Луций Анией Сенека (МЭӨ 4 –МЭ 65 он. )
Философч, илтгэгч. Түүнийхээр хүмүүжлийн гол зорилго нь ёс суртахууны төгөлдөржилт ажээ. Байгаль болон өөрийгөө эзэмшинэ гэдэг нь хүний ёс суртахууны төгөлдөржилтийн үндсэн хэрэгсэл болох гүн ухааныг судлах явдал юм. Өөрийн ном бүтээлдээ хүний ёс суртахууны төгөлдөржилтийн хөтөлбөрийг боловсруулсан байна. Үүнийг хэрэгжүүлэх үндсэн арга нь хүнийг өөрийгөө хөдөлгөх болон бурханлаг чин хүсэлд хөтлөх явдал юм. Харин үндсэн хэрэгсэл нь наминчилсан, сурталчилсан харилцан яриа ажээ. Хүмүүжлийн үйл явцыг тодорхойлогч үндсэн ойлголт бол хэм хэмжээ мөн. Учир нь багш тогтсон хэм хэмжээнээс гажих ёсгүй ба өөрийн байр байдлаараа түүнийг тогтоох ёстой. Хүний мэдлэгийн дэвшлийн хязгааргүй боломжийн тухай үзлийг илэрхийлсэнээрээ боловсрол дахь эмпирик чиглэлийн суурийг тавьсан.
Багш ихэвчлэн суугаагаараа ярих бөгөөд онцгой тохиолдолд босож зогсоод ярих ёстой. Сурагчид мөн адил сууж хичээллэнэ. Тэд хичээл хариулах буюу ярихдаа л босно. Тэд түшлэггүй вандан сандал дээр сууж, зарим үед хөлөө жижиг сандал дээр тавина. Харин ширээ байдаггүй байв. Тэд өвдөг дээрээ самбараа тавиад бичнэ. Хананд домог болон сонгодог яруу найргийн үйл явдлаас сэдэвлэсэн зургийг гантиг болон гипсэн дээр зураад өлгөсөн байдаг. Тухайлбал Августыг сурч байх үед Суллийн үеийн Илиадийн домгоос сэдэвлэсэн гантиг зураг бидний үе хүртэл хадгалагдсан байдаг. Мөн Одиисейг дүрсэлсэн зураг ч хадгалагдсан байна.
Сурагчийн хэрэгсэл хүртэл онцлогтой байсан байна. Түүний дотор номоо хийх зориулалттай модон цилиндр хайрцаг их үүрэгтэй. Энэ номнууд нь гар бичмэл бөгөөд гарчгийг тусгай хуудсан дээр бичиж, бусдыг өөр хуудсан дээр бичсэн байдаг. Ийм ном эхэндээ цөөн байсан бөгөөд ганц нэг номыг сурагчдад хэлж бичүүлдэг байв. Иймэрхүү хэд хэдэн ном бидний үед хадгалагдан үлджээ.
Сурагчид аливаа зүйлийг самбар дээр бичнэ. Тэр самбар нь хоёр буюу гурван давхар нимгэн хавтас бөгөөд дотор нь лааны тос нимгэхэн түрхсэн байдаг. Үзэгний оронд савх хэрэглэх ба нэг үзүүр нь бичсээр байгаад маш шовх болсон байхад нөгөө үзүүр нь бичсэн зүйлээ арилгасаар байгаад мохоо хэлбэртэй болсон байдаг байна. Тэр үзгээ саванд хийж бүснээсээ зүүж явдаг. Ингэх нь зарим талаараа хутга зүүсэн мэт харагдах ба онцгой тохиолдолд хутганы оронд ч хэрэглэдэг байв. Ийм зэвсэг хүүхдийн гарт байх нь аюултай байсан учир түүнийг сүүлдээ жирийн ясаар зарим тохиолдолд зааны ясаар хийх болов. Үүнээс гадна римчүүд янз бүрийн папирус болон арьсан цаасыг хэрэглэж байсаны зэрэгцээ бэхийг өргөнөөр хэрэглэж байв. Бичгийн хүмүүс бэхийн саваа бүсэндээ зүүж явах нь элбэг. Сэрэнгээ өөрийн calamus буюу бидний мэдэх өдөн үзэгтэй адил хулсан үзгээ шүүрч авдаг тухайгаа Гораций өөрийн зохиолд тэмдэглэсэн байдаг.
Ийнхүү самбар дээр хичээнгүйлэн бичих, хулсаар папирус болон арьсан цаасан дээр бичих гэсэн бичлэгийн хоёр хэлбэр оршиж байв. Сургуульд голчлон самбар дээр бичих ба түүхч Квинтилиан “бичсэн зүйлээ арилгахад амар байдаг тул самбар дээр бичих нь илүү ашигтай” хэмээн тэмдэглэсэн байна. Тэрээр залуу хүмүүст нүд чинь өвдөөгүй л бол арьсан дээр бичихээс аль болох зайлсхий гэж захиж байжээ. Сургууль дахь сургалтын тухай дурьдсан сурвалж бичгүүдэд зөвхөн самбарын тухай өгүүлсэн байдаг боловч хүүхдүүд бичлэгийн хоёр хэлбэрт хоёуланд нь суралцаж байв.
Сурагч маш эрт босох ёстой. Тахиа дуугараас өмнө бүх Рим унтаж байхад хүүхдүүд л хичээлдээ гүйлддэг байв гэж сурвалж бичигт тэмдэглэн үлдсэн байдаг. Цүнхийг нь боол барьж явах ба язгууртан гаралтай хүүхдийн цүнхийг capsarius хэмээх тусгай боол барьж явна. Сургуульдаа ирсэн хойно багштайгаа заавал мэндэлж, суудалдаа суунгуут хичээл эхэлнэ. Хичээл хэдэн цаг үргэлжилдэг байсан нь тодорхой бус боловч, сурагч өдрийн хоолондоо гэртээ ирээд буцаж сургуульдаа явдаг хэмээн тэмдэглэсэн байдаг. Иймд өглөө, оройн хичээл 6 цаг үргэлжилдэг байсан бололтой. Хичээл ихэвчлэн ангид багшийн нүдэн дээр явагдана. Гол хичээл унших, яруу найргийг тайлбарлах, грек ба латин хэлээр бичих, цээжлэх явдал байв. Crammaticus-т эхэндээ үргэлж латинаар ордог байсан ба грекийн утга зохиолтой орчуулан танилцаж байв. Тухайлбал Гомерийн зохиолуудтай Ливий Андроникын орчуулгаар, грекийн эмгэнэлт ба инээдэмт зохиолуудтай Плавт, Теренцийн орчуулгаар танилцаж байжээ. Харин Римд грек хэлийг ихээр хэрэглэх болсоноос үүдэн дээрх зохиолуудыг эх хэлээр нь судлах болов. Римийн эзэнт гүрний үед сургуулиудад хэл, утга зохиол бүрээр дагнасан багш нар багшлах болжээ. Тэд Гомер, Гесиод, Менандр, Эзоп нарыг грекээр уншиж, Ливий Андроник, Энний, Нэвий, Пакувий, Акций, Афраний, Цецилий, Плавт, Теренцийг латинаар уншина.
Түүхийн хичээлийг Тит Ливий, Саллюсти, Вергилий, Гораций, Овидий, Лукана, Стаций нарын номоор үзнэ. Грек хэлийг ихэвчлэн латин хэлнээс өмнө сурдаг болсон байна. Сурагч аль болох ихээр бичихийг хичээх ба бичсэнээ эргэж уншиж, давтана. Гэхдээ түүний үүрэг тийм ч идэвхигүй байгаагүй. Түүний заавал биелүүлэх ёстой даалгаварт анги дахь бичгийн ажил, шүлгийг яруу найраг болгох, яруу найргийн хэсгийг янзлах, домог ба яруу найргийн сэдвээр жижиг өгүүллэг бичих зэрэг багтдаг. Харин орчуулга грамматикын сургалтын төлөвлөгөөнд ордоггүй байв. Нэг ангийн сурагчид нас, авьяасаараа дотроо хэд хэдэн бүлэгт хуваагдана. Энэ бүлгийн ахлагчаар хамгийн сайн сурагч сонгогдоно. Тухайлбал Веррий Флакк гэдэг багш хамгийн сайнаар шалгарсан сурагчдаа номоо бэлэглэдэг байсан нь өнөөгийн сурагчийн урамшууллын эх гэлтэй.
Сургуулийн амралт 6 сараас 10 сар хүртэл үргэлжилнэ. Сургууль эхэлсэнээс хойш 2 сарын дараа Сатурналийн баярын үеэр болон өнөөгийн улаан өндөгний баяраар амардаг байв. Мөн бүх урлагийг ивээн тэтгэгч Минервийн өдрүүдээр амарна. 9 хоноод 1 өдөр амрах ба эцэст нь шашны баяраар мөн амардаг байв. Сүүлд хийсэн тооцоогоор МЭӨ I зуунд жилд 62 өдөр амарч байжээ. Гэхдээ тэр үед энэ өдрүүд яг ч амралтын өдөр биш байв. Ихэвчлэн баяр таардаг тул олноор нийлж баясах, тоглох нь цөөнгүй.
2.4. Дээд боловсролГрамматика сургууль төгссөний дараа хөвгүүд 16 орчим насандаа ритор хэмээх дээд шатны сургуульд шилжин суралцдаг. Энэхүү ритор сургуулийн зорилго нь сурагч багачуудыг улс төр болон хууль, эрх зүйн илтгэх урлагийн практик үйл ажиллагаанд бэлтгэхэд чиглэгдэж байв. Үүнээс улбаалаад тэдний хэрэглэж буй зохиол бүтээлүүд ямар нэг ерөнхий үзэл баримтлалыг хөгжүүлэхэд чиглэгддэгүй байв. Тэднийг гол төлөв тодорхой гэмт хэрэг, муу үйлийн эсрэг ялын төлөвлөгөө маягийн юм зохиож чанга дуугаар уншихад сургана. Тэд зарим үед хэн нэгэн нэрт хүн болон баатар тэр ч бүү хэл ямар нэг бурханы нэрийн өмнөөс үг зохион хэрэглэдэг байв. Тухайлбал, өөрийн тэргийг Фаэтонд өглөө хэмээн нарыг зүхэж буй Юпитерийн үг, төрсөн хүүхдүүдээ золигт гаргасан Медейн хэлсэн үг, үр хүүхдийнхээ хойноос гашуудаж буй Ниоба, Агамемноны эсрэг хурц ширүүн тэмцэж буй Ахилл зэргийг дууриасан бичлэгүүд сурвалж бичигт тэмдэглэгдсэн байдаг.
Зарим үед сурагчдад илүү өргөн хүрээний тухайлбал, лакедомын Венера бурхан яагаад зэвсэг хэрэглэдэггүй вэ? гэх зэрэг ухаан сорьсон зохион бичлэг хийлгэнэ. Гэхдээ риторын сурагчид зөвхөн зохион бичлэгээр хязгаарлагдахгүй. Тэд найз нөхөд, багш нарынхаа өмнө болон албаны хүмүүсийн өмнө өөрийн зохион бичлэгээ цээжээр уншиж гар, хөлөө хэрхэн хөдөлгөх, дуу хоолойгоо хэрхэн тохируулах зэргээр зөвлөлгөө авдаг байв. Сайн илтгэсэн хүүхэд зохих урамшил хүртэх бөгөөд зарим үед илтгэгчийг ирээдүйн Цицерон хэмээн магтах үе ч тохиолдоно.
Ритор сургуулийнханд грамматик сургуультай адил хичээл заах өөрийн гэх мэргэшсэн төрлүүд байв. Грек ба латин хэлээр мэргэшсэн багш нар байсан нь зарим талаар зөрчилд ч хүргэх болов. Хүмүүжлийн хуучин тогтолцооны талынхан грек хэлээр хичээл орохыг дэмжиж байсан боловч, римчүүд өөрсдийн нэр нөлөө, хэл соёл улам бүр хөгжиж байгааг мэдэрсэнээс латин хэлийг илүү өндөрт тавих болсон байна. Энэ зөрчлийг шийдэх үүднээс МЭӨ 92 онд rhetores latini хэмээх латин илтгэх урлагийг хорих хууль гарсан боловч, практик амьдрал дээр илтгэх урлаг маш хүчтэй дэлгэрснээс түүнийг ямар ч хуулиар хориглох аргагүй болсон байна. Залуучууд илтгэх урлагийг эзэмшихийн зэрэгцээ тодорхой шинжлэх ухааны салбаруудыг ч судлах болов. Байгалийн болон математикийн шинжлэх ухаанууд өөрийн нарийн, ухаан шаардсан шинжээрээ римчүүдийн практик оюун ухаанд ихэд нийцэж байв. Гэсэн хэдий ч эдгээр шинжлэх ухааныг судлах нь нилээд доод түвшинд байсан бололтой. Цицероний тэмдэглэсэнээр геометрийг гэхэд л хэмжих урлагтай адилтган, геометрийн шинжлэх ухаан гэхээсээ газар хэмжих ухаан мэтээр тайлбарлаж байжээ. Августын төр барьж байх үед геометр үздэг тусгай сургуулиуд байсан боловч, тэдгээр нь дээрхийн адил геометрт хандаж байв. Мөн одон орны шинжлэх ухаан жирийн амьдралын хүрээнд эргэлдэж, яруу найрагчид бүтээлдээ дурьдсан хэмжээнд л ойлгогдож байв.
Харин урлагийн төрлийн хичээлүүд римийн нийгэмд грекүүдийн нөлөөгөөр гүн шингэсэн боловч, гоо сайхны энэхүү хөгжил удаан явагдаж, ямар нэг онцгой үр дүнд хүргээгүй байна. Хэдийгээр Фабий Пиктор зэрэг язгууртан гаралтай нэрт уран барималчид байсан боловч ерөнхийдөө уран барималч, зураачдыг жирийн гар урчуудын хэмжээнд авч үзэж байв. Язгууртан Мессала өөрийн хүүг уран зурагт сургасан нь хүү нь хэлгүй байсан бөгөөд уран зураг сонирхсоноор цаг нөхцөөх аргад сургаж буй хэрэг байсныг түүхэнд тэмдэглэжээ. Дуу бүжгийг болохоор шашны сүлд дуу, шашны зан үйлийн салшгүй бүрэлдэхүүн хэсэг хэмээн үзэж байв.
Залуу хүн сургуулиа төгсөн эр хүний хувцас хэрэглэх болсон үед эцэг нь хүүгээ гол төлөв харийн оронд боловсролоо дээшлүүл хэмээн явуулдаг. Ихэвчлэн Афин, Родос, Митилен, Пергам, Александр уруу явах ба тэнд нэрт багш нар хичээл ордог байжээ. Харин зарим залуучууд ритор сургуулиа төгссөний дараа нийгмийн амьдралд оролцоно. Үлдсэн хэсэг нь өөрийн аж ахуйдаа буцаж ирнэ.
Римийн эзэнт гүрний түүхийн төгсгөл хүртэл дээр дурьдсан сургалтын хөтөлбөр хэрэгжиж байсныг түүхэнд тэмдэглэсэн боловч, цаг хугацааны эрхээр төрөөс зарим талаар энэ үйл ажиллагаанд оролцох болжээ. Эзэн хаад зарим үед боловсролд анхаарал хандуулах ч болов. Август төр барьж байх үедээ ордондоо сургууль байгуулж, багш нарыг урамшуулж байв. Тиберий хаан багш нарын давхаргыг хөхүүлэн дэмжиж, жирийн багшийг сенатын гишүүн болгож байв. Траян хаан гэхэд өвөрмөц байгууллагын тусламжтайгаар 500 итали хүүхдэд боловсрол олгосон байна. Харин Адриан хаан энэ санаачлагыг Италийн бүх мужуудад дэлгэрүүлж, олон сургууль байгуулан багш нарыг төрөөс цалинжуулж байжээ. Тэрээр Атена хэмээн нэрлэгдэх томоохон сургууль байгуулж, тэнд нь грек, латин илтгэгчид өөрийн үзэл бодлыг тайлбарлаж байв. Антонии хааны үед илтгэгч, гүн ухаантан, багш, эмч нар янз бүрийн татварын дарамтаас чөлөөлөгдөж, хот бүрт хүн амаас нь хамаарсан тоог гаргасан байна. Тухайлбал, хамгийн бага хотуудад 5 эмч, 3 илтгэгч, 3 багш татвараас чөлөөлөгдөнө гэх мэт. Сургууль ажиллуулах хөрөнгийг ихэвчлэн хотууд гаргах ба эзэн хаадууд энд хандив оруулах нь элбэг.
176 онд Марк Аврелий Афин хотноо философийн 4 тэнхим, тод хэллэгийн 2 тэнхим, софистик философийн нэг тэнхим, практик ажлын нэг тэнхим ажиллуулахад ихээхэн хөрөнгө зарцуулж байв. Мөн Александр Север хаан грамматик, илтгэх урлаг, анагаах ухаан, математик, механикийн сургууль байгуулсан ба эх, эцэг нь төлбөр төлөх чадваргүй ядуу айлын хүүхэд нэг жил үнэгүй сурах эрхээр хангагдаж байжээ. Ийнхүү төрөөс ард түмний боловсролын хэрэгт оролцох нь ил тод болсон байна. Юлиан хааны гаргасан нэг хуульд нийтийн боловсролын газарт багш томилох асуудал эзэн хааны мэдэлд байна гэж заагаад хааны нэрийн өмнөөс хот болгоны захиргаа энэ ажлыг гүйцэтгэхээр заасан байдаг. Ингэснээр Марсель, Бордо, Отен, Трир зэрэг хотууд боловсрол, гэгээрлийн нэрд гарсан төвүүд болон хувирсан байна. Энэ үед төр барьж байсан Грациан, Феодосий нар багш нарын цалингийн хэмжээ, сургуульд байх тэнхимийн тоог тогтоож байв. 370 онд I Валентиний гаргасан хуульд римийн сурагчдад тавих хяналтын тухай асуудал оржээ. Энэ хуулиар залуу хүн бүр түүний төрсөн газрын магистрын бичиж баталгаажуулсан гэрчилгээтэй байна. Энэ гэрчилгээнд түүний төрсөн он, нас, олж авсан боловсрол бичигдэхээс гадна тэрээр өөрийн биеэр орон нутгийн удирдлага дээр ирж ямар ажил хийх, хаана амьдрахаа мэдэгдэх үүрэг заагджээ. Үүнийг нь орон нутгийн захиргаа шалгаж мэдээд хэрэв тэр хүн өмнө нь дутагдал гаргаж байсан бол орон нутагт нь буцаах хүртэл арга хэмжээ авч байв. Залуус 20 нас хүртлээ нийслэлд амьдрах ба 20 хүрэнгүүт нийслэлийг орхиж явна. Римчүүд эмэгтэйчүүдийн хүмүүжил боловсролд их анхаарч байв. Эмэгтэйчүүд утга зохиол, бичиг үсэг, илтгэх урлагтай заавал танилцаж, дуулж, бүжиглэж сурахаас гадна зарим нэг нь газар зүй, геометр, математик болон анагаах ухаанаар ч хичээллэж байв. Иймд эрдэм эзэмшсэн залуу рим хүүхнийг “puella docta” буюу ухаант доктор хэмээн нэрлэх ч тохиолдол байв.
Үргэлжлэл бий...