2012-04-22
ТНУ-ын хичээлээр төсөлт хичээлийг зохион байгуулах нь

Экземпляр лекц. Сэдэв: ТНУ-ын хичээлээр төсөлт хичээлийг зохион байгуулах нь

Я.Шийлэгмаа /Ph.D/

Хэлэлцэх асуудлууд:

Оршил

1. Төсөлт хичээл хичээлийн хөтөлбөрт тусгагдсан байдал.

2. Суурь боловсролын түвшинд төсөлт ажил зохион байгуулах зорилго, онцлог

3. Суурь боловсролын түвшинд төсөлт ажлыг зохион байгуулах арга, хэлбэр

4. Төсөлт ажлын бүтэц

5. Төсөл ажлын тайлан

6. Дүгнэлт

Түлхүүр үгс, ойлголтууд: суралцагчийн хөгжлийн үнэлгээ-learner development evaluation, арга зүй-methodology, аргаethods, боловсролын стандарт-education standards, хичээлийн нэгж-unit of lessons, хичээлийн -lesson study

Оршил

Монгол Улс XXI зуунтай зэрэгцэн нийгмийн шинэчлэл хийж эхэлсэн ба тэр дундаа боловсролын салбарын шинэчлэлийг нэн тэргүүнд хийж байна. Төсөлт хичээл нь тодорхой стандартгүй байдаг учир энэ хичээлийг зохион байгуулахын тулд "Юу хийх хэрэгтэй вэ? Юунаас эхлэх вэ?" гэдэг асуудлын тухай олон янзын уулзалт хэлэлцүүлгүүд одоо ч өндөр хөгжилтэй орнуудын боловсролын салбарт яригдсаар байна. Гэсэн ч өнөөг хүртэлх туршлагаас харахад стандартгүй байгаа нь харин ч хүүхдэд чөлөөтэй сэтгэн бодох, бүтээлчээр ажиллах нөхцөлийг хангаж өгч байгаа сайн талтай юм. Хүүхэд хэрэгцээ сонирхолдоо нийцүүлэн бие даан асуудал дэвшүүлсэн тохиолдолд хүүхдийн суралцах төвшин маш хурдацтай хөгждөг гэдгийг олон сайн туршлагууд батлан харуулж байна.

Төсөлт ажил хичээлийн гол асуудал нь "Юу хийх вэ?" гэдгийг тодорхойлж өгөөгүйд оршино. Энэ нь харин ч төсөлт ажил хичээлийн давуу тал болсон.Төсөлт ажилаар судалгаа шинжилгээ хийсний дараагаар хүүхэд "Би цаашид юу хийх хэрэгтэй юм бэ?" гэдэг бодит зүйлийг асуудал болгон дэвшүүлж чадаж байвал тэр нь сая, төсөлт ажлын утга учир болно.

1. Төсөлт хичээл хичээлийн хөтөлбөрт тусгагдсан байдал.

"Төсөлт ажил" хичээл нь монгол орны хувьд 2004-2005 оны хичээлийн жилээс ЕБС-ийн сургалтанд албан ёсоор орох болсон юм. Энэ хичээл нь албан боловсролын сургалтад 2004-2005 оны хичээлийн жилээс 1 дүгээр ангиас, 2005-2006 оны хичээлийн жилээс 3 дугаар ангиас эхлэн орсон бөгөөд 2006-2007 оны хичээлийн жилээс 4-9 дүгээр ангид орж байгаа юм.Харин ЕБС 12 жилийн тогтолцоонд шилжих 2008-2009 оны хичээлийн жилээс 3-9 дүгээр ангид орох болж байна.

Төсөлт хичээл нь боловсролоор тэргүүлэгч орнуудын ерөнхий боловсролын сургуулийн сургалтын төлөвлөгөөнд тодорхой тусгагдсан байдаг бөгөөд Тухайлбал, Германд төсөлт ажил хичээл нь 1970-аад оны үеэс эхлэн зарим сургуулийн ("Шютайна сургууль" хэмээн алдаршсан хувийн сургууль) сургалтанд орж ирснээр хүүхдийн идэвхтэй үйл ажиллагаанд тулгуурласан энэхүү хичээлийн суурь тавигдсан байна. Англид төсөлт ажлын тайлангаа ном бүтээж хамгаалдаг бол Өмнөд Солонгост 2000 оноос төсөлт ажлыг "Бие даах хичээл" нэртэйгээр сургууль тус бүрийн онцлогт тохируулан явуулж эхэлсэн, Японд "Цогц хичээл" нэртэйгээр ЕБС-ийн бүх ангид ордог байх юм. Японд бүр 1920-оод оноос энэ хичээлийн суурь тавигдсан ч 2001 оноос албан ёсоор ЕБС-ийн сургалтанд орсон бөгөөд зөвхөн төсөлт ажил хичээл л ордог сургууль хүртэл байдаг. Энэ сургууль бол Тотори мужийн Томаримури тосгоны бага сургууль бөгөөд төвшин тогтоох шалгалтаар муждаа тэргүүлдэг гэнэ. Ер нь төсөлт ажил хичээлийн санааг анх Францын гүн ухаантан Жан Жак Руссо (1712-1778) г.м. хүмүүс гаргасан гэж судлаачид үздэг юм байна.

2. Суурь боловсролын түвшинд төсөлт хичээл зохион байгуулах зорилго, онцлог

Төсөлт ажил нь тэдний бие даасан бүтээлч үйл ажиллагааг дээд зэргээр шавхан дайчлаад зогсохгүй амьдралд нь хэрэгтэй мэдлэг чадварыг олгож байдгаараа онцлог юм. Иймээс ч энэхүү хичээл нь сурагчдад:

Ш Асуудлыг олж харах, дэвшүүлэх чадвар олгох

Ш Өөрсдийн сонирхсон зүйлээ судалж мэдэх нөхцөл бүрдүүлэх

Ш Хүүхдийг бие дааж болон хамтран ажиллах чадварт сургах

Ш Мэдээлэл цуглуулах, мэдээлэлд боловсруулалт хийх чадварт сургах

3. Суурь боловсролын түвшинд төсөлт хичээл зохион байгуулах арга, хэлбэр

Дунд ангид төсөлт ажил явуулахдаа төсөлт ажлын эрхэм зорилгыг тодорхойл: уг зорилгод хүрэхийн тулд хийх ажлын төлөвлөгөөг боловсруулна. Энэхүү I жилийн төлөвлөгөөгөөр агуулга/сэдвийн хүрээг тогтоож өгнө. Ингээд агуулгыг хэрэгжүүлэхийн тулд дунд ангид төсөлт ажил явуулах хэд хэдэн хэлбэрээс сонгох боломжтой.Дунд ангид төсөлт ажлыг дараах хэлбэрээр явуулж болно.

Ш Мэтгэлцээн хэлбэртэй төсөлт ажил

Ш Интеграц агуулгатай төсөлт ажил

Ш Асуудал судлаад тайлагнах төсөлт ажил

Ш Ажлын байранд судалгаа хийх төсөлт ажил

Ш Нийгэм, хүмүүсийн амьдралтай танилцах төсөлт ажил

Эдгээрээс асуудал судлаад тайлагнах төсөлт ажлыг бага ангид дагнан явуулдаг, хамгийн түгээмэл хэлбэр бөгөөд дунд ангид дээрх хэлбэрүүдээс сонголт хийж явуулна. Нэг хэлбэрийг дангаар нь эсвэл 2-3 хэлбэрийг хослуулан хэрэглэж болно.

4. Төсөлт хичээлийн бүтэц

a. Сэдэв сонголт буюу асуудал дэвшүүлэлт

b. Төлөвлөлт

c. Судалгаа

d. Тайлан (завсрын болон эцсийн)

e. Үнэлгээ (өөрийн болон хөндлөнгийн) гэсэн бүтэцтэйгээр зохион байгуулдаг

Төсөлт ажлын сэдэв сонголтыг танхимын цагт багшийн ерөнхий туслалцаатайгаар хийх нь тохиромжтой бөгөөд багш сэдэв сонголтын үед онцгой мэдрэмжтэй байж сурагчдын дэвшүүлж буй сэдвүүдийг аль болох зангидаж, олон ерөнхий сэдэв сонгохоос сэргийлэх хэрэгтэй.Мөн тухайн ерөнхий сэдвийн хүрээн дотроо, хэт халихгүйгээр "оюуны зураглал" үүсгэж байгаа эсэхэд хяналт тавина.

Ингэхдээ багууд тус тусдаа судалгаа явуулахаас гадна бусад хэсгүүдтэй, хамтран судлах зүйлээ ч төлөвлөнө. Оюуны зураглалыг аль болох томхон цаасан дээр хийлгэх нь тохиромжтой хэмээн үздэг. Тухайн төсөлт ажлын явцад голдуу судлах зүйлүүд шинээр гарч ирээд байдаг. Энэ тохиолдолд дараагийн удаа судлахаар хойшлуулж болно.

Төсөлт хичээлийн төлөвлөлт, судалгаа:Төсөлт ажлыг танхимд болон танхимаас гадуур зохион байгуулах сургалтын шинэ төлөвлөгөөнд заагдсан төсөлт ажлын цагаар ангид төсөлт ажлын сэдэв сонголтыг багшийн оролцоотойгоор хийсний дараа судалгаа явуулах, тайлангаа хэрхэн хамгаалах төлөвлөлтөө зохионо.

Өнөөгийн байдлаар ЕБС-д багаар буюу бүлгээр ажиллах хэлбэрийг хичээлд харьцангуй хэрэглэх болсон ч энэ нь цаг хугацаанд баригдсан явцуу хүрээнд, хэлбэрийн төдий үйл ажиллагаа болж байгааг өөрчилж сурагчдад хамтран ажиллах нөхцөлийг жинхэнэ утгаар нь хэрэгжүүлэхэд төсөлт ажил хамгийн тохиромжтой юм.

Манай орны нөхцөлд төсөлт ажлыг хугацааны хувьд улиралд 1 удаа хийхээр төлөвлөх нь тохиромжтой гэж үзэж байна. Гэхдээ:

1. Тухайн ангийн сурагчдын нас сэтгэхүйн онцлог

2. Сонгосон сэдвийн агуулгын хүрээ

3. Хүний нөөцийн байдал (Тухайн багт хэр чадвартай хүүхдүүд оров)

4. Судалгаа явуулах орчны байдал (хот, хөдөө) гэх зэргээс хамаараад хугацаагаа ямар ч байдлаар төлөвлөж болно.

Сонгосон сэдвээр судалгаа хийхдээ баримт цуглуулах арга (ажиглалт, туршилт, зураглал, асуулга, ярилцлага)-ыг хэрэглэнэ. Ингэхдээ багийн бүх гишүүн биечлэн оролцохыг гол болгох ёстой. Үүний тулд ажил үүргийн хуваарь гарган хугацаагаа нарийн төлөвлөж ажиллана.

5. Төсөл хичээлийн тайлан:

Төсөлт ажлын үр дүнгээр эцсийн тайлан гаргана. Энэ тайлангийн өмнө хугацаанаас хамаараад завсрын тайланг хэдэн ч удаа хийж болно. Тухайлбал, 5 цаг үргэлжлэхээр төлөвлөгдсөн төсөлт ажил байвал 3 удаа завсрын тайлан тавина гэсэн үг. Сурагчид өөрсдийн судалж мэдсэнээ дэд баг дээрээ ярилцан, төвлөрүүлж нэгтгээд, тайлангийн үед анги дотроо дэд багууд өөр хоорондоо хийсэн ажлаа танилцуулна.

Манай ЕБС-ийн сургалтын төлөвлөгөөнд төсөлт ажил хичээлийг 7 хоногт 1 цаг орохоор төлөвлөсөн байдаг. Тэгвэл эхний 1 цаг дээр танхимд, багшийн удирдлаган дор сэдэв сонголтыг хийж, эцсийн тайлан хүртэл хэдэн удаа орох байна, төчнөөн удаа явцын буюу завсрын тайланг тавиулна. Завсрын тайланд тухай тухайн 7 хоногт шинээр юу сурч, хийж сурав гэдгийг нь нөхдөд нь сонсгохоор зохион байгуулж болох юм.

Ер нь багш, явцын буюу завсрын тайлангаар тухайн сурагч анхны төлөв байдлаасаа хэрхэн өөрчлөглөгдөж байгааг, өөрөөр хэлбэл тухайн сурагчийн ахицыг онцгой анзаарч явах учиртай. Төсөлт ажлын тайлан хамгаалах олон хэлбэр байдаг байна. Үүнд:

1) Үзэсгэлэн, ханын сонин гаргах (Галерейн арга)

2) Фото тайлан, видео бичлэг

3) Жүжигчилсэн тоглолт (Дүрд тоглох арга), үзүүлбэр, туршилт

4) Зохион бичлэг, ном бүтээх

5) Бүдүүвч хүснэгт, зураглал гаргах

Японы Тотори мужийн Томаримури тосгоны бага сургуульд төсөлт ажлаас өөр хичээл ордоггүй хэдий ч сурагчид нь төвшин тогтоох шалгалтаар муждаа байнга тэргүүлдэг гэнэ. Энэ амжилтын нууц нь төсөлт ажлын үр дүнтэй шууд холбоотой ч хамгийн гол нь энэ сургууль хүүхдүүдээрээ байнга зохион бичлэг бичүүлдэг аж. Төсөлт ажилд хэрэглэхэд тохиромжтой "Чөлөөт зохион бичлэг" аргыг Францын нэгэн бага сургуулийн багш Френет (1896-1966) анх боловсруулжээ.Тэрээр бага сургуульд багшилж байгаад дэлхийн I дайнд явж, хорт утааны улмаас маш сул дуутай болсон тул эргээд багшлахад нь хүндрэлтэй байжээ. Угаасаа дан хөвгүүдээс бүрдсэн анги байсныг ч хэлэх үү, сурагчид нь хичээл дээр үймүүлэх болсон байна.Нэгэн удаа тэрээр ангид орж иртэл хүүхдүүд ямар нэгэн зүйл сонирхон овооролдож багш орж ирснийг ч анзаарсангүй. Багш тэдэн дээр очтол эмгэн хумснуудыг уралдуулж, байв. Багш тэднийг ер зандарсан ч үгүй, харин ч "Миний эмгэн хумс түрүүлсэн" гэсэн өгүүлбэрийг самбарт гоёоор бичээд, хүүхдүүдээр тэрхүү уралдааных нь талаар самбарт өгүүлбэрүүд бичүүлж гэнэ. Хүүхдүүд утга яруу өгүүлбэрүүдийг үсгийн дүрмийн нэг ч алдаагүйгээр хичээнгүйлэн цэвэрхэн бичицгээжээ.Үүнийг хараад багш "Хүүхдүүд өөрсдийн сонирхсон зүйлийг хэний ч албадлагагүйгээр маш сайн хийж чаддаг юм байна" гэдгийг ухаарч, тэдэнд хандан "Өөрсдөдөө төрсөн сэтгэгдлээ бичицгээгээрэй" гэхэд бүгд маш идэвхтэй, сайн бичицгээжээ. Түүнээс хойш хүүхдүүдээрээ чөлөөт зохион бичлэг бичүүлж, яриулах болсноор энэхүү арга бий болжээ. Хожим энэ арга олон оронд "Чөлөөт сургалт", "Чөлөөт хичээл", "Чөлөөт зохион бичлэг" нэрээр түгэн дэлгэрч, сурагчдад яриа, бичгийн чадвар олгох чухал аргын нэг болжээ.

"Чөлөөт зохион бичлэг"-ийн арга нь дараах үйл ажиллагаанаас бүрдэнэ.

Хүүхдүүд өөрсдөө юу бичихийг хүсч байгаагаа чөлөөтэй бичих, бичихийн зэрэгцээ зураг зурж ч болно. Бичсэн зохион бичлэгүүдээ товч танилцуулаад, ангийнхаа хананд, бусдад харагдахаар газарт өөрсдөө байрлуулна. Сурагчид, зохион бичлэгээ хананд байрлуулсан дарааллаараа хүснэгтэлж бэлтгэсэн цаасан дээр нэрээ бичээд сууна.

Хананд байрлуулж дууссаны дараа сурагчид, бүх зохион бичлэгтэй чөлөөтэй танилцаж, зарим зохион бичлэгээс тодруулах зүйлээ туслах багшийн удирдлаган дор асууж ярилцана.

Төсөлт ажлаа "ном бүтээх" аргаар тайлагнаж болно. Ер нь манай бага боловсрол олгох сургалтад хүүхдээр бяцхан ном хийлгэдэг уламжлал бий. Үүнтэй адилтган ойлгож болно. Гэхдээ бяцхан ном төдийхнөөр ойлгож болохгүй. Номоо аль болохоор сонирхолтой хэлбэрээр бүтээх аргыг бодож олох нь багшийн сайн төлөвлөлт болно .

Төсөлт ажлын дэд сэдвийг судлахаар 5 хүүхэд нэг баг боллоо гэж бодъё. Тэгээд тухайн дэд сэдвийн дор юу юуг сонирхон судлахаа хэлэлцээд багийн гишүүд тус бүртээ судлах агуулгаа хувааж авна.Тайлангийн үед хүүхдүүд, өөр өөрсдийн судалж мэдсэн зүйлээ ижил хэмжээний цаасан дээр (бичгийн цаас байж болно) буулгана. Хүүхэд бүр бичгийн цаасаа хөндлөнгөөр нь нэг нугалж (А5 хэмжээтэй болгож), нугалсныхаа дотор талын 2 жижиг нүүрэнд бусдадаа мэдээлэх гэсэн зүйлээ зурж, бичиж бэлэн болгоно. 5 хүүхдийн бэлтгэсэн материалыг хамарлан, уулзуулж скочдож наана. Ийнхүү тухайн баг, 10 нүүр бүхий эвхэгддэг номоо богино хугацаанд, хүүхэд бүр гар бие оролцон хамтран бүтээж болно.Төсөлт ажлын тайлангаар сурагчид шинээр юу мэдэж авав, санаа бодлоо бусдад илэрхийлэх болон бусадтай хамтран ажиллах чадварт хэр суралцав, сурах судлах арга барилд хэр суралцав, сурагчдад нийгэмшин амьдрах чадвар хэр төлөвшив гэдгийг харах боломжтой.

6. Төсөлт хичээлийн үнэлгээ.

Төсөлт ажил хичээл хэдийгээр стандарт үнэлгээгээр үнэлэхгүй ч сурагчдын хөгжил, төлөвшил, ахицыг ямар нэг хэмжээгээр үнэлэх нь гарцаагүй. Энэ талаар төсөлт ажлыг дагнан судалдаг олон эрдэмтэн өөр өөрийн санааг дэвшүүлсэн байдаг. Тухайлбал, Америкийн эрдэмтэн судлаач Эдуард, Гордон, Боттомс, Вэбб нарын бүтээлд суралцагчийн өөрийн үнэлгээ буюу эргэцүүлэн бодохуйг бүтээлчээр хэрэглэх санааг дэвшүүлжээ. Мөн Токиогийн Гакүгэй их сургуулийн профессор багш Асанума Шигэрү өөрийн үнэлгээг чухалчлан үздэг. Гагцхүү өөрийн үнэлгээг хэрхэн хийх тухайд сурагчийн өөрийнх нь тэмдэглэл, эргэцүүлэмж (portfolio) чухал байдгийг төсөлт ажлын сургалтаар тодорхой туршлага хуримтлуулсан орнуудын жишээ бэлхнээ харуулж байна. Өөртөө үнэлгээ өгсөн дээрх материалууд нь сурагчийн бүтээлийн санд байнга хадгалагддаг нь хүүхэд өөрийнхөө алдаа оноог олж харах боломж олгоод зогсохгүй багшид тухайн хүүхдийн ахиц хөгжлийг харах "нээлттэй цонх" болдог. Өөрийн үнэлгээнээс гадна хөндлөнгийн (сурагчид өөрийн болон бусад багийг, багш болон сургуулийн удирдах ажилтнууд, тухайн төсөлт ажилд оролцсон эцэг эх, бусад хүмүүс г.м.) үнэлгээг хийж болно.

Төсөлт хичээлийн судалгааны аргууд

Төсөлт ажлын туршилт, судалгаанд хэрэглэх аргаа зөв сонгох нь судалгааны ажлыг шинжлэх ухааны үндэстэй болгох, асуудлыг олж харах, оновчтой шийдэх боломжийг олгодог.Судалгаа хийх олон арга бий боловч төсөлт ажлын хүрээнд та дараах аргыг хэрэглэж болно:

Ш Ажиглалтын арга

Ш Асуулгын арга

Ш Ярилцлага (хүүхэд, эцэг эх, багш, ажлын байрны хамт олны гэх мэт бусад)-ын арга

Ш Онолын судалгаа ба түүхэн баримт бичиг судлах арга

Кейс 1: Лам нарын ярианаас төрсөн сэтгэгдэл

(Багшийн тэмдэглэл)

...8-р ангийн экскурс төсөлт хичээлийн жишээ. Хотын нэгэн сүмд явуулсан "Сүм хийдийн нэгэн өдөр" төсөлт ажилд оролцсон нэг сурагч залуу лам нартай мөр зэрэгцэн цэвэрлэгээ хийнгээ ярилцсанаа огт мартдаггүй гэнэ. "Бага ангийн хүүхэд байхдаа лам болохоор шийдсэн, хөл бөмбөгт дуртай болохоороо бүтэн сайн өдөр дасгал хийдэг тухай, хатуу чанга шашны ёс жаягийг тэсвэрлэснээр өнөөдөр би өдий зэрэгтэй болсон, ирээдүйд өөрийн сүм байгуулна" гэж мөрөөддөг гэх мэт зүйлүүдийг ярьж өгчээ. Тэрхүү яриа нь лам нарын өдөр тутмын амьдралын хэв маягийн нэгэн хэсгийг зурвасхан өгүүлсэн зүйл байсан хэдий ч нөгөө сурагч ямар ч ном, судалгаанаасаа огт олж чадахгүй зүйлийг лам нарын ярианаас сонсоод маш их сэтгэл хөдөлсөн байв.

Кейс 2: "Түүхэн гэрчүүдээс ярилцлага авах буюу аман түүхийн судалгаа" төсөлт ажил

Энэхүү хичээлийн онцлог нь хөтлөгчийн үүрэг гүйцэтгэж байгаа багшийн ярианд үндэслэж явагдана. Хөтлөгч урьсан хүнээ товч танилцуулахаас эхлэн, тухайн хүний туулж ирсэн амьдралын талаар харилцан ярилцана. Тэд тухайн түүхэн үйл явдлын эргэн дурсаж байгаагаар ярих нь бий. Энэ үед сурагчид шууд асуулт тавих булан, сурагчид өөрийнхөө тухай ярих боломж олгож байв. Энэхүү уулзалтын 2 цаг нь сурагчид дув дуугүй сонсож өнгөрөөх цаг биш.

Энэхүү хичээл нь сурагчдад хүчтэй нөлөөлж, сайхан сэтгэгдэл төрүүлдэг. Жишээ нь: "Халх голын тулалдаанд оролцож явсан цэргүүд жинхэнэ баатрууд юмаа!", "Эх орон гэдэг миний хувьд хэчнээн чухал болохыг сайн ойлголоо", Хэзээ нэгэн цагт би ч бас алдартай хүн болъё гэж бодлоо"" гэх мэтээр тэдэнд энэ сонин учрал бүр сэтгэлийг нь хөнддөг.

Энэ цагаас хойш цаг хугацаа хэчнээн өнгөрлөө ч арилж, алга болохгүй, сэтгэл хөдөлгөсөн ийм олон "учрал" нь хүүхдүүдийг өөрийн эрхгүй эх орныхоотүүхийг судлах дур сонирхолтой болгох төдийгүй, идэвхтэй сургалтад хөтөлдөг.

Дүгнэлт

Хөгжилтэй орнуудын туршлагаас үзвэл төсөлт ажил нь хүүхдийн хөгжил, төлөвшлийг хангах чухал сургалт байдаг. Манай орны хувьд сургууль бүр өөр өөрийн гэсэн онцлогтойгоор янз бүрийн түвшинд явуулж байна.

1. Дунд ангид ихэнхдээ төсөлт ажлыг анги удирдсан багш эсвэл цөөн цагтай багш явуулж, уг хичээл агуулга, мөн чанарынхаа дагуу бус, анги хүмүүжлийн ажлын цаг мэт болж, зарим үед бусад мэргэжлийн хичээлүүдийг орлуулан зааж байгаагаас үзэхэд энэ чиглэлээр төвлөрсөн сургалтуудыг улсын хэмжээнд удаа дараа зохион байгуулах хэрэгцээ буйг харуулж байна.

3. Дунд ангид багш нар төсөлт ажил явуулах аргазүйг мэдэхгүй, хичээлийн хуваарьт энэ хичээлийн цаг тусгагдаагүй, төсөлт ажил, төсөлт хичээл явуулах арга зүй, туршлагаар илүү бага ангийн багш нартайгаа дунд ангийн багш нар хамтарч ажилладаггүй, нэгдсэн сургалтад хамрагдаагүй зэрэг бэрхшээлтэй байдал байнга тулгарч байна.

4. Орон нутгийн сургуулийн удирдлага, багш, эцэг эхэд энэ хичээлийн талаарх ойлголт хангалтгүй, багш нар сургалтад хамрагдаж, энэ хичээлийг явуулах аргазүйг эзэмшээгүй байна. Иймд төсөлт ажлын онол, аргазүйн шаталсан сургалтыг төвлөрсөн байдлаар явуулж, биеэр мэдрүүлэх дадлага хичээлийг түлхүү оруулах хэрэгтэй байна.

Даалгавар: 4 багт хуваагдан төсөлт ажлын жишээг бэлтгэн танилцуулах

Ном зүй

1. Шигэрү Асанума. Төсөлт ажил хичээлийн киррикюлимыг зохиох. Токио, 2000

2. Оюуны хөтөч. МУБИС-ийн боловсрол судлалын онол, арга зүйн эрдэм шинжилгээний бичиг. УБ., 2007

3.Тогтвортой хөгжлийн төлөөх боловсрол. Үндэсний зөвлөгөөний эмхтгэл. УБ., 2007.04.06.

4. Туршигч багш нарын тайлангууд. УБ., 2006, 2007, 2008

5. Ц.Наранцэцэг, Б.Булган, Наканиши Рейко. Төсөлт ажлын арга зүй. Зөвлөмж-1. УБ., 2007

6. Ц.Наранцэцэг, Б.Булган, Ц.Оюун, Наканиши Рейко. Төсөлт ажлын арга зүй. Зөвлөмж-II,III. УБ., 2008

Бичсэн: EDUCATION | цаг: 18:12 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


bayrlalaa ta shvv hehe хайртай
Бичсэн: zul (зочин) цаг: 17:59, 2014-09-17 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1728760 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax