2009-12-25
"Монголын Нууц Товчоо" бол хятад түшмэдэд зориулсан сурах бичиг


Чи 13-р зуун, Чингис хаан, Их Монгол улсын тухай унших бүрд “Монголын нууц товчоо” гэдэг номын нэр байнга тааралдана. Энэ ном манай түүхийн гол сурвалж бичиг юм. “Сурвалж бичиг” гэж, тэр үеийн явдлыг бичиж үлдээсэн номыг хэлж байна.

Тухайн үед болсон явдлыг бичиж үлдээсэн ном дараа дараагийн үе үеийн эрдэмтдийн судалгааны материал болдог юм. Энэ “Нууц товчоо” гэдэг ном 1240 онд зохиогдсон байх гэж олон эрдэмтэн үздэг. Хэн гэдэг хүн бичсэний нь ч одоо мэдэхгүй. Эрдэмтэд янз янзаар л таамагладаг. Бүгд худлаа. Ийм “худлаа” таамаг дэвшүүлэхийн тулд шинжлэх ухаан байгаа юм чинь, судлаачид хийдэг ажлаа л хийж байгаа нь тэр. Тэд буруугүй. Аав нь, энэ номыг бишгүй л олон уншлаа. Энэ номонд наад зах нь 4 өөр найруулга мэдрэгддэг. Энэ ном бол 4 өөр номноос хэсэг хэсэг текстийг тэр чигээр нь эвлүүлчихсэн ном.

Уг нь энэ ном бол, хятад түшмэдэд зориулсан монгол хэлний сурах бичиг. Энэ номны монгол эх гэж байхгүй. Монгол үгийг хятад ханзны дуудлагаар биччихсэн ном. Тэр ханз үсгийг дуудлагаар нь дуудахаар монгол үг босож ирдэг юм. Сурах бичиг ч гэж дээ, үнэндээ бол текстний ном. Энд нэг юмыг санаарай. Номыг хүн л бичнэ. “Нууц товчоо”-г ч мөн, хэн нэгэн хүн л эвлүүлсэн нь мэдээж. Тэр хүн ном бичихдээ зорилгодоо нийцүүлж бичих нь бас мэдээж. Тэр тусмаа, монголын нүүдэлчдийг дайснаа гэж үздэг үед, дайсан улсынхаа хэлийг заахдаа үнэн байдлыг тэр хэвээр нь заана гэж ер хаана байхав дээ. Улсын бодлого гэж байна. Тэгээд ч тэр дээр үед, ялангуяа хятадууд бол, зэргэлдээ улс үндэстний түүхийг ямагт гуйвуулж бичдэг нь бүр тогтсон зуршил байв.

Нууц товчоог ч мөн өөрсдийнхөө үе үеийн залуу түшмэдийн тархийг угаах зорилгоор зохиомлоор өдий төдий юм оруулсан нь яаж ч бодсон мэдээжийн юм. Гэтэл манайхан Нууц товчоонд байгаа юмыг жаахан ултай эргэцүүлж авахгүй, сайнтай муутай бүгдий нь туйлын үнэн мэт ойлгож, үзэж ирсэн нь, Монголын түүхийг аймшигтайгаар гуйвуулахын эхлэл болов. Ер нь дайсан гэдэг бол, эсрэг талынхаа хамгийн эмзэг юмыг онилох нь ойлгомжтой. Тэгвэл тэр үеийн дайсан болох хятадууд, бидний юуг онилж таарах вэ? Бидний хамгийн нарийн нандин, эрхэм зүйл гэж юу вэ? Монголчууд бидний эрхэмлэн дээдэлдэг зүйлийн нэг бол удам угсаа. Энэ бол баян ноён угсаатай бол түүгээрээ бахархана гэсэн үг биш, нийт монголчуудыг үе үед залгамжилж үлдээж ирсэн, бидний өмнөх үеийн бүх л монголчууд юм шүү. Бид монголчууд, удам залгах хүү төрөхөд баяртай байдаг. Бидний хувьд хамгийн эмзэг нандин зүйлийн нэг бол удам залгах хүү. Хятадууд манай монголчуудын энэ нандин юм руу нь халдсан юм.

Тэр нандин юмы нь шившиглээд өгвөл, монголчуудыг үеийн үед доош нь хийнэ, монголчуудын сүр сүнс хийморь үүрд үгүй болно гэж бодсон. Тэгээд, Нууц Товчоонд, Чингис хааны том хүүг, анхны хүүг, Хэрэйдийн хүү мэтээр бичсэн юм. Чингис дөнгөж гэрлээд байхад Хэрэйдүүд довтолж ирээд эхнэрий нь булаагаад явчихжээ. Дараа нь, Чингис хүчтэй болоод, Хэрэйд рүү дайрч, эхнэрээ чөлөөлж авчээ. Ингэж ирэхдээ эхнэр нь жирмэсэн байв. Ингээд, цаг хугацаа өнгөрсөөр хүүхдээ төрүүлсэн нь том хүү Зүч байв гэнэ. Үнэндээ түүхэнд бол тийм юм огт болоогүй. Энэ домог, дэлхий даяар тараад, одоо бүр бүх хүн тэгэж боддог, шинжлэх ухаан ч тэгэж үздэг болжээ. Ийм юм гэж байх уу? Монголчуудын хувьд бага хүү их үүрэгтэй. Бага хүү нь аавынхаа голомтыг сахиж, хамгаалж үлддэг. Дайсан бас энэ эмзэг зүйл рүү халдах нь мэдээж. Чингисийн отгон хүү Тулуйг бас Чингисийн хүү биш гэдэг домог байдаг юм. Тулуй ногоон нүдтэй, шар үстэй гэнэ ээ. Удахгүй энэ домог бас түмэн зүйл кино, жүжиг, зохиолын сэдэв болоод даян дэлхийгээр тархана даа.

Энэ домгийг жаахан ярья. Хятадын сурвалж бичигт, Чингис хаан 1197 он хүртэл жүржэний (жүржэн гэж, сүүл үеийн манж нарын өвөг. Хятадын нэг аймаг муж байв. Ч.Ч) шоронд хоригдсон гэж бичсэн байдаг аж. Энэ мэдээг эрдэмтэд үнэн байж магадгүй гэж боддог. Учир нь, 1185-1197 оны хоорондох Чингисийн тухай мэдээ байдаггүй гэнэ. Тэгэхээр энэ 11 жилийг Чингис шоронд өнгөрөөсөн нь үнэн болох гээд байдаг. Тэгээд Чингис яаж ийгээд оргож иртэл, 13000 цэргээс нь 3000 үлдчихсэн, аймаг орон нь самуурсан, дүү Хасар нь Хэрэйдүүдтэй нөхөрлөөд явчихсан байсан гэнэ. Энэ домгийг жаахан мөшгөж үзье. Чингис хаан 1162 онд төрсөн гээд бодохоор 23 настайдаа “шоронд суугаад”, 34 настайдаа арайхийж оргож ирсэн болох нь ээ. Гэтэл, 1197 онд оргож ирсэн хүн чинь, 1 жилийн дараа буюу 1198 онд хэдийн хүчирхэг удирдагч болчихсон байдаг. Чингисийг эзгүй байх хооронд буюу 1193 онд Тулуй төрсөн гэдэг. Энэ бүгд хятадуудын зохиосон домог юм шүү. Битгий итгээрэй. Энэ худлаа домгийг олон хүн мэдэхгүй. Гэхдээ хэзээ нэгэн цагт хэн нэгэн эрдэмтэн сүр дуулиан болж мэдэгдэхийн цагт, битгий балмагтан цочимдоорой гэж урьдчилан сануулах үүднээс би одоо зориуд дурдаж байгаа юм.

Энэ домгийг няцаахын тулд Чингис эдгээр онуудад юу хийж байсныг цухасхаан үзье. Үйл явдал нь хоорондоо холбоотой учир 1 жилийн өмнөхөөс үзье. 1184 он. 22 настай. Чингис цэрэг илгээж Хэрэйдийг аврав. Хэрэйдийг сөнөөлцөх хэрэгт хамтарсан Найман улс мөхөх нь ойлгомжтой болно. Жамух Чингисийн цэрэгтэй байлдаад дийлдэж зугтав. 1185 он. 23 настай. Чингис их цэргээ цуглуулав. Жамухыг дагаж долдойдож яваад баригдсан Хотагана Бэхийн амийг хэлтрүүлэн тавьж явуулав. Мөн, дагаар орсон олон аймгийн хэргийг хэлэлцэх үед, Мэнлиг Чингист, гурван үеийн өст тайчуудыг даран сөнөөх цаг болсныг сануулан хэлэхийг Бөх Бэлгүтэй сонсоод, болгоомжгүйгээр үг алдаж, тайчууд тэрий нь сонсож үймэн самуурав. Чингис тэднийг хэлтрүүлэх захиа буулгаж тайвшруулав. Үүнээс хойш Бөх Бэлгүтэйг Их Зөвлөлд оруулахаа болив. Зугтсан Жамух Хэрэйдийн хүнд баригдана. Баригдаж очоод Хэрэйдийн Хэ ванг (Ван хан) элдвээр ятгадаг. Хэ ван түүний амийг өршөөнө. Чингисийн дайсан Жамухыг өршөөсөн учраас Хэрэйд улс мөхөх нь гарцаагүй болов. 1186 он. 24 настай. Найманы их цэргийг дарав. 1187 он. 25 настай.

Гуравдугаар хүү Өгөдэй төрөв. 1188 он. 26 настай. Дөрөвдүгээр хүү Тулуй төрөв. 1189 он. 27 настай. Их хэргийн үүднээс Чингис Хэрэйд улсад очих болов. Бүгдийг дахин дахин хянан энэ явдалд бэлдэв. 1190 он. 28 настай. Хэрэйдийн Хэ ван (Ван хан) -тай уулзав. Найрын үед Чингисийг хэдэнтээ хорлох гэв. Тэгээд Чингистэй хамт явсан жанжин цэргүүд Хэ ванг барин хүлээд, Чингисийг хамгаалсаар нутгийн зүг эргэв. Энэ мэтчилэн үйл явдал цаашаа өрнөнө. Энд ямар ч 11 жил түүх завсардсан юм байхгүй. Дээрх зохиомол домгоос харахад, дайснууд бидний хамгийн нарийн нандин шүтээн болох Чингис хааныг их онилсон байгаа биз? Түүний том хүү, бага хүү хоёрыг өөрийнх нь хүү биш гэдэг домог зохиожээ. Хэрвээ чаддаг бол тэд, Чингис хаан гэж түүхэн хүн байгаагүй гэж хэнэггүй бичиж чадна. “Даанч” Чингис хаан бол яах аргагүй бодитой амьдарч байсан хүн учраас, тийм хүн байгаагүй гэж яагаад ч үгүйсгэж чадсангүй. (Энд ташрамд дурдахад, Орост Чингис хаан гэж огт байгаагүй гэсэн ном хэдэн жилийн өмнө гарсан.) Тэгээд хүнийх нь хувьд гутаах гэж боджээ. Том хүү, бага хүү хоёры нь өөрийнх нь хүү биш гэдэг домог. Юм гэдэг их нарийн шүү охин минь! Юмны учрыг нарийн бодож бай! Бодохдоо, нэгд, бидний үндэс угсаанд халтай юм биш биз гэдгийг хамгийн түрүүнд бодох ёстой. Ер нь бүх юмыг үнэлэх шалгуур нь, ерөөсөө л энэ. Ямар ч юмыг уншихдаа ямагт энэ талыг нэгд тавьж уншиж байгаарай. Үйл явдал бол юу ч биш. Тэр үйл явдал бол зүгээр л, өнгө будагтай адил зүйл юм шүү. Тэр үйл явдал, өнгө будгийн цаадах мөн чанарыг таних гэж уншдаг юм шүү. Ямар ч судалгааны мөн чанар үүнд л оршдог.

Олон зуун жилийн өмнө зохиогдсон, өөрсдий нь гутаасан домгийг манайхан өөрсдөө тэр хэвээр нь дэлгэрүүлээд, кино жүжиг зохиолоор баяжуулаад тараагаад байгаа нь манайхны богино ухаантай, тэнэгийг л харуулж байгаа хэрэг юм. Ийм байдлыг соргог манаж байх ёстой улс нь эрдэмтэд юм шүү дээ. Цэрэг хүн буу бариад эх орноо хамгаалдаг бол эрдэмтэн хүн ухаанаараа эх орноо хамгаалдаг юм. Тусгаар тогтнолынхоо төлөө гадаадын эрдэмтэдтэй ухаанаараа үзэлцдэг юм. Бидний түүхийг, бидний өнгөрснийг хэн гутааж доромжилж байна гэдгийг л соргог олж харахын тулд судалгаа хийж байгаа юм шүү дээ. Бидний түүхийг гутааж доромжилно гэдэг бол биднийг үгүйсгэж байгаа хэрэг. Энэ бол, “судалгааны хүрээний” бие биенийхээ үзэл бодлыг үгүйсгэж байгаа, хөнгөхөөн хэрэг биш шүү. Биднийг хүнийх нь хувьд үгүйсгэж байгаа юм. Тийм учраас ийм аливаа хандлагыг эрс шууд эсэргүүцэж байх ёстой.

Ч.Чимэгбаатар

"Охиндоо хүүрнэх Монголын түүхийн учир" 2007 номын хэсгээс

Бичсэн: EDUCATION | цаг: 15:37 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(2)
Сэтгэгдэл:


MNT-g het shutdeg ni unen l dee, gehdee arai oor ontsgoosoo

Christ, Muslim shashintnuud biblee tuiliin unen bogood ariun gej uzseneeree shinjleh uhaanii eleg doog boldog shig l yum bolood bh shig sanagddag yum daa
Бичсэн: BS (зочин) цаг: 08:11, 2010-01-16 | Холбоос | |


уншигч
Яг оноосон гарчигийг үзэхүл МНТ нь Хятад түшмэлийн Монголын түүхийн судлах сурах бичиг байсан гэж тулгаад байх шиг.
Бичсэн: gankhuu (зочин) цаг: 12:13, 2010-01-15 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1819041 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax