2011-10-26
Ичдэггүй Монголын гутамшиг дэлхийд алдаршиж байна
Одоогоос хоёр жилийн өмнө Британийн сэтгүүлч Дамиэн Досан Монголд хөл тавьж Монгол улсын тухай мэдээллийг бэлтгэсэн юм. Гэтэл Монгол улсын зэрлэг онгон байгаль, байгалийн баялаг, нүүдэлчин Монголчуудын ахуй амьдрал гээд үзсэн харсан болгоноо гайхан шагшиж байсан тэрээр нутагтаа очсоныхоо дараахан “Монгол дахь гутамшигт үнэн” гэх нэртэй нийтлэлийг Шинэ Зеландын хэвлэлд нийтлүүлсэн байдаг.
Харин Британийн сэтгүүлч Дамиэн Досаны “Монгол дахь гутамшигт үнэн”-нд нэгэн цагт Азийн цагаан дагина хэмээн нэрлэгдэж байсан, одоо Их эзэн Чингисээр овоглож, Оюутолгой, Тавантолгойн орд газруудаараа нэрийн хуудас хийж дэлхийд танигдсан талын Монголын нийслэлийн талаар юу гэж өгүүлснийг дурьдая.
“Монгол дахь гутамшигт үнэн” /Damien Dawson/
Улаанбаатар хотыг тойрон хүрээлж буй уул толгод нь энэ улсын нэн ядуу иргэдийн амь хоргоддог газар ажээ. Гэтэл үүнээс хамгийн аймшигтай нууц нь тэр уул толгодын дунд нь талийгаач бологчдын булшнууд байдаг бөгөөд ядуу иргэд нь ухаж сэндийлсэн булшнууд дунд л амьдардаг аж.
Булшин дунд орших айл суурингууд дунд жижиг мухлаг дэлгүүрүүд нээгдсэн байх нь энэ сэжиг хүрэм орчинд хүмүүс хэр удаан амьдарч буйг илтгэнэ. Аймшигт нүдэнд итгэмгүй байдлууд харагдаад байх юм. Булшнаас гарсан биеийн хэсгүүд энд тэнд хэвтэж харагдах ба булшны нүхнүүдийг нь үйлдвэрлэлийн, эмнэлэг ахуйн хог хаягдлыг шингээх сав болгон ашигласан байх юм. Бороо орсон үед тэр бохир зүйлс нь урсан оршин суугчдын хэрэглэдэг худаг руу урсан орох аж.
Азийн Хөгжлийн Банкны судалгаагаар Улаанбаатарын гудамжинд амьдардаг бараг бүх хүүхдүүд нь бэлгийн замын өвчтэй бөгөөд, бүр 10 хүртэлх насны хүүхдүүд ч байгаа аж. Гадаадаас орж ирж буй янз бүрийн тусламж нь бодит байдлаар хэрэгжих нь ховор бөгөөд харин ч бүр тусламжийн мөнгийг хүртдэг хүмүүс нь секс клубуудээр хэсэх, биеэ үнэлэгчдийг авах зэрэгээр асуудлыг улам даамжруулахад хувь нэмрээ оруулдаг гэсэн гомдол мэдээллүүд ирдэг аж.
Тусламжууд ч яах вэ очдог л юм байж, харин гол асуудал нь 2.6 сая хvн амтай улс төр нийгмийн харьцангуй тайван тогтоцтой энэ улс зөвхөн дайн дажинд нэрвэгдсэн Африкийн орнуудад л байдаг улс төр нийгмийн асуудлаас болж туйлын ядууралд орж, ихэнх хүн ам нь ингэж зовж зүдрэх учир нь юу байна вэ.
Олон хэсэг болон хуваагдаж дайн дажин хийгээд байгаа биш энэ улсын эдийн засгийн доройтол нь авилгал хээл хахуультай л холбоотой. Алт зэс гээд газрын баялгаар баян энэ улсад дэлхийн уул уурхайн том компанууд болон олон улсын компанууд болох BHP, Rio Tinto, Ivanhoe Mines, Бороo Gold хөрөнгө оруулалт хийсээр байна. Гэлээ ч гэсэн хvн амынх нь 80% хувь нь туйлын ядуурлын байдалтай байсаар байна.
Монгол улс Нэгдсэн үндэстний Байгуулгын гишүүнээр элссээр 50 жил өнгөрчээ. Гэтэл хүний эрхийн асуудал энд хурцаар зөрчигдсөөр байна. Шоронд хоригдогсод орон нутгийн засаг захиргааны эрх мэдэлтнүүдийн гарт орсон байх ба энэ улсын хүмүүсийн аж амьдралын нөхцөл байдал, ядуурлын түвшингээс энэ бүхнийг харж болно.
Бодит байдлыг хар л даа, 11 настай охин хүчээр биеэ үнэлж байна. Хэзээ нэгэн цагт агуу их ард түмэн байсан энэ хүмүүс өнөөдөр талийгаач бологсодийнхоо булшийг ухаж, хайрцагных нь модыг түлж амьдрахад хүрээд байна.
Энэ гутамшигт асуудлууд хүн бүхний өмнө илт болсоор байгаа. Гэхдээ Монголын энэ асуудал хэнд ч хамаагүй, хэн ч авч хэлэлцэхгүй! Харин Монгол улс бол олз хайгчдын бай. Ашиг хайгчид Монголыг зөвхөн ашиг олох талбар өмч л гэж үзнэ” хэмээн бичжээ.
Арчаагүй Төрийн айдаггүй хүүхдүүдэд арга хэмжээ авах болоогүй юу?
Гэр хорооллын айлууд нь хүрээгээ тэлсээр Далан давхарын чимээгүй хоттой хаяа залгаж, зарим нь хашаан дотроо оруулан хашсан бол зарим нь цэвэрлэгээ хийгээд хашаагаа хатгадаг гэх. Ойр ормын айлын хүүхдүүд бурхан болоочийн цементэн хучилтан дээр айл гэр болон тоглож өсч байгаа нь Арчаагүй Төрийн айдаггүй хүүхдүүд гэлтэй. Мал хүртэл үхсэн нэгнийхээ сэгнээс айдаг. Энэ талаар хэлсэн үг ч байдаг. Үхсэн буурын толгойноос амьд ат айна гэж.
Харин насанд хүрсэн гэр оронгүй тэнэмэлүүд шинэхэн оршуулга ухаж архи дарс, цай хадаг сэлтийг авдаг гэх мэдээлэл аль хэдий олныг дөжирүүлсэн. Түүгээр ч зогсохгүй хайрцагны банзыг нь түлээний зориулалтаар жижиглэн ууталж зардаг гээд Далан давхарыг тойрсон асуудал дуусахгүй. Энэ мэтчилэн Арчаагүй Монголын гутамшигт үнэн дэлхийн хэвлэлийн хуудаснаас салахаа байж Чингисийн Монгол хэмээн цээжээ дэлдэх Монгол гутамшигаараа дэлхийд алдаршиж байна.
эх сурвалж: http://www.facebook.com/#!/groups/ulaanbaatarcity/279679095399214/?notif_t=group_activity
Сэтгэгдэл бичих