:28, 2016-01-21 | Холбоос | |


Энэ номыг нэг сонирхож унших юмсан. Онлайн хэлбэрээр олдох боловуу?
Бичсэн: Уйланхай цаг: 18:50, 2013-01-18 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1781265 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax