Хурдан сайн хүлгийг засаж уяхдаа малын хишиг даллага сайтай өлзийт өдрийг сонгон үзэж наран хөөрөх бага үдийн үед адуугаа хураахдаа цагаан зүсний морь унаж дөрөөгөө мялаалган уургаа ариулж очвол зохилтой. Хурдан морины уяаг салхи сэнстэй өндөр дэнжид "замаас" (ямар зам юм бол. 18 -р зуунд машин зам л лав байгаагүй) хол байлгавал морь црчихгүй сайн. Морьдоо бариад агь, ганга, арцаар сан тавьж уяаг тойруулах нь зүйтэй.
Идээний шар сүүгээр морийг угааж амраагаад нэг хоноод жин үдийн өмнө уул толгодоор зөөлөн давхиул.Гурав өнжөөд ойр үсэргэж, сэтгэлийг сэргээ. Маргааш нь морийг нэмнэж шавартай хөлсийг авна. Үсэргээний газрыг саахалтаар сунгаж давхил оруул. Хүчний хөнгөн, хүндийг үзэж, хөлслөх нь харайлтыг сайжруулж, ов оруулна. Морийг нар жаргахын өмхө сүрэгт нь тавьж, адууг зүүн зүгт залж бай. Бага идэштэй морийг эртхэн тавь. Морийг гол "горхи", нойтон чийг, намагтай газарт ойр уяж болохгүй. Хөдөө эр хөрстэй газар уях нь морины туурайд цус буудаггүй. Намаг ширэгний зулэг өвс идүүлэх нь муу, морины гүйдэл саарна.
Маргааш уралдах шөнө нь нар шингэсний дараа шүүдэр унахын өмнө тавьж эр өвстэй газар адуугаа бэлчээж шөнө дунд барьж, идэш их багыг сайтар шинжээд, "гарааны газар хүрэх замыг тооцож морь өлдөхөөс хамгаал".
"Эмээлийг аль хөнгөн, угсуурга олом жирэмний бөх батыг дахин шалгаад (ямар ч сударт эмээлийн тухай дурддаггүй юм. Учир нь эрт цагт тэр тусмаа баруун нутгийнхан зайдан унадаг тул энэ нь хөрвүүлэгчийн нэмэлт байна морины хүүхдийг (Тэр цагт уралдагч хүү гэж байсан болов уу. Бас л хүүхдийн талаар судар сургаальд бараг байдаггүй юм. Том хүүхдүүд унадаг байсан Иймэрхүү нэмэлт хийснээр энэхүү сударийн хөрвүүлгийн үнэ цэнэтэй сурвалж чанар алдагдаж байна).
бясалгаар хооллож мордуул.
Хүүхдийн Хувцсыг зам зуурын нар, бороог тооцож тохируул.
Их насны морийг 25 хоног уя, соёолон, хязаалан насны морийг 15 хоног уя, гурав өнжөөд үсэргэж, хоёр өнжөөд хөлсөлнө.
Даага, шүдлэн насны морийг 9 хоног уяна. ( "Өдөр бүр үсэргэж, амьсгал задлах нь тохиромжтой, хөлслөхдөө салхи сөрж давхиад, салхи уруудан дагаж морины явдлыг зөөллөн уяан дээр бууж хөлсийг хусаад сайтар хөдөлгөж хөлс бүрэн хатсан үед уявал зохилтой. Хурдан морийг амарч унтах үед уяаны дэргэдүүр мориор давхих, дуу шуугиан гаргаж, морийг цочоохоос сэрэмжил". гэсэн энэ хэсгийг мөн л хөрвүүлэгчийн нэмэрлэсэн 20 дугаар зууны үеийн уяаны бичигдээгүй дэг жаягаас иш татжээ гэж үзэхээр байна).
Ямар шинжтэй морь вэ гэдгийг зөв тодруулж түүнийг шинжээд уяж засах хэрэгтэй. ( ээд "ямар шинжтэй бол түүгээр зас" хэмээдэг судрын хэллэгийг буруу ойлгож, жишил шинжийг эндүүрч нэмэлт хийсэн бололтой байна. Доорх олон шинжит хүлэг бүрт тохируулж уяа засал хийнэ гэсэн дэг бараг л үгүй билээ. ) Морийг гадаад шинжээр нь туулай, зээр, буга, арслан, хүдэр, хандгай, бар, аргал, тахь, хулан, бүргэд, загас, мэлхий, луу, бар, чонын хэлбэртэй хэмээн ангилдаг. (гээд үүнийгээ гадаад шинж гэж эндүүрчээ. Энд харин бар, бүргэд гэсэн өмнө тааралдаагүй жишил шинжит хүлгийг дурджээ.)
Хур тарган морьдыг 25 хоногоос доошгүй хоног уях ба уяж сойхын өмнө гурав, гурав хоног унаж ууланд адуу хураах тэргүүтэнд унаж тарга хүчийг зөөлөн нимгэл. ( гэсэн уяа морийг унаж эдлэх нутгийн арга дурдагджээ. Зарим нутагт хурдан морийг хавар хонь хургалахад хариулагад унуулах, отрын үеэр ганц нэг мордуулах арга байдаг.) Морийг барьсаны дараа саахалт газарт довтолж хатирч, цогиулан гишгүүлж уявал зохилтой. Шавар хөлс, тосон хөлс, хөөсөн хөлсийг гурван хоногийн зайтай авч, хар хөлс, сувдан хөлсийг хоёр хоногийн зайтай авч, хамгийн сүүлд хужир буюу цэгээн хөлсийг уралдахаас 4 хоногийн өмнө авна. (Энд хар хөлс гэдэг шинэ нэр гарч ирлээ. Харин ихэнх сударт уяа зөв бол сувдан хөлсийг хамгийн сүүлд бөмбөрөн гарч ирнэ гэсэн байдаг. Ер нь тийм л байдаг. Харин цэгээн хөлсийг их авбал тамирдах тул болгоомжтой авахыг сургадаг).
Хөлийн гишгэдэл олоход нь давхиулж, татаж тавин дэрхийтэл ухас хийж сэтгэлийг нь сэргээж жаргалын өдөр буюу наадмын өдрийг тооцож морийг хүйтэн бороонд нэмнэж уя. Хөлний гаралтыг гурван газраар ажиглаж мэднэ. Үүнд чихний торгон үзүүр, ташаан толгой, хоншоорын нимгэн гурви зэрэг газраас хөлс гарвал хөлс гүйцэд сайн гарсны сорил мөн буюу. Хүчийг цогиулж, хөлсийг хатируулж, баасыг шогшуулж авах, сэтгэлийг сэргээж, урам зоригийг бадраахдаа ойр ойрхон үсэргэж цог суулга.
Хол ойр, чанга сул довтлохыг хүчний байдлаар тохируулж, их морийг 5-6 үе хөлрөг, арав үсэргэж, гурав их сорь. Соёолон, хязааланг 15 хоногт 3-4 үе хөлрөг, найм үсэргэж хоёр их сорь. Шүдлэн, даагыг 3 үе хөлрөг, 6 үсэргэж, их сорьж сунгасан үсэргээ хий. Морийг зээр, гөрөөсний арьс, ахар нэхийгээр нэмнэвэл нэн сайн. Уяа таарсан морины шинж гэвэл морь засал, уяандаа дурших, аалиа дарха, амаа долоох, унтан зүүрмэглэх, сэрээд суниах, хөлөө засаж ширээ мэт зогсох, гашуун шүлс гаргах зэрэг болой. Хомоолыг нь усанд хийвэл живэх, үсэргэхэд эмээлийн хавтсан доор хөлсгүй, мах нь хөөхгүй бол уяа ханасны тэмдэг. ( Үсэргэхэд баруун монголд эмээл хэргэлж байжээ).
Түрүүнд гүйх морины шинж гэвэл үс нь хилэн мэт босч, толбо суувал сайн бөгөөд жаргалын өдөр гурван үе хялайж хараад, хэлээ гурав шувтрах, биеэ суниаж, сүүлээ гурав шарваад, гурав эвшээвэл түрүүнд гүйхийн содон дохио буй. Хөлийн шөрмөс татсан нум мэт хөвчирч зогсоол газраа цавчлан тэмүүлэн дэврэх, шүдэнд нь цагаан хаг тунаж, буйлд нь хар мэнгэ гарвал сайн.
Морины уяанд салхины дээд талаас цагаан зандан, агь, ганга, арцаар утвал муу юм халдахгүй.Хурдан морины өвчин эмгэгийг засахдаа ороо хар, дөрөөлөх, сиймхий, шанааг ханах нь цус буух, түшиж богшсон, няцарсан биеийг засна.
Цус буусан морийг давсан дээр гишгүүлж уя. Жаргалын өдөр буюу наадам болохоос өмнө 3 хоног амраахдаа 2 удаа ойрхон үсэргэж, өдөр бүр сэтгэлийг сэргээж, үнэртэнгээр ариулж, дуу хуур сонсгон баясгах нь нэн сайн. (Жаргалын өдөр гэж Догшин ноён хутагтын айлдсан шинжийн сударт байдаг. Мөн дуу хөгжим сонсгох тухай Хардал бэйсийн сургаал дотор бий.)
Ухархай хонхойн ширгэж , нүд давхар цагиргалан ядарсны шинж илэрвэл төлгөн хонины сүү цутган уулган тамир тэнхээг зас.
Уралдах өглөө эртлэн усалж, ижил сүргийн барааг харуулж зориг оруул.