2009-11-06
Малаа тоолдог атлаа…

Монголчууд мал сүргээ жилд хоёр удаа нас хүйс, им тамга, зүс, удам угсаагаар нь тоолдог.  Мал сүргийн тоо  аль хэдийн дөчин сая давжээ  

Тоолоод л байх юм аа.

Гэтэл монгол хэдэн хүн амтай вэ? Насны нь ангилал ямар вэ? Ямар боловсролтой вэ? гэсэн асуултанд баг сумаасаа эхлээд аймаг улсгүй шал худлаа тоо гарган нүглийн нүдийг гурилаар хуурч хэн нэгэндээ тоо өгсөн болж цайрдаг. Мөн ч олон сонгууль боллоо. Сонгуулийн насны хүнийхээ тоог үнэн зөв гаргах гэж дээр дооргүй их л дөвчигнөцгөөсөн дөө. Багийн дарга байгаад л давхин ирж дансаа гаргаж бүртгээд одоход араас нь ХУ намынхан ирнэ, мордож амжаагүй байхад нь А, Но, И, намынхан хөндийн тоосыг татуулан, хөрс шороог манаруулан ирээд мөн л сонгуулийн насны ирсэн, явсан, байдаг суудаг,  хэн хэн байна гээд л бичиг баримттай нь тулгаж тулгаж явна.

Үр дүн нь харагдахгүй мөн ч удлаа. Түрүүчийн ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө айлд очсон охин маань энэ жилийнхээр бас л манай ам бүлд байсаар сонгуулийн үнэмлэх нь ирэх.  Хүн амын тоог компьютерт оруулж байгаа, орохгүй бол халамж, нэмэгдэл, даатгал, хүүхдийн мөнгө тэтгэвэрийг  олгохгүй хэмээн  радио телевизээр төсвийн мөнгөөр улиг болтол зарлана, рекламдана.  Мөн л хамаг юмнаасаа салах нь гээд гүйж очоод ирсэн, явснаа учирлаад тэр компьютер гээчид нь оруулуулаад сэтгэл амрав. Тэгсэн нь юу болов оо. Дээрх байдал үргэлжилсээр… Манай энийг ч, тэдний тэрийг ч хасчихаж хаячихаж, орхичихож гэх гомдол санал, явган яриа чих дэлссээр…

Тоонд ач холбогдол өгч сураасай. Тооны цаана бодлого зорилт, үйл ажиллагаа, амьдрал  байдгийг ойлгоосой. Үгүй тэгээд улирал бүр тоо баримт бүхий мөрийн хөтөлбөрийн биелэлт, чиглэл, мэдээ, тайлан гарга хэмээн  баруун солгойгүй нэхэж, сандаргахыг яана аа.

Тэд өөрсдөө цэцэрхэхдээ тоо хэлэх дуртайг яана аа, сая таван зууг, нэмээд саяыг өгнө,  дөчин мянган айлын орон сууц барина, мянганы хөгжлийн бодлого, төдөн саяыг олборлоно, зуу зуун мянган ядуусыг ажилтай болгоно, тэр бум тэр бумаар нь зээл оруулна, ядуурлыг  40-50 хувиар багасгана, цалинг 3 дахин нэмнэ гэх мэтээр  сайхан ярихыг яана аа. Тоо ажил хэрэг болдогсон байсан бол хөөрхий монголчууд  өнөөдрийнх шиг байхгүй л байсан сан даа.

Дээдэс дээрх байдлаар худлаа донгодон, аймгаас, хот, аймаг, улс гүрэн алгасан  пуужиндаж, сонгуульдан томилолтын болон төсвийн мөнгө урсган хэзээ нэгэн цагт буух дэвсгэрээ зөөллөн, халаасаа түнтийлгэн, амьдралаа өөд татна.

Доодос алгаа тосон, горьдон, гуринхайтан, өдөр бүр тоо толгой нь хорно. Мөнөөх цээжээр урсгасан тооны чанад дахь үр ашгийг хүлээн  чичлүүлэн, зүхүүлэн шар наран бор хоногийг өнгөрөөнө.  

Тоонд ач холбогдол өгөөсэй. Тооны цаана бодлого зорилт, үйл ажиллагаа, амьдрал  байгааг дээрх хүмүүс ойлгоосой…

Бид айл өрх бүрээ боловсролын карттай болгож, үүн дээрээ түшиглэн жил бүр хүн амын боловсролын судалгааг

1-5 настныг нас хүйс, цэцэрлэгт, хувилбарт сургалтанд хамрагддаг, төв хөдөөд амьдардаг, амьдралын түвшин, төрөл бүрийн бэрхшээлтэй эсэх,

6-17 настнаа нас хүйс, сургуульд сурдаг, өөр аймаг суманд сурдаг, сургуулийн гадна  үүнээс бичиг үсэг бага мэддэг, үл мэдэгч,  бичигтэн хэд вэ?, шашны сургалтанд хамрагддаг эсэх

18-аас дээш настнаа 18-24.25-35, 36-40,/5-45/, 50-аас дээш гэсэн ангиллаар нас хүйс, боловсрол/дээд, тусгай дунд, дунд, суурь, бага, бичгтэн, бага мэдэгч, үл мэдэгч/-гэсэн  хүснэгт маягтаар сум бүрээс авч байна.

Дээрх ангилал бүрээр сургууль түшиглэсэн Гэгээрэл төвийн албан бус боловсрол, зайны сургалтын багш нар нэрчилсэн судалгааг гаргаж тодорхой хугацаанд, цаасан ба цахим  байдлаар тайлагнадаг хэдий ч дээрх судалгаанд сумын зөвлөл, / дарга нь сумын засаг дарга/  сургуулийн удирдлага, АбБ-ын багш нар төдийлөн ач холбогдол өгдөггүйгээс сумын статистик мэдээ, БДБ, СӨБ мэдээллээс зөрөх байдал байсаар байна.

Малаа тоолж чаддаг монголчууд хүнээ, түүнийхээ боловсролыг үнэн зөв тогтоож, тоолж чаддаггүй. Гайхмаар аа!

Тоонд ач холбогдол өгөөсэй. Тооны цаана бодлого зорилт, үйл ажиллагаа, амьдрал  байдгийг ойлгоосой.

Боловсролын карт, Хүн амын боловсролын судалгааны маягтыг Та надаас авч болно шүү дээ. Улам боловсронгуй сайн болгоод хэрэглэвэл таны ажилд тустай даа.  Миний энэ санааг аль болох олон хүнд хүргээрэй.

Таныг хүндэтгэсэн  Jamka_ch@yahoo.com

 

 

           

Бичсэн: EDUCATION | цаг: 13:12 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1730624 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax