2011-12-13
Р.Чойном. Монгол.



Монгол гэдэг зоригтон эрчүүд нь зодгон дээр өсөж,

Зогсоогоороо нөгчдөг зоримог сайхан эх орон

Монгол гэдэг сарангуа саальчин охид нь, салхинд борлосон сайхан эх орон

Монгол гэдэг тэнгэр нь цэлмэг, тэгш тал нь цэлгэр, тэнд суугчид нь цэмцгэр ,тив дэлхийд хосгүй сайхан эх орон

Монгол гэдэг уул нь өндөр, ургац нь өтгөн, урсгал нь тунгалаг, уужим сайхан эх орон

Монголын дуу гэвэл моторын дуу биш

Морьтон залуусыг уяраасан мойл хар нүдтэнгүүдийн дууг монгол гэдэг юм

Монголын дурсгал гэвэл мөнгөн боронзтой шохойн баримал биш

Мөр нь балраагүй цувааны зам дээр мөнхжин үлдсэн хүн чулууг хэлдэг юм

Эх орны минь уужимд нүдээ бэлчээх гэж

Эсгий гэрийн минь хойморт идээ зооглох гэж

Эртний европын эртэй, зоригтой жуулчид

 Элсэн цөлөөр нь ангаж явсан мөр бий

Хүнгүй юм шиг өнгийсөн

Манж дайчин улсын

Хүрээ нь битүү хар хилэн малгай

Хүлэг морины тоосон дунд толгойтогоо

Хилийн овооны бэлд өнхөрч унасан мөр бий

Энэ чинь эзэнтэй, эзэн нь эртэй чадалтай

Эртнээсээ эцэгтэй, өвөгтэй, хадан дээрээ бичигтэй

Хадган дээрээ ерөөлтэй,

Хаана ч Монгол л гэдэг нэртэй ханагар эх орон шүү

Бөмбөрцөг минь чи,

Хоёр хүнээр хөтлүүлсэн бөөр алаг үнээ шиг гайханхан зогсохдоо

Бөхөг түргэн гүйдэлтэй жижиг морио сойж

Бөхөшгүй галын дэргэд хүрэл нүүр нь гийж

Бөө мөргөлийн аяс хүчит илдээ далайсан

Бөгтөр толгойт монгол хүний тухай сонссон уу

Ахуй баян байгалдаа эзэн хүн шиг сэлгүүцэж

Агаар усны тунгалагтаа эрүүл чийрэг өсцгөөж

Алтан талыг алдалсан уртын дуугаа зохиож

Аюулт бэрхийг далдалсан урьдын түүхээ бүтээж

Аранзал улаан галын шаширлаж байгаа дөл шиг

Асан дүрэлзсэн сэтгэлтэй нүүдэлч омгийг дуулсан уу

Арван барааны газраас уралдах морьдын туурай

Алдлан тавих сумны оноо дуудах цуурай

Агар зандан хашлаганаас нисэх сумны уухай

Асрын өмнө дэвэх хүчит бөхийн гуншин

Алаг лимбэтэй хорших хоньчин бүсгүйн хоолой

Айргийн сөнгийн дэргэдэх хуа дэмбээг сонссон уу

Үгүй биз дээ бөмбөрцөг минь, бөмбөрцөг минь

Үй цагийн шуурганд чичрэн дагжин эргэж

Үхэр бууны дуунд чихний нь хэнгэрэг хагарч

Үймээн ихтэй европын үгэнд хааяа хууртаж

Үсрэн дэгдэх пуужингийн үнсэнд хааяа булуулж

Үйлийн үртэй бөмбөрцөг минь эргэж хөрвөж байна уудаа

Тэгвэл монголын тухай сонс, тэр чинь энд байна

Тэнэгэрхэн талаас нь ургаж төрсөн

Тэнэгхэн хүү нь шүлэглэх гэж байна сонс.

Ард түмэн түүх хоёроо, алтанхан өлгий нутгаа

Алдар сууг нь магтах гэж алаг үр нь болж төрлөө би

Солгой буруу үгүүдээр түрий барьдаг цуурхал

Сонин сурважлагч бүхний үйлс магтдаг үгс

Сохор улаан зоосны ч үнэгүй байхад бид

Соотон чихтэй морьдоороо тэнгис далайг харайж

Соёмбо үсэгтэй тугаараа даян дэлхийг сэрээж

Сонгинын соёо хэлбэрт эвэр нумаа гайхуулсан юм.

Хожим нь тэр нумны хөвч, хүчий нь хэмжиж

Холын холд тусах сум юугий нь шинжиж,

Хойт орны мэргэн цал буурал Циолковский

Хорин хэдэн жилийн цуут ажлаа үлдээж,

Холбоот орос улс тэрний гэрээслэлийг биелүүлж,

Хотол дэлхий даяар гагарин хүүгээ мандуулсан юм.

Монгол гэж байсан ч юм уу байгаа ч юм уу, байх ч юм уу гэж барууныхан ярьдаг, ойлгодог .

Тэгвэл тэр монгол гэдэг чинь байсан юм, байгаа юм, байлгах ч гэж бид байгуулсан юм.

Байгуулахаар барахгүй бахдуулсан юм.

Байх байхдаа баргийн та нар шиг биш баатрууд байсан юм.

Баатруудыг та нар мэдэх үү

Нар салхинд онгосон нүүдэлчин омгийн цуваанаас

Нас залуу баатрууд модон дүүжинд торниж

 Нанхиад улсын хэрмийг өдтэй сум шиг давж

Навчин хэлбэрт сумаар өрнө дорныг зөөж,

Найман түмэн сэлүүртэй хөлөг онгоц дархлаад

Наран улсын хил рүү сэлж явсан түүхтэй.

Алтан шармал тоногтой зандан суудалд налайж

Арван цагаан хуруундаа очир алмаз гялалзуулсан

Арабын шайхын өмнө дэлхий бөхөлзөж байхад,

Арьсан цамцан дээрээ булган дээл хэдэрч,

Аргил бадриун гартаа илдийн бариул атгаад

Анчин малчны баатар эрс арчаад өнгөрсөн түүхтэй.,

Найман зууны өмнөх суут монгол хүн тэр

Нарийн ширэн гөлмөн дээр ган дөрөө жийж

Намхан чийрэг морьдынхоо хур дэлэн дээр бөхийж

Наран шингэх зүг рүү суран бугуйл шидэж

Намтар түүхтэй парисын алтан цамхагийг уургалаад

Нааш цааш нь ганхуулан татаж явсан удаатай

Засгийн сүр гэдгийг дэлхий тэгэхэд ойлгосон юм

Зарлиг тушаал гэдгийг европ тэгэхэд ухаарсан юм

Загас ихтэй хэрлэнгийн замганд атаархсан сэлэм

Зархай хотын илдийг хуга цохихыг үзсэн юм

Залуу баатар тэмүүжиний санасан санаа тэгж

Замбуу тивийн элгэн дээр хүн чулуу болж үлдсэн юм.

Монгол ингэж морьтойгоо нумтайгаа, хөшөөтэйгөө чулуутайгаа

Хөндөшгүй тэр эрхтэйгээ хөдлөшгүй бас зоригтойгоо

Хөвчин дэлхий дээр хөл дээрээ бат зогсож үлдсэн юм.

Овтой манж шиг охидоо худалдаж

Орос орон шиг нийслэлээ галдуулж

Тэртээх америк шиг тэнэгүүдийг тухирч

Тэгж төгсөөгүй ээ бид

Утаан дунд ч морьтойгоо явж

Усан дунд ч хувцастайгаа сууж

Ууж идэхдээ ч дуулгатайгаа байж

Унтаж нойрсохдоо ч хуягтайгаа хэвтэж

Өөрийнхөө эрхийг өөрсөддөө өдтэй сумаар харваж олсон юм

Өөрсдийнхөө гүрнийг өөрсдөө өдөр шөнөгүй хайрлан сахисан юм.

Аа чааваас,

Энэ их гүрний үлдэц дээр

Эрх чөлөөний дуун төөрч,

Эх захгүй үй олон

Эрх хүүхэд шиг тонгочиж байна,

Цагаан барилга, улаан туг,

Цардмал зам , гүүр цамхаг,

Цахилгаан хүч нүүрс, тариа ,

Цаас харандаа , буу цоор

Автобус такси онгоц ч гэх шиг

Радио телефон кино ч гэх шиг

Адгийн наад зах нь уруулын будаг

Алаг цамц эрээн өмдөөр гоёлоо ч

Монгол гэрт төрсөн яруу найрагч

Морин туурайныхаа аялагхан төвөргөөнд

Эцэг өвгөдийнхөө нэрийг ч дурсах

Эрх мэдэлгүй хавчигдаж байнам .

Орос орон Петр хааныг омгорхон магтаж

Москваг шатааж дууссан Наполеоны мөнхийн алдрыг дуулж байна

Дэлхий дахинаараа дээдсийнхээ соёлыг устгасан

Дээрэмчин Испанийн үлдэгдэл Кубыг өнөөдөр магтаж байна

Альпийг давж европ руу атаклаж байсан Суворовыг

Алдар хүндийн хуудсанд алтан үсгээр бичиж байна

Тэгвэл бид яагаад Тэмүүжинийг дурсах нь битгий хэл

Эцсийн эцэст хүлэг морио ч

Энхрийлэн дуулах эрх мэдэлгүй болов оо.

Дэлхий дахины түүхэнд төрийн нуруу босгосон

Дэглэм сайтай цэргийн төмөр хүрээг үүсгэсэн

Тэргүүн жанжин Чингисийн төрж өссөн газар

Тэмүүжин Хасар хоёрын тоглож өссөн нутаг

Дэлүүн болдогийг ороосон

Ононгийн ус нь ширгээгүй байна.

Дээдэс хаадаа хүндэлсэн

Монгол түмэн устаагүй байна.

Устаагүй тэр үндсийн үр нь болсон би

Ураг сайхан монголынхоо алдар түүх хоёрыг

Уур бахархал хоёроороо хөлчүүрэнхэн дуулж байна,

Улаан бүслүүрт малгайтай цагдаа нарын дундаас

Удам хойчийн үрстээ монгол сэтгэлээрээ хүрэх гэж

Уушигныхаа гурван судсыг тасартал би дуулнаа

Магтан дуулж байгаа миний сайхан монгол

Мандтугайгаар дүүрсэн улаан лоозон дээр байхгүй

Манхайх өндөр барилгын цагаан танхимд байхгүй

Машин тэрэг хөлөглөсөн пальтон дотор байхгүй

Маяг ихтэй хувцасанд өргөдөг будмал толгойд байхгүй

Марш голдуу хөгжимд эргэх булбарай хөлөнд ч байхгүй

Үнэн хайраа өгсөн миний сайхан монгол

Үдийн наранд дуниарах халхын талд бий

Үзэсгэлэн гуа төгөлдөр монгол дээлэнд бий

Үелзэх салхинд дэрвэх өрхний оосорт бий

Үүрийн хяраанд суналзах уурганы үзүүрт бий

Үсрэн дэгдэх морины дөрвөн туурайнд бий.

Энүүнийг би дуулах гэж энд аргалын галын хажууд

Эсгий гэрийн зайд энхжин төрсөн юм.

Аргалын гал түлсэн эсгий гэрийн дотор ийм

Аугаа их заншилтай өвөрмөц үндэстэн байдаг юм Э

нэ бол монгол

Энэнээс хойш ч монгол монгол хэвээрээ мандаж байх болно

Бичсэн: EDUCATION | цаг: 15:27 | Зөвлөгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(1)
Сэтгэгдэл:


Bayrallaaa ih bayrallaaa uur shulguud bga yu.? Choinomiin
Бичсэн: Amar (зочин) цаг: 04:19, 2014-07-24 | Холбоос | |


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1782145 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax