2011-04-19
Wi-Fi хүрээлэн буй орчинд нөлөөлж байна



Сүүлийн үед утасгүй төхөөрөмжүүд нь хүний бие организмд болон хүрээлэн буй орчлонд аюултай байж магадгүй хэмээн эрдэмтэд үзэх болсон байна. Тухайлбал, утасгүй интернет буюу «Wi-Fi» нь сэтгэл санааны дарамтыг ихэсгэж, тархины хорт хавдрыг даамжруулан, эрчүүдийг үргүйдэлд хүргэдэг гэж ярилцах болсон. Тэр ч байтугай уг сүлжээнээс болж модны навчис цагаасаа өмнө унаж байгаа ажээ.

Намрын улиралд хотуудад ургадаг модод навчсаа хаядаг гэдгийг хэн ч мэднэ. Гэхдээ энэ нь зөвхөн байгаль эхийн хийж буй “ажил” биш бололтой. Амьдралын салшгүй нэг хэсэг болсон “Wi-Fi” сүлжээнээс ялгарч буй туяа нь хөгшрөх үйл явцыг хурдасгаж, модод өвчлөх үйл явцыг хурдасгадаг болохыг Нидерландын эрдэмтэд тогтоожээ.

Дээрх нээлт нь инженерүүдийг тэгтэл их гайхшруулахгүй байгаа юм. Харин тэд үүнээс илүүтэйгээр уг асуудлыг дөнгөж саяхнаас хөндөж эхэлж байгаад гайхаж байна. Хүмүүс бид өдөр тутмын амьдралдаа гар утас, утасгүй тоглоомын хэрэгслүүд, шарх шүүгээ зэргийг ашигладаг болоод удаж байгаа бөгөөд тэдгээр нь « Wi-Fi» сүлжээтэй яг адилхан нөлөө үзүүлдэг байжээ.

Аласдейр Филипс гэгч инженер дээрх асуудлын талаар өөрийн бодлыг ярьжээ. “1960-аад оны эхээр би радио холбоо бүтээхээр ажиллаж байсан юм. Тэгэхэд би уг төхөөрөмжийг дэлхийг өөрчлөх гайхалтай бүтээл болно гэж бодож байлаа. Гэвч арван жил үргэлжилсэн эрдэм шинжилгээний ажил маань намайг ухааруулж, өөрсдийн зохион бүтээсэн зүйлээрээ бид байгаль дэлхийд ямар их хохирол учруулж байгаа талаар байнга бодоход хүргэсэн юм.

Асуудлын гол нь өдгөө дэндүү их тархсан радио долгионтой холбоотой. Тэдгээрээс тогтмол долгион бус импульс ялгарч байгаад л хор хөнөөл нь байгаа юм. Эргэн тойронд маань буй бичил долгионууд бидэнд хэдийнэ нөлөөлж эхэлжээ. Эрчүүдийн дунд үргүйдэх тохиолдол жилд хоёр хувиар нэмэгдэж байна. Зарим тохиолдолд уг өвчнийг эмчилж чадаж байгаа ч өндөр технологийн “үнэнч фэнүүд”-эд энэ нь тус болохгүй байгаа бөгөөд тэд насан туршдаа үр удмаа үлдээж чадахгүй хэвээр байгаа билээ.

Цахилгаан соронзон цацраг тархинд нөлөөлж, бид аз жаргалтай байна уу, үгүй юү гэдгийг тодорхойлдог мелатонин гэдэг гормоныг устгадаг байна. Бичил долгионууд сэтгэлийн дарамтад орох магадлалыг 40 дахин нэмэгдүүлдэг болохыг 2004 онд Малаги их сургуулийн эрдэмтэд тогтоосон бөгөөд үүнийг Шведийн Каролины хүрээлэнгийнхэн нотолжээ. Унтахынхаа өмнө гар утсаар ярих юм уу тоглох, эсвэл мессеж солилцох нь нойр хулжааж, сайхан зүүд зүүдлэх магадлалыг эрс бууруулдаг болохыг эрдэмтэд тогтоосон байна. Тэд уг судалгааг гар утас үйлдвэрлэгч тэргүүлэх компаниудын ивээн тэтгэлгээр явуулсан байна. Хүүхэд болон өсвөр насныхан гар утаснаас салахаа больсон нь эрдэмтдийн санааг зовоосоор байгаа билээ.

Эрдэмтэд гар утасны хэрэглээ болон тархины хорт хавдар даамжрах үйл явцын хооронд ямар холбоо байгааг судалжээ. Судалгааны дүнд, арван жилийн турш утасгүй интернетийг маш идэвхтэй хэрэглэсэн хүмүүс тархины хорт хавдрын хамгийн түгээмэл хэлбэр болох глиом өвчинд өртөх тохиолдол хоёр дахин олон байсан байна.

Хүмүүс цацрагт өртөж байгааг зөвхөн эрдэмтэд төдийгүй сэтгэлгээ сайтай бизнесменүүд ч хүлээн зөвшөөрдөг байна. Тухайлбал, Швейцарийн даатгалын “Swiss-Re” компани бичил долгионы цацрагийн улмаас хохирсон үйлчлүүлэгчдийн гомдлыг барагдуулах нөхөн төлбөрийг хөдөлгөөнт холбооны операторуудад төлөх бодолгүй байгаа ажээ. Дашрамд дурдахад, тус компанийн төлөөлөгчийн хэлснээр, чухам ийм өргөдөл гомдол даатгалын компаниудад маш ихээр ирж байгаа гэнэ.

Иргэдийг туяанаас хамгаалах асуудлыг төрд найдаж орхиж хэрэггүй гэж дээр нэрийг нь дурдсан Аласдейр Филипс үзэж байгаа ажээ. «Их Британид гар утасны худалдаанаас жилдээ 20 тэрбум орчим фунтын татварын орлого төсөвт ордог байна. Иймээс эрх баригчид гар утасны үйлдвэрлэлийг бууруулах арга хэмжээ авахгүй нь мэдээж, түүгээр ч барахгүй сургууль дээрээ утасгүй нэт тавихгүй бол улсаас эд материалын дэмжлэг авна гэдэг талаар горьдсоны хэрэггүй гэж нэгэн сургуулийн удирдлагад мэдэгдсэн байна» гэж тэрбээр ярьсан юм.

«Би өөрсдийн аюулгүй байдлыг ямар нэг байдлаар хангахын тулд эхнэрийн хамт Шотландын гар утасны сүлжээ байдаггүй нэгэн алслагдмал нутагт нүүж очсон. Хүн бүр миний жишээг дагахыг хүсэхгүй нь мэдээж. Гэхдээ өөрсдийгөө хамгаалах арай өөр аргууд бий. Жишээлбэл, эмэгтэйчүүд гар утсаа энгэрийнхээ халаасанд хийж явах хэрэггүй, учир нь хөхний булчирхайн эд эсүүд туяанд хамгийн мэдрэмтгий байдаг. Утасгүй телефоны баазууд бас аюултай бөгөөд тэдгээр нь нэг секундэд тус бүр зуун микро импульс цацруулдаг. Яг танай байшингийн дэргэд үүрэн телефоны ямар нэг операторын цамхаг байрладаг гэж төсөөлөөд үз дээ, утасгүй телефон яг үүнтэй адил нөлөө үзүүлдэг юм. Соёл иргэншлийн зарим үр шимийг хүртэхгүйгээр амьдрах гэдэг бол зүгээр дадал зуршлын асуудал. Ялгарч байгаа туяа хортойг батлаагүй, бас няцаагаагүй байгаа, гэхдээ юутай ч өөрийн эрүүл мэндэд бага ч гэсэн анхаарч байсан нь дээр” гэж Филипс ярьжээ.

Д.Жаргал 

 

Эх сурвалж: news.gogo.mn

Бичсэн: EDUCATION | цаг: 15:48 | news
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1781102 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax