2010-11-22
Дэлхийн боловсролын түүх - 4

2.5. Римийн сургуулиуд дахь багш, сурагчийн харилцаа

 

Римийн сургуулиудад багш сурагчийн харилцаа ямар байсан тухай баримтыг нэрт түүхч-сурган хүмүүжүүлэгч Квинтилиан “Илтгэгчийн хүмүүжлийн тухай”  номондоо тодорхой бичиж үлдээсэн байна.

 

                                                               Марк Фабий Квинтилиан (42 г. - ок. 118 г. )

“Илтгэгчийн хүмүүжлийн тухай” хэмээх 12 боть номондоо тухайн үеийн грек-римийн гүн ухаан, сурган хүмүүжүүлэх ном бүтээлийг нэгтгэн дүгнэж, мөн илтгэх урлагийн сургуулийн багш болох өөрийн туршлагаа ч оруулжээ. Энэхүү ажил сургуулийн практик үйл ажиллагаатай нягт холбоотой ажил болсон юм. Тэрээр хүмүүжлийн үүрэг, хүүхдийн хүч, авьяаст итгэх итгэлийг өндөр үнэлж, сурагчийн мөн чанарт ихээхэн анхаарч байв. Хүмүүжил, сургалтын зорилго нь нийгмийн зүтгэлтнийг бэлтгэхэд оршино. Тэрээр багшид тавигдах шаардлагад боловсрол эзэмшсэн түвшин, хүүхдийг хайрлах хайр, тэдэнд болгоомжтой, анхааралтай хандах хандлага, хүүхдийг судлах, биеэ барих чадвар, шагнал, шийтгэлд ухаалаг хандах зэргийг оруулж үзжээ. Багш аливаа тодорхойлолтод догматик бус харин чөлөөтэй, бүтээлч хандахыг уриалж байв. Хүүхдийн хэл ярианы хөгжил, зөв дуудлагад ихээхэн анхаарч байсан. Үүний тулд хүүхдэд зөв үлгэр үзүүлэх асрагч олж, хөгжим, яруу найрагт багаас нь сургах ажээ. Түүний бүтээлүүд сэргэн мандлын үеийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлалд томоохон нөлөө үзүүлсэн юм.




“…Багш юуны өмнө сурагчдаа эцэг шиг нь хандаж сурах хэрэгтэй, тэрээр юуны өмнө өөрийгөө үр хүүхдээ итгэн үлдээсэн газар хэмээн харж сурах хэрэгтэй, багш өөртөө болон бусдад байгаа нүглийг үл тэвчигч байх ёстой; түүний хатуу чанга арга барилд хар муу санаа байх ёсгүй, төлөв даруу зан нь хайнга байдалд хүрэхээс болгоомжилно, хар муу санаа үзэн ядалтад хүргэдэг бол төлөв даруу зан хайнга байдалд хүргэдэг. Багш сайн ба үнэнч чанарын тухай байнга ярих ёстой. Учир нь итгүүлэх тусам шийтгэл багасдаг, ямар ч тохиолдолд уур уцаараа барих ба засаж болох зүйлийг харахгүй өнгөрч болохгүй. Хичээл заахдаа энгийн, хөдөлмөрч, идэвхитэй бай. Багш асуултад идэвхитэй хариулах ба юм асуудаггүй сурагчаас өөрөө сайн асуу. Өөрийн шавь нарын хийсэн үйлийг сайшаахдаа хэтрүүлж, дутуудуулж болохгүй. Хэтрүүлбэл шавиа хийсэн зүйлдээ сонирхол буурахад хүргэдэг бол дутагдуулбал онгироо занд хүргэнэ. Шавийнхаа алдааг засахдаа багш хатуу чанга зэмлэл, хараалаас зайлсхий. Учир нь өөрийг нь үзэн ядсан байдлаар хараавал олонхи сурагч сурах сонирхолгүй болдог. Харин өдөр бүр шавийнхаа сэтгэлд шингэсэн зүйл ярих хэрэгтэй. Номонд сайн үйлийн талаар их бичдэг боловч, амьд үг ялангуяа багшийн үг шиг хүчтэй жишээ байхгүй. Бид хайрладаг зүйлдээ хүрэхийн тулд хэрхэн тэмүүлдэгийг үгээр хэлэхийн аргагүй. Зөвшөөрсөнөө илэрхийлэхийн тулд сурагч суудлаасаа босон харайж болохгүй. Залуус өөрийн сэтгэлийн хөдлөлөө даруухан илэрхийлэх ёстой. Ингэснээр шавь зөвхөн багшийн санал бодлоос хамааралтай болж, багшийн зөвшөөрсөн хариултыг л сайн боллоо гэж үзэх болно.

Сонсож байгаа, ярьж байгаа сурагч багшийн нүд үрүү эгцлэн харах ёстой. Ингэснээр багш шавиа магтах уу, зэмлэх үү гэдгээ шийдэх боломжтой болно. Ингэснээр нэг хэсэг нь сайн бичиж сурах ба нөгөөдүүл нь түүнийг үнэлж сурна. Ингэх нь сурагчдад бахархал төрүүлдэг. Багш хүртэл өөрөө аливааг анхааралтай сонсож, биеэ барих ёстой. Багш сурагчдаа бус харин сурагч багшдаа таалагдахын тулд хичээх ёстой. Харин хэлсэн бүрийг нь магтаад байх нь одоо их хортой болоод байна. Ингэх нь зохимжгүй бөгөөд хэт хиймэл санагдана...” хэмээн бичжээ. 

 

2.6. Римийн сургуулиуд дахь шийтгэлийн хэлбэрүүд

 

Даруу зан багш нарын дунд ягштал хэвшсэн зүйл бас биш байв. Тэд хүн юм хойно биеэ барилгүй уурлаж, хатуу чанга үг хэлэх нь элбэг. Уур уцаар хичээл бүр дээр давтагддаг байв. Цицероний ихэд хүндэтгэдэг байсан эрдэм оюунт Денис гэдэг багш сурагчидтайгаа эелдэг харьцдаг боловч, өөрийн хүү, дүү нартайгаа хичээллэхдээ жинхэнэ уур уцаарыг гаргадаг байсан хэмээн тэмдэглэгджээ. Мэдээж хэрэг эх, эцэг даруу, төлөв багш нарт дуртай боловч, хатуу чанга шаардлагатай багш римийн нийгэмд ихэд эрэлт, хэрэгцээтэй байв. Үүний зэрэгцээ багшийн уур уцаар өөрийн гэх учир шалтгаантай байдаг. Тэр биеэ барилгүй уурласан бол өөрийн ажилдаа үнэн зүрхнээсээ хандаж байна гэсэн үг юм. Цицерон “багш сайн, авьяаслаг байх тусам хичээл дээрээ уур уцаар ихтэй байдаг. Тэрээр өөрийн амар, хялбар ойлгосон зүйлийг шавь нь ойлгож өгөхгүй байхад уур нь хүрэх нь гарцаагүй” хэмээн тэмдэглэсэн.

Харин багшийн уур зөвхөн үгээр илэрдэггүй байв. Үг хэл нь бодит ажилд шилжих нь амархан. Эртний Римийн түүхч том Плинигийн тэмдэглэсэнээр ой тогтоолт чихний доод талд байрлах ба багш юм ойлгохгүй байгаа шавийнхаа чихний дор цохих нь элбэг байв. Тэдний мэдэлд сурган хүмүүжүүлэх өөр ширүүн арга байсныг ч тэмдэглэх хэрэгтэй. Багшийн хэрэглэх дуртай нэг “зэвсэг” нь ферула хэмээх шугам байжээ. Римчүүдийн ойлголтоор шугам ба сургууль хоёр салшгүй ойлголт юм. Яруу найрагч Ювенал энэ ойлголтыг зохиол бүтээлдээ хүртэл хэрэглэж, “Шугам барьсан багшаасаа эмээсэн Ахиллес нутгийнхаа уулан дээр гараад дууг улам чанга дуулав” хэмээн шүлэглэжээ. Ферула нь заагуур модны үүрэг гүйцэтгэх ба идэвхигүй байдал гаргасан сурагч уруу шууд чиглэнэ. Гэм хийсэн сурагч алгаа тэнийлгэн шугамаар гар дээрээ цохиулдаг байв.

Бүр хүнд дутагдал гаргасан сурагчид суран бүсний амт үзүүлнэ. Мэдээж төмөр саваа хэрэглэхийг хориглож байв. Геркуланумын сургуульд дутагдал гаргасан сурагчийг хэрхэн ташуурдаж байгаа зураг хадгалагдан үлджээ. Дутагдал гаргагчийн мөрнөөс хэн нэг нь барьж нөгөө нь хөлнөөс нь барьсан байдаг. Бусад нь тэднийг дуугүй хараад зогсож байна. Ташуур барьсан багш хажууд нь залхаахаар зогсож байна. Зодуулсан сурагч өвдсөндөө хашгирч байгаа нь тод харагддаг. Зарим үед багш сурагчийнхаа хөлнөөс нэг гараараа толгойг нь уруу харуулан бариад нөгөө гараараа зодож буй зураг ч байдаг.

Ер нь Римийн сургуулиуд хатуу чанга, хагас цэргийн зохион байгуулалттай байв. Зарим үед үүнийг эсэргүүцсэн дуу хоолой гарч байсан боловч, сургалтын ийм уламжлалт арга амь бөхтэй оршсоор байжээ. Энэ аргыг бага сургууль төдийгүй бидний өнөөгийн ойлголтоорх дунд сургуульд ч хэрэглэж байв. Ювенал илтгэх урлагийн тухай ном бүтээлээ туурвиж байх үедээ ч ферулагийн дор гараа тавьж өгч байснаа дурссан байдаг. Алдарт Орбилий багш яруу найрагч Горацийтай хэрхэн хатуу чанга харьцаж байсныг тэрээр тэмдэглэсэн байдаг. Римийн эзэнт гүрний төгсгөл үед төр барьж байсан Ариун Августин хаан грек хэл сургахын тулд хэрхэн зодуур амссанаа дурсдаг байжээ.

 

 Ийнхүү ташуурын хүмүүжил римийн эзэнт гүрний туршид сургуулиудад тогтсон хэвшил мэт үйлчилсээр байв. Римийн нийгмийн давхаргынхан ч үүнд янз бүрээр хандаж байсан юм.

 


3. Эртний Египет

 

Одоогоос 5000 орчим жилийн тэртээд өнөөгийн Египетийн нутаг дэвсгэр дээр манай гаригийн хамгийн ууган соёл иргэншлийн нэг үүсэн бий болжээ. Энэхүү түүхэн баримт бий болохоос өмнө бие даасан улс төрийн жижиг байгууламжуудын ноёрхолоо тогтоох зорилготой бидэнд үл мэдэгдэх тэмцэл олон зуун жил үргэлжилсэн үргэлжилсэн байна. Энэ тэмцэл ойролцоогоор МЭӨ IY-III зуунд төгсгөл болж, 40 орчим жижиг улсууд нэгдэн Дээд Египетийн хаант улс, Доод Египетийн хаант улс гэсэн хоёр том төрт улс байгуулагджээ. Эцсийн дүндээ Дээд Египет нь Доод Египетээ өөртөө нэгтгэн нийт Египет даяараа нэг хаан буюу фараоны захиргаанд оржээ. Нэгдсэн Египетийн түүх нь 3000 орчим жилийг хамарсан маш урт хугацааг эзэлдэг. Шинжлэх ухаанд тогтсон үечлэл ёсоор Египетийн түүхийг Эртний хаант үе, анхны шилжилт, Дундад хаант үе, хоёрдахь шилжилт, Шинэ хаант үе, сүүл үе хэмээн ангилдаг. МЭӨ 332 онд Египет Македоны Александрийн захиргаанд орж, МЭӨ 30 онд Ромын эзэнт гүрний нэг муж болсон байна. Ингэснээр үе залгамжилсан шинж Египетийн түүхийн үечлэлд төдийгүй мөн түүний соёлын түүхэд үргэлжилсэн байна.  

            Эртний Египетчүүдийн сургууль, боловсролын тухай анхны мэдээ бүр МЭӨ III зуунд хамаардаг. Тэндэхийн боловсролын тогтолцоо анхандаа хүүхэд, залуучуудыг томчуудын ертөнцөд хөтлөн оруулахад чиглэгдэж байв. Олон мянга жилийн туршид Нил мөрний хөндийд бие хүний тодорхой сэтгэл зүйн хэв маяг төлөвшин тогтжээ. Эртний Египетчүүдийн төгс хүний ойлголт дуу цөөнтэй, хувь заяаны зовлон зүдгүүр, цохиолтод тэвчээртэй бие хүн байв. Ийм хүсэл мөрөөдлийн логикын хүрээнд сургалт, хүмүүжил хэрэгжиж байжээ. Эртний Египетэд гэр бүлийн хүмүүжил ба сургалт нь гэр бүлд харилцан тэгш эрхтэй байсан эрэгтэйчүүд болон эмэгтэйчүүдийн харилцан хамаарлыг тусгадаг. Иймд охид, хөвгүүдийг сургахад адилхан анхаардаг байв. Зөвхөн нийгмийн дээд давхаргынхан мэдлэг эзэмших бололцоотой ба эртний түүхийн эх сурвалжид тэмдэглэсэнээр “бүхнийг нэг зүйлд зангидах” хэмээн тодорхойлж байжээ. Иймээс эртний Египетэд “мэдлэг”, “сургаал”, зангилаа” гэсэн үг нэг дүрс үсгээр тэмдэглэгддэг байна.

            Эртний Египетийн түүхийн эх сурвалжид тэмдэглэгдэн үлдсэнээр хүүхдэд ихээхэн анхаардаг байв. Учир нь египетийн шүтлэг ёсоор охид, хөвгүүд эх, эцэгтээ шинэ амьдрал авчирдаг ажээ. Харж, хамгаалах эх, эцгийн үүргээ гүйцэтгэж буй хүмүүс ингэснээрээ өөр ертөнцөд амьдарч буй өвөг дээдсийнхээ аз жаргалтай амьдралыг хангаж байна гэдэгтээ итгэдэг байв. Тэдний итгэл, үнэмшлээр бол бурхад нас барсан хүний оюун санааг дэнсэлж үзээд жингийн туухайн нэг талд оюун ухааныг нөгөө талд “зан төлвийн хэм хэмжээг” тавьдаг байна. Хэрэв жингийн туухай тэнцэж байвал нас барагч нөгөө ертөнцөд шинэ амьдрал эхэлж болох ажээ.   Нөгөө ертөнцөд амьдрах амьдралд бэлтгэх хүрээнд хүүхдэд хандсэн сургалт, хүмүүжлийн ажил явагдах ба энэ нь ёс суртахуун төлөвших хөшүүрэг болж, сургалт, хүмүүжлийн чухал үзэл болох “Эцэг нь сургаагүй хүүхэд ургаа хад мэт байдаг” гэсэн зарчмыг тусгаж байв.

            Эртний Египетэд хэрэглэж байсан сурган хүмүүжүүлэх арга, барил сургалт, хүмүүжлийн зорилго, тэмүүлэлд нь нийцэж байв. Сурагч юуны өмнө багшийг сонсож сурна. “Сонсож сурах нь хүний хамгийн сайн чанар” гэсэн хэллэг ихэд дэлгэрсэн байв. Багш ихэнхдээ сурагчдаа хандан: “Анхааралтай байж, миний хэлэхийг сонс. Чамд ярьж байгаа зүйлээс юуг ч бүү март” хэмээн анхааруулдаг. Ийм төрлийн дуулгавартай байдалд дасгах хамгийн дөт арга нь зодуурын арга байсан бөгөөд үүнийг байх ёстой хүмүүжлийн арга хэмээн нийтээр хүлээн зөвшөөрч байв. Сурагчид байнга зодуулна. Эртний нэгэн сударт тэмдэглэн үлдээснээр “бяцхан хүүхдийн чих нуруундаа байх бөгөөд тэрээр хэлсэн зүйлийг сайн сонсож сурахын тулд нуруунд нь зодох хэрэгтэй” хэмээсэн байдаг. Эцгийн болон багшийн хөдөлшгүй нэр хүнд олон мянган жилийн уламжлалтай юм. Ийм уламжлалыг баримтлагч нэр үл мэдэгдэх зохиолч “Гераклеонолийн хаан” (МЭӨ XIII зуун) номондоо “Өөрийн эцэг ба өвөг дээдсийнхээ араас үргэлж дага” хэмээн сургамжилсан байдаг. Энэ уламжлалыг дагалдан өөрийн мэргэжлийг эцгээс хүүд өвлүүлэх уламжлал нягт уялджээ. Нэгэн эх сурвалжид 25 үе дамжин барилга барьсан гэр бүлийн тухай өгүүлсэн байдаг.

Гэхдээ эртний египетийн соёл иргэншил консерватив шинжтэй байсан хэдий ч түүний хүмүүжлийн зорилго, тэмүүлэл байнга шинэчлэгдэж байсныг тэмдэглэх хэрэгтэй. МЭӨ 1 дэхь мянган жилд хамаарах сурвалж бичигт хүн ямар байх тухай эрс өөр үзлүүдийг тэмдэглэсэн байдаг. Энэ  сурвалжийг зохиогч хуучин уламжлалаа баримтлагчдыг ус, агааргүйгээр ургамал ургуулж буй хүнтэй адилтган шүүмжилсэн байна.

            Эртний Египет дахь ёс суртахууны хүмүүжил гол төлөв “Авдартай алтыг тэвэрснээс хүнийг хайрлах сэтгэлийг тэвэрсэн нь дээр”, “уй гашууд хүрэх гэж баян болсоноос сэтгэл зүрхээрээ баясах гэж хатсан талх идсэн нь дээр” зэргийн ёс зүйн номлолын дагуу явагдана. Ийм сургаалуудыг уншиж, бичиж, тогтоож сурах нь тийм ч амар байсангүй. Учир нь тэдгээр нь амьд ярианаас ялгаатай дуудлага бүхий дүрс үсгээр бичигддэг байв.

            Сургалтын зорилго нь гэр бүлийн гишүүд уламжлал ёсоор оролддог үйл ажиллагаанд бэлтгэх явдал байв. Иймд гэр бүл сургалтын хамгийн анхны нэгж болдог ажээ. Өөрийн мэргэжлийг үр хүүхэддээ шашны зүтгэлтнүүд, хөгжимчид, гар урчууд өвлүүлнэ.

Гар урлаач эцгүүд гэхэд газар тариалангийн багажийг дууриалган хийсэн тоглоомоор хүүхдээ тоглуулдаг. Зөвхөн цэргийн сургуулийг тусгайлсан хатуу чанд мэргэжлийн давхаргын сургалтаар зохион байгуулдаг байв. Ирээдүйн дайчдыг зэвсэг хэрэглэх, хүч тамир нэмэгдүүлэх тусгай дасгалаар хичээллүүлэх, уян хатан, авхаалжтай байхад сургана.

            Сургуулиуд эртний Египетэд гэр бүлийн институт маягаар үүсчээ. Түшмэдүүд, шашны дээд тушаалтнууд хүүгээ ирээдүйд өөрийх нь байр суурийг эзлэнэ гэсэн зорилгоо сургадаг.  Сүүл үрүүгээ ийм гэр бүлүүдэд цөөхөн тооны бүлэг бүхий сурагчид хичээллэх болжээ. Бичиг үсэг сурах, бичээч болох нь нийгмийн сайн сайхан байдлын үндэс болж байв. Сурвалж бичгүүдэд “Хараач, хүн хэзээд дарга байдаг бичээчээс өөр албан тушаал байхгүй” гэсэн илэрхийлэл олонтоо тохиолддог.

Боловсрол олох нь нилээд хөдөлмөр зарсан ажил байв. Сургууль өглөөнөөс орой болтол хичээллэнэ. Залхуучуудыг хатуу шийтгэж, тогтсон ёсыг зөрчих нь хүнд цээрлэл хүлээдэг байв. Амжилтад хүрэхийн тулд хүүхэд жирийн амьдралаа мартах үе ч гарна. Дуулгаваргүй сурагчаа сургаж байгаа үгийг эртний нэгэн сурвалж бичигт дараах байдлаар тэмдэглэн үлдээсэн байна. “Байрандаа босоод зогс. Чиний нөхдийн өмнө ном дэлгээстэй байна. Номоо зохих ёсоор унших хэрэгтэй. Юм бичихэд дурла, бүжиг, наадмыг үзэн яд. Өдөржин бичиж, шөнөжин унш. Өдрийг баярлаж өнгөрвөл чамд л муу юм болно. Өөрөөсөө ихийг мэддэг хүнээс зөвлөлгөө ав. Чамайг хичээлээ хаяад, найр наадам хөөдөг гэдгийг надад хэлсэн. Чи гудамжнаас гудамжинд дарс эрүүлэн тэнэж байна. Дарс санаа бодлыг хордуулдаг. Чи залбиралгүй бурхан, талхгүй айл шиг  болоод байна. Чиний оршуулганд хэрэглэх цэцэг аль эрт хүзүүнд чинь зүүлттэй байна. Тэнээд байвал чиний хөлийг тушаад усны үхрийн уяагаар ороолгох болно” гэсэн байдаг.

            Түүхээс харахад сургуулиуд сүм хийдийн дэргэд, хааны ордон ихэс дээдсийн өргөөнд байгуулагддаг байв. Хүүхдийг 5 наснаас эхлэн сургана. Эхэндээ хүүхэд зөв, цэвэр бичихэд суралцах, дараа нь ажил төрлийн бичгийг шаардлагын дагуу боловсруулж сурах ёстой. Бичиг үсэг сурахын тулд сурагч 700 орчим дүрс үсэг сурч, товчилсон хурдан бичлэг ба сонгодог бичлэгийг ялгаж сурах ёстой. Үүний үр дүнд тэрээр төрийн хүний арга маягт тохирсон албаны хэрэг, шашны ном зохиол бичихэд зориулсан шашны зан үйлд суралцдаг. Эртний хаанчлалын үед шавар самбар, арьс, ясан дээр бичдэг байсан боловч, чухам энэ үед намгийн ургамлаар хийдэг папирус хэмээх цаас буй болжээ. Сүүлдээ папирус бичгийн үндсэн цаас болсон юм. Бичээч болон сургуулийнхан бичгийн өвөрмөц хэрэгсэлтэй байсан. Энд устай аяга, будаг хийхэд зориулан нүхэлсэн модон самбар, бичихэд зориулагдсан хулсан саваа зэрэг орно. Бүх текстийг хар өнгөөр бичдэг байв. Гэхдээ чухал зүйлийг улаанаар тэмдэглэсэн тааралддаг.

           

Сургуульд хэрэглэдэг папирусыг олон дахин ашигладаг байв. Хэрэглэхийн өмнө өмнө бичсэнийг арилгана. Бичээч нар папирус дээр тухайн хичээлийн өдөр, сар, оныг бичнэ. Хуулж, цээжлэх зориулалтай сурах бичиг ч байв. Сургалтын эхний шатанд дүрс үсгийг бичих техник ажиллагаанд суралцана. Дараа нь агуулгын талд анхаарч эхэлнэ. Энэ шатанд мөн цэвэр, хурц хэллэгт сургадаг. Учир нь Египетэд “Үг зэвсэгээс хүчтэй”, “Үгээр амьдруулж, алж бас болно” гэсэн зарчим хүчтэй үйлчилдэг. Зарим сургуульд математик, газар зүй, одон орон, анагаах ухаан, бусад улсын хэл заадаг байв. Суваг шуудуу, сүм хийд, пирамид, ургацын хэмжээг тогтоох зорилгоор математик, Нил мөрөн хэзээ үерлэхийг тогтоох зорилгоор одон орны ойлголтуудыг ашиглаж байсан мэдээ олон тааралддаг. Тухайлбал “Агуу их Осирис (одны нэр) тэнгэрт мандахад Нил мөрөн эргээсээ халина” гэж эртний Египетэд ярьдаг байв. Орон нутгийн байдлаа төлөвлөн зурахад сургахын тулд хүүхдэд газар зүй ба геометрийн хичээлийг хамтад нь орно.

            Ийнхүү сургалт улам бүр нарийсаж ирсэн байна. Тухайлбал, Шинэ хаанчлалын үед (МЭӨ Y зуун) эмч нарыг бэлтгэх сургууль бий болжээ. Энэ үед бараг 50 орчим өвчний шинжийг оношилж, эмчлэх мэдлэг хуримлагдаж, ном бүтээл гарчээ. Мөн энэ үед дээд давхаргын хүүхдүүд фараоны гэр бүлийн гишүүдтэй хамт суралцдаг хааны сургуулиуд байгуулагдсан байна. Энэ сургуульд эртний бичвэрүүдийг тухайн үеийнхээ хэлэнд орчуулах орчуулгад ихэд анхаарч байжээ. Ийм бичвэрүүдийн нэгэнд: “Би эзэн хааны төлөө үнэнийг бүтээлээ, би түүний хүслийг биелүүллээ, би үнэн ярьж, зөв алхам хийсэн, би сайныг ярьж, сайныг давтсан. Би ах, эгч хоёроо эвлэрүүлэхийн тулд зөв сэтгэсэн. Би азгүй нэгнийг хүчтэй нэгнээс аварсан. Би өлсгөлөн хүнд талх өгч, нүцгэн хүнд хувцас өгсөн. Би завьгүй хүмүүсийг өөрийн завиараа зөөсөн. Би өөрийг нь оршуулах хүүгүй хүнийг оршуулсан… Би өөрийн гэх завьгүй хүнд завь хийж өгсөн. Би өөрийн эцгээ хүндэлж, өөрийн эхээ хайрладаг. Би тэдний хүүхдийг өсгөсөн” гэж бичсэн байна. Иймэрхүү бичвэрүүд Египетийн утга зохиол ба ер нь боловсролд гүнзгий шингэсэн хүчтэй хүмүүнлэг шинжийг тод харуулдаг.  

            Сургалтад мөн сургалтын арга зүйн материал их ашиглаж байв. Эртний хаанчлалын үед зохиогдсон боловч, дунд хаанчлалын үед улам баяжин, засагдсан алдарт “Птахотепийн сургаал”-д Птахотеп хүүдээ: “Хэрэв чи олон хүнд тушаал өгдөг дарга юм бол чиний тушаал муу үйлгүй байхын тулд үргэлж сайн үйлд тэмүүл. Шударга ёс агуу бөгөөд бүх сайн зүйл тогтвортой” хэмээн захидаг. Туршлагатай түшмэл энд харгис ширүүн зан ба хууль хөсөрдүүлэхээс хүүгээ сэргийлэн дээрх үгийг хэлж байна. Бүр Эртний хаанчлалын үед Египетчүүд цэцэн хэллэг, илтгэх урлагийг үнэлж хүүхдийг бүр багаас нь үүнд сургаж байв. Дээрх Птахотеп “Хэрэв чи хааны ойрын хүрээлэлд байж, ертөнцийн эзний зөвлөлд зөвлөлддөг бол анхааралтай байж, дуугүй суу… Бүхний учрыг олсон үедээ л ярьж эхэл” гэж сургасан нь үүний баталгаа мөн.

4. Эртний Хятад

 

4.1. Сургууль

 

            Хүн төрөлхтөний анхдагч соёл иргэншлүүдийн нэг адил  эртний Хятадын сурган хүмүүжүүлэх баялаг, өвөрмөц уламжлалийн үндсэнд бүр хүй нэгдлийн үеэс улбаатай гэр бүл-нийгмийн хүмүүжил оршиж байв. Аливаа гэр бүл дэхь амьдрал олон зуун жилийн туршид төлөвшин тогтсон уламжлал, зан үйлийн хүрээнд явагдана. Айл гэр бүрд тухайн гэр бүлийн гишүүдийн зан төлөв, хөдөлмөр, байр суурийг үнэлдэг өөрийн гэх ивээн тэтгэгч байна. Гэр бүлийн гишүүдэд заавал даган мөрдөх ёстой дүрэм, хязгаарлалт оршиж байв. Тухайлбал, болчимгүй үг хэлэх, ахмад хүн ба гэр бүлийн бусад гишүүдийг гомдоох үйлдэл зэрэг нь тодорхой дүрмээр шийдэгдэнэ. Дэлхий ертөнц дэхь хүний ёс зүйг харж байдаг бурхан бий гэдэгт тэд итгэдэг байв. Ёс суртахууны ийм зан үйл амьдралд гүнзгий шингэж айл гэр бүрт ёс суртахуун номлосон зургийг өлгөж байв.

 

            Хүмүүжлийн харилцааны үндсэнд ахмад настнаа хүндлэх харилцаа оршино. Багшийг эцэг шигээ хүндэтгэнэ. Багшийн ажил хамгийн хүндтэй мэргэжлийн нэг. Учир нь боловсрол олно гэдэг хамгийн чухал зорилтуудын нэг байсан юм. Эртний Хятадын ном, сударт өгүүлсэнээр анхны сургуулиуд тэнд МЭӨ III мянган жилд бий болсон бөгөөд сян ба сюй гэж нэрлэдэг байв. Сян нь ахмад настнуудын амьдардаг газар буй болж, тэд залуучуудыг сургаж, хүмүүжүүлэх ажлыг гүйцэтгэдэг байна. Харин сюйд эхэн үедээ цэргийн эрдэмд сургаж байв. Сүүл үе үрүүгээ эдгээр сургуулиудыг нийтэд нь сюэ гэж нэрлэх болжээ. Сюэгийн тухай мэдээ Шан гүрний үеийн (МЭӨ XYI-XI зуун) зарим нэг сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байна. Тэр үеийн сюэд зөвхөн чөлөөт ба чинээлэг айлын хүүхдүүд суралцаж байв. Сургалт, хүмүүжлийн хөтөлбөрт нь ёс зүй, бичиг, тоо, хөгжим, нум сум харвах, морь унах гэсэн 6 урлаг орно.

 

Шаний үе Жоугийн үеэр (МЭӨ XI-III зуун ) солигдоход сургуулиудад нийгмийн дээд давхарга буюу госюэгийн хүүхдүүд түүнээс арай доод давхарга буюу сансюэгийн хүүхдүүд суралцдаг болов. Гэхдээ госюэгийн хүүхдүүд хотод, сансюэгийн хүүхдүүд орон нутагт суралцах жишээтэй. Сургалтын гол зорилго нь ханз үсэгт суралцах явдал байв. Анхны сургууль байгуулагдаж байх үед шашны бичээч нарыг тооцохгүй бол ханз үсгийг эзэмшсэн хүн төдий л их бус байжээ. Ханзаар бичих нь үе дамжсан шинжтэй байсан тул хэрэглээ нь нийгэмд удаан тархаж байв. Анхны ханз үсгүүдийг яст мэлхийн хуяг болон янз бүрийн амьтны ясан дээр зурсан байдаг.

 

Харин X зууны үеэс эхлэн шавар вааран дээр янз бүрийн юм бичих болжээ. МЭӨ YIII-аас МЭ анхны он хүртэх үед өнгөлсөн хулсан самбар ба торго ашиглах болж түүн дээрээ үзүүрлэсэн хулсан савхны тусламжтайгаар цавууны модны шүүсээр бичдэг болов. Харин МЭ-ий II зууны үед цаас, будаг гаргаж авсанаар ханз үсгэнд сургах ажил хурдацтай явагдах болжээ.

Сургалтад хандах эртний Хятадын хандлага товч боловч, ихийг агуулсан томьёоллоор явагдана. Энэ нь хөнгөн шинж, багш шавийн харилцан ойлголцол, шавь нарын бие даасан байдал зэрэг болно. Багшийн гол зорилго бол янз бүрийн асуудлыг бие даан тавьж, шийдвэрлэхэд сургах явдал байв. Хятад нь гүн ухааны сэтгэлгээний хөрс суурин дээр хүмүүжил, боловсролын асуудлыг онолын хувьд ойлгох оролдлого хийсэн эртний цөөхөн соёл иргэншлийн нэгэнд зүй ёсоор тооцогддог. Гүн ухааны анхны сургуулиуд тэнд МЭӨ YI зууны үед бий болсон ба тэдний тоонд моизм, легистуудын сургууль, күнзийн сургууль ордог.

 

 


 

4.2. Күнзийн сургууль

 

 

Күнз(МЭӨ 551-479 он)

Эртний Хятадын болон ер нь дэлхийн томоохон гүн ухаантан, сэтгэгч, сурган хүмүүжүүлэгчдийн нэг Күнз нь хүн төрөлхтөний соёл иргэншлийн түүхэнд томоохон байр эзэлдэг хүмүүсийн тоонд ордог. Тэрээр өөрийн гэх сургууль байгуулсан бөгөөд домог яриагаар тэр сургуульд нь 3000 гаруй хүүхэд суралцаж байжээ. Энэ үеэс эхлэн тэрээр шинжлэх ухаан, боловсролыг дэмжин тэтгэгч болон шүтэгдсэн байна. Күнзийн сургууль дахь сургалтын заах арга нь багш, шавийн харилцан яриа, баримт, үзэгдэл, үйл явцыг ангилах, харьцуулах, дүрийг хөгжүүлэн баяжуулахад тулгуурлаж байв. Күнз нь эртний Хятад дахь хүмүүжил, боловсролын туршлагыг нэгтгэн дүгнэж, үүнийхээ үндсэн дээр тухайн салбарт хэрэглэгдэх өөрийн гэх өвөрмөц үзэл баримтлалыг боловсруулсан юм. Тэрээр хүмүүжил, ёс суртахууны хувийн төгөлдөржилтийг хүний ахуйн үндсэн мөн чанар, сайн сайхан байдлын зайлшгүй нөхцөл хэмээн үзжээ. Нийгмийн тогтвортой байдал гэдэг нь Күнзийнхээр “Эзэн хаан эзэн хаан шиг, түшмэл түшмэл шиг, эцэг хүн эцэг хүн шиг, хүү хүү шиг байх байх ёстой” гэсэн нийгмийн зорилгод тулгуурладаг.

 

Күнзийн сургуульд 4 төрлийн хичээл орох ба эдгээр хичээлүүдийг ёс суртахуун (Шизин), хэл (Шузин), улс төр (Лизи), утга зохиол (ёэзин) гэсэн сурах бичгийн дагуу үздэг. Түүнийхээр төгс хүмүүжилтэй хүн гэдэг нь сайхан сэтгэл, үнэнд тэмүүлсэн тэмүүлэл, үнэнч шударга, хүндлэл эзэмшсэн зан, оюуны соёлын баялаг шинжүүдээр илэрдэг чанарыг эзэмшсэн байх ёстой. Үнэн хэрэгтээ хүн төрөлхтөний түүхэнд анх удаа хятадын энэ алдарт гүн ухаантан ёс суртахууныг боловсролоос дээгүүр тавьсан бие хүний бүх талын хөгжлийн талаар томьёолсон юм. Ёс суртахуун, оюун ухаан, гоо сайхан, бие бялдрын хүмүүжлийн хөтөлбөрт 6 урлагийн тусламжтайгаар “тэнгэрийн хүү”, сайхан эрчүүдийг” төлөвшүүлэх зорилт багтдаг.

 

Күнзийн сурган хүмүүжүүлэх үзэл баримтлал түүний шавь нарын эмхэтгэн гаргасан “Луньюй” буюу “Ярилцлага ба бодрол” хэмээх номонд тусгагджээ.

Күнз шавийн хамт

 Энэ ном Күнз өөрийн шавь нартай ярилцаж буй мэтээр бичигдсэн бөгөөд МЭӨ II зуунаас эхлэн энэ номыг Хятадын бүх сургуулиудад заавал үзэх сурах бичиг болгосон байна. Тухайлбал энэхүү номонд Күнзийн сурган хүмүүжүүлэх аргын үндсэн зарчмыг “Сэтгэхгүйгээр суралцах нь цаг алдахын дохио, сурахгүйгээр сэтгэх нь өөрийгөө хорлохын дохио”, “Чи өөрийгөө гэгээрүүлж чадахгүй юм бол бусдыг яаж гэгээрүүлэх юм бэ?”, “Суралцахад тохирсон тун хэрэгтэй”, “Сурсанаа цаг дутам давт” зэргээр томьёолжээ.

 

Мөн Күнзийн сургаалынхан 4 зууны туршид түүний зохиол бүтээлүүдийг эмхэтгэн “Зан үйлийн ном” хэмээх (МЭӨ IY-Y зуунд) бүтээлийг нь гаргасан байна. Энэхүү бүтээлд сургуульд эзэмших боловсролыг хүний зайлшгүй, анхдагч хэрэгцээ хэмээн үзжээ. Энд сурган хүмүүжүүлэх зүйн зарчим, арга, барилуудын тогтолцоог дараах байдлаар тодорхойлсон: “Тэнэг зүйлийг гарч ирсэн үед нь устгахгүй бол цаашид устгахад хэцүү болно”, “Ухаантай хүн зөвлөхөөс биш араасаа дугуулдаггүй, итгүүлэхээс бус тулгадаггүй, зам зааж өгөхөөс бус замаар эцэст нь хүртэл хамт явдаггүй”, “Ухаант хүн сурах явцдаа хатуужиж, гэгээрч, баяр цэнгэлээс мэдлэг олж авдаг”, “Оройтсон хойноо сурвал амжилтад хүрэхгүй”, “Тууштай занг хүндэл” “Ганцаараа сурвал мэдлэгийн хүрээ хязгаарлагдана”, “Багш шавь хоёр сургалтын явцад адилхан ухаан тэлэгдэнэ” гэх мэт.

Дээрх бүтээлд “Мэдлэгийн тухайд” хэмээх бүлэг байдаг бөгөөд энэ бүлэгт Күнзийн сургаалын хүрээн дэхь заах аргын дэлгэрэнгүй үзэл баримтлал тусгагджээ. Энд 9 жилийн боловсрол, хүмүүжлийн зорилго, хөтөлбөр боловсрогдсон байна. Сургалт 7-8 насанд эхэлнэ. Эхний хичээлийн жил дууссаны дараа сурагч уншиж чадаж байна уу, тэр ямар авьяастай вэ гэдэг нь харагддаг. 3 жилийн дараа сурагч сурах сонирхолтой байна уу, хамт олонтой байх сонирхолтой юу гэдэг нь тогтоогдоно. 5 жилийн дараа түүний олж авсан мэдлэг хир зэрэг гүнзгий, багшдаа хир зэрэг итгэдэг нь тогтоогдоно. 7 жилийн дараа тэрээр аливаад бие даан сэтгэж хандаж байна уу, найз нөхдөө сонгон авч чадаж байна уу гэдэг нь харагдах бол 9 жилийн дараа сурагч “эрдэм мэдлэгийн их далайд хөл дээрээ баттай зогссон байх ёстой.

 

Күнзийн сургалт, хүмүүжлийн үзэл баримтлалыг Мэн-зы (МЭӨ 374-289 он), Сун-зы (МЭӨ 298-238 он) нарын сэтгэгчид цаашид хөгжүүлсэн байна. Энэ хоёр сэтгэгч хоёул өөрийн гэх сургууль байгуулж, олон зуун хүүхдийг сургасан бөгөөд Мэн-зы хүний сайн мөн чанарын тухай үзэл баримтлал гаргаж, түүнийхээ үндсэн дээр хүмүүжлийг өндөр ёс суртахуунтай хүний төлөвшил хэмээн тодорхойлжээ. Сун-зы үүний эсрэгээр хүний муу мөн чанарын тухай үзэл баримтлал боловсруулж, хүмүүжлийн зорилго бол энэхүү муу үйлийн үндсийг даван гарах явдал хэмээн үзжээ.

 

МЭӨ2 - МЭ2 дугаар онуудад эртний Хятадад күнзийн сургаал албан ёсны үзэл суртал болон төлөвшив. Үүнийг дагалдаад сургалт, хүмүүжил ч албан ёсны шинжийг олжээ. Боловсрол улам бүр олныг хамрах болж, боловсролтой хүний нэр хүнд өсөхийн зэрэгцээ боловсролыг тахин шүтэх болов. Сургууль, боловсрол төрийн бодлогын салшгүй нэг хэсэг болж, түшмэлийн албан тушаалд заавал шалгалт авч байж тавьдаг ёс дэлгэрэв. Сургуульд боловсрол эзэмшигчид ийм шалгалт өгсөнөөр нийгэмд өөрийн гэх байр сууриа эзлэх болжээ.

 

 

 

 

 

 

 5. Эртний Энэтхэг

 

Эртний Энэтхэгт хүнийг сургах үйл ажиллагаа нь ариун ном буюу вед, түүний зан үйлд сургахад оршино. Бичиг үсэг үүсэхээс өмнө энэ сургалт хүүхдийг багшийн ярьсаныг сонсголоороо цээжлүүлэх замаар явагддаг байсан бөгөөд бичиг үсэг бий болсоноор уншиж, бичих хэрэгцээ гарч иржээ. Санскрит хэл ведийн шашинд ариун хэл хэмээн тооцогдож байсан учраас түүнийг мөхмөл хэл болгосоны дараа хүүхэд суралцах ёстой. Харин буддизмд санскрит хэлийг ариун гэдгийг хүлээн зөвшөөрдөггүй учир түүний бүхий л номлол амьд ярианы хэлэнд тулгуурлан явагдана.


Сургалт нь эрт дээр үеэс төлөвшин тогтсон упанаян хэмээх өвөрмөц зан үйлээр эхэлдэг. Упанаянаас гадна сургалтын явцад үсэг сурах, ведийг судалж эхлэх, сахлаа хусах, сургалтаа дуусгах зэрэг дараалал байдаг. Сургалтын бүхий л явцад ямар нэг төлбөр төлөхгүй бөгөөд зөвхөн сургалт дууссаны дараа эх, эцэг өөрийн хөрөнгө чинээнээс хамаарсан бэлгийг багшид өргөнө.

 

Эртний Энэтхэгийн сэтгэлгээнд сүнс шилжин байрлах тухай Кармын сургаал амь бөхтэй оршдог бөгөөд энэ сургаал ёсоор хүн дахин төрсөний үр дүн юм. Хүн нийгмийн амьдралд орж, түүний эрх мэдэл, эд баялгаас хүртэхийн тулд тодорхой соёлтой байх ёстой гэсэн үзэлд энэтхэгчүүдийн төсөөлөл суурилна. Упанаянгүйгээр хэн ч өөрийгөө дахин төрсөн гэж нэрлэх эрхгүй. Энэ сургалтанд суугаагүй хүн дахин төрөгсдийн нийгэмлэгээс хасагдах ба бүх эрх мэдлээ алдана. Харин энд суралцсанаар энэтхэгчүүдийн ариун шүтээн болох ведийн шаштирыг унших эрхтэй болдог. Ингэснээр дахин төрөгсдөөс гаралтай хүнтэй гэр бүл болох эрхтэй болдог байна. Ийнхүү энэтхэгчүүдийн сэтгэлгээний хүсэл тэмүүлэл нийтийн боловсролыг нийгмийн зайлшгүй шалгуур, өвөрмөц шинж болгосон байна. Үүний хамгийн тод илрэл нь сургалт, боловсролд хамрагдсан хүн дахин төрсөн хэмээн албан ёсоор зөвшөөрөгддөгявдал юм.

 

Хэрэв багшийн тавьсан шаардлагыг хүлээн авч байвал тэр хүн шавь болно. Учир нь энэ “мэдлэгийг шүтлэггүй, бохирдсон, нүгэлтэй хүнд өгч болохгүй” хэмээн ариун сударт нь тэмдэглэсэн байдаг. Шавь нар гуру хэмээн нэрлэгддэг багшийнхаа гэрт амьдарна. Мэдлэгт суралцсаны хариуд тэдний аж ахуйд туслалцах ёстой. Сургалт гол төлөв 12 наснаас 24 нас хүртэл үргэлжилнэ. Багшийн гэрт хэдэн жил амьдарснаас хамааран тэр шавийн тухайн гэр бүлд эзлэх байр суурь мөн адил тодорхойлогддог ажээ.


Үргэлжлэл бий....

Бичсэн: EDUCATION | цаг: 11:54 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1737249 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax