2009-11-06
Сайхан дуу сэтгэлийг ариусгадаг.

     Сайхан дуу сэтгэлийг ариусгадаг. Хүмүүнд буй сайн сайхан эрчмийг нөгөөд шингээн, орчиндоо инээд баясал, хөөр баяр үүсгэдэг гайхам шид хэмээн би дууг ойлгодог.

     Ялангуяа дууны энэхүү  шидийн хүчийг  багш хүн хичээлийн сэдэл төрүүлэхэд өргөн хэрэглэж чаддаг бол хүүхдийг уйдаахгүй, чилээхгүй, хичээлдээ дур сонирхолтой байлгаж, сайхан сэтгэлтнүүдийг олон олноор төрүүлж чадна. 

     Аялгууг сонсгон, шүлгийн үг, мөр, бадгийн амин санааг өөрийн зааж байгаа сэдэвтэйгээ уялдуулан дэлгэрүүлэн яриулах, хураангуйлах, бодуулах, тайлбарлуулах, орлуулах,  төсөөтэй, ижил, эсрэг, санааг илэрхийлүүлэх зэрэг дасгалыг ажиллуулж болно. 

     Мөн дууны амин санааг хэлцээр илэрхийлэх, сэдэвтэй холбоотой зүйр цэцэн үг, оньсого таавар  олуулах, хэлүүлэх, бичүүлэх, өөрийн  судалдаг хэлнийхээ үгээр толь хөтлүүлэх, зохиогч, дуулаачийнх нь тухай мэдээлэл цуглуулах, солилцуулах, дууг сэдвээр бүлэглүүлэх, aйзам хэмнэлийн нь тухай ярилцах, дуу төрсөн түүхээр мэдээлэл, ханын сонин  гаргах, сурталчлах, дууны тааварт тэмцээн зохиох, дуу сонсох дасгал бясалгал хийх, өөрийнхөө сүлд, шүтээн дууг дуулах, яагаад хэмээн учрыг өгүүлэн ярилцах, нотны онолыг нь гүнзгийрүүлэн хэлэлцэх, хөгжим радиогоор сонсгох, дүрс бичлэг үзүүлэх гэх зэрэг дасгал байж болно шүү дээ. Энэ бүхэн хүүхдэд  ухаарал хайрлах учиртай. Хүүхдийн хэл яриаг хөгжүүлэх гайхамшигт чанар дуунд бий. Дуу хөгжим яруу найраг сонсох явцдаа шинээр бүтээн туурвих арга нь хүүхдийг хөгжүүлэх нэг боломж шүү.

     Дуу тэр чигээрээ амьдрал ажээ.

     Сургалт семинарын завсарлагыг дууны цаг болгон зохион байгуулахад хүмүүсийн идэвх оролцоо сайжирч, сургалтын орчны сайн энергийн хуримтлал өсч,  харилцан ойлголцол нь нэмэгдэж, танхимд эерэг уур амьсгал түргэн бүрдэж, заасан  хичээлийг илүү түргэн хүлээн авдгийг би туршлагаасаа мэдэрсэн.

 

Танд энэ удаа 3 дуугаа илгээв. Танд таалагдвал хариу бичээрэй. Нотыг нь явуулж ч болно шүү.

      

            Өөрийн үг ая  

Маамуу маамуу тоглоорой

Аавын хийсэн дүүжин даажин

Ахын хийсэн дүүлэх пуужин

Манай цэцэрлэгт цөм бий

Маамуу маамуу тоглоорой

      Маамуу маамуу тоглоорой

            Ээжийн оёсон  эрээн бөмбөг

            Эгчийн зурсан эвтэй дөрөв

            Манай цэцэрлэгт цөм бий

            Маамуу маамуу тоглоорой

      Маамуу маамуу тоглоорой 

            Өвөө аавын өрөм харуул

            Эмээ ээжийн ээрүүл утас

            Манай цэцэрлэгт цөм бий

            Маамуу маамуу тоглоорой

            Маамуу маамуу тоглоорой     2002-10 сар Баруун-Урт

 

Аяыг  М.У.С.Т.А. Л.Батжаргал

                        Ээжээ дуулъя

Ангир шаргал уургаа шимүүлсэн

Ачтаны дээд ээжээ дуулъя аа

Алтан сургаалаа хайрлаж өсгөсөн

Амьдын заяа ээжээ дуудъя

                        Алтан сургаалаа хайрлаж өсгөсөн

                        Амьдын заяа ээжээ дуудъя

            Нартын хорвоод намайг төрүүлсэн

            Насан буурал ээжээ дуулъя

            Саалийн дээжээ нарнаар өргөсөн

            Сайхан буурал ээжээ дуудъя

                        Саалийн дээжээ нарнаар өргөсөн

                        Сайхан буурал ээжээ дуудъя

Өнгөлөг бүхнээ үрдээ зориулсан

Өрлөг ээждээ хадгаа барья аа

Буян бүхнийг наддаа шингээсэн

Бурхан ээждээ сөгдөн мөргөе өө

                         Буян бүхнийг наддаа шингээсэн

                         Бурхан ээждээ сөгдөн мөргөе өө        2002-05.

 

 

Аяыг Да.Гунаажав М.У.С.Т.А. 

                          Төрсөн нутгийн дуу

Хажуу булгийн ус нь хөө

Хөрснөө багтахгүй булаглана аа

Хамгаас дотно нутаг минь ээ хөө

Холоос даллан угтлаа даа      

            Ай хөө унасан газар шороо минь ээ

            Ай хөө угаасан тунгалаг ус минь ээ

Манан татаад хөндийд нь

Хур шаагин асгарлаа даа

Солонго нумлаад хажууд минь

Сэтгэл хөглөн угтлаа даа

            дахилт

Дэлүүн Болдог ууландаа

Хадгаа дэлгээд сөгдлөө дөө

Тунгалаг Түнхлэг горхиндоо

Сацлаа дээжлээд мэлмэрлээ дээ

            дахилт

2000-09-08. Гурван нуур, Дэлүүн Болдог, Түнхлэг горхи, Хажуу булаг

 

 

 

 

 

Бичсэн: EDUCATION | цаг: 13:13 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


talarhal
ta narta shine oni mend
Бичсэн: sandmaa цаг: 15:19, 2013-01-08 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1736554 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax