Бахархууштай нь бас л Монголын нэг бус тамирчны нэрийг олимпийн медальтнуудын тоонд оруулжээ. Ялангуяа чөлөөт бөхийн 55 кг-ийн жинд Монголын Баяраагийн НАРАНБААТАР алтан медаль хүртэж, дэлхийн аварга, ОХУ-ын бөх Бесик Кудуков мөнгө, Беларусийн Риван Гажиев, Узбекистаны Мансуров нар хүрэл медаль зүүнэ гэж таамаглажээ.
Мөн боксын 54 кг-ийн жинд ОХУ-ын Сергей Водопьянов Олимпийн аварга болж, Германы Рустам Рахимов мөнгө, Монголын Энхбатын БАДАР-УУГАН , Тайландын Ворапаж Петчкум нар хүрэл медаль авна гэж бичжээ.
Манайхны найдвар тавьж буй жүдо бөхийн 60 кг-ийн жинд Австрийн Людвиг Пэйшер алт авч, Холландын Рубен Хоукес мөнгө, БНСУ-ын Чой Мин Хо , Гүржийн Нестор Кержиани нарыг хүрэл медаль хүртэнэ гэсэн байна. Манай Х.Цагаанбаатарын болон бусад жүдочдын нэр медаль “авах” бөхчүүдийн дунд алга.
Эмэгтэйчүүдийн сдортын болон хийн гар бууны төрөлд бид О.Гүндэгмаа, Ц.Мөнхзул нарыгаа ямар ч байсан нэг “юм дуулгана” гэж хүлээж байгаа. Харин “Sports Illustrated” ч , “USA Today” ч Монголын “мэргэн буучдыг” тооцоонд оруулахгүй байна.
Эцэст хэлэхэд дээрх үүнд нэг их баярлаж хөөрөөд, эсвэл гутаж гунихраад байх зүйл ердөө ч байхгүй. Энэ бол зөвхөн тухайн сонин, сэтгүүлийн редакцийн л байр суурь, таамаглал юм. Гэхдээ бас ямар ч байсан Америкийн нөлөө бүхий хэвлэлүүд Монголын тамирчдыг ийнхүү үнэлж, Монгол Улс “Бээжин-2008” олимпийн наадмаас хоёр медаль, тэр дундаа алтан медаль хүртэж, Олимпийн аваргатай болно гэснийг ихэд бэлгэшээхээс өөр яалтай. Ерөөл бат оршиг ээ!