2010-01-29
БИ БОЛОВСРОЛЫН “ТЭРГҮҮНИЙ БИШ” АЖИЛТАН

Монголын багш нарын баяр дөхөж байна. Боловсролын салбарынхан шилдэгүүдээ шалгаруулж тодруулж, баяраа тэмдэглэж эхэллээ. Боловсролын салбарт ажиллаж, бүхнийг хүүхдийн төлөө зориулж байгаа жинхэнэ шилдэг тэргүүний ажилтан, сурган хүмүүжүүлэгчид зөндөө, тааруухан сулхан нь ч мэдээж бий л байх. Ийм хүнд нөхцөлд, ийм шударга бус нийгэмд, тийм бага цалинтайгаар, тийм үнэнчээр эсхүл тэсвэртэйгээр ажилласаар байгаа “багш дор мөргөмү”.

Шагналаар хуурах нь. Гэхдээ багш нарын гавьяаг жилдээ нэг л удаа санан дурсацгааж, тэдний хөдөлмөрийг энэ өдөр л нэг удаа үнэлж алтан үсгийн үнэмлэхээр шагнаад өнгөрөх нь зөв үү? Социализмын үеэс уламжлалтай энэ шагналын систем ер нь хэзээ цуцлагдах бол. “АНУ-ын гавьяат жүжигчин Майкл Жексон” гэлээ гэдэг шиг, ер нь америкт багш нарын баяр гэж байдаг болов уу, багш нарын өдөр гэж байдаг л байх, байлаа гэхэд багш нараа өргөмжлөл жуух, сайшаалын үнэмлэх, одон медалиар шагнадаг болов уу? Гэхчлэн ургуулаад бодвол Монголд ёс бус зүйл их байна. Багш нарын хөдөлмөрийн үнэлэмж Монголд ихээхэн унажээ. Хэдэн хүүхдийн урд гараад хэдэн минут худлаа яриад, бараг сул шахуу мөнгө авдаг амар ажилтай улс гэж ойлгодог нь олон. Тэгсэн мөртлөө хүүхдийнхээ хувь заяаг багш нарт бүрэн даатгаад сургууль төгсөх үед нь тэднээс асар ихийг шаардана. Хүүхэд нь муу сурвал багш нарын буруу, хүүхэд нь сургуульд орж чадахгүй бол багш нарын буруу, хүүхэд нь асуудалд холбогдвол сургуулийн буруу. Багш нарын чадлынхаа хэрээр хөдөлмөрлөх боловч харин хөдөлмөрлөснийхөө хэртэй цалин урамшуулал авч чадахгүй байна.

Төрийн конпенсаци. Дүгнэвэл боловсролын салбарт ажиллагчид ч боловсролын салбараас үйлчилгээ авч суралцагсад ч аль аль нь сэтгэл ханамжтай биш байна. Өөрөөр хэлбэл бараа худалдан авагч болон борлуулагч талууд аль аль нь өөрийн хүссэн үнээр, өөрийн хүссэн бараа үйлчилгээг авч чадахгүй байгаа билээ. Худалдагч худалдан авагч хоёр тал аль аль нь сэтгэл ханамжтай байх тийм харилцан ашигтай солилцоо энд явагдахгүй байгаа юм. Буруутан нь мөнөөх л “ТӨР”. Төр л дундуур нь орж, байж бай байж бай, хүлээж бай, танай хүүхдэд боловсролыг “үнэгүй” олгоно, дээрээс нь сурах бичгийг нь “үнэгүй” өгье, өдөр “үнэгүй” хоол өгнө, “үнэгүй” багшаар “үнэгүй” хичээл заалгана, замын зардлыг нь өгье, дотуур байранд “үнэгүй” суулгая, автобусанд “үнэгүй” явуулъя гэж хутгаж байгаа билээ. Үнэгүй юм үнэгүй л байдаг. Үр дүнд нь багш нь ч “үнэгүй”, сургалт нь ч “үнэгүй”, хамгийн гол нь төгсч гарч байгаа бүтээгдэхүүнүүд төгсөгчид ч бас “үнэгүй” болчихоод байгаа юм. “Үнэгүй” юм үнэндээ байдаггүй гэж М.Фридман айлджээ. “Үнэгүй” юмны үнийг хэн нэг нь төлж л байгаа, тэр мөнгө нь явж явж таны халааснаа л гардаг гэнэ. Харин Төр нэр хүндийг нь өөртөө авангуутаа багшийг ч үнэгүйдүүлж, боловсролыг ч үнэгүйдүүлэнгүүтээ, “үнэгүй” багш нараа “үнэгүй” шагналаараа хуурч, өргөмжилж, цол гуншин олгож, “үнэгүй” аргалж байгаа билээ.

Тэгш хуваарилдаг шагнал. Боловсролын салбар ийм олон гавьяатантай гэж үү? Бараг бүгдээрээ гавьяа байгуулсан гэж үү? Мэдээж үгүй. Учир нь гэвэл энэ шагналууд нь бас л хавтгайрчихсан, хавтгайрчихсан болохоор утга учраа алдчихсан байна. Шаталсан сургалтын тогтолцоотойгоо адилхан шаталсан шагналын систем бий болчихсон. Кредит систем шиг кредит цуглуулж идэвхийн оноогоор л эдгээр шагналуудыг түүж болно. Хэрэв чи тасралтгүй ажиллаж л байгаа бол шагнагдах нь тодорхой, ээлжээ хүлээгээд л байж байх хэрэгтэй. Сайн ажиллана уу, муу ажиллана уу энд падлийгүй. Хоёр өдөр нь хичээлээ заагаад бусад өдөр нь гуанзаа ажиллуулаад архиа зараад явсан ч чиний ээлж болоход шагнагдах нь  тодорхой. Тэгэхээр энэ шагналын систем нь сэдэл төрүүлэх бүтэц огтхон ч биш шагналд ээлжлэн хамруулах тэгшитгэн хуваарилалтын систем л аж.

Өөрийгөө тодорхойлох нь. “Чи одоо боловсролын тэргүүн авах болсон” гэж байгаа бол чамайг сайн ажиллаж байна гэсэн үг биш, одоо чиний ээлж болсон, чи зөндөө удаан ажиллачихжээ л гэсэн үг. Шагналд тодорхойлоход байгууллагын тодорхойлолт гэж нэг юм хийнэ. Зүй нь бол шагнах гэж байгаа хүн нь шагнуулах гэж байгаа хүнээ үнэхээр шагнал авах юм хийсэн хүн гэдгийг нь үндэслэж тодорхойлох учиртай. Харин шагналыг ээлжлэн хүртээдэг болсон болохоор ямар гавьяа байгуулсныг нь ч мэдэхгүйгээр л шагналд тодорхойлох хэрэгтэй болно. Гавьяа байгуулаагүй байж ч болох хэн нэгнийг шагнуулах гэж байгаа болохоор шагнуулах үндэслэлийг нь гаргах хэрэгтэй болноо доо. Удирдлагуудад тийм зохион бичлэг бичиж байх зав ч байхгүй, чадал ч байхгүй, хүсэл ч байхгүй. Тиймээс л, шагналд дуртай юм бол өөрөө өөрийгөө магтаад, өөрөө өөрийгөө тодорхойлоод материалаа бүрдүүлээд цагт нь өг, тэгвэл шагнагдах магадлалтай. Хүн шагнагдахын тулд өөрийгөө тодорхойлох хэрэгтэй болно. Өөрийнх нь тодорхойлолтоор шагнах нь ер нь хэр зэрэг зөв бол.

Муу боловсрол. Боловсролын салбар муу, сургалт чанаргүй, төгсөгчид нь тааруухан байгаа талаар амтай бүхэн ярьж байна. Суралцагсад, эцэг эхчүүд муулаад зогсохгүй боловсролын салбарынхан өөрсдөө ч шүүмжлэлтэй хандаж байгаа. Боловсролын салбарын дампуурлын талаар бид олон жил хэлж бичиж байгаа боловч өнөөг хүртэл дорвитой шинэчлэл хийгдэхгүй байна. Яагаад муу байгааг зөндөө бичлээ, яаж засах вэ гэдэг саналаа хэллээ, шүүмжиллээ. Одоо шүүмжилдэггүй хүн байхгүй болсон. Бүгд л боловсрол муу байгаа тухай ярьж байна. Өөрөөр хэлбэл боловсролын салбарын бодлого явахгүй байгааг бүгд хүлээн зөвшөөрчихлөө. Гэвч хэрхэн сайжруулах талаар дорвитой ярьж, нухацтай хэлэлцэхгүйгээр урсгалаар явсаар. Сайд солигдох бүрт л нэг ухаантай шийдвэр гаргаж, улс төрийн гэмээр шийдвэрүүдийг хэрэгжүүлэх гэж боловсролын салбар бараг тэр чигтээ хөдөлнө. Сайд солигдонгуут л маргаашнаас нь түүнийхээ бараг эсрэг гэмээр арга хэмжээг авч эхэлнэ. Урагшаа эргэж байсан дугуй гэнэт зогсч буцаж эргэх шаардлагатай болно. Ингэж хүчээр зогсоох бүрт л маш их эвдрэл хэмхрэл гарч гологдол тасалдал үүсч байна. Гологдол хохирол нь нөгөөх л хүүхдүүд. Болсон болоогүй буруу зөрүү бодлоготонгуудын буруугаар хичнээн олон хүүхэд хохирч байгааг хэлж тоолж тооцох аргагүй. Боловсролын салбарт хийсэн алдаатай шийдвэрийн үр дагавар нь 10 жилийн дараа гарч, хохирол нь 30 жилээр үргэлжилдэг болохоор аймшигтай. Гэтэл боловсролын бодлоготонгууд хүүхэд дээр хэнэг ч үгүй “туршилт” хийсээр.

“Муу боловсрол”-ын тэргүүн. Боловсролын салбарт ажиллаж байгаа тэр олон гавьяатан, шагналтан, жуухтан, баярын бичигтэн, сайшаалын үнэмлэхтэн, одон медальтнууд, тэргүүний ажилтнууд бүгдээрээ шилдэг тэргүүний юм бол боловсролын салбар яагаад ингээд уначихав аа. Үнэхээр гавьяатнууд, алдартан тэргүүнүүд боловсролын салбарт бий. Гэхдээ, яагаад.

Энэхүү муу гээд байгаа боловсролын салбарын тогоонд би төрөхөөсөө аваад гэх нь юу юм, цэцэрлэгт орсноосоо авахуулаад хутгалдаж явна. 20 жил суралцаж, 16 жил сургалцаж байна. Энэ боловсролын салбар муу муухай юм бол түүнд нь би ч гэсэн хувь нэмрээ оруулсан, одоо ч хувь нэмрээ оруулсаар байна. Муу гэх мөртлөө л би тэр муу боловсролыг олголцож л байна. Боловсролоо өөд нь татаж чадаагүй унагалцсан хүмүүсийн нэг байж, ийм муу зүйл хийсэн байж би энэ салбарын чинь тэргүүн нь гээд явах үнэндээ надад ичгэвтэр байна. Муу боловсролыг тэргүүлэн ажилласан гэвэл муу зүйлд л тэргүүлсэн болох гээд байгаа утга гарна. Тиймээс би боловсролын “тэргүүний биш” ажилтан баймаар байна.

Энэ логикоор бол боловсролын “тэргүүний биш” (үнэндээ бол маш сайн ажилладаг, маш сайн багш нар) ажилтан нар боловсролын салбарт зөндөө. Энэ боловсролыг чинь харин ч өдий зэрэгтэй авч яваа хүмүүс зөндөө. “Хүнд гай болохгүй байна гэдэг чинь үнэндээ айхавтар том гавьяа юм шүү” гэсэн Р.Чойномын шүлгийн мөр байдаг санагдана. Тэд тийм гавьяа байгуулж байгаа эгэл жирийн гавьяатнууд. Тэдний дунд би жижигддэг юм. Тэргүүний байх гээд ч тэргүүний биш байх гээд ч чаддаггүй дундаж нэгэн. Гэхдээ би боловсролын “тэргүүний биш” ажилтайн баймаар байна.  source: bolod.wordpress.com

Бичсэн: EDUCATION | цаг: 16:53 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1736835 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax