2011-01-06
Бермудын гурвалжингийн нууцыг тайлжээ

Сэтгүүлчид Бермудын гурвалжингийн хоёр нууцыг тайлжээ. Телевизийн Би-Би-Си сувгийн оролцоотой явуулсан мөрдөн шалгах ажиллагаагаар 1948, 1949 онд суудлын 2 нисэх онгоц алга болсныг шалтгааныг олсон байна.

    Бермудын гурвалжин нисэх онгоц, хөлөг онгоц ямар нэгэн илэрхий нөхцөл байдалгүйгээр ямар ч ул мөр үлдээлгүй алга болдог муу ёрын газар гэдгээрээ алдартай билээ. Английн сэтгүүлчид, нисэх хүчний мэргэжилтнүүд дэлхийн бөмбөрцгийн энэ учир битүүлэг бүсийн тухай домгийг зарим талаар тайлжээ.
    Бермудын гурвалжинд "British South American Airways" компанийн хоёр нисэх онгоц алга болсон явдал Би-Би-Си сувгийн анхаарлыг татсан байна. Атлантын далай дээгүүр зорчигч тээврийг анх зохион байгуулсан энэ компанийн хамгийн олон нисэх онгоц Бермудын арлуудын ойролцоо сүйрчээ. Гурван жилийн дотор 11 ноцтой осол болж, 5 нисэх онгоц сүйрэн 723 зорчигч багийн 22 гишүүн амь үрэгдсэн байна. 1948 оны нэгдүгээр сарын 30, 1949 оны нэгдүгээр сарын 17-нд болсон сүйрлүүд учир битүүлэг гурвалжингийн тухай домог яриа дэлгэрэхэд улам их нэмэр болжээ.
    Тэр үед нисэх онгоцууд одоогийнх шиг 10 км-ийн өндөрт нисч Европ, Атлантын далайг гатлан Нью-Йоркт буудаггүй байв. Анхны зорчигч тээврийн нисэх онгоцууд огт өөрөөр нисдэг байсан байна. Дээр дурдсан тэнгист алга болсон  "Авро Тюдор" загварын хоёр нисэх онгоц 6000 метрийн өндөрт нисч чаддаг байсан учраас Лондоноос ч Нью-Йорк хүртэл шууд нисэх тухай бодохын ч хэрэггүй байжээ. Үүний оронд нисэх онгоцууд эхлээд Азорийн арлууд руу нисч, тэнд шатахуун нэмж цэнэглээд Бермуд руу нисэн тэндээсээ АНУ юм уу Карибын тэнгисийн арлуудыг зорьдог байсан байна. 1948 оны нэгдүгээр сарын 30-нд Бермудад буух ёстой байсан "Одны бар" нисэх онгоц зорьсон газраа хүрч чадаагүй юм. Болсон явдлыг мөрдөн шалгасан комисс сүйрэл болох ямар ч шалтгаан байгаагүй гэж хүлээн зөвшөөрчээ. Ингээд асуудал үл тайлагдах оньсого болж хувирсан байна.
    Бараг нэг жилийн дараа 1949 оны нэгдүгээр сарын 17-нд "Одны Ариел" гэдэг өөр нисэх онгоцны нисэгч хөөрснөөс хойш нэг цагийн дараа төлөвлөгөө ёсоор холбоо барих үеэрээ нисч байгаа газрынхаа тухай мэдээлээд дахиад холбоо бариагүй байна. Дахиад л ямар ч ул мөр олдсонгүй. Эрэл хайгуулд гарсан хөлөг онгоц, нисэх онгоцууд хүмүүсийн цогцсыг ч, нисэх онгоцны хэлтэрхийг ч олоогүй ажээ. 
    Нисэх онгоцууд сөнөсөн тухай /тухайлбал, 1945 онд АНУ-ын Агаарын цэргийн хүчин таван машинаа алджээ/ бусад мэдээний хамтаар энэхүү хоёр сүйрэл маш олон янзын хувилбар гарахад хүргэсэн байна. Харь гарагийнхны сансрын хөлөг, цаг агаарын онцгой нөхцлийн улмаас агаар мандалд лазерийн туяа үүссэн, өөр ертөнц рүү нисч одсон гэх мэт илэрхий санаанаасаа зохиосон яриа ч гарч байв. Тэгвэл Би-Би-Си илүү үнэмшилтэй хувилбар гаргажээ. Нисэх онгоц туйлын найдваргүй хийцтэй байсан нь гол асуудал болсон гэж тус агентлагаас татан оролцуулсан нисэх хүчний шинжээчид үзсэн байна. "Авро Тюдор" нисэх онгоцууд 9000-аас дээш метр өндөрт хөөрч чаддаг байжээ. Гэтэл тийм өндөрт тусгай халаагуур залгах шаардлагатай байдаг байна. Цельсийн -40 хэмийн хүйтэн зорчигчдын ая тухыг алдагдуулаад зогсдоггүй байжээ. "Одны бар" онгоцны нисэгч халаагуур ажиллахгүй болохоор нислэгийн өндрийг арга буюу 6000 метр хүртэл намсгасан нь шууд хоёр өөр асуудал үүсгэсэн байна. Нэгдүгээрт, нисэх онгоц зүгээр л нэг их өндөрт нисдэггүй. Тэнд агаарын эсэргүүцэл бага, ингэхээр түлшний зарцуулалт ч бага байдаг ажээ. Газрын гадаргад ойр нисэхэд дулаахан боловч  түлшний зарцуулалт эрс нэмэгддэг. Ийм учраас "Одны бар" ялангуяа чиглэлээсээ гажиж, халз салхитай гэнэт тулгарсны уршгаар наадаж нэг цаг хожимдсоныг харгалзвал тэр ердөө нисэх буудалд хүрч чадаагүй байна. 
    Хоёр дахь асуудал нь нам өндөртэй холбоотой. Хэрэв нисэх онгоц гэнэт доошлон унаж эхэлбэл түүнийг тэнцвэржүүлэх цаг хугацаа нисэгчид маш бага байдаг. Нисэх онгоцны сүйрлүүдийг мөрдөн шалгахаар уригдсан мэргэжилтэн Эрик Ньютон "Тийм өндрөөс та хэдхэн секундын дотор тэнгист унаж болно" гэж нотолжээ. Цаг хугацаа бага үлдсэн дээр түлшний бага нөөцийг нэмбэл нисэх онгоц алга болсон явдлыг харь гарагийнхан юм уу бусад далдын шалтгаанд  тохох шаардлагагүй.
    Дашрамд Би-Би-Си дүгнэлтээ нислэгийн нам өндөр болон түүнтэй холбоотой асуудлуудаар хязгаарлаагүй байна. "Одны бар" Азорын арлуудад эвдэрхий халаагууртай төдийгүй бас эвдэрхий  луужинтай нисч ирснийг мөрдөн шалгасан хүмүүс тодруулж чаджээ.
    Нисэх онгоцууд алга болсноос 40 жилийн дараа санал болгосон хувилбарт ямар ч ид шидийн зүйл байхгүй. Эхнээсээ байлдааны бөмбөгдөгч нисэх онгоцны хувиар хийсэн нисэх онгоцуудын тэр болгон бүх системийг бүрэн төгс хийгээгүй. Түлшний нөөц далайг шууд гатлах бололцоогүй байсан бөгөөд хиймэл дагуулын тусламжтайгаар чиглэл тогтоох талаар ярихын ч хэрэггүй байв. Атлантын далай дээгүүр нисч яваад алга болсон маш сайн тоноглогдсон орчин үеийн А-330 нисэх онгоцны хэлтэрхийг 2009 онд шууд олж чадаагүй. Тэгвэл далай дээгүүр хийж байсан хамгийн анхны зорчигч тээврийн аяллын тухай юу ярих билээ? Тэр тусмаа  нийт үйлдвэрлэсэн 38 "Авро Тюдор" нисэх онгоцны 5 онгоц тутмын нэг нь алга болсон, сүйрсэн эсвэл  шатсан билээ. Дашрамд, Бермудын гурвалжинд жижиг нисэх онгоцууд хамгийн олон сүйрснийг хачирхалтай, учир битүүлэг зүйл гэж нэрлэж болохгүй биз ээ. Гэхдээ энэ бүс нутгийн цаг агаарын нөхцөл хангалттай хүнд билээ. Хүн алдаа гаргаж, техник гацах явдалтай нийлбэл цаг агаарын энэ нөхцөл сүйрлийн жагсаалтыг байнга шинэчилж байхад бүрэн хангалттай юм.  
Д.Жаргал


Бичсэн: EDUCATION | цаг: 17:39 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1774939 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax