2012-02-06
Сэдэв: “Хэцүү” хүүхэдтэй ажилласан нь

 
Хураангуй

           Хэцүү хүүхэд “ гэж нэршсэн нэр томъёоны хувьд гэвэл А.С.Макаренко хэлэхдээ: Хэцүү хүүхэд гэдэг олноос онцгой тусдаа заяасан тийм муу хүүхэд гэж байхгүй, байж ч болохгүй. Чухамдаа эрүүл биш зан араншингийн шалтгаан бол эцсийн эцэст бидний хүмүүжүүлэх ажил үйлсийн маань бүтэлгүй, хангалтгүйд л оршиж байгааг зөвшөөрөн хүлээх ёстой. Багш эцэг эх нараас гаргасан алдаа завхрал үүрэг хариуцлага,сонор сэрэмжгүй байдлаас болж хүүхдүүд маань хүмүүжлийн “ тахир дутуу өвчин “ гэж нэрлэгддэг доголдолд орж эргээд биднийг зовлонд учруулдаг биш үү “ гэсэн байна.Хэцүү хүүхэд гэдэг маань ямар нэг шалтгаанаас болж хэвийн биш байдалтай мэт  ажиглагддаг. Хүмүүжлийн жирийн арга хэрэглүүр зонхилох үндсэн сурагчдын хувьд бол тийм арга үр дүнгээ өгч байхад хэцүү хүүхдийн хувьд тийм арга үр дүнгээ өгдөггүй, харин хүмүүжлийн өөр ямар нэг онцгой арга шаардагддаг  билээ. Хэцүү хүүхэд гэдэг тун нарийн ойлголт мөн. Нэг хэцүү хүүхэд нь нөгөөгөөсөө ялгаатай, хувийн онцлогтой, өөрийн шалтгаантай, өөрийн нь  хувьд тохирсон хүмүүжлийн арга замтай байдаг учиртай. Хэцүү хүүхдийн яриа бол амаргүй бөгөөд их. Энэ нь хүмүүжлийн хамгийн төвөгтэй асуудлын нэг бөгөөд хайш яайш хандах юм бол нөхөж баршгүй алдаанд хүргэдэг чухал асуудал мөн. Энэ удаа би оюуны хөгжлийн талаар  хэцүү хүүхэдтэй хэрхэн ажиллах, хүмүүжүүлэх, хөгжүүлэх  тухай бичихийг зорилоо.

Түлхүүр үг: Хүүхдийн хүмүүжил, Хэцүү хүүхдийн хүмүүжил, оюуны хөгжил

 

Удиртгал:

 

            Нэгдүгээр ангийн хичээлээс эхлэн цэг зураас, тойрог бусад олон дүрсийг тун хичээнгүйгээр дуурайн зурж байгаа нь бичиг номын цагаан толгойг эзэмших анхныхаа бэлтгэлийг хангаж байгаа нь тэр. Хожим тэр эрдмийн их далайд аялж дээд боловсрол, тусгай мэргэжил эзэмшицгээнэ. Гэвч тэр удиртгал өнөөдрийн энэ хичээлээс эхэлж байгааг санахад хүний хүмүүжлийн их ертөнц бас л өөрийн үүслийн эх булагтай биз гэж бодогдов. Тийм ээ тэр булаг хүний төрх, төлөв, аливааг ялгах ухаан, зан үйл бүрэлдэн тогтож байгаа тэр цаг мөчөөс л эхэлсэн байх ёстой. Ер нь хүүхэд бага балчир насандаа зан ааш, сэтгэл санааны хувьд цөм адил төстэй мэт санагддаг шүү дээ. Амьдралын хал үзэж , хашир суугаагүй, хорвоогийн өнгийг хараахан таниагүй байгаа гэнэн хонгор үрсийн цаашдын үйлс нь зааж сургаж, хөтлөн удирдаж байгаа хүмүүжлийн “ мутраас “ хамааран олон янзын замаар салаалан салбарладаг ажээ. Ийнхүү хүний хувь тавилангийн хөлөг чухам аль зүгийг зорих нь энэ л мөчөөс хамаарна. “ Хүн болох багаас… “ гэдэг ардын мэргэн үгний утга учир нь энэ буюу. Хүүхдийн хүмүүжлийг эхийн сүүнээс эхэлдэг гэлцэнэ. Хүүхдийн хүмүүжил хорвоотой танилцсан тэр цагаас л  эхэлдэг гэлцэнэ. Хүүхдийн хүмүүжил орон гэр, эцэг эх, ах дүүс, хань нөхдөөс нь эхэлдэг гэлцэнэ. Энэ яриа цөм үнэн. Хүмүүжил нь хүн амьдрал хоёрын хооронд явагдаж байгаа зохицол, тэнцвэр, үйлчлэл, зөрчлийн хувьд төрөл бүрийн хэлбэрээр илэрч гарч байдгаараа ялгаатай.Хүүхэд бага балчраасаа эхлэн хүний ертөнцийн утга учрыг аажим аажмаар хуримтлуулан түүний оньсыг тайлах ухаан билгийн түлхүүрийг олж авцгаадаг. Гэхдээ гол төлөв юмсын гадаад байдал, өнгө дүрсээс эхэлдэг байна. Мөн хүүхдийн нүд чихээр дамжин нэвтэрч байгаа амьдралын түг түмэн мэдээллүүд тэднийг бас хүмүүжүүлнэ. Гэр орондоо, гудамж талбайд, сургууль цэцэрлэгт, кино телевизээр үзсэн, харсан, тохиолдсон зүйл тэдний тархинд фото зургийн хальс мэт буулгагдан үлдэж, дээр өгүүлсэн хүмүүжлийн суурь мэдлэгийг сан хөмрөгийг баяжуулж байдаг. Ийнхүү тогтон бүрэлдсэн суурь мэдлэг нь цаашид тэдний зан төрх нь ямар хэв дүрсийг олохыг шийдвэрлэж өгдөг. Ер нь хүүхдийн өөртөө тусган авч байгаа тэр болгоныг бид ажиж анхаарч, бүртгэн тооцоолж чаддаггүй билээ. Нэг л мэдэхэд юм бүгдийг сурчихсан, мэдчихсэн, “ сүрхий “ хүмүүс болчихсон байдаг шүү дээ. Эрдэмтдийн судалгаанаас үзэхэд бүх мэдээллийн 70 орчим хувийг харааны сэрэл, 20 орчим хувийг сонсголын сэрлээр хүлээн авдаг ажээ. Ялангуяа мэдээллийн төрөл бүрийн хэрэгсэл хөгжсөн өнөө үед комтьютер, кино, телевиз чухал байр суурийг эзлэх болжээ. Үүнээс шалтгаалан хүүхдийн сэтгэлгээнд зарим нэгэн өөрчлөлт гарах болов.Хүмүүжлийн талаар хүүхдэд зөвхөн ярьж, хэлж, итгэн үнэмшүүлээд зогсохгүй үйл ажиллагаанд нь дадлагажуулан дасгалжуулж хэвшил, зуршил болгох хэрэгтэй. Үүний тулд бид тэднийг дэг журам, зохион байгуулалт, цагийн хуваарь, амьдралын ухаанд сургах хэрэгтэй болдог. Үүнээс л тэдний ирээдүйн амьдралын гараа эхэлж байна.

        Манай хүүхэд, залуучуудын хүмүүжлийн гол дутагдал бол дэг журам, ёс заншлыг үгүйсгэх, ах захыг үл тоомсорлох, тохиолдох бэрхшээлээс шантран ухрах, хөнгөн зугаа цэнгэл хөөцөлдөх, архи арсанд автагдах зэрэг буруу зан араншин, дадал хэвшил билээ. Энэ бол хүний сайн сайхныг эвдэн бусниулж байдаг аюулт үйл юм. Сүүлийн үед хүүхдийн хүмүүжлийн ачааллын тухай нэлээд их ярих болжээ. Ер нь хүмүүжнэ,  сурна, хөгжинө, гэдэг маань эцсийн эцэст амьдралын тодорхой хэмжээний “ ачааг “ даах “ ноён нуруутай “ болж байгаа хэрэг шүү. Иймд бид үр хүүхдээ бага  балчраас нь эхэлж амьдрал хөдөлмөрийн сургуульд дасган түүний амтанд оруулж, үнэнийг ойлгуулж, үйлийг хийж чаддаг тийм оюун билэгтэй болгох хэрэгтэй. Оюун билэг гэхэд гагцхүү тархи толгойд байдаг эрдэм мэтээр зарим хүмүүс ойлгож магадгүй.                       Гагцхүү түүнийг хөгжүүлэгч, хөдөлгөгч хүч бол хөдөлмөр юм.

 Эрт галавын үед хөдөлмөр хүнийг бүтээсний нэгэн адил, өнөөдөр ч нийгмийн шинэ хүмүүсийг төрүүлэх уурхай нь болсоор байна. Хөдөлмөр хүнийг эрүүл чийрэг бие махбодтой, өгөөмөр ариун сэтгэлтэй, элбэг баян ухаантай болгодог. Байр сууцны орц гарцаар үймж, шуугьж дэмий хоосон хөлхсөн, гудамж талбайд хийх зүйлээ олж ядан цагийг нөхцөөж сэлгүүцэж яваа хүүхэд багачуудыг ажиглахад тэдэнд амьдралын ачаа нь дутаж дээ гэмээр санагдана. Хүүхдийн сахилга бат хүмүүжлийн эх суурь нь өссөн төрсөн гэрийн дотоод дэг журам, ажил хөдөлмөр, эцэг эхийн нэр хүнд болон удирдлага, жолоодлогоос үүсэлтэй болов уу гэж ойлгодог. Гэхдээ зарим хүний үздэгээр хүүхдийг энэрэх хайр хэтэрснээс, халамж анхаарал илүүдсэнээс хүүхэд хүмүүжлээр доголдож байна гэж үү? Ер нь хайр халамжгүйгээр хүнийг хүмүүжүүлэх байтугай амьтан адгуусыг ч өөртөө ижилсгэн дасгаж болдоггүй шүү дээ. Хайр гэдгийг бид хүмүүжүүлэх хөдөлмөртэй нягт хослуулж  хүүхдийн өнөөдрийн, маргаашийн эрэлт хэрэгцээнд зохицуулан ажиллах нь чухал. Үүнд л бидний сурган хүмүүжүүлэх ур чадварын нууц оршино.

 

   Үндсэн хэсэг:

 

      Тухайн хүүхэд маань бусадтай адил адилхан уншиж, бичиж сураад л мөр зэрэгцэн явж байсан хэр нь чадвар, дадлага эзэмшихийн зэрэгцээгээр мэдлэг эзэмших болоод ирэхэд хоцрогдоод ирдэг нь ямар учиртай юм бэ? Ийм тохиолдолд хүүхдээ сургаж чадаагүй гэж өөрийгөө буруушаадаг. Түүний анхаарал хөгжөөгүй, авхаалж муутай, бодож сэтгэж чаддаггүйтэй холбоотой байх нь ихэвчлэн үнэний хувьтай. Энэ бүх гажгийг арилгах гэж багш нар хичээл дээр ч, хичээлийн дараа ч ганцаарчлан ажиллацгаадаг. Хэрэв ийм хүүхэд ангиас ангид дэвшиж байгаа бол нэмэлт ажиллагаа,хөнгөвтөр даалгаврын үр дүнд л болж байгаа хэрэг. Хэцүү хүүхдэд бусадтай адил мэдлэг олгох боломжгүй юм гэж ойлгоод багш нар тийм хүүхдийн мэдлэгийг өөр хэмжүүрээр үнэлж эхэлдэг. Хэцүү хүүхэд бүр өөрийн хэмжүүртэй байдаг. Хүүхэд ч гэсэн багшийн шаардсан бүхнийг байдаг чадлаараа биелүүлэх гэж  чармайдаг.Багш түүнийг сайшааж магтах  юм бол цаашид сурах, хүслийг нь амьдруулагч дотоод хүчний үүсгэвэр болж өгдөг. З-г анхаарал муутай, хайхрамжгүй гэж хэзээ ч зэмлэдэггүй. Ямагт дэмжиж тусалдаг байлаа.Хэрэв хүүхэд хэмжээгүй их хүч чармайлт тавин зүтгэдгийн учир бол багшдаа л итгэснийх юм байна. Хүүхдийн олон хоногоор зовж зүдэрч, хичээж байж олсон тэр өчүүхэн даруухан амжилт бүхэн нь асар  хүч чармайлтаар бүтэж, эцсийн эцэст энэ хүүхэд зорьсондоо хүрнэ гэдэг маань үнэн хэрэгтээ багш хүнээс их тэвчээр ухаалаг ажиллагаа шаардагдаж байна. Энэхүү их итгэл, найдвар эцсийн үр дүнд амжилтанд хүрч тодорхой нэг шатандаа тэр хүүхэд маань ойлгодог зүйлээ ойлгодог болон ухаан бодол нь задрах тийм гайхалтай сонин үзэгдэл бишгүй олон тохиолдсон.Урьд өмнө ойлгож мэдэхэд тун хэцүү байсан дасгал, даалгаврууд түүнд хялбархан ойлгогдоно.Үүний хамаг учир нь гэвэл өөрийн хүчинд итгэх итгэл, сэтгэл хөдлөлийн урамшилд  л байгаа оюуны хөдөлмөрийн үр дүн юм.Ийм хүүхдэд хичнээн албадан тушаагаад хэрэггүй гэдгийг туршилтаар ажиглагдсан.Тийм учраас хүүхдийн өөртөө итгэх итгэл, найдварыг бэхжүүлж тэдний оюуны хөдөлмөрт ямар боловч бага зэрэг ахиц гаргах  хүртэл нь тэвчээртэй хүлээж ажиллах явдал өнгөц харахад ялимгүй мэт санагдавч үнэн хэрэгтээ багшаас маш их ур чадвар шаардагдах ажил юм. Оюуны хөгжлийн ялимгүй бага согог ёс суртахууны талын дутагдал болж хувирдаг.Ийм байдалд орсон хэцүү хүүхэд сургууль, багш, эцэг эхчүүдэд хичнээн их чирэгдэл,төвөг үүсгэдэг.

            Хүүхэд балчир бага насандаа орчин ахуй, хүмүүсээс өөрийн хүмүүжилд авбал зохих зүйлээ авч чадаагүйн улмаас л хэцүү болдог байна.  Хэрэв багш энэ үед нь оюуны хөгжлийн гажгийг олж хараад түүнийг засч залруулах арга бодохгүй бол түүний хэцүү тал нь цаашид улам гүнзгийрэх болно.Хэрэв энэ дутагдлыг цаг тухайд нь илрүүлвэл хүмүүжүүлэх арга хэрэглүүр үйлчилж чадах болно. Хүүхэд ямар хэцүү байлаа ч гэсэн бүтээлч хөдөлмөр, ухаан бодол, мэдлэг эзэмших ёстой.Хүүхдийн сониуч гярхай байдал муугаас болоод ойлгоц муутай болдог байна.Хүүхдийн  “ яагаад “ гэсэн түмэн асуулт бид бүхэнд ямагт тавигдаж байдаг. Энэ бол ертөнцийн учир шалтгааныг тайлан ухаарах гэсэн хүүхдийн философи юм. Түүнд бид оновчтой хариулт өгөх нь чухал.Ийм хариулт аваагүй хүүхэд ухвар мөчид байдалд ордог.Хожим хойно хүмүүжлийн замаас төөрөн будилж, элдэв хэрэг зөрчилд холбогдон, эцэг эх, сургууль багш нараа зовоохын эх үүсвэр үүнээс тавигдаж болзошгүй. “Яагаад” гэсэн асуултаас л хүний бодох сэтгэхүй эхэлдэг учиртай. Хүүхэд орчин тойрны олон янзын үзэгдэл юмыг ажиглан харж байдаг.Туршилтаа цааш үргэлжлүүлэн

1.    Зун үй түмээрээ нисээд байсан шувуунууд өвөл болохоор хаашаа алга болно вэ? Яагаад тэр вэ?

2.     Өвөл амьдралгүй байсан модны мөчир хавар болоход навчилж нахиалах юм. Ямар учиртай юм бэ? гэх мэт олон асуултуудыг тавьж хариулт авах, өөрөөр нь  асуулт тавиулж сургаснаар хүүхдийн өмнө хичнээн зүйлийг нээн өгч чадвал төдий чинээ олон шинэ, шинэ асуулт тавигдаж, төдий чинээ их гайхан биширч байгаа нь  ажиглагдав. Хэцүү хүүхдийн энэхүү орчин тойрноо сонирхон үзэх сониуч байдал нь мохож буурсан оюуны хөгжлийн онцлогийг олж харж чадсан нь ахиц байлаа.

 

Дараагийн туршилт:

 

Хүн, юмс үзэгдлийн нарийн тал, ялимгүй өөрчлөлтийг хүртэл олж хардаг учир шалтгааны дарааллын холбоог нь бодолхийлэн үздэг болгон сургах

Зураг дээр ажиглалт хийгээд зүй тогтлыг нь олоорой. Өөрөөр хэлбэл эдгээр нүднүүдэд зурагдсан зүйлүүдийн ерөнхий шинжийг тодорхойлж нийтлэг шинжээрээ үл хамаарах дөрөвдөх “ илүү “ зүйлийг олуулах  Үүнд:

-       Шийдвэрлэх гэж байгаа бодлогоо сайтар ойлгож авах

-       Түүнд  орж буй гол гол асуудлыг тодруулах

-       Нэг буюу хэд хэдэн таамаглал хийх

-       Эдгээр таамаглалыг шалгах

-       Нотлогдоогүй таамаглалыг орхиж,шинэ таамаглалуудыг шалгах

-       Зөв хариултуудыг практик дээр шалгаж үзэх

Зураг 1. лааны суурь, хүц, хундага, ваар

Зураг 2. хутга, хайч, эвхдэг хутга, үзэгний хошуу

Зураг 3. хадаас, өрөм, сүх, хөрөө

Зураг 4. цаг, термометр, хил / 2 төрлийн /

Зураг 5. цүнх, түрүүвч, ном, чемодан

Зураг 6. төмөр товч, нэхмэлийн утас, дэгээ, бүсний толь

  - Тухайн хүүхдийн зураг дээр тайлбарлаж буйг ажиглаж, тэмдэглэх

  - Ажиглаж тэмдэглэсэн баримтад дүн шинжилгээ, нотлож, харуулах

 

Олон давтаж туршсаны үр дүнд аливааг олж харж сурах чадварт ахиц гарсан.

Мөн орон нутагтай танилцах, музей үзэх, аялал зугаалгаар явж байгальтай танилцуулах зэрэг нь хэцүү хүүхдэд ус агаар адил хэрэгтэй.

            Хэцүү хүүхдэд ямар, ямар эерэг чанар төлөвшсөн байдгийг туршилт судалгаанаас ажиглавал: Тэд асар их эрч хүч амьдрах эрмэлзлээрээ ялгагдана.Хэцүү хүүхдийг хичнээн зандарсан ч шинэ шинэ дүрсгүй явдал гарган хорхойг нь хүргэсэн гайхалтай хүчин зүйлээ хадгалж чаддаг.Тийм хүүхэд их төлөв бие бялдрын хувьд сайн хатуужсан, зүйрлэшгүй тэсвэртэй болсон байдаг бөгөөд энэ 2 чанар нь өөрийн байр сууриа олоход тусалдаг байна. Хэцүү гэж нэрлэгддэг хүүхдүүд нөхдийнхөө итгэлийг хамгийн их эрхэмлэн хүндэтгэдэг тул аминд тулсан үед тэдэнд найдаж болох хүмүүс байдаг.Юунаас ч буцахгүй байх эрмэлзэлтэй.Биднийг хүүхдүүдтэй олон өдрийн аялалд явахад хэцүү хүүхдүүд л толгойлж байдаг.Тэд бусад хүүхдүүдийн түрүүнд хөдөлнө, хүнд юмыг өргөнө, бусдадаа тусална. Йим хүүхдийн зан байдлын онцлог нь гайхалтай уян байдаг. Ямар ч хатуу ширүүн зантай хүүхэд сонирхолтой ажилдаа маш идэвхитэй ханддаг.Хэцүү хүүхдийг үнэлэхдээ түүний ойлгоц мэдлэгээр нь биш, гярхай байдал, аливаа зүйлийг олж харах чадвар, сэтгэл догдлуулсан асуудалд хариулт эрдэг, мэдлэгийн төлөө шамдан хичээх байдлын өсөлтийг харснаар амжилтыг нь үнэлэх ёстой..

            Хэцүү хүүхдийн хүмүүжлийн талаар товч дурдъя. Тухайн хүүхдийн хэрхэн хүмүүжиж буй байдалд ажиглалт хийж үзвэл:

-       Чөлөөт цагийн ашиглалтанд тавих анхаарал, хяналт суларснаас хүмүүжлийн удирдлага алдагдаж хувийн зохион байгуулалтгүй байдалд орох

-       Сурлагаар хоцрох

-       Гэр орны зохисгүй ахуй байдал

-       Эцэг эхийн буруу үлгэр дууриал,тэдний харилцаа хандлага

-       Гэр бүлийн бүрэн бүтэн биш байдлаас

-       Сэтгэл санааны хямралаас уур уцаартай болох зэрэг шалтгаанууд ажиглагдаж байна.

Дээрх шалтгаануудыг арилгахын тулд дараах судалгааг явууллаа..

Судалгааг явуулахдаа хүүхдийн хүмүүжилд тавигдаж байгаа үндсэн шаардлагын дагуу боловсруулан сонгож авсан юм.Үүнд гол үзүүлэлтэд доорх зүйлийг авав.

Хичээл сурлагад хандах байдалХичээлээс гадуур зохиогдож буй ажилд хандах байдалЭд хогшилд хандах хандлагаЁс суртахууны үнэлгээ, ойлголтХатуужил зориг тэсвэр, ёс суртахууны ачааллыг даах чадварСахилга бат, дэг журмын зохион байгуулалтХамтач үзэл, үерхэл нөхөрлөлийн харилцааХүүхдийн хүмүүжилд нөлөөлж байгаа гадны хүчин зүйл, түүний үр нөлөө гэсэн үзүүлэлтээр тухайн хүүхдийн эцэг эхээс, багш, ойр дотны, нэг зүгт явдаг  сурагчдаас ганцаарчилсан болон бүлгийн ярилцлагаар цуглуулсан баримтандаа үр дүнгийн боловсруулалт хийсэн.

Эерэг тал:

Хөдөлмөр хийх дур сонирхолтой, , гэр орныхоо ажлыг сайн хийдэг, сургуулийн эд хогшлыг хайрлан хамгаалах талаар сайн, тусархаг, тэсвэр хатуужилтай, зоригтой,

Сөрөг тал: Сурлагын амжилт, чанар тааруу, цаг ашиглалт тааруу, багшийн даалгаврыг дутуу гүйцэтгэдэг,хараа хяналтгүй, салан задгай …

Хэцүү хүүхэдтэй ажиллахдаа доорх шаардлагыг тавьж ажиллав.

-       Хүүхдийн орчин тойрны нөхцөл байдлыг шинэчилж, түүнийг хамт олны амьдралд оролцуулан, нийгмийн идэвхийг нь сэргээх

-       Хүмүүжилд гарч байгаа өөрчлөлтийг сайшааж,дутагдлыг тэр болгон дурдалгүй, өөдрөг үзлийг бий болгох

-       Сэтгэл санааг өндөр төвшинд байлгах,үр ашиггүй,сул зогсолтгүй сурлага хөдөлмөрийн нэмэлт ачаалал өгөх

-       Өөрийгөө үнэлэх,шүүмжлэх,зөв зан чанарыг төлөвшүүлэх

Хүүхдийн зан үйлийн ямар нэгэн дутагдал, алдааг зэмлэх хэлэлцэхдээ,түүнийн бүхэлд нь шүүмжлэх хийсэн бүхнийг үгүйсгэх,нэр хүндийг нь гутаах, сэтгэл сэтгэл санааг доромжлох,өнгөрсөн дутагдлыг нь давтан сануулж, гаргах замаар биш тун болгоомжтой шударга хандаж, түүний итгэл найдварыг нь хүлээн авсны үндсэн дээр зөвлөх анхааруулах,үүрэг даалгавар өгөх замаар ажилласны үр дүнд хүмүүжлийн талаар ахиц гарсан.

 

Судалгааны хязгаарлагдмал байдал:

 

Өмнөх модулиар “ Тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажилласан минь “ сэдэвтэй судалгааны ажил хийсэн. Энэ судалгааны ажил, сэдэвтэйгээ уялдуулан дараагийн судалгааны ажлаа үргэлжлүүлэн хийлээ.

Бүх хүүхэдтэй хийдэг үндсэн хичээлийнхээ зэрэгцээгээр хэцүү хүүхэдтэй хийх ийм тусгай хичээлийг хүүхдийн оюуны хоцрогдлын байдал, амжилт ахицын байдлыг харгалзан үзэж цаашид 2-3 жилийн турш ажиглалт, туршилт, судалгааны ажлаа явуулах нь зүйтэй гэж үзэж байна. Учир нь хэцүү хүүхэдтэй ажиллах ажиллагаа нь дэс дараатай шаардлагатай байхын хамт тэвчээртэй ажиллаж чадвал нэгэн цагт амжилтад хүрнэ. .. Йим тохиолдолд хөдөлмөрөөр хүмүүжүүлэх ажил нь хамгийн үр дүнтэйг харуулж байна.

Хэцүү хүүхдийн сургалт нь түүний оюуныг хүмүүжүүлэх, хүүхдийг өөрийгөө дутуу, мунхаг гэж гутраахад хүргэлгүй, өөрийн нь авьяас чадварыг бүрэн нээгдүүлэхийн төлөө ажиллах ёстой гэж үзэж судалгааны ажлыг үргэлжлүүлэн судлаж, хэцүү хүүхдийн ёс суртахууны талаар судлах бодолтой байгаа.

 

Дүгнэлт:

 

 Хэцүү хүүхдийн оюуны хүмүүжлийн гол шижим бол тэднийг амжилтаас амжилтанд хөтлөн ахиулахад оршиж байна. Хүүхэд хэцүү болдог хамаг учир шалтгаан нь хүмүүжил болон бага балчир үед нь нөлөөлсөн орчин нөхцөл мөн гэсэн дүгнэлтийг туршилт судалгаанаас үндэслэн хэлж болох байна.Зарим эцэг эх үр хүүхдийнхээ хүмүүжлийн дээд хэмжүүрийг зөвхөн сурлага, сахилга батын үнэлэлтээр хязгаарлаж ойлгодог гэм бий. Гэтэл энэ нь тийм биш юм. Хамгийн гол нь хүүхдийг амьдралын тэмцэлд сургаж, аливаа саад бэрхшээлийг ялан туулж чаддаг, өөрийнхөө оюун ухааныг ямагт сэрүүн байлгаж, ажиллуулж байдаг тийм хүнийг хүмүүжүүлэхийн төлөө зорих хэрэгтэй.

 

Товчлол /Резюме/:

 

     When teacher work with difficult children and price their skills must take attention to their interest and skill their decide aproblem.

Knowledge about children, patience and a lotof diligence will help you, when you work with difficult children.

 

 

Ном зүй:

 

1.    Европын холбооны Темпусын “ Outreаch “  lep-24166  төсөл

             / Өөрийн практик үйл ажиллагааг үнэлэх нь /  . УБ ., 2006

                     /  Практик үйл ажиллагааг хөгжүүлэх нь /  .    УБ ., 2007

                     /  Багш – Судлаач  / .  УБ ., 2007

                     /  Бүтээлч багш  / .      УБ ., 2008 

         2.  Чанартай боловсрол - хөгжлийн баталгаа “ .  Багш нарын хурлын                            

               илтгэлүүдийн  эмхэтгэл, УБ ., 2001

          3.  Б.Жадамбаа “ Судалгааны эрга зүй “ . УБ .,2006

          4.  Исмаил Боз “ Анги удирдах урлаг “ .УБ ., 2005

          5.  С.Батхуяг  “ Дээд сургуулийн сурган хүмүүжүүлэх зүй “ .УБ .,2003

          6.   Багшийн санаачилга .  УБ .,1983

          7.   Ч.Түмэндэлгэр, Л.Уранцэцэг  “ Сэтгэлзүйн зугаатай өгүүллүүд “ .

                                                                                                     УБ .,1990.

 

 

Хэнтий аймгийн Хан Хэнтий ЦС-ийн багш, магистр П.Энхжаргал

Зохиогчийн эрхтэй тул өгүүллийг бүтнээр буюу хэсэгчлэн ашиглах тоамолдолд эх сурвалжийг дурдана уу?

Бичсэн: EDUCATION | цаг: 11:37 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1740272 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax