2009-11-08
Сургалт- арга зүйн судалгааны үгүүлэл хэрхэн бичих вэ?

 

             Сургалт –арга зүйн судалгаа гэдэг нь сургалтын үр өгөөж, чанарыг дээшлүүлэх зорилготойгоор агуулга, арга зүйг боловсронгуй болгож, тулгамдаад байгаа бэрхшээл, зөрчлийг шийдвэрлэхэд чиглэсэн бүтээлч эрэл, хайлтын үйл ажиллагаа юм.

  Энэхүү эрэлт хайлтын үйл ажиллагааны үр дүн, баримтад тулгуурлан өөрийн үзэл санааг судлаачид болон багш, сурган хүмүүжүүлэгчидтэй хуваалцах зорилготойгоор  бичих үгүүллийн онцлог юу байх, түүнийг бичихэд юуг анхаарах талаар практик зөвлөгөө өгөхийн тулд энэ үгүүллийг бичив.

                Сургалт нь суралцагчийн суралцах чадвар, зан үйлийн төлөвшилд ахиц гаргахад чиглэсэн багш, шавийн хамтын үйл ажиллагаа байдаг ба хүний итгэл үнэмшил, үйл хөдлөлийн хандлага, дадал хэвшил нь зөвхөн түүний өөрийнх нь ухамсартай үйл ажиллагааны үр дүнд төлөвшдөг зүй тогтолтой.

    Иймээс сургалтын үр өгөөж,  чанарыг дээшлүүлэхийн тулд суралцагчдын оролцоог сайжруулах зайлшгүй шаардлагатай болдог.

   Өнөөдөр бараг багш бүрийн хэлдэг нэг бэрхшээл нь “ Хүүхдүүд юм хийхгүй юм” гэдэг гомдол байдаг. Нэгэнт л суралцагч - хүүхэд идэвх зүтгэл гаргаж  ажиллахгүй  бол багш хичнээн мэрийж ажиллаад олигтой үр дүн гарахгүй нь ойлгомжтой. Иймд суралцагчийн хичээл чармайлт багшийн хүссэн хэмжээнд хүрэхгүй , багш шавь хоёр тэр бүр бүрэн ойлголцож чадахгүй байх нь бас түгээмэл зөрчлийн нэг юм.

   Үндсэндээ ийм зөрчил, бэрхшээлийг шийдвэлэхэд л сургалт – аргазүйн судалгаа чиглэдэг гэж хэлэхэд нэг их алдахгүй.

   Сургалт- арга зүйн судалгаа нь энэхүү түгээмэл  бэрхшээлийн тодорхой илэрлийн шалтгаан, түүнийг арилгах арга замыг хайж, үр өгөөжийг нь үнэлэхэд чиглэдэг. Энэ нь үнэндээ багшийн өдөр тутамын ажилдаа өөрийн байнга хэрэглэдэг арга барилаа шавь нарынхаа идэвх, ухамсарыг сайжруулахад чиглүүлж боловсронгуй болгоход чиглэсэн эрэл хайлт- оролдлого гэсэн үг юм.

             Ер нь багш хүн өөрийнхөө өдөр тутамын үйл ажиллагаандаа ухаалагаар хандаж үнэн сэтгэлээ зориулан ажиллавал сургалтын ажилдаа тохиолдож буй бэрхшээл, зөрчлийг мэдрээд зогсохгүй, түүнийг яавал хурдан давж шийдвэрлэх вэ? гэсэн сэдэл өөрийн эрхгүй бий болж эрэл хайлт хийх болно.

     Ингэхийн эхлэл нь эрэгцүүлэл хийх явдал бөгөөд манай “Outreach” төсөл ийм нэртэй модулаар эхэлсэн нь ч үүнтэй холбоотой.

    Үйл ажиллагаандаа эрэгцүүлэлтэй хандаж сурсан хэн  боловч  байнгын эрэл хайгуул хийж ажлынхаа арга барилыг үргэлжид хөгжүүлэн  сайжруулж түүнийхээ үр өгөөжийг мэдэрч, урам авч улам оновчтой сайхан арга барилаар ажиллах юмсан гэсэн (гоо сайхны) бодит хэрэгцээтэй болдог.

     Сургалтын арга барилыг боловсронгуй болгоход зөвхөн өөрийн оролдлого эрэл хайлтаас, гадна бусдын арга туршлага, санаа багагүй үүрэгтэй. Үүгээрээ сургалт- аргазүйн судалгааны үгүүллийн онол аргазүйн ач холбогдол илэрдэг.

             Сургалт - аргазүйн судалгааны үгүүлэл нь нэг талаас түүнийг бичиж байгаа багшийн арга туршлагын мөн чанарыг бусдад хүргэх ба нөгөө талаас бусдын санаа бодлыг идэвхжүүлж сургалтын онол, аргазүйн хөгжих нөхцлийг бүрдүүлдэг.

    Судалгааны үгүүлэл бичих нь  багшийн хийх ёстой ажил, эзэмших ёстой чадварын нэг юм.

             Хэдийгээр улс орон бүрт эрдэм шинжилгээний үгүүлэл бичихэд тавьдаг өвөрмөц шаардлага байдаг хэдий ч шинжлэх ухааны глобольчлалын  үед олон улсын хэмжээнд түгээмэл шинжтэй ерөнхий нэгдмэл шаардлага байх бөгөөд энэ нь дэлхийн  жишгийн  бүтээл туурвих, тухайн улсын эрдэмтдийн бүтээл олон улсын хүртээл болох нөхцлийг бүрдүүлдэг.

             Сургалт- аргазүйн судалгааны үгүүллийн гол онцлог нь  сургалтын арга, техинологийг хөгжүүлэхэд чиглэсэн бодитой хийж туршсан туршлагын ажлын үр дүнд тулгуурлан бичигдсэн байдагт оршино.

    Сургалт- аргазүйн судалгааны үгүүлэл нь бүтцийн хувьд дараах хэсгүүдээс бүрдсэн байдаг. Үүнд:

1.    Гарчиг буюу сэдэв

2.    Хураангуй

3.    Түлхүүр үгс

4.    Удиртгал

5.    Судалгааны түүвэр

6.     Судалгааны аргазүй

7.    Судалгааны үр дүн

8.    Судалгааны хязгаардмал байдал

9.    Судалгааны үр дүнгийн хэлэлцүүлэг буюу дүгнэлт

10. Иш татсан бүтээл буюу ашигласан материал

11. Товчлол

 

Эдгээрийн агуулга, онцлог, анхаарах зүйлийн талаар товч зөвлөе.

 

  1. Гарчиг буюу сэдэв.

             Судалгааны гол санааг хураангуйлан товч тодорхойлсон цөөн үгээр томъёологдоно. Зарим тохилдолд өвөрмөц хэлц үг, асуулт, хэллэгийн байдлаар томъёолсон байх ч тохиолдол байдаг.

 

  1. Хураангуй.

 Энд судалгааны зорилго, асуудал (Research problem, проблема исследования), хамарсан хүрээ, арга хэрэгсэл, гол үр дүн, ач холбогдлыг 100 орчим үгэнд багтаан товч базаж тодорхойлдог.

  1. Түлхүүр үгс:

 Энд үгүүлэлд ашигласан шинжлэх ухааны үндсэн нэр томъёо, холбоо үгс байна.

 

 

4.. Удиртгал.

                  Энд судалгааны үндэслэл, чиглэл, сэдэв, судалсан асуудал, нөхцөл, дэвшүүлсэн зорилго, хэрэгжүүлсэн зоилтуудаас гадна түүний урьд өмнөх судалгаатай холбогдсон байдал, онолын гол тулгуур үзэл баримтлал, аргазүй, онолын болон  практик ач холбогдол зэргийг товч тодорхой гаргаж бичнэ.

Судалгааны үндэслэлээ онолын болон практик хэрэгцээ, цаг үеийн шаардлагатай уялдуулан гаргаж ирэх ба тухайн асуудлаар урьд өмнө хийгдсэн судалгааны ажлуудын аргазүй, үр дүн, дэвшүүлсэн санааг задлан шинжилж ( нэг нэгээр дурьдан тоочих бус ),  харьцуулан жишиж, үнэлгээ өгөхөөс гадна тухайн ажлыг гүйцэтгэхдээ баримталсан онолын гол тулгуур үзэл баримтлал, зарчмаа товч тодорхойлох шаардлагатай.

 

5.  Судалгааны түүвэр

       Энд судалгаанд хамрагдсан хүмүүс ( багш, сурагч, эцэг эх, иргэд гэх мэт) –ийн нас, хүйс, нийгмийн байдал, ажил, мэргэжил зэргийг багтаасан мэдээлэл орох бөгөөд түүврийн төлөөлөх чадварыг анхаарах шаардлагатай байдаг

.

  1. Судалгааны аргазүй

Энд судалгааны төлөвлөлт ( хэзээ, хаана, ямар хугацаанд юуг хийж гүйцэтгэх ),мэдээлэл баримт цуглуулсан арга, хэрэглүүр( ямар арга хэрэгслийг яаж ашигласан ), тэдгээрийг сонгож авсны учир, бусдын хийсэн судалгааныхаас ялгагдах байдал зэргийг товч тодорхойлно. Түүнчлэн цуглуулсан мэдээлэл,  материалыг боловсруулсан аргынхаа  мөн чанар зориулалтыг гаргаж өгнө.

 

  1. Судалгааны үр дүн.

                  Энд судалгааны явцад цуглуулсан мэдээллийг боловсруулсны дүнд гарсан тоо баримтыг цэгцэлж, харьцуулан жишиж, үнэлгээ өгсөн үр дүнг нотолгоо баталгаатайгааргаар бичнэ.

            Судалгааны боловсруулаагүй  “түүхий”  баримт мэдээллийг оруулж болохгүйгээс гадна баримтыг өөрийн үзэл бодолд нийцүүлэн засварлах, шинжлэх ухааны үндэслэлгзүйгээр өөрийн тайлбар хийх нь  зохисгүй.

      Үгүүлэлд цуглуулсан мэдээ, баримтын эх материал, бүрэн жагсаалт шаардлагагүй, зөвхөн боловсруулалтын эцэст гарсан үр дүн ( барим)-д шинжилгээ хийж үнэлгээ өгсөн мэдээллийг оруулно. Тэрхүү үнэлгээ нь тухайн  арга, техникийг ашигласны үр дүнд  сургалтын чанар, суралцагчдын мэдлэг, чадвар төлөвшилд ямар ахиц өөрчлөлт оруулж байгааг илрүүлэхэд чиглэсэн байх  ба энэ нь дүгнэлт хийх тулгуур болох учиртай. Шаардлагатай бол график, диаграм оруулж болно. 

Мөн цөөн тооны баримт  мэдээлэл ( хүүхдийн хариулт, багшийн хэлсэн үг зэрэг)- ийг бүрэн эхээр нь авч болно.

 

  1. Судалгааны хязгаарлагдмал байдал. 

             Аливаа судалгаа нь тодорхой сургууль, ангийн хүрээнд явагддаг тул энэ талаараа дурьдаж, асуудлыг энэ удаад чухам ямар нөхцөлд аль талаас нь яаж авч үзсэн тухай  өөрсдийн ажилласан байдлын өвөрмөц талыг гаргаж өгнө.

 

  1. Судалгааны үр дүнгийн хэлэлцүүлэг буюу дүгнэлт.

               Судалгаанаас  гарсан үр дүнд үнэлгээ өгч түүндээ тулгуурлан дүгнэлт гаргаж түүнээ бусдад хандаж мэдээлэх нь өөрийн ажлын тухай мэдээлэл хүргэхээс гадна бусдын санаа бодлыг өдөөж өгөх  зорилготой

             Энд өөрийн хийсэн туршилт, эрэл хайлтын үр дүн, үнэлгээндээ тулгуурлан тухайн үр дүн өөрчлөлт юунаас болж гарсан гэж үүзэж байгаа болон өөрийнхөө ямар арга барил, арга хэрэгсэл илүү өгөөжтэй болсон зэргийг тодруулж гаргахаас гадна цаанаа онол, аргазүйн ямар ач холбогдолтой, цаашдаа юуг яаж анхаарах   шаардлагатай байгаа зэргийг тодруулж өгөх нь чухал.

           Өөрийнхөө ажлын үр дүн, баримт мэдээллийг эргэн тоочиж давтах нь дүгнэлт болохгүй гэдгийг санах  хэрэгтэй. Харин яагаад ийм үр дүнд хүрэв, эндээс  юуг олж харж болох вэ?, цаашид яах вэ? гэсэн асуултуудад хариулт өгөхийн тулд л дүгнэлт гаргадаг гэпгийг ойлгох нь чухал.

            Үүний тулд өөрийнхөө тавьсан зорилго хэр хангав, ямар чухал үр дүнд хүрэв, үүний шалтгаан,  онол- аргазүйн ямар ач холбогдолтой,  урьд өмнө нь хийсэн ажлаас ямар илүү давуу талтай болов гэсэн асуултуудыг өөртөө тавьж дүгнэлтээ бичвэл зүгээр болохыг зөвлөж байна.

 

  1. Иш татсан бүтээл буюу ашигласан материал, ном зүй.

            Иш татах гэдэг нь эрдэмтэд, судлаачдыг нэрлэх болон бүтээлээс нь авч ашиглахын аль алиныг хэлэх бөгөөд тэр бүхний цаана тухайн хүний ямар нэг бүтээлтэй нь заавал танилцсан байх ёстой. Хэрвээ  бусдын бүтээлээс тухайн хүний судалгааны талаар дам  мэдээлэл авсан бол өөрийн үзсэн бүгээлээ л иш авсан бүтээлд оруулбал зохино.

Иш татсан бүтээлүүдийг үгүүллийн төгсгөлд зохиогчдын

нэрсийг цагаан толгойн дарааллаар байршуулж жагсаана. Үүнийг “ном зүй” гэж нэрлэх нь бий.

            Уг нь “ашиласан материал” гэх нь илүү зохимжтой. “Ном зүй”  гэдгийн цаана тухайн асуудалтай холбогдох ном,  хэвлэлийн материалыг ойлгож болдог.

“Ашигласан материал” гэвэл ном, үгүүлэл, интернэтийн

болон электрон мэдээлэл, архивын болон бусад бичиг баримт орох бүрэн боломжтой.

            Судалгааны үгүүллийн төгсгөлд зөвхөн ишлэл авч ашигласан материалаа жагсааж бичих  ба ишлэл авах  болон ном зүйг гаргахдаа

(Модуль – 1) – ийн “шар ном” – ны (111 – 113), (Модуль – 3) – ын “ногоон” номны (90 – 92)-р талын ” АРА – ийн ишлэл болон ном зүй хийх удирдамж” – ийг судалж, өөртөө тохирохыг сонгон ашиглаж сурах нь чухал. Энд олон улсын хэмжээнд ашигладаг “ Харвардын систем “ – ийг хэрэглэсэн ба ашиглахад ч хялбар байдаг.

 

 

Иш таталт, ном зүйг хийх нь эрдэм шинжилгээ, судалгааны ажлын соёл, ёс зүйн төлөвшлийн ихээхэн чухал илрэл болдог.

 

  1. Товчлол буюу резюме (Summary)

Энд судлаач өөрийн бүтээлийн товч агуулгыг гадаадын хэрэглэгч, судлаачдад зориулан гадаад хэл дээртовч тодорхойлж бичнэ.

Үгүүллийн эхний хураангуйг  эх хэл дээрээ бүтээлийн зорилго, хамарсан хүрээ, гол үр дүн ач холбогдлыг өөрийн орны уншигчдад зориулан товч тодорхойлдог бол товчлолд эдгээрийг гадаадын уншигчдад зориулан гаргах юм.

Ингэхдээ, уул судалгааг хаана, ямар хүрээнд  ямар зорилготойгоор ямар ямар арга хэрэгсэлийг ашиглаж хийгээд ямар гол үр дүнд хүрснийг л голлон гаргах шаардлагатай.

 

Бичсэн: EDUCATION | цаг: 13:56 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


гоё шүү алга ташилт
Бичсэн: Зочин цаг: 10:41, 2010-04-21 | Холбоос | |


гоё шүү
Бичсэн: Зочин цаг: 09:00, 2009-12-22 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1781036 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax