Сургалтын технологийн шинэчлэл
МУБИС-ийн проректор, проф Ц.Батсуурь
Сургалтын технологийн шинэчлэлийн асуудал 21-р зууны боловсролын шинэчлэлийн үндсэн асуудлуудын нэг болж байна. Өмнөх зуун үндсэндээ шинжлэх ухаануудын босоо хөгжлийн зуун байсан бол энэ зуун шинжлэх ухаануудын интеграцын зуун, холбоо мэдээллийн технологийн эрчимтэй хөгжлийн зуун, даяарчлалын зуун болсон учраас сургалтанд шинжлэх ухааны онолын их мэдээллийг дамжуулдаг арга үндсэндээ үеэ өнгөрөөж байгаа бөгөөд харин шинжлэх ухааны хэрэглээ болох интеграцчилсан мэдлэгийг багш суралцагч хамтран бүтээж цогц чадамж эзэмших явдал туйлаас чухал боллоо. 21-р зуунд шинжлэх ухаан, техник технологийн өндөр хурдацтай хөгжлийг дагаж өөрийгөө хөгжүүлж чаддаг боловсролтой хүн л нийгмийн эрэлт хэрэгцээнд нийцэж сайхан амьдрах боломжтой болж байна. Буддагийн сургаалд хүн сонссоноо мартаж үзэж харснаа санаж, хийснээ сурдаг гэж сургасан нь өнөөгийн боловсролын шинэчэлийн цөм онол болох конструктивизмийн үзэл баримтлалтай үндсэндээ нийцэж байгаа юм.
Дашрамд дурьдахад конструктивизмийн онолыг дангаар хэрэглэх бус бусад онолуудаас үнэ цэнэтэй үзэл баримтлалуудыг экликтив байдлаар авч хэрэглэх шаардлагатайг сануулъя. Сургалтын технологийг хуучин байдлаар заах арга гэж ойлгож болохгүй юм. Харин сурах, сургах арга ухаан гэж ойлговол зохино.
Аливаа зүйлийг хийхэд аргыг зөв сонгох асуудал маш чухал байдаг. Аргаа буруу сонговол бүтээгдэхүүний чанарын хувьд, цаг хугацааны хувьд, эдийн засгийн хувьд хохирол амсдаг жамтай.Ийм болохоор энэ эрин зууны хөгжлийн шаардлагын дагуу өөрөө хөгжиж чаддаг чадвартай боловсролтой иргэдийг бий болгоход сургалтын технологийг тасралтүй шинэчлэн хөгжүүлж байх явдал сургууль багш нарын нэн тэргүүний зорилт болж байна. Сургалтын технологио шинэчлэн хөгжүүлэх явдал багшийн өөрийн хөгжилд маш чухал хөшүүрэг болно.
Энэ нь багшаас үйлийн явцад судалгаа хийж үр дүнг сургалтандаа хэрэгжүүлэхийг аяндаа шаардана. Сургалтын технологийн хөгжилд тус нэмэр үзүүлэх үүднээс энэ асуудлыг сүүлийн жилүүдэд судалж багш нартай санал сэтгэгдэлээ хуваалцах, тэдэнд онол арга зүйн асуудлаар лекц унших, судалгаа авах зэргээр ажиллаж байгаа нь бас ч зохих үр дүнгээ өгч байгааг тэмдэглэе.
2007 онд ЕБС-ийн 1000 гаруй багш нараас тухайн асуудлаар судалгаа авч дүгнэсэн юм.
Энэ судалгааныхаа үр дүнг танилцуулъя!
ЕБС-ийн өнөөгийн амьдралд сургалтын технологийн шинэчлэл хэр зэрэг хэрэгжиж байгааг тандахад хангалттай 52%, хангалтгүй 42% гэжээ.Үүнийг мэргэжилээр нь авч үзвэл МУБИС-ийн клиник профессорууд, дүрслэх урлаг- хөдөлмөр, биеийн тамир, байгалийн ухаан, бага анги, мэдээлэл зүйн багш нар, сургалтын менежерүүд (54%-64%) боломжийн хирээр шинэчлэл хийж байгаа боловч монгол хэл, нийгмийн ухаан, гадаад хэлний багш нарын хувьд төдийлөн сайн биш байгаа нь ажиглагдлаа. Эндээс үзэхэд нийгэм, хүмүүнлэгийн хичээлүүдэд сургалтын технологийн шинэчлэл сайнгүй байгаа нь тодорхой шалтгаан байгаатай бас холбоотой байж болзошгүй. Эдгээр хичээлийн хувьд стандарт, агуулгыг эргэж харах шаардлагатай биш биз гэсэн таамаглал дэвшүүлж болох талтай.
Сургалтын технологийн шинэчлэл анги танхимд хэрхэн илэрч байгаа талаар судлахад багш, суралцагчид хамтран мэдлэг бүтээх , суралцагчийг идэвхжүүлэх талаар багш нар голлон анхаарч байгаа боловч харамсалтай нь сургалтын зорилго, зорилтыг суралцагчийн байр сууринаас тодорхойлох, анги хамт олныг судалгааны бүлгүүд болгон ажиллуулах, сурагчид сурах арга барилыг бүтээлчээр эзэмших, үнэлгээг сурагчийн хөгжил төлөвшилд гарч буй ахицаар хийх, сургалтын агуулгыг мэдлэг, чадвар, хандлага төлөвших үйл явц болох талаас сонгож боловсруулах, багшийн зүгээс мэдлэг бүтээх, чадвар эзэмших үйл явцыг зөв жолоодох талаар учир дутагдалтай байгаа нь ажиглагдлаа.
Мэдлэг бүтээх, хамтран суралцах, шинжлэн судлах, дидактик нэгжийг томсгох, сургалтын агуулгыг элементарчилах, мэдээлэл холбооны технологийг хэрэглэх, идэвхтэй сургалтын аргуудыг хэрэглэх, эрэл хайгуул хийх зэрэг сургалтын технологийн хэлбэрүүдийг хичээлдээ хэрхэн хэрэглэж байгааг судлахад мэдлэг бүтээх (45.5%), идэвхтэй сургалтын аргуудыг хэрэглэх (46%) талаар харьцангуй нааштай хандлага ажиглагдаж байгаа боловч бусад хэлбэрийг хэрэглэх талаар төдийлөн ахицтай биш байна.
Судалгаанд оролцсон багш нарын 75% нь сургалтын технологийн шинэчлэлийн асуудлаар ямар нэг сургалт семинарт оролцсон нь тухайн асуудалд төр засаг, боловсролын байгууллагууд багагүй анхаарч байгааг харуулж байна.Үүнийг мэргэжлээр нь авч үзвэл МУБИС-ийн клиник профессорууд, монгол хэл, байгалийн ухаан, бага анги, математик, мэдээлэл зүйн багш нар, сургалтын менежерүүд илүүтэй оролцсон байна.
Сургалтын технологийн шинэчлэлд ямар бэрхшээл байгааг судлахад сургалтын орчин, гарын авлага, арга зүйн зөвлөмж хангалтгүй байгаа талаар олон багш саналаа гаргажээ. Харин идэвхтэй сургалтын аргууд, сургалтын технологийн хөгжлийн чиг хандлагын талаарх тэдний мэдлэг бас ч боломжийн болсон байна.
Технологийн шинэчлэлийг тухайн хичээлээр хийх арга замыг багш нарт сургах, мэдлэг бүтээх үйл явцыг зохион байгуулах талаар мэргэжлийн зөвлөгөө өгөх, сургалтын сэтгэл зүйн болон үйлийн орчин бүрдүүлэх, сурагчийн мэдлэг, чадвар, төлөвшлийн ахицыг чанарын талаас нь үнэлэх талаар туслалцаа үзүүлэх явдал шаардлагатай байгааг судалгаа харууллаа.
Сүүлийн жилүүдэд боловсролын стандарт хэрэгжиж сургалтын хөтөлбөрөө багш нар өөрсдөө боловсруулдаг болсон билээ. Гэтэл хичээлийнхээ хөтөлбөрийг орчин үеийн шаардлагын түвшинд боловсруулж байгаа талаар судлахад хангалттай 28%, дунд зэрэг 65% гэсэн нь хөтөлбөрөө боловсруулж хэрэгжүүлэх асуудлаар багш нарт онол, арга зүйн бодитой туслалцаа хэрэгтэйг харуулж байна.Ялангуяа сургалтын менежерүүдийн 85% нь дунд зэрэг гэсэн нь онцгой анхаарал татах асуудал юм.
Яам, боловсрол соёлын газар, багш бэлтгэх сургуулиуд, боловсролын хүрээлэн, тухайн сургуулиудаас цаашид хэрэгжүүлэх арга хэмжээ, сургалт- семинаруудын нэг гол сэдэв болохыг анхаарах хэрэгтэй болжээ. Багш нар ч энэ талаар өөрийн хүч бололцоог дайчлан ажиллах шаардлагатай. Судалгааны дүнг илүү тодорхой харж боловсролын байгууллага, сургууль, багш нар чухам юун дээр анхаарлаа хандуулах болон багшийн хөгжлийн бодлого боловсруулахад нэмэр хандив болгох үүднээс схемээр гаргаж үзүүллээ.