2013-12-20
ОЮУНЫ ЧАДАМЖАА ХӨГЖҮҮЛЭХ

1. Мэдээллийг хүлээж авах чадвар

Мэдээллийн хэмжээ өсөн нэмэгдэж байгаа өнөө үед түүнийг богино хугацаанд хурдан хүлээн авч ойлгодог байх нь чухал юм. Хэрвээ бид ийм чадваргүй бол ямар ч удаан хугацаанд хэчнээн мэрийгээд үр дүнгүй байх болно. Нэг номыг хоёр цаг уншаад агуулгыг нь бүрэн ойлгодог хүн тусгай сургалтаар уг номоо нэг цагийн дотор уншаад ойлгодог болчихвол түүний мэдээллийг хүлээн авч ойлгох чадвар нь 2 дахин нэмэгдэнэ гэсэн үг.

(а) Хурдан унших нь мэдээллийг богино хугацаанд хүлээн авах чадварыг өсгөдөг.

Хурдан унших дасгал хийснээр хүмүүсийн унших хурд ердийн уншилтаас 10, 20, 30 дахин бүр 40 дахин өсөх боломжтой гэж үздэг. Нэг ном уншихад бүтэн өдрийг зарцуулдаг байсан бол нэг цаг зарцуулдаг болно гэсэн үг.

Олон хүн ийм чадварыг эзэмшихийн тулд маш их дасгал хийдэг ч харамсалтай нь амжилт гаргаж чадалгүй шантарч эхэлдэг. Учир нь тэд “10 дахин, 20 дахин хурдан уншдаг болно” гэж хэт өндөр зорилго тавьдаг байна.

5 минутын сургалтаар түргэн унших чадвар 2 дахин өсдөг

Уг сургалтын зорилго нь ердийн уншилтаасаа 2 дахин илүү хурдан уншдаг болгоход оршино. Ингэснээрээ 6 жилд судлан суралцах хичээлийг 3 жилд, 10 жилийн боловсролыг 5 жилийн дотор эзэмших боломжтой юм. Уншигч та ийм чадвартай байхын тулд эхлээд “2 дахин хурдан уншдаг болно” гэсэн биелэх боломжтой зорилго тавих нь зүйтэй.

Түргэн унших ба ойлгох чадвар нь хоорондоо харилцан холбоотой.

“Хурдан уншвал ойлгох чадвар буурдаг” гэж ойлгох нь бий. Гэтэл үнэн хэрэгтээ удаан унших тутам ойлгоход бэрх болдог. Жишээлбэл: “Хоёр долоо хоногийн дараа оюутны амралт эхэлнэ” гэсэн өгүүлбэрийг “Хо-ёр, до-лоо, хо-ногийн да-раа.......” гэж үеэр таслан уншихын оронд “Хоёр долоо хоногийн дараа оюутны амралт эхэлнэ” гэж уншвал шууд ойлгогдоно. Мөн /олон хүн/ тэмээг/ говьд амьдрах тусам/ өөрчлөгдөн хувьсдаг/ гэж боддог/ хэмээн утгачлан (sense group thought group ) уншвал илүү сайн ойлгогддог юм. Эндээс бид хурдан унших нь ойлгох чадварыг бууруулдаггүй болохыг мэдэж болно. Үеэр таслах юм уу үгчлэн унших нь ойлгомжгүй байдаг. Мөн үгийн утгыг сайн мэдэхгүйгээсээ болж ойлгож чадахгүй байх тохиолдол их байдаг.

(б) Мэдээллийг хурдан хүлээн авч чаддаг байхын тулд хурдан, зөв мэргэн шийдвэр гаргаж чаддаг байх хэрэгтэй.

Нисэх онгоцыг агаарт нисгэхийн өмнө эхлээд цаг агаар, салхины хурд, онгоцны нисэх хурд зэргийг үнэн зөв тооцоолсон мэдээлэл дээр үндэслэж хэн жолоодох вэ? гэдгийг шийддэг. Яг үүний адил бид ч гэсэн үнэн зөв мэдээлэл дээр үндэслэн зөв мэргэн шийдвэр гаргаж чаддаг байх нь чухал. Учир нь шийдвэр бол бидний амьдралын бүхий л хүрээнд зайлшгүй хэрэгтэй байдаг зүйлийн нэг юм. Бүх талын боловсрол олгох сургалт нь ийм чадвар эзэмшүүлэхийн тулд ном, сонин, сэтгүүлээс үнэн зөв мэдээллийг олж авах чадвартай болгох сургалт явуулж байна. Энэ нь эцэстээ үнэн зөв мэргэн шийдвэр гаргах чадвартай болоход их тус дөхөм болно.

Үг ба өгүүлбэрийн нууц : Гол өгүүлбэр ба туслах өгүүлбэр

Бүх амьтан амьдарч өсөж үржихийн тулд идэх хэрэгтэй байдаг. Иймээс амьтдын хооронд бие биеэ барьж идэх нь байгалийн жам. Үүнийг “Идэлтийн гинжин холбоо” гэж нэрлэдэг.

Тэгвэл амьтдын хоорондын энэ үйл хэрхэн явагддаг вэ? Үүнд тодорхой хууль үйлчилдэг байна. Өвс ургамал өвсөн тэжээлтэнд идүүлж, өвсөн тэжээлтэн махчин амьтанд идүүлдэг. Махчин амьтад үхвэл газрын хөрсөнд шингэн өвс ургамал ургах чухал бордоо болж өгдөг. Жишээлбэл: Ялаа мэлхийд идүүлж, мэлхий нь могойд идүүлж, могой нь махчин шувуунд идүүлж, махчин шувуу нь эргээд ялааны хоол болдог байна.

Ийнхүү экологийн бүх амьд биесийн хооронд идэх ба идүүлэх гинжин харьцаа явагддаг ажээ.

Дээрх мэдээллийг уншаад гол агуулгыг мэдэж авахын тулд эхлээд доорх 5 асуултанд хариулах хэрэгтэй. 1. Догол мөрнөөс хэдэн удаа эхэлсэн байна вэ? 2. Өгүүлбэрүудийг ямар хэлбэрээр бичсэн байна вэ? 3. Хэсэг тус бүрийн утга юу вэ? 4. Ямар агуулгатай вэ? 5. Ямар гарчиг өгөх вэ?

Хүмүүс эдгээр 5 асуултанд хариулахын тулд уг сэдвээ 5 удаа уншиж, унших бүрдээ нэг хариулт олдог учир их цаг зарцуулдаг. Харин нэг удаагийн уншилтаар бүх асуултанд хариулж байвал мэдээллийг хүлээж авах чадвар өндөр түвшинд байгааг харуулна. Ийм болохын тулд үг болоод өгүүлбэрийн нууцыг мэдэх хэрэгтэй. Тэгвэл үг ба өгүүлбэрийн нууц гэж юу вэ? Үүнд хариулахын өмнө уншигч танаас энэ номны эхний бүлгийг уншаад дараа өгүүлсэн ойлголттой дүйцэх ойлголт танд төрсөн үү? гэж асуумаар байна.

Бид одоо хүртэл онц сураад өндөр оноогоор дээд сургуульд орчихвол аз жаргалтай амьдарч чадна гэж бодсоор ирсэн. Гэтэл өндөр оноо дүнгээр биш, бодит чадварыг эзэмшсэнээр аз жаргалыг эдэлдэг. Бодит чадвартай байхын тулд өөрт заяасан боломж авьяас билгийг тэтгэн хөгжүүлж, улмаар түүнийхээ дагуу сурч хөдөлмөрлөн үр шимийг нь хүртэн амьдрах хэрэгтэй. Авьяас чадварыг хөгжүүлэхийн тулд зөвхөн чармайх хэрэгтэй гэж олон хүн үздэг. Гэвч энэ нь өрөөсгөл ойлголт юм. Чармайхын зэрэгцээ яаж хийх тусгай арга зайлшгүй хэрэгтэй. Хүний оюуны чадамжийг хөгжүүлэх 5 аргын тухай 1-рт бүлэгт өгүүлсэн. Дараагийн бүлгүүдэд бусад аргуудыг тодорхой өгүүлэх бөгөөд эдгээр бүх аргыг хүмүүс зайлшгүй эзэмших хэрэгтэй юм. Ихэнх хүн энэ үзэл санаа нь оноо дүнг бууруулдаг гэж үздэг ч энэ нь бидний амьдралд маш их энерги, хүч чадлыг хайрладаг юм.

Иймээс авьяас чадвараа тэтгэн хөгжүүлж бодит чадвар эзэмшихэд бүх талын боловсрол олгох сургалт зайлшгүй хэрэгтэй юм. Энэ сургалтаар бид сэтгэлийн тэнхээтэй, эрүүл чийрэг бие бялдартай, оюуны өндөр чадамжтай, амьдралаа зөв авч явдаг.бусадтай зөв харилцдаг өв тэгш иргэдийг бэлтгэн гаргахыг зорьж байна.

Та бүхэн дээр бичсэн хэсгийн утга агуулгатай санал нийлж байна уу? Магадгүй эхний бүлгийг уншилгүй шууд энэхүү товчлолыг уншсан хүн төдийлөн санаа нийлэхгүй байж болно. Харин эхний бүлгийг бүгдийг нь уншсаны дараа дээрх товчлолыг уншвал ойлголт нэгдэнэ гэдэгт итгэлтэй байна. Учир нь унших явцдаа хүлээн зөвшөөрөх, санаа нийлэх зэрэг сэтгэхүйн онцлог байдлаар хүний бодол санаа өөрчлөгддөг.

Энэхүү сэтгэхүйн онцлог байдлаас шалтгаалан нэг хуудас зүйлийг уншаад, утга санааг ойлгон санаа нийлэх хүн байхад 70 хуудас зүйл уншиж байж ойлгож санаа нэгдэх хүн ч байдаг. Гэвч та 70 хуудсан дээр бичсэн зүйлийн гол агуулга нь 1 хуудсан дээр товчилж бичсэнтэй ижил гэдгийг анхаараарай. Уг сэдвийг унших, сонсох хүнээс шалтгаалж янз бүрийн жишээ тайлбар нэмэн оруулж болох бөгөөд бас хураангуйлан товчилж цөөн өгүүлбэрээр илэрхийлж ч болно. Нэг цаг 30 минутын лекцийг 1 цагт ч юм уу, 30 минутад сонсон ойлгож болдог. Чухам энэ бол үг ба өгүүлбэрийн нууц юм.

Өгүүлбэр дотор өгүүлэгчийн хэлэх гэж буй гол санаа агуулагдаж байдаг бөгөөд тэр нь нэг хуудас эсвэл нэг өгүүлбэрт ч багтаж болно. Сонсогч, суралцагчдын сэтгэхүйн онцлогоос шалтгаалж сэдэв ба өгүүлбэрийн хэмжээ өөрчлөгддөг. Гол санааг ойлгуулахын тулд гол өгүүлбэр болоод туслах өгүүлбэрээр илэрхийлдэг бөгөөд нэгэнт сонсогч гол санааг нь ойлгосон тохиолдолд туслах өгүүлбэрийг хэлэх шаардлагагүй. Харин гол санааг ойлгоогүй бол туслах өгүүлбэрээр янз бүрийн жишээ авч харьцуулах буюу дэлгэрүүлэн тайлбарлаж болно.

Зохиогч, сэтгүүлчид ихэвчлэн туслах өгүүлбэрийг өргөн хэрэглэдэг. Тэдгээрээс гол өгүүлбэрийг нь тогтоож чадвал өгүүлэгчийн хэлэх гээд байгаа гол санааг тун төвөггүй ойлгоно.

Зохион бичих чадвар

Үг ба өгүүлбэрийн нууцыг мэдвэл зохион бичлэг хийхэд хялбар дөхөм болдог. Юуны өмнө өөрийн өгүүлэх гэж буй зүйлээ өгүүлэгчийн байр сууринаас бичих хэрэгтэй.

Эхлээд гарчгаа сонгосны дараа ямар сэдвээр бичихээ бодож үзнэ. Мөн сэдвийг баяжуулах янз бүрийн сонирхолтой жишээ, тайлбар, харьцуулалт, ишлэл, зүүлтүүдийг цуглуулна. Эдгээр нь утга санаагаараа тус тусдаа 3 хэсэг байх бөгөөд хэсэг тус бүрийг догол мөрөөр ялгаж өгнө. Гол өгүүлбэрийн байрлалаас шалтгаалж өгүүлбэрийн хэлбэр тодорхойлогдон, туслах өгүүлбэрүүдээр нэмэлт зүйл, сонирхолтой жишээ баримт, тайлбар зүүлтийг бичвэл зохион бичих ажил үндсэндээ дууслаа гэсэн үг.

Гадаад хэлийг сурч эзэмших чадвар

Гадаад хэлийг сайн эзэмших нь оюуны чадавхийг хөгжүүлэх 2 дахь арга юм. Учир нь төрөлх хэл дээрх мэдээллээс илүү их мэдээллийг гадаад хэлээр олж авдаг. Жишээлбэл: Зайлшгүй шаардлагатай боловсролын мэдээллийг 30% гэж үзвэл гадаад хэлний мэдлэггүй хүн хамгийн ихээр бодоход 30%-аас илүү мэдээлэл олж авч чадахгүй. Харин англи хэлээр 70% мэдээлэл гарна гэвэл англи хэл мэддэг хүн дээрх 30% мэдээллээс гадна 70% мэдээллийг нэмж авч болно гэсэн үг.

Хэрвээ гадаад хэлний мэдлэгтэй ба мэдлэггүй хоёр хүн боловсролын судалгаа явууллаа гэж үзвэл чанарын асар их ялгаа гарна. Өөрөөр хэлбэл энэ хоёр хүний хооронд бодит чадварын үндсэн ялгаа байна гэсэн үг. Гадаад хэл сурч эзэмших нь зөвхөн боловсролын салбарт ч биш соёл шинжлэх ухаан гээд нийгмийн бүхий л хүрээний асуудал болж тавигдах ёстой.

Англи хэлийг англиар нь сэтгэн бодох чадвартай байх хэрэгтэй.

Хэдэн жилийн өмнө КВS телевизийн “ Дэлхий дахин өнөөдөр” гэсэн цуврал нэвтрүүлгээр Төвдийн ард түмэн англи хэл хэрхэн сурч байгааг харуулсан. Төвд бол БНХАУ-ын 56 үндэстний нэг бөгөөд Далай ламаар удирдуулсан буддын шашинт ард түмэн юм. Уг нэвтрүүлгийг үзэж байхад гудамжинд явж байгаа эмээ, дэлгүүрийн худалдагч, тоглож буй хүүхдүүд хүртэл англиар чөлөөтэй ярьж байсан юм.

Гадаад хэлийг сурахад тодорхой арга барил хэрэгтэй. Бид англи хэл сурах гэж хэчнээн их цаг хүч хөдөлмөр зарцуулдаг билээ дээ. Тэгсэн мөртөө нэг их сурчихсан юм байддаггүй. Яагаад? Бидэнд англи хэлийг англиар нь сэтгэн бодох чадвар дутагддаг. Тэгвэл яаж англи хэлийг англиар нь сэтгэн бодож чаддаг болох вэ? Англи өгүүлбэр болоод Солонгос өгүүлбэрийн хооронд бүтцийн ялгаа байдаг. Жишээлбэл: Солонгос хэлээр” Би чамд хайртай” гэсэн өгүүлбэрийг англиар “Би хайртай чамд” гэж уншдаг. Америк хүнд “I had a breakfast’’ гэсэн өгүүлбэрийг “I а breakfast had’’ гэж хэлвэл юу ч ойлгохгүй. Ер нь бид өгүүлбэрийн бүтцийн ялгааг орчуулгаас бусад тохиолдолд нэг их анзаардаггүй.

Ихэнх хүн гадаад хэлээр ярихын өмнө яаж ярихаа боддог, ингэхдээ 3 шат дамжуулан цаг хугацаа алддаг. Эхлээд эх хэл дээрээ тунгааж, хэсэг хугацаа, дараа нь гадаад үгээр яаж илэрхийлэх вэ? гэж бодон бас хэсэг хугацаа, эцэст нь бодсоноо эвлүүлэн хэлэх гэж хэсэг хугацаа тус тус алддаг байна. Тийм ч учраас гадаадынхан бидний яриаг тэсвэртэй хүлээх болдог.

Унших ч гэсэн нэгэн адил. Өгүүлбэрийг бүрэн уншсаны дараа утгыг ойлгохын тулд хойно урдаас нь дахин харах шаардлага гардаг. Энэ нь дахин дахин уншиж үгийн утгыг мэдэх дасгал болно уу гэхээс англиар сэтгэн бодоход төдий л тус болохгүй. Иймэрхүү маягаар суралцах нь шалгалт шүүлэг өгөхөд ашиг тустай ч англи хэлний бодит чадварыг эзэмшихэд төдий л тус дөхөм болохгүй. Үүнийг даван туулах цорын ганц арга бол английг англиар нь сэтгэн бодох чадвартай болох явдал юм.

3. Ерөнхийгөөс нарийвчлан тодорхойлох чадвар

Энэ нь “Ойг нь хараад модыг нь хар” гэсэн дорно дахины зүйр цэцэн үгтэй утга ижил юм. Бага насны хүүхдүүд эвлүүлдэг тоглоомыг хэдэн хормын дотор амархан эвлүүлчихдэг. Учир нь эвлүүлэг тэдний сэтгэхүйн хэмжээнд тохирсон цөөхөн дүрсээс бүтсэн байдаг. Харин насанд хүрсэн хүн 1000 ширхэг дүрс эвлүүлэх болбол яах вэ? Мэдээж бүгдийг нь эвлүүлчих хүн маш ховор. Ямар хүн эвлүүлж чадах вэ? гэвэл тэрхүү дүрсийг эвлүүлсэн байхад нь бүхэлд нь харсан хүн л чадна.

Яг үүний адил хүн аливаа асуудлыг шийдвэрлэхдээ эргэн тойронд болж байгаа өөрчлөлтийг бүхэлд нь харж тусган хүлээж авдаг байх хэрэгтэй. Ийм хүнийг бодит чадвартай хүн гэж үздэг.

Бага ангидаа онц сайн сурч байсан хүүхэд дунд ангидаа тааруу суралцах тохиолдол элбэг. Энэ нь бага ангид хичээлийн тоо цөөхөн учраас сурахад хялбар байдаг. Харин дунд ангид хичээлийн тоо олширсноор сурахад нь төвөгтэй болдог аж.

Ерөнхийгөөс нарийвчлан тодорхойлох чадвартай хүн олон талын мэдлэгийн уялдаа холбоог мэдэж чадна. Иймд олон талын мэдлэгийн уялдаа холбоог мэдэрч бүхэлд нь зангиддаг “Дээрээс харах сургалт” болох бүхлээс хэсэгчлэн харах сургалт явуулах нь авьяас чадварыг хөгжүүлэх гол хөшүүрэг болдог.

“Дээрээс харах сургалт” гэж юу вэ?

Нийгэм түүхийн хичээлээр аль нэгэн сэдвийг ерөнхий шинжээр нь бүхэлд нь тоймлож ойлгоод дараа нь түүнийгээ дэд сэдвүүдэд хэсэгчлэн хувааж хэсэг тус бүрд нь дүн шинжилгээ хийх чадвар эзэмших юм.

Нийгмийн ухааны хичээл нь ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлдэг.

Олон хүн нийгмийн ухааны хичээлийн ач холбогдлыг дутуу үнэлж цээжлэх төдийгөөр сурч, зөвхөн шалгалтын өмнө л хагас дутуу уншиж шалгалтаа арай чамай давж гардаг. Үнэн хэрэгтээ хичээл нь хүний үүсэл хөгжил, нийгмийн зүй тогтол гээд түүх, гүн ухааныг багтаасан, ертөнцийг үзэх үзлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн хичээл юм. Харамсалтай нь, бид олон жилийн турш түүх, нийгмийн хичээл заалгаж, шалгалтыг өгч ирсэн хирнээ өөрийн гэсэн ертөнцийг үзэх үзэл төлөвшсөн нь олон байдаггүй. Үүний учир нь бүхэлд нь хараад, дараа нь түүнийгээ задлан хэсэгчлэн дүгнэдэг дээр дурдсан чадвар дутмаг байдагт оршино.

4. Хийсвэр ойлголтыг тодорхойлох чадвар

Бид аливаа нэг лекц яриа, бусад эх сурвалжаас олон мэдээлэл хүлээн авч, түүнийгээ задлан ялгадаг. Энэ нь ихэнх тохиолдолд мэдлэгийн хуримтлал болно уу гэхээс жинхэнэ бодит үйл болж чаддаггүй билээ. Иймээс бодит үйл болгож амьдралд хэрэгжүүлэгч байхын тулд бодит үйл болгох чадварыг эзэмших хэрэгтэй юм. Энэ чадварыг зөвхөн тусгай сургалтаар хөгжүүлж болно.

5. Шинжлэх ухаан, танин мэдэхүйн чадвар

Бодит чадвартай хүн нь шинжлэх ухааны талаар өргөн мэдлэгтэй байх хэрэгтэй. Энэ нь зөвхөн судлаач шинжээчдийг бэлтгэнэ гэсэн үг хараахан биш юм. Шинжлэх ухаан бол байгаль дэлхийн юмс үзэгдлийн мөн чанар, нийгмийн сэтгэхүйн зүй тогтлыг судлах учраас шинжлэх ухааны зохих мэдлэгийн хүч, аливаа үзэгдлийг үнэн зөвөөр таньж мэдэх боломж болно. Байгаль дэлхийн, юмс үзэгдлийн талаар зөв ойлголтгүй явдаг хүн бол хэзээ ч үнэнийг олж мэдэж чадахгүй. Сүүлийн үед байгаль дэлхийн, юмс үзэгдлийн тухай үзэл онолуудаас Эйнштейний “ Харьцангуйн онол “, Хэйжнбергийн “Тодорхой бус онол “ чухал байр суурь эзэлж байна. Эдгээр нь орчин үеийн шинжлэх ухаанд үндэслэсэн чухал онолууд юм.

Иймд байгаль нийгмийн юмс үзэгдэл, мөн чанаруудын тухай хуулиудыг ойлгож мэдсэн хүн үнэнийг олж мэддэг бодит чадвартай хүн болж чадна.

Шинжлэх ухааны мэдлэгт үндэслэн байгаль дэлхийн юмс үзэгдлийг танин мэдэх чадвар

Байгаль дэлхийн юмс үзэгдлийн мөн чанарыг шинжлэх ухааны үг хэллэгээр илэрхийлдэг. Өөрөөр хэлбэл шинжлэх ухаан бол өөрөө нэгэн төрлийн өвөрмөц хэл юм. Жишээлбэл: “Бүх ертөнцийн таталцлын тухай хууль” гэж байдаг. Эрдэмтэд байгаль дэлхийн юмс үзэгдлийн мөн чанарт нэвтэрсний үр дүнд ямар нэгэн 2 биетийн хооронд таталцах хүч үйлчилдэг, энэ таталцах хүч нь уг хоёр биетийн массын үржвэрт шууд пропорциональ хоорондох зайн квадратад урвуу пропорциональ байдаг гэдгийг нотолжээ. Үүнийг томьёолбол:

F=g(m1.m2)/r2

карвитацийн тогтмол

m1 m2 таталцаж байгаа хоёр биеийн масс

r2хоорондох зайн квадрат

Шинжлэх ухааны тодорхой мэдлэгтэй, зөв ойлголттой болохыг хүсвэл шинжлэх ухааны нэр томъёо үг хэллэгийг сайн мэдэж байх шаардлагатай бөгөөд үүнийг мөн л тусгай сургалтаар эзэмшинэ.

Шинжлэх ухаан нь аливаа юмс үзэгдлийн нууцыг тайлж түүнийхээ тухай үнэн зөв мэдээллийг хүмүүст хүргэх зорилготой. Бид байгаль ертөнцийн талаар хэр зэрэг ойлголттой явдаг билээ? Байгаль дэлхийн зүй тогтолыг судалбал бидний мэдэж төсөөлдөг ертөнцөөс гадна бас нэг өөр ертөнц байдгийг мэдэж болно.

Байгаль дэлхий нь үндсэндээ долгион ба материас бүтдэг. Долгионыг бид гүйдэлтэй адилтгаж болно. Гүйдэл бол нүдэнд харагдахгүй мөртөө ямар ч зүйлийг нэвтлэн гарах онцлог шинжтэй. Хэрвээ би өрөөнийхөө аль нэг ханыг чиглээд алхвал яг хананд тулаад цааш нэвтрэн гарч чадахгүй нь тодорхой.

Олон эрдэмтэн матери, долгион хоёрыг өөр өөр шинж чанартай гэж үзэн тус тусад нь өөр томъёоллоор илэрхийлж иржээ. Гэтэл XX зууны эхэн үеэс орчин үеийн шинжлэх ухаан үүсэж хөгжсөнөөр энэ талаар шинэ нээлт гарсан юм. Хамгийн өчүүхэн бичил биетийг харах боломжтой болсны дараа түүнийг нарийвчлан судалж үзэхэд матери ба долгион нь адилхан шинж чанартай болохыг тогтоожээ.

Тухайлбал: Цахилгаан гүйдлийн бөөмсүүд хөдөлгөөнд орших явцдаа хана мөргөвөл эргэн ойж түүний оронд цахилгаан гүйдэл үүсдэг. Үүссэн цахилгаан гүйдэл нь хана оронд нь дахиад шинэ бөөм үүсч хөдөлгөөнд ордог. Хоёр өөр зүйл адилхан шинж чанартай байдаг гэдгийг ойлгоход төвөгтэй ч энэ нь үргэлжийн судалгаа шинжилгээний үр дүнд батлагдсан зүйл юм. Матери долгион хоёрыг адилхан нэгдмэл шинж чанартай болохыг судалгааны үр дүнд тогтоосон юм. Цаг хугацаа бол матери ба долгионы шинжийг илэрхийлдэг. Зөвхөн цаг хугацаа ч биш хүн бас ийм шинжийг хадгалсан байдаг. Хүний биеийн долгионыг тооцоолон гаргаж болдог ажээ.

Деругийн долгион гэгчийг тооцоолох юм бол хүний долгионыг тооцоолж болдог байна. Энэ бол байгаль дэлхийн юмс үзэгдлийн хөдөлшгүй үнэн юм.

Юмс үзэгдлийг танин мэдэж, судлах нь зөвхөн эрдэмтэн судлаачийн хийх зүйл гэж битгий бодоорой. Тэгж бодох цаг үе нэгэнт өнгөрсөн. Машин жолоодохын тулд машины бүтэц, онцлог шинжийг бүрэн мэдэх шаардлагагүй. Зөвхөн жолоодвол л болдог. Үүний адилаар шинжлэх ухаан нь бидний хийх ажил биш ч түүгээр дамжуулж үнэнд ойртох нь бид бүхний хийх ёстой зүйл юм.

(2) Сул талаа засах сургалт

Аливаа асуудлыг шийдвэрлэхийн тулд эхлээд асуудлын гол гогцоог мэдэж түүнийг ямар арга замаар яаж шийдвэрлэхээ тогтоох хэрэгтэй.

Хүний дутагдалтай сул талууд нь өсөж хөгжихэд нь гол саад болдог. Сул тал гэдэг бол хүний сэтгэл санаа, бие махбодид үл зохицох байдлаар орших сөрөг шинж юм. Иймээс хүн сул талаа засах чадвартай байх хэрэгтэй. Ингэж чадаагүй тохиолдолд бие хүн өсөж хөгжихийн талаар бодох ч хэрэггүй юм.

Хүмүүс давтлага ба бэлтгэлийг амжилттай суралцах маш чухал нөхцөл гэж үздэг. Зөв л дөө. Гэхдээ яаж хийх вэ? гэдэгт л гол нь байгаа юм. Ихэнх хүн давтлагыг сурсан зүйлээ бататгах, бэлтгэл ажлыг нь маргаашийн сурах үйлд урьдчилан бэлдэх гэж ойлгодог.

Харин маргааш сурах зүйлээ өнөөдөр бэлдэнэ гэдэг нь өрөөсгөл ойлголт юм. Учир нь бэлдэх явцад ойлгож мэдэхгүй зүйлүүд маш их гардаг. Энэ нь танин мэдэх үйл явцын нэг сул тал болно. Үүнийг шийдэхийн тулд ойлгож мэдэхгүй зүйлүүдээ тэмдэглэж аваад маргааш нь хариултыг багшаасаа авч болно.

Ийнхүү сул талаа засах замаар тухайн асуудлыг шийдэж болдог байна. Хичээлийн ямар ч бэлтгэлгүй хүнд багш хэчнээн тайлбарлан ярьсан ч хүлээж авч чадахгүй. Улмаар хичээлд суралцах сонирхол нь буурч нойрмоглох аль эсвэл өөр ямар нэгэн юм бодох аргацаах байдлаар хичээлийн цагийг маш үр дүнгүй өнгөрөөдөг.

Давтлага ч гэсэн зөвхөн мэдсэнээ давтах төдийгөөр хязгаарлагдахгүй. Эзэмшсэн мэдлэгийн мөн чанарыг дутуу дулимаг ойлгох нь мөн л хүний сул тал юм. Давтлагын цаг нь энэ сул талаа засах, ойлгож мэдээгүй зүйлээ мэдэхийн тулд хичээх учиртай.

Ойлгоогүй буюу ойлгоход төвөгтэй зүйлээ янз бүрийн аргаар (багшаас асуух, холбогдох ном зохиол унших, мэргэжилийн хүнтэй уулзаж зөвлөгөө авах зэрэг) мэдэж авдаг байх нь чухал. Ойлгоогүй зүйлээ ойлгоод авбал уг мэдлэгийн хүрээ гүнзгийрэн тэлж, бас л мэдэхгүй зүйл гарч ирдэг. Түүнийгээ дахин тэмдэглэж мөн л танин мэдэхийн тулд чармайх хэрэгтэй. Хэрвээ ингэж чадахгүй өмнө нь сурсан мэдсэн зүйлийнхээ хүрээнд эргэлдээд байвал эцэстээ бодит чадвартай хүн болно гэхэд хэцүү юм.

Аливаа ажлыг үр дүнтэй хийхийн тулд дээрхийн нэгэн адил “дутуугаа гүйцээж дундуураа дүүргэх” хэрэгтэй. Үүний тулд өөрийн сул талыг үргэлж хайж, мэдэж байх нь чухал. Нийгмийн амьдралд ч гэсэн энэ чухал юм. Бусдад тусалдаг, бусдыг хайрладаг, үнэнч шударга хүн байхын тулд яах ёстой вэ? гэхээс илүү эхлээд миний сул тал юу вэ? Би юуг буруу хийж вэ? гэдгээ байнга эрж хайн, түүнийгээ засахын төлөө чармайх хэрэгтэй. Их сурч мэдсэнээрээ бүгдийг хийж чаддаг болчихгүй. Харин өөрийн сул, дутуу талаа олж мэдэн түүнийгээ засаж амьдрах нь бодит чадвартай болох нэг нөхцөл мөн.

(3) Бодит байдал ба хувийн үзэл бодол

Боловсрол нь маш нарийн төвөгтэй асуудал учраас миний бодол санаа олон янзын шүүмжлэлтэй тулгарч байсан. Энэ бол ердийн үзэгдэл. Яагаад гэвэл хүн болгоны бодол санаа адилгүй, ингэхлээр заавал миний саналтай нийлэх албагүй юм. Боловсролын талаар миний бодлыг сонссон аль эсвэл уншсан хүн гайхаж бас эргэлзэж бүр буруутгаж ч болно. Гэвч бусдын санаа бодлыг сонсохгүйгээр аливаа асуудалд шүүмжлэлтэй хандахад төвөгтэй бол үнэнийг олж мэдэхэд төвөгтэй гэдгийг та бүхэн хүлээн зөвшөөрөх бизээ.

Олон хүний янз бүрийн санаа бодлыг сонсож, тэдгээрийг хооронд нь харьцуулан жишиж амьдрал бодит байдал дээр нягтлан тунгааж чадвал таны санал бодол үнэнд ойртож үнэнийг таньж мэдэхэд тань чухал ач холбогдолтой. Мөн энэ нь мэдлэгийг олж авахад зайлшгүй байх ёстой зүйлийн нэг юм.

Улаан цамцтай хүнийг шар өнгийн нүдний шилээр харвал тод улаан өнгөтэй харагдана. Гэтэл энэ нь үнэн ч биш худлаа ч биш. Яг үүнтэй адил бусдыг шүүмжлэхдээ буруу байр сууринаас ханддаг учраас маш төвөгтэй асуудлуудыг үүсгэдэг байна.

Бид бусад хүний бодол санаа, үг ярианд өрөөсгөл байдлаар хандахгүй байх нь чухал. Энэ нь сайхан сэтгэлийн үүднээс ханд гэж байгаа юм биш, үнэнийг олж мэдэхэд нээлттэй хандаж сур гэсэн үг юм. Үнэнийг үнэнээр нь таньж мэдэж чаддаггүй хүн бол жинхэнээр шүүмжилж чадахгүй.

Ном зохиол унших юмуу, лекц семинар сонсоод, мөн аливаа асуудлыг шийдэхдээ доорх хоёр зүйлийг анхаарах хэрэгтэй.

Юуны өмнө бодит байдал ямар байна вэ? гэдгийг харах хэрэгтэй. Энэ нь үнэнийг бодит байдлаас олж харах боломжтой болгож байгаа бөгөөд ингэснээрээ эргэцүүлэн дүгнэж өөрийнхөө санаа бодлыг илэрхийлэх чадвартай болгодог. Олон хүн энэ талаар чадвар муутай байдаг. Зарим хүний бичсэн зүйлээс харж байхад өөрийн санаа бодлыг илэрхийлэн гаргаж чадахгүй бусдын санаа бодолтой хооронд нь хольж хутган бичсэн байдаг. Энэ нь уншихад ойлгомжгүй, найруулга зүйн хувьд муу төдийгүй ямар ч утга санааг илэрхийлж чадахгүй.

Бодит байдлыг сайн мэддэггүй хүн бусдын шүүмжлэлийн бай болоход маш амархан байдаг. Иймээс анхаарах ёстой хоёр дахь зүйл бол өөрийн гэсэн үзэл бодолтой байх хэрэгтэй.

Бодит байдлыг харсны дараа “Зохиогч ингэж бичсэн боловч би ингэж бодож байна” гэж өөрийн бодол санааг, мэдэрсэн зүйл ба шүүмжлэлийг бичнэ гэсэн үг.Шүүмжлэхдээ ерөнхийд нь сайн, муу гэж бичих биш чухам юуг үнэн, юуг буруу бичсэнийг тодорхой бичих хэрэгтэй. Ийнхүү аливаа асуудлыг /мэдээллийг/ бодит байдалтай тулган үзэж өөрийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлж чаддаг болбол цаашид асуудалд зөв хандан, зөв байр сууринд байхад чинь их тустай.

(4) Цогцолбор сургалт

Бүх талын мэдлэгүүд нь хоорондоо уялдаа холбоотой

Дээр өгүүлсэн оюуны чадамжийг хөгжүүлэх 5 зүйл нь бүх талын мэдлэгийг нэгтгэн илэрхийлж байгаа юм. Мэдээллийг хүлээн авах чадвар бол олон талын мэдлэг эзэмшихэд хэрэгтэй бол, аливаа зүйлийг ерөнхийгөөс нарийвчлан тодорхойлох чадвар нь бүх сургалт дадлагын ажилд их хэрэгтэй ажээ. Англи хэлийг сурч эзэмшинэ гэдэг нь хийсвэр зүйлийг бодит ажил хэрэг болгох чадварыг өсгөн нэмэгдүүлж байгаа хэрэг юм. Шинжлэх ухааны нэр томъёо үг хэллэг, онол зарчмуудыг сайн мэддэг хүн бодит байдлыг үнэн зөвөөр харж түүнд тохирсон зөв үзэл бодолтой явдаг. Тэгснээрээ аливаа асуудалд зөв байр сууринаас хандаж зөв мэргэн шийдвэр гаргадаг юм.

Эрдэм мэдлэгийн нэг онцлог бол интердесплейшн (interdisiplinary) юм. Энэ нь “Цогцолбор” сургалт” гэсэн бүх мэдлэг хоорондоо уялдаа холбоотой гэсэн утгатай.

Тоонд сайн байхын тулд зөвхөн тооны хичээлд шамдах биш бусад хичээлээс тоонд холбогдолтой зүйлийг сурч мэдэх хэрэгтэй. Үүнийг ”Цогц мэдлэг” гэдэг. Олон талын мэдлэг өгдөг энэхүү сургалт нь оюуны чадамжийг өсөн хөгжихөд чухал ач холбогдолтой юм.

Жишээлбэл: Сүүлийн үеийн онгоцнууд хэлбэр дүрсийн хувьд маш их өөрчлөгдсөн. Дээр үед онгоцыг хурдан нисдэг гэж үзэн хагас бөмбөгөр хэлбэртэй хийдэг байсан бол сүүлийн үед амьд биесийн (шувууд) талаар гүнзгий судалгаа хийсний үр дүнд хагас шувтан хэлбэртэй хийдэг болжээ.

Энд онгоц зохион бүтээгч хүн нь физик, математикийн хичээлд сайн байгаад зогсохгүй биологи буюу амьд биесийн талаар өргөн мэдлэгтэй байсан цагт хамгийн сайн зохион бүтээгч байж чадна гэдгийг харуулж байна. Сайн онгоц зохион бүтээхийн тулд зөвхөн тооны хичээлд сайн байх цаг үе аль хэдийн өнгөрчээ.

Хөл бөмбөгийн тамирчин бөмбөг сайн өшиглөснөөр амжилтанд хүрчихгүй юм. Харин тоглолтын арга техник, гүйлгээ ухаан, өндөр мэдлэг боловсролтой байсан цагт л амжилтанд хүрдэг. Дуучин сайхан хоолойтой байхын зэрэгцээ олон талын мэдлэг боловсролтой байх ёстой бөгөөд эрдэмтэн хүн судалгаа шинжилгээний ажлаас гадна олон талын авьяас чадвартай байх хэрэгтэй.

Саяхан Солонгосын химийн хүрээлэн байгуулагдсаны ойн баярын хурал дээр Нобелийн шагналт химич эрдэмтэн, химийн тухай илтгэл биш уран сайхны тоглолт хийж авьяаслаг уран бүтээлч болохоо харуулсан юм. Би түүний тэр их авьяас чадварыг хараад гайхаж бишрэхээс өөр аргагүй байлаа.

Бүх талын боловсрол олгох сургалт нь хүнд байх ёстой 5 шинжийг харилцан шүтэлцээнд хөгжүүлэх зорилготой юм. Мэдлэг эзэмшихэд эрүүл бие саруул ухаан хэрэгтэй. Мөн тэсвэр хатуужилгүй бол хэзээ ч амжилттай сайн сурч чадахгүй шүү дээ.

Манай боловсролын байгууллага энэхүү цогц сургалтыг дутуу үнэлж байгаа нь эцэстээ боловсролын үнэ цэнийг бууруулахад хүргэж байна. Иймд бүх талын боловсрол олгох “Цогцолбор сургалт”-ыг боловсролын салбарт нэвтрүүлэх нь чухал.

(1) Зохион байгуулах чадвар (Үнэнийг хайх)

Бүх талын боловсрол олгох сургалтаар хүний мэдлэг, авьяасыг хөгжүүлэх үндсэн зорилго нь “үнэнийг хайх” чадвартай болгоход оршиж байгаа юм. XXI зуунд ажил мэргэжил , сонирхлоос үл хамаарч бүгд манлайлагч байх ёстой.

Бүх талын боловсрол олгох сургалт ялангуяа оюуны чадамжийг хөгжүүлэх 5 зүйлийг эзэмшиж сурсан хүн үнэнийг хайх чадвартай болдог. Тэр үнэн зөв мэдээлэл дээр үндэслэн дүн шинжилгээ хийж зөв мэргэн шийдвэр гаргадаг. Мөн ирээдүйд учирч болох аюул занал ба боломжит зүйлүүдийг урьдчилан харж өөрт болон бусдад ямар нөлөө үзүүлэхийг тооцоолж чаддаг.

Чухам ийм л хүн хаана ч ямар ч асуудалд үнэний үүднээс хандаж, шударга бус болоод шударга байдлын мөн чанарыг ялган салгаснаар үнэнч шударга ёсыг эрхэмлэн дээдэлж амьдардаг.

Мэдээлэл харилцааны XXI зуун

Ихэнх эрдэмтэд XXI зууны манлайлагчид дараах хоёр чадварыг зайлшгүй эзэмшсэн байх ёстой гэж үзэж байна.

1-рт XXI зууны мэдээллийн урсгалын төв зам болсон компьютерыг сурч эзэмшиж, ажил мэргэжилдээ өргөн ашиглаж чаддаг байх

2-рт Олон улсын мэдээллийн харилцааг ашиглах чадвартай байх

Сүүлийн үед интернет (Е-майл), цахилгаан шуудан зэрэг мэдээллийн харилцаа эрс хөгжиж ажлын бүтээмжийг дээшлүүлж байна. Тиймээс XXI зууны манлайлагчид нь өөрийн авьяас чадварыг хөгжүүлэхдээ шаардлагатай техник технологийг чөлөөтэй ашиглаж чаддаг байх учиртай.

Олон улсын түвшинд хүрэх

XXI зууны манлайлагч нь олон улсын талаар өргөн мэдлэгтэй, дэлхийг бүхэлд нь харж чаддаг байх ёстой. XXI зуун нь асар их өрсөлдөөний зуун хэдий ч улс орнуудын бие биедээ харилцан туслалцсан найрамдал хамтын ажиллагааны туган доор хамтдаа алхаж явах эрин зуун юм. Иймд зөвхөн нэг улсын хүрээнд бодож сэтгэж харалгүйгээр олон улсын чиг хандлагыг харж явах нь зүйн асуудал болно.

 эх сурвалж: http://boditchadvarnbg.blog.gogo.mn 

Бичсэн: EDUCATION | цаг: 12:06 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1776379 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax