2010-10-28
Шүрэн бугуйвч. Б.Шүүдэрцэцэг

    үргэлжлэл-3

     Эмээ нь өөрөө ямагт цочин уулга алдаж суудаг хэрнээ энэ чанга дуутай дээр үеийн Орос хонхоо солих тун дургүй байдаг хүн. Энэ хуучны байр, энэ орилоо дуутай хонх, энэ том хүрэн номын шүүгээ нь бүгд өнгөрсөн амьдралынх нь гэрэл гэгээтэй дурсамж, талийгаач өвгөнтэй нь мөнхөд холбогдож байдаг болохоор тэр биз. Хонх орилуулсан хүн бол мэдээж Жавхаа байлаа. Тэр мөрнөөсөө цүнхээ мултлаад инээд алдсаар орж ирэв. Нөгөө 2 залууг яаж хуурсанаа бодохоос л инээд нь хүрээд байгаа бололтой. – Ёстой гоё юм боллоо. Тэр өндөр залууг нь Итгэл гэдэг юм байна. Чамтай таницах гээд л эргэлдээд байгаа юм гэнээ. Найзынхаа нэрийг хэлчих, гэрийг нь заагаад өгчих гээд л намайг өчнөөн хоргоолоо. Тэгэхээр нь чамайг Алтанзул гэдэг. Гэр хороололд байдаг гээд буудаж гарсан. Бас чамайг сургуулийн төлбөрөө төлж чадахгүй ажил хийдэг, хувийн эмнэлэгт ажилладаг гээд л хэлчихсэн шүү гээд тэр жингэнэтэл инээсээр ширээн дээрх цүндгэр шилтэй уснаас аяганд хийж авлаа. Түүний яриаг нэг их анзааралгүй шал өөр юм бодож суусан Намуун сая л сэхээ орж – Аан, тэгэж ярихаар чинь яаж байна? Гэж урмыг нь бодож л асуужээ. – Нөгөө урт үстэй нь сонин болоод явчихсан. Харин тэр Итгэл нь гайхаад л байна лээ. Тэр залуу чамайг үнэхээр сонирхоод байсан. Анхны харцаар дурлачихсан юм биш үү?
- Тийм юм кинон дээр л гардаг байх. – Чи анхны харцаар дурлана гэдэгт итгэдэггүй юм уу? – Үгүй ээ, Яаж хүнийг огт мэдэхгүй байж ганц хараад л дурлах юм бэ? Гэмт хэрэгтэн ч юм билүү? Аавын өрсөлдөгчийн явууллага ч юм билүү? Тийм биз дээ? - За боль доо, чи юм болгоныг тэгэж хардаж сэжиглээд байж болохгүй шдээ. Чи ямар Жэмс Бонд биш дээ. Тэр залуу жинхэнэ хайр чинь байсан бол яахийн? Би л байсан бол танилцах л байсан. Надад бол ямар тийм юм байх биш. НЭг бодлын ядуу аав ээжтэй байх сайхан ч юм уу? Даанч гэрт орохоор мөнгөний хэрүүл болж байдаг нь хогийн. 2 бүсгүйг ийн яриа дэлгэж суух үед Итгэл бодолд дарагдан жолоо барьж явлаа. – Сонин л юм даа. Тэр охин тийм боломжгүй айлын хүүхэд юм байх даа. Өчигдөр анх дискон дээр харахад тийм ч ядуу хүний шинжгүй л байсан шдээ. Ер нь ядуу байсан ч ямар хамаатай юм. Хотын бүх эмнэлгээр эрж хайж байгаад ч хамаагүй түүнийг олохдоо л олно хэмээн шийдэв. Харин дөнгөж саяхан энэ мэдээг сонсоод Жакагийн хэлсэн үг юу билээ.

За боль боль, чи хэзээ тийм дурламтгай болчихсон юм бэ? Хашааны охиноор яах гэсэн юм? Өчигдөрхөн л дурлал мурлалд итгэдэггүй гээд бүлтрээд байсан биш үү гэж билээ. Хэдийгээр найз нь үнэн үг хэлсэн боловч *Үнэн үг хэлсэн хүнд хүн өшөөтэй, үхэр унасан хүнд нохой өшөөтэй* гэгчээр – Солиор, чамд ямар хамаатай юм? Гэчихээд машиндаа суусан билээ. Уг нь тэр 2 жилдээ ганц хоёроос илүү ам муруйж байсангүй. Ялангуяа Итгэл охид хүүхнүүдээс болж ингэж найз нартаа үг хаяж байсан явдал хэзээ ч байгаагүй билээ. Жака бол өнгөн дээрээ хөнгөн, саваагүй зантай юм шиг харагддаг болохоос цаагуураа найз нараа хулхидаад байдаггүй, юмыг нухацтай боддог хүүхэд. Үүнийг ч Итгэл үнэлдэгтээ л 4,5-н жил салахгүй найзалж байгаа билээ. * Алтанзул, Алтаа чи одоо хаана явна вэ? Би чамайг олж уулзахгүй бол* залуу өврөөсөө нөгөө шүрэн бугуйвчийг гарган үзлээ. Япон хийцийн мөнгөн мэлхий түгжээтэй энэ бугуйвч эзнийхээ бүх нууцийг өөрийнхөө хэлээр хүүрнээд ч байгаа юм шиг. Гэр хорооллийн охинд мэлхий түгжээтэй шүрэн бугуйвч байх гэж үү? Тэр цочсон мөртлөө цаанаа л нэг бардам харц, тэр даруухан мөртлөө чансаатай хувцас, энэ хөөрхөн бугуйвч хайрыг нь булаасан тэр нэгэн охины тухай саяхан сонссон нь шал өөр охины дүрийг сэтгэлд нь дүрслээд байлаа. Тэр сэтгэл дотроо бугуйвчны эзнийг Янзага гэж нэрлэхээр шийдлээ. Ямар ч гэсэн түүнийг Алтаа гэдэг нэртэй баймааргүй юм шиг санагдаадбайлаа. Хэрэв энэ тухай найзууддаа хэлбэл Батбаяраас бусад нь шоолно. Ер нь ч тэр Батбаярт ч хэлэхгүй нь мэдээж л дээ. Гэтэл нь утас нь дуугарч энэ уянгын бодлыг нь сэргээчихэв. – Татварын хэлтэст очоод үйл ажиллагаагаа эхлээгүй гээд 0 тайлан гаргаад тамгалаад өгчихлөө шүү гэж байна. Татвар, тайлан, тамга. Ажил хэргийн энэ яриа түүнийг хайрын гэгээн ертөнцөөс нь хүчээр бодит хорвоо дэлхийн амьдралд буулгаад ирэв. Залуу өдөржин ажлаа хөөцөлдөж яваад орой гэртээ хариад лавлах утаснууд руу ёстой утаа гартал залгаж байгаад 30 гаруй хүвийн эмнэлгийн хаяг олж аваад унтахаар хэвтжээ.
Нэг л мэдэхэд 9 сарын 1-н болчихсон байлаа. Намуун, Итгэл 2-ыг учруулсан тэр нэгэн үдшээс хойш 10-аад хоног урсан оджээ.

Хичээл эхэлж зунжин уулзаагүй ангийнхан нь Итгэлийн санаашрангуй, томоотой болж урьдынх шигээ шинэ курсын хөөрхөн охидыг ангуучлахгүй байгаад хамгийн их гайхав. ХАрин Жака яаж тэсэх билээ. Ангийнхаа охидын тунд орчихсон Итгэлийн домогт дурлалын богинохон түүхийг нэмж хачирлан ёстой *Титаник*-ийн Роза, Жэк 2-ийнх шиг болгон өнгөтөөр яричихжээ. Тэдний ангийн охидын дунд Итгэлийг нүдээ хөхөртөл харж явдаг ч харцыг нь булаахгүйдээ сэтгэлээр унасан охин нэг биш байдаг юм хойно. Тэр дурлаад унаад байгаа охин нь хэн юм бол? Гэж хэд хоног хэл амаа билүүдээд чимээгүй болцгоосон юм. Итгэл урьд нь дандаа л мисс юм уу, загвар өмсөгчидтэй яюдаг байсан ч хэнд нь ч хайраа өгөөгүй болохоор галзуурсан дурлалын эзэн нь хэн бэ гэдэг ганцхан тэдний ангийнхан ч биш, сургууль даяар охидын ярианы сэдэв болсоор байв. Эцэст нь эрэл мухардаж зэргэлдээ ангийх нь бас нэгэн фэн охиных нь өгсөн дурласан Шэкспир гэсэн хоч л үлдэж билээ. Харин Итгэл энэ бүгдийг нь тоосон ч үгүй. Дискон дээр харц тулгаран хайраа өгсөн тормон нүдтэй охиноо бодсоор л явлаа. Ёстой л нөгөө дээр үеийн нэг зохиолын дуунд гардаг шиг *Хаана яваа болдоо тэр минь хаана яваа боол?* хэмээн дуулж, зурагт фм-ээр зарлуулах нь дутаад байв. Найзууд нь түүнийг шоолж ханажээ. Одоо түүний хувьд Аянга, Заяа 2-ын нэг бол нялуурч, нэг бол хэрэлдэх нь урьдынх шиг яршигтай биш харин ч атаархмаар харагдах болжээ. М4-ынхны хувьд хамгийн анхны том захиалгат ажил нь амжилттай байлаа. Хүнсний супермаркетын сүлжээний программаа хийсээр мань 3 хэд хэдэн шөнө нойргүй хоносных урьдчилгаандаа гайгүй мөнгө авчээ. Урьд нь бол Итгэл үүнд хамгийн их баярлах байсан. Гэтэл мөнгөө хуваагаад уламжлал ёсоор найзуудынхаа наргианд оролцох ч сонирхол төрсөнгүй. Жака – За манай *дурласан Шэкспир* өнөө орой паласын шоунд очихгүй юм биш биз дээ? Гэхэд дуугарсан ч үгүй. Урьд нь бол тэгэж хочилсонд дүрэлзтэл уурлах байсан нь мэдээж. Тэгээд очиж очиж Жака өөрийг нь хочлох юм бол зүгээр өнгөрүүлэх ч үгүй байсан юм. Одоо бол тийм юмыг тоохоо больж, түүнийг нь ч Жака ашиглан сэм сэм давраад байх болсон нь энэ. Харин Аянга энэ үеэр Заяа руугаа мэссэж бичиж дуусаад инээмсэглэн босож – Манай захирал хайртыгаа олохгүй мөн хэцүүдэж байнаа хэмээн тоглох шоглохийн хооронд долигоноод авав. Тэгээд өөртөө оногдсон мөнгөнөөсөө Заяад өгөх, өнөө оройн шоунд үрэхийгээ ялган тоолж гарав. Харин *Командо* тоглоод ухаангүй байсан Батбаяр л компьютерийн дэлгэцнээсээ түр хөндийрөн эргэж хараад – Итгэл ээ, чи Ачлал ч гэнэ үү, Ачтан ч гэнэ үү тэр эмнэлэг дээр очиж үзэв үү? Хэмээн санаа тавилаа.
Харин Намуун өнгөрсөн хэд хоногт сэтгэлийн дарамтнаасаа салсангүй. Хасар Бээжингээс ирээд өнөөх сонин дээр гарсан хов живнээс мултрах санаатай Намуунтай уулзах гэж өдөр бүр гэрт нь ирнэ. Харин бүсгүй өрөөндөө шигдчихээд гэрийн үйлчлэгчээрээ байхгүй гэж хэлүүлнэ. Тэгээд залууг явсны дараа цонхоороо харж тэсэхгүй уйлна. Ингэсээр хичээл эхэлж өдөр хоног овоо хөгжилтэй өнгөрөх болж Хасарыг ч бодох нь багасав. Гэвч 4-н жилийн үерхлийг ул мөргүй сэтгэлээсээ авч хаяхад амар байсангүй. НЭг удаа Хасарын сургууль дээр очив. Тэдний ангийнхан тарж байв. Намуун яг бие даалттай өдөр нь очиж таарчээ. Ангийн онгорхой хаалгаар тэр сэмхэн шагайлаа. Хасар сонин дээр гарсан нөгөө өндөр охинтойгоо тэврэлдэн сууж байв. Тэр охины намирсан урт задгай үсийг илэн хүзүүнд нь уруулаа нааснаа – Миний хайр яагаад анги руу ороод ирээв? – Чамайг санаад л ...- гэхдээ манай ангийнхан намайг Намуунтай үерхдэг гэж мэднэ ш дээ. – Та 2 муудалцчихсан биз дээ? – ЧИ бид 2-ийн зураг сонин монинд гарснаас болоод л жаахан тар түр хийчихсэн. Эвлэрэхгүй бол ээж мээж бөөн юм болно. - Өө, чи ямар өөдгүй амьтан бэ? Тэр Намуунаасаа больно гэж надад амлаа биз дээ? –Шууд больчихож болохгүй байнаа. Манай аавын компани тэднийхээс баахан зээл авчихсан. Бас манай ээж тэдний ээж 2 найз. Ээж намайг баян айлын охинтой суугаарай гэдэг юм. Тэрнээс биш би чамд л хайртай юм чинь.
Намуун үүнээс цааш сонсож чадсангүй... Шатаар ухаангүй юм шиг салхи татуулан уруудлаа.

Уур гомдол 2 нь цээжинд нь багтахгүй дэлбэ үсрэх гэж байгаа юм шиг л санагдана. Охин хонгор сэтгэлдээ хайрлаж явсан энэ залууг ийм адгийн амьтан гэж тэр өдий хүртэл даанч бодож явсангүй. *Юу гэнэ үү? Ааваас зээл авах гэж өөртэй нь үерхдэг байсан байх нээ? Даанч өчигдөр Хасарын ээж утасдаад худлаа манжлаад байсан юм. Намуун гэдэг хүн тэднийхний хувьд дүүрэн мөнгөтэй алтан карт юмуу, хаашаа юм...* Тэр шуугилдаж, шаагилдсан олон оюутан дундуур хага зүсэн зүтгэсээр гадаа гарч гүнзгий амьсгаа аваад машиндаа суулаа. Түлхүүрдээд араагаа залгах гэтэл гар нь чичрээд байв. Хорондоо тэр өөдгүй амьтны төлөө уйлахгүй юмсан гэж тэр шүд зууж байв. Тэгээд ухасхийн хөдлөв. Бурхан хүн бүхэнд таарсан таарсан зовлонг нь бодоод олчих юм даа. Түүн шиг зуун охины лав 99 % нь тэдний аав шиг баян аавтай байхыг мөрөөдөх биз. Гэтэл Намуунд тэр баян аав нь ингээд л зовлон авчирч байдаг. Чимэд гэдэг хүний хөрөнгийг биш өөрийг нь, Намуун гэдэг нэртэй бол нэртэй, шартай бол шартай, хэнд ч гологдохооргүй царай зүстэй, өөрийн бодолтой охинд л дурлах залуу байдаггүй юм уу? Жавхаа яг энэ үеэр мэссэж бичэв. 2 найз байнга очдог кафедаа очиж мухрын жижиг ширээнд суув. Намуун ганц аяга кофе захиалаад цонх руу ширтэн чимээгүй боллоо. Тэгснээ хоолны цэс шүүрэн авч мөөгний зутан шөл, нарийн махан хуурга захиалав. Түрүүнээс хойш найзыгаа дуугүйхэн ажиглаж суусан Жавхаа үйлчлэгчийг явангуут Намууны нүүр рүү анхааралтай ширтээд – Чи чинь юу болоо вэ? Хэзээдээ шөл мөл идэх дуртай болчихоов? Гэж асуухад – Яахав дээ, хүн өөрчлөгдөж болно биз дээ? – ЧИ Хасартай өнөөдөр уулзаа юу? Намуун шанаа тулан сууснаа толгойгоо базлан чахарсан хоолойгоор – Тааралдсан юм. Нөгөө нэг юмтайгаа тэврэлдчихсэн явж байналээ. 2 нүүртэй балиар амьтан. Жавхаа кофе уунгаа – Ер нь Хасар баян хадамтай болох гэж л чамтай үерхдэг нь үнэн байхаа гээд царай руу нь сэм харснаа – Хүүшээ нөгөө Итгэл гэдэг залуу, яагаав дээр дискон дээр явж байсан 4-ийн нэг өндөр нь... Өнөөдөр надтай тааралдаад бас чамайг асуугаад байналээ. Тэгээд чамайг нээрээ тийм ядуу айлын хүүхэд юм уу? Аль эмнэлэгт ажилладгийг нь хэлээд өгчих энэ тэр гэж шалаад л байсан. Тэр чамд ёстой дурлачихсан юм шигээ. Кофегоо ганц нэг балган хажуугийн ширээн дээрх савтай цэцгийг л хараад байна уу гэмээр гөлөрч суусан Намуун тас тас хөхөрч- Ямар амьтан хүнийг ганц хараад л дурлаж байсан юм? Тэгээд ч би ямар Синди Крофорд биш. Жавхаа чи байсан бол тэр залууд итгэх үү? Гэлээ. – Итгэнээ. Чи тэрний нүдийг харсан бол, хүүш ээ, чи аавийнхаа нөгөө найзын эмнэлэгт түр ажилд орчихооч. Тэгээд Итгэлтэй үерхээд үз л д ээ. Хорондоо Хасараас гоё залуутай үерхэхгүй юу. – Эмнэлэгт ажилд ордог нь яаж байгаан? – Юу яаж байгаан гэж? Тэрэнд чамайг эмнэлэгт ажилладаг гээд хэлчихсэн юм чинь. Чи жинхэнээсээ эмнэлэгт ажиллахгүй юу. Тэгээд Итгэлтэй үерхээд үз. Үнэхээр чамд сайн уу, үгүй юу гэдгийг нь шалгахгүй юу. – Нээрээ тэгвэл сонин ч юм уу? Ямар нэг юм хийхээр шийдсэн л бол тэр дороо хөдөлж эхэлдэг нь Намууны зан. Ээж нь ч бас тийм зантай. Харин аав нь их л удаан бодож ёстой л дотроо бодолтой, дороо суурьтай хөдөлдөг хүн билээ. Намуун ээжээсээ шийдэмгий ч гэмээр, адгуу ч гэмээр занг нь авч төржээ. Бүсгүй Хасарын тэр зэвүү хүргэм яриаг санахаар л дургүй нь хүрээд чөтгөртэй ч үерхсэн бэлэн байв. Тэгээд ч Жавхаагийн хэлснээр тэр үнэхээр өөрт нь сайн болчихсон ч юм билүү? Байз, ямархуу залуу байлаа даа, тэр Итгэл? 10-аад хоногийн өмнөх дүр зургийг тодруулах гэж тэр оролдов. Өндөр нуруу, омголон харцтай гоё нүд нь юуны түрүүнд санаанд нь бууж байлаа. Тйим ээ, өндөр залуучууд НАмуунд үргэлж таалагддаг билээ. Нээрээ түүнтэй үерхээд үзэхэд яагаад болохгүй гэж?

 

Намуун гэртээ харингуутаа Ачлал хувийн эмнэлгийн ерөнхий эмч хийдэг аавынхаа найз руу ярьж – Танай эмнэлэгт асрагч хйиж үзмээр байна , аавын компанид ажилласнаас илүү амьдрал ойлгох байх гэж бодсон юм. Харин та аав, ээж 2-т битгий хэлээрэй хэмээн ятгалаа. Мэдээж ийм гэгээн хүсэлд хэн татгалзах билээ. Маргаашнаас нь эхлэн НАмуун хичээл тараад л эмнэлэг рүү гүйх боллоо.

Эхний үед ажил нь тийм ч амар байсангүй. Гэртээ аягаа угаахаас өөрөөр гараа усанд хүргэж үзээгүй шахам танхил амьтан резинэн бээлий хйигээд гар шазрам халуун усаар шал угаана. Тоос арчина. Ууртай хүмүүс өрөө удаан цэвэрлэлээ гэж загнана. Хамт ажилладаг хүүхнүүдтэйгээ ярих ч юм үл олдоно. Ялангуяа ажилд орсон эхний өдрөөс л шууд дайсантай болсон нь сувилагч Сараа хэмээх шингэн үстэй, нүд нь нүүрэндээ томдчихсон гэмээр харагддаг, туранхай өөнтөгч хүүхэн. Намуун эмнэлэг дээр хамгийн даруухан хувцасаа өмсдөг ч тэр анх уулзаад л түүний өмссөн зүүснийг сонжсон харцаар хөлөөс нь толгой хүртэл нь харснаа – За шинэ асрагч эхлээд 00 цэвэрлэнэ шүү гэжээ. – Намайг тасаг цэвэрлэ гэсэн ш дээ. – Тэгвэл би чамайг 00 цэвэрлэ гэж байна гэхэд нь Намуун – Би тасгийн эрхлэгчид хэлнэ гээд гараад явчихжээ. Мэдээж тасгийн эрхлэгч нь Сааа сувилагчийг дуудаж загнаа биз. Түүнээс хойш тэр хүүхэн Намууныг харахаараа тас ширвэдэг болсон билээ. Тэгээд ч Сараа түүнийг өөрөөсөө илүү гэдгийг анх уулзахдаа л мэдэрчээ. Харин Хажид гэдэг бага эмч авгай Намуунд их сайн. Өөрөө охингүй болохоор охидод хайртай гэж ярьна. Түүнд гэрээсээ авчирсан боорцогоо өгөх гэж дуудах ч юм уу, өчигдрийнхөө үзсэн солонгос киноны тухай хууч хөөрөх дуртай билээ. Намуун энэ эмнэлэгт ажиллах болсноосоо хойш л амьдрал гэдэг ихэнх хүмүүсийн хувьд ямар хатуухан боорцог байдгийг , өчүүхэн бага цалинтай, ядуу зүдүү байхын зовлонг ойлгож эхэлсэн билээ. Үргэлж мөнгөөр дутагдсан, хоосон нойтон явахын зовлон ямар байдгийг тэр урьд нь үнэхээр төсөөлдөг ч үгүй байжээ. Гэтэл өөрөө жаргалдаа ташуурсан амьтан өөхөнд ороосон бөөр мэт энхрий өсгөсөнд нь аавдаа талархах гэгчийг мэддэг ч үгүй явсандаа үнэхээр ичих болжээ. Тийм ээ, Намуун дутагдах гачигдахын зовлонг төсөөлдөг ч үгүй байсан. 50-60 мянгын цалин. Хүн чихэлдсэн автобус, муухай үнэртэй хуушуур, хямдхан хувцастай ийм хүмүүс Монголд ямар олон байдаг юм бэ? Хэмээн гайхаж билээ. Намуун ажил дээрээ ирэхээрээ гар утсаа унтраачихна. Тасагт нь гадагшаа ярьж болдоггүй битүү аппараттай ганц утас л бий. Тэгээд л ертөнцөөс тасраа. НАмуун хэдий хүртэл эмнэлэгт Алтанзул гэдэг асрагчийн дүрд тоглохоо мэдэхгүй л байв. Ямар ч гэсэн Хасараас болж шархалсан сэтгэл нь энд маш амархан тайтгарч байлаа. Бас урьд нь түүний амьдрал усны тогтуун мандал дээрх бадам цэцэг мэт нэгэн хэвийн, санаа зовох юмгүй өнгөрч байжээ. Одоо бол өдөржин шал угаагаад ядарсан ч амьдралыг шинээр харах болсондоо их л урамтай явах болсноос гадна нэг л мэдэхэд Итгэлийг боддог, хүрээд ирээсэй хэмээн сэм сэм харуулддаг болсноо өөрөө ч анзаарсангүй.
Хандаа ямар гоё гуталтай болоо вэ? – Захаас 70-аар авсан гэсэн – За байз, энэ цалин дээрээсээ ганц гутал авмаар байдаг. Утасны карт авчихаар мөнгө гуталд хүрэхгүй болох нь ээ. ЧИ найздаа 20 мянгыг зээлэхгүй юм уу? – Чамд зээлдүүлэх нь битгий хэл өөрөө хамаг өрөө дараад хоосон хоцрох нь – Баян нөхөртэй л болох юм сан. – Баян нь бидэн шиг юмыг нь тоогоо ч уу, үгүй ч үү. Ядаж байртай залуу тааралддаг бол ч ... Хувцас солих өрөөнд өглөө бүхэн л тийм яриа болно. Үдээс хойш хичээлийнхээ дараа ирээд л ажилдаа түүртэн шал угааж байгаад л алга болчихдог, юу санаж боддог, гэр орон нь хаана байдаг тухайгаа ганц ч үг цухуйлгахгүй болохоор нь хүүхнүүд түүнд нэг л хөндий хандана. Харин Отгоо гэдэг жаахан охин л Намуунд дотно ханддаг юм. Намууны ажилд орсны дараагийн долоо хоног байлаа. Аянгын найз бүсгүй Заяа ээжийнхээ шинжилгээний хариуг авах гэж яваад түүнтэй эмнэлгийн хонгилд яг мөргөлдчихлөө. Хувинтай юм барьчихсан тэр охиныг нэг л үзсэн юм шиг санагдахад Заяа түр бодосхийснээ нөгөө Итгэлийн хайгаад байсан охинийг гэнэт саналаа. Тэгээд угийн хашир зангаараа шалгахаар шийдэв. – Хүүе охион, шинжилгээний хариу хаанаас авдаг юм бэ? Гэсээр тэр хойноос нь гүйцэж очив. Нөгөө бүсгүй эргэж харав. Яг мөн. Эмнэлгийн ногоон хувцас л өмсчихсөн болохоос. Өндөр ч биш, намхан ч биш дунд зэргийн нуруутай, сортолзсон нүдтэй цагаан охин байв. – Доод давхарт 101 номероос авдаг юмаа. – Баярлалаа гээд эргэхдээ Заяа энэ охинд ямар нэгэн сэтгэл татах увидас байгааг мэдэрчээ. Манай Итгэлийг тэгэж сэтгэлээр унагачихаад мэдээ ч үгүй явдаг. Урьд нь загвар өмсөгч, бүжигчин гоё гоё охидыг бээлий шигээ л сольдог байсан Итгэл энэ охины юунд нь болсон юм болоо? Тийм ч хөөрхөн биш мөртлөө нэг л аятайхан охин юм гээч. Аймар ихэмсэг харцтай. Тэгсэн мөртлөө асрагч хийдэг. За ямар ч гэсэн өнөөдөр Итгэлд ёстой сурприз барина даа гэж бодсоор тэр шатаар урууджээ.

Намууныг эрж хувийн эмнэлгүүдээр гүйсэн энэ хэдэн хоногт Итгэл ёстой шаналж гүйцэв. Нөгөө шүрэн бугуйвчийг үргэлж халаасандаа авч явна. Эзэн нь олдохгүй л байлаа. Найз нар нь яаж ч хэлээд тоосонгүй. Эцэст нь Заяа – Чи дэндүү олон охин гомдоосны чинь шийтгэл болж дээ гэхэд ч дуугараагүй билээ. Итгэл ийнхүү дурлалын боол болсонд Жака л маш их харамсч байлаа. Хүүхэн эргүүлэхдээ хань татах хүнгүй болсон болохоор тэр. Урьд нь бол тэр 2 хамт л явах юм бол хажуу хавиргаараа өнгөрсөн гоё охидод нүд унагавал найралгүй өнгөрдөггүйсэн. Харин Итгэлийн ийнхүү хүмүүжсэнд хамгийн их баярласан хүн бол Заяа билээ. Бүсгүй эхлээд Итгэлийг хүүхэн эргүүлэхээ болиод хайртыг нь уруу татчих вий гэж айх юмгүй болсонд баярласандаа инээд нь хүрээд л сууж байсан юм. Гэвч сүүлдээ Итгэлд тэр охиныг нь олоход туслах юмсан гэж үнэн сэтгэлээсээ бодох болсон билээ. Гэтэл найзынх нь нөгөө өдрийн бодол шөнийн зүүд болсон охин ингээд явж байдаг. Гэвч хашир нь дээрээ. Заяа жижүүр сувилагчаас лавлаж байж Алтанзул гэдэг сувилагч энд ажилладагийг лавтай мэдэж аваад эмнэлгээс сэтгэл тэнэгэр гарч одлоо. Итгэл нэгэн сонинд компъютер дуудлагаар засна гэсэн зар өгснөөсөө болж татварын байцаагчид дуудагджээ. Ширээгээрээ дүүрэн цаас хөглөрүүлсэн муухай ааштай хүүхэн сууж байв. Байцаагч гэдгийг хүн байцаахийн нэр гээд шууд утгаар нь ойлгочихсон бололтой. Залууг хөлөөс нь толгой хүртэл ширтсэнээ – Миний дүү оюутан хүн татвар төлдөггүй гээд ойлгочихсон юм биш биз дээ? Гэснээ дуу нь албархуу ширүүн болж – Та нар үйл ажиллагаагаа эхлээгүй гээд байсан. Данс руу чинь мөнгө орсон байна лээ. Өнөөдөр энэ сонинд зар гарчихсан байна. Төрөх нь үнэн, татвар хураалгах нь үнэн гэж дуулсан уу? Балансаа гаргаад ирээрэй. Тэгэхгүй бол өөрөөр ярина шүү хэмээн тачигнав. Тэр хэл амтай айхтар байцаагчийн өмнөөс А гэж дугарч ч амжсангүй гарч ирээд хөлсөө арчсанаа дансанд бас юун хөдөлгөөн орчихов оо? Хэмээн гайхав. Утсаа авах гээд энгэрээ тэмтрэхэд нь нөгөө шүрэн бугуйвч гарт нь өртжээ. Тэр бугуйвчийг гарган гартаа атгаж зогсохдоо сэтгэл нь үүлтэй тэнгэр онгойх шиг гэнэтхэн цэлмээд явчихлаа. Урьд нь бурхан шашин, ямар нэгэн сүсэг бишрэлийн тухай ярих нь гарахад хөх инээд нь хүрдэг байсан Итгэл одоо энэ бугуйвчтай ярих нь халаг болж сэтгэл санаа тайвшруулж, ажил үйлс бүтээдэг ид шидтэйд нь эргэлзэхээ больсон билээ. Бугуйвчийг харах бүрд эзнийх нь нөгөө л харц усных шиг мэлтэлзсэн нүд санаанд нь орж тэр хайрын цэнхэр ертөнцөд оччихдог билээ. Гэтэл гэнэт утас нь дуугарахад утасныхаа клипээ харвал дүү охин нь залгаж байна. Энэ Навчаа одоо яах гээд дандаа над руу дохиж байдаг байнаа хэмээн төвөгшөөн үглэсээр эргэж залгавал – Ах аа, Сэни гэнэ үү хэн гэнэ бэ? Тийм хүүхэн таньдаг юм уу? Над руу баахан мэссэж явуулаад ахтайгаа яриулаад өгөөч ч гэх шиг. Гэр рүү ч дандаа залгаж байх юм. Ямар яршигтай юм бэ? Хэмээн дуржигануулав. Тэгснээ – би тэгэхээр нь ёстой горьдвоо. Чам шиг хүүхнүүдийг манай ах тоодоггүй гээд мэссэж явуулчихсан. Зөв биз дээ? Хүүшээ, ахаа миний нэгж дуусчихлаа. Одоо би ажил дээр чинь очоод картны мөнгө авчихъя тэгэх үү? Хэмээн панаалдлаа. Итгэл зальтай амьтан гээд за за өөрийгөө Сэни гээд байдаг өнөөх нойтон хамуу шиг хүүхнийг бодохоос дургүй нь хүрэв. Тэр бол сарын өмнө Жакатай жуулчны бааз явж байгаад танилцсан бүсгүй. Ээжийнхээ найзын бааз дээр гар компъютерийг нь засахаар залагдаж очсон 2 ажлаа хийчихээд шөнө нь говийн тэнгэрт гялалзах саатай хоргой шиг хээнцэр тодхон оддыг шохоорхон хэвтэж байтал- Гал байна уу? 2-оо гэсээр нэг бүсгүй дөхөж ирсэн нь Сэлэнгэ байсан юм. Богинохон шорт, бариуй майк өмссөн, урт хөлтэй өндөр нуруутай Сэлэнгээ эль хуль жуулчны бааз дээр ёстой согоо гэхээс аргагүй байснаас гадна ойр хавьд нь бүсгүй шингэн дуут харагдахгүйд уйтгарлаж хэвтсэн мань 2-т ийм бүсгүйтэй танилцсан нь бөөн аз байлаа. Гал байна уу? Гэдэг ч эрчүүдийг өөрөө өддөг хүүхнүүдийн дэндүү улиг болсон арга байсан ч тэр 2 чихэр харсан нусгай жаалууд шиг халаас руугаа зэрэг гараа явуулж билээ. Мэдээж тэр шөнө мань 3 говийн тэнгэрт гялалзах тодхон, гоёхон оддыг удаан шохоорхсон ч гүй. 2 залуугийн компьютер засаад олсон мөнгө нь тэр чигээрээ ч эргээд эзнийхээ санд орж билээ. Харин дараа нь Сэлэнгээ гуйлгаж барьсан ч үгүй, Итгэлийн өвөрт шурган орсонсон. Монгол бүсгүй гэхэд Холливудын шаргал үст, урт хөлт хүүхнүүдээс дутахгүй гоолиг биетэй тэр хүүхэн өөрийгөө Сэни гэж дуудуулах, хэтэвч зузаантай эрчүүдийг сэгсрэх, ууж наргиад л, бодож санах юмгүй хөнгөхөн амьдрах нүгэлгүй дуртай, бас хааяахан жижиг шоунд загвар өмсчихдөг, хамгийн гол нь таалагдсан эрийнхээ өвөрт эрээлж цээрлэх юмгүй шуудхан гулсаад орчихдогийг нь Итгэл танилцсан шөнөө л мэдсэн ч сурсан зангаараа хагас сар үерхсэн юм. Хэдийгээр Сэлэнгээ түүнээс салах бодолгүй байсан ч Итгэлийн хувьд тэр муужгайтай түүнээс илүү удаан зууралдах сонирхол төрөөгүй юм. Хамгийн сүүлд хамт хоноод өглөө нь яаж өөрөөс нь төвөг багатайхан шиг салдаг билээ гэж бодож хэвтэхэд нь тэр муур мэт суганд нь шигдэн хоёулаа маргааш уулзах юм уу? Хэмээн нялуурахад амнаас нь ханхийсэн тамхины үнэрт дургүй нь хүрсэн Итгэл нөгөөдөр нөгөөдөр гэж хэлээд л тэр чигээрээ бултчихжээ.

Тэр өдрөөс хойш Сэни залуу руу залхтал залгасан ч Итгэл ганц ч хариу өгсөнгүй. Дараа нь хувь тавилан түүнийг үйлийн үрт дурлалтай нь учруулснаас хойш бол мэдээж Сэниг ор тас мартсан билээ. Тэр татварын хэлтсийн шатаар уруудахдаа ядаж байхад бас юун Сэни мэни вэ? Хэмээн бухимдсаар машиндаа оров.


Түүнийг галзуу юм шиг давхисаар жижигхэн өрөөндөө очтол Батбаяр, Жака 2 нь хуучин компьютертэй ноцолдчихсон дүү нь утасныхаа тоглоомоор зугаацаж суулаа. Буланд байдаг ширээндээ суугаад л урьдынх шигээ овоорсон бичиг цаасийг нь зайчилсан ч үгүй шуудхан Аянга хаачваа, татвар матвараас дуудаад байхад алга болчих юм гээд хэтэвчээ гарган дүүдээ мөнгө гаргаж өгөв. Охин ч манай ах ийм сайн гэсээр гарч одлоо. Жака засч байсан компьютерийнхээ цаанаас цухуйн доогтой хараад – Манай захирал яасан ууртай байхийн? Тэгээд татварын байцаагч юу гэж байна? Хэмээн хэрэгт дурлахад Батбаяр хийж байгаа юмнаасаа харц салгалгүйгээр – Чи данснаас мөнгө авах гэж байгаагаа Итгэлд хэлээгүй юм биш биз дээ? Аягүй бол тэгээд л татвараас дуудаа биз хэмээхэд Жака браьж байсан дискээ унаган толгойгоо барьж – Ээжийг гуйгаад байхаар нь компаны дансыг өгчихсөн юм байна ш дээ. Таг мартчихаж. Тэгээд мөнгө орчихсон байна уу? Би чамд хэлэх гэж байгаад мартчихжээ хэмээн гаслав. Сая л ширээн дээрхи эмх замбараагүй цаасыг анзаарсан Итгэл түргэн түргэн нэг тийш нь овоолох зуур – Дансанд хөдөлгөөн оруулахгүй байсан бол татвараас дуудахгүй ганц улирал болох байсан юм. Чамаас болж байгаа юм, чи өөрөө учрыг нь олоорой гээд тооны машин шүүрч авлаа. Гаднаас Аянга, Заяа 2 ч ороод ирлээ. Аянга цүнхээ Итгэлийн ширээн дээр шидээд – Хэн дансанд мөнгө хийсэн бэ? Одоо татвараас.. гэж хэлж дуусаагүй байхад Заяа – Хүүш ээ, Итгэл ээ Чи аан гээд уун гэж бай. Татвар матвар ёстой сонин биш байна. Би чамд жинхэнэ сурприз барих гэж байна гээд учиртайхан инээмсэглэж Итгэлийн өмнө очиж – Хайртыг чинь олоод өгвөл намайг юугаар шагнах вэ? Гэлээ. Итгэлийн харцанд найдварын гэрэл асаж – Дуртай юмыг чинь өгье. Нээрээ чи тэр охинтой тааралдсан юм уу? Эсвэл худлаа яриад байгаа юм уу? Гээд босоод ирэв. Аянга хажуунаас нь – Чи эхлээд Заяаг юугаар шагнахаа хэл. Юм баталгаатай нь дээр гэхэд Батбаяр ёжтой инээмсэглэн – Наад Аянга чинь аягүй бол Заяатай чамайг гэрээ хий гэх нь шивдээ, бушуухан нэг юм амлаж байгаад хэлүүлчихдэг байгаа гэлээ. Итгэл ч нүд нь сэргэчихсэн – За Заяа тэгээд чи юу авах юм бэ? – Үнэртэй ус гээд Заяа тас тас хөхрөн - - Би чамд тэгвэл янзын гоё Босс авч өгье – Үгүй ээ, Christian Dior л гоё. – За за тэгье ээ, тэр эмнэлгийг нь бушуухан хэлээд өгчих гээд Итгэлийг Заяагийн мөрөөр тэврэн дотночилоход Заяа – Тоголсон юмаа. Чамаас юу гэж үнэртэй ус мус авч байх юм. Тэр охин чинь Ачлал эмнэлэгт ажилладаг юм билээ. Асрагч гэсэн. Би өнөөдөр ээжийн шинжилгээний хариуг авах гэж яваад тааралдсан. Яг мөн л байна лээ. Чамайг хүүхэн эргүүлэхдээ манай Аянгыг уруу татахаа больсоныг бодохоор харин би л чамайг шагнамаар байна гэлээ. Татварын тайлангийн хүснэгт шагайж суусан Аянга – Заяа ямар тэнэг юм бэ? Хүн юм авч өгье гэж байхад Итгэл ээ, Заяа өөрөө хэрэггүй гэсэн ч чи нэгэнт эмэгтэй хүнд амалсан юм чинь тэр үнэртэй усыг нь авч өгөөрэй. Хэдэн мянган төгрөг хэмнэгдчихлээ надад сайхан л байна гэж хэлэхээ мартсангүй. Тэгэхэд нь Заяа - Өөдгүй амьтан чинь чи надад үнэртэй ус авч өгөхөөсөө нарийлаад байгаа юм уу хаашаа юм? Хэмээн хэрэлдэж эхлэхэд Итгэл машинийхаа түлхүүрийг шүүрч аваад үгийн солиогүй ухасхийн гарахад үнэнчээрээ Батбаяр хойноос нь хүрмээ сугавчлан гарлаа. Ажил тарах дөхөж, бараг алхам бүрд зам бөглөрөх нь залуугийн яарсан сэтгэлээр даажин хийх шиг...
  үргэлжлэл бий...

Бичсэн: EDUCATION | цаг: 18:43 | Уран зохиол
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1782528 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax