2009-11-06
Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам

 

 

          Мэргэжил дээшлүүлэх журам батлах тухай

 

 

Боловсролын тухай хуулийн 28.1.2, 28.1.5, 28.1.6 дугаар заалтын дагуу “Боловсролын салбарын мастер төлөвлөгөөний тухай” Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 192 дугаар тогтоол, “Үндэсний хөтөлбөр батлах тухай” Монгол Улсын Засгийн газрын 2008 оны 316 дугаар тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын багш бэлтгэх, мэргэшил дээшлүүлэх үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөө”- ний 3.1 дэх заалтыг  тус тус хэрэгжүүлэх зорилгоор ТУШААХ нь:

 

1. “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх журам”-ыг хавсралтын ёсоор баталсугай.

 

2. Журмыг хэрэгжүүлэх бэлтгэлийг сайтар хангаж, 2009 оны 1 дүгээр сарын 1-ны өдрөөс эхлэн мөрдсүгэй.

 

3 Энэхүү журмын хэрэгжилтийг чанартай зохион байгуулж ажиллахыг Бага, дунд боловсролын газар (Н.Энхбат), Мэргэжлийн боловсролын газар (Р.Бат-Эрдэнэ), Эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, аймаг, нийслэлийн Боловсролын газар, багш бэлтгэдэг их, дээд, сургууль, коллеж, мэргэжил дээшлүүлэх үйлчилгээ  үзүүлдэг бусад байгууллага, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын бүх шатны сургалтын байгууллагын удирдлагад үүрэг болгосугай.

 

4. Журмын хэрэгжилтэд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж ажиллахыг Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газар (М.Баасанжав)-т даалгасугай.

 

5. Багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэхэд улсын төсвөөс зарцуулах зардлыг жил бүрийн боловсролын төсөвт тусган санхүүжүүлэх арга хэмжээ авахыг Санхүү, эдийн засгийн газар (С.Наранцогт)-т даалгасугай.

 

6. Энэ тушаал гарсантай холбогдуулан “Журам батлах, мэргэжил дээшлүүлэгчийн зардлын хэмжээг тогтоох тухай” Гэгээрлийн сайд, Сангийн сайдын 1998 оны 62/125 дугаар хамтарсан тушаал, “Журам батлах тухай” Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын 2000 оны 118 дугаар тушаалыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

 

 

 

 

 

 

САЙД                                                 Ё.ОТГОНБАЯР        

 

           


Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдын

2008 оны  ….. дүгээр ….   сарын …. өдрийн

…..  дугаар тушаалын хавсралт

 

Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын

багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх  журам 

 

Нэг. Нийтлэг үндэслэл

 

1.1.        Цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, албан бус боловсролын Гэгээрэл төв (цаашид “сургалтын байгууллага” гэх)-ийн багш, хичээлийн эрхлэгч, арга зүйч, нийгмийн ажилтан, (цаашид “багш” гэх), сургалтын байгууллагын захирал, эрхлэгч, (цаашид удирдах ажилтан гэх)-ний мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг энэхүү журмаар зохицуулна.

 

1.2.        Багш, удирдах ажилтны мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааны зорилго нь боловсролын хөгжлийн эрэлт хэрэгцээг тусгасан боловсролын стандарт, сургалтын төлөвлөгөө, хөтөлбөрийг чанартай хэрэгжүүлэхэд нь багш, удирдах ажилтанд төр, олон нийтийн байгууллага, иргэдийн зүгээс санхүүгийн болон мэргэжил арга зүйн бодитой дэмжлэг үзүүлэх үндсэн дээр тэдний мэргэжил, арга зүйн ур чадвараа тасралтгүй дээшлүүлж байх таатай нөхцлийг бүрдүүлэхэд оршино.

 

1.3.        Мэргэжил дээшлүүлэх үйл явц нь боловсролын шинэчлэл, хүний нөөцийн хөгжлийн шаардлагаар тодорхойлогдох багш, удирдах ажилтны хөгжлийн эрэлт хэрэгцээ, түүнийг чанартай хангахын төлөөх шудрага өрсөлдөөн бүхий мэргэжил дээшлүүлэх үйлчилгээний нийлүүлэлтийн нэгдлийг хангах зарчимд тулгуурлана.

 

1.4.        Мэргэжил дээшлүүлэх эрэлт, нийлүүлэлтийн харилцаанд оролцох субъект нь нэг талаас, сургуулийн өмнөх болон бага, дунд боловсролын сургалтын байгууллагын багш, удирдах ажилтан нөгөө талаас, тэдэнд зориулсан мэргэжил дээшлүүлэх үйлчилгээ явуулдаг бүх шатны сургалтын байгууллага, аймаг, Боловсролын эрдэм шинжилгээ, арга зүйн байгууллага, аймаг, нийслэлийн Боловсролын газар, багшийн хөгжлийн асуудлаар бодлого, үйл ажиллагаа явуулдаг дотоод, гадаадын төрийн захиргааны  болон төрийн бус байгууллагууд, иргэд байна.

 

1.5.        Мэргэжил дээшлүүлэх сургалтыг а) ажлын байран дээрх б) аймаг, нийслэлийн в) бүсийн г) үндэсний түвшинд зохион байгуулна.

 

1.6.        Мэргэжил дээшлүүлэх үйл ажиллагааг а) үйлчлүүлэгчийн эрэлт хэрэгцээнд нийцсэн сургалтын хөтөлбөр боловсруулах, б) санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэх, в) сургалтын хөтөлбөрөө баталгаажуулж бүртгүүлэх, г) сургалт явуулах, д) тайлан мэдээг гаргаж өгөх гэсэн 5 үе шаттайгаар зохион байгуулна.

 

Хоёр. Мэргэжил дээшлүүлэх сургалтын төрлүүд, тэдгээрийн зорилго

 

2.1.        Мэргэжил дээшлүүлэх сургалт нь багш, удирдах ажилтны тогтвортой хөгжлийг дэмжих албан ёсны тогтолцоо болох анхны болон 5, 10 дахь жилдээ багшилж буй багшид зориулсан үндсэн сургалт (цаашид үндсэн сургалт гэх), багш, удирдах ажилтны ба сургалтын байгууллагын хэрэгцээнд суурилсан төсөл, хөтөлбөрийн болон мэргэжил дээшлүүлэх эрх бүхий байгууллагын үндсэн чиг үүргийн хүрээнд хийгдэх төрөлжсөн сургалт (цаашид төрөлжсөн сургалт гэх), ажлын байрандаа мэргэжлээ дээшлүүлэх багш, удирдах ажилтны бие даасан сургалт (цаашид бие даах сургалт гэх) гэсэн төрөлтэй байна.

 

2.2.        Мэргэжил дээшлүүлэх төрөлжсөн сургалт нь кредиттэй, кредитгүй гэсэн хоёр хэлбэртэй байх бөгөөд Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар баталсан багц цаг тооцох журмын дагуу кредитийг тооцно.

 

2.3.        Анхны  жилдээ багшилж буй багшийн үндсэн сургалтын зорилго нь шинэ багшийг багш бэлтгэх сургуульд эзэмшсэн онол, арга зүйн мэдлэг, чадвараа сургууль, цэцэрлэгийн бодит амьдралтай холбох арга барил олгох, сургууль болон сургалтын орчинд дасгах, сурагч, эцэг эх, сургуулийн удирдлага, багш нартай харилцахад гарч болзошгүй бэрхшээлийг шийдвэрлэх, багшийн ажлын байрны тодорхойлолтод заасан үндсэн чиг үүрэг, гол үйл ажиллагааг хэрэгжүүлэх, хөдөлмөрийн гэрээ байгуулах зэрэг эрх зүйн харилцаанд оролцох, багшийн ёс зүйг сахих, бие дааж суралцах, бусадтай хамтран ажиллахад зайлшгүй шаардлагатай чадвар эзэмшүүлж, тэднийг багшийн ажилд зөв залж чиглүүлэхэд оршино. Энэ сургалт нь багшлах эрх олгоход тавигдах зайлшгүй шаардлагын нэг байна.

 

2.4.        Тав дахь жилдээ багшилж буй багшийн үндсэн сургалтын зорилго нь боловсролын стандартыг хэрэгжүүлэх, өөрийгөө хөгжүүлэх, сурагч, эцэг эх, бусад багш нартай хамтарч ажиллах явцдаа хуримтлуулсан туршлага болон багшлах ажлын явцад шинээр үүссэн хэрэгцээнд нь тулгуурлан ерөнхий болон мэргэжлийн дидактик, сургалтын болон сургуулийн менежментийн онол арга зүй, практик мэдлэгийг нь гүнзгийрүүлэн багшлах чадварыг нь хөгжүүлж, цаашид бие дааж суралцах арга барилыг нь хөгжүүлэхэд чиглэнэ.

 

2.5.        Арав дахь жилдээ багшилж буй багшийн үндсэн сургалтын зорилго нь ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үндсэн чиг үүрэг, гол үйл ажиллагааг хэрэгжүүлэх явцдаа хуримтлуулсан мэдлэг чадвар, туршлагаа бусадтай хуваалцах, бусдаас суралцах боломж олгох, тухайн мэргэжлийнх нь болон ерөнхий дидактикийн шинэ онол, арга зүйг танилцуулах, судалгаа шинжилгээний орчин үеийн арга зүй, зөвлөн туслах арга барил эзэмшүүлэхэд чиглэнэ.

 

2.6.        Кредиттэй төрөлжсөн сургалтын зорилго нь багш, удирдах ажилтанд тэдний ажлын байрны тодорхойлолтод тусгагдсан үндсэн чиг үүрэг, гол үйл ажиллагааны аль нэгтэй нь, эсвэл өөрт нь хамаарах шинжлэх ухаантай холбоотой тодорхой чадварыг эзэмшүүлэхэд чиглэнэ. Энэ сургалт нь багшид мэргэжлийн зэрэг олгох асуудалд хамаарна.

 

2.7.        Кредитгүй төрөлжсөн сургалтын зорилго нь боловсролын өөрчлөлт шинэчлэл, багш, удирдах ажилтны хөгжил, менежментийн болон боловсролын онол, практикийн тулгамдсан асуудлууд, хууль эрх зүй, шинжлэх ухаан, танин мэдэхүй зэрэг олон талын шинэ мэдээлэл авах, мэдлэг эзэмшүүлэхэд чиглэнэ.

 

2.8.        Багш, удирдах ажилтны бие даах сургалтын зорилго нь тэд ажлаа чанартай гүйцэтгэж, бүтээлчээр ажиллахын тулд шинэ мэдээлэл олж авах, боловсруулах, ашиглахад хэрэгцээтэй дэвшилтэт арга барил, шинэ технологи, гадаад хэл эзэмшихэд чиглэнэ.

 

Гурав. Мэргэжил дээшлүүлэх сургалтад тавигдах шаардлага,

сургалтын хөтөлбөрөө хянуулж, батлуулахад бүрдүүлэх материал

 

3.1.        Сургалтын байгууллагад ажиллаж байгаа багш, удирдах ажилтан бүр мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдана.

 

3.1.1.   Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын анхны жилийн багшийн сургалтыг 10 хоног, 5 дахь жилийн багшийн сургалтыг 14 хоног, 10 дахь жилийн багшийн сургалтыг 21 хоногийн хугацаатайгаар аль болох хичээлийн жилийн улирлын амралтын үеийг тохиолдуулан тус тус зохион байгуулна.

 

3.1.2.   Үндсэн сургалт нь мэргэжлийн зэрэг олгох кредитийн төрөлжсөн болон багшлах эрх олгох хөрвөх сургалтыг орлохгүй.

 

3.2.        Анхны болон 5, 10 дахь жилдээ мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтад хамрагдах багшид дараах шаардлага тавигдана. Үүнд:

 

3.2.1.   Анхны жилдээ ажиллаж байгаа багшаас бусад нь багшлах эрхтэй байх

3.2.2.   5 ба 10 жилийн сургалтад хамрагдах багш нь энэ хугацаанд сургалтын байгууллагад багш, удирдах ажилтнаар тасралтгүй ажилласан байх  

 

3.3.        Мэргэжил дээшлүүлэх бүх төрлийн сургалтын хөтөлбөрт дараах нийтлэг шаардлага тавигдана. Үүнд:

 

3.3.1.   Сургалтын хөтөлбөр нь энэхүү журмын хоёрдугаар бүлэгт тодорхойлсон зорилгыг хэрэгжүүлэхэд чиглэсэн байх

3.3.2.   Тухайн сургалтын зорилтот бүлгийг зааж, тэдний эрэлт хэрэгцээнд нийцүүлэн сургалтын хэрэгцээ, үндэслэлийг тодорхойлсон байх

3.3.3.   Сургалт нь багш, удирдах ажилтны ажлын байрны тодорхойлтод заасан чиг үүрэг, үндсэн зорилт, гол үйл ажиллагааг гүйцэтгэхэд шаардлагатай мэдлэг чадварт үндэслэсэн агуулга, нэртэй байх

3.3.4.   Сургалтын агуулга нь зорилтот бүлгийнхээ мэргэжил, арга зүйн хөгжлийн хэрэгцээ, тухайн төрлийн сургалтын зорилгод нийцсэн байхын зэрэгцээ багшид сонголт хийх, сонирхсон асуудлаа гүнзгийрүүлэн судлах боломж олгосон байх

3.3.5.   Сургалтын арга зүй нь оролцогчдын мэдлэг чадвар, туршлага, хандлагыг хүндэтгэсэн, тэдгээрт тулгуурласан байх

3.3.6.   Сургалтын хөтөлбөрт анги танхимын сургалтаас гадна тэргүүн туршлагатай танилцах аялал, дадлага туршилт, судалгаа шинжилгээ зэрэг үйл ажиллагааг тусгасан байх.

3.3.7.   Сургалтын хөтөлбөрийн нэр, зорилго, агуулга, хэрэгжүүлэх хугацаа нь эзэмшихүйн үе шатуудын аль нэгэнд буюу бүхэлд нь харгалзаж, үнэлж, оношлох боломжтой байх

3.3.8.   Сургалт явуулах байршил, хугацаа, сургалтын зардлын бүтэц, хэмжээ, нийт өртөг, санхүүжилтийн эх үүсвэрийг тодорхойлсон байх

3.3.9.   Зайны сургалтын дэвшилтэт арга, технологи, электрон хэрэглэгдэхүүн, тэдгээрийг хэрэгжүүлэх орчин нөхцөлд тавигдах шаардлага нь тодорхой байх

3.3.10.Сургалтад хэрэглэгдэх болон бие даан судлах ном, сургалтын хэрэглэгдэхүүний жагсаалт, хаяг, ашиглах хуудасны дугаар тодорхой байх

3.3.11.Суралцагчийн сургалтаар эзэмшсэн мэдлэг, чадвар ба сургалтын үр дүнг бодитоор үнэлэх үйл ажиллагааны график, арга, хэлбэр тодорхой байх,

3.3.12.Сургалт явуулах сургагч багшийн багийн гишүүдийг танилцуулсан байх

 

3.4.        Мэргэжил дээшлүүлэх сургалт явуулах эрх бүхий байгууллага нь сургалтын хөтөлбөрөө хянуулж, батлуулахдаа дараах бичиг баримтыг бүрдүүлнэ. Үүнд:

 

3.4.1.   Холбогдох байгууллага, албан тушаалтанд хандан сургалтын хөтөлбөрөө хянуулан магадлуулж, сургалт явуулах зөвшөөрөл хүссэн албан ёсны хүсэлт

3.4.2.   Сургалтын танилцуулга  (зорилтот бүлэг, модулийн нэр, сургалт явуулах хэрэгцээ, үндэслэл, зохион байгуулалтын арга хэлбэр, өртөг, зардал, санхүүжилт, кредитийн сургалт бол кредитийн хэмжээ гэх мэт)

3.4.3.   Сургалтын хөтөлбөр (сургалтын зорилго, агуулга, хэлбэр, арга зүй, хэрэглэгдэхүүн, үнэлгээ)

3.4.4.   Сургалтын төлөвлөгөө (хичээлийн сэдвүүд, нийт цаг, үүнээс лекц мэдээлэл, семинар дадлага, бие даалтад ногдох цаг)

3.4.5.   Хичээлийн өдөр бүрийн төлөвлөгөө (өдөр, цаг хугацаа, сэдэв агуулга, хичээл удирдах багшийн нэр)

3.4.6.   Сургалт явуулах багш нарын танилцуулга (овог нэр, төгссөн сургууль, мэргэжил, боловсролын зэргийн диплом буюу мэргэжлийн зэргийн үнэмлэхийн дугаар, бусад)

3.4.7.   Сургалтад оролцогчдын бүртгэл (овог нэр, хүйс, регистрийн дугаар, ажлын газар, албан тушаал, тухайн сургалтаас олгосон хавсралт диплом, батламж, гэрчилгээний дугаар)

3.4.8.   Сургалтад оролцогчдод батламж, гэрчилгээ олгох тохиолдолд түүний загвар (сургалт явуулсан ба сургалт зөвшөөрсөн байгууллагын лого, гэрчилгээний дугаар овог нэр, он, сургалтын нэр, судалсан хичээлүүдийн нэр, цаг, ерөнхий үнэлгээ, холбогдох байгууллагуудын нэр, тэмдэг, сургалт явагдсан газар он, сар өдөр, бүртгэлийн дугаар)

 

Дөрөв. Мэргэжил дээшлүүлэх сургалтын санхүүжилт, зохион байгуулалт

 

4.1.        Мэргэжил дээшлүүлэх сургалтын зардал дараах эх үүсвэрээс санхүүжнэ. Үүнд:

 

4.1.1.   Үндсэн сургалтын анхны жилийн, 5, 10 дахь жилдээ ажиллаж байгаа багш нарын статистик судалгаа, тухайн сургалтын нэг суралцагчид ногдох зардлыг үндэслэн тооцсон улсын төсөв

4.1.2.   Төрөлжсөн сургалтын зардлыг Яам, аймаг, нийслэлийн Боловсролын газар, мэргэжил дээшлүүлэх эрх бүхий бусад байгууллагаас тухайн жилд зохион байгуулахаар баталсан мэргэжил дээшлүүлэх төлөвлөгөөг үндэслэн төсөвлөсөн боловсролын улсын төсөв, төсөл, хөтөлбөр, хандив тусламж, суралцагчийн сургалтын төлбөр

4.1.3.   Бие даах сургалтын зардлыг тухайн жилийн улсын төсвөөс сургууль, цэцэрлэгт хуваарилах мэргэжил дээшлүүлэх зардал

 

4.2.        Үндсэн сургалтын зардлыг дараах байдлаар төсөвлөж, санхүүжүүлнэ. Үүнд:

 

4.2.1.   Үндсэн сургалтын зардлыг нэг суралцагчид ногдох зардлаар төсөвлөж, санхүүжүүлнэ. Энэ зардал нь сургалтын төлбөр, унаа, томилолтын зардлаас бүрдэнэ.

4.2.2.   Сургалтын төлбөрт хөтөлбөр боловсруулах, магадлан итгэжмлэх ажлын зардал, сургагч багшийн ажлын хөлс, сургалтын хэрэглэгдэхүүн, бичиг хэргийн зардал, сургалтад хамрагдсаныг гэрчлэх батламж хэвлэх зардал тус тус багтана.

4.2.3.   Сургалтын хөтөлбөр боловсруулах, магадлан шинжих зардлыг сурах бичиг зохиогчид ба шинжээчдэд олгож буй тухайн үеийн зах зээлийн дундаж жишгээр тооцно.

4.2.4.   Сургалтад оролцогчийн аймгаасаа тухайн бүс ба нийслэлд зорчих, сургалт нь сургууль, аймаг, бүсэд зохион байгуулагдах тохиолдолд сургагч багшийн унаа, томилолтын зардлыг тухайн үед мөрдөж буй баталгаажсан жишгээр тооцно.

4.2.5.   Сургалтад оролцож буй хугацаанд нь оролцогчдод ажиллаж буй байгууллагаас нь цалинтай чөлөө олгоно.

 

4.3.        Кредит олгох төрөлжсөн сургалтын төлбөрийг тухайн үеийн зах зээлийн жишгээр баримжаалан тооцож, үйлчлүүлэгч ба ба үйлчлэгч талуудын зөвшилцлийн үндсэн дээр тогтооно.

 

Тав. Мэргэжил дээшлүүлэх сургалтын зохион байгуулалт

 

5.1.        Зорилтот бүлгүүдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг дараах субьектүүд боловсруулна. Үүнд:

 

5.1.1.   Мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын анхны жилийн багшийн сургалтын хөтөлбөрийг аймаг, нийслэлийн Боловсролын газрын мэргэжил, арга зүйн зөвлөл, 5 ба 10 дахь жилийн багшийн сургалтын хөтөлбөрийг Боловсролын мэргэжил арга зүйн төв байгууллага, багш бэлтгэдэг их, дээд сургууль, коллеж, мэргэжил дээшлүүлэх үйлчилгээ үзүүлэх эрх бүхий бусад байгууллага тус тус боловсруулна.

5.1.2.   Багш, удирдах ажилтны кредитгүй төрөлжсөн сургалтын хөтөлбөрийг мэргэжил дээшлүүлэх үйлчилгээ явуулдаг бүх байгууллага, иргэд боловсруулна.

5.1.3.   Ажлын байран дээрээ бие даан суралцах сургалтын хөтөлбөрийг өөрийн хэрэгцээ, саналдаа тулгуурлан тухайн багш, Заах аргын нэгдэлтэйгээ, удирдах ажилтан Боловсрол, соёлын газартай хамтран боловсруулна.

 

5.2.        Мэргэжил дээшлүүлэх сургалтын хөтөлбөрийг дараах байдлаар баталгаажуулж бүртгэнэ.Үүнд:

 

5.2.1.   Ерөнхий боловсролын сургуульд 5 ба 10 дахь жилдээ багшилж байгаа багшийн үндсэн болон кредит олгох төрөлжсөн сургалтын хөтөлбөрүүд тус тус магадлан шинжилгээнд орж, баталгаажин бүртгэгдсэн байна.

5.2.2.    Бусад сургалтын хөтөлбөр магадлан шинжилгээнд орохгүйгээр тухайн байгууллагын дарга (захирал)-ын шийдвэрээр баталгаажна.

5.2.3.   Үндсэн болон кредит олгох төрөлжсөн сургалтын хөтөлбөр боловсруулсан байгууллага, баг хамтлаг хөтөлбөрөө битүүмжлэн, жил бүрийн 3 дугаар сард багтааж боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага (цаашид яам гэх) буюу түүнээс хөтөлбөрийг магадлан шинжлэх, бүртгэх, баталгаажуулах, сургалтын менежмент хийх ажлыг зохион байгуулах эрх олгосон байгууллага (цаашид эрх шилжсэн байгууллага гэх)-д ирүүлнэ.

5.2.4.   Боловсролын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний тушаалаар томилогдсон шинжээчид нь яам (эрх шилжсэн байгууллага)-нд ирүүлсэн дээрх хөтөлбөрүүдэд энэхүү журмын 3.3-т заасан нийтлэг болон сургалтын төрөл бүрт тавих тусгай шаардлагыг үндэслэн магадлан шинжилгээ хийж, дүгнэлт гаргана.

5.2.5.   Шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн яам (эрх шилжсэн байгууллага) нь мэргэжил дээшлүүлэх үндсэн сургалтын хөтөлбөрүүдээс нэгийг, харин кредит олгох төрөлжсөн сургалтын хөтөлбөрүүдээс шаардлага хангасан хөтөлбөрүүдийг шалгаруулж, жил бүрийн 5 дугаар сард багтаан баталгаажуулж, бүртгэнэ.

5.2.6.   Кредитгүй төрөлжсөн болон бие даах сургалтыг энэхүү журмын Хавсралт 3а,б-ийн дагуу аймаг, нийслэлийн Боловсролын газарт бүртгэж, тухайн оны 10 дугаар сард багтаан яам (эрхээ шилжсэн байгууллага)-д ирүүлнэ.

 

5.3.        Мэргэжил дээшлүүлэх сургалтыг дараах байдлаар зохион байгуулна. Үүнд:

 

5.3.1.   Сургалтын хөтөлбөр нь баталгаажиж, бүртгэгдсэний дараа яам (эрх шилжсэн байгууллага), аймаг, нийслэлийн Боловсролын газар нь дараагийн жилд явагдах сургалтын нэр, хугацаа, байршил, сургалт явуулах байгууллага, баг хамтлагын нэрийг тухайн жилийн 5 дугаар сард багтаан нийтэд мэдээлнэ.

5.3.2.   Анхны болон 5 ба 10 дахь жилийн багшийн үндсэн сургалтыг хөтөлбөр нь шалгарч бүртгэгдсэн мэргэжил дээшлүүлэх эрх бүхий байгууллага, баг хамтлаг нь яам (эрхээ шилжсэн байгууллага)-тай гэрээ байгуулж, тус тусын сургалтаа зохион байгуулна.

5.3.3.   Анхны жилийн багшийн үндсэн сургалтыг аймаг, нийслэлд, 5 ба 10 дахь жилийн багшийн сургалтыг тухайн жилийн суралцагчдын мэргэжил, тоо, байршлаас хамаарч бүсийн эсвэл, төвлөрсөн сургалтын аль нэг хэлбэрээр зохион байгуулна.

5.3.4.   Кредитгүй төрөлжсөн сургалтыг 5.2.2-т заасны дагуу баталгаажсан хөтөлбөрөөр  кредиттэй төрөлжсөн сургалтыг 5.2.3, 5.2.4-т заасны дагуу баталгаажиж бүртгэгдсэн хөтөлбөрөөр тус тус холбогдох байгууллага, баг хамтлагууд зохион байгуулна.

5.3.5.   Бие даах сургалтыг 5.2.2-т заасны дагуу баталгаажсан хөтөлбөрөөр холбогдох байгууллага, хүмүүс нь явуулна.

 

5.4.        Мэргэжил дээшлүүлэх сургалтын үр дүнг дараах байдлаар тайлагнана. Үүнд:

 

5.4.1.   Сургалт явуулсан байгууллага, баг хамтлаг нь үндсэн сургалтын тайланг энэ журмын Хавсралт 1, кредит олгох төрөлжсөн сургалтын тайланг Хавсралт 2-ын дагуу тус тус гаргаж, эрх бүхий албан тушаалтнаар баталгаажуулан тухайн оны 10 дугаар сард багтаан албан тоотоор болон “электрон” хэлбэрээр яам (эрх шилжсэн байгууллага)-д ирүүлнэ.

 

5.4.2.   Аймаг, нийслэлийн Боловсролын газар нь анхны жилийн багшийн үндсэн сургалт болон тухайн аймагт зохион байгуулсан төрөлжсөн сургалтуудын тайланг нэгтгэж, тухайн оны 10 дугаар сард багтаан яам (эрхээ шилжсэн байгууллага)-д ирүүлнэ.

 

5.4.3.   Үндсэн сургалтыг зохион байгуулсан байгууллага, баг хамтлаг нь яам (эрх шилжсэн байгууллага)-тай хамтран холбогдох сургалтын тайлангаа тухайн ондоо багтаан яамны “Нэгжийн дарга нарын хурал”-д тайлагнана.

 

5.5.        Үндсэн болон кредиттэй төрөлжсөн сургалтад хамрагдаж, хөтөлбөрийн агуулгыг дүүргэсэн багшид улсын нэгдсэн бүртгэлтэй батламж, гэрчилгээ олгоно. Батламж ба гэрчилгээний загварыг яам батлана.

 

5.6.         Батлагдсан загварын дагуу батламж хэвлүүлж олгох ажлыг тухайн сургалтыг явуулсан байгууллага хариуцан гүйцэтгэнэ.

 

5.7.        Багшийн хөгжлийг дэмжсэн үндэсний хэмжээний төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх цуврал сургалтад хамрагдаж, туршилт явуулах, судалгаа хийх, сургалтын хөтөлбөр ба хэрэглэгдэхүүн боловсруулах, сургалт явуулах зэрэг цогц үйл ажиллагаанд тодорхой үүрэг хүлээн тогтвортой ажиллаж, сургууль, орон нутгийнхаа багш нарын мэргэжлийг дээшлүүлэх үйл ажиллагаанд бодитой хувь нэмэр оруулах чадвар эзэмшсэн багш, удирдах ажилтанд мэргэшсэн чиглэлээрээ сургууль, орон нутаг, үндэсний аль ч түвшинд сургалт явуулах “Сургагч багш”-ийн эрхийг баталгаажуулсан гэрчилгээ олгоно.

 

5.8.        Яам (эрх шилжсэн байгууллага)-нд тухайн төсөл, хөтөлбөрийн менежерүүдээс ирүүлсэн багшийн хөгжлийн чиглэлээр хийсэн үйл ажиллагааны товч тайлан, сургалтын хөтөлбөрүүд, оролцогчдын нэрс, гэрчилгээ хэвлүүлэх зардлын баталгаажсан төсөв бүхий материалыг үндэслэн багш, удирдах ажилтанд сургагч багшийн гэрчилгээг олгоно.

 

5.9.        Сургагч багшийг батламжилсан гэрчилгээ нь 5 жилийн хугацаанд хүчинтэй байна.

 

---------- о О о ----------


ХАВСРАЛТ 1 (а, б, в)

Үндсэн сургалт явуулсан тухай мэдээ тайлан

 

. … он …. сар …. өдөр

·  Сургалтын нэр (а-1,б-5,в-10 дахь жилийн аль сургалт болох)

·  Сургалт явуулсан байгууллага, баг

·  Сургалт явуулсан газар, байршил

·  Сургалт явуулсан хугацаа

·  Нийт оролцогчдын тоо

·  Сургалтын нийт төсөв

·  Сургалтын нийт зардал

·  Бусад

Сургалтад оролцсон багш нарын судалгаа

 

¹

Овог нэр

Регистрийн дугаар

Хүйс

Нас

Мэргэжил

Ажлын газар

Боловсролын зэрэг

Мэргэжлийн зэрэг

Батламжийн дугаар

1

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сургалт явуулсан байгууллага (багийн)-ын менежер --------------------------------    (овог нэр ------------------------------------------------)

 

       гарын үсэг, тамга тэмдэг
ХАВСРАЛТ 2                                                           Кредит олгох төрөлжсөн сургалтын мэдээ тайлан

 

. … он …. сар …. өдөр

·  Сургалтын нэр

·  Кредитийн хэмжээ

·  Сургалт явуулсан байгууллага, баг

·  Сургалт явуулсан газар, байршил

·  Сургалт явуулсан хугацаа

·  Нийт оролцогчдын тоо

·  Сургалтын нийт төсөв

·  Сургалтын нийт зардал

·  Бусад

Сургалтад оролцсон багш нарын судалгаа

 

¹

Овог нэр

Регистрийн дугаар

Хүйс

Нас

Мэргэжил

Ажлын газар

Боловсролын зэрэг

Мэргэжлийн зэрэг

Гэрчилгээний дугаар

1

 

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сургалт явуулсан байгууллага (багийн)-ын менежер  -----------------------------  (овог нэр   -----------------------------------------------)

                               

                                                                                                        гарын үсэг, тамга тэмдэг
ХАВСРАЛТ 3 а,б                            Кредит үл олгох төрөлжсөн болон бие даах сургалтын мэдээ тайлан

 

. … он …. сар …. өдөр

·  Сургалтын нэр (а-кредитгүй төрөлжсөн, б-бие даах сургалтын аль нь болох)

·  Сургалт явуулсан байгууллага, баг

·  Сургалт явуулсан газар, байршил

·  Сургалт явуулсан хугацаа

·  Нийт оролцогчдын тоо

·  Сургалтын нийт төсөв

·  Сургалтын нийт зардал

·  Бусад

Сургалтад оролцсон багш нарын судалгаа

 

¹

Овог нэр

Хүйс

Нас

Мэргэжил

Ажлын газар

Боловсролын зэрэг

Мэргэжлийн зэрэг

Гэрчилгээ олгосон эсэх тухай

1

 

 

 

 

 

 

 

 

2

 

 

 

 

 

 

 

 

3

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Сургалт явуулсан байгууллага (багийн)-ын менежер  -------------------------------- (овог нэр  ------------------------------------------------)

                                                                                           гарын үсэг, тамга тэмдэг

 

Бичсэн: EDUCATION | цаг: 17:50 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774278 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax