Tani tanihgvi negen ohin
Таны танихгүй нэгэн охиныг би таньдаг юм
Танил тэр охинтойгоо би өнөөдөр тааралдлаа
Анх харж байснаас минь тэр өөр болсон байх юм
Амьдрал түүнийг бүсгүй хүн болгосон харагдлаа
Хэнэггүй хөөрхөн алхаагаа хаа нэгтэй гээчихээд
Хээнцэр бүсгүйн алхаагаар эрчүүдийг татах болжээ
Хээгүй хүүхэд зангаа хайр дурлалаар өгчихөөд
Хэзээний танил надруугаа эргэж харахаа больжээ
Хамаагүй дотно яриагаа харьцааны соёлоор сольчихоод
Хажуугаар нь өнгөрөх надтай хальтхан мэндлэх болжээ
Харамгүй өгдөг инээдээ хадгалж дотроо нуучихаад
Харалгүй удсан намайгаа хараад баярлахаа больжээ
Холоос би түүнийг ширтээд
Хоосон дотроо харамлаж л суулаа
Хосоо олоогүйг нь хараад
Хоёулаа үерхэе гэж хэлмээр л байлаа
Харамсалтай нь тэр миний яагаад ч хүрэхээргүй өндөрт
Хайртай болсныг минь ч мэдэлгүй нисээд өгчээ
Харин би түүнийг хэзээ ч буухааргүй газарт
Харлаж хоцорсноо ч хэлэлгүй шигдээд өгчээ
Одоо түүний хувьд надтай өнгөрөөсөн мөчүүд нь
Олиггүй явсан үеийн хэрэггүй болсон дурсамж
Оюутан миний хувьд түүнтэй өнгөрүүлсэн мөчүүд нь
Ойлголгүй явсан үеийн хэлэлгүй одсон жаргал
Гэхдээ би түүний амьдралд
Жаахан ч гэсэн гэгээ үлдээсэн байгаасай гэж хүсэж байна
Гэртээ тэр намайг дотроо өчүүхэн ч гэсэн
Гэрэлтэй сайхнаар дурсаасай гэж хүсэж байна
Надаас үлдсэн ганц зурвас ч байсан тэр минь
Насаараа нандигнаж хадгалж яваасай гэж хүсэж байна
Надтай өнгөрөөсөн нэг хоромч байсан тэр минь
Насаараа санаж яваасан гэж би хүсэж байна
Яг үнэндээ бол тэгэхэд бид хоёулаа
Ярьдаггүйгээс бие биедээ илт татагдаж байсан юм
Ямартаа ч тэр надад анхнаасаа л таалагдаж
Яриаг нь л лав сонсоод би уярч байсан юм
Бундан зүрхэндээ бие биенээ дуугүй тээсээр
Бүрэг ичимхийгээсээ болж хоёр биенээсээ холдсоор
Будан татсан амьдралдаа яахаа мэдэхгүй тэвдсээр
Бүтэх бүтэхгүйг нь асуугаагүй байж таамаглалдаа хордсоор
Салаа замын уулзвар дээр бид хоёр ирчихээд
Санаа алдан хий дэмий шаналж л байлаа
Сайхан нэгэн, хайрын эзэд болсоноо мэдчихээд
Сайн гэдэгээ хэн нь эхэлж хэлэхийг харж л байлаа
Эцсийн эцэст энэ дурлалд нэг нь заавал сөхөрнө
Эрийн шийр зааж түүнд би эхэлж дөхнө
Ээжийн охин үр юм хойно тэр надаас дөлнө
Эр хүн тэгэхэд би уруул дээр нь шууд үнсэнэ
Ингэлээ гээд тэр надад гомдож, уйлах юм бол
Итгэлийг нь би нэг мөсөн алдаж байна гэсэн үг
Ичээд хэрэв намайг түлхэн, гүйгээд явчихвал
Ингээд цээжинд хурсан гуниг үгүйрэх нь тэрээ
Илүү дутуу үггүй үргэлжлүүлэн надтай үнсэлцвэл
Ингэхийг нь мэдсэн бол гэж дотроо хальт харамсана
Их удалгүй намайг больчихвол тэр дуугүй байвал
Идэж цадсан юм шиг түүнийг би ганцааранг нь үлдээнэ
Гэтэл яах аргаггүй би эхлэх хэрэгтэй боллоо
Гэрэл сүүдэр шиг бид хоёр ч ялгарах боллоо
Түмэн охидын дундаас түүнийгээ би заавал
Түгшээж зовоох хэрэг байна уу гэж нэг бодлоо
Түмэн хөвгүүдийн дундаас өөрийгөө би заавал
Түүнтэй оноох хэрэг байна уу гэж бодлоо
Хойноос нь би түүндээ хайртайгаа хашгирч гүйсээр
Хорвоод азгүй охин нэгээр нэмчихвэл яана гэж бас айлаа
Хоосон сэтгэлээ мөрөөдлөөр дүүргэн итгэл алдсаар
Хонгор түүнийгээ бүр алдчихвал яана гэж бүр айлаа
Таны танихгүй ийм нэгэн охиныг би
Там шиг амьдралын минь аз жаргал гэж хайрладаг юм
Танхил хөөрхөн аашинд нь сэтгэл минь даанч татагддаг юм
Таны мэдэхгүй тийм ихээр түүндээ би дурладаг юм
Тансаг сайхан мэдрэмжийг тэр минь л ганцхан мэдрүүлдэг юм
Гэнэн цагаанаараа болохоор нь сүүдэр дайрчих вий гэж айдаг юм
Гэрэл зургийг нь харахаараа санаж бэтгэрээд хэцүү байдаг юм
Гэмгүй хөөрхөнөөрөө ширтэхэд нь бүхлээрээ би хайлдаг юм
Гэргүй тэнэмэл шиг очиход минь бүхнээр тэр дайлдаг юм
Хариуд нь би түүнийг харамлаж харддаг юм
Хамаг сайхан бүхнийг нь ганцаараа л амтлах гэдэг юм
Тиймээ тэр минь сайхнаа хэнээс ч нуудаггүй юм
Тиймээс ч тэр минь гайхмаар хэзээ ч гунддаггүй юм
Ийм сайхан хүний хайртай охин үртэй
Идэр насныхаа галтайд хамт байж үзсэндээ
Тэнгэрлэг үе минь элэгдээгүй эхэлж байхдаа таарсандаа
Тэнэглэлт зүрх минь эмтрээгүй эрхэлж явахад нь танилцсандаа
Хүн болж төрсөний минь нандин шигтгээ энэ гэж
Хүү болж төрсний минь нарийн учир энэ гэж
Хангал зүрхэндээ би өдөр бүр сануулан үүнийгээ л хэлдэг юм
Хамаг амьдралаа өглөө бүхэн сайхан түүнээсээ л эхэлдэг юм
Таны танихгүй ийм нэгэн охиныг би
Тас харанхуй амьдралын минь гэрэл гэгээ гэж хайрладаг юм
Танхилхан өхөөрдөм төрх нь өөрт минь даанч таалагддаг юм
Та хэрэв түүнтэй тааралдвал заавал танилцаарай
Танхай миний түүнд өгсөн хайрын тухай ярилцаарай
Танихад амархан түүний бүх юм нь үргэлж сайхан байдаг юм
Таны танихгүй нэгэн охин энэ бол...