2012-03-05
Сургалтын Таамаглалын арга

Зорилго:
Унших явцдаа үйл явдлын харилцан хамаарал, хэлхээ холбоог урьдчилан хэлэх, таамаглал, дүгнэлт гаргах чадвар эзэмших

Үйл ажиллагаа:

Өгүүллэгийн эхний хэсгийг хүүхдүүдэд тарааж өгөх буюу уншиж өгч болно.Сурагчид өөрсдийн дэвшүүлсэн таамаглалын талаар хос хосоор, бүлгээр, анги нийтээр хамтран хэлэлцэнэ. Ингэж таамаглахын тулд сурагчид өөрсдийн суурь мэдлэгийг унших материалд өгөгдсөн шинэ мэдээлэлтэй хослуулан ашигладаг.

Хичээлийн явцад багш таамаглал дэвшүүлэх дараах түвшинг хэрэглэнэ. Энэхүү тэмдэглэлийг зогсолт бүрийн дараа хийж бүлэг бүрээр хамтран хэлэлцэж үргэлжлэлийг уншина.

1. Таамаглал дэвшүүлэх (нэгдүгээр түвшин)

  • Ямар үйл явдал болов?
  • Цаашид яаж үргэлжлэх вэ?

2. Таамаглал дэвшүүлэх (хоёрдугаар түвшин)

  • Ямар үйл явдал болов?
  • Цаашдаа юу болж болох вэ?
  • Ямар учраас та ингэж төсөөлж байна вэ?

3. Таамаглал дэвшүүлэх (гуравдугаар түвшин)

  • Цаашдаа юу болж болох вэ?
  • Баатруудын тухай олж мэдсэн зүйлээс юу нь таныг ингэж урьдчилан төсөөлөхөд тусалсан вэ?
  • Үйл явдал ингэж өрнөх нь ямар шалтгаантай холбоотой вэ?
  • Өөр шалтгаан байж болох уу? Ямар шалтгаан байна вэ?

4. Таамаглал дэвшүүлэх (дөрөвдүгээр түвшин)

Баатруудын тодорхойлолт.

  • Баатруудын тухай чиний олж мэдсэн зүйлээс чухам юу нь тэд нар цаашдаа ингэж үйлдэнэ гэж урьдчилан хэлэхэд чинь тус болж чадах вэ?
  • Чинийхээр цаашдаа юу болж болох вэ?
  • Үйл явдал ингэж өрнөнө гэдэг хэр зэрэг магадлалтай вэ?
  • Үйл явдлын ийм өрнөлт нь юунаас шалтгаалж байна вэ?
  • Чухам шалтгаан үүнд байна гэдгийг хэрхэн баталж болох вэ?
  • Үйл явдал өрнөх боломжит ямар хувилбар байна вэ?

Таамаглал дэвшүүлэх арга нь дараах давуу тал, боломийг багш, сурагчдад олгодог:

Энэхүү аргыг хэрэглэхэд хялбар бөгөөд багшийн цаг зав, хүчийг ихээхэн хэмнэдэг.

  • Хичээлийн явцад бүх сурагчдыг хамран өргөн оролцуулах боломжтой.
  • Унших дадал чадвараар ялгаатай сурагчдад аль ч ангид хэрэглэж болно.
  • Уншиж болох ямар ч материал дээр ашиглаж болдог.
  • Сурагчдад өөрсдийн сонирхол, хүсэл тэмүүллийн дагуу ажиллах боломж олгодог.
  • Сургалтын үйл явцыг сурагч өөрсдөө удирдах боломж олгодог.
  • Уншсан материалаа задлан шинжилж, дүгнэн таамаглахдаа өөрийнөө үгээр ярих боломжийг хүүхдэд өгдөг.
  • Олон янзын түвшний таамаглалыг нэг хичээл дээр ч ашиглах боломжийг олгодог.

Тайлбар: Нэгдүгээр түвшний таамаглалыг туршлага багатай уншигчдад хэрэглэх ба сурагчдын унших чадвар сайжрахын хирээр хоёр, гурав, дөрөвдүгээр түвшний таамаглалыг дэвшүүлэх чадвартай болдог.

Бяцхан гуталчид

Эрт урьд цагт нэгэн хотод сайхан сэтгэлтэй гуталчин эмгэн өвгөн хоёр амьдарч байжээ.Өвгөн нь гутал хийж, эмгэн нь дэлгүүртээ гутлаа зардаг байлаа. Тэд олсон мөнгөөрөө хоол хүнс авч өнчин хүүхдүүд болон ядуу настайчуудыг дайлдаг байсан бөгөөд, хичнээн их ажилласан ч мөнгө хуримтлуулж чаддаггүй байлаа.

Үргэлжлэлийг таагаарай

Тэгээд нэг удаа хамгийн сүүлчийн үлдсэн арьсаараа хүүхдийн гутал хийв. Түүнийгээ зараад шинэ жилдээ бэлдье гэж өвгөн эмгэн хоёр ярилцжээ.

Үргэлжлэлийг таагаарай

Яг энэ үед хөл нүцгэн охин тэдний байшингийн дэргэдүүр явж өнгөрөв.Түүнийг харсан өвгөн эмгэн хоёр “ Ээ хөөрхий амьтан. Ийм хүйтэнд хөл нүцгэн явж байна шүү дээ . Энэ гутлаа түүнд өмсүүлчихье “ гээд сүүлчийн гутлаа охинд өгчээ. Ингээд зарах гуталгүй болохоор шинэ жилийн бэлтгэлээ хийж чадахгүй болсон бөгөөд “ Яая гэхэв дээ. Бурхан туслах байлгүй “ гэж ярилцаад унтацгаажээ.

Үргэлжлэлийг таагаарай

Гэтэл хачин явдал боллоо. Шөнө ойгоос гутлын арьс ачсан тэрэгтэй бяцхан хүмүүс тэднийд айлчлан нэгэн зэрэг хүчээ нэгтгэн гутал хийж тавьчихаад яаран явцгаав.Өглөө нь өвгөн эмгэн хоёр маш гоёмсог хийцтэй сайхан гутлыг хараад нүдэндээ ч итгэхгүй гайхацгаав. Тэгээд тэр гутлыг өндөр үнээр зарж шинэ жилийн бэлтгэлээ хангажээ.Тэр өдөр шинэ жилийн баяр болж өвгөн Санта-Клаус болж ядуу, өнчин хүүхдүүдэд бэлэг тарааж, эмгэн өөрийнхөө хийсэн бялуугаар тэднийг дайллаа.

Үргэлжлэлийг таагаарай

Тэр шөнө эмгэн ажлын өрөөнд ямар нэгэн чимээ гарахыг сонсоод өвгөнөө дуудан сэрээлээ. Хоёулаа хөшигний завсраар шагайн харвал бяцхан нүцгэн хүмүүс дахиад л гутал хийж байв.Өвгөн эмгэн хоёр тэднийг гутал хийж чадаж байгааг гайхаж байсан ч маш их өрөвдөж байв. Учир нь тэд ямар ч хувцасгүй болохоор даарч байгаа байх гэж боджээ. Ингээд тэдгээр бяцхан хүмүүст гутал, хувцас хийж бэлэглэхээр ажилдаа орцгоолоо. Мөн тэдэндээ зориулан баярын ширээ засаж хүн тус бүрийн бэлгийг зэрэгцүүлэн тавилаа. Бяцхан гуталчид маань ажлаа дуусгаад тэдэнд зориулсан бэлэг, баярын ширээ байгааг олж хараад баярлажээ.Тэд бялуугаа хувааж идэн бэлэгнүүдээ шууд өмсөн дуулж, бүжиглэн өглөө хүртэл цэнгэцгээв. Тэр өдрөөс хойш тэд дахин ирсэнгүй.

Үргэлжлэлийг таагаарай

Харин өвгөн эмгэн хоёр олон гутал хийн, ядуучууд, хүүхдүүдэд хичнээн тусалсан ч хүрэлцэхүйц мөнгөтэй болж , үргэлж аз жаргал дүүрэн амьдрах болжээ.
Т.Амаржаргал (ШУТИС-ийн Хүмүүнлэгийн Ухааны Сургуулийн багш, үндэсний сургагч)
http://mongoleducation.mn

Бичсэн: EDUCATION | цаг: 13:34 | Багшийн боловсролд
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0)
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих
Энэ блог 1738911 удаа нээгдэв.



:-)
Спэм хамгаалалт:
   
 
xaax