2009-11-06
Монгол багш нарын бүтээл дэлхийн шилдэг сурах бичиг-р шалгарчээ.


 Монголын эмэгтэй багш нар дэлхийд амжилтаа үнэлүүлсэн тухай сайхан мэдээг уншигч танд хүргэе. Энэ бол интернэт хуудаснаа хэдийнээ тарсан "British Council: ELTons winners show the best in teaching English from the UK to Mongolia" гэх мэдээ юм. Товчхондоо бол "British Council" хүрээлэнгийн жил бүрийн шилдэг сурах бичиг тодруулдаг шалгаруулалтад Монголын багш нарын бүтээл олон улсын номын төрөлд нь шилдгээр шалгарсан" гэх энэ мэдээнд багш нар төдийгүй булт олон баярлах нь гарцаагүй ээ. Иймд чухам ямар бүтээл эздээ ийнхүү дэлхийн шилдэг сурах бичгийн эзэн болгосон талаар тодруулахаар доктор, дэд профессор, Боловсролын хүрээлэнгийн гадаад хэлний мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтан, Монголын англи хэлний багш нарын холбооны дэд тэргүүн Н.МИРА багштай ярилцлаа.

-Интернетэд Монголын багш нар шилдэг сурах бичиг тууривсан тухай мэдээ байна билээ.  Мөн С.Өлзийжаргал багшийг Лондонд шагналаа гардаж авсан тухай гарсан байсан.

 

-Тийм ээ, уг нь эхлээд Өлзийжаргал багшийг гурав дугаар сарын 3,4-ний өдөр Лондонд ирнэ үү гэж урьснаас бус "Та нарт шагнал гардуулна" гэж огт хэлээгүй байсан болохоор бид бүхэн энэ гэнэтийн мэдээнд бэлтгэлгүй байсан гэхэд болно. Тэгээд ч Английн "British Council" гэдэг энэ олон улсын хүрээлэн нь жил бүр дэлхийн сурах бичгийн хөгжлийн төвшинг тодорхойлох зорилгоор дотоодын болон олон улсын гэсэн хоёр төрлөөр шилдэг ном шалгаруулдаг юм билээ. Ийм том хэмжээний шалгаруулалтад тэнцэж, түрүүлнэ гэдэг бидний хувьд үнэхээр том амжилт болсон.

 

-Шалгаруулалтад явуулсан сурах бичгийнхээ талаар танилцуулахгүй юу?

 

Ерөнхий боловсролын дунд сургуулийн 5-10 дугаар ангийн сурагчдад зориулсан зургаан иж бүрэн сурах бичиг юм. Энэ сурах бичиг нь сурагчийн, багшийн, дасгалын ном болон сонсох хуурцагаас бүрддэг иж бүрэн бүтээл.  Анх 1999 оноос Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яамны захиалгаар Соросын сангийн санхүүгийн дэмжлэгээр найман багш хамтраад бичиж эхэлсэн. Энэ найман багшийн хувьд бүгд анхнаасаа гар бие оролцож, Англи болон АНУ-д заах арга зүйгээр бэлтгэгдсэн учраас Монгол Улсын боловсролын салбарт англи хэлний сургалтыг үр дүнтэй болгохын тулд сурах бичиг нь ямар байх ёстой вә гэдэг дээр анхаарч, гадаад хэлний боловсролын стандарт болох сонсох, ярих, бичих, унших чадварыг зэрэг хөгжүүлэх замаар хэрэглээний чиглэлийг барьж ажилласан.

 

-Багийнхаа гишүүдийг танилцуулахгүй юу?

 

-Манай ахлагчаар ажил­ласан С.Өлзийжаргал багш АНУ-ын солилцооны хөтөлбөрт ажиллахын зэрэгцээ Монголын англи хэлний багш нарын холбооны тэргүүн хийдэг. Багийн гишүүдийн хувьд МУБИС-ийн Англи хэлний арга зүйн тэнхимийн эрхлэгч Ц.Бурмаа, МУИС-ийн Их Британи, Америк судлалын тэнхимийн багш С.Хонгорзул, "Энх-Орчлон" дээд сургуулийн Гадаад хэлний тэнхимийн эрхлэгч Г.Эрдэнэцэцэг, Английн сайн дурын байгууллагын ажилтан Г.Цолмон, Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн англи хэлний багш Д.Батжаргал, Лондонд одоо магистрын сургалтад сурч байгаа Ж.Баярмаа гэсэн мэргэжлийн багш нарын бүрэлдэхүүнтэй ажилласан.

 

-Анх энә шалгаруулалтад орох болсон тухайгаа?

 

-Манай багийн зөвлөхөөр ажилласан Су Мохамед гэж багш зөвлөж танилцуулгаа явуулж байсан. Энә зөвлөх маань Итали, Испани, Египет гээд дэлхийн олон оронд зөв-лөхөөр ажиллаж, гадаад хэлний сургалтад ихээхэн хувь нэмрээ оруулж ирсэн хүн юм. Тэр утгаараа биднийг "Та нар тэр шалгаруулалтад бүтээлээ явуулаад үз" гэдэг зөвлөгөөг өгсөн. Анх номоо явуулсны дараа хоёрдугаар сард хоёр дахь шатанд зургаан номтой үлдсэн гэдэг мэдээ ирсэн. Дараа нь тэр зургаагаасаа шилдгээр шал гарсан юм билээ.

 

-Энэ шалгаруулалтад түрүүлснээр олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн сурах бичиг боллоо гэж ойлгож болох уу?

 

-Тиим ээ, гол нь дэлхийн бусад оронд энэ сурах бичгийг ашиглах бүрэн боломжтой гэдгийг баталгаажуулж өгч байгаа гэсэн үг. Өмнө нь ч бид Өмнөд Солонгос болон Японд сурах бичгээ танилцуулж байхад "Их ойлгомжтой болсон байна" гээд заах арга зүйг нь их үнэлж, олзуурхан хүлээж авч байсан. Гол нь бид энэ сурах бичгээ Монго­лын үндэсний ёс заншил, онцлогт нийцүүлж, сурагчдад хэрэглээний англи хэлний дундаж төвшин хүртэл сурах боломжийг олгох гэж зорьсон. Ийнхүү Монголын багш нар дэлхийд үнэлэгдлээ.

 

 

 

Одоо дээрх багийн найман багшийн гар дээр дөрөв болон 11 дүгээр ангийн англи хэлний иж бүрэн сурах бичиг  бэлэн болчихсон байгаа гэсэн. Түүнчлэн уг бүтээлийн эздийг дэлхийд үнэлэхээс урьтаад 2002 онд Ерөнхийлөгч асан Н.Багабанди "Ерөнхийлөгчийн нэрэмжит шагнал"-аа гардуулж байсан түүхтэй юм билээ

Бичсэн: EDUCATION | цаг: 12:20 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1738804 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax