2012-04-22
Багшийн хөтөлдөг бичиг баримтуудад анализ хийх арга техник

Багш хөтөлдөг баримт бичгүүдэд дараах зүйлсийг оруулж болно. Үүнд:

1. Багшийн журнал

2. Анги удирдсан багшийн дэвтэр

3. Хичээлийн конспект

4. Өдрийн тэмдэглэл

5. Дүнгийн хавтгай зэргийг оруулж болно. Эдгээр бичиг баримтууддаа дүн шинжилгээ хийснээр багш хүн өөрийн үйл ажиллагааны явц үр дүнгийн талаар тодорхой хэмжээний мэдээллийг олж авах боломжтой.

Хэдийгээр, багш нар эдгээр бичиг баримттай өдөр бүр шахам харьцаж ажиллаж байдаг ч эдгээртээ тодорхой чиг зорилготой дүн шинжилгээ хийдэггүйн улмаас ихэвчлэн мэдээ өгөх төдийхнөөр ажлаа хязгаараладаг.

Багшийн журналд дүн шинжилгээ хийх

Багшийн журналаас түүний ажилдаа хандаж буй байдал, сахилга хариуцлага, хүүхэдтэй ажиллаж байгаа үйл ажиллагааны ерөнхий арга барил харагдана.

Багш өөрөө ч өөрийнхөө журналыг эргэж үзэж өөртөө үнэлгээ өгч дүгнэлт хийж болно.

Хичээлийн хуваарь дээр хийх шинжилгээ

Багш өөрийн хичээлийн хуваарь дээрээс дараах асуултуудад хариулт өгөхийг оролдох шаардлагатай. Үүнд:

а. Миний 7 хоногт ажиллах ёстой (наад зах нь 40) цагийн хэдэн хувь нь хичээлд зарцуулагдаж байна вэ?

6. Би 7 хоногт хэдэн цагийг хичээлээс гадуур сурагчидтай ажиллахад зарцуулж байна вэ?

в. Би 7 хоногийн тодорхой гаригийн тодорхой цагийг өөрийгөө хөгжүүлхэд зарцуулж чадаж байна уу?

г. Эдгээрийг би цагийн хуваарьтаа тусгаж тогтмолжуулж чадаж байгаа билүү? гэсэн асуултуудыг өөртөө тавьж өгч буй хариултаараа өөрийгөө тандаж үнэлж болно.

Энд гагцхүү өөртөө шүүмжлэлтэй хандах чадвар л чухал. Хэрвээ та өөрийгөө хөгжүүлье л гэж байгаа бол өөрийнхөө ажлын доголдол, дутагдлыг олж засах шаардлагатай. Энэ нь энэхүү өөрийн ажлын төлөвлөлт, цаг ашиглалтаас эхэлнэ.

Сурагчдын хичээлийн ирц оролцоонд дүн шинжилгээ хийх

Багш өөрийн хичээл зааж байгаа бүх бүлэг, сурагчдын ирц, оролцооноос тэдний болоод өөрийнхөө үйл ажиллагаатай холбоотой олон чиглэлийн мэдээлэл олж харах боломжтой. Үүнд:

а.Тухайн булгийн ерөнхий төлөвшил, сахилгын байдал

б. Өөрт тань болоод тухайн хичээлд хандаж байгаа хандлага.

в.Тухайн тодорхой сурагчийн идэвхи санаачлага, хөгжил төлөвшил байдал зэргийг илрүүлэх боломжтой.

Хичээлийн ирц, даалгавар хийж байгаа байдал, хичээлийн оролцоо зэрэгт гарч буй сөрөг хандлага, илэрлийн цаана дээр дурьдсан чиглэлүүдийн аль нэгэнд ямар нэг доголдол байгаагийн дохио болдог тул түүнийг мэдсэн тохиолдолд хүүхдүүдийг буруутгахаас өмнө яагаад ингэж байгааг нь сонирхох нь хэрэгтэй.

Ямар нэг алдаа, дутагдлыг засья гэвэл хэн нэгнийг буруутгах бус үндэс шалгааныг нь арилгаж байж л засах болно. Үүний тулд багш хүн сурган хүмүүжүүлэх харилцаанд гарч байгаа доголдлын шалтгааныг юун түрүү өөрөөсөө харах нь чухал байдгийг санах хэрэгтэй.

Анги удирдсан багшийн дэвтэрт дүн шинжилгээ хийх

Энэ дэвтрийг хөтөлсөн байдал нь тухайн багшийн ажлын хариуцлага, хандлага, сурган хүмүүжүүлэх онол арга зүйн мэдлэг чадварыг ерөнхийд нь илтгэн харуулна.

Иймд багш та өөрөө ч энэ дэвтэрээ эргэн үзэж өдрийнхөө болон сурагчид, анги бүлгийн талаар тодорхой үнэлгээ дүгнэлт гаргах боломжтой.

Сурагчдын дэлгэрэнгүй бүртгэлтэй ажиллах

Сурагчдын дэлгэрэнгүй бүртгэл нь тухайн анги- бүлгийн ерөнхий бүрэлдэхүүн, тэдний ар гэрийн байдал, эцэг эхийн онцлог зэргийн талаар үнэлгээ өгч, цаашдын хөгжилдөлөвшлийг төлөвлөх талаар суурь мэдээлэл олж авах боломж олгодог.

Дэлгэрэнгүй бүртгэлийг үнэн бодитой хийх, түүн дээр эргэж ажиллаж, дүн шинжилгээ хийснээр багшийн анги-хамт олонтойгоо ажиллах боломжтой болно.

а.Сурагчдын эцэг эхийн боловсрол ажил, мэргэжил, нийгмийн статусын талаарх мэдээллийг авах нь тэдний оролцоог авах боломж олгоно. Тэдний ажил амьдралын туршлага, мэргэжлийн мэдлэг чадварыг нь түшиглэж тэдэнтэй хамтран ажиллахыг хичээх нь чухал.

б. Сурагчдын эцэг эхийн хувийн авъяас, сонирхлыг илрүүлж түүнийг нь сурагчынхаа чөлөөт цагийг өнгөрөөх, хичээлээс гадуурхи сургалтад ашиглах боломж олдоно.

в. Сурагчийнн ар гэрийн онцлог, ам бүл, ах дүү нар, амжиргааны түвшин зэрэг нь тухайн хүүхдийн өсч торниж хүмүүжин төлөвшиж ирсэн орчны талаархи мэдээллийг өгнө.Ингэснээр тэр сурагчтай хэрхэн ажиллахыг оновчтой төлөвлөх боломж олдоно. Түүний хэрэгцээ, сонирхлын хандлага ч тэндээс харагдана.

Та өөртөө үнэлгээ өгөхдөө:

- Би дэлгэрэнгүй бүртгэлийг хэр чанартай хийв?

- Би дээр үгүүлсэн чиглэлийн мэдээллийг олж авч чадаж байна уу?

- Би сурагчдын эцэг эх, ар гэрийн онцлог, боломжийг хэр ашиглаж байгаа билээ?

- Энэ талаар манай сургуулийн багш нараас хэн нь үлгэр авчихаар ажиллаж байгаа бол? гэсэн асуултуудад хариулт өгөхийг хичээгээрэй

Хичээлээс гадуурхи сургалтын ажлын тэмдэглэлтэй ажиллах

Анги удирдсан багшийн дэвтрийн хичээлээс гадуурхи сургалтын ажлын тэмдэглэлд багш даасан ангидаа явуулж байгаа ажлын агуулга.үр дүнг тусгасан байдаг.

Анги удирдсан багшийн дэвтрийн энэ хэсгийг хэрхэн яаж хөтөлснөөс тухай багшийн ангийнхаа хамт олонтой ямар чиглэлээр яаж ажилладаг нь тодорхой харагдцаг,

Багш та өөрөө ч энэ тэмдэглэлтэйгээ эргэн ажиллах замаар өөрийнхөө үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл олж харах боломжтой.

а. Өөрийгөө шинжих

Та өөрийнхөө " АУБ- ийн дэвтрийн" хичээлээс гадуурхи сургалтын ажлын тэмдэглэл"-ээ эргэж үзэхдээ дараах асуултуудад хариулт өгөх зорилготой ажиллаарай.

Үүнд:

-Явуулсан ажлууд маань хэр зэрэг хүмүүжүүлэх ач холбогдолтой болов?

-Хамгийн их үр өгөөжтэй ажил маань аль нь байв? Гол үр өгөөж нь юугаар яаж харагдав?

-Хамгийн тааруухан ажил нь юу байв? Яагаад таааруухан болсон билээ? Цаашид юун дээр анхаарч ажиллах вэ? гэх мэт

б. Бусдынхтайгаа жиших

Өөрийнхөө ажлыг нөхдийнхтэйгээ харьцуулж үзэх нь өөрийн үнэлгээний нэг чухал арга зам байдаг. Сургууль дээр бүх анги бүлгийг хамарсан ижил сэдэвт ажлууд олон явагддаг. Ийм ажлуудын хувьд энэ арга зам бүр их зохистой.

Анги - бүлгүүдийг шалгаруулж байр эзлүүлэхдээ ч сурагчдынх нь хэрэгцээ сонирхолд хэр нийцсэн, тэднийг хэр зэрэг татаж оролцуулсан, өөрсдийн нөөц боломжийг хэр ашигласан, хүүхдүүдийн авъяас сонирхлыг хэр нээж хөгжүүлсэн зэргийг нь харгалзвал зохино.

Багш нар ч нөхдийнхөө үйл ажиллагаанаас дээрх асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгааг л голлож харвал зохилтой.

Хамгийн гол нь тухайн бүлэг- хамт олныхоо онцлог, хүүхдүүдийн хэрэгцээ сонирхолд хэр зэрэг нийцэж байгаагаар нь хичээлээс гадуурх ажлын үр өгөөжийг үнэлэх нь чухал.

Үүний тулд өөрийнхөө үйл ажиллагаанд байнга үнэлгээ дүгнэлт өгч, ажлын ололт, дутагдлаас сургамж авч ажиллахаас гадна сурагчдын болон эцэг эхийн санал, хүсэлтийг соргог мэдэрч ажиллах нь чухал.

Сурагчдын төлөвшил, хүмүүжлийн талаарх тэмдэглэл дээр ажиллах

Анги удирдсан багшийн дэвтэрт "Сурагчдын төлөвшил хүмүүжлийн талаарх тэмдэглэл" гэсэн хэсэг орсон нь тухайн багшийн даасан ангийнхаа сурагчидтай хэр ажиллаж байгааг харах боломжтой болсноос гадна сурагчдын хөгжилдөлөвшлийн талаарх мэдээллийг хуримтлуулах боломжийг олгож байгаа юм. Анги удирдсан багш дэвтрийнхээ энэ хэсгийг ашиглаж өөрийнхөө болон сурагчдынхаа үйл ажиллагааны талаар тодорхой хэмжээний мэдээллийг авч болно. Үүний тулд дараах асуултуудад хариулт өгөх шаардлагатай

- Би ангийнхаа сурагчдын хэдэн % -д нь тодорхойлолт үнэлгээ өгч вэ?

- Хүүхдүүдэд маань ямар нэг ахиц өөрчөлт ажиглагдав уу? Ажиглагдсан бол тэр нь миний үйл ажиллагааны юутай нь холбоотой байсан бэ?

- Хэнтэй нь ажилласан үйл ажиллагаа хамгийн сургамжтай байв? Яагаад?

- Сургамжтай зүйл юун дээр гарав? Яагаад?

Эндээс та өөрийнхөө үйл ажиллагаанд ямар нэг хэмжээнд үнэлгээ өгөх байх.

Мөн та нөхдийнхөө анги удирдсан багшийн дэвтрийн энэ хэсгийг нь сонирхон үзэж өөртөө ашигтай санааг олж авч болно шүү дээ!

Ажиглалт түүний үр дүнгийн талаарх тэмдэглэлтэй ажиллах

Багшийн сурган хүмүүжүүлэх үйл ажиллагаа нь цаг мөч бүрт ухаалаг, оновчтой шийдэл гаргах нөхцөл байдалтай тулгарч байдаг тун өвөрмөц, нарийн арга ухаан шаарддаг ажил юм. Иймд багш хүн бол байнгын ажиглалт судалгаа хийж байдаг гэж үзэх үндэстэй. Гэхдээ бас зориуд тодорхой сэдэв, чиглэлээр ажиглалт, судалгаа хийх нь бүр ч үр дүнтэй байдаг. Ийм ч учраас анги удирдсан багшийн дэвтэрт өөрийн удирдсан ангидаа ч юм уу заадаг хичээлээрээ тусгайлан явуулсан ажиглалт, судалгаа, түүний үр дүнгийн талаар тэмдэглэх хэсгийг оруулсан хэрэг.

Ажиглалт судалгаа нь багшийн үйл ажилгаанд тохиолдож байгаа тодорхой нэг асуудлыг шийдэхэд чиглэсэн байдаг тул үр дүн тухайн асуудлыг шийдвэрлэхэд ямар хувь нэмэр оруулав гэдгээр үнэлэгдэх ёстой. Иймд багш тэрхүү үр дүнгээс санаа авч өөрийнхөө сурган хүмүүжүүлэх ажлын арга барилд ямар өөрчлөлт оруулах, цааш нь үргэлжлүүлэн ямар ажиглалт судалгаа явуулах талаар эрэгцүүлэл хийх шаардлагатай. Үүний тулд өөртөө дараах асуултуудыг тавьж хариулт олох нь чухал.

- Явуулсан ажиглалт ( судалгаа) маань зорилгоо хангаж чадав уу? (Тавьсан асуултдаа хариулт өгч чадав уу?)

- Ямар гол үр дүн гарав? (Шинэ санаа юу өгөв?)

- Эндээс би ямар сургамж авав? (Юун дээр алдаж онов?)

- Ямар үр дүн (санааг)-г нь ажилдаа яаж хэрэглэж болох вэ?

- Дараа (цааш) нь юуг үргэлжлүүлж ажиглаж судлах вэ?

Багш.эцэг эхийн хамтын ажиллагааны тухай тэмдэглэл дээр ажиллах

Эцэг эх бол хүүхдийн сурган хүмүүжүүлэх орчныг бүрдүүлэх гол үүрэг бүхий хүмүүс тул багш тэдэнтэй хамтарч ажиллах зайлшгүй шаардлагатай.

Ялангуяа анги удирдсан багш нь эцэг эхтэй ойр дотно харьцаж хамтарч ажиллахын хэрээр хүүхэд нь төдий чинээ зөв төлөвшил, хүмүүжилтэй болдгийг бид мэднэ. Иймээс багш нь удирдсан ангийнхаа сурагчдын эцэг эхтэй байнга уулзаж сургуулийнхаа явуулж байгаа үйл ажиллагааны зорилго зорилт, ач холбогдлыг танилуулахаас эхлээд хүүхэдтэйгээ яаж харьцаж ажиллах талаар хүртэл зөвлөх шаардлагатай. Ингэж чадаагүйгээс эцэг эх нь хүүхэддээ сургууль, багшийнх нь талаар зөв итгэл үнэмшил.сэдэл, хандлага бий болгож чадахгүй, үл ойлголцох байдал цөөнгүй гардаг.

Иймд багш, эцэг эхтэй ажилласан тухай тэмдэглэлийг эргэж үзэхдээ дараах асуултуудыг өөртөө тавьж хариулах шаардлагатай. Үүнд:

- Эцэг эхтэй ямар ямар чиглэлээр хамтарч ажиллаж вэ?

- Эцэг эх бидний ажиллагаанд хэр сэтгэл хангалуун байна вэ?

- Бид хүүхдийн сурлага, хүмүүжлийн ямар асуудлыг шийдвэрлэж чадав?

- Би эцэг эхийнхээ хэдэн хувьтай ажиллаж вэ?

- Бид юун дээр алдаж онов?

Ангийн сурагчдын ирцийн бүртгэл дээр ажиллах

Ангийн сурагчын ирцийн бүртгэл дээрээс анги- хамт олны төлөвшил, сурагчийн хичээл, сурлагад хандах хандлагын талаар мэдэх боломжтой.

а. Ангийн сурагчдын тодорхой хичээлүүдэд яаж хандаж байгааг

в. Сурагчдын сахилга, хариуцлагын төлөвшлийг

с.Сурагчдын эрүүл мэндийн байдлыг улирал, хичээлийн эцэст нэгтгэн дүгнэж, түүнд тулгуурлан эцэг эх, хичээл заадаг багш нартай хамтарч ажиллах төлөвлөгөө бодлого гаргаж ажиллаж болно.

7. Сурагчдын хичээл, сургуулиас гадуурх сургалтад хамрагдаж буй байдлын тухай тэмдэглэл дээр ажиллах

Энэ бол сурагчдын хөгжил, төлөвшлийн тухай маш чухал мэдээлэл олж авах боломжийг багшид өгдөг. Иймд багш энэ хэсгийг хөтлөхдөө хүүхэд бүртэй уулзахын зэрэгцээ, тухайн сургалт, секц, дугуйлангийнх нь байгуулага дээр биеэр очиж уулзаж бодитой мэдээллийг оруулахыг хичээх шаардлагатай. Энэ нь нэг талаас судалгаа бодитой болохын зэрэгцээ, тухайн хүүхдийн төлөвшлийн орчлонг танин мэдэх боломжийг өргөтгөж өгдөг. Иймд энэ хэсгээс дараах чиглэлийн мэдээллийг олж авч болно. Үүнд:

а. Ангийнхаа сурагчдын хувийн авъяас чадварын талаар

б. Тухайн сурагчийн нийгэмшил, төлөвшлийн түвшний талаар

в. Тухайн хүүхдийн хөгжил, ололт амжилтын тухай

г. Тухайн хүүхдийн амьдралын зорилго, хүсэл сонирхлын талаар

д. Анги- хамт олны ажилд тэднийг татан оруулцуулах арга зам, боломжийн талаар тодорхой мэдээлэл авч өөрийн сурган хүмүүжүүлэх ажлаа төлөвлөж явуулах боломжтой болно.

8.Анги хамт олны төлөвшлийн тухай тэмдэглэл дээр ажиллах

Анги удирдсан багш нь хичээл жилийн улирал тутамд анги- хамт олыхоо төлөвшилд ямар ахиц өөрчилт гарч буйг үнэлж, дүгнэж тэмдэглэх шаардлагатай. Энэ нь тухайн хамт олны хөгжлийн түүх болдог. Иймд энэ тэмдэглэл нь нэг талаас багшийн үйл ажиллагааны үр дүн, нөгөө талаас түүний хариуцлага бүлгийн хөгжлийн талаарх мэдлэг чадварын илэрхийлэл болно. Энэ тэмдэглэлээ эргэж үзэхдээ:

- Манай ангийн хамт олны төлөвшилд ямар ахиц гарсныг тодорхой гаргаж уу?

- Бүлгийн хөгжлийн түвшнийг оновчтой тодорхойлж чадаж уу?

- Надад ямар нэг туршлага, сургамж үлдэв үү? гэдэгт анхаарах хэрэгтэй.

Ээлжит хичээлийн төлөвлөгөө дүн шинжилгээ хийх

Багшийн ЭХТ үзэхэд тухайн багшийн онол арга зүйн мэдлэг чадвараас гадна түүний ажлын хариуцлага, технологийн сахилгын байдал тодорхой харагддаг. Ийм ч учраас хичээлийн ээлжит хичээлийн төлөвлөгөө нь сурган хүмүүжүүлэх судалгааны чухал хэрэглэгдэхүүн болгодог.

Хичээлийн ээлжит хичээлийн төлөвлөгөөнд багш өөрөө болон хөндлөнгийн судлаач дүн шинжилгээ хийж болно.

Энд бид багш, өөрийнхөө бичсэн конспектод ээлжит хичээлийн төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийх талаар товч үгүүлж зөвлөх болно.

1. Өөрөө өөрийгөө шинжих

Дараах хэдэн асуултыг өөртөө тавих шаардлагатай.

- Би орчин үеийн хичээлийн онцлогийн тухай юу мэдэж байгаа билээ?

- Тэр онцлогт чиглэсэн санаа ээлжит хичээлийн төлөвлөгөө маань хаана нь яаж тусгагдсан байна вэ?

- Одоо бичиж байгаа ээлжит хичээлийн төлөвлөгөөнүүд маань өмнө бичиж байсан конспектүүдээс ээлжит хичээлийн төлөвлөгөөнүүдээс юугаараа ялгаатай байна вэ?

- Энэ ээлжит хичээлийн төлөвлөгөө маань миний хичээлээ зохион байгуулахад ямар ашигтай байв?

- Үүнийхээ юуг нь яаж сайжруулах шаардлагатай байна вэ?

Эдгээр асуултад тодорхой хариулт өгч чадаж байвал энэ үед таньд цаашид өөрийгөө хөгжүүлэх санаа олдоно.

Хэрвээ та эдгээр асуултад тодорхой хариулт өгч чадахгүй байгаа бол эдгээрийн талаар нөхөдтэйгээ ярилцах хэрэгтэй. Орчин үеийн хичээлийн тухай материал уншиж судлах хэрэгтэй.

2. Бусдын ээлжит хичээлийн хөтөлбөртэй жиших

Хамт дадлага хийж байгаа нөхдийнхөө ижил сэдвээр бичсэн конспекттой өөрийнхөө конспектийг харьцуулан жишиж болно. Ингэхдээ "хэнийх нь илүү сайн болж вэ?" гэдгийг үнэлэх бус "минийхээс илүү авчихмаар санаа юу байна вэ?" гэдгийг анхаарах нь чухал.

Харьцуулан жиших ажлыг хамтарч хийж ч болно.

Ийм харьцуулан жиших ажлыг ижил сэдвийн хэдэн ч конспект дээр хийж болно.

Түүнчлэн хичээлийн конспектийн тодорхой элементийг хэрхэн тодорхойлж, томъёолж бичсэн (төлөвлөсөн) -ийг харьцуулж болно. Жишээлбэл, "сэдэлжүүлэлтийн хэсгийг яаж төлөвлөж вэ?", "сурагчдын бие даах ажлыг зохион байгуулах хэсгийг хэрхэн төлөвлөж вэ?" гэх мэт.

3. Бусдаар дүн шинжилгээ хийлгэх

Үүний тулд мэргэжлийн заах аргазүйч, сургалтын менежер, хамт ажилладаг нөхөддөө өөрийн конспектыг үзүүлж зөвлөгөө өгөхийг хүсэхэд л хангалттай. Тэдний хэлсэн ганц санаа ч өөрт чинь их санааг төрүүлж болно. Тэгэж чадахгүй ч түүнд талархах хэрэгтэй.

4. Бусадтай ярилцаж, өөрийн конспектийг үнэлэх

Хэрвээ конспекг бичихэд тань ямар нэг саад бэрхшээл, хүндрэл гардаг бол чухам тэр хэсгийг яаж төлөвлөвөл дээр байдаг тухай заах аргазүйч, сургалтын менежер, хамт ажилладаг нөхөдтэйгээ санал бодлоо солилцож тэдний хэлж, ярьсантай өөрийнхөө конспектийн тухайн хэсгийг жишин үнэлж болно.

5. Бусдын хичээл дээр сууж ажиглаж санаа авах

Бусдын хичээл дээр сууж байхдаа өөрт тохиолддог хүндрэл, бэрхшээлийг тухайн багш яаж шийдвэрлэж байгааг ажиглавал, хичээл төлөвлөх болон зохион байгуулах үедээ түүний туршлагаас санаа авах боломжтой.

Өдрийн тэмдэглэл дээр ажиллах

Багш хүний сурган хүмүүжүүлэх туршлага хуримтлуулах нэг арга зам нь өдрийн тэмдэглэл хөтлөх явдал юм. Өдрийн тэмдэглэлд тухайн өдөрт тохиолдсон онцлог тохиолдлоос тэмдэглэх бөгөөд ингэхдээ сайн муу гэж ялгалгүйгээр юу болсныг товч бичихэд л хангалттай.

Иймээс багш өдрийн тэмдэглэлээ эргэж харж байх нь ашигтай байдаг.Тэндээс тухайн үедээ шийдвэрлэж чадаагүй зөрчлийг олж харахаас гадна түүнийг яаж шийдвэрлэвэл зохистой байсныг ч олж харж болно.

Хамгийн гол нь төдийд тэнд болсон үйл явдал өнөөдөр, энд яаж давтагдаж, яаж шийдвэрлэгдэж байгаа нь сурган хүмүүжүүлэх үйл явдлын хөгжлийг илэрхийлж байдагг оршино.

Чухам энэ өөрчлөлтийг мэдэрдэггүйгээс багшийн сурган хүмүүжүүлэх ажлын арга барил өөрчлөгддөггүй, өөрчлөх шаардлагатай байгааг ч ухаарч ойлгодоггүй байх нь бий.

Ер нь багш хүн өөрийн өдөр тутмын үйл ажиллагаандаа анхааралтай хандаж, эргэцүүлэл хийж үнэлгээ, дүгнэлт өгч ажиллавал өөрийнхөө алдаа, онооноос байнга суралцаж, тасралтгүй хөгжих боломжтой .

Үүнд өдрийн тэмдэглэл чухал үүрэг гүйцэтгэдэг.

Иймд манай төсөлд хамрагдаж байгаа багш бүхэн өдрийн тэмдэглэлийг хөтөлж, ажиллаж хэвших шаардлагатай.

Өдрийн тэмдэглэлтэй ажиллахдаа:

- Хэдийд юу болж байж вэ?

-Тэр үед бид ямар онцпог асуудалтай тулгарч байж вэ?

- Тухайн үед бид яаж шийдвэрлэж байж вэ? -Тэр маань хэр оновчтой байж вэ?

- Одоо тэр асуудал ямар байдалтай илэрч байна вэ?

- Үүнийг яаж шийдвэл зохистой бол? гэсэн асуултуудад хариулт өгехийг хичээх хэрэгтэй.

Дүнгийн хавтгайд дүн шинжилгээ хийх

Ангийн улирал бүрийн дүнгийн нэгдсэн хавтгай дээрээс багшийн болон сурагчдын үйл ажиллагааны талаар маш үнэтэй мэдээллийг олж авах боломжтой.

Багш нар ихэвчлэн хүүхдийнхээ дүнг гаргаж, сургалтын менежер ( хичээлийн эрхлэгч) - т дүнгийн хавтгайг тушааснаар үүргээ гүйцэтгэлээ гэж үзэж сэтгэл амардаг.

Гэтэл тэндээс багш нарын үйл ажиллагааны талаар маш их мэдээллийг олж харж болно.

Энд тэдгээрээс заримыг нь товч гаргаж ирэхийг хичээлээ.

1. Хичээл тус бүрийн сургалтын байдлын талаарх мэдээлэл

Энэ чухамдаа тухайн хичээлийг зааж багшийн ажлын үр дүнгийн тухай мэдээлэл юм.Үүний тулд тухайн хичээлийн дундаж үнэлгээг ангийн дундажтай жишиж абсолют хазайлтыг нь ангийн дундаж хазайлттай харгалзуулах шаардлагатай.

Үүний тулд тухайн хичээлийн үнэлгээний дундаж хувиас ангийн дундаж үнэлгээний хувийг хасна.Ингэхэд эерэг тоо гарч байвал тэр хичээлийн сургалт бусад хичээлийн төвшинөөс дээгүүр явж байгааг илтгэнэ.

Харих сөрөг тоо гарвал тухайн хичээлийн дундаж ангийнхаас доогуур байгааг харуулах болно.

Түүнчлэн тухайн бүлэгт ордог бүх хичээлийн үнэлгээний дундажуудыг ихээс нь бага руу жагсааж үзэхэд тухайн хичээл хэдэд жагсаж байгаагаар тэр хичээлийн сургалтын байдлыг үнэлж болно.

Мөн тухайн хичээлээр А ба В түвшний үнэлгээтэй суралцаж буй сурагчдын хувийн жингээр, уул сургалтын чанарыг үнэлж болно.Өөрөөр хэлбэл дундажаас дээгүүр түвшинд суралцаж буй сурагчдын хувийн жингээр үнэлнэ гэсэн үг юм.

Ганц хоёр хүүхэд хичээл дээр хэт доогуур үнэлгээтэй гарах нь тухайн хичээлд хандаж буй хувийн хандлагатай ихэвчлэн холбоотой байдаг.

2. Ангийн ерөнхий хөгжил, төлөвшлийн талаарх мэдээлэл

Ангийн сурагчдын сурлагын ерөнхий төлөв нь тухайн хамт олны хөгжил, төлөвшлийн хандлагыг харуулдаг.

Тухайлбал, улирлуудын дүнг хооронд нь харыдуулахад хамт олны, хөгжлийн байдал харагддаг бол өөр анги, бүлэгтэй харыдуулснаар тухайн хамт олны сурах чадварын төлөвшлийн байдал харагдана.

Улирлын дүнгийн үзүүлэлт улирал тутам ахиж байвал зохилтой. Гэтэл ихэвчлэн нэг болон гуравдугаар улиралд хоёр болон дөрөвдүгээр улирлаасаа доогуур үзүүлэлттэй гардаг тохиолдол түгээмэл байдаг.Энэ бол багш нарын үнэлгээнд хандах хандлагатай ч холбоотой байж магадгүй.

Ангийн сурлагын үнэлгээний чанарын үзүүлэлт нь мөн сурагчдын сурах чадвар төлөвшлийн илрэл байдаг.

Анги хамт олны сурлагын чанар дээшилж, үнэлгээний сарнил ( сайн болон сул сурагчдын ялгаа ) багасах нь тухайн хамт олны нэгдэл сайжирч, хамтарч ажиллах, сурах чадвар төлөвшиж байгаагийн илрэл болно.

Нэг, хоёрхон сурагч олон хичээл дээр хэт доогуур үнэлгээтэй гарах нь ихэвчлэн тухайн хүүхдийн анги хамт олноосоо хөндийрөх, жожигрох хандлагын илрэл болдог.

Sc.D. С.Батхуяг
Бичсэн: EDUCATION | цаг: 18:10 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


Юуны өмнө блогоор минь зочилсонд баярласнаа илэрхийлье. Энэ нийтлэлийн хувьд С.Батхуяг гээд зохиогч нь тодорхойгоор доор нь бичсэн байгаа. Олж хараарай. Би хэзээ ч зохиогчгүй нийтлэл оруулахгүй, зохиогчийн эрхийг маш их хүндэлдэг хүн
Бичсэн: EDUCATION цаг: 19:10, 2014-06-04 | Холбоос | |


Хаанаас авснаа бичвэл зүгээр байх юм. зохиогчийн эрх гэдэг юм байдаг шүү дээ.
Бичсэн: Зочин цаг: 12:40, 2014-03-03 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1735121 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax