Нэг сонин түүх бий. 2002 онд Буриадын Зүрхэн хэмээх газраас Буриадын Хамба лам Итгэлийг оршуулсан газраас түүний шарилыг гаргаж ирэхэд 75 жилийн тэртээ завилан суугаагаараа таалал төгссөн яг л тэр чигтээ гарч ирж, Буриадын төдийгүй дэлхийн шашны зүтгэлтэн, эрдэмтэн, түүхчдийн гайхашралыг төрүүлсэн.
Энэ тухай дөрвөн жил шуугиж, одоо ч нууцыг нь тайлаагүй байгаа. Буриадад байгуулагдсан Итгэл хамба ламыг судлах хүрээлэнгийн захирал, хамба ламын нагацын талын хүн болох Васильева Янжмаа Даваевнатай Монголд ирээд байхад нь уулзаж ярилцлаа.
- Та Монголд ямар ажлаар ирснээ танилцуулна уу?
- Би Монголын шашны зүтгэлтэн, эрдэмтэн, түүхчидтэй уулзахаар ирсэн. Итгэл хамбын тухай лекцийг жилд дөрвөн удаа Улаан-Yдэд, бас Москвад нэг удаа уншдаг. Мөн АНУ-ын Колумбын их сургууль лекц уншаач гэж уриад байгаа. Очиж лекц уншихдаа мэдээллээ байнга баяжуулж байх учиртай учраас мэдээлэл цуглуулж яваа. Ер нь Итгэл хамбыг хүн төрөлхтөнд таниулах учиртай.
Манай хүрээлэн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд Буриад, Чит муж болон Москвагийн баримт бичиг, баримтат кино, зургийн архиваас багагүй материал цуглуулаад байгаа. Москвагийн архиваас Монголтой холбоотой хоёр баримт олсон. Түүнээс илүү баримт олох нь бидний зорилго. Чин ван Ханддорж 1913 онд Оросын хоёрдугаар Николай хааны урилгаар Орост зочлоход хамт авахуулсан түүхэн зургийг нь бид олсон нь монголчуудад сонирхолтой байх болов уу. Богдхаан 1913 онд Эрдэнийн очир алмаазтай нэгдүгээр зэргийн одонг Хамба лам Итгэлд олгосон гэж архивт үлдээснийг олсон. Богдхаант Монгол улсын үед амьдарч байсан монгол хүн учраас бид эндээс илүү их мэдээлэл олно гэж найдаж байна.
Монголын Шинжлэх ухааны академийн төлөөлөгчид Улаан-Yдэд өнгөрсөн тавдугаар сард хийсэн хэвлэлийн хуралд оролцоод энэ талаар их сонирхож байсан. Биднийг ирэхийг урьсны дагуу хамтран ажиллахаар ирсэн минь энэ.
- Хамба ламын олон жилийн дараахь биеийн байдлын нууцыг тайлж чадахгүй байгаа гэсэн. Энэ талаар ямар судалгаа хийж байгаа вэ?
- 2004 онд ОХУ-ын ЭМЯ-тай хамтран, ялангуяа Оросын шүүх эмнэлгийн шинжээчийн төвтэй хамтран шинжилгээ судалгаа явуулсан. Хамба ламын бие 1927 оны зургадугаар сарын 15-нд таалал төгссөн өдрөөс хойш одоог хүртэл нийтдээ 79 жилийн хугацаанд өөрчлөгдөөгүй. Оросын хамгийн том эрдэмтэн, тус төвийн эрдэмтэн, профессор Зягины тогтоосноор, Хамбын цогцос биднийхтэй адил төдийгүй амьд организм төдийгүй уурагтай гэсэн. Амьдаараа бараг бурхан болсон хүн ч гэж ярих нь бий. Физикийн ухааны тогтоосноор, хүн суугаа, босоо байдлаар хоёр долоо хоногоос илүү хугацаагаар байж чадахгүй гэсэн байдаг. Гэтэл нийт 79 жил суугаа байдалтай байна.
Шинжлэх ухаанд шарилыг занданшуулах, хатангиршуулах, лаагаар сэргээх гэсэн гурван аргыг нээсэн байдаг. Тэгвэл Хамба ламын цогцсыг аль ч аргаар янзлаагүй. Яг л байгаагаараа байгаа. Монгол аргаар, бясалгалын хүчээр өөрөө суугаагаараа таалал төгссөн, тэр л чигээрээ байгаа. Дэлхийн чадалтай эрдэмтдийг нуман тулгуурт оруулаад байгаа энэ байдал шинжлэх ухаанд дөрөв дэх байдлыг нээхэд хүргээд байна. Тэр ч бүү хэл, амьд хүн шиг зөөлөн арьстай, татахад атираад буцааж тавигддаг, гэдсэн дээр нь дарвал гарын ор гарч хонхойдог ч хэвэндээ орно. Олон хүн цугларах үед хөлөрнө. Хувцас өмсөнө. Гэхдээ хувцсыг нь өмсүүлэхэд ямар ч зовлонгүй. Гар, хөл нь, бүр хуруу нь нугалардаг. Физикийн бүх л хуулийг зөрчиж буй энэ нууцыг одоо хүртэл хэн ч тайлж чадахгүй байгаа нь гайхалтай.
- Та одоогийн байдлыг нь дүрслээч. Ямар нөхцөлд хадгалдаг вэ?
- Одоогоор Улаан-Yдийн хамгийн том хийдийн хоёрдугаар давхарт хөргөгчинд хадгалж байгаа. Итгэл хамбад зориулсан дуганыг барьж байгаа. Хамба ламын шарил 47 кг жинтэй. Дээр үеийн номд бичсэнээр, занданшуулсан шарилыг нэмэх дөрвөн градуст хадгалдаг гэж эрдэмтэн Алфёров хэлсэн. Харин Хамба ламын шарилыг яаж хадгалахыг мэдэх хүн байхгүй.
Итгэл хамбыг харж, биеийг нь үзэж байдаг Бямба гэж лам бий. Хувцсыг нь сольж, өдөр тутам уулзана. Бямба ламаас ямар холбоотой байдаг тухай хүмүүс сонирхож асуудаг юм. Өөрөө би хэлж чадахгүй байна, гэхдээ л намайг удирдаад байдаг гэдэг. Ямар нэг мэдрэмж төрдөг, заримдаа зүүдэнд нь орж ирдэг гэдэг. Хувцсаа солимоор байна гэх зэрэг нь мэдрэгддэг гэдэг.
- Хүмүүст харуулах уу?
- Жилд долоон өдөр л хоёрдугаар давхраас буулгаж үзүүлдэг. Бурхан багшийн их дүйчин өдөр. Хүмүүс оочерлон орж, хадгаас нь адис авдаг. Тэр үед олон зуун хүн дэлхийн олон газраас цуглардаг.
Хүмүүсийг урин дуудаагүй ч дэлхийн олон орноос өөрсдөө ирж, аврал эрдэг. 24 дүгээр Хамба лам маань “Итгэл хамба эргэн ирснээр эргэлздэг хүмүүсийн эргэлзээг арилгаж, найдаж буй хүмүүст илүү их найдвар төрүүлсэн. Харин юунд ч итгэдэггүй хүмүүст эргэлзээ төрүүлсэн” гэж ярьдаг. Анх шарилыг гаргасны дараахан Москвагаас ирж зураг авсан хүмүүс гурван жилийн дараа дахин ирэхэд нь бид асуусан л даа. Чухам юу өөрчлөгдсөн байна гэж. Тэд “анх харсныг бодоход илүү гэрэлтсэн, үс нь ургаж харласан, бас нүдийг нь харж байна” гэж хэлсэн.
Хүн төрөлхтөний түүхэнд анх удаа учирч буй гайхамшигтай тохиолдол. Дэлхийн Буддын шашны дөрвөн том төлөөлөгч хүртэл янз бүрээр тайлбарлаж байна. Далай лам хамба лам Итгэл медитацийн байдалд байгаа, Гэгээрлийн зам руу аажим аажмаар явж буй, бурхан болно гэж хэлж байгаа. Энэтхэгийн есдүгээр Богд гэгээн болохоор Бурхан болчихсон гэсэн. Манай 24 дүгээр хамба лам хэлэхдээ “Төрсөн болгон үхэх учиртай. Yхсэн л бол бие нь алга болох ёстой. Харин Хамба лам Итгэлийн бие он удаан жил өөрчлөгдсөнгүй. Тэгэхээр эх дэлхийн бүтээл биш байх” гэсэн.
- Та Хамбын тухай лекц уншдаг гэсэн?
- Хаа ч явсан хүмүүс их сонирхож, ярьж өгөхийг хүсдэг. Шинэ мэдээлэл байна уу гэдэг. Бид жилд дөрвөн уда Улаан-Yдэд “Итгэл хамба лам болон бидний үе” сэдвээр хэвлэлийн хурал хийлгэж, шинэ мэдээлэл хүргэж байдаг. Энэ ч утгаараа бид шинэ шинэ мэдээлэл хүргэхийн тулд шинэ мэдээлэл байнга хайж байдаг. Сүүлд Хамба ламын өөрийн нь бичсэн “12 амьдрал” номыг нь олж авсан. Тэнд эхний таван хүн Энэтхэгт, дараагийн таван хүн Түвдэд, хоёр хүн Буриадад төрж, амьдарснаа тодорхой бичсэн байдаг. Өөрийгөө хувилгаан лам гэсэн байдаг бөгөөд 11 дэх нь Зая бандид, 12 дугаарх нь хамба Итгэл.
Итгэл хамбыг яаж гаргаж ирсэн тухай баримтат кино бүтээсэн. Тэнд тодорхой өгүүлдэг юм. Оршуулсан газрынх нь ойролцоо таван бумба тойруулан тавьсан байдаг. Эдгээр нь тухайн биеийг муутгахгүй, ус, чийг, агаарыг тааруулж байхад зориулагдсан юм болов уу гэж таамаглаж байгаа. Оршуулсан хайрцаг нь зүв зүгээр, шив шинэхнээрээ хадгалагдаж байсан нь мөн л нэг сонин үзэгдэл.
Итгэл хамбатай холбоотой домог яриа их байдаг юм билээ. Жишээ нь, Дэлхийн нэгдүгээр дайны үед 300 гаруй казах хүн дайнд явахдаа Итгэл хамбад мөргөөд зангиа зүүгээд мордож. Гэтэл бүгд эсэн мэнд эргэж ирсэн. Одоо ч дайн байлдаантай байгаа Оросын зарим газрын хүмүүс ирж мөргөн адис авдаг. Оросын Дотоод явдлын яамны сайд нь машиндаа Итгэл хамбын зургийг тавьчихаад явахад суманд оногдохгүй байсан. Гайхаад, энэ зураг хэнийх вэ, юун хүн бэ гэж асууж байсан гэдэг. Дэлхийд сенсаац тарьж байгаа. Израилийн улсын телевиз хоёр удаа, Герман, Австрийн телевиз байнга ирж, Итгэл хамбын тухай мэдээлэл авах, зураг авахыг хүсдэг ч зөвшөөрөхгүй байгаа.
-Зая бандидыг таалал төгссөнөөс 75 жилийн дараа дахин төрсөн. Мөн төчнөөн насалсан гээд нэг тоо давтагдаад байх шиг. Номдоо 75 жилийн дараа дахин төрөх болов уу?
-Энэ тухай бичээгүй байсан. Итгэл хамба лам сүсэгтэн олондоо хандаж хуучин монголоор бичсэн нэг захидал орхисон байдаг. Одоо хүртэл лам нар тайлж байгаа. Маш том ажил л даа. Тэнд 2002 оны есдүгээр сарын 10-нд буцаж ирнэ гэсэн байдаг. Өөр нэг захидалд бидэнтэй 1250 жил хамт байна гэсэн байдаг. Гэхдээ ажил үргэлжилж байна. Лам нарын хэлж буйгаар, нэг захидал нь Ганжуурын 108 ботьтой тэнцэнэ. Тэнд бүх л юм бий гэсэн. Оросоор орчуулахад бараг 40 хувь нь утгаа алддаг гэдэг тул бүх судар нь буриад хэлээр орчуулагдсан байгаа.
goyonuud.blog.banjig.net