“Малын заяа гомдчихно” гэж монгол ардын хориг үг байдаг. Одоо ч тэр үг бараг мартагдаад “Хүний заяа гомдоох” цөвийн цаг руу өнгийсөн бололтой. Юун малын заяа гомдоохгүй байх тухай бодох нь бүү хэл хүний заяаг юман чинээ бодохоо больсон “хүний хөг” олширсоор байна. “Заяа нь хаясан амьтан” гэж бараг л хараахаас наахнуур муу үг байдаг байлаа. Гэтэл одоо “заяа нь хаясан хүн” гэмээр этгээдүүд олширч захаас аван, замаас үргэлж болохдоо тулаад байна. Чухам үүнд гол буруутан нь мал дээр түүний эзэн, хүн дээр бол хувь заяандаа эзэн болж чадахгүйн хувьд хүн өөрөө л байж таарна. Хүн хүний хувь заяанаас улс орны хувь заяа хамаардаг юм болохоор бас ч зөнд нь орхимгүй… Гэвч энэ тухай ярихын өмнө малчин монголын үр сад хойно малынхаа тухай ам нээх нь түрүүлдэг заншлыг дагахаас өөр юухан байх… Мэндэлмэгц мал сүргээ мэнд эсэхийг асуудагсан. Тэр л өвөг дээдэс маань арай ч үндэс тасарчихаагүй ханат гэрийн хойморт налайж суугаа цаг шүү дээ.
…Сүүлийн жилүүдэд монголчууд морио их мөрөөдөх болсон… Арга ч үгүй биз. Тураг дордвол уулаа, хүн дордвол ургаа гэдэг юмдаа. “Монгол адуу” нийгэмлэгээс эхлээд морин эрдэнэ гэсэн янз бүрийн нийгэмлэг, хамтлаг, хорхойтон цөөнгүй гарч өөрсдийгөө дуулиантай зарлан мэдээлдэг болсон хэдий ч дөчөөд онд төрийн сүлдэнд дээдлэгдсэн улаан залаат монгол эрийн унасан хүрэн халзан зээрд морин эрдэнэ жараад онд дөрвөн мөч нь сарвайхаараа сарвайсан цагаан морь болон хувирч улмаар ерээд онд урд хөл нь өвдгөөрөө бохирч хойт хөл нь ар тийш сарвайсан модон сийлбэрийн маягтай загвар морь болон хувирсан тэр л хувирлуудын талаар тэд юу бодож явдгаа хэлэх нь төдий л сонсогддоггүй.
Мөнх хөх тэнгэр хүртэл гурван удаагийн маань сүлдэнд эхлээд наранд гэрэлтсэн хадган цэнхэр байснаа дараа нь даалимбан хөх, одоо болохоор нар үздэггүй чилдэн хөхөлбий өнгөтэй болж өөрчлөгдсөн юм чинь морь мэт нь зүсээ хувиргалгүй ч яахав гэж бодогдох бизээ.
…Гэвч төрийн сүлдэнд орохоосоо өмнө гучаад онд морьд маань өнгө зүсээрээ бус заяа хиймориороо нэгэн төрийн хилсдэн хэлмэгдэхийн салхийг үзжээ. Хэл мэдэхгүй адгуус юм болохоор заргалдсангүй гэж болно.Харин хэл мэддэг эзэд нь малынхаа заяаг гомдоож байгаагаа мэдрэхээ больсон баймааргүй юм. Гэвч мэдэрсэнгүй өнгөрчээ. Юу гэвэл эрийн гурван наадмын эрх тэгш нэгэн нь болох хурдан морьдын уралдааны ёс жаяг, дэг журам, үнэ хүндийг ямар ч шалтгаангүйгээр гэв гэнэт ханшгүй болгосон нь хэн бугайд ч нэг их мэдрэгдээгүй бололтой. Хэрвээ “Даяар дурсагдах, далай даян аварга” гэх мэт цол гуншингий нь хасаж орхисон бол аваргууд маань эхлээд гомдол тавихаас урдаар бөхийн хорхойтнууд бөөн хэрүүл үүсгэн заргалдах нь маргаангүй. Тэгвэл түмний эх, сүргийн сор болсон хурдан морьдынхоо уламжлалт цол гуншинг ямарваа шийдвэр, хууль дүрэмгүйгээр хасаж ганцхан “түмэн эх” гэдэг үгийг үлдээчихсэн байхад хэн ч “хар цагаан таг” байсаар өдий олон оныг элээсэн нь гайхалтай. Уламжлал тасарна гэдэг иймд хүргэдэг ажээ. “Тасарсныг залгана” гэдэг монгол ухаан ч бас гээгдсэн бололтой. Харин тасардаггүй нэг юм нь найр цэнгэл, нанчид архи болж дээ.
Энэ зууны эхээр долоон хошуу даншиг наадамд уралдсан хурдан хүлэг морьдын эхний хорин нэгэн моринд цол олгодог байжээ. Гэтэл одоо тэр хорин нэгэн цолноос ганцхан нь буюу түрүүлсэн моринд “түмэн эх” гэдэг цол олгох биш зөвхөн л “сонсгоод” орхидог болчихсон ажээ. “Айргийн тав” гэцгээх боловч тэдгээрт цол өгдөггүй зөвхөн “дугаар” өгдөг болсон нь гайхалтай. Уул нь даншиг наадамд түрүүлсэн, удаалсан хурдан хүлгүүдэд тус бүрд нь цол гуншин олгож түүнийгээ гэрчилсэн бичиг шагнан хайрладаг байсан нь түүхэн баримтаараа цөөнгүй үлдсэн ажээ. Тэгтэл мөнөөхөн уламжлалыг огоорон мартаад “хурдан морины цол” гэдэг магтаал шүлгийг зөвхөн түрүүлсэн морины жолоо цулбуурыг өргөн уншсанаар дуусгавар болгон түүгээр морьдын цолыг оруулан оромддог болжээ. Үзэгч олон түмэн ч түүнийг нь сонссоноор морьдоо цоллуулав гэж сэтгэл цадаад өнгөрдөг болжээ. Морьд нь яахав хөөрхий хүний л эрхээр байдаг юм чинь тэд цол хэргэм горьдох ч үгүй тэр нь хэрэг ч үгүй, хэрэгтэйг нь хэлэх үг ч үгүй болохоор мартамхай болчихсон эзэндээ хэрхэн яаж мэдрүүлэхсэн билээ. Ингээд л алдарт хурдан хүлгүүд, шандас сайт аргамагууд маань гэм зэмгүй мөртлөө цол гуншингаа алдаж орхижээ. Түүнээс биш урьдын сайн цагт түрүүлж ирээгүй ч гэсэн хоёрт ирсэн морь “манлай баярлах дэлгэрэнгүй начин” цол, дөрөвт ирсэн нь “шамдал түрүү, хүрэлдэй бүргэд” зургадугаарт ирсэн нь”алтан сандал”, арван дөрөвдүгээрт ирвэл “идэр буга” бүүр сүүлдээд 19 дүгээрт ирлээ гэхэд “хүүхэн шаазгай” гэдэг цол хүртдэг байжээ. Хэдэн зуун морь халхын олон хошуунаас зорин ирж уралдуулчихаад эхний тавхан морийг барианд оруулсан нэр зүүгээд цол чимэгч өгөлгүй буцаах юм бол үнэндээ нүнжиггүй явдал болох байжээ. Нүнжиг маань жил ирэх тутам нимгэрсээр байхад “малын заяа гомдохвий” гэж хэн ч санаа зовоогүй гэхэд хаашаа ч юм бэ. Ер нь уламжлал тасарна гэдэг ухааны чагтгыг яваандаа хазайлгадаг ажээ. 1906 онд Богдын даншиг наадамд түрүүлсэн морьдод хайрлан шагнасан цол гуншинг ажиглахад түрүү үеийн сонин сайхан үгс их л цөөрч ядуурсан хэдий боловч морьдын нас, шүдээр оноосон тодорхой цолууд хэрэглэсээр байсан нь илэрхий. Түрүүлсэн азарганд “эрхийн цогийг бадруулж, чандманийн сорыг оргилуулсаар, сонин бардаад ирэгч, тод манлай, торгон жолоо, баярын манлай, бат идэр, түмэн эх, эрдэнэт хүлэг” гэдэг цол хайрлажээ. Түрүүлсэн хязааланд “санасаар сонин бадраад ирэгч, хий хянга хэтийн тэмцэл, аглагийн бараа, агтын тэргүүн, баярын манлай, бат идэр, түмэн эх” гэдэг цол хайрлаж байжээ. Энэчлэнгээр их нас, соёолон, тэр ч байтугай жороо моринд ч тусгай цолтой байсан гэдгийг уул морьдын эздэд үе дамжин хадгалагдаж ирсэн өргөмжлөл бичгүүд маргаангүй гэрчилж байна.
Ийм нэгэн өргөмжлөл бичгээс уралдаж түрүүлж ирсэн эхний хорин нэгэн морины эрт цагийн цолыг жагсаавал: түрүү морь мэдээжийн хэрэг хааяагүй л “түмэн эх” гэгдэж байсан, одоо ч хэвээрээ юм.
Хоёрт ирсэн морьд “Манлай баярлах дэлгэрэнгүй начин”
Гуравт ирсэн нь “Өлзийт дэлгэрэнгүй сайн төгс”
Дөрөвт ирсэнд "Шамдал түрүү хүрэлдэй бүргэд”
Тавд ирсэнд “Идэр хурдан харцага”
Зургаад ирсэнд “Алтан сандал”
Долоод ирсэнд “Тод магнай”
Наймд “Төвшин ширээ”,
Есд “Өлзийт хүлэг”
Аравт “Баатар зоригт”
Арван нэгд “Ширээ суух”
Арван хоёрт “Сонин мандал”
Арван гуравт “Бат өлзийт”
Арван дөрөвт “Идэр буга”
Арван тавд “Эрдэнэт эрх хүлэг”
Арван зургаад “Улам өрнөх”
Арван долоод “Гандар”
Арван наймд “Түмэн баяр”
Арван есөд “Хүүхэн чагчгай”
Хорьд “Улам баярлах” цол тус тус шагнан хайрлаж байжээ.
Тэрчлэн жороо морьдын уралдаан тусдаа болдог бөгөөд түүнд түрүүлсэн морины цол нь:
“Эрдэнийн их жороо явдлаар
Эрхмийн цогийг бадруулан,
Чандманийн сарыг оргилуулсаар
Сонин бардаад ирэгч
Онц жавхлант түмэн эх
Түмэн баяр цогцолсон
Гайхамшигт хүлэг”
гэдэг цол хайрладаг байжээ.
Бөхийг цоллож, чимэг нэмэн улайрсаар байгаад мориныгоо гээж орхисноос болж наадмын сүр жавхаа саарч хүлэг морьд хоёрдугаарт, сур бол бүр ч гуравдугаарт тавигдсан нь наадам хөдөө талд биш хот дотор, долоо хоногоор биш хоёр хоногоор хязгаарлагдсаных бизээ. Уул нь эзэн Чингис өөртөө хөшөө босгуулаагүй мөртлөө 333 алд газар мэргэн харвасан сурчин баатар эрийн алдар нэрийг нь амжилтыг нь хөшөө чулуунаа сийлүүлж үлдээсэн монголын нэгэн гайхамшиг бий л юмсан.
Хүн л нэр алдарт дурлаж түүгээр гайхуулахыг хүсэхээс нүүрэндээ үстэй малд гоёмсог үг, цол гуншин юуны хэрэг гэж өвөг дээдэс маань боддоггүй байж. “Морьгүй хүн хөлгүйтэй адил” гэдгийг сайн мэддэг монгол хүн зарим үед морио өөрөөсөө дээгүүр тавьдаг байсан удаа ч бий. Тэгэхээр морио цоллох нь монголын ёс, “малын заяаг гомдоохгүй” гэдэг нь өвгөдийн хишигт заншил. Цолоо хасууллаа гээд монголын аргамал хүлгүүд эртний туульсын мөр, бадагт өргөмжлөгдөн үлдсэн тэр л хурд хүч, эрэмгий чадлаа сааруулсангүй, дэлхийн салхийг, дэлтэй шувуу мэт сөрөн хурдалдаг хэвээрээ, уламжлалт цол магтаалд өгүүлдэг ёсоор
“Уул талаас
Уулгалан ирэгч
Улам хойноос
Дэгдэн ирэгч
Хийн хянга
Хунгийн жигүүр
Хулангийн тоос
Ширүүн сум
Марлан хиа”
хэвээрээ ажгуу. Ямар ч гэмгүй атал цол гунгингаа хасуулсан аргамаг хурдан хөлгүүдийнхээ эртний уламжлалт цол гуншин сэргээж хэрэглэвээс “Малын заяаг гомдоодоггүй” монгол хүний өөрийн заяа ч сэргэнэ буй заа гэсэндээ үүнийг бичив. Болгоотугай.
Лодонгийн Түпэв.
1997 он