Өнөөдөр манай улсын нийгмийн судалгаанд “Монгол Улс дахь шилжилт дууссан уу” хэмээх асуулт чухлаар тавигдаж байна. Хэдийгээр энэ асуултанд хариулахыг эрмэлзсэн судалгаа, дүгнэлт, судлаачдын байр суурь олонтаа илэрхийлэгдэж буй боловч нийтэд хүлээн зөвшөөрөгдөж, зөвшилцөлд хүрч буй тайлбар төдийлэн ховор байна. Энэ нь магадгүй тухайн асуудал дэвшигдэн гарч буй нөхцөл байдал, түүний хамрах цар хүрээ, судалгааны арга зүй зэргийн хувьд тун олон өнцөг, байр суурь байгаагаас шалтгаалж байж ч болно. Гэхдээ олонх иргэдийн хувьд энэ асуултанд “шилжилт дуусаагүй” хэмээн хариулна хэмээн бодож байна. Миний хувьд ч энэхүү асуултанд ингэж хариулах бөгөөд харин яагаад ийнхүү бодож байгаагаа та бүхэнтэй хуваалцах гэсэн юм. Гэхдээ энэ асуултад бүхэлд нь бус харин Монгол дахь иргэний төлөвшил, түүнд холбогдох иргэний боловсролын агуулгаар авч үзэх болно.
Монгол Улсын улс төр, эдийн засаг, оюун санааны зэрэг нийгмийн бүхий л харилцаанд өрнөсөн цогц шинэчлэлийн гол удирдамж бол 1992 онд батлагдсан Монгол Улсын Үндсэн хууль билээ. Үндсэн хуулийн оршилд: “Монголын ард түмэн бид Эх орондоо хүмүүнлэг, иргэний ардчилсан нийгэм байгуулахаар Үндсэн хуулиа тунхаглаж байна” хэмээн заасан байдаг. Гэтэл энэхүү нийгмийг бүтээх, хөгжүүлэх, ажиллаж, амьдрах иргэдийн тухай асуудал төдийлэн анхаарал татаж байсангүй. Манай өнөөдрийн иргэдийн соёл, нийгмийн оролцооны идэвхийг бид олон тооны интернэт мэдээллийн хуудсууд дахь зочдын санал хүсэлт булангаас, хаа нэг зохиогдох уулзалт цуглаан дээр хэлж буй үгс, тавьж буй шаардлага зэргээс мэдэрч бас дүгнэж болно. Үүнээс үүдэн өнөөгийн хөгжлийн хандлагад нийцэн ажиллаж амьдрах, эрхийн хамт үүрэг хариуцлагаа ухамсарлах, асуудлыг хүчирхийллийн бус аргаар шийдвэрлэх чадвартай иргэдтэй байх нь манай улсын хувьд чухал асуудал болоод байна. Энэ асуудлын хүрээнд “иргэн”-ийг хаана, хэн, хэрхэн бэлддэг вэ?, энэ талаар боловсролын байгууллагууд ямар үүрэг хүлээх вэ? зэрэг цаашдын хэлэлцүүлгийг нээх олон асуудал урган гарч байна.
Ардчилсан засаглалын үзэл баримтлалын дагуу тухайн орны хөгжил дэвшилд иргэний байр суурь, үзэл бодол, оролцоо нэн чухал билээ. Мөн нийгмийн хөгжлийн чиг хандлага, түүний ирээдүйн дүр зургийг тухайн нийгмийн гишүүдийн үзэл бодол, байр суурь, иргэнлэг хандлагаар тодорхойлдог хэмээн судлаачид тайлбарладаг.
Дээр дурдсанчлан, “хүмүүнлэг, иргэний, ардчилсан нийгмийг төлөвшүүлэхийн тулд Монгол Улсад олон тооны шинэчлэлүүд хийгдсэн бөгөөд одоо ч шинэчлэл үргэлжилсээр байна. Өөрөөр хэлбэл зөвхөн улс төрийн хүрээгээр жишээлэн үзэхэд засаглал дахь төвлөрлийг сааруулах, төрийн ба нутгийн өөрөө удирдах ёсыг хослуулах, чөлөөт, ардчилсан сонгуулийн тогтолцоо бүрдүүлэх, хууль эрхзүйн орчин бүрдүүлэх, нэг цэгийн үйлчилгээний тогтолцоог турших зэрэг олон чухал алхмууд хийгджээ. Гэвч эдгээр өөрчлөлт шинэчлэлүүд нь бүхэлдээ хууль эрх зүйн, засаглалын, эдийн засгийн механизм тогтолцоог бүрдүүлэх, тэдгээрийн үр ашгийг нэмэгдүүлэхэд чиглэгдэж иржээ. Өөрөөр хэлбэл манай улсын шинэчлэлийн үндсэн агуулга нь төрийн чадавхийг бэхжүүлэх зорилго бүхий техникийн шинжтэй өөрчлөлтүүд зонхилж байна.
Гэтэл уг шинэчлэлийг бүтээгч иргэн хэн болох, тэдний үнэт зүйлс, төлөвшлийн тухай асуудал ихээхэн орхигдож байна. Өөрөөр хэлбэл, төрийн зүгээс Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу ардчилсан иргэн төлөвшүүлэх, иргэддээ улс төр, эрх зүй, хүний эрхийн боловсрол олгох, оролцооны соёл, зан үйл төлөвшүүлэх талаар тогтолцоот бодлого, өөрчлөлт үгүйлэгдэж байна. Тухайлбал, Үндсэн хууль батлагдсанаас хойш нэг ч Засгийн газар Иргэний боловсролын хөтөлбөр дэвшүүлж, эсвэл түүнтэй дүйцэх хэмжээний томоохон санаачилгуудад бодитой дэмжлэг үзүүлж байгаагүй. Харин иргэний боловсрол олгох ажлыг иргэний нийгмийн байгууллагууд, олон улсын хөтөлбөрүүд өөрсдийн нуруун дээрээ үүрч, төрийн ачаанаас үүрэлцэж ирсэн нь бодит үнэн билээ. 1990-ээд оноос хойш Монгол Улсад ТББ-ууд иргэний боловсролын албан бус сургалтын чиглэлээр идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд1 эдгээр байгууллагуудын олонх нь хүний эрхийг хамгаалах, ардчиллыг бэхжүүлэх, ардчилсан нийгэмд мэдлэгтэй, мэдээлэлтэй, хариуцлагатай, идэвхтэй иргэдийг төлөвшүүлэхэд хувь нэмрээ оруулах гэсэн зорилтыг өөрийн үйл ажиллагааны эрхэм зорилго болгон ажиллаж байна. Гэвч судлаачдын дүгнэж байгаагаар ТББ-уудын дийлэнх нь хөгжлийнхөө нялх балчир өсөлтийн үедээ явж байгаа, боловсон хүчин, санхүүгийн чадавхи нь сул байна2. Мөн Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын байгууллагууд, тухайлбал, НҮБХХ, ННФ, АНУ-ын Азийн сан, Конрад Аденаур сан, АНУ-ын БНОУХ зэрэг байгууллагууд иргэний боловсролын чиглэлээр өргөн хүрээтэй үйл ажиллагаа явуулж байна. Эдгээр байгууллагууд юуны өмнө монголын төрийн бус байгууллагуудын иргэний боловсролын чиглэлээр хэрэгжүүлсэн хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх байдлаар иргэний боловсролыг дээшлүүлэхэд ихээхэн хувь нэмэр оруулж байна3.
Харин төрийн зүгээс энэ талаар дорвитой алхам хийж чадаагүй. Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу ардчилсан иргэн төлөвшүүлэх, иргэддээ улс төр, эрх зүй, хүний эрхийн боловсрол олгох, оролцооны, харилцааны соёл, зан үйл төлөвшүүлэх талаар тогтолцоот өөрчлөлт хийгээгүй, тэр бүү хэл уг ажлыг төрийн үүрэг, функц гэж авч үзэхгүй явж ирсэн нь иргэний боловсролд сөрөг нөлөө үзүүлж байна.
Нийгмийн салбар дахь шинэчлэл ийг аливаа бүтэц, байгууллагад бус харин иргэдийн сэтгэлгээ, хандлагыг өөрчлөхөд чиглэсэн оюун санааны үнэт зүйлс рүү чиглүүлэх нь илүү үр дүнтэй байдаг. Тиймээс дээрх нөхцөл байдалд үндэслэн “төрийн байгууллага, механизмд чиглэсэн бүтцийн шинжтэй өөрчлөлтүүдээс иргэдийн сэтгэлгээнд өөрчлөлт бий болгох боловсролын шинэчлэл илүү үр нөлөөтэй” хэмээн миний бие үзэж байна.
Үүнтэй холбогдуулан Монгол иргэдийн оюун сэтгэлгээ, иргэний менталитетийг бүрдүүлэх үүрэг хариуцлагыг хэн хүлээх вэ гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж гол үүрэг хүлээгч бол боловсролын байгууллага, тогтолцоо юм. 2002 оны “Боловсролын тухай хууль”-д “Монгол Улсын боловсролын тогтолцоо нь албан ба албан бус тогтолцоо байх тухай зааж “иргэнд боловсролын үйлчилгээ үзүүлэх” хэмээн зорилгыг онцолсон байдаг. Гэвч өнөөг хүртэл албан боловсролын тогтолцоон дахь иргэний боловсролын үзэл баримтлал бүрэн цэгцрээгүй, энэ талаар судалгааны баримт, дүгнэлтүүд ховор, сурах бичиг, сургалтын материал, мэргэшсэн багш, сургагч нар бэлтгэгдээгүй хэвээр байна. Ялангуяа иргэний боловсролын талаарх үзэл баримтлал, ойлголтын нэгдмэл байдалд хүрээгүйгээс шалтгаалан янз бүрийн төөрөгдлүүд гарч байна. Тухайлбал, өнөөдөр иргэний боловсролыг иргэншлийн онолтой адилтгах, Чингис хаан, Мандухай хатан зэрэг түүхэн баатруудад тулгуурласан иргэний үнэлэмжийг сурталчлах, хэт эх оронч, үндсэрхэг үзлийг дэвэргэх болон бусад үндэстэн, бусдын соёл уламжлалыг эсэргүүцэх зэрэг олон янзын хандлага, үнэлэмжийн нийлбэр байдлаар ойлгогдож тийнхүү заан сургаж байна. Мөн иргэний төлөвшлийн хамгийн чухал үнэт чанар болох оролцоог зөвхөн сонгуульд санал өгөх байдлаар өрөөсгөл байдлаар тайлбарлах, хотынхон ба хөдөөгийнхөн хэмээн иргэдээ алагчлах зэрэг үзэгдлүүд нийгэмд бодитой оршсоор байна.
Энэ чиглэлээр УТБА-иас “Азийн барометр” (2003, 2006), “Иргэний ба сонгогчийн боловсрол” (2007), ХЗҮТ-өөс “Иргэдийн эрхзүйн албан бус боловсролын хэрэгцээг судалсан тайлан” (2006), АНУ-ын Азийн сангаас “Эрх зүйн гэгээрэл” (2004) зэрэг судалгааны ажлууд хийгдсэн байна. Мөн 20О7 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар “Иргэний боловсролыг дэмжих үндэсний хөтөлбөр” боловсруулах ажил хийгдэж, уг бичгийн анхны хувилбарыг төсөл хэлбэрээр БСШУЯ-нд өргөн барьсан боловч өнөөг хүртэл шийдвэр гаргах түвшинд хэлэлцэж, батлаагүй байна. Мөн Монгол орны нийгмийн болоод боловсролын салбарын хөгжлийг тодорхойлох Монголын Боловсролыг 2006-2015 онд хөгжүүлэх мастер төлөвлөгөө, Мянганы хөгжлийн зорилтод суурилсан үндэсний хөгжлийн цогц бодлого (2007) зэрэг томоохон бодлогын баримт бичгүүдэд иргэний төлөвшил, иргэний боловсролыг ойлголт агуулгаар авч үзэх, боловсролын тогтолцоонд хэрхэн нэвтрүүлэх талаар хийсэн үнэлгээ дүгнэлт хараахан алга байна.
Ийнхүү боловсролын нэгэн салаа мөчир болох иргэний боловсролын хувьд түүний үзэл баримтлалын нарийн боловсруулаагүй, агуулгын хүрээг бүрэн ялгаагүй байна. Энэ талаарх бодлого боловсруулагчид болон эрдэмтэн судлаачид, багш нарын ойлголтын зөрүүгээс нь дээрх хичээлийг зааж, сургалтыг гардан зохион байгуулж буй багш нарын үйл ажиллагааны хүрээнд чухам ямар агуулга, хөтөлбөрийг боловсруулах, ямар сурах бичиг, сургалтын хэрэглэгдэхүүн ашиглах талаар тодорхой бэрхшээл бий болгож байгаа ажээ. Энэ нь Нийслэлийн Боловсролын газраас зохион байгуулж буй багш нарын мэргэжил дээшлүүлэх арга зүйн сургалтын үеэр ч ихээхэн хөндөгдөж байсан билээ.
Дэлхийн улс орнуудад “Иргэний боловсрол” хичээлийн агуулгыг олон хичээлээр өнөөг хүртэл олгож ирсэн байна. Тухайлбал, нийгмийн ухаан, нийгэм судлал, дэлхий судлал, хүн ба нийгэм, амьдралын ухаан, албан ахихуй, хүний эрхийн боловсрол, ёс зүйн боловсрол, эрх зүйн боловсрол зэрэг олон хичээлийн хүрээнд улс орнууд өөрийн иргэддээ орчин үеийн нийгэм дэх улс төр, эдийн засаг, соёл, ёс суртахууны харилцааны үндсийг заан сургаж, тэдгээр харилцаанд идэвхтэй үр ашигтай оролцох чадвар, хандлагыг төлөвшүүлж иржээ. Мөн түүнээс гадна иргэний боловсрол нь түүх, газарзүй, эдийн засаг, улс төр судлал, байгаль орчин судлал, шашин судлал, төрөлх ба гадаад хэл зэрэг бусад хичээлүүдтэй байнгын интеграцид байлган иргэдийг нийгмийн харилцаанд бэлтгэхэд анхаардаг байна.
Манай улсын ерөнхий боловсролын салбарт хийгдэж буй шинэчлэлийн үр дүнд иргэний боловсролын асуудлууд сургалтын агуулга, арга зүй, үнэлгээнд зохих хэмжээгээр тусгагдаж эхэлсэн билээ. 2004 оны 12-р сард батлагдаж, 2005-2006 оны хичээлийн жилээс эхлэн хэрэгжиж буй Бага, дунд боловсролын стандарт, Түүх, нийгмийн ухааны боловсролын стандарт нь суралцагчид нийгэмд оршин амьдрах арга ухаанд суралцаж, олон талт харилцаанд оролцох мэдлэг, чадвараа хөгжүүлэх, бие даан суралцах боломжийг олгохуйцаар сургалтыг төлөвлөх, зохион байгуулах, үнэлэх боломжийг олгож эхэлж байгаагаараа тухайн боловсролыг шинэ шатанд гаргасан ач холбогдолтой юм.4 Ерөнхий боловсролын стандартыг хэрэгжүүлэх хүрээнд ЕБС-ийн 6-9 ангид “Иргэншил”, 10-11 ангид “Нийгэм судлал” зэрэг хичээлүүд залгамж байдлаар орохоор сургалтын төлөвлөгөөнд тусгагдаж, агуулгын үлгэрчилсэн хүрээ, ном сурах бичгүүд гарч эхэллээ. Мөн ЕБС-ийн 1-10 ангид “Иргэний боловсрол” хэмээх хичээлийг оруулахаар тусгажээ.
Иргэний боловсролын ач холбогдлын талаар нуршихын оронд цаашид ямар арга хэлбэрээр хэрэгжүүлэх талаар саналаа солилцъя. Иргэний нийгэм, эрх зүйт төрийн төлөвшил сул, иргэдийн оролцоо сул байгаа нь улс орон урагшлан хөгжихөд учруулах тул шинжлэх ухааны үндэслэлтэй, хэрэглээнд тулгуурласан иргэний боловсролын цэгцтэй бодлого боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх механизмыг бүрдүүлэх шаардлагатайг харуулж байна. Иймд Монгол улс дахь иргэний боловсролын өнөөгийн төлөв байдлыг судалж тодорхойлох, үнэлгээ өгөхийн зэрэгцээ дэлхий дахины чиг хандлагыг судлан өөрийн орны чиг хандлагатай харьцуулан дүгнэлт хийх, иргэний боловсролын цогц хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх нь нийгмийн тулгамдсан асуудлын нэг болон дэвшигдэж байна. Иргэний боловсролын стратегийг боловсруулах иргэдийнхээ мэдлэг боловсролын төвшин, мэдээлэл авах боломжтой уялдуулсан олон хувилбарт, өвөрмөц бүтэц агуулга бүхий загвар хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх нь ардчилсан үйл явц агуулгын хувьд гүнзгийрэхэд чухал хувь нэмэр болно. Иргэний боловсролын зорилго нь иргэдэд эрх, эрх чөлөөгөө мэдэж, шийдвэр гаргахад оролцох, нөлөөлөх, улмаар өөрт тохиолдож буй асуудлуудаа шийдвэрлэх, нийгмийн хариуцлагатай гишүүн болон төлөвшихөд нь дэмжлэг үзүүлэх, чиг баримжаа олгоход чиглэх ёстой. Тиймээс энэ нь заах, сургах гэсэн нэг талт харилцаа биш бөгөөд иргэдийн хүсэл эрмэлзэл, хэрэгцээ сонирхол, оролцоонд суурилсан олон талын идэвхтэй, цогц харилцаа байвал зохистой.
Иргэний боловсрол олгох хичээлийг анги танхимд төвлөрүүлэх бус харин өөрийн сургууль, хороо, дүүрэг зэрэг нийгмийн тодорхой орчил дахь асуудлыг судлан танилцах, оролцон хэрэгжүүлэх боломжтой байхуйцаар зохион байгуулах арга хэлбэрүүдийг эрэлхийлэх хэрэгтэй. Үүний тулд тухайн орон нутаг дахь үйлдвэрлэл, бизнесийн байгууллагууд, сум дүүрэг, баг хороодын тамгын газар, иргэдийн хурал, бусад боловсрол соёлын байгууллагууд, эцэг эх, олон нийтийн оролцоог хангах, тэдгээрийг сургалтын үйл ажиллагаанд татан оролцуулах нь зүйтэй. Дор хаяж засгийн газар, парламентын ордон нь сургуулийн сурагчид, багш, оюутнуудаар дүүрэн байдаг бусад улс орнуудын адилаар манай төрийн ордон нь сурагч, багш нарын хувьд нээлттэй байх, оролцох, ажиглах боломжийг олгох нь зөв билээ.
Мөн тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээний байгууллагын үйл ажиллагаатай танилцах, бидний хэрэглээ болсон бүтээгдэхүүнүүд хэрхэн боловсруулагдаж иргэдэд хүрч байгааг танилцуулах нь сурагчдын хувьд мэргэжлийн чиг баримжаа авах, сонголт хийх болон бусдыг хүндэтгэх соёлд суралцуулна.