2010-2-3
Зурагтын Удирдлагын талаар хэдэн үг
Бид телевизор авахдаа бараг анхаардаггүй нэг зүйл бол алсын удирдлага юм. Хүмүүсийг хараад байхад дэлгүүрт байгаа телевизорын гаднах төрхийг л хараад байхаас биш гол гол зүйлсийг анхаардаггүй. Анхааръя ч гэсэн уг дэлгүүр нь ингэх боломж өгдөггүй нь харамсалтай.

Жишээ нь бид зурагтаа аваад гэртээ авчирсан хойноо л сая мэддэг олон дутагдлууд байдаг. Үүний хамгийн гол төлөөлөгч бол алсын удирдлага юм. Суваг хайлт, сувгийн тохируулга, суваг солиход хэр удаж байгаа эсэх гээд л өөр олон боломжуудыг уул нь авахаасаа өмнө үзмээр л юм байгаа юм даа.

Хэрвээ та тааруухан удирдлагатай телевизор авсан өдөр болгон махаа иднэ гэдэгт итгэлтэй байж болно. Тэр тусмаа брэндийн бус телевизорууд дээр энэ дутагдал өргөнөөр тохиолддог.
  1. Товч дарагдахдаа муу
  2. Батарей нь амархан дуусдаг
  3. Товчнууд нь эвгүй байрласан
  4. Шаардлагатай функцүүд дутмаг
  5. Царай муутай
  6. Хэврэг
  7. Хэт хөнгөн эсвэл хэт хүнд
  8. Телевизортойгоо харьцахдаа тааруу
  9. Биед хортой материалаар хийсэн
Яагаад алсын удирдлагыг онцлон дурдаж байгаа талаар хэдэн үг шивнэе. Аливаа хүн зурагт аваад хэсэг хугацааны дараа үнэндээ гадаад төрх энээ тэрээг нь тоохоо больчихдог. Өдөр болгон харж байгаа болохоор тэр шүү дээ. Иймээс дэлгүүрээс авахдаа гадаад төрхийг чухалчилж болох ч түүнээс чухал зүйлс бий гэдгийг байнга санах хэрэгтэй.

Ихэнх монголчууд гэртээ байхдаа зурагтаа л үзэж өнждөг шүү дээ. Хэрвээ та кабельтай бол дор хаяж 40-50 сувгийн дунд эргэлдэнэ, харин кабельгүй байлаа гэхэд антеннаар хүлээж авч болох 10-аад сувгийн дунд эргэлдэх болно. Ингэхээр л алсын удирдлагын үүрэг роль асар их болж байгаа юм. Зурагт үзэж байхад таны гарт байх гол хэрэгсэл бол алсын удирдлага шүү дээ. Иймээс л байнга хуруугаараа тэмтрэх зүйл тань сайн байвал хичнээн амар билээ.
1. Товч дарагдахдаа муу.
Хэрвээ удирдлагын тань товч нь муу дарагддаг бол та тэгээд л өнгөрөө. Суваг солих, дуугаа чангалж суллах энээ тэрээг хийх болгонд удирдлага тань таныг зовооно. Товч нь шигдээд орчихдог, эсвэл хажуу тийшээ далжийчихдаг зэрэг дутагдал их гарна. Зарим товчнуудыг чихтэл нь дараад байхад л даралт авдаггүй. Ийм дутагдал ихэвчлэн хулхи алсын удирдлага дээр л гарна даа. Бөөн гай. Сүүлд хуруу өвдөнө. Өвдөх ч яамай гэхэд шаардлагатай үйлдлээ хийж чадахгүй нь харамсалтай.
2. Батарей нь амархан дуусдаг.
Ер нь ямар ч тохиолдолд далд өртөгтэй бүтээгдэхүүн дээр анхаарч байхад илүүдэхгүй байдаг. Алсын удирдлага бол тэгэхээр батарей хэрэглэдэг тул далд өртөгтэй болж байгаа юм. Та батарейг худалдаж авна шүү дээ. Дажгүй батарей нь 500-1000 төгрөгийн үнэтэй. Муу нь 100-200 төгрөг. Нэгэнт та өөрөө хэрэглэх тул 100-200 батарейг хэзээ ч битгий аваарай. Тэд чинь асгарч заваараад бүр гай болно. Батарей амархан дуусдаг алсын удирдлага бас л ядаргаа. Нэг мэдэхэд л дуусаад зурагтаа удирдаж чадахаа больчихно. Хятадад үйлдвэрлэсэн дээрээ дэлгэцтэй (электрон цаг энээ тэрээ харагддаг), улаан/ногоон гэрэлтэй, өөрөөр хэлбэл илүү дутуу батарей хэрэглэх юм ихтэй алсын удирдлага дээр батарей тэсдэггүй.
3. Товчнууд нь эвгүй байрласан.
Энэ бол тун чухал зүйл юм. Миний хувьд хамгийн чухал зүйлсийн нэг. Жишээ нь та удирдлага руугаа харахгүйгээр шаардлагатай товчоо олж дарж чадах уу? Ийм шаардлага зөндөө гардаг. Жишээ нь гэрийнхэн тань унтчихсан гэрлээ унтраасан нөхцөлд яаж ийгээд дарах л шаардлагатай. Тийм биз дээ. Алсын удирдлагын эргономик дээр нэртэй брэнд телевизорууд онц их анхаарсан байдаг. Энэ тал дээр Sony, Panasonic, Hitachi зэрэг брэндүүд тун сайн юм шиг санагддаг. Гэхдээ та дэлгүүрээс авахдаа удирдлагын товчнуудыг сайн ажиглаарай. Эргономикийг хангасан товчнууд нь өөр өөр хэлбэр дүрстэй, багц багцаараа арай өөр байдаг. Жишээ нь миний хэрэглэдэг Panasonic гэхэд л суваг сольдог дээр нэг, 5-ын тоон дээр нэг, Menu дээр нэг гэсэн тус тус товруунуудтай. Тэгэхээр би уг товрууг тэмтрээд л уг багцуудыг дор нь олж байгаа юм. Суваг сольдгийн хажууд дуу чангалж сулладаг байгаа шүү дээ. Мэдээж 5-ын эргэн тойронд бусад тоонууд байх жишээтэй. Яг л компьютерийн гарны F, J үсэг дээр товруу байдаг шиг юм даа.
Харин тааруухан хийсэн удирдлага дээр бүх товчнууд нь яг ижилхэн хэмжээтэй бас тэгээд ижил мөрөнд ижил багананд хуваагдсан байдаг нь тэмтэрч дарахад мөн ч хүндрэлтэй дээ.
4. Шаардлагатай функцүүд дутмаг
Жишээ нь сүүлд үзэж байсан суваг руугаа буцдаг, сувгуудаар автоматаар гүйлгэдэг гэх мэт олон функцүүд байж болно. Тэр тусмаа сүүлийн үеийн HD телевизорууд дээр нэмэлт функцүүд үнэхээр олширсон байна лээ. Таны яг хүсээд байгаа функц байгаа эсэхийг шалгах хэрэгтэй. Жишээ нь сүүлд гарсан телевизор гэхэд л өрөөний гэрэлтэлтээс хамааран автоматаар гэрэлтэлтээ тохируулдаг болсон байх жишээтэй.
5. Царай муутай
За энэ ч таны л үзэмжээс хамаарах асуудал юм даа. Гэхдээ заримдаа дажгүй гоё телевизорт хэт болхи хийцтэй удирдлага дагалддаг нь гайхалтай юм шүү. Удирдлагын загвар гаргадаг хүн нь тааруухан ажилласан бололтой.
6. Хэврэг
Алсын удирдлагыг өдөржин, ядахнаа л өдрийн туршид 2-3 удаа хэрэглэдэг болохоор унагах, дээр нь юм асгах, лагс бөгсөөрөө дараад суух гэх мэт олон л юм болох нь тодорхой. Муу удирдлага бол дороо л бяцрах, гажих гэх мэтээр доголдоод эхэлдэг. Тэгэхээр та материал сайн мэддэг бол удирдлаганы гадаад бүрсэн материалыг хараарай. Зарим тохиолдолд усны хамгаалалттай байдаг нь нойтон орчинд ажилладаг газарт тохиромжтой юм.
7. Хэт хөнгөн, хэт хүнд
Хөнгөн бол хэврэг буюу шаардлагатай металлын орц бага байгаагаас шалтгаалж эдэлгээ даахдаа муу гэсэн үг. Харин хэт хүнд байвал өдөржин хүнд юм гартаа бариад байх нь таагүй л байх даа.
8. Харьцахдаа муу
Телевизор руугаа харуулаад дараад байхад л сигнал очихгүй байвал бөөн ядаргаа болно шүү дээ. Хэр холоос сигнал авч чадаж байгааг шалгаж үзэхэд гэмгүй л юм. Гэтэл сайн удирдлага бол дээр нь даавуугаар бүтээгээд товч дарж байхад л сигнал нь очиж л байдаг юм.
9. Биед хортой
Энэ бол ойлгомжтой. Хортой будгаар будсан энээ тэрээ гээд л хямд үнэтэй удирдлага дээр л гарах байх. Аслын удирдлага дээр ч гэсэн байгаль орчин, хүнд хортой эсэх гэсэн стандарт байдаг. Тэгэхээр үүнийг брэндийн үнэтэй телевизорын алсын удирдлагууд л хангах юм.

Одоо та өөрийнхөө удирдлагыг нэг өөнтөгч нүдээр хараад үзээрэй. Энэ шинжүүдээс хэд нь илэрч байна? Дараа телевизор авахдаа үүнийг сайн анхаараарай гэж зөвлөх байна.
source: www.computertimes.mn
Бичсэн: EDUCATION | цаг: 11:54 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


саяхан 1 тв авсан чинь уур хүргээд байхым. нэгээс нөгөө суваг руу шилжихдээ 2-3 секунд орчим болжийн. тэрнээс ч бусад нь гайгүл байна, дуу дүрсээ өөрөө тохируулж болдог гэх мэт хуучин тв-ээсээ ч давуу тал ихтэй л дээ, даанч суваг солихдоо яагаад тэгж удаад байгааг л мэдкүүм эргэлзэх
Бичсэн: director цаг: 01:29, 2010-2-3 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1509740 удаа нээгдэв.
idiomatic-dormant