2011-05-23
“Чингис хааны нууц түүх” гэнэ үү?


Д.Цэвээндорж Доктор (Ph.D), дэд профессор

“Чингис хааны нууц түүх” гэнэ үү?

(Товчилсон хэлбэр)

Мянганы суут хүн, Эзэн Чингис хаан тулгар төр улсаа байгуулж дэлхийн дайдыг хураан захирч нэгэн насанд багтамгүй их гавъяа үйл бүтээн шагнасныг өвөг дээдэс маань аман ба бичгийн зохиолдоо талархан тэмдэглэж ирсэн баялаг уламжлалтай нь ард олны оюун сэтгэлгээ, зохиолын гол баатрыг урлан бүтээх уран чадвар, дүрслэлийн арга хэрэгсэлд багагүй түлхэц үзүүлсэн юм. Гэтэл орчин үед Чингис хааны тухай МНТ төдийгүй бусад сурвалж бичиг, түүхийн мэдээ сэлтийг шүүрдэн уламжлал шинэчлэлийн харьцаанд дулдуйдан Эзэн хааны бодлого, үйл ажил, зан төлөвийн гайхалтай нэгдэл зэргийг сэргээн нээж тодруулах нь өнөөгийн бидний үүрэг болохоос хоосон магтах, эсхүл гутаан доромжилж бичих нь ирээдүй хойч үеийнхээ оюун санаанд тодоос тод хар толбо үлдээж байна.

Учир нь Чингис хааны тухай бичээгүй, шүлэглээгүй зохиолч, яруу найрагч “зохиолч” биш болж буй бололтой. Сүүлийн арав гаруй жилд Чингис хааны түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, дүр төрх, алдар гавъяаг уран сайхны үүднээс нэхэн өгүүлэхийг зорьсон олон бүтээл гарсан ч бичлэг туурвилын хувьд ядмаг бүтээл цөөнгүй хэвлэгдэн гарчээ.

Уран сайхны бүтээлийн нээлт, туурвил зүйн уран чадвар нь шүүмжлэлийн үнэ цэнийг нэмэгдүүлдэг. Гэтэл энэ удаад бид мэргэжлийн түвшинд цэгнэн дүгнэх бус монгол хүн бүрийн зэвүү дургүйцлийг зэрэг хүргэсэн нэгэн бүтээлийн тухай хатуухан үг хэлэхээр болов. Энэ нь С.Жаргалсайхан, Л.Удвал нарын “Чингис хааны нууц түүх” (2006) романаас үүдэлтэй болай.

Зохиолд Бөртийг булаалгаад яаравчлахгүй байгаа тухай өгүүлж буй бол сурвалж бичгүүдэд гаслан бэтгэрч байснаар тэмдэглэсэн байдаг. Хасар Бөртийг төрөх дөхсөн, Чилэдүгийн эм байжээ гэхэд уурсан “…Тэмүжин Хасарыг үнэхээр алахад бэлэн байв. Би тэр Бөртийг ч ална. Чилгэр бөхтэй нь цуг ална гэж Тэмүжин хашгиран зүтгэвч Билгүтэй, Зэлмэ хоёр тавьсангүй” [2006.26] гэж хэрцгий догшин араатан авиртайгаар дүрслэн үзүүлж балмад үйл явдлыг санаанаас зохион балиашиглажээ.

“Бөртэ… тийм байх ёсгүй гэж Тэмүжин хашгирсаар байлаа” гэж увайгүй нэгэн болохыг харуулахыг зорьж, шинэ хатан үхвэл ч үхье гэж шийдэхэд Тэмүжин “Их гэдэстэй Бөртийг хурц догшин харцаар цоо ширтсээр яг л дайсантай тулалдах гэж буй мэт сэлмээ тас атгаастай тойрч байлаа”. “…Бүр сэлмээ далайж арай буулгаж чадалгүй агаарт чичрэн тогтож” [2006.27] байхад Бөртэ “Чи үрийг минь бүү алаач. Намайг тэр Чилгэр бөхтэй цуг орхиж од. Намайг алав гээд чамд юу нэмэгдэнэ гэж халуун нулимсаа урсган” гуйж буй тухай бичжээ.

Эцэстээ гэртээ харихаар шийдэж “Бөртэ үнэхээр энэ өш хонзон, үхэл цус нүүрлэсэн Боржигин аймгаас, Тэмүжиний дэргэдээс үүрд холдон зайлахыг хүсэж байв” [2006.28] хэмээсэн нь үнэхээр дэмийрэл гэхээс өөр аргагүй. “Хэрвээ зөрүүд мугуйд Тэмүжин Бөртийг ална гэвэл тэд яаж ч чадахгүй байв. Харин Тэмүжин алахаар шийдвэл Хасар Бөртийг гуйж авъя гэж дотроо шийдсэн билээ” гэжээ. Эвлэрсэн хойноо ч Тэмүжин “Тэр үнэхээр үзэсгэлэнтэй ч өст мэргэдийн Чилгэр бөх гэгч эр түүнийг нь эдэлж байсан гэж санагдахуйд гол нь харлан шүдээ хэмхэртэл зууж ширдгэн дээр шархдсан чоно шиг архиран өнхрөв. Түүнд Бөртийг хэмх балбан хөөж явуулах хүсэл тэвчилгүй ихээр оргиловч биеэ барьж дотроо гаслан уйлж байв” [2006.34] гэх юм уу “…Чилгэр бөхийн хүчинд автан эдлэгдэх болжээ” [2006.36] гэж өгүүлэгчийн зүгээс дэндүү ур муутай хандсан нь тодорхой харагдана.

Тухайн үеийн сэтгэл зүйн нөхцөл байдлыг харгалзаж, мэдэрч ойлгох нь түүхэн зохиол бичихэд ихээхэн хамааралтай. Дайн тулаан бүхий цаг үед улс орон, овог үндэстнээ хамгаалж үлдэх нь чухал болохоос эртнээс хэн хүчтэй нь эхнэр олзолж авдаг байсан овгийн байгууллын үеэс уламжлалтай зан үйлд Их хаан хорсон гашуудаж толгой гудайлган архи сархаданд өөрийгөө мэдүүлж гуних өчүүхэн зүрхтэй эр гэж өнөө цагийн ойлголтоор нэхэж бичих нь үнэнд нийцэхгүй юм. Нөгөө талаар Тэмүжиний эх ч мөн ийм байдлаар озлогдож ирснийг тухайн цагийн хэн хүн бүр мэдэх тул нэгэнт буцаан авч чадсан, ялан дийлж гарсны хувьд энэ бол асуудал биш, зохиолын үйл явдал ч биш, зохиолын үйл явдлын зөрчил ч биш юм.

Зүчи, Цагадай хоёр багадаа биенээ цавчиж шархдуулсныг Бөртэ тас нууж эцэстээ Бөртэ хоорондоо алалцсанаас Зүчийг үхэх нь зүйтэй гэж бодох болж Чингис хаан гагц өөрийн хүү Цагадайд сэтгэл зовнин уйлж буйгаар зохиолын баатарт хандаж “Гэвч хатуу сэтгэлт Тэмүжин өөрийн нулимснаас огтхон ч ичсэнгүй” хэмээн гутаажээ. Ийнхүү Зүчи, Цагадайгаас илүү болохыг дүрслэн харуулж алтан ургийнхныг үл хүндэтгэсэн бичлэг ч бас бий нь “өндөр гоолиг биетэй Зүчи, бахим шаантаг шиг Цагадай хоёр” [2006.51] гэж үзэл санаа, дүр хоорондыг эсрэгцүүлэн цэргийн хүрээ рүү Зүчийг явуулах гэсэн Тэмүжиний саналыг Бөртэ зөвшөөрөөгүй тул Цагадайн хамт явж Зүчи Тату гэгч боолынхоо дэмжлэгээр дүүгээ дагуулан оргож ирсэн тухай өгүүлэхдээ хааныг амин хувиа бодож Жамухад хөвгүүдээ явуулан итгэл төрүүлж амь аргацааснаар зохиомжилжээ.

Зохиолд Чингис хааны түүхийг бүхэлд нь харлуулаагүй, зохиолчийн зүгээс дүр, үйл явдалд хандах хувийн хандлага, түүхийн учир шалтгааныг нээн тодруулах гэсэн зохиолчийн эрэл байвч гагц Цагадайд санаа зовж буй хувиа бодогч чанарыг зан төлөвийнх нь үндсэн араншин болгож харуулахыг хичээсэн байх юм. Мөн Бөртэ Тэмүжинг Чингис хаан өргөмжлөе гэж гэнэт санаа төрж хэлснээр хаан суух болж хаант төр ёсны дэглэм журмыг Бөртэ гардан тогтоон хэрэгжүүлж буйгаар улс үндэстний тусгаар тогтносон түүхэн үйл явц, Чингис хааны бодлого, үйл ажиллагааг илт үгүйсгэн бууруулсан байна.

Ингэж Бөртийн санаачилгаар хаан болсноор хөвгүүддээ тэгш хандах болж “Үүнээс өмнө ганц өөрийн хар толгой, халуун амиа эрхэмлэн хамгаалж ирсэн муу санаагаа ойлгож ирээдүй хойчоо, үр хүүхдээ бодоход хүргэж” [2006.69] буйгаар дүрслэн гаргажээ. Зүй нь Эзэн хааны үнэн шударгыг эрхэмлэх зан, тэсвэр хатуужил, зориг тэвчээр, ном эрдмийг дээдлэх, энгийн даруу төлөв чанар, өрөвч зөөлөн сэтгэл болон төрөлхийн тунгаан бодох мэдрэмж, зөв шийдэл хоромхон хугацаанд гаргах сэтгэхүйн нарийн үйлдэл хийгээд нөхөр ба дайсныг ялгах чадвар, ядарсан цагт нөхөрт туслах, нөхрийн дутагдалд саруул хандах, бие биенээ хүндэтгэхийг эрхэмлэх, хэн боловч бусдын үг зөвлөгөөг нь сонсох, нөхрийн ач тусыг үл мартан соёрхох, өөрийгөө буруутгаж бусдын төлөө зүтгэх гээд зан төлөвийн олон сайхан шинжийг уран сайхны үнэн болгож батлан дүрслэх ёстой байлаа.

Гэтэл зохиолд харин ч эсрэгээр гутаан доромжлох гэсэн оролдлого илт ажиглагдаж буй нь Жамухыг баригдаж ирээд Тэмүжинд ойртоход нь “хормойн цаанаа нуусан хутгаа тэмтэрнэ” [2006.136] гэж аймхай хулчгар хааны дүрээр гаргаснаас тодорхой харагдана. Мөн алтан ураг хоорондын болон төр улсын эв нэгдлийг сарниулах зорилготой байсан Тэв Тэнгэр буюу Хөхөчү бөөг Чингис хаанаас дээгүүрт тавьж өргөмжлөн дээдэлсэн санаагаагаар ИМУ-ыг байгуулан хаан ор суусан тухайд “...Тэв Тэнгэр ид шидээ үзүүлж үүлгүй тэнгэрээс бороо оруулж Чингис хааны өргөөний дээгүүр их солонго татуулаад олон бүгдээр Чингис хааныг бишрэн шүтэхэд хүргэжээ” [2006.180] гэж зохиомжлон “Тэмүжин эл ичгэвтэр явдлаа нуухыг хүсэхэд” нөхөд нь тангараглаж “Энэ тангараг Тэмүжиний далд нууц түүхийн эхлэл болов” [2006.40] хэмээжээ. Уншигчдыг төөрөлдүүлэх, басамжлан доромжлох зорилготой эл ном нэмж засварласан гурав дахь удаагийн хэвлэл гэх бөгөөд энэ нь ямар зорилготой бичсэн, ямар санаагаар дахин дахин хэвлүүлээд буйн учрыг хэлээд өгөх биз ээ. Гэтэл “судлаач” гэх нэгэн нөхөр МНТ-той зэрэгцүүлэн үнэлсэн нь ёстой “баянаараа тэнэгээ нуух” гээч нь болжээ.

Ү.Хүрэлбаатартан номын өмнөтгөлд “сор бүтээл”, “…энэ роман бол олон талаараа монголын уран зохиолд цоо шинэ гэж үзэх бүтээл юм”, “МНТ хэмээх алдарт бүтээлтэй эрхгүй харьцуулан үзмээр тулхтай бүтээл болж чаджээ”, “Чингис хааны сэдэвт уран бүтээлийн оргил” гэж “үнэлсэн” нь монголын түүх, утга зохиол, ялангуяа эртний уран зохиолын тухай ямар ч мэдлэггүй хүнээр “магтуулсан”-ы хар гай юм.

Сэтгэлийн далд шаналал бодол, Жамуха, Тэв Тэнгэр нартай хийсэн тэмцэл ялалтын түүхийг гаргахыг зорьсон ч “Зүй нь бол Тэмүжин харц боол тэднийг биш, Хасарын үгийг хүндэтгэн санах ёстой билээ. Ерөөс Тэмүжиний буруу үгийг дагах нь Хасарт тун бэрх зовлон болдог байв” [2006.259]. Тэмүжин Бэгтэрийг харваж албал гэрийн удаах эрхийг чамд өгнө гэж цусаа гарган андгайлсан тухай, үүнд Хасар үнэнч явж ирсэн бөгөөд “харин Хасарын үзэхэд Тэмүжин арай л тийм биш ажээ. Зарим зүйлийг хэлсэн дороо мартах мэт зөрчдөг, бас огт хэрэггүй үгийг мартахгүй хорон санадаг Тэмүжиний ааш Хасарыг гайхашруулна” [2006.260] гэж буруутган хүүхэд байхдаа Тэмүжинг насыг нь тоолон хаяхад шаралхан барилдаж хаяхгүй болохоороо үхтлээ уурлан чичирч” байсан хэмээгээд Бэгтэрийг Тэмүжин харвахад Хасарыг харваач гэж аймшигтайгаар хашгирч эс харвасан бол түүнийг ч харвах байсныг өгүүлжээ.

“Тэгэхэд Тэмүжиний солиорсон мэт дүрлийсэн шар нүднээс гялсхийсэн оч түүнийг уурлахад өнөө ч заримдаа үсчих шиг болдгийг” [2006.260] гэх зэргээр дүрийн ялгарлыг эсрэгцүүлэн үзүүлсэн нь Хасар, Тэмүжин хоёр багадаа үл ялих маргаанаас болж зодолдоход “Хасар нулимс урсган хамаг үнэнээ хэлж орилж хашгирч байхад Тэмүжин хорсол занал шингэсэн харцаар нэвт шувт ширтсээр таг дуугүй зайлан оддог байлаа. Хэсэгхэн хугацаа өнгөрмөгц нулимсны нь халтар арилаагүй Хасар нэг дуу газарт нөгөө дуу тэнгэрт хадан өнгөрсөн зодооныг мартчихсан дэгдэж явахад Тэмүжин догшин шар нүдээ гялалцуулан хөмхий зуусаар байдаг ажгуу” [2006.269] гэжээ.

Чингис хааны эсрэг байр суурь баримтлан Тэв Тэнгэрийг үхэхэд Чингис хаан айж чоно улихад “Энэ дуунд Чингис хааны үс босож айсандаа нуруугаар нь түмэн шоргоолж гүйх шиг болов” [2006.194] гэх мэт “дүрслэл” нь зохиолын туурвил, “зохиолчид”-ын байр суурийг тодорхой харуулж буй юм. Чингис хаан бол монголчууд бидний сүр сүлд, эцэг шүтээн билээ. Иймд эцгээ хүү нь хэзээ ч гоочилдоггүйг сануулах нь илүүдэхгүй биз ээ.

Бид энд “зохиолч” гэж ихэрхсэн эл нөхдүүдийг шүүмжлэхийг урьтал болгоогүй бөгөөд түүхэн үнэний үүднээс байр сууриа илэрхийлэн тэдний “эвлүүлэг”-ийг эш татаж уншигч та бүхэнд эргэцүүлэн тунгаах эрхийг үлдээж буй болно. Зохиолд “Тэмүжин, Хуланы сэтгэлд эр бяртай, эзлэн сөнөөгч, эмс охидыг эдлэн жаргаагч, домгийн хүчит баатар болон сэтгэгдэж [2006.325-326] …Тэмүжин түүний бодсон шиг өндөр нуруутай, өнгөлөг жавхаалаг эр биш байсан нь бага зэрэг гомдолтой ч” [2006.330] гэсэн санаагаар бичжээ. Ийнхүү ард түмний дунд ч секс бэлэг тэмдэг болсон тухай өгүүлэн Тэмүжин “..энэ тэр бүсгүйг эдлэн уур хорслоо тайлдгийг Бөртэ мэдэвч юу ч эс дуугарна” [2006.43] гэх бус харин Чингис хааны их хатан эр нөхрөө санаж буй дотоод сэтгэлийг нээн гаргахыг чухалчлах нь зүйтэй байв.

Хуланы өмнө “Байлдааны хуяг дуулгаа тайлж энгийн хөнгөн нимгэн дээл өмссөн Тэмүжин улам ч бөгтөр давжаа жижигхэн болчихсон юм шиг үзэгдэв. Олныг бишрүүлэгч, айлган довтлогч, хамгийг дийлэгч их Чингис хаан гэхэд даанч гологдмоор царай муутай онигор хар хүн өмнө нь зогсож байлаа” [2006.352] гэсэн доромжлол хэлхсэн хэдэн үгэнд тайлбар илүүц биз ээ.

Бүр Бөртэ хатныг дур ханахдаа ухаан алддаг гэж “оношлон” “…Харин Бөртийн ийм тачаангуй ааш Тэмүжинд туйлын их таалагдаг бөгөөд түүнийг хүссэн үедээ чих, хүзүүг нь халуун амьсгалаараа сэрвэгнүүлэн “хоёулаа үхэж тоглох уу” гэж шивнэдэг болжээ. Дур ханаад ухаан алдан унасан үзэсгэлэнт залуу эхнэрээ ширтэн суух шиг аз жаргал Тэмүжинд байсангүй. Гэвч өдөр шөнөгүй “үхэж тоглосон дэндүү их аз жаргал нь хэмжээтэй байжээ” [2006.30] гээд Зүчийг тээж ирснээс хойш Тэмүжин нэг хатныхаа өвөрт нөгөөг хүсэмжлэн бодох болж, Есүгэн хатанд саатах байснаа Бөртэтэй хонох болсон зэргээр ор хөнжлийн асуудлыг нь голлон бичиж Бөртийг тачаал ихтэй хүүхнээр дүрсэлжээ. Тухайлбал Хааныг Есүгэний хамт нүцгэн хэвтэж байхад нь орж ирсэн Бөртэ өөрөө санаачилснаар Есүгэний хамт гурвуул цэнгэж буй тухай өгүүлсэн нь “зохиолч” гэх энэ нөхдүүдийг үнэхээр өрөвдөхөд хүргэдэг бөгөөд гэр хоорондын харьцааг голлон харуулсан, түүхэн үйл явдал, түүний учир шалтгааны тухайд нэхэн өгүүлсэн нь үгүй юм. Эл зугаацлаа нууж Чингис хааны хамт таалсан охиноо Бөртэ хор уулган нөгөө ертөнц рүү илгээсээр байсныг хаан мэддэггүй байсан тухай, дур тачаалдаа хөтлөгдсөн Бөртэ Чингис хааныг шинэ хатан авах бүр шөнөжин хүлээн уйлж хонодог тухай, мэргэд гарлын Хулан бүсгүйд дургүй байсан, Зүчи ч хөөж явуулахыг шаардаж буй эл номын үнэ 22000 төгрөг гэнэ.

Мөн Тэмүжинг Сорхон шарын охин Хадаантай амрагийн холбоотой байсан мэтээр өгүүлсэн нь түүний амийг аварсан ач тусыг эгнэгт үгүйсгэсэн түүхийн жинхэнэ гуйвуулга болжээ. Энэ нь “Бөртэ Хадаанаас болж бишгүй нэг уур цухлаа оволзуулж уушиг зүрхээ урсан” [2006.55]-аар тайван зан чанар байхгүй болж “хаяаны харц боолынхоо эмтэй шалиглаж яаж болох вэ” [2006.56] гэж Бөртийн зэмлэж буйгаар дэмийрсэн байна.

Түүнээс хойш Тэмүжин Есүгэн хоёрыг янаглахыг харан сонсож хэвтэх болсон тухай [2006.63], Тэмүжин нэг шөнөд дөрвөн удаа Бөртийг ухаан алдуулж буй тухай зэрэг есөн хүнийг бөлөг тус бүрээр өгүүлэхдээ янаг амрагийн зүйлтэй холбож Жамухыг Бөртэд сэтгэлтэй байсан тухай бас дэмийрчээ. Эдгээрээс зөвхөн Чингис хааны дүртэй холбогдол бүхий туурвил, дүрслэлийг авч үзэхэд л энэ мэт бөлгөө. Мөн Хөхөчү бөө бэлгийн донтой тул эхнэр нь залхаад зугатан голын усанд амиа үйж эцэг Мэнлиг нь аргагүй эрхэнд адууны жүчээ барьж өгөн байдсан гүү гишгүүлэх болсон тухай, хожим Их хаан Хөхөчүд гучин эм татварлан өгсөн ч “гэнэ гэнэ эцгийгээ зовоож хүний нүднээс далд өнөөх жүчээ рүү явдаг болжээ” [2006.177] хэмээсэн нь Хөхөчү Эзэн Чингис хаанаас хувилгаан шид, биеийн чадал-оюун бүхий л талаар илүү чадвартай гэж өргөмжлөгдсөний хувьд Чингис хааныг гутаан доромжлох давхар санааг нь илтгэдэг. Үнэндээ МНТ-ы 120-р зүйлд тэмдэглэгдсэнээр Хорчи сэтгэлийн хөөрлөөр “намайг түмний ноён болгоод бүх улсаас гоо сайхан охид гучийг шилж эм болгох эрхийг олго” хэмээн сонирхон хэлсэн болохоос өөр энэ талаар тачаал ихтэй гэж ийнхүү бичих ямар ч мэдээ үгүй юм. Харин ч хааны зарлиг ёсоор хорь түмэдэд очсон Хорчи эсэргүүцэлтэй тулгарч баригдсан байдаг билээ. Ерөөс охид олзлох нь тэр цагийн бахархал, ерийн хэрэг байсан бололтой байдаг. “Алтан хучар, Сача Бэхи бүгдээр …Тэмүжин чамайг хаан болгож бид

“Олон дайнд

Оройлон довтлож

Өнгө сайт

Охид хатад

Орд гэрийг

Оруулан авчирч

Хацар гоо

Хатад охид

Харгам сайт агт

Хатируулж авчирч

Өгье би” [§123]

хэмээдэг нь өнгө сайт охид харгам (зураа, хондлой) сайт агтыг олзлон авчрах нь энэ үеийн бахархал байсныг бататгаж байна. Нөгөө талаар эл “довтолж” хэмээх үг нь манж хэлний “сураг, чимээ, алдар цуу” гэсэн үгтэй холбоотой болохыг Цинциус, Элдэнтэй, Ардаажав нарын эрдэмтэд тайлбарласан нь бий. Мөн тэнд

“Хатгалдахуй өдөр

Халы чинь биш болговоос

Харь ширээс

Хатан эмээс минь хагацуулж

Хар толгойг минь

Хээр хөсөрт хаяж од

Энх өдөр

Эеий чинь эвдвээс

Эрс харцуулаас

Эм хөвүүдээс минь салгаж

Эзгүй газар орхин од” [§123]

хэмээдэг нь нэр төрийн үйл хэрэг байсныг харуулдаг юм. Энэхүү “харь ширээс” хэмээх үгийг нэрт эрдэмтэн Ш.Гаадамба агсан “…Ядрах цагт өмөг түшиг болдог ураг төрөл нь харь шир буюу тэр овгийн хүний эхнэр авах гэрээ хэлэлцээртэй харь овог мөн байсан биз. Нэг ястан буюу нэг өвгөөс гаралтай хүмүүс хоорондоо гэр бүл бололцож болохгүй, эрхбиш харь овгоос эхнэр авах экзогами гэр бүлийн ёс тогтсон үед тэрхүү эхнэр авч болох харь овгийг “харь шир” гэж нэрлэж байсан боловуу гэж бид таамаглаж байна” гэсэн нь эл санааг бататгах үнэтэй дүгнэлт мөн. Энэхүү санааг “Чингис хааны цадиг” зэрэгт тусгахдаа “хамжлагаасаа салвал хаан харцын ялгаа үгүй болно” гэсэн утгаар илэрхийлсэн байдаг билээ. Иймд өнгө сайт эхнэр олонтой болох нь ноёлох байр сууриа хадгалах, нөгөө талаар угсаа залгамжлал, улс үндэстнээ өсгөх гэсэн бодлогын илэрхийлэл болохоос донтсон тачаал, байдсан гүүтэй холбогдох дэмийрэл яавч биш юм.

Бид эл хэсэгт уншигчдын инстиктийг хүндэтгэх, бас өмнөөс нь ичиж, арай жаахан эерүүлж зассан гурав дахь хэвлэлээс нь эш авч буй болно. Харин өмнөх хэвлэлүүдэд “… нэг аймгийн эр татаж чангаан сэртэндэх болсонд бүсгүй тэсгэлгүй түүнд биеэ эзэмдүүлжээ” хэмээн дэндүү болхи өгүүлж үүнийгээ “шалиг зангаасаа болж ёсгүй эрийн точигонд бузартсан…” (136-р тал) гэсэн “дүрслэл”-ээр тайлан Хөхөчүг “тачаалаа тайлж үрийн сунгаа гадагш гаргахгүй бол…” (144-р тал) зэргээр монголын нийгмийн амьдрал баатарлаг түүхийн дунд бус донтсон хүмүүсээс бүрдэж байсныг төлөөлүүлэн харуулахыг зорьжээ.

Зохиолд өрнийн түүхчид эндүүрэн бичсэн шар ногоон нүдтэйгээр тэмдэглэсэн нь туурвилын том алдаа мөн. Ерөөс хэзээ ч монгол хүн Эзэн хаанаа шар нүдтэй хэмээж бичихгүй билээ. Энэ нь өвөг дээдсийнхээ “нууц түүх” гээчийг санаанаас зохион “ил гаргасан” мэтээр дүрдээ итгэж, дэмийрч солиорсон эвлүүлгээ “бестеллер” зохиол болгож мөнгө олох гэсэн “хэрэгсэл” болгосныг харуулдаг. Нэг үгээр хэлбэл үеийн үед тахин шүтэж өргөмжлөн магтаж ирсэн зохиол бүтээлүүдээс тэс өөрөөр сөрөг шинжийг (гэхдээ алдаа мадагтайгаар шүү) товойлгон хаанаа худалдаж мөнгө олох гэсэн арга гэж хэлж болно. Ингэж бичихдээ түүхэн сурвалж бичигт тэмдэглэгдсэн хааны ширүүн зан төрхийн мэдээнд дулдуйдан хэтрүүлж өгүүлсэн бололтой байна. Үнэндээ их үйлийг хөтлөн удирдаж байсны хувьд уурлан бухимдах зүйл байсан нь мэдээж. Гэхдээ муугаасаа сайн шинж олон атал Л.Удвалтан хаанаас ямар баримтаас эшлэж оруулсан нь мэдэгдэхгүй түүхийн алдаа завхрал олон гаргасан юм. “Тэмүжиний шар нүдэнд занал хорсол хурж сэлмээ урагш сунган алгуур тойрно” [2006.38] гэж өрнийн кинон дээр харсан мэсчин “гладиатор”-ын дүрээр бүтээн Чилгэр бөхтэй тулалдсан Тэмүжин цавчигдахын даваан дээр Хасар хоолойг нь хэрчиж амийг нь аварсан гэж үнэн түүхийг мушгихдаа “Тэмүжин юу ч дуугаралгүй амьсгаадан сууна. Зүрх нь хүч шавхан тулалдсанаас бус айснаасаа болж түг түг цохилно” [2006.38] гэж доромжилжээ. Энэхүү үйл явдлын талаар МНТ-оос авахуулаад “Хөх судар” зэрэг сурвалж бичигт Чилгэр бөх амь гуйн мэдүүлж Чингис хаан нэвт жадлан Хасар зугатаж буй морины нь хөлд зэв хадаж буйгаас өөр мэдээ үгүй билээ. Ийнхүү Чилгэр бөхийг баатар эрийн шинжтэй байж чадсан, бүр Хасарт тайвнаар сургаал айлдсан нь олон хүнийг гайхах, хүндэтгэхэд хүргэсэн гэж өргөмжлөн дүрсэлжээ.

Мөн Мэргэдэд олзлогдоод хөл хүнд ирсэн Бөртийн хэвлий дэх хүү (Зүчи)-г хороохыг санаархаж Боорчуд Бөртийг зогсолтгүй хөтлөн давхиж үрийг нь зулбуулах тухай тушаал өгч буй тухай бичсэн нь тэдний хамтарч “нээсэн” Чингис хааны “нууц түүх” юм гэнэ.

Боорчу бүр “Бөртийн хэвлийд байгаа тэр хүүхдийг алах нь гарцаагүй зөв гэж бодож”, Тэмүжинийг “Үг дуу цөөтэй, айсан мэт харцаа нууж явдаг тэр хөвгүүн эхлээд Бөртэд огтхон ч таалагдаагүй юм”, Бөртэ анх өрөвдөж хожим дурласан [2006.35] гэх мэтээр “нууц түүх” гээчийг “зохиожээ”.

Боорчу хүүг бүрэлгээгүй учир Тэмүжин “Бөртийн урт үсийг гартаа ороон атгаж өстөн дайснаа занан залхаах мэт түүнийг нэвширтэл балбажээ” [2006.42]. Орой бүр Бөртэтэй цэнгэсэн хойно “Бөртийг хайр найргүй балбаж хоёр хөхийг нь хөх няц болтол базаж тамладаг байв”, “…Тэмүжин тэр хөвгүүнийг хүн гэж тоож харахаас нүд хорсдог, өөрийн ойр хэвтүүлэхээс ч цээрлэн жигшдэг байв” [2006.43] гэж зэрлэг яргачин, өчүүхэн агтчины хэмжээнд дүрслэн харуулахыг хичээсэн байна. Харин Өэлүн эх Зүчи гэж нэр өгсөн тухай зохиолд өгүүлэн Бөртийн хатуу зан чанар, тэвчээр нь Тэмүжиний өшөө хорслыг дарж Өэлүн эхийн дэмжлэгээр Бөртэ, Зүчи, Боорчу нар “мангас”-ын савраас аврагдсан гэж өгүүлжээ.

Найманы Гүрбэсү хатан “Тэмүжин. Би чамайг эцэггүй золбин, ижилгүй өнчин өрөөсөн гэж сонссон” [2006.110] гэж хэлэхэд “Тэмүжиний тэвчээр алдарч цэрэг дуудан түүний шалхгар шар биеийг чармай нүцгэлэн хүчээр эдлэн бах таваа хангаад чирч гарган цэргүүддээ хаяж өгчээ” [2006.111] хэмээн цэргүүдийнхээ хамт хүчингийн хэрэг хийж буй завхай, бүдүүлэг, балмад хаан болгохыг нь нүдээр харсан мэт бичсэн нь ёстой түүхийн жинхэнэ халуурал гээч нь болжээ. Гэтэл МНТ-д Гүрбэсүг хаан өөрөө авдаг [§196] билээ. Хуланг хатан буулгах тухайгаа Өэлүн эхэд Боорчу хэл мэдүүлж буйгаар өгүүлсэн нь Бөртийг Өэлүн эх тайвшруулан зөвшөөрүүлж чадна гэсэн Тэмүжиний далд санаа гэж өгүүлжээ. Гэтэл домогт өгүүлснээр Мухулигаар Бөртэд хэлүүлдэг билээ. Мөн хааны ор залгамжлах асуудал хөндөгдөж Зүчи, Цагадай хоёр эвдэрэлцэхэд Хөхөчөсийн хэлсэн сургаал шүлэглэлийг Боорчу хэлж буйгаар гаргасан зэрэг нь “зохиогчид”-ын уншсан “мэдлэг”-ийг харуулдаг. Уг нь Их хүний тухай ихийг уншиж мэдэх нь өөрийгөө өчүүхэн болохыг улам л мэдэрдэг баймаарсан. Чингис хаан Өгөдэйг өргөмжлөхийн тулд Цагадайгаар Зүчийн нэр нүүрийг барсан үг хэлүүлсэн мэтээр бичиж Зүчи туйлдаа хүртэл Чингис хаанд гомдож явдаг, түүний хүү Бат нь Чингис хааны дээд удам Добу мэргэний дүү Дува Сохорын сүнс байсан гэж туурвил зүйн алдаа гаргасан юм.

Мөн Тэмүжин эцгээсээ хойш анх удаа Зүчи, Цагадай хоёрыг өрөвдөж уйлсан хэмээсэн нь ч Зүчийг төрөхөд нь үзэн ядаж гаслан уйлж байсан гэдгээ огоот үгүйсгэсэн туурвил зүйн алдаа болсон байна.

Чингиз Айтматов: “Чингисийн тухай домог л бичихээс түүхэн зохиол туурвина гэдэг алдаа болно” гэж хэлсэн нь ийм “зоригтой” зохиолч, уран бүтээлчдэд хандсан сургаал үг, гэрээслэл болон үлдсэн юм.

Хамгийн гол нь Герман, Солонгост олон хувиар хэвлэн тарааж монголын түүхийг гуйвуулан Эзэн хаанаа гутааж буй хариуцлагаа тэд хүлээх ёстой. Уран бүтээлээр мөнгө олох гэж улайрсан нөхдүүд “зохиолч” гэж өөрсдийгөө цоллуулах нь хөрөнгөтний энэ нийгэмд хэвийн үзэгдэл ажээ. Гэхдээ Эзэн Чингис хаанаа гутаан доромжилж хэдэн халтар цаас хармаалсан “зохиолч” нарыг монголын ирээдүйн оюунт хөвгүүд шүүн тунгааж, шүүрдэн байцаах цаг холгүй ээ.

2007.02.11.

Цинциус. Сравнительный словарь Тунгусо-маньчжурских языков. Материалы к этимологическому словарью.том I, Ленинград.1975.30.

Элдэнтэй, Ардаажав. МНТ-ны сийрүүлэл, тайлбар. ӨМСХХХ., 1986.55.

Ш.Гаадамба. МНТ-ны зарим нэр томъёоны учир. УБ., 1976.124.

Д.Цэрэнсодном. МНТ., 2000.245-246.

Бичсэн: EDUCATION | цаг: 09:44 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1739764 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax