2010-05-17
Гадаадад амьдарч байгаа монголчуудын гэр бүлийн байдал (судалгааны явцын түүвэр дүнгээс)

Профессор Пүрэвийн Увш, puvsh@indiana.edu

Аливаа нийгмийн хөгжлийн гол цөм нь гэр  бүл .

Гэр бүл хэмээх ойлголтыг судлаачид “уул,сууц оромж,түүний эзэд зоорь,цаашилахуул газар нутгийн хамт хамран багтсан ойлголт”, “эр, эмийн болон цусан төрлийн холбоонд үндэслэн  гишүүд нь ахуй, амьдралын нийтлэг тал, ёс зүй, зан суртахууны хувьд бие, биеийнхээ өмнө хүлээх хариуцлага, хамтын туслалцаанд тулгуурласан нийгмийн анхны нэгж”, “нийгмийн зохион байгуулалтын хэлбэр”, “хүн амын биеийн болон оюун санааны хэрэгцээ, нийгмийн шаардлагаар нөхцөлдсөн гэрлэлт, ураг төрлийн буюу эхнэр, нөхөр, эцэг эх, үр хүүхдийн харилцаа, түүнчлэн ахуй байдлын нийтлэг, ёс суртахууны хариуцлагат гишүүн бүхий нийгмийн бага бүлэг” гэх зэргээр тодорхойлж байгаагас харахад тэд гэр бүлийг эр, эмийн болон цусан төрлийн холбоо,орон байр, сууц, эд агуурс ,угсаатны болон сурган хүмүүжүүлэх зүйн үүднээс авч судлаж байгаа дээр  нэмж  гэр бүл бол гэр бүлийн гишүүдийн ханьсахын хэрэгцээ,  бие, биедээ татагдан нэгдэж ,  сэтгэл зүйн хамтын бичил орчинг бий болгодогийг  хэлэх хэрэгтэй болов уу.

Монгол гэр бүл уламжлал, шинэчлэлийн зааг дээр хөгжлийнхөө сонирхолтой үеийг туулж байна. Түүхэн уламжлалын үүднээс авч үзвэл монгол гэр бүл улс үндэстнийхээ өвөрмөц хэв шинжийг хадгалсан, гэр бүл, гал голомтынхоо бат бэх байх уламжлалт ёсонд суурилсан, тогтвортой, дорнын ард түмний гэр бүлийн нэг салбар болон оршин тогтнож ирсэн түүхтэй. Монголын эртний сурвалж бичгүүдэд монгол гэр бүлийн оршихуйн, хүмүүжлийн, эд агуурсын болон монгол хатдын нийгэмд гүйцэтгэж  ирсэн  чин үүргийг нарийвчлан туурвисан  байдаг.  Одоогоор манайд 68,000 орчим өрх байгаа бөгөөд, yлсын хэмжээнд нэг өрхөд ноогдох гишүүний тоо дунджаар 4,3 байгаагаас үзэхэд  айл өрхийн 52 хувь нь 1-2 хүүхэдтэй   байна.             

    Түүнээс гадна Монголын гэр бүлийн амьдралд тулгамдаад байгаа зарим асуудал  гадаадад аж төрж байгаа монголчуудын гэр бүлийн хүрээнд ямархуу байдгийг мэдэх зорилгоор гэр бүлийн бэрхшээл, хүндрэл, гэр бүлийн доторх маргаан, гэр бүл салалт зэрэг зарим  асуудлыг хөндсөн болно.

Өнөөдөр монголын эрх зүйн шинэчлэлийн хүрээнд гэр бүлийн тухай хуулийг шинэчлэх, гэр бүлийн талаар төрөөс баримтлаж байгаа бодлогод даялага, өөрчлөлт хийх, гадаадад амьдарч байгаа монголчуудын талаар баримтлах бодлогоо төр тодорхойлохыг сэдэж байгаа зэрэг гадаадад байгаа бидний  эрх ашгийг хөндсөн олон асуудлууд хэлэлцүүлэгийн шатанд явж байна. Түүнчлэн монгол улсын иргэдэд эх орны хишгээс хувь хүртээх, хүүхдийн мөнгө олгох  гэх мэтчилэн олон асуудлууд амлалтын, бодлогын, зайлшгүй шаардлагаар үргэлжлэх хандлагатай байна.  Сүүлийн жилүүдэд гадаадад байгаа олон монголчууд хэвлэл, мэдээлэлийн хэрэгслэл, интернетээр болон биечлэн монгол орны хөгжилд оруулах хувь нэмэр, иргэдийн амьдрал ахуй, хангамж болон бусад оролцооны талаар санаа бодлоо илэрхийлж,хөгжлийн гарц, хийх ёстой ажил, үйл ажиллагааны талаар оновчтой, зөв, хэрэгжих боломжтой , бодит дүгнэлт, санаачлагыг гаргаж байна. Бидний явуулж байгаа “гадаадад байгаа монголчуудын гэр бүлийн талаарх судалгааны” дүн ч гэсэн энэ ажил, санаачлагад дуу хоолойгоо нэмэрлэж,бодлого боловсруулагчид, хэрэгжүүлэгчдэд хэрэг болох магадгүй гэж бодож байна. 

Гадаадад амьдарч байгаа монголчуудын гэр бүлийн байдалын талаархи энэхүү бичил судалгааг  Даяар монгол (dayarmongol.com) сонины website-д байрлуулан уншигчдын  санал бодлыг сонсож байна. 

Гадаадад амьдарч байгаа монголчуудын гэр бүлийн байдлыг тандах судалгаа маань үргэлжилж байгаа тул та бүхэн дээрхи хаягаар орж эсвэл дэргэдэх дүрсэн дээр дарж  санал бодлоо илэрхийлж, бидний судалгааны ажилд хувь нэмрээ оруулна гэдэгт найдаж  байна.

Бидэнтэй puvsh@indiana.edu; bulgan5157@gmail.com хаягаар харилцаж , гадаадад байгаа монголчуудын  ахуй, амьдрал, гэр бүлийн хэв шинж болон бусад асуудлаар санал бодлоо хуваалцвал бидний судалгаанд ихээхэн тустай байх болно.

Судалгаа дууссаны дараа дүнд нь боловсруулалт хийж, судалгаанд оролцсон бүх сайтуудаар  та бүхэнд сонордуулахаас гадна монгол улсын хөгжил, гадаад, дотоодод аж төрж байгаа гэр бүлийн тогтвортой байдал, бэхжилтийн талаарх оновчтой санал, хүсэлтийг монголын энэ чиглэлийн бодлого, үйл ажиллагаа эрхэлдэг байгууллага, албан тушаалтанд уламжлана.


Одоо энэ судалгааны явцаас түүвэрлэн авсан зарим дүнг та бүхэнд толилуулая.

        Энэ судалгаанд одоогоор 160 гаруй хүн хамрагдсан бөгөөд дийлэнх нь Америкад оршин суугчид байна. Түүнчлэн Хятад, Англи, Герман, Япон, Солонгос улсаас  хүмүүс судалгаанд оролцож хариулжээ. Бидний асуултанд хариулсан хүмүүсийн  50,7 хувь нь нэг үндэсний гэр бүлтэй, 21 хувь нь хоёр үндэсний гэр бүлд аж төрдөг,  15 орчим хувь нь гэр бүлээсээ тусдаа(салангад буюу эхнэр, нөхөр хоёр өөр газар амьдардаг), болон гэр бүлгүй хүмүүс байна. Тэдний 9 орчим хувь нь гэр бүлээсээ салжээ.

      Гадаадад сууж байгаа монгол гэр бүлийн   бэрхшээл, тулгамдсан асуудал бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд хамрагдах явдал ( 7.98%), хүүхдийн боловсрол ( 7.98%), байр, сууцтай холбоотой асуудал  ( 10.9%), ах дүүсийн амьдралын ядуу, зүдүү байдал  ( 11.17%) , амьдралын тодорхойгүй байдал, ирээдүйд итгэх итгэл  ( 11.17%), мөнгө санхүүгийн асуудал ( 21.54%) байна.
      Гадаадад байгаа монголчуудын  гэр бүлийн амьдралд нөлөөлж байгаа нийгмийн асуудлыг бид эдийн засгийн,зан үйлийн, хүн ам зүйн, боловсрол, соёлын гэх зэргээр зааглаж саналыг нь авсан билээ. Манай гадаадад байгаа гэр бүлийн хувьд татварын ачаалал   (11.84%), ядуурал   ( 12.24%), ажилгүйдэл  ( 13.47%), үнийн өсөлт ( 20%), Гадаадад хөдөлмөр эрхлэх байдал  ( 25.71%) зэрэг эдийн засгийн, шилжих хөдөлгөөн  ( 16.93%), нийгмийн эмх замбараагүй байдал (36.5%) зэрэг хүн ам зүйн, хэлний бэрхшээл  ( 26.03%) амьдарч байгаа орныхоо хууль зүй, соёл, ёс заншлыг мэдэхгүй байх явдал   ( 16.89%) ,техник, технологийн боловсрол дутмаг ( 10.5%), мэргэжлийн боловсрол хангалтгүй(10.96%)зэрэг боловсрол, соёлтой холбоотой бэрхшээлүүд тулгардаг байна.
             Судалгаагаар далимдуулан асуусан нэг асуулт бол өнөөдөр хаа сайгүй газар аваад, бас багагүй дуулиан, шуугиан тариад, тодорхой нөлөөлөл, шийдлийг хувь хүн, гэр бүлээс гадна төр засаг, төрийн бус байгууллагаас (магадгүй гадаадын ч байж болох) хүсэн хүлээж байгаа гэр бүлийн сөргөлдөөн, гэр бүл  салах шалтгааныг тандаж асуухад судалгаанд оролцогчдын дийлэнх нь хадам, найз нөхөд, хөршөөс ( 8.33%), хайр халамж дутуугаас ( 8.95%), үзэл бодлын зөрчилдөөнөөс(9.88%), архи, архидалтаас(12.35%), мөнгө санхүүгийн асуудлаас ( 13.27%), итгэл эвдэж, хууран мэхэлснээс ( 13.58%), эхнэр нөхөр хоёр хол газар удаан байснаас (16.36%) болдог гэж үзэж байна. Гэр бүлийн гишүүд  орон зайн хувьд алслагдмал , хоёр өөр газар аж төрж, хамтын амьдралаа зохицуулан гэр бүлээ авч явж байгаа  байдал гадаадад төдийгүй дотоодод түгээмэл байна. Ийм гэр бүл салж сарниагүй, гэхдээ үүнийг зохицуулах өвөрмөц арга ухаан, бодлого хэрэгтэй нь үнэн. Ийм гэр бүлийн эрмэлзэл нь хамтдаа нэг дор байх , ялангуяа гадаадад хамтдаа амьдрах явдал байна. Гэвч амьдралын зохицуулалт тэр бүр хүссэнээр болдоггүй болохоор салангад байх хугацаа уртсах, элдэв саад, бэрхшээл тохиолдвол ийм гэр бүл салж сарних магадлал өндөр байдаг.
Манай судалгааны нэг үндсэн зорилго бол Монгол улсын төрөөс гадаадад байгаа гэр бүлийн талаар ямар бодлого баримтлах талаар гадаадад аж төрж байгаа элэг нэгтнийхээ санал бодлыг мэдэх, зарим саналыг  монголын холбогдох газруудад уламжлах, ер нь гадаадад монголын цөөнгүй гэр бүл аж төрж, нийгмийн бичил бүлэг болохын хувьд  бас л бэрхшээл, хүндрэлтэй тааралдаж, тэмцэж, даван туулж яваа, зарим тохиолдолд монголын төрөөсөө  тусламж, дэмжлэг ч авах хэрэг байгаа эсэхийг мэдэхийн тулд энэ судалгаанд ийм асуулт оруулсан билээ. Судалгааны асуултанд хариулсан байдлыг ач холбогдлоор нь жагсааж харуулбал:
Монгол гэр бүлийн гишүүдийг эх орондоо буцаж ирэхэд нь ажлаар хангах, тодорхой тохиолд тэтгэмж өгөх талаар арга хэмжээ авах  ( 13%)
Олон улсын хэм хэмжээнд таарсан даатгалын тогтолцоог улс орондоо бий болгож, гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэд , гэр бүлийг хамруулах ( 9.44%)
Иргэдээ гадаадад хөдөлмөрийн гэрээгээр ажиллуулахдаа аль болох гэр бүлээр нь явуулах бодлого барьж гэрээ, хэлцэл хийх ( 9.91%)
Эх орны хишгээс хүртэх хувийг монголд аж төрж байгаа гэр бүлийн адилаар олгохоор хуульчилах  ( 10.68%)
Гадаадад ажиллаж амьдарч байгаа иргэд, гэр бүлийг төр албан ёсоор бүртгэж, улс орны хөгжилтэй холбоотой асуудлаар санал бодлыг нь төрийн бодлогод тусгах ( 10.68%)
Төрөөс гадаадад амьдарч байгаа монгол гэр бүлийн талаар бодлого боловсруулж, хуульчлах ( 8.2%)
Гадаадад амьдарч байгаа гэр бүлийн амьжиргааны түвшин, тохиолдож байгаа бэрхшээл, даван туулах арга зам, туслалцааны талаар дорвитой судалгаа явуулах   ( 8.05%)
Гадаадад аж төрж байгаа монгол гэр бүлийн бодит байдлыг ойлгож, тухайлсан бодлого явуулахад олон нийтийн мэдээлэлийн хэрэгслэл, төрийн бус байгууллага, вэб сайтууд, оn-line хуудас, блог, сувгуудыг ашиглах   ( 7.59%)
Гадаадад аж төрж байгаа гэр бүлд хүүхдийн мөнгө олгож байх  ( 7.59%)
Зарим орны виз олгох нөхцлийг өөрчлөх, гадаадад иргэд гэр бүлтэйгээ ажиллаж, суралцах боломж олгох талаар санаачлага гаргах, хэрэгжүүлэх ( 7.28%)

         Гадаадад амьдарч байгаа монголчуудын гэр бүлийн байдал,хэв маяг, тулгамаж байгаа асуудлыг мэдэх гэсэн бидний судалгаа үргэлжилж байгаа болохоор судалгааны хариултын дүнд задлан  шинжилгээ хийсэнгүй. Зөвхөн судалгааны явцыг танилцуулах, санал өгсөн хүмүүсийн хариултыг байгаа байдлаар нь харуулахыг зорилоо.                
Бичсэн: EDUCATION | цаг: 16:05 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1738902 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax