2010-12-23
Дэлхийн боловсролын түүх -5

Хоёр. Дундад зуун

2.1. Дундад зууны үеийн Европийн сургууль, боловсрол

 

          Дундад зууны эхэн үед дэлхийн соёлын хөгжилд томоохон өөрчлөлт гарч, боловсрол, соёлын шинэ төвүүд бий болсон байна. Лалын ертөнц тэр чигээрээ сэргэн мандаж, тэнд соёл, боловсрол өндөр хурдацтайгаар хөгжих болов. Дорно зүгт томоохон эзэнт гүрнүүд байгуулагдан түүхийн тавцанд гарч ирсэнээр өрнө ба дорны соёлын хөгжил олон газраар огтлолцох болжээ. Ялангуяа XIII-XIY зууны үеийн Монголын эзэнт гүрний их байлдан дагуулалт өрнө, дорны харьцааг үндсээр нь өөрчилж, түүхийн шинэ үеийг нээсэн юм.

 

            Энэ үед өнөөгийн Европийн ихэнх улсууд Римийн эзэнт гүрний уналт ба дорно зүгийн улсуудын довтолгооноос үүдэлтэй хямралд автагдах болов. Гэхдээ энэ үед эхэлсэн өрнийн христ шашны сэргэлт нь араасаа соёл, боловсролын хөгжлийг дагуулах болсон байна. Сүм хийдүүдийн нийгмийн амьдралд гүйцэтгэх үүрэг хязгааргүй нэмэгдэж, сүм хийдийн тогтолцооны хүнд нүсэр байгууламжийг ажиллуулах боловсон хүчний эрэлт эрс нэмэгджээ.    


          Августин (353-430)

Христийн үзэл санааг соёл, боловсролын салбарт нэвтрүүлэгч. Хүмүүжлийн зорилго бол Бурханы таалалд нийцэх явдал бөгөөд үүн дээр үндэслэн Бурханыг хайрлах сэтгэлийг төлөвшүүлнэ гэж үзсэн. Христийн хүмүүжил дэхь буруу номтоны илрэлүүдтэй тэмцэхэд уриалж байв. Түүнийхээр хүний амьдралын гол утга Библи судрыг судлах явдал бөгөөд гэгээрэл, боловсрол хоёрдугаар зэргийн асуудал мөн.

 


 

Дундад зууны үед зөвхөн сүм, хийдүүд л хажуудаа сургууль ажиллуулж байсныг тэмдэглэх хэрэгтэй. Ялангуяа XII зууны үед сургуулиуд сүм хийдийн хувьд өвөрмөц үүрэг гүйцэтгэх болсон байна. Сүм бүр өөрийн гэх сургуультай байж, дундад зууны үеийн дундуур эдгээр сургуулиудын хамгийн тэргүүний гэсэн хэсгүүд Францын урлаг, соёл болон Готын үеийн урлаг цэцэглэн хөгжиж байсан тэр газруудад байрлах болжээ. Мэдээж хэрэг сүм хийдүүд сургуультай боловч, яг түүний дэргэд сургууль, боловсрол маш хязгаарлагдмал хүрээнд үйлчилж байв. Иймд XYII зууны үед сургууль, соёлын газрууд сүм, хийдийн нөлөөнөөс гарах үйл явц эрчимжсэн байна. Католик сүм хийдийн шинэчлэлийн үр дүнд сүмийн удирдлагуудад боловсролтой туслахууд, сайтар тохижуулсан анги, танхим, түүнд хэрэглэх ном, судар, түүнийг тайлбарлах шаардлага зайлшгүй урган гарчээ. Мөн энэ үед шинжлэх ухаан, сургалтын газрууд төвлөрсөн томоохон төвүүд байгуулагдах болов. Тухайлбал, Готын үеийн урлагийн шилмэл бүтээлүүд төвлөрсөн Лан, Шартр болон соёл, боловсролын хувьд маш хурдан цэцэглэн мандсан Париж хотууд хөгжсөн байна. Ингэснээр оюун ухааны эрэлхийлэл ба урлагийн салбар дахь ололт амжилтуудын голомт давхцах болов.

 

  Нурсийн Бенедикт (480-533 он)

529 онд бенедиктинчүүд буюу анахоретүүдийн орденг үндэслэгч. Энэ газраа XI зуун хүртэл ноёрхсон анхны сүм, хийдийн сургуулиудыг байгуулсан. Сургалтыг латин хэл дээр явуулж, латин хэлээр хичээл явуулах уламжлал тогтоожээ. Мөн латин хэлийг эрдэмтдийн хэл хэмээн нэрийдсэн байна. 

 

 

 

 

Шашны зан үйл, үйл ажиллагаа өөртөө зайлшгүй боловсролыг дагуулсан учраас бүр XII зууны үеэс сүм хийдийн дэргэдэх сургуулиуд их сургууль болон өргөжжээ. Байгуулагдсан эхний үеэсээ их сургуулиуд оюун ухааны төвүүдийн үүргийг гүйцэтгэж байв. Чухам эдгээр төвүүдэд эртний үе ба лалын ертөнцийн соёл, боловсролын их өв уламжлалыг судалж байв. Араб ба грекийн сонгодог бүтээлүүд латин хэлэнд хөрвүүлэгдэж, тэр үеийн их сургуулиуд үүнийг судлан, сургах болжээ. Үнэндээ Европчууд өөрийн соёлын үндэс болж байсан эртний соёлыг дахин судалж эхэлсэн байна. Чухам энэ үед боловсролын орчин үеийн тогтолцоо болох их сургуулиуд байгуулагджээ. Тухайлбал, 1100 онд Болонье хотод анхны их сургууль байгуулагдсан бол мөн онд Париж, Оксфордод, 1218 онд Саламанкад, 1366 онд Гейдельбергт, 1636 онд Гарвардад их сургууль байгуулагдсан байна.

 

2.2. Дундад зууны эхэн үеийн боловсролын тогтолцоо

            Дундад зууны үеийн эхэн үеийн нэгэн сударт: “Зууван маягийн намхан таазтай жижиг өрөө. Нарийн хавчиг цонхоор нь нарны гэрэл бүдэг тусна. Урт ширээний ард янз бүрийн насны хөвгүүд зэрэгцэн суужээ. Гайгүй хувцасласан нь энд чинээлэг гэр бүлээс гаралтай хүүхдүүд байгааг илтгэнэ. Ширээний эхэнд хувраг зогсож байна. Өмнө нь том гар бичмэл дэлгээстэй байх бөгөөд хажууд нь өдөн үзэг зоолттой харагдана. Хувраг латин хэлээр дүнгэнэтэл ном уншина. Хүүхдүүд түүнийг дагалдан ойлгомжгүй үгийг давтан хэлнэ. Энд сүмийн хичээл явагдаж байна” хэмээн бичсэн нь чухамдаа тухайн үеийн сургуулийн дүр төрхийг бодитойгоор дүрслэн үзүүлсэн хэрэг байв.

                       

                                      Пьер Абеляр (1079-1142 он)

Бурхан судлаач, диалектик схоластик онолыг үндэслэгч. Өөрийн гэх сургуулийг үндэслэсэн ба тэр сургуулийн заах аргын онцлог ярилцлага, маргаанд оршиж байв. Шавь нар нь түүнд ямар ч асуулт тавьж болох ба багш харилцан ярианы явцад хариултаа өгч, шавь нар нь хариултанд нь суралцдаг байв.

 

            Дундад зууны эхэн үеийг түүхэнд “харанхуй үе” хэмээн нэрлэдэг. Эртний үеэс дундад зуунд шилжих үед Өрнөд Европ даяараа соёлын гүнзгий уналтад өртсөн юм. Зөвхөн зэрлэг омог, аймгуудын довтолгоо Баруун Римийн эзэнт улсыг мөхөөж, түүний эртний соёлын үнэт зүйлсийг устгасан бус мөн сүм, хийдийн зүгээс эртний соёлын өв уламжлалд дайсагнан хандаж байсан явдал ийм уналт гарахад их үүрэг гүйцэтгэжээ. Тухайлбал, соёл, боловсролын эсрэг      I Пап лам Григорий ил тод тэмцэл хийж, эртний сэтгэгчдийн ном, бүтээл уншихыг хориглон математикыг муу ёрын шинжлэх ухаан хэмээн зарлаж байв. Ялангуяа соёлын хүрээний чухал салбар болох боловсрол ихээхэн хэлмэгджээ.   I Пап лам Григорий “Бүдүүлэг байх нь шударга үнэний эх мөн” хэмээн хэлсэн нь үүний баталгаа мөн.

 

            МЭ-ий 5-10 дугаар зуунд Өрнөд Европод чухамдаа бүдүүлэг ёс ноёрхож, бичиг үсэгтэй хүнийг жирийн тариачид төдийгүй, дээдсийн хүрээлэлээс ч олоход бэрхтэй байв. Олонхи рыцариуд гарын үсгийнхээ оронд хэрээс зурдаг байсан нь үүний гэрч мөн. Теодорих Остготский хэмээх төрийн зүтгэлтэн гарын үсгийнхээ оронд өөрийн нэрийг сийлсэн тамга дардаг байсан бол Агуу их Карл хаан амьдралынхаа сүүлийн мөчийг хүртэл бичиг үсэг сурах гээд чадаагүй байна.

 

                    Агуу их Карл (742-814 он)

ранкуудын эзэн хаан. Гэгээрэл боловсролын хүрээнд томоохон үйл ажиллагаа явуулсан. Насныхаа эцэс хүртэл бичиг үсэггүй байсан боловч, сургууль, соёлын газруудыг төрт ёсны томоохон зэвсэг гэдгийг ойлгож байв. 789 онд сүм хийд, вант улс бүрийн дэргэд хөвгүүдэд зориулсан сургууль байгуулах зарлиг гаргажээ. Орчин үеийн Францад Ариун Шарлийн өдөр буюу энэ хууль гарсан өдрийг сургуулийн баяр хэмээн тэмдэглэдэг.

 

Харин тэрээр боловсрол, шинэжлэх ухааныг дэмжиж, эрдэмтэн мэргэдэд сайнаар ханддаг байсан нь сүм хийдийн дэргэд сургууль байгуулах зарлиг гаргаж, чөлөөт иргэдийн хүүхдүүд заавал суралцах ёстой боловсролын хуулийг санаачилж байснаас харагддаг. Гэхдээ түүний эдгээр арга хэмжээ боловсролтой хүн цөөн байснаас үүдэн хэрэгжиж чадаагүй юм. Гэсэн хэдий ч ордны дэргэд улс орныг удирдах хүн бэлтгэх зорилгоор өвөрмөц сургууль байгуулж байв. Карл хаан Европийн өнцөг булан бүрээс эрдэм мэдлэгтэй хүмүүсийг урьж, төрийн ба шашны албан тушаалд дэвшүүлж байжээ.

 

                                   Сен-Викторийн  Гуго (1096-1141 он)

“Дидаскаликон”, “Ертөнцийн зураглал”, “Хэлзүйн тухайд” зэрэг бүтээл туурвисан Францын шашин судлалын эрдэмтэн. Заах аргын зорилго бол хүний амьдралын утга учир, мөн чанарыг сургалтын утга учиртай уялдуулахад оршино хэмээн үзжээ. Шавь хүнд тавигдах үндсэн шаардлага бол байгалаас заяасан авьяас, чадвар, хичээл зүтгэл, сайхан сэтгэл мөн.

 


Тэд тэндээ эртний Грекийн гүн ухаантан Платоны байгуулсан сургуулийн нэрээр Академи гэж нэрлэгдсэн эрдэмтдийн дугуйлан маягийн төвүүдийг байгуулах болов.  Энэхүү Академи нь уулзалдахаараа гүн ухаан ба шашны асуудлаар чөлөөт ярилцлага өрнүүлж, бүтээл, туурвил гаргадаг найз нөхдийн хүрээлэл ба эрдэмтдийн нийгэмлэг хоёрын завсрын байгууллага мэтээр үйл ажиллагаагаа явуулж байжээ. Академийн гишүүд Карл хааны үзэл баримтлал дахь эртний ба христийн үзэл санааг илэрхийлсэн өвөрмөц нэрийг зүүдэг. Тухайлбал, Карл хаан өөрөө бурхан шүтэгч хаадын дүр болох Библийн Давид хааны нэрээр өөрийгөө нэрлэж байв. 

                                             Винцент из Бове (1190 -1264)

 Мэдлэгийн олон талын боловсрол эзэмшсэн лам хүн. “Язгууртан гаралтай хүүхдийг хүмүүжүүлэх тухайд” хэмээх сурган хүмүүжүүлэх чиглэлийн номондоо шавь хүн багшдаа ухамсартай, баяр хөөр бялхсан, төлөв төвшин хандахыг уриалж, багшаас ирэх шийтгэлийг өөртөө хэрэг болох хэмжээнд ойлгон хүлээн авах ёстой хэмээн сургажээ. Түүний хүмүүжилд тавьдаг гол зарчим “Хэн захирагдаж чадахгүй байна, тэр удирдаж чадахгүй” гэдэгт суурилдаг.

 

 

            Түүний зарлигаар Ахенд сүм барьж, франк хэлний цагаан толгой зохиож, герман хэл дээр аман зохиол цуглуулж байв. Ахенд түүний байгуулсан сүм боловсролын том төв болсон байна. Тэнд тусгайлан байгуулсан сургуульд алдарт эрдэмтэн, зохиолч Флакк Алкуин багшилж, хаан ба ордны ихэс дээдсийн хүүхдийг сургаж байв. Ахенд бичиг үсэггүй Европийн өнцөг булан бүрээс цөөн тооны боловсролтой хүмүүс цугларч дээр өгүүлсэнээр эртний Грекийн ёсоор эрдэмтдийн нийгэмлэгээ Академи хэмээн нэрлэх болсон байна. Алкуин өөрөө Тур хот дахь Ариун Мартины сүмийн аббат болсон бөгөөд тэндээ сургууль байгуулсан нь төгсөгчидөөс нь олон хүн Франц дахь сүм хийдийн сургуулиудын нэрд гарсан багш нар болжээ.

 

2.3. “Каролингийн дахин сэргэлтийн” үеийн

соёл, боловсролын өсөлт

            Их Карл хаан болон түүний залгамжлагчид төр барьж байх үеийн соёл, боловсролын сэргэлтийг түүхэнд “каролингийн сэргэн мандлын үе” хэмээн нэрлэдэг. Гэхдээ энэ үе төдийлөн удаан үргэлжлээгүй юм. Удалгүй соёлын амьдрал дахин сүм хийдийн гарт төвлөрөх болсон байна.

            Дундад зууны үеийн сүм, хийд соёлын өвийг хадгалагч, түүний гол төвийн үүрэг гүйцэтгэж байв. Тэдгээрт томоохон номын сан ажиллаж, сүм хийдийн тэргүүнүүдийн туурвисан бүтээлийг хувилж, грек-римийн сонгодогуудын номыг орчуулах өргөн цар хүрээтэй ажил хийгдэж байсан юм. Хэдийгээр иргэний зарим нэг сургууль ажиллаж байсан боловч дундад зууны эхэн үеийн сүм, хийдүүд тухайн үедээ боловсрол, сургалт явуулж байсан цорын ганц төв болж байв. Тэдгээрийн дэргэдэх сургуулиуд шашны боловсрол олгож байсан хэдий ч дээр дурдсан Агуу их Карл хааны хүч чармайлтаар боловсролын байдал зарим талаар өөрчлөгдөж, агуулга нь илүү өргөн хүрээтэй болсон байна.

            XIII зуун хүртэл сүм, хийдийн дэргэд бие даасан ханлигуудын хийдийн, томоохон сүм хийдийн епископийн, иргэний зориулалттай палациум гэсэн гурван төрлийн сургууль ажиллаж байв. Томоохон сүм хийд болон бие даасан ханлигуудын дэргэдэх сургуулиуд нь зэрлэг омог, аймгуудын довтолгооны үед сонгодог соёлын өв уламжлалыг хадгалах газар болж байсан юм. Епископ сургуульд гол төлөв бага боловсрол олгоно. Гэсэн хэдий ч ард түмний соёл, боловсролын амьдралд хамгийн үнэтэй хувь нэмрийг иргэний зориулалтын палациум сургуулиуд оруулж байв. Ийм сургуулиудын нэгний захиралаар дээр бидний дурьдсан Флакк Алкуин ажиллаж байжээ. Түүний хүч чармайлтаар палациум сургуульд 3 шатлал бүхий сургалтыг явуулах болсон байна.      Тэдгээрийн тоонд:

Унших, бичих, энгийн ярианы латин хэл, Библийн тухай анхны төсөөлөл авах хичээлХэл зүй, илтгэх урлаг, диалектик, арифметик, геометр, одон орон, хөгжим зэргийг багтаасан 7 чөлөөт урлагт суралцах хичээлАриун судрыг гүнзгийрүүлэн судлах хичээл гэсэн шатлал ордог.



Дундад зууны үеийн сургалтын үндсэн хөтөлбөр нь “Чөлөөт 7 урлаг” хэмээх хичээл байв. Бүр дундад зууны эхэн үед сүм, хийдийн дэргэдэх сургуулиудад эдгээр хичээлийг үзэж байсан юм. Эдгээр хичээлүүд нь бүр Римийн эзэнт гүрний төгсгөл үед бий болсон багц хичээлүүд байв. Эдгээр хичээлийг “гурвалсан зам” буюу “тривиум”, “дөрвөлсөн зам” буюу “квадривиум” хэмээн хоёр хэсэгт хуваадаг.

Сурагчид юуны өмнө хэл зүй, диалектик, илтгэх урлагийг багтаасан тривиум хичээлийг үзнэ. Хэл зүйн хичээлд латинаар уншиж, бичих хичээл орох ба диалектикийн хичээл нь өнөөгийн бидний мэдэх формаль логикын хичээлтэй төстэй байв. Энэ үеийн сурагчдыг ерөнхийд нь школяр хэмээн нэрийддэг. Диалектикийн хичээлийн явцад школярууд маргаан өрнүүлж, баталгаа гаргах аргад суралцана. Харин илтгэх урлагийн хичээлийн хувьд шүлэг, зохиол бичих, илтгэж сурах зэрэгт суралцана.

Тривиум хичээлүүд нь илүү гүнзгий, хүнд хичээлүүд болох квадривиумд бэлтгэх зорилготой. Эдгээр хичээл нь арифметик, геометрийн хичээлээр эхэлж, цаашдаа хөгжим, одон орны хичээлээр үргэлжилдэг. Гэхдээ эдгээр хичээлүүд нь өнөөдөр бид энэ нэрээр нэрлэдэг хичээлүүдтэй адил бус  гэдгийг тэмдэглэх нь чухал. Тухайлбал, одон орны хичээл гэхэд л од, гариг хүний хувь заяанд хэрхэн нөлөөлдөг тухай дундад зууны үеийн зурхайн ухаанд голчлон тулгуурлан явагдана. Харин хөгжмийн хичээл нь янз бүрийн хэмнэл, үргэлжлэлийн харьцааны тухай онолын хичээл үздэгээрээ математиктай илүү төсөөтэй байв.

Квадривиум сургалтыг ихэнх школярууд дуусгадаггүй ба зөвхөн илүү сэргэлэн, мэрийлттэй хэсэг нь л төгсөж, цаашдаа Париж, Салерно, Болоний их сургуулиудад суралцахаар оддог.

Боловсролын салбарт өөрийн хийсэн шинэчлэлээ тайлбарлан Флакк Алкуин: “Ингэснээр франкуудын газар нутаг дээр эртний үеэ бодвол илүү гайхамшигт хүрсэн шинэ Афин сүндэрлэн босно. Учир нь бидний бүтээсэн Афин Христийн сургаалаар цэцэглэсэн учир Академийн (Платоны байгуулсан сургуулийг хэлж байна. Зох) бий болгосон цэцэн мэргэнийг даван гарах юм” хэмээн өгүүлсэн байдаг.  Түүний боловсруулсан сургалтын хөтөлбөр хэрхэн хэрэгжсэн нь тодорхой бус боловч, дээр дурьдсан чөлөөт урлагийн төрөл тус бүрээр сурах бичиг бичсэн нь боловсролын салбарт томоохон дэвшил авчирсан юм.

Ийнхүү боловсролын салбарт ахиц, дэвшил гарахын зэрэгцээ хүний мэдлэг эзэмших хэрэгцээ ба шашны хэрэгцээг хооронд нь зохицуулах шаардлага гарч ирэв. Үүнийг тухайн үеийн гүн ухааны нэгэн урсгал болох схоластик  чиглэлийнхэн шийдвэрлэх оролдлого хийсэн байна.

Схоластик нь шашны философийн нэг төрөл бөгөөд шашныг хүний оюун ухаантай зөв зохистой харьцаанд оруулах шаардлагын дагуу гарч иржээ. Шашны тогтсон үзэл баримтлалд эргэлзэх, мухар сүсгийг шүүмжлэх, тэрс үзэл гаргах зэрэг нь схоластик философи үүсэх үндсэн хөрс суурь мөн. Энд философч, шашин судлаач Фома Аквинский ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Фома Аквинскийн үйл ажиллагаа шашны сургаалд шинжлэх ухааны мэдлэгийн агуулга оруулахад бүхэлдээ чиглэгдэж байв. Түүний боловсруулсан сургаал Аристотелийн формаль логик ба хийсвэр бурханы үзэлд тулгуурласан соёлын шинэ хэв маяг төлөвшихөд нөлөөлсөн аж. Үүний үр дүнд философийн шинжлэх ухаанд ерөнхий ойлголт гэж байхгүй зөвхөн тэднийг нэрлэсэн нэр л байдаг хэмээн үздэг номинализм, ерөнхий ойлголтууд юмсаас түрүүнд буй болсон хэмээн үздэг реализм гэсэн урсгал, чиглэл бий болж, түүний төлөөлөгчид ширүүн маргаан өрнүүлж байв. Схоластик чиглэл хөгжсөнөөр сүм, хийдийн дэргэдэх хуучин сургуулиуд уналтад орж, илтгэх урлаг, хэл шинжлэлийн оронд ормаль логик, шинэ латин хэл түлхүүтэй заагдах болов.

Фома Аквинский (1225/6-1274 он)

Шашин судлаач, гүн ухаантан, схоластик чиглэлийг үндэслэгч, сүм хийдийн гол үзэл сурталчдын нэг. Оюун ухаан бол итгэл, үнэмшлээс үл хамаарагч хүний жинхэнэ мөн чанарын дотоод хүчин зүйл хэмээн үздэг. Бурханы бараг бүх мөн чанар оюун ухаанд хүртэгдэх бөгөөд хүний ахуйг Бурхан бүтээсэн гэж томьёолсон. Түүнийхээр танин мэдэхүйн бүхий л тогтолцоо хамгийн дээд сайн сайхан болох бурханыг танин мэдэхэд чиглэгдэх ёстой.


 

            Схоластик философчдын боловсролын хүрээнд оруулж ирсэн үзэл баримтлалыг шашны үзэл баримтлалын хүрээнд чөлөөт урлагийн хичээлийн төрлүүдэд диалектик ба гүн ухааныг нэгтгэсэнээрээ Английн сэтгэгч Скот Эриугена даван гарч чаджээ. Түүний үеэс эхлэн сургалт бясалгалын шинжээсээ салж, аажмаар судалгааны шинжийг агуулах болсон байна.

            Гэсэн хэдий ч цаг хугацаа улиран өнгөрч хөгжиж, томорч буй хотууд, үүнийг даган хүчирхэгжиж буй төрт улсуудад боловсролтой хүн улам бүр шаардагдах болов. Нийгмийн бүхий л салбарт шүүгч, багш, түшмэл, эмч хэрэгтэй болж байв. Иймээс боловсролд нийгмийн дээд давхаргынхан ихээр татагдаж, тэдний өсөн нэмэгдэж буй боловсролын хэрэгцээг хангах өөр хөшүүрэг хэрэгтэй болох нь гарцаагүй болов.

            Ийнхүү их, дээд сургууль байгуулагдах нийгмийн зайлшгүй шаардлага гарч ирэв.  

2.4. Их, дээд сургуулиуд байгуулагдсан нь

XIII зуунаас эхлэн схоластик сургуулиудын тоо өсөхийн зэрэгцээ сурган хүмүүжүүлэх хөдөлмөр эрхлэгч хүмүүсийн тоо нэмэгдэв. Сурагч, багш нар тодорхой чиглэлээр төрөлжсөн нэгдлүүдэд аажмаар хуваагдаж энэ нэгдлийг их сургууль хэмээн нэрлэх болжээ. Universitas буюу их сургууль бол дундад зууны үеийн цэвэр бүтээгдэхүүн юм. Хэрэв тухайн үеийн бага, дунд сургуулиуд эртний грек-римийн үеийн сургуулиудыг ихэд хуулбарласан байдаг бол их сургууль нь ингэж хуулбарлах суурь дэвсгэргүйгээр буй болжээ. Ийм эрх мэдэл, тогтсон сургалтын хөтөлбөр, диплом, зэрэг цол бүхий суралцагч, сургагч нарын мэргэжлийн холбоо эртний үед байхгүй байв.  Ер нь “их сургууль” гэсэн нэр томьёо анхандаа сургалтын төвийг илэрхийлэх бус харин өнөөгийн ойлголтоор бол тодорхой категорийн хүмүүсийн сонирхолыг хамгаалагч ямар нэг “синдикат” маягтай байгуулагдсан хамтарсан байгууллагыг тэмдэглэж байв. Анхны их сургуулиудад бэлтгэл анги, бурхан судлал, анагаах ухаан, хууль эрх гэсэн 4 факультет ажиллаж байв. Бэлтгэл факультетад чөлөөт 7 урлагийн хичээлийг гүнзгийрүүлэн заах бөгөөд үүнийхээ дараа оюутнууд бурхан судлал, анагаах ухаан, хууль эрхийн чиглэлээр дагнан суралцана.


Энд ялангуяа Париж хот бусад их сургуулиуд үлгэр жишээ авдаг сургалтын том төв болон хувирсан юм. Париж хотод “университас магистрооум эт сколарум” хэмээн нэрлэгддэг магистр оюутнуудын нэгдсэн корпорацууд голдуу төвлөрч байв. XII зуунд гэхэд л Нотр-Дам хэмээх кафедраль сургууль өөрийн эгнээндээ Европийн өнцөг булан бүрээс ирсэн оюутнуудыг нэгтгэсэнээрээ нэрд гарч Ромын пап ламын анхаарлыг хүртэл татах болов. Их сургуулиудын бие даасан байдал эзэн хаан, их хамба, түүний тамгын газрын бүрэн ивээл дор хэрэгжиж байв. Мөн Ромын папын зүгээс ч зохих анхаарал тавьж байсан байна.

Их сургуулиудын үйл ажиллагаа нийгэмд үндсэн хоёр хүчин зүйлээр нөлөөлжээ. Нэгдүгээрт, энэ нь үнэнд хүрэх жинхэнэ замыг олох зорилгыг сүм хийдээс хариуцуулсан эрдэмтэн, шашны зүтгэлтэн, жирийн иргэдийн шинэ давхарга төрөн гарах эх үндэс болсон байна. Энэ үзэгдэл, үйл явцын түүхэн ач холбогдол нь тэр үеийг хүртэл сүм, хийдийн албан ёсны үзэл суртал зөвхөн сүм, хийдийн давхаргынханд оногдож байсан явдал юм. Харин энэ үеэс магиструуд итгэл, үнэмшлийн асуудлыг албан ёсоор судлах болжээ. Ийнхүү нийгмийн амьдралд сүм хийд ба төрийн гэсэн захиргааны зэрэгцээ нийгмийн амьдралд улам бүр хүчтэй нөлөөлөх болсон эрдэмтдийн захиргаа гарч ирэв. Хоёрдугаарт, Нийгмийн бүхий л давхаргын оюутан, багш нар цугларсан Парижийн их сургууль байгуулагдсан явдал байв. Парижийн их сургуулийн захиргаа анхнаасаа л нийгмийн давхаргын ялгааг үл харгалзан үйл ажиллагаа явуулж байсан нь эцсийн дүндээ нэгэн шинэ давхарга бий болох үндэс болж өгсөн юм. Дараагийн үеүдэд их сургуулиуд язгууртны шинжийг улам бүр олсон боловч, үүсэн бий болж байх үедээ жинхэнэ утгаараа “ард түмнийх” байсан бөгөөд тариачид, гар урчуудын хүүхдүүд бага төлбөр, үнэгүй байр сууц зэрэг хөнгөлөлттэй нөхцөлийнх нь дагуу ихээр ирж суралцаж байв.

XY зууны эхэн үед Европийн оюутнууд 65 их сургуульд суралцаж байсан бол энэ зууны сүүл гэхэд 79 их сургуульд суралцах болов. Хамгийн анхны их сургуулиуд XI-XIY зууны үед байгуулагджээ. XI зуунд Европийн хамгийн ахмад их сургууль болох Болоний их сургууль хойд Италид байгуулагдав.  

Парижийн (Сорбонны) их сургууль

Европод Италийн Болонье, Францын Париж хотуудын их сургуулиуд XII зууны үед хамгийн сайн боловсрол олгож байсан анхны их сургуулиуд юм. Харин XIII-XY зууны үе гэхэд Европийн бараг бүх улсууд их сургуультай болсон байна. Эдгээр их сургуулиудыг пап болон хамба ламтнууд, эзэн хаадууд, ван, гүнгүүд үндэслэн байгуулна. Англид гэхэд Оксфорд, Кембриджийн их сургуулиуд байгуулагдав. Эх сурвалжид тэмдэглэсэнээр Кембриджийн их сургууль нь зөвхөн нэг модон пинд үйл ажиллагаагаа эхэлсэн бөгөөд түүнийг Францаас ирсэн 4 багш анх байгуулжээ. Италид дээр дурдсан Болоний их сургуулиас гадна эзэн хаан II Фридрих Неаполитаний их сургуулийг байгуулсан байна. Испаний христ шүтлэгтэнүүдийн дунд Саламанк дахь их сургууль их нэр хүндтэй байсан бол Ариун Римийн эзэнт гүрний бүрэлдэхүүний Чехэд 1348 онд Прагийн их сургууль, 1365 онд Австрид Венийн их сургуулиуд байгуулагдав. Мөн Германд Гейдельберг, Кёльн, Эрфурт хотуудад их сургууль байгуулагджээ. 1364 онд Краков хотноо Польшийн анхны их сургууль байгуулагдав. 


Их сургуулиуд нь өөрийн үүсгэн байгуулагчдаасаа их хэмжээний туслалцаа авч түүнийгээ ч зөв чиглэлд зарцуулж байв. Өөрийн бие даасан байдлаа ашиглан оршин байгаа хотынхоо захиргаанд үл захирагдах явдал их гарах ба тэдний хооронд ямар нэг маргаан гарахад магистр, школярууд өөрийн их сургуулиа өөр хотод шилжүүлэх нь элбэг байв. Харин хэсэг хугацааны дараа хуучин байрлаж байсан хотын удирдлага буцаж ирэхийг хүсэх нь олонтоо. Учир нь өөртөө их сургуультай байх нь тухайн хотын нэр хүндийн хэрэг байв.

            Алкуин, Фома Аквинский, Абеляр зэрэг нэрт багш нарын лекцэнд Европийн өнцөг булан бүрээс школярууд ирж суралцдаг. Зарим үед Парижид 30 мянга хүртэл оюутан нэг дор цугларч байв. Оюутнууд буюу школяруудын бүхий л амьдрал нэг гарал үүсэлтэй оюутнуудын нутгархаг үзлээр тодорхойлогдоно. Азтай нэг нь өнөөгийн оюутны дотуур байр маягийн коллегт амьдардаг. Цаг өнгөрөх тусам ийм оюутны байрнуудад лекц, хичээл орох болж Францын хааны шашны зөвлөх Робер де Сорбоны байгуулсан ийм оюутны байр түүний нэрээр нэрлэгдэн цаашид улам томорч сүүлдээ Парижийн их сургуулийг бүхэлд нь Сорбонны их сургууль хэмээн нэрлэх болсон байна. Эндээс колледж гэсэн нэр анх үүссэн юм. Удалгүй Англи ба Францын коллегууд нь сургалтын шинэ байгууллага болох колледж (Англид), коллеж (Францад) хэмээн нэрлэгдэх болжээ.

            Чөлөөт 7 урлагийн факультетад 6 жил суралцдаг бол бусад факультетад 8-аас доошгүй жил суралцана. Факультетад хэдэн жил суралцсанаар эрдмийн анхны зэрэг болох бакалаврын шалгалт өгнө. Энэ нь үйлдвэрийн цехээр жишээлбэл мастерийн туслах боллоо гэсэн үг. Тэрээр цаашид үргэлжлүүлэн суралцах боловч зарим талаар хичээл заах эрх авдаг. Бэлтгэл факультетаа бүрэн дуусгасан бакалавр илүү нарийн төвөгтэй хүнд шалгалт болох чөлөөт урлагийн магистрын шалгалт өгнө. Зөвхөн чөлөөт урлагийн магистр авсан оюутан л бурхан судлал (зөвхөн Парижийн их сургуульд), хууль - эрх зүй, анагаах ухааны факультетад суралцах эрхтэй. Эдгээр факультетад элсэн орсоноор эхлээд  мөн л бакалавр болох ба боловсролоо амжилттай эзэмшиж дууссаны дараа хамгийн дээд цол болох доктор цолыг авдаг. Шашны шинжлэх ухааны доктор, эрх зүйн доктор, анагаах ухааны доктор цолтой хүмүүс дундад зууны Европод хамгийн нэр хүндтэй хүмүүсийн тоонд орж байжээ.

Оюутнууд өөрийн сурч буй их сургуулиа ихэд хүндэтгэх ба “сайхан ээж” буюу латинаар “альма матер” хэмээн нэрлэдэг байв. Сайн багшийн лекцэнд суухын тулд школярууд нэг хотоос нөгөө хот уруу нүүдэллэн амьдарна. Ингэж нүүдэллэн суралцдаг оюутнуудыг тэнүүлчид буюу латинаар вагантууд хэмээн нэрлэдэг байв. Эднээс цөөхөн нь докторын зэрэгт хүрч чадсан ба харин ийм тэнүүлч вагантуудын дундаас сайн яруу найрагчид олноороо төрөн гарсан байдаг. Өнөөдрийг хүртэл дэлхийн олон орны их сургуулиудын сүлд дуу Сорбонны их сургуулийн вагант оюутнуудын дундад зууны үед зохиосон “Алив хөгжилдөцгөөе” буюу “Гаудеамус игитур!” гэсэн дуу байдаг.

 

 

 Гурав. Сэргэн мандалтын (ренессанс) үеийн боловсролын тогтолцоо

3.1. Боловсрол, хүмүүжилд гарсан өөрчлөлтүүд

Дэлхийн соёл, боловсролын түүхийн хамгийн сайхан үеүдийн нэг нь XIY-XYII зууны үед хүмүүнлэг, энэрэнгүй уриан дор дундад зууны Европийн түүхэнд гарч ирсэн сэргэн мандалт буюу ренессансийн үе юм. Тухайн үеийн Европийн их сургуулиудад суралцан боловсрол эзэмшсэн ухаантнууд энэ дэлхийн хамгийн нандин зүйлээр хүнийг тунхаглан, хүний мөн чанарыг шинжлэх ухаан, хүмүүнлэгийн үүднээс тайлбарлах оролдлого хийж эхэлжээ. Гүн ухаан-сурган хүмүүжүүлэх зүйн шинэчлэгдсэн сэтгэлгээнд оюун санаа, бие бялдрын хувьд төгс хөгжсөн хүний асуудал орж ирэв. Хүнлэг, энэрэнгүй үзэл нь католик сүм, хийд гол үндэс суурь нь болж байсан дундад зууны үеийн ертөнцийг үзэх үзэлд гарсан өөрчлөлтийн үр дүн билээ. Хэрэв сүм, хийд хүн өөрийн итгэл, үнэмшлээ бурханд хандуулах ёстой гэж үзэж байсан бол шинээр төлөвшин гарч ирсэн ертөнцийг үзэх үзэлд бүхний голд хүн тавигдаж, хүн өөрөө өөртөө эзэн байх номлол гарч иржээ. Ингэснээр гуманизм буюу хүнлэг, энэрэнгүй үзэл Европийн олон оронд тархсан байна. Мөн тухайн үеийн газар зүйн их нээлтүүд болон ном хэвлэх шинэ технологи гарсан нь ихээхэн үүрэг гүйцэтгэсэн юм.  Энэрэнгүй үзэлтнүүд эртний Грек-Римийн соёлыг эрхэмлэн үзэж түүний баялаг өв уламжлалыг дахин сэргээх зорилт тавьсан нь “сэргэн мандалт” хэмээх нэр томьёо үүсэхэд хүргэжээ. Юуны өмнө тэд эртний сонгодог утга зохиол, урлагийн чөлөөтэй, ил тод сэтгэлгээнд татагдан өөрсдийн шинэ хүмүүжлийн үндэс болгосон байна. Мартагдсан сонгодог соёлоос бие бялдар, гоо сайхны хувьд хөгжсөн бие хүний асуудлыг өвлөн авч, түүний бие даасан нийгэмд тустай үйлдлийг үйл ажиллагааныхаа эх сурвалж болгожээ. Үүний үр дүнд сэргэн мандалтын үеийн хүмүүжлийн тогтолцоо эртний үе, дундад зуун, шинэ үеийнхэн гэсэн 3 зааг дээр шинээр төлөвшин гарч ирэв.

Сэргэн мандалтын үеийн боловсролын зүтгэлтнүүд сонгодог хүмүүжлийн агуулгыг улам баяжуулж, түүний арга хэрэгслийн тоонд эртний Грек хэл, шинэ латин хэлийг оруулж иржээ. Хотууд нь өөрийн бие даасан статусын төлөө тэмцэх явцдаа хүмүүжлийн асуудлыг тэргүүн зэрэгт гаргаж ирсэн Итали улс энэхүү өөрчлөлт, шинэчлэлийг манлайлсан байна. Энэ тэмцлийн гол зорилго нь христийн аскетизмийг үл зөвшөөрөгч, хөдөлмөрийн явцад бие бялдар, оюун санааны хувьд хөгжсөн бие хүнийг төлөвшүүлэх явдал байв.

Италийн нэрт энэрэнгүй үзэлтэн-сурган хүмүүжүүлэгч Л.Альберти (1404-1472 он) энэ шинэчлэлийн үр дүнг “төгс сайн үйл, бүтэн аз жаргалд хүрэх” хэмээн томьёолсон. Тэднийхээр хүмүүжлийн хамгийн сайн арга бол эртний Грек-Римийн сонгодог бүтээлээс суралцах явдал ажээ.

Энэхүү үзэл баримтлалыг Италийн өөр нэг энэрэнгүй үзэлтэн Витторино де Фельтре (1378-1446 он) мөн сурталчилж байв. Тэрээр аз жаргалд суралцах гэсэн зарчимд үндэслэсэн өөрийн өвөрмөц сургууль “Аз жаргалын ордон”-г байгуулсан байна.

  Витторино да Фельтре (1378-1446 он)

Боловсрол-сургалт дахь энэрэнгүй үзлийн зарчмыг анх гаргаж ирсэн “Аз жаргалын сургууль” ордонг үндэслэгч. Энэ сургуульд хүнийг бие бялдар, оюун санааны хувьд төлөвшүүлэхэд ихээхэн анхаарч байв. Тэр сургуульд язгууртан, герцогийн хүүхдүүдээс гадна нийгмийн доод давхаргын 70 гаруй хүүхэд суралцаж байжээ. Хөвгүүд, охидыг хамтад нь сургаж байсан нь цоо шинэ үзэгдэл байв. Сургуульд оюун ухааны чадвар, гоо сайхны хүмүүжил олгохын зэрэгцээ рыцарийн хүмүүжил ч хадгалагдан үлдсэн байна.

 

            Италийн энэрэнгүй үзэлтнүүдийн дотор Томазо Кампанелла (1568-1639 он) том байр эзэлдэг. Тэрээр тухайн үеийн хүмүүжлийн чин эрмэлзлийг тусгасан “Нарны хот” хэмээх алдарт бүтээлийг туурвисан байна. Энэхүү бүтээлд хүн аливаа нэг зүйлийг сохроор бишрэн шүтэхийг шүүмжилж, хүний гол зориого бол бүх талын мэдлэг эзэмшсэн байх явдал мөн гэж үзсэнээрээ энциклопедист чиг баримтлалыг анх тунхаглажээ. Түүнийхээр хөвгүүд, охид хамтдаа суралцах ба тэдэнд унших, бичих, түүх, математик, газар зүй, байгалийн ухааны хичээл заана. Мөн гүйх харайх, гимнастик, зээрэнцэг шидэлт зэрэг бие бялдар хөгжүүлэх хичээл ч ордог. Тэднийг мөн гар урлалд сургана. Хүүхэд 7 нас хүртлээ төрөлх хэлээ үзэж, гимнастикаар хичээллэнэ. 7-10 насандаа нэмээд байгалийн шинжлэлийн хичээл үзнэ. 10 наснаас эхлэн анагаах ухаан зэрэг хүнд хичээлүүдийг үзэх ёстой. Сургалтад үзүүлэн таниулах материал ихээр ашиглах ба сурагчдын хооронд янз бүрийн өрсөлдөөн их явуулна. Тэрээр хүүхдийг багаас нь нийгмийн тустай хөдөлмөрт оруулахыг дэмжиж байв.

                                      Томазо Кампанелла (1568-1639 он)

Италийн энэрэнгүй үзэлтэн, шинжлэх ухааны утопизмыг үндэслэгч. Түүний үзэл баримтлал дундад зууны сэргэн мандалтын үеийн гол үзэл суртал болсон юм. Зарим түүх, сударт орчин үеийн сургалт-боловсролын тогтолцоог үндэслэсэн гэж үздэг. Хүн аливаа нэг зүйлийг сохроор бишрэн шүтэхийг шүүмжилж, хүний гол зориого бол бүх талын мэдлэг эзэмшсэн байх явдал мөн гэж үзсэнээрээ энциклопедист чиг баримтлалыг анх тунхаглажээ.

           

Ийнхүү Италид үндэс сууриа тавьсан энэрэнгүй үзлийн үзэл баримтлал хүрээгээ тэлж удалгүй Францад нэвтэрч Парижийн их сургууль сэргэн мандалтын үеийн үзэл санааны гол төв болон хувирсан байна.

Францын сэргэн мандалтын үеийн төлөөлөгчдийн дотор Франсуа Рабле (1494-1553 он) ихээхэн үүрэг гүйцэтгэсэн. Тэрээр дундад зууны үеийн боловсрол, сургалтын хор хөнөөлтэй талыг уудлан илрүүлж, энэрэнгүй хүмүүжлийн гол үзэл баримтлал болох оюун санаа, бие бялдрын хөгжилтэй бие хүний асуудлыг гарган иржээ. Ф.Рабле нь хүмүүжлийн хүнлэг бус шинжийг шүүмжилж, сургууль дахь сургалтын ажлын замбараагүй, үр ашиггүй шинжийг гаргасан байна. Үүний оронд сургалтын хөтөлбөрт шинэ латин хэл, арифметик, газар зүй, одон орон, хөгжмийн хичээл оруулах санал тавьж, тоглоомыг сургалттай холбох, оюун ухаан шаардсан хичээлийг тоглоом, биеийн тамир, гимнастиктай холбон явуулахын чухал болохыг тэмдэглэж байв. Морь унах, сэлмээр тулалдах, барилдах, сэлэх, хүндийг өргөх, биеийн хүчний хөдөлмөр эргийг сургалтын салшгүй хэсэг мөн хэмээн үзсэн.

 Франсуа Рабле (1494-1553)

            Өөрийн “Гаргантюэ, Пантагрюэль хоёр” алдарт бүтээлдээ схоластик сургалт, дундад зууны үеийн боловсролын аскетизмыг шүүмжилж, тэдгээрт энэрэнгүй үзэл баримтлалыг сөргүүлэн тавьсан байна. Олон талын боловсрол, хичээл, амралтын зөв зохистой харьцаа, сэтгэлгээний бие даасан хөгжил, бүтээлч үйл, идэвхит шинж бүхий хүүхдийг хүмүүжүүлэх энэрэнгүй хүмүүжлийн загварыг анхлан гаргаж ирсэн.

 

Раблегийн томоохон зохиолын баатар болох Гаргантюа багаасаа бурхадын захисан зүйлийг мартдаг хүүхэд байв. Иймд хүмүүжүүлэгч багш нь түүнийг бие бялдрын хувьд эрүүл чийрэг, бүх талаар хүмүүжил, боловсролтой хүн болгох зорилт тавина. Ном уншсанаар бусадтай ухаалаг ярилцах болж, латин хэл, арифметик, геометр, одон орон, хөгжмийн үндсийг судалдаг. Хөзөр тоглох явцдаа тооцоолж сурч, оюун ухаан шаардсан ажлыг биеийн хүчний ажилтай хослуулна. Тэрээр морь унаж, сэлмээр тоглож, усанд сэлж сурах ба хүмүүжүүлэгч багштайгаа амьдралын мөн чанарын тухай маргалдаж, шөнө орой болсон хойно одот тэнгэрийг судлах болов. Бороотой үдшээр түлээ хагалж, талх барьж, гар урчууд, худалдаачидтай уулзалдан, эрдэмтдийн үгийг сонсож, зарим үед өдөржин байгалийн сайханд зугаацдаг болно. Ийнхүү Ф.Рабле нь энэрэнгүй үзлийн мөн чанарыг илэрхийлсэн шинэ бие хүн төлөвших үйл явцыг яруу тодоор өгүүлсэн байдаг. Чухам энэ зохиолд Бурхан бол бүх юмны эхлэл байдаг бол хүн бүх ертөнцийн гол төв гэсэн санааг анх оруулж иржээ.

                          Мишель Монтень (1533-1592)

            Францын агуу их энэрэнгүй үзэлтнүүдийн нэг. Түүний “Туршлагууд” хэмээх зохиолд боловсролд хандсан орчин үеийн бие хүний шаардлагуудтай давхацдаг олон санаа анх тусгагдсан. Хүч хэрэглэх, дарамт шахалт учруулахаас татгалзахын зайлшгүй тодорхойлж, багшийн хэмжээгүй их эрх дархыг хязгаарлахыг уриалжээ. Сурах явцад “судалж буй зүйлийнхаа утгыг эрэлхийлж сурах хэрэгтэй” гэсэн зарчмыг тунхагласан.


           Францын өөр нэг энэрэнгүй үзэлтэн Мишель Монтень (1533-1592 он) “Туршлагууд” хэмээх алдарт зохиолдоо дундад зууны схоластик үзлийг эрс шүүмжилж, хүн бол хамгийн дээд үнэт зүйл бөгөөд хүүхдийг сургах сургалтыг практикаар дамжуулан хэрэгжүүлэх хэрэгтэй хэмээн үзжээ. Түүнийхээр хүүхдэд байгалаас заяасан бие даасан шинж байдаг. Дундад зууны сургалт үеэ өнгөрөөсөн бөгөөд сургалтад аюул учруулж байна гэж үзсэн. Иймд тогтсон уламжлалт сургалт ашиг тус авчирахаа больсон бөгөөд сурагч аль болох ихээр ярьж, багш аль болох ихээр сонсох цаг ирлээ хэмээжээ. Хүүхдийг хүрээлэн буй орчноо судлах дадлагатай болгож, сурсанаа практикт шалгадаг чадвартай болгох хэрэгтэй. Эртний үеийн өв уламжлалд хадгалагдаж буй оюун санааны үнэт зүйлстэй танилцуулах нь хүүхдийн танин мэдэхүйд ихэд тустай ажээ. Эртний гүн ухаантнуудын үзлийг баримталдаг боловч, Платоноос ялгаатай нь оюун санаа биеийг удирдахгүй харин бие оюун санаагаа удирдана гэж үзсэн. Хүмүүжил, сургалтын гол зорилго сурагчийн бие хүний шинжийн боловсролд оршино. Харин ёс суртахууны хүмүүжлийн зорилго ёс зүйг шүтэхэд бус өсөн өндийж буй залуу хүүхдийг сайн үйл бүтээхэд туслах явдал юм. Тэрээр хүч үл хэрэглэх ёс зүйг гарган ирж, хүний нандин чанар бол бие хүн өөртөө хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, үнэт зүйлс юм гэж үзжээ.

            Ийнхүү Итали, Францад хүчтэй түгэн дэлгэрч үр ашгаа өгсөн сургалт – боловсролын салбар дахь энэрэнгүй үзлийн давалгаа улам цааш дэлгэрч нийт Европийг хамрах боллоо. Энэхүү хөдөлгөөний манлайд Эразм Роттердамский, Хуан Луис Вивес, Томас Мор, Рудольф Агрикола, Ульрих фон Гуттен  зэрэг томоохон сэтгэгчид гарч ирж өөрсдийн бүтээл туурвилдаа шинэ хүнийг хүмүүжүүлж, сургах бүхэл бүтэн тогтолцоог боловсруулсан байна.

           Эдний дотроос английн утопи үзэлтэн Томас Мор ихэд алдаршжээ. Өөрийн үл гүйцэлдэх (утопи) үзэл баримтлалын төвд бүх талын өв тэгш хүмүүжил авах эрхтэй хүнийг гарган тавьсан байна. Түүнийхээр хүний үйл ажиллагаанд нийгмийн ба хувийн талууд тод илэрдэг. Иймд өндөр ёс суртахуунаар хүмүүжүүлэх нь нийгмийн эн тэргүүний зорилт мөн. Тэрээр чөлөөт шашин шүтлэгийг дэмжиж байв. Дундад зууны үеийн сургалтын тогтолцооны хатуу чанд, харгис талыг шүүмжилж, чөлөөтэй боловсрол эзэмшсэн хүн л аз жаргалд хүрнэ гэж үзсэн. Бусад утопи үзэлтнүүдийн адил унших, арифметик, хөгжим, байгаль шинжлэлийн хичээлийг онцолж, сургалтын цэвэр орчныг магтан сайшаажээ.

                          Томас Мор (1478-1535 он)

Английн утопи үзэлтэн. “Ашигтай бөгөөд, сонирхолтой алтан ном, төрийн хамгийн төгс тогтолцоо ба Утопи хэмээх шинэ арлын тухайд” суурь бүтээлдээ бүх нийтийн боловсролыг үйлдвэрлэх хөдөлмөртэй нягт хослуулан зайлшгүй эзэмших ёстой ангигүй нийгмийн тухай үзлийг анх гаргаж тавьсан. Энэхүү бүтээлд тэгш эрх, аз жаргал, шударга ёс нийгмийн бүх гишүүдэд тэнцүү үйлчилж, боловсрол, өөрийн боловсролын зайлшгүйн тухай үзэл нэвт шингэжээ. Сайн сайхан байдлын үндэс бол хувийн өмч, боломжтой бол амины өмчөөс татгалзах явдал бөгөөд “бүхнийг тэнцүүгээр” гэсэн зарчмын үндсэн дээр нийгмийн баялгийг шударгаар хуваарилах явдал мөн.

 

Утопи арлынхны аз жаргал тэдний гэдэс цатгалан байдалд илэрдэг.  Нийгмийн гишүүд ямар нэг бие даасан үйлдэл хийхгүй. Бүхнийг хамтарч гүйцэтгэнэ. Сурган хүмүүжүүлэх гол үзэл баримтлал нь бүх хүүхдийг нийгмийн зүгээс тэгш хүмүүжүүлэх, эрэгтэй, эмэгтэйчүүд ялгалгүй адил боловсрол эзэмших, төрөлх хэл дээрх бүх нийтийн сургалт, оюуны ба биеийн хөдөлмөрийг хослуулах, амин хувиа хичээх, баяр цэнгэл хөөхөөс татгалзах, хөдөлмөрийн хүмүүжил ёс суртахууны итгэл хүмүүжилд нөлөөлөх зэрэг болно. Хүмүүжлийг төрдөө үнэнч байхаар чиглүүлнэ. Биеийн хөдөлмөр, хөдөлмөрийн үйл ажиллагаанд бэлтгэх нь сургалтын үндсэн зорилго мөн.

 

                        Эразм Роттердамский (1467-1536 он)

“Сургалтын аргын тухай”, “Хүүхдийн сайн үйл, шинжлэх ухаанд хэрхэн хурдан, чанартай сургах тухай” зэрэг боловсрол-сургалтын суурь бүтээлүүд туурвисан. Хүмүүжил нь ертөнцийг өөрчлөх, төр ба сүм хийдийн хэвшлийг шинэчлэх, аз жаргалд хүргэх хэрэгсэл мөн хэмээн үзжээ. Хөдөлмөр бол ёс суртахуунт чанарын шалгуур гээд ардын боловсролын үзэл санааг анх дэвшүүлсэн. Хүүхдийг төлөвшүүлэх хамгийн дээд зорилго бол ёс суртахууны үүргээ мэдэрч, шашны хувьд дуулгавартай байх явдал мөн. 

            Дээрх үл гүйцэлдэх үзэлтнүүдийн үзэл баримтлалд харагддаг адил тал нь гэвэл тэд бүгд боловсролын чөлөөт шинжийг тэргүүн зэрэгт тавьж байв. Үнэн хэрэгтээ Томас Мор, Томазо Кампанелла нар үл гүйцэлдэх-социалист үзэлтнүүд байсан бол Витторино де Фельтре, Франсуа Рабле, Мишель Монтень нар сурган хүмүүжүүлэгч-энэрэнгүй үзэлтнүүд байжээ. Гэхдээ сэргэн мандалтын үеийн үзэл баримтлал ба боловсрол, хүмүүжлийн бодит нөхцөл байдлын хооронд асар их ялгаа оршиж байв. Мэдээж хэрэг сэргэн мандалтын үе сургалт, сурган хүмүүжүүлэх үйл хэрэгт эерэг нөлөө үзүүлсэн. Үүний зэрэгцээ тэдний хүсэл тэмүүлэл амьдрал дээр бодитойгоор хэрэгжиж чадаагүй юм. Учир нь хэрэгжих үндэс суурьгүй үл гүйцэлдэх шинжтэй байжээ. Эндээс утопи буюу үл гүйцэлдэх үзэл гэсэн нэр томьёо гарч ирсэн байна.

XVI зууны үеэс өрнөд ба төв Европийн улсуудад рим-католикын сүм хийдийн эсрэг чиглэсэн Реформацийн хэмээх нийгмийн хөдөлгөөн ихээр гарах болов.  Энэхүү Реформацийн хөдөлгөөний сурган хүмүүжүүлэх-боловсролын үзэл баримтлал төлөвшин тогтоход М. Лютер (1483-1546 он), Ж. Кальвин (1509-1564 он) нар чухал үүрэг гүйцэтгэжээ. Реформац бол ноёрхогч үзэл суртал болох католицизмын эсрэг тэмцэл бөгөөд христийн шашны зохистой тайлбарлалын хүрээнд шашны ухамсрыг зөв чиглэлд өөрчлөх тэмүүлэл ажээ. Энэ хөдөлгөөний гол уриа нийгмийн бүх давхаргын хүүхдүүдийг төрөлх хэл дээр нь тэгш эрхтэй сургах гэсэн зарчим байв. Ингэж боловсрол нийгмийн өргөн давхаргад тархахад “ахан дүүсийн нийгэмлэг” хэмээх христийн коммунизмын үзэл баримтлал бүхий иргэний сургуулиуд их үүрэг гүйцэтгэсэн байна. Ер нь Реформацийн үзэл санааны гол үндэс нь бие хүнийг өөртөө захируулсан нийгэмлэг байгуулах явдал ажээ. Энд хүмүүжил, сургалтын ажил засаг, төрөөс хүмүүсийг удирдах зэвсэг болон ашиглагдана. 

Ингэж сүм, хийдийн эсрэг чиглэсэн хөдөлгөөн үүсэхэд сүм, хийд ч зүгээр байсангүй. Реформацийн эсрэг хөдөлгөөнийг (контрреформац) өрнүүлжээ. Энэ нь католик сүм хийдээс протестант сүм хийдийн эсрэг явуулсан тэмцэл байв. Тэдгээр нь энэрэнгүй үзлийн зарчмын эсрэг тэмцэж, түүн сөргүүлэн хүмүүжил, боловсролын иезут тогтолцоог гаргаж иржээ. Ингэхдээ үнэ төлбөргүй нийтийн сургуулиуд олноор байгуулан, тэндээ түгэн дэлгэрч байсан сургалтын дэвшилтэт аргуудын оронд авторитаризм ба формализмыг ихээр ашиглах болов. Ингэснээр сургалт-хүмүүжлийн зорилго католик сүм, хийдийг фанатаар даган мөрдөх хэм хэмжээ болсон байна. Католик ба протестант шашны хоорондын тэмцэл цаашдаа сургалт-боловсролын хүрээнээс хальж улс төрийн шинжийг олсон ба өнөөдөр хүртэл энэ зөрчилдөөн амь бөхтэй оршсоор байгаа билээ.

3.2. Гимназ байгуулагдсан нь

            Сүм, хийдийн олон урсгал чиглэлийн хоорондын ширүүн тэмцэл, түүний боловсрол-хүмүүжлийн хүрээнд үзүүлсэн сөрөг нөлөө ихэд хурцадсан боловч, энэрэнгүй үзэлтнүүдийн хүч чармайлт, нийгмийн дэвшлийн нөлөөгөөр сургалтын шинэ хэлбэрүүд бий болж байсны нэг нь гимнази үүссэн явдал билээ. Гимнази бол сэргэн мандалтын үеийн боловсролын хөгжлийн бүтээгдэхүүн мөн.   

            Анхны гимназиуд Германд үүссэн байна. Эдгээр сургалтын байгууллагуудыг бий болгосон хүн бол Филипп Меланхтон юм. Тэрээр “Саксоны сургалтын хөтөлбөр” хэмээх бүтээлдээ хотын бага ба ахлах сургуулиудыг нэгтгэн сургалтын 3 дахь шат буюу гимнази байгуулах санааг анх гаргажээ. Энэ үе шатанд хамгийн авьяаслаг, сэргэлэн багачуудыг сургана. Сургалтын хөтөлбөр эрс нэмэгдэж, тухайлбал, римийн утга зохиолыг судлах дээр нэмээд Цицерон, Овидий, Вергилий нарыг заавал судлах болсон байна. Ингэхдээ сурагчид өөрсдөө бие даан зохиол бичих дасгал ихээр хийнэ. Мөн латин хэл шинжлэлийн оронд диалектик, илтгэх урлагийн хичээл орох болов. Гэхдээ бүх харилцааг зөвхөн латин хэл дээр хийхийг хуульчлан баталсан байна. Ф.Меланхтон гимназид немц хэл үзэхийг таашаадаггүй байжээ. Энэ бүхний үр дүнд XVI зууны 20-иод он гэхэд хотын олонхи сургуулиуд гимнази болон хувирсан байна.

                    

                            Филипп Меланхтон (1497-1560 он)

                Немцийн энэрэнгүй үзэлтэн, шашин судлаач, сурган хүмүүжүүлэгч, Герман дахь Реформаци хөдөлгөөний удирдагчдын нэг. Анхны гимнази байгуулж, түүний сургалтын хөтөлбөрийг зохиосон гэдгээрээболовсролын түүхэнд орсон. 

           

Энэрэнгүй үзлийн уриан дор байгуулагдсан гимнази сургуулийн бэлэг тэмдэг нь 1537 онд Страсбург хотноо И.Штурмын (1507-1589 он) байгуулсан гимнази болж байв. Энэ гимназын сургалтын гол цөм нь сонгодог хэл, утга зохиол судлах явдал байв. Энэ гимназид олон зуун хүүхэд суралцаж, 1578 онд 7-16 насны 3000 гаруй хүүхэд сурч байв. Гимназид сургалтын өвөрмөц арга барил ашиглаж байсан нь эртний хэлний толь бичгийг өргөнөөр ашиглаж байсан явдал мөн. Гол хичээл нь латин хэл, илтгэх урлаг, диалектик байв. Мөн математик, уран зохиол, эртний грек ба эртний европ хэлнүүд заана. 

            Хатуу чанд сурган хүмүүжүүлэх арга барилын дэвсгэр дээр авч үзвэл зарим гимназын сургалтын арга барил шинэлэг, дэвшилтэт шинжийг агуулж байв. Тухайлбал, Фридланд Троцендорфийн (1490 - 1556 он)  удирдаж байсан Германий Гейдельбергийн гимназид сургуулийн өөрийгөө удирдах байгууллага маягийн зүйл ажиллаж байв. Энд сурагчид”бүгд найрамдах улс” маягаар амьдарч, “сенат”, “консул”, трибун”, “цензор” зэрэг албан тушаалтныг сонгоно. Энэ гимнази дотроо хэд хэдэн хэсэгт хуваагдсан 6 ангитай байв. Анги бүр сахилга бат хангагч “квестор”, хоол унд, ариун цэврийн хэрэгсэл хариуцагч “эфор”-ийг сонгоно. Сургуулийн удирдагч “мөнхийн дарангуйлагч” нэрийг зүүнэ. Дутагдал гаргасан сурагчид “бүгд найрамдах улсын” төлөөлөгчдийн өмнө хариуцлага хүлээнэ. Сурагчид сурлагаар хоцорч яваа нэгэндээ туслах ёстой. Ахлах ангийнхан бага ангийнхандаа хичээл заана. Үздэг гол хичээл нь гот хэл байв. Мөн грек, латин хэл, диалектик, илтгэх урлаг, гүн ухаан, хөгжмийн хичээл ордог. Уран зохиол бичих бэлтгэл их хийнэ. Иймд Европийн олонхи гимназууд Штурмын байгуулсан гимназийн жишээг өөртөө авч, үйл ажиллагаагаа түүний арга маягаар зохион байгуулах болсон байна.

            Ер нь сэргэн мандалтын сүүл үед байгуулагдсан гимназууд сүм, хийдийн аскетик үзэл баримтлалыг таягдан хаясан юм. Тэд хүний чин эрмэлзлэлийг амьдралын бүрэн дүүрэн хэрэгцээгээр амьдарч буй хүн, хүүхдийн сэтгэхүйн мөн чанарыг нээх явдал хэмээн тунхагласан байна.
Үргэлжлэл бий...

Бичсэн: EDUCATION | цаг: 13:02 |
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1739187 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax